Pages

3/02/2009

ЯРУУ НАЙРАГ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН СОНГОДОГ СЭТГЭЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ


УТГА ЗОХИОЛ УРЛАГ 2006 ОНЫ I САР 003/2200
“УРАН БҮТЭЭЛЧ”


“Яруу найраг бол миний оршихуй, сэтгэл зүрхний минь мөн чанар юм” гэж нэгэнтээ бичиж байсан 1990-ээд оны яруу найрагчдын нэг, утга зохиол судлаач, Хэлбичгийн ухааны доктор Х.Сүглэгмааг “Утга зохиол урлаг” сонины зочноор урьж ярилцаж байна.

Утга зохиол судлаач, Хэлбичгийн ухааны доктор, яруу найрагч Х.СҮГЛЭГМАА :


ЯРУУ НАЙРАГ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН СОНГОДОГ СЭТГЭЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ



-Нэг үе их л дуутай шуутай орж ирсэн 1990-ээд оны яруу найрагчид өнөөдөр хүрэх ёстой өндөрлөгтөө хүрч чадсан гэж та үздэг үү?

- Утга зохиолд аливаа цаг үеийн илэрхийлэл болсон уран бүтээлчдээ нэг
үеийхэн гэж тодорхойлох нь бий. Энэ утгаараа 1990-ээд оны Монголын уран зохиол, тэр дундаа яруу найраг бидий үе тэнгийхнээр амьсгалж байсан гэхэд болно. Бид угаасаа ямар ч өндөрлөг эзлэх зорилго тавиагүй. Зөвхөн өөр өөрийнхөө дуу хоолойг, өөр өөрийнхөө мөрийг үлдээх гэж л уран бүтээл хийсэн. Одоо ч 1990-ээд оныхон зөвхөн яруу найраг төдийгүй, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол, судалгаа шинжилгээний түвшинд ч гол байр суурийг эзэлж байгаа гэж би боддог.

-Үеийхэн дотроо судлал шүүмжид хүчээ сорьсон цөөн хүний нэг бол өөрөө байх. Эмэгтэй хүн, яруу найрагч хүний хувьд энэ бас нилээд хүнд ачаа биз?

Ер нь амаргүй дээ. Тэр дундаа би бол эртний судлалаар мэргэжсэн хүн. Энэ салбарт маш цөөн хүн судалгааны ажил хийдэг. Тэр дундаа эмэгтэйчүүд гарын 5 хуруунд багтах цөөхөн л дөө. Бид нар чинь Дорно Дахины Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиол судлаач- багшаар төгссөн цөөн хүний нэг шүү дээ.
Энэ утгаараа нэг талаас би бол мэргэжлийн ажлаа хийж байгаа, нөгөө талаас яруу найрагч хүний хувьд хамгийн оюунлаг гэж болох Монголын эртний их сэтгэгч нарын олон зуун жилийн туршид бүтээж ирсэн тэр их сэтгэлгээний өвөөр тоглож суугаа азтай хүн гэж болно. Энэ тийм ч хүн болгонд олддог хувь тавилан биш л дээ. Нөгөө талаараа Утга зохиол судлал, тэр дундаа эртний судлал гэдэг бол эмэгтэй хүний хувьд асар их тэсвэр тэвчээр шаардсан хүнд хөдөлмөр. Магадгүй амьдралд байж болох олон сайхан зүйлүүдээсээ ч татгалзахаас өөр аргагүйд хүргэдэг гэж болно. Олон жил хөдөлмөрлөж байж, нэг асуудал дээр дуугарна шүү дээ.

-Чиний хамгаалсан сэдэв их сонирхол татдаг юмаа…

-Би “Монголын уран зорхиол дахь ”үг” зохиолын төрөл зүйл” гэдэг сэдвээр Хэлбичгийн ухааны доктор (PhD)- ын зэрэг хамгаалсан. Энэ бол угаас дэлхийн олон орны уран зохиолд байсан утга зохиолын нэгэн түгээмэл гэж болох хэлбэр бөгөөд Монголын уран зохиолд бүр 13-14 дүгээр зууны үеэс янз бүрийн төвшинд хөгжсөөр төрөл зүйл болон бүрэлдэж чадсан байна гэдгийг онол туурвил зүйн хувьд нь баталсан ажил байгаа юм. Монголын төвд хэлт уран зохиолын хувьд нилээд томоохон байр суурь эзэлдэг боловч, төдий л судлагдаагүй, Агванхайдав, Агван- Ишсамбуу, Агшвандампил, түүнчлэн хуульч Сандагийн яруу найргийн мөн чанарыг энд гол болгон авч үзсэн гэж болно. Энэ сэдвэээр би 2004 онд эрдмийн зэрэг хамгаалаад 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”гэдэг ном гаргасан. Цаашид “ҮГ ЗОХИОЛ” гэсэн цуврал 4 дэвтэр гаргахаар төлөвлөөд ажииллаж байна. Өөрөөр хэлбэл энэ төрөл зүйлд судлагдаагүй байгаа олон чухал асуудал байна гэсэн үг.

-Ингэхэд чиний яруу найргийн 2 дахь ном чинь “Буйд газрын шүлгүүд” нэртэйгээр гарсан байсан. Энэ юу гэсэн үг вэ? Яагаад номоо ингэж нэрлэх болов?

-“Буйд газрын шүлгүүд”-ийг гарсны дараа хамгийн анхны уншигчдын уулзалтан дээр Ш.Сүрэнжав гуай ““Буйд газрын шүлгүүд” гэнээ. Нээрэн тэнд л салхины шивнээ, өвсний сэрчигнээг сонсож болох юм байна” гэж байсан. Харин миний багш, монголын нэртэй төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар гуай “Энэ чинь аглагийн шүлэг гэсэн үг, аглагийн шүлэг гэдэг чинь бясалгалын шүлэг гэсэн үг” гэж олзуурхаж байсан. Хүн хүн өөрийнхөөрөө л авна. Харин би яагаад ингэж нэрлэснээ хэлж мэддэггүй юм.

-“Өргөстэй модны цэцэг”, “Цонх”, “Алишер Новайтай амраглаж хонолоо” гээд нилээд өвөрмөц этгээд ч гэмээр шүлгүүдээ уншиж, тэр жилийн “Мөнгөн цом”-д түрүүлж байсан Ингэхэд сүүлийн үед яруу найргийн наадмуудад хэр оролцож байна?

-2003 оны “Мөнгөн цомын” эзэн болж байсан. Тэр жил Д.Урианхай ах “Болор цомд” түрүүлж байсанд би их билэгшээдэг юм. Миний шүлгүүд бол тайзан дээрээс уншаад хүнд хүргэчихнэ гэхэд харьцангуй төвөгтэй л дөө. Гэхдээ манайхан чинь үнэхээр оюунлаг, яруу найргийг үнэлэх өөрсдийн үнэлэмжтэй ард түмэн шүү дээ. Тэр утгаараа манайд яруу найргийн олон сайхан наадмууд болдог. Мэдээж нэг нь л түрүүлдэг учраас нэг хэсэг нь муулдаг сайлдаг. Гэвч яруу найрагч болгон Болор цомыг ч, Мөнгөн цомыг ч хүлээж л байдаг шүү дээ. Миний хувьд яруу найргийг аливаа тэмцээн, уралдаан болгож биш, өөрийнх нь мөн чанар, сонгодог утгаар нь хөгжүүлээсэй л гэж боддог.

-Энд чиний өөрийн баримталдаг зарчим?

-Яруу найраг бол миний мэдэх хамгийн сонгодог урлагийн, сэтгэлгээний бүтээл. Энэ утгаараа яруу найраг бүх хүмүүст биш, зөвхөн тодорхой хэсэгт л үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бүх хүнд ойлгогдох шүлэг бичнэ гэж байхгүй, бас зөвхөн өөрөө ойлгодог өөр хэн ч ойлгодоггүй шүлэг бичнэ гэж байхгүй. Тэгвэл мөн л сонгодог утга нь алдагдана.

-Очих дуртай газар?

-Театр. Гав ганцаараа суугаад зөвхөн тайзан дээрх амьдралыг нэг хэсэг харах сайхан байдаг юм. Тэнд бас би өөрийгөө илүү их сонсож чаддаг.

-Ганцаардах, шаналах үедээ юу хийдэг вэ?

-Би ганцаардана гэж бараг мэддэггүй юм. Харин ч ганцаараа баймаар тийм үе их ирнэ шүү. Сүүлийн үед улам ч нэмэгдсэн юм шиг. Ийм үедээ хотод бол гав ганцаараа биллиард тоглоно доо, хэдэн цагаар ч хамаагүй. Хүмүүс жаахан гайхаад л байх шиг байдаг юм. Би бол сурчихсан. Их сайн амралт, тайвшралыг олдог юм шиг санагддаг. Ер нь олны хөл үймээнээс аль болох л хол баймаар байна.

-Энэ жилийн “Болор цом”наадам үзэж яваа харагдсан? Ямар сэтгэгдэлтэй байв?
- Яахав, наадам л болсон хойно сайхан байлгүй яахав. Их сонин шүү дээ. Яг “Болор цом” үзэж байхад бид нар найрагч найзуудтайгаа Б.Галсансүхийгээ л дэмжиж, заримдаа өмгөөлж байсан. Харин дараа нь бодож байхад Б.Галсансүхийн Монголын яруу найрагт орж ирсэн тэр үүд бол, өөр үүд юмаа. Тийм учраас бараг яах гэж “Болор цом”-д шүлгээ уншсан юм бол гэж бодогдсон. Монголын орчин үеийн яруу найргийг нэг цэцэрлэгт хүрээлэн гэж бодох юм бол тэнд ургаж байгаа Б.Галсансүхийн шүлгүүд бол үнэхээр өөр өнгө, хэлбэр, үнэр, амт, таашаал гэж болно тэрийг харин хүн болгон мэдэрч чадахгүй, мэдрүүлэх гэж оролдох ч бараг хэрэггүй байх. Ер нь утга зохиолын үнэлэх үнэлэмжээ зохиолч яруу найрагч бид нар л тогтооно шүү дээ. Энэ дээр анхаарах цаг нь болсон байна.

-Ингэхэд өнөөгийн энэ зохиолчдын байгууллагуудын үйл ажиллагааг зохиолч яруу найрагч та нар ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Би Монголын зохиолчдын аль ч байгууллагад гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь зөвхөн өнөө цагийн хэрэг биш, МЗЭ ч, МҮЧЗХ ч тэр Монголын үе үеийн алдартай зохиолчдыг эгнээндээ багтааж ирсэн гэдэг утгаар нь тэр. Харин өнөөдөр аль ч зохиолчдын байгууллагын үйл ажиллагаанд би сэтгэл дундуур явдаг.

-Үеийнхээ зохиолч яруу найрагч нөхдөөс юуг хүсэж хүлээдэг вэ?

-Бид нар их олуулаа л гэж хүмүүс их ярьдаг. Гэтэл одоо тэр 90-ээд онд буцалж байсан олон залуучууд хаана явна.? Утга зохиолын их тогоонд чанагдаж үлдсэн нь цөөхөн шүү дээ. Яахав өнөөдөр тэр цаг үеийн төлөөлөл болж үлдэхдээ гол биш, 1990-ээд оны Монголын уран зохиол гэхэд нэр нь үлдэх хэдэн сайхан бүтээл үлдэх нь л чухал юм. Яруу найраг бол үнэхээр миний үеийнхэн сайн гарч ирсэн. Завханаас Ц.Бавуудорж, Дорноговиос А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Булганаас Д.Баттогтох, Ж.Батцэцэг, Архангайгаас Б.Баярсайхан, Говь-Алтайгаас Х.Чилаажав, Өмнөговиос өчүүхэн миний бие гээд тоолох юм бол Монголыг гүйцээнэ. Харин манай үеийхэнд М.Эрдэнэбат, Б.Батрэгзэдмаа нарыг эс тооцвол үргэлжилсэн үгийн зохиол жүжгийн зохиол бичиж байгаа хүн л цөөхөн санагддаг.


Ярилцсан: Э.ЭРДЭНЭДАЛАЙ


ТАЛЫН ХӨХ САЛХИ


Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Тайж язгууртан гэлтгүй
Таарч л байсан
Тарвагачин гөрөөчин гэлтгүй
Таньж л байсан

Тамын хаалга эрж газар шагайхад
Татаж босгосон
Тал алдаж ихсийн дэргэд тамшаалахад
Татаж суулгасан

Намайг аргадаж
Нар зөв эргэдэг
Намайг алгадаж
Нар буруу эргэдэг

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Алаг баянгийнхаа зүүн сугад
Азай буурлаа хөдөөлүүлчихээд
Дахиж уулзах биш дээ гээд эргэхэд минь
Дагаж нэг их гунигласан

Дах жиндүүлсэн үүрийн жавраар
Давхил сайтай морьдоо сойж
Даваа давааны оройд хатируулаад гарахад
Дагаж нэг их омогшсон

Бүүр түүрхэн сэвэлзэж
Бүүвэй бүүвэй аялдаг
Бүгдийн дээгүүр исгэрч
Бөртэ ихэмсэг аашилдаг
Энэ хөх салхи
Талын хөх салхи

Бурхан Халдууны оройд Тэмүүжин сөгдөж
Бусдын нүднээс нууж тэнгэрт залбирахад
Буруутан нь хэн юм бэ гэж
Догширч хамт байсан

Татаарыг сөнөөж Мэргэдийг мэгдүүлэхэд
Тайчуудыг дагуулж Тангуудыг хамахад
Талыг нь хүртэл дэлхийг эзлэхэд
Тайтгаруулж, аргадаж хамт байсан

Аллах, Буддадаа наминчлаад
Ази тэр чигээрээ сөхөрч байхад
Ахиад дээр нь Европыг дагуулна гэхэд
Аанай л хамт байсан, алгасалгүй харж байсан

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
Тийм дулаахан эх нутгаас минь
Намайг дагуулж одох

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Асгарсан цагаан сарны дор
Алтарсан шар нарны дор
Алсарсан хөх тэнгэрийн дор
Алдалсан хээр талын дээр

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх

Энэ хөх салхи
Талын хөх салхи

ДАРС

Урд минь хундага дүүрэн
Ув улаан дарс байна
Уулзахаараа чиний дайлах дуртай
Угийн танил үнэр амт байна

Ийм улаахан өнгийг Пушкин чамаас олзолж
Ихэмсэг Музагаа дуулахдаа уруулыг нь чимсэн байна
Ийм гашуун амтыг Бёрнс чамаас амталж
Их л залуухан байхдаа амьдрал дарс шиг гэж дуун алдсан байна

Дайны талбарт хүртэл энэ улаан дарсыг
Дайзтай сумтай хамт үүрч явсан байна
Дандаа мөрөөдөж байсан ялалтын их уухайг
Дарс чамгүйгээр бас төсөөлөх аргагүй байна

Хаан ширээний найранд ихсийн цангаа тайлахаар
Хамгийн түрүүнд чамайг сөгнөсөн байж таараа
Хайр хорсол хоёр чиний дэргэд буцалж
Хамтад нь тэд бас залгилсан байж таараа

Олзлогдсон баатар, богтлогдсон гүнж
Орчлонг хэрэн хэсэх харийн тэнүүлчин хүртэл
Оройн зоогондоо чамайг үгүйлсэн байж таараа
Ойр холын нэгнээс сурагласан байж таараа

Хэлэх үгийг хүртэл элчийн аманд дайдаг
Хэрсүү мэргэн монгол өвгөд минь
Хэрлэн барсын тохойд айраг сөгнөж найрлахдаа
Хэдийд нь бас чамайг амталж амжсан юм бол

Хэтэрхий холын
Энэ улаан дарсыг
Хэнд зориулж тэгээд
Энд авчирсан юм бол

Зовсон хүний дэргэд
Уйлж хамт байсан
Жаргасан хүний дэргэд
Дуулж хамт байсан

Учрал хагацал бүрийг
Угтаж хамт байсан
Ув улаан энэ дарсыг
Урамшуулсан байж таараа
Ууж бас хааяа
Цэнгэсэн байж таараа

Ийм улаахан өнгийг
Орчлон чамаас олзолсон байна
Ийм гашуун амтыг
Амьдрал чамаас амталсан байна

Алив надад дарс хундагал
Ахиад улаан дарс хундагал
Амьдрал чам шиг гашуун бас ув улаан гэж
Алдаршуулан ууя, энэ улаан дарсыг.

НАДАД ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ

Намрын шаргалхан өвс хагдарч байхад
Насаараа чамайг хайрлана гээд захидал бичээрэй
Нарны цацраг бүхнийг шингээн байж
Нандин ийм дулаахнаар гээд тэвэрч үнсээрэй
Надад захидал бичээрэй

Өвлийн цагаан цасан бударч байхад
Өөрөө даарч байна уу гээд захидал бичээрэй
Өнгөө бүгдийг нь хувиргачихсан орчлонг
Өө ийм байдаг юм гэж аргадаарай
Надад захидал бичээрэй

Хаврын энхэрхэн яргуй дэлбээлж байхад
Хайр минь нялхаараа гээд захидал бичээрэй
Хадган цэнхэр униарыг нь сөхөн байж
Хамгийн анхны бороог хүлээж байна гээрэй
Надад захидал бичээрэй

Зуны алаг цэцэгсийг сугсарч байхад
Зураг шиг байгаа биз гээд захидал бичээрэй
Ертөнц тэр чигээрээ дэлгэрч байна
Ербусын хайр л ийм байдаг гээрэй
Надад захидал бичээрэй

АЛТАЙ ХАНГАЙН УУЛС

дуучин Адарсүрэнд зориулав

Арван хэдэн насандаа миний сонссон хоёрхон дуучин
Адраа, агаа хоёр минь, тэгээд Алтай хангайн уулсыг шүү

Их хотын гудманд бүрсгэрхэн царайг нь хараад
Ийм хүн байдаг юмуу гэж тантай би уулзав
Эрт багын дурдатгал сураг алсад одоод
Энэ цагийн бурхад нүүр буруулсан байна

Улаан хамбан дээл ноосон хөх малгай
Уранхай муу гутал хуучин баяань хуур
Ус нутгаараа шүтэж ирсэн дуучин минь
Уйтай бүүдгэрхэн харцаа урд минь дэвсэж зогсоно

Архинд орсон гэнээ өнөө муу Адраа
Алив миний хүү таарвал агаадаа нэг хэлээрэй
Арав таван цаас, мал хуй гээд
Амьд хүнд ер юу эс хэрэг болохов
Агаа бид хоёр ингэж ярив
Алтай хангайн уулсыг өмөлзүүлэн гунив

Арай ч үгүй байх аа төрийн концертод ороод
Араажив зурагтаар дуулаад Адраа ах сайн яваа даа
Амьтан хүний хэлэх адилгүй ээ
Арын сайхан хангай түших байлгүй энэ чинь
Арай тайвширч агаа нүд нь гэрэлтээд ирэв
Амьдын ганц шүтээн нь гэнэ, аргагүй дээ хөөрхий

Намрын сэрүүхэн өглөө хотын давчуу гудманд
Нааш цааш сүлжилдэх өлөн хөх нүднүүдээс
Наана чинь Адраах ах харагдана уу
Надад уулзах хэрэг байна гэж сураглав

Намхан хөх уулс ч өндийж таныг сонссон доо
Намайг ч хэнийг ч ер танихаа байжээ тэр
Насаараа таныг шүтсэн агаа минь өгүүлсэн юм
Надаас та энийг аваад өгөөч гэж сарвайв

Аравхан ширхэг зуут гарт нь чангахан атгуулаад
Агаа минь танд явуулсан юм өвөртөө хий дээ гэв
Агаарын будан хөшилдүүлж ятгатай дуулсан эр хүн дээ
Алтай хангайн уулс нь харж л байгаа байх даа

Арван хэдэн насанд миний сонссон хоёрхон дуучин
Адраа, агаа хоёр минь, тэгээд Алтай хангайн уулсыг шүү

СЭТГЭЛ

Зүүдний алтан бишгүүр хөглөж өгье
Зүрхэнд ойрхон аялгууг тоглож яваарай
Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай

Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай

Элсний алтан хээг шаглаж өгье
Элгэнд ойрхон нутгаа санаж яваарай
Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Нарны шаргалхан туяаг хэлхэж өгье
Надад ойрхон ууланд жаргаж байгаарай
Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

2008-12-02

Бурханаас нуусан амраг

Зүсэр зүсэр бороог хүйтэн гээд яах вэ

Зүүдэнд эрхэлдэг амрагаа хүнийх гээд яах вэ

Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ

Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ

Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ

Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ

Зүг зүгийн жаврыг сөрөхгүй гээд яах вэ

Зүйтэй жаахан амрагаа санахгүй гээд яах вэ

Зөрүү сөрүүхэн заяаг аргадахгүй гээд яах вэ

Зүрх сэтгэлийн амрагаа санахгүй гээд яах вэ

Зөрүү сөрүүхэн заяаг аргадахгүй гээд яах вэ

Зүрх сэтгэлийн амрагаа санахгүй гээд яах вэ

Будар будар салхиа буруулдаг гээд яах вэ

Бодлоос уяатай амрагаа бусдынх гээд яах вэ

Бумбан хумбан толгодоо буйдхан гээд яах вэ

Бурханаас нуусан амрагаа бусдынх гээд яах вэ

Бумбан хумбан толгодоо буйдхан гээд яах вэ

Бурханаас нуусан амрагаа бусдынх гээд яах вэ

Ай миний

Бурханаас нуусан амрагаа

Х.Сүглэгмаа: Утга зохиолын хүнд ирж байгаа шагнал бүхэн үнэтэй байдаг юм



-Таны бага насны тухай яриагаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би Галбын говьд бүр хөдөө өссөн, малчны хүүхэд. Багадаа ботго, арай том болоод ах эгч нартай тэмээ хариулж, манайх олон настантай айл болохоор тэдэндээ тоогдож, магтуулах гэж их л хэрсүү өссөн юм уу даа. Дүү нараа аргадна, ах эгч нараа бараадна,өвөө эмээгийнхээ ярьсан үлгэрийг ертөнцийн хамгийн үнэн юм гэж бодно, ялангуяа өвөөгийнхөө зарим өвгөцүүлтэй их л нууцлан аминчлан ярих шашин номын үгийг чих тавин сонсож айж гайхаж биширч өссөн дөө. Манайх цагаан сараар бас намар намарт нутгийн лам залж хавийн айл амьтнаас нууж ирээд л их ном уншуулна. Гадаа хүн ирж байна уу харах, зул хүж барилцаж, ижийдээ туслах энэ тэр бол ёстой өнөө Цэнддоо ахын хэлдгээр ямар нэгэн нууц хуйвалдаант ажилд оролцож байгаа юм шиг их л сонирхолтой санагддаг байж билээ.

-Дунд сургуульд хаана сурав, та их сурлагатай идэвхтэй хүүхэд байсан уу?

Сумандаа, сумандаа. Бидний үед чинь тэр л Өмнөговийн Ханбогдын л хүн бол тэндээ сургууль номоо дүүргэдэг, тэр энэ гэж шилэх ширвэх юм байгаагүй. Анх бэлтгэл ангид суух болоод аав минь охиноо хүргэж өгөөд ирнэ гээд сум явсан хүн чинь байхгүй, намайг айлд суулгаад орхиж чадахгүй, хоргодсоор байгаад 14 хоног хамт хоёулаа бэлтгэл хийгээд ирсэн гэж байгаа. Тэр үеийн хөдөөний улс чинь нэгдлийн нормтой мал маллана, хавар санж, тэмээ малаа ноослох гээд ажлын их үе, дээр сум нэгдлийн захиргааныхан хөдөөний хүн суман дээр малаа орхиод удаан суухыг бүр зөвшөөрөхгүй шүү дээ. Хэцүү л байсан байх. Багадаа их тайван, хүн оролдвол шартай зөрүүд хүүхэд байсан гэсэн. Хамгийн идэвхгүй, тэр арын ширээнд л ном уншаад сууна. Геометр, биеийн тамир, физикийн хичээлд бол бүр суувал их юм. Харин математик, хэлний хичээлүүддээ арай нэг хүн шиг. Зураг бол огт зурж чадахгүй. Харин тэр үед зургийн багш маань гоё гоё байгалийн, уран зураг тайлбарлуулна, тэрийг их сайн тайлбарлана. Ангийхныхаа зурсан зургийг учиргүй шүүмжлэнэ. Тэгсэн мөртлөө өөрөө зурах дургүй. Багш маань намайг бүр зураг зуруулах гэж оролдоод ядсан. Биднийг жоохон байхад дурсамжийн дэвтэр гэж хүүхдүүд хачин гоё юм хийнэ, зураг зураад л шүлэг бичээд л гарч өгнө. Би чинь цэцэг ч зурж чадахгүй, ангийхаа хэдийг гуйгаад л сайхан зуруулна, бас заримыг нь голж уурыг нь хүргэнэ. Багадаа ижий аавын буянаар би сургуулийн гэхээсээ гэрийн боловсрол сайн авсан гэж боддог юм.

-Таны үед хүүхдүүд ном их уншдаг, урлаг спортын бараг бүх төрлөөр хичээллэдэг байсан юм шиг…

Ном сайн уншсан. Тэр үед 22-ын торго, 13-ын бүсний дурдан гээд ховор бараа дагуулж, ном өгдөг байсан юм. Аав маань айл айлын хүчээр авсан номыг өвөртөлж ирж надад уншуулна, бүр 5-р ангид байхдаа Жуковын дурдатгалыг уншсан гэж байгаа. Юу ойлгож байсан юм бүү мэд. Аавыгаа тойрч хэдэн талд нь гарч налж суугаад л номоо уншина, ээж заримдаа биеэ оторлоод ажил хийхгүй гээд юмаар шавхрахаар би аавынхаа суган доогуур шургаад, аав миний өмнөөс чимээ ихтэй нь аргагүй хэд шавхруулна. Тэгсгээд л намдах жишээтэй.

-Таны бага насны амьдрал ер нь утга зохиолын, монгол судлалын хүн болоход нөлөөлсөн үү?

Мэдэхгүй. Би чинь дунд сургууль төгсөөд л 16 ч хүрээгүй Анагаахын оюутан болсон. Тэр үед сурлагаараа байр эзлээд эхний 2-3 хүүхэд нь ирсэн техникумынхаа хуваарийг аваад, арын хүүхдүүд нь 9-р ангид, ТМС-д энэ тэр явдаг байсан юм. Анагаахад 4 жил онц сурсан, төгсөөд мэргэжлээрээ ажилласан тэгсэн хэрнээ л хүний өөрийн дуртай сонирхолтой юм гэдэг их өөр өө. Тэгээд дахин дахин хүсэлт гаргаж байж, мэргэжлээ сольж, конкурсэнд ороод одооныхоо энэ мэргэжилд шуударсан. Гэхдээ Анагаахын мэргэжил гэдэг бол өөр ямар ч чиглэлээр салаад явлаа гэсэн хүнд өөрт нь насан туршид үйлчилж байдаг, алхам тутамд надад төдийгүй ах дүү айл амьтанд маань ч хэргээ үзүүлж байдаг буянтай эд шүү.

-Яруу найргаар авсан анхны том шагнал чинь юу байсан бэ?

1992 оны Найргийн даага наадамд Дорноговиос ирж оролцоод, тэнд оролцсон бүх хүмүүст нэг нэг дурсамж бичиг өгсөн юм. Тэр нь ямар ч байр эзлээгүй, зүгээр л нэрийг нь тавиад бүгдэд нь өгөхгүй юу. А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Эрдэнэбат бид хэд цугаараа л орсон. Буцаад вагонд суугаад Дорноговь явж байхдаа тэрийгээ байн байн гаргаж үзмээр санагдаад байж билээ. Анх удаа улсын том уралдаанд орсон хэрэг л дээ. харин одоо бодоход манай 90-ээд оныхны хамгийн олуулаа нэг дор цугласан наадам тэр байсан юм билээ.

-Харин одоо бол…?

Утга зохиолын хүнд ирж байгаа шагнал болгон үнэтэй байдаг юм. Энд бид ямар нэгэн нормт ажил гүйцэтгэх биш, оюуныхаа чадал чансааг сорьж, хэн ч нүдээр харж , тоогоор хэмжиж болдоггүй тийм сорилтоор авдаг учраас. Гэхдээ энэ жил Дэлхийн яруу найргийн XXVI хурал Монголд болж тэр хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Алтан дигваранз” нэртэй олон улсын яруу найргийн нэр хүндтэй наадам болж орон орны найрагчид шүлгээ уншсан юм. Энэ наадамд би түрүүлж “Алтан дигваранз” хүртсэн нь нэгдүгээрт монголын яруу найрагч гэдэг утгаараа хоёрт миний яруу найргийн хамгийн өвөр чанар болсон хэн ч булааж үл чадах монгол уламжлалт сэтгэлгээг үнэлсэн хэрэг байх. Энэ бол монгол яруу найрагч хүний хувьд хамгийн хүндэтгэлтэй, үнэтэй шагнал.

-Би хэвлэлээс уншиж байсан 1000 илүү долларын үнэтэй цул алтаар хийсэн энгэрийн тэмдэг өгсөн гэж?

Тийм. ТВ-ээр хүмүүс харсан байх. Харин би сонинд бол зургийг нь тавиулаагүй юм. Хэд хэдэн сэтгүүлч зургийг нь авч сонинд хэвлэнэ гэж ирсэн. Яагаад гэвэл энэ тэмдэг бол хүний бүсэлхийнээс доош газарт авч явж болохгүй учир утгатай юм л даа. Сонин чинь хүн уншаад дараа нь 00 өрөөнд ч явж л байдаг эд шүү дээ. Тэр утгаар нь би олон ч хүнд бараг үзүүлээгүй байхаа. Энгэрийн тэмдгийн хувьд ноён гэгээний гүн ухааны билэгдэл гэж өөрөө шүтдэг байсан дигваранз буюу хилэнцэт хорхойг шижир алтаар цутгаад, нүд энэ тэрийг нь эрдэнийн чулуугаар шигтгээд, түүнийгээ ногоон хаш чулуун дээр суулгасан. Ногоон хаш чулуугаа цул мөнгөөр арыг нь битүү бөгжилсөн нэлээд том хэмжээний тэмдэг бий. Зөвхөн бодит үнэлгээ нь 1 сая хэдэн зуун мянгын ч гэлээ үнэтэй. Мэдээж зах зээлийн сүрхий үнэлгээгээр бүр чиг үнэтэй.

-Та ер нь энд тэнд зүүсэн үү?

Би анх шагнал аваад л зүүсэн. Дараа нь зүүх гэхээр монгол хүний яриагаар бол их хүндэтгэлтэй тэр сайхан юмыг зүүх дээл хувцас нь нэг л гологдоод тэр болгон зүүж чадахгүй л байна. Хятад торгон дээлэн дээр зүүгээд явмааргүй л санагдана, тэгж байгаад ээжээрээ сайхан монгол дээл хувцас хийлгэж байж зүүнээ.

Ярилцсан: Д.Сүхбаатар