Pages

Showing posts with label Эрдэм шинжилгээ. Show all posts
Showing posts with label Эрдэм шинжилгээ. Show all posts

2/15/2012

Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар (намтар, уран бүтээл)» 2009 номоос


«Хүчтэй ард түмэн нь хүчтэй төртэй. Хүчтэй төр нь хүчтэй ард түмэнтэй байдаг» (О.Дашбалбар)

Амьдарч байгаа нийгмийнхээ сайн сайхны төлөө тэмцэнэ, ард түмнийхээ нэгэн эд эс болж төрснийх тэр үндэстний эрх ашгийг хамгаална, түмэн олны төлөө төрийн өөдөөс дуугарна, бас тэдний хүсэн хүлээсэн төр улсыг байгуулахын төлөө зүтгэнэ гэдэг бол тэнгийн ачаа даах, тэгнэсэн ачаагаа тэнцүүг нь олоод тэгшилчих хараатай чадалтай хавтай эрсийн хийдэг ажил юм. О.Дашбалбар бол энэ утгаараа ХХ зууны монгол төрийн түүхэнд, тэр дундаа ардчилсан нийгмийн эрх зүйт төрийн тогтолцоог байгуулах, улс төрийн түүхэн дэх, нийгмийг бүхэлд нь хамарсан их хувьсал өөрчлөлтүүдийг туулсан түүхийн ээдрээтэй цаг үеийн төрийн жинг тэгшлэлцэж явсан монголын түүхэнд цөөхөн төрөх сод билэгт хөвгүүдийн нэг юм. О.Дашбалбарын хэлж ярьж байсан олон зүйл өдгөө биеллээ олж байгааг бид бэлээхэн харж, тэр бүрий түүний ямар алсын хараатай улс төрч байсан нь олон зүйлээр нотлогдож байна.
Шударга үнэний төлөө тэмцэлд тэр хэнээс ч айж байгаагүй. Чухам улаан нүүрэн дээр нь хэлж байж санаа амарна. Үнэнийг тэд сонсохгүй байсан ч (зарим нь үнэнийг мэдсээр байж, сонсохыг хүсдэггүй байсан) энэ нь өөрийн тусын тулд биш, гагц өргөн түмэн Монголын төлөө гэсэн чин сэтгэл нь дийлж байсан хэрэг. Тэрээр УИХ-ын чуулган дээр “Эцэст нь хэлэхэд 2000 он гэхэд Монгол Улсад өмчийг хувьчилж дуусах нэрээр эрхэм дээдэс хувааж идэх үйл ажиллагааг тасалдуулах нь монголын эх оронч хүчнүүдийн бас нэг анхаарал татсан асуудал болов. Өмчгүй төр хүчгүй, өмчгүй төр нь өмчтэй хүмүүсийн мэдэлд орно. Одоо болтол өөрийн онцлогт тохирсон хөгжлийн загваргүй яваа Монгол Улсад энэ нь үхлийн цохилт болно”
[1] гэж хэлж байлаа. Энэ бол 1998 оны 4 сард хэлж байсан үг. Өнөөдөр бид талх гурилын үнэн дээрээ төрийн бодлого барьчихаж чадахгүй, ард түмнээ мөлхүүлж, хэдэн хувийн компанийн олигархиудын хурууны үзүүрээр дохиулж, бензин нийлүүлдэг хоёр компани хоорондоо үгсээд л өглөө босоход үнээ нэмчихдэг, тэрийг хэн ч хянан зохицуулж чаддаггүй эмгэнэлт байдалд хүрээд зогсоогүй аргаа барсан ард түмэн өөрсдөө талбайг нь түрээсэлдэг бараан захын эзнийг, талх гурилын үйлдвэрийн эзнийг төр гэж андуурахдаа хүрээд байгаагаа нуух юун. Сонгосон тэр төр нь, улс орны хөгжил энэ тэрийг бол бүр орхиод өглөө оройны хооронд үмх талх атга гурилаа яаж олох тухай л ярьж байна шүү дээ. Энэнээс илүү бид яаж төөрч, ямар үхлийн цохилтыг хүлээх болж байна вэ?
“Нэг хоёр жил болоод л өөрчлөөд байдаг төр засагтай улс хямралаас хэзээ ч гарахгүй бөгөөд засаглалын хомсдолд орж, улмаар төрийн бодлого бүрмөсөн алдагдах аюултай юм”
[2] гэж бичиж байлаа. Өнөөдөр бид ард түмнийг ямагт боловсролгүй, дорд ядуу, эрүүл бус, хүчин мөхөс байлгахыг хүсдэг, өөрсдийнхөө хийх ажлыг эрхэмлэх бус, бушуухан гарч ирээд л төр булааж, төрийн сэнтийд заларч байж ажил хийнэ гэж ярьдаг, эрүүл бус тогтолцоонд ороод, өөрсдөө ч тэдний гар хөл болон хавар, зун, намаржингаа сонгууль л өгдөг жирийн биш амьдралын дэглэмтэй болоод байна шүү дээ.
“Би эвсэл, МАХН хоёрын зохистойг дэмжинэ, нийцгүйг эсэргүүцнэ гэдгээ дахин хэлмээр байна. МАХН-ын удирдлага эвслийнхэнд яасан их хайртай болчихов? Гэнэт зөвшилцөл-улс төрийн соёл яриад, хууль бус наймаа найрааг нь хэлэхээр “хайрт” бидний хооронд яс хаялаа, хэрүүлийн алим ургууллаа гээд бачимдаад байгаа нь хачирхалтай… Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”
[3] хэмээн мөн тэрээр өгүүлж байлаа. Учир нь тухайн үеийн УИХ-ын чуулганд олонх болсон Ардчилсан хүчнийхэн болоод, цөөнх болсон МАХН-ынхан хоорондоо наймаалцан, улс төрийн 3-дагч хүчний (МУНН-аас сонгогдсон гишүүний) санаа бодлыг тусгалгүйгээр олны хүч барин, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал нэгдэн, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч болно хэмээн шийдвэрлэснийг эрс эсэргүүцэж байсан юм. Өнөөдөр чухам энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байна гэснээр хууль тогтоох дээд байгууллага нь засаглалын байгууллагадаа дуртай өдрөө гар хүрч өөрчилдөг, мөн Засгийн газрын гишүүд нь засгийн гэхээсээ илүү сонгогдсон намынхаа бодлогоор төрийн ажлыг төсөөлдөг болж, өөрөөр хэлбэл нам төр хоёр нь холилдсон, нэг намын бодлогоос шууд хамааралтай төрийн ажил явагддаг гаж тогтолцоонд ороод байгаа билээ. Үүний үндэс суурь нь тухайн үед Дашбалбарын эсэргүүцээд дийлээгүй хүчин мөхөсдсөн тэрхүү хуулийн төсөл юм. Тэрээр гагц монголын ард түмний эрх ашгийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барин үүний тулд өөрийн намын нөхөдтэйгөө ч санал зөрөх зүйл өчнөөн гарч байсан юм. Газрыг хувьд өмчлүүлэхгүй гэсэн өөрийнхөө үзэл баримтлал дээр тууштай зогсож өгөхгүй намын болоод хувийн эрх ашгаасаа илүүг сэтгэж чадахгүй байгаа МУНН-ынхаа тухайн үеийн удирдлагуудтай зөрчилдөн улмаар МУНН-аасаа гарч, МҮСН-тай нийлэн МУШЁН болгон хамтарч ажилласан юм. МУНН нь ч улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Энэ тухайд “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол Улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй, Газаргүй улс гүрэн гэж байдаггүй. Энэ л бидний зөрөлдөөний үндэс болсон”[4] гэж өгүүлээд цаашдынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлсэн юм. Энэ бүхнээс харахад Дашбалбарт өөрийн хувийн болоод намын, нутаг усны, хэсэг бүлэг аялдан дагалдагч бүлэглэлийн эрх ашгийн аль нь ч байгаагүй, зөвхөн монгол эх орны газар шороо, тусгаар тогтнол, монгол үндэсний ард түмний эрх ашиг л гэж байсан. Энэ улс төрийн үзэл баримтлалынхаа чиг шугаман дээр баттай зогсож, нэгэн насны бүхий л амьдралаа үүний төлөө зориулж байсан юм…(хуудас 166-169)
Түүний ярьж бичиж байсан олон зүйл эдүгээ өөрийг нь цаг хугацааны өмнө шүүгдэхэд гэрч болон үлдсэн байдаг юм.
О.Дашбалбар АИХ, УИХ-ын чуулган дээр эрхэм депутат, гишүүдэд хандан хэлж байсан, мөн чуулганы хуралдаанууд дээр бүх ард түмний тусын тулд өгүүлж байсан үгнүүдийг ажиглаад байхад яг одоо бидний дунд амьдраад, өнөөдрийн бидний үзэж туулж байгаа зовлон жаргалыг хамт үзэж туулж байгаа юм шиг энэ бүгдийг ийм юм болно хэмээн урднаас харсан юм шиг хэлж ярьж үлдээсэн нь бас л сонин санагддаг юм. Тэрээр УИХ-ын чуулган дээр гишүүдэд хандаж: УИХ-ын эрхэм гишүүд ээ! Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та монгол улсын иргэн л байх ёстой. Монгол Улсын иргэнд бол тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй. УИХ-ын эрхэм гишүүд ээ!Та бүхнээс би нам чинь үнэтэй юу? Эх орон чинь үнэтэй юу гэж асууж байна...
хэмээн өгүүлсэн байдаг бол үндэсний боловсон хүчний бодлого алдагдаж сэхээтнүүд мэргэжилтнүүдийг мянга мянгаар нь нам эвслийн золиос болгодог одоо бол хэн бүхний чих нүд дөжирчихөөд угаасаа тийм байх жам ёстой юм шиг хэвийн үзэгдэл болчихсон, нам дагасан төрийн бодлогын гажуудлыг шүүмжилж:
“Ц.Элбэгдорж “бид 3000 хүнээ ажилтай болгосон” гэж намынхаа чуулган дээр хэлсэн. Тэгвэл нөгөө талд нь бас 3000 хүн ажилгүй болсныг хэлье. Бусад намынхныг ажил албанаас нь хуу зайлуулдаг сонин туршлага бий боллоо”
[5] хэмээн тэртээ 1990-ээд онд халаглан өгүүлж байсан юм. Энэ явдлаас даруй дөрвөн жилийн дараа:
Хүчтэй ард түмэн нь хүчтэй төртэй. Хүчтэй төр нь хүчтэй ард түмэнтэй байдаг. Хүчтэй төрийг хүчтэй удирдагчид бий болгодог
[6] гэж тэрээр 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бичиж байлаа. Эдүгээ бид худал хуурмагаар дүүрсэн намын олигархиудын төр барьж тоглох тоглоомын утсан хүүхэлдэй болж яваагаа хэлэх битгий хэл, бодох зүрх хүрэхээ больсон байна. Жирийн эрүүл саруул ухаанаар үүнийг бодож, бас тийм эрүүл саруул ухаанаар үнэнийг хэлэх зүрх өнөөдөр хэнд маань ч үлдсэнгүй. Голын нэг эрэг дээр үерийн эрчлэн урсахыг харж арга мухардсан ард түмэн нөгөө эрэг дээр тэр хүчит давалгаан дундаас олз хайсан эрэлчин мэт төр засагтай болсноо нуух юун. Ард түмнийг аль болох эрүүл саруул бус, харанхуй мунхаг, доорд ядуу байлгах нь тэрхүү төр барьж байгаа олигархиуд бидний “мах цусны тасархайнуудын” минь туйлын зорилго болсон байна. …(хуудас 151-154)



Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар (намтар, уран бүтээл)» 2009 номоос хэсэглэн авав


[1] О.Дашбалбар “Їндэснийхээ эрх ашгийн тєлєє Їндсэн хуулиа хэд ч єєрчилж болно” № 080/1859
[2] О.Дашбалбар. “Ардчилагчид таргалсаар л ард тїмэн турсаар л” нийтлэл 1994-01-25
[3] О.Дашбалбар “Дайрна, давшилна, тулна” ярилцлага “Зууны мэдээ” сонин.
[4] О.Дашбалбар: “Галинаг би 10000 хїнээр ч солихгїй” сэтгїїлч Д.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлага
[5] О.Дашбалбар: “Эрхэм гишїїдийн зєвхєн АНУ-д доншуучилсан онгоцны зардал 70 000 000 тєгрєг” нийтлэл. 1998 он
[6] О.Дашбалбар . Миний їзэл бодол нийтлэл.-“Зохист аялгуу” сонин.1994 оны II улирал (69, 70)

7/03/2011

ӨНӨӨДӨР сонин 2011.06.24 Баасан №146 (4310)

МАРГААШ МӨД УНТАХГҮЙ НЬ,

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ИХ НҮҮДЭЛ...


“Шүлгийн нэхэл”-тэй орчлонд яруу сайхны эрэл олзтой яваа Сүглэг бүсгүйтэй сүж барилдан элэгсээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний шүлгүүд уянгалаг, дотоод аялгуутай, энгийн үйл явдал, үйлдэл хөдөлгөөнийг энгийнээр нь эгшиглүүлэх хөг айзам дуурьсгана... Шүлгийн санаа, хэлбэр нь тогтсон загварыг эвдэхийг зорьж өөр өөрийн оршихуйн мөн чанараа олон таацна... Ингэж л үгийн донж нийцэл, сэрэхүйн торгон мэдрэмжээр биежүүлсэн ухаалаг сэтгэмж, уянга яруу, утга сүлж далавчилна... Бас, дүрслэлийн энгийн агаад хичээнгүй, тодорхой санаа тээсэн амин дууллаар залгамжилсанд уншихад урамтай, ухахад яруухан байдагаа, түүний шүлгүүд. Тухайлахад яруу найргийн нигүүлсэлээр нийгэм цаг үеийн араншинг зөөллөн буйг нь
“Жин үдийн наран бүтэн дугуйлж гардаг
Жижигхэн дулаахан эх орон минь
Жил жилийн баяр гунигийг тээсэн
Жирэмсэн ижий шиг эх орон минь ээ” гэж албан өрөөнийхөө тухай бичихдээ сав шимийн ертөнцийг энэ хойтод нь, эрэг гангын урсгалыг булаг шанданд нь үүцлэн цомойлгосон утгын хураалтаас харж болно. “Алаг баянгийн талд хуучилсан нь” шүлэгт хоорондоо ярилцаж буй уянгын баатруудын хүүрнэл өгүүлэмжийг шүлгийн сүүл, толгой холболт, айзам эгшгээр зохистой нийцүүлсэн нь зөвхөн түүний л урлан бүтээж чадах туурвилын онцлог юм. Энэ бүхэн сэдвийн олзлол, зохиомж, хэлний өгүүлэмжид гүнзгий нэвтэрсэн яруу найрагчийн боловсрол мэдлэгийн хүрээтэй холбоотой дотоод судлагдахуунд тооцогдох билээ.
“Дэргэд минь суугаад уйлав
Дэндүү их санасан гэнэ
Дэргэдээс минь босоод дуулав
Дэмий юунд даслаа гэнэ
Хажууд минь ирээд уйлав
Хачин их шаналсан гэнэ
Хажуугаас минь босоод дуулав
Хайраа юунд өглөө гэнэ”. Ийм л уянгатай энгийн хүүрнэл хайр сэтгэлийн сэдэв, агуулгад эгэл бясалгал, содон мэдрэмжээр яруусан солонгордог. Өнөөдөр амьдралын эгэл үнэнийг тэр чигээр нь буулгах эсэх талаар урлагийн бүх төрөлд эрэл хайгуул, шинэчлэл хийхийг эрмэлзэх болсон. Ялангуяа дэлгэцийн болон хүүрнэл зохиолын төрөлд. Бас сэтгэлгээний хийсвэрлэлийн хамгийн дээд хэлбэр болох яруу найрагт энэ бүр их хамааралтай үзэгдэл юм. Гэхдээ энэ шинэ эрэл хайгуул нь гоёж гоодсон хоосон дүрслэл, чамин ганган үгсийн цуглуулга болох хэнээрхэл, бие биенээ давтсан мухардалд хүргэх совинг бидэнд атгуулахаас өөрцгүй байна. Бичлэгийн хэв маягаас илүүтэй зохиолчийн төрмөл авъяас, тордмол туршлага энэ бүхэнд тодорхой хариулт өгч чадах бөгөөд хуучныг үгүйсгэсэн шинэ дэвхцэл шинэчлэл болдоггүйн адил энгийн үнэн гэнэн реализм биш билээ. Харин Х.Сүглэгмаа эгэл энгийн дотроос эрэл хайгуул үргэлжлүүлсэн нь зохиомжийн өвөрмөц тэлэлт, бичлэгийн мөнхийн тэмүүлэлтэй нь холбоотой бөгөөд дорнын уламжлалт гүн ухаан, дотоод сэрлийн үзүүр чангаасан шинэхэн бүтээлүүд 1990-ээд оны эхэн үеийн шүлгүүдээсээ ур ухааны хувьд тэлсэн нь сайны үзүүлэлт төдийгүй реалист шүлэг хичнээн олон хувилбар, урт замтайг баталгаажуулсаар байна гэж болно.
Шүлгийн санаа тодорхой агуулгагүй нь цаг мөчийн бэлгэдэл болсон оюун санааны үр шимийн үүднээс буруутгахын аргагүй ч яруу найрагчийн жинхэнэ шалгуур болсон томоохон төрөл болох найраглал, дуульд хүчээ үзэхэд буруудах юмгүй шүү. Хэд хэдэн шүлэгт нэгэн ижил зүйрлэл давтагдах (Алдуурсан унага шиг бодол) нь сэтгэмжийн тогтсон хэв маяг ч яруу найргийн бүтээлч эрэлд өөрөөр нөлөөлж, онцгойрон харагддаг гэмтэй билээ. Бас “алсарсан”, “алдалсан”, “амарлингуй” зэрэг үгс шүлгийн уянга, утга санаанд уран сайхны шинэ нээлт, өгүүлэмжийн төлөөлөл болж буй ч дүрслэлийн тодотголын хувьд давтагдаж үзэгддэг. Бүхэлдээ шүлгүүд нь уянга сэтгэлийн яруу найраг голлож шинэ эрэлхийлэл, гүн сэтгэмж цөөтэй, яруу туршилт, уянгын би баатрын дүрийн урлал багатай байна. Х.Сүглэгмаа дүрслэлийн эрэлхийлэлийг шүтээд шүлгийн санаа, үйл явдлын тайллыг гээгдүүлсэн сул талтай юм.
“Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэсэн утга бүрхэг оновчгүй зүйрлэл л гэхэд хүний ул мөр цасан дээр үү, цаасан дээр үү гэдгээс үл хамааран явж өнгөрсөн гэсэн санааг шадын эхэнд голлосон нь хүчилж толгой холбосон алдаа хэмээн үзэхэд хүргэнэ. Яруу найрагч бүхэнд байх цаг мөчийн дүрслэлт буулгавар буюу санааны явцуурал ажиглагдах хэдий ч тэрбээр судлаач хүний хувьд уламжлалтай, утгын нарийн шүтэлцээтэй бичиж байна. Түүний шүлэгт “чиг зүггүй”, “уужуу дүүжүү” гэсэн сэтгэлийн хоёр туйлыг илтгэх үгс олонтаа тохиох давтамж нь найрагчийн аливаад хандах уулгамч үг, зан төлөвийнх нь төлөөлөл болон харагддаг. Сэтгэлээс ургасан бүрэгхэн санааны цухалзал МНТ гэх зэргийн чинад сэрэхүйн сонгодог зохиолын үндэс суурь болдог бөгөөд дахин давтан уншсан ч цаанаа л юм шингээстэй нь баригдаж, мэдрэгдэж, бас гүнзгийрээд байдгийг сануулах юун билээ. Энэ бол онгодоор бичсэн, эсхүл олон давтан зассандаа бус, аварга аваргаараа л төрдөгийн тод жишээ юм. Дотоод агуулга, амин сүнс зохиолд хэрхэн амьдарч, яаж үргэлжлэх вэ гэдэг зохиолчийн уран чадвартай холбоотой чанарын шаардлага юм, нэг талаасаа. Энэхүү сэтгэлгээний эрэлхийлэл нь
“Орд хэн барьсныг
Ор хэн шилснийг
Оймс хэн давхарласныг
Огт нүцгэн хэн гүйснийг” гэх мэтээр солонгоруулан улам л санаа давтаж ур мухардахад хүргэжээ.
Гүнзгий санаа, гүн ухааны агуулгатай “Хүн төрөлхтөн”, монгол шүлгийн бадаглал, эртний уран зохиолын санамж сэрэмжээр уламжлан бүтээсэн “Залбирал”, түүхийн улбаа, тэнүүн ухааны зангилаа бүхий “Харчин” зэрэг олон шүлэгт уянгын баатрын санаашрал, зөн совингийн эрхшээл тод яруусан бууж байна. Яруу найрагчдыг бүхэлд нь боловсрол мэдлэгээр тэтгэж бичдэг, ур ухаанаар чимж уянгалдаг, буруугийн хазгайгаар будантуулж бичдэг, утга учиргүй урсган тэмдэглэдэг, онгод авъяасаар халгиж бичдэг, оюун билгээр цалгиж дэвтэрлэдэг, онол хийрхэлээр оосорлож мугуйдалдаг гэсэн хэдхэн арга барилд ангилан үзэж болох бөгөөд эхний хоёрыг нь Х.Сүглэгмаагийн бичлэгийн өнгө аясанд бид хамааруулан үзэж байна. Учир нь “Монголоороо бичиж монголоороо үлдэхээ” тангарагласан аяс бардам зан, ааг омог бүхий яруу найрагтаа л үнэнч үлдэх ясны шүлэгчийн араншин совинтуулж өөрийгөө давтахгүй, өрөөлийн санаа сэдлээс ангид сэтгэж чадаж байна тэр. Түүнийхээр
“Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэн (э)” сэтгэлд нь хадааширч буй нь яруу найрагчийн сэтгэлийн дотоод цөн түрэлт, ертөнцийн мөнх бусыг зэрэгцүүлсэн гүн ухааны тайлал юм. Эрхэс тэнгэрт зэрэгцэн садансах одод сарны тухай анивалзан дуулахыг олж харна гэдэг, бас үргэлж тэндээ оршихгүйг олж таних нь яруу найрагчийн ховорхон төрмөл араншин. Бүр анивалзан анивалзан шүү. Энэ айзам яруу утгын яргалт Х.Сүглэгмаагийн шүлгийн дорно гэх уламжлалын шүтэн барилдлагыг, уран бүтээлийн аргын чөлөөт эрэлхийллийг улам бүр тодотгодог юм. Шинжлэх ухааны үүднээс уул ус мянган жил байрандаа оршиж, үлгэр жаргах чөлөөнд одод харвах нь батлагдахгүйн “үнэн” ч хийсвэр сэтгэмжээр зэрэгцүүлэн урлана гэдэг эртний утга зохиол судлалын үйлстэй нь холбоотой, мөнхүү бурханы шашины уран зохиолын сэдэв өгүүлэмжийн уламжлалыг нийгмийн араншинд идээшүүлсэн бүтээлч хандал болох нь
“Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм” хэмээн үйлийн үр, мөн чанарыг эргэцүүлэн таньж буйгаас тодорч байна. Айл саахалтын Ёндон гуай
“Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж” гэсэнд хүмүүний жам ёс, заяа тавиангийн эрхшээл, эргэх хүрдэнг гайхалтай урнаар төлөөлүүлсэн бол эл санаагаа зангитган
“Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг” гэж учирлаж байна. Ингэж үзэгдэл юмсын дотоод зүй тогтол, учир шалтгааныг уянгын хэл, өргөн санаа, гүн ухааны агуулгаар баяжуулна гэдэг энэхүү шүлгийн дотоод амин сүнс, шид хутагтай холбоотой уран сайхны ололт билээ. Энэхүү зөөлөн сэтгэмж, хатуу үнэний гаргалгаа мэдээж Х.Сүглэгмаагийн оюун билигтэй холбогдох төдийгүй монголын яруу найргийн сэтгэлгээний ололт амжилтыг нэгэн айзмаар хөглөх учиртай байжээ.
“Үүл үүл нь нүүвчиг тэнгэрийн хаяа хүрэхгүй
Үнэний алтан харгуй тэндхийн тоосонд дарагдахгүй
Үе үеийг улираавч төрлийн хэлхээ алдуурахгүй
Үзтэл зуурдын орчлон үйлийн бошгоо халахгүй” (Ноён гэгээнд бичсэн захидал) гэх зэргээр шүлгийн санаа залгамж холбоотой, нөхөн гүйцээж давтан эгшиглэх уянгатай нь яруу найрагчийн сэтгэлийн урин дуудал, нууцлаг зожигрол бүхэн уусан шингэснийх юм. Төрсөн нутгийнхаа тухай дуу урлаж, эх орон, элгэн садныхаа тухай аялгуу бүтээн, эмзэг нас, хайр сэтгэлийн тухайтад шүлэг тэрлэн ганхасхийх эрхэмсэг ялдар бүсгүйн эрдмийн аян гэгээтэй, басхүү хүний сэтгэлийн дотоод хөдөлгөөн, жам ёсыг ухаарлаар яруусгаж, уянгаар жигүүрлэн гайхагдаж байна. Шилмэл шүлгийн дээж болсон энэхүү “Нүүдэл” (2011) ном монголын яруу найргийн ололт хөгжлийн нэгэн үзүүлэлт, сэтгэлгээний алсад нүүдэллэн урагшилж буйн томоохон илэрхийлэл болон сүндэрлэлээ. Цаг хугацааны дэргэд нь, бас өмнө нь бичиж чадах цаглашгүй авъяас мандтугай!
Маргааш мөд унтахгүй, монголын их яруу найраг нүүдэллэн айсуй...



Д.Цэвээндорж (Утга зохиол судлагч)
2011.06.02

6/02/2011

Ардын уран зохиолч, МУ-ын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав

АРИУН СЭТГЭЛИЙН ТУУРВИЛД
САРНЫ ГЭРЭЛ ТУСДАГ

(Х.Сүглэгмаагийн «Очирбатын Дашбалбар» номын тухайд)



Залуу эрдэмтэн, судлаач, нэрд гарч буй яруу найрагч бүсгүй Хургаагийн Сүглэгмаа нэгэн тод сонин номоо та бүхэнд толилуулж байна. Энэ бол «Очирбатын Дашбалбар» (амьдрал, уран бүтээл) ном юм. Ихэнх хүмүүс намтар тоочих буюу судалгааны албаны хэллэгтэй уйтгар төрмөөр ном бичдэг бол Х.Сүглэгмаа тэр замыг тойрч огт өөр яруу зохиомж, найрсуу хэллэгтэй, хөгжимлөг туурвил бүтээжээ. Хэн хүн ийм ном бүтээхэд бэрх. Гагцхүү авъяастай хүний л хийх ажил юм. Үүний дээр түүний багшаа хайрлах шавийн үнэн сүсэг, ариун сэтгэлийг авч үзвэл зохистой. О.Дашбалбарын тухай урьд өмнө нь олон ном, олон бүтээл гарсан ч үүн шиг удам судар, өсч өндийсөн бага нас, төрөлх хөдөөгийн агаар усанд ууссан онцлог ахуйн шинжийг бүрдүүлж байсангүй. Гагцхүү Х.Сүглэгмаагийн энэ номноос Дарьганга нутгийн өвөг дээдэс, О.Дашбалбарын өсгөж өндийлгөсөн аав ээжийн дүр төрх, зан суртахуун, ёс заншлын өвөрмөц сонин түүхийг та бүхэн олж үзэхийн хамт “Суут хүмүүсийн ген, үр удамд нь амарч байдаг” гэсэн үгийн утга увидасыг олж үзэх болно. Мөн тосч авсан уран бүтээлийн орчин буюу үе үеийн зохиолч, яруу найрагчдын дэргэд хэрхэн өсч өндийж, уран бүтээлчийн зэрэгт хүрснийг сэтгэхүйн зөв дэс дараалалтай, логик учир шалтгаантайгаар сэтгэлдээ хоногшуулж болно. Номын эхний бүлэгт “О.Дашбалбарын намтрын товчоон”, удаах бүлэгт “О.Дашбалбарын уран бүтээл” гэж зохиомжлон номын бүтцийг бүрдүүлсэн нь ч уншихад урамтай, ухахад дөхөмтэй болгон үүгээрээ нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Номон хөшөөг” цаасан дээр урлан босгожээ. Түүний яруу найраг, нийтлэл, уран бүтээл тэр дундаа бурхны шашны гүн ухааны сэтгэмжээр хэрхэн цогцлуулсныг олж мэдэх болно. Би Х.Сүглэгмаагийн эл номонд зориулан (Их хамба лам Д.Чойжамцын үгчилсэн хадмалд тулгуурлан) XIV далай лам Данзанжамцын “Солх”-ыг орчуулснаа толилуулая.

Жамбал янжий онлаа ваанжуур
Лувсан ишээ жалцан зэмбийдоо
Задтэрэн бямбацоо галдан линцодвий
Жавзун лхамо, ганжир шавданшоог.
буюу монголчилбол:
Эгшиглэнт Манзуширийн гол аялгуунд гойд мэргэшсэн
Эрдэмт богдсын шашныг баригчдын гол мод болсон
Элдэв үйлийн сайн хувьтныг өөрөөсөө төрүүлж гаргасан
Эрдэмт дээд Далай лам таньдаа сүслэн залбиръя.

гэсэн энэ өргөл шүлгээр мялаалга болгон шившин адистэдлая. Мөн “Ариун сэтгэлээр бичсэн туурвилд сарны гэрэл тусдаг” гэсэн өргөмж үгээр номын харимж буюу урмын дээдээр мялааж, сэтгэлийн сүү дусаая.
Дашрамд өгүүлэхэд Х.Сүглэгмаа бол Өмнөговиос Ёлын амны гайхамшиг адил “Эдлэх ёсгүй эрх” буюу “Бадамлянхуа” хатныг жүжгээр дүрсэлсэн миний залуу наснаас үерхэн дотнолсон зохиолч Шадавын Ёнхорын зээ дүү юм.
Юманд үнэн сэтгэлээр ханддаг, яруу найраг нь хүнд хүрдэг тоотойхон бүсгүйчүүлийн нэг, эрдэмтэн яруу найрагч Хургаагийн Сүглэгмаагийн цаашдын туурвилын замын өлзийг ерөөж, “Яруу сэтгэлээр бичсэн зохиолыг яруу найраг хэмээмой” гэсэн Цахар гэвш Лувсанчүлтэмийн хадаг-тарнийг өргөн барья. Ум суваадий шиддаам.


Ардын уран зохиолч,

МУ-ын төрийн шагналт яруу найрагч

Шаравын Сүрэнжав


С.Байгалсайхан Доктор (Sc.D) профессор


Дашбалбар бидний дунд байсан, Дашбалбар бидний дунд байгаа, Дашбалбар бидний дунд байх ч болно.


Дөчин хоёрхон насандаа биднийг орхин одсон, одохдоо асар их оюуны баялгийг үлдээсэн, бүтээл нь биднийг уриалж ухааруулсаар байгаа Дашбалбар агсны амьдрал уран бүтээлийг бүрэн хамруулахыг хичээж бичсэн яруу найрагч, түүний шавь, доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаагийн ном уншигч таны гар дээр очиж байна.
Аугаа их Л.Түдэв Дашбалбарыг шинэ зууны яруу найрагч гэж уулга алдсан бол энэ номыг уншаад, ерөөс түүнийг ямар нэг хэмжээгээр мэддэгийн хувьд, зохиол бүтээлийг нь уншиж судалж байсны хувьд, үе үеийн монгол туургатны утга зохиол, урлаг, улс төр, яруу найргийн төлөөлөгч гэж тодорхойлмоор санагдана.

Үл дагагч баатрууд мэт эх хэл минь
Үхэгсдийн амин сүнс оршсон эх хэл минь…

Энэ мэт үнэхээр сүрдмээр сүрлэг, гайхмаар оновчтой, агуу утга гүнзгий, хэзээ ч давтагдашгүй олон бүтээлийг нь нуршиж дээрх дүгнэлтийг баталмааргүй байна.
Сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлийн талаар хоёр ч удаа томоохон эрдэм шинжилгээний хурлыг МҮЧЗХ, найз нөхөд, шавь нар, гэр бүлийн зүгээс нь зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онд 50 насны ойд нь зориулсан хурал нь их онцлогтой болсон. Энэ хурлаар нэг талаас эрдэмтэн судлаачид, найз нөхөд, шавь нар нь уран бүтээлийнх нь талаас нэлээд тодорхой ярьж, нөгөө талаас хамтран зүтгэгчид, нутаг усныхан нь хүн чанар, ажил үйлсийнх нь талаас дурсан ярьцгаасан юм.
Судлаач Х.Сүглэгмаа түүний уран бүтээл болон уран бүтээлийнх нь талаарх баримт материалыг шүүрдэн үзэж Дашбалбар агсныг ямар хүн болохыг гаргах зорилгоор хувь хүний зан чанар, уран бүтээлийн төлөв байдал, улс төрийн үзэл бодлыг тус бүрээр нь ангилан арвин их материал дээр тулгуурлаж эссе хэлбэрээр номоо туурвижээ. Урьд өмнө энд тэнд, ном сонин сэтгүүлүүдэд гарч байсан материалыг журам цэгцэд оруулан нэгтгэж зохистой үнэлэлт дүгнэлтийг гаргаж бичсэн нь уншигчдад уншихад ойлгомжтой, дөт, Дашбалбарыг ойлгож авах, дотоод ертөнцийг нь танин мэдэхэд бүрэн боломжтой бүтээл болсон гэж үзэж байна.
Түүнчлэн зохиогчоос зөвхөн өөрөө багшийнхаа уран бүтээл болон хувь хүнийх нь хувьд хөндлөнгийн материал дээр тулгуурлан хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олзуурхууштай чухал зүйл болсон гэж үзэж байна. Тухайлбал: Түүний УИХ-ын гишүүн байх үедээ ТТГ-т шалгалт хийсэн үйл явдлын баримтыг өөрийн үзэл бодолтой холбон гаргасан хэсэг мөн. Чухал гэдэг нь бид түүнийг монголын үе үеийн сэхээтэн, яруу найрагч, зохиолчдыг төлөөлж чадахуйц монголын оюуны тэнгэрт нисэж байсан гайхамшигт галт шувуу байжээ гэж ойлгож болохуйцаар илэрхийлсэнд оршино.
Номын онцлог нэг зүйл нь урьд өмнө нэг их яригдаж, судлагдаагүй байсан түүний Буддист үзэл санааны талаар дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлсэн явдал юм. Энэ нь Дашбалбарын хүн чанарын ертөнцийг тодорхойлоход чухал зангилаа түлхүүр болон харагдаж байна.
Жинхэнэ яруу найрагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг гэдгийг тодорхой гаргаж өгч чадсанд энэ номын ач холбогдол оршино.

Аяа, бурхан минь
Хүнд туслах ганцхан агшинг ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би

гэснээс сэтгэлийн их шаналал түүнийг хийж бүтээж байсан оюуны хөдөлмөрийн мөр, хийж бүтээж амжаагүй мөрөөдлийг харж болно.
Эцэст тэмдэглэхэд, Дашбалбар шүлэг, бүтээл туурвиж өөрийн үзэл бодлоо зоригтой шулуун шударга илэрхийлэхийн сацуу түүний уран бүтээл нь монгол язгуурын уламжлалтай, өмнөх үеийн эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн залгамж холбоо болж түүнийг баяжуулан шинэчилсэн гайхалтай туурвил болохыг баримтаар дэлгэн харуулсан нь бүтээлийн бас нэг ач холбогдол болж байна.


Дашбалбар бидний дунд байсан,
Дашбалбар бидний дунд байгаа,
Дашбалбар бидний дунд байх ч болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар» номоос

5/29/2011

Ч.Дагвадорж «ХХ зууны монгол уран зохиол онол түүхийн судалгаа»

МАРТАЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ МАГТААЛ
СОНСОХООР НОМ

Мартаад л, мартаад л, бид мартаад л. Ер юу эсийг мартсан гэхэв, мартахаарыг ч мартаж, мартахааргүйг чиг мартаж. Чухам л мартахын тулд төрж, манарахын тулд ирсэн юм шиг л явцгаах юмдаа. Өтөл нь ч мартаад л, өсөж яваа нь ч мартаад л.
70-аад жил замнасан социализмын үед олсон оноо, гаргасан алдаагаа, тэр цагийн удирдагчид, бүтээн байгуулагчидтай нь мартсан. Урдын уламжлах гэгээтэй юмаа өвлөх, авахын оронд бүхэлд нь муулаад л түүхийн хог дээр асгачихсан. Яг л барилгын хаягдал асгаж байгаа юм шиг.
Тэрч байтугай 70 жилд буй болгосон соёл, урлагийн бүтээлээ туурвисан уран бүтээлчидтай нь орхичихсон. “Орхичихсон” гэж их зөөлөн хэллээ л дээ.
Зохиолчдын байгууллагыг олон жил толгойлж, гадаад олон улсын тийм чиглэлийн байгууллагатай хэлэлцвэл хэлэлцэх зохиолтой болоход оройлсон С.Удвал гуйгаа, хөгжмийн зохиолчдоос өнөөх өглөө сэрээж, оройд нойрсоход эгшиглүүлж байдаг төрийн дууллын аялгууг зохиосон Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарыгаа тэнгэрийн орноо одоход нь төр, засаг маань, уншигч, сонсогчид маань яаж үдлээ дээ? Ер нь тэгж одоо, бүүр хойшдоо бодогдохоор үдлүү? Яалаа?
Бас заримыг сүржин үдэх атлаа өдөр, хоногоор мартсаар л. О.Дашбалбарыг таалал болоход үгийн урныг хэлхэн бичиж, харамсаж байсан хүмүүс одоо бараг мартаа юудаа гэмээр. Яахав, үйлийн үртэй хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, яах аргагүй үг, сургаалий нь сонсож явсан шавь, гэмгүй шиг явсан үзэг нэгтнүүд нь одоохондоо бурхан болсон өдрөөр нь жилдээ нэг дурсах янзтай шиг. Иймэрхүү л.
Хэргээ болохоор О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Залуус дүү нарт хүргэх шүлэг”-ийг нь уран уншигчдыг бэлтгүүлж байгаад амнаас нь хөөс сагартал уншуулах атлаа одоо л тэр хүнийг нэг дурсаасай, нэрийг нь хэлээсэй гэсэн юман дээр хараагүйчин, сонсоогүйчин, мэдээгүйчин болж өнгөрөхийг яана.
Бид наснаас нөхөчсөн нэгнийхээ уран бүтээлд ингэж л хандаж явна. Гутармаар хэцүү, гомдмоор муухайяа. Даанч тэр хөөрхий суутнууд өндийж ирээд гашуун ёж үг хэлэхгүй, өгөө аваа горьдохгүй юмдаа. Чингэхлээр давтан хэлэхэд зах зээлийн нийгэм гэгчийн үед уран бүтээлчийн чин сүсэгт тоотой хэдэн нөхөд, шавь, ар гэрийнхэн нь санаж, дурсаж байгаа юм уу даа.
Хэдхэн сарын өмнө О.Дашбалбарын гарынх нь шавь яруу найрагч, эрдэмтэн Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” (Амьдрал, уран бүтээл), мэргэжлийнхний хэлээр ганц сэдэвт зохиол бичжээ. Бас нээлт, номын баяр ч хийсэн. Бодвол, гагц утга зохиолын судлагч, шүүмжлэгчид төдийгүй, уран зохиолд элэгтэй хүн болгон үзсэн баймаар энэ номыг өдийд нилээд уншигчид хуудсыг нь сөхөж харсан, магадгүй санал сэтгэгдлээ ч илэрхийлэхээр болж байгаа болов уу.
Манайд зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замыг ийм цогц байдлаар авч үзсэн судалгаа тийм ч олонгүй. Ийм хэлбэрийн судалгааны эхлэлийг утга зохиолын ахмад судлаач Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966)-оор эхийг тавьснаас хойш шүүмжлэгч Ц.Мөнх “Б.Явуухулангийн яруу найрагт хийсэн ажиглалт, тэмдэглэл” (1984), Б.Ганбат “Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба”(2000) номууд туурвисан нь уран зохиолын түүх бичихэд, зохиолчийн хөдөлмөрийг судлахад их тустай болсон билээ.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” (2009) ном өмнө дурдсан номуудыг бодоход яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн замналтай холбогдох арвин баялаг хэрэглэгдэхүүнээс сонгосон, зохиолчийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч гэдгийг түүх, архивын, зохиолчтой нэгэн үед амьдарч бүтээлээ туурвиж явсан хүмүүсийн амьд дурсамжаар нотлож байгаа зэрэг нь уг номын эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл харагдаж байна. Үүгээрээ манайдаа ганцхан байгаа ном л доо.
Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэхлээр туурвин бүтээх авьяас билиг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, тэр нь тогтсон хүнийг хэлнэ гэдэг. Хэдүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч гэлээ энэ ойлголт лав хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Зохиолч хэний ч заавар зөвлөмжгүйгээр уран бүтээлээ туурвина. Тэр бүтээл нь нийгэм гуай хэд урваж хөрвөж байсан ч зохиол нь төрөлх ард түмэндээ, соёлт хүн төрөлхтөнд уран сайхны үнэт өв болсоор байна гэсэн үг л дээ. Яагаад гэвэл зохиолч уншигчдаасаа дор хаяхад хэдэн алхмын өмнө явж бүтээлээ туурвидаг учраас энэ юм гэдэг. Даанч тийм зохиолч цөөхөн, тэр дундаа манайд ер нь цөөхөн байсан нь үнэний хувь бий. Харин О.Дашбалбар бол тэр цөөхний нэг, өөрөөр хэлбэл амьдарч байсан нийгэм цаг үетэйгээ холбоотой байсан нь мэдээж боловч түүний боол, зарц нь яваагүй уран бүтээлч л дээ. Яагаад ийм байв, болов гэдгийг л эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номд хүүхэд ахуйгаас нь, авьяас билиг нь дэлгэрэх үеэс их үнэмшилтэй гагцхүү баримт, баримтаас гарах дүгнэлтийн хэмжээнд судлан туурвиснаараа энэ ном зүйрлэшгүй үнэ цэнэтэй юм.
Х.Сүглэгмаагийн эл бүтээлд О.Дашбалбарын хүүхэд ахуйд бичсэн анхны шүлгээс нь задлал хийж хүүхэд насны гэнэн шүлгээс залуу, идэр насны шүлгийн шинэ сэвүүн санаа яаж төрсөн, тэр нь яаж уран бүтээл болсныг зохиолчийн авьяас билиг хөгжсөн орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлээд, зэргийн нөхөд, ханьсаж, дотносож явсан уран бүтээлчид, (Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Ж.Бямба, Д.Шагдарсүрэн гэх мэт), ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан авьяас билиг нь хэрхэн дэлгэрэн хөгжсөнийг “Оддын аялгуу” зэрэг яруу найрагт тод мөрөө гаргасан анхны бүтээлтэй нь холбон тайлбарласан нь анхаарал татам.
О.Дашбалбар 1990- ээд оны эхээр, таван ном хэвлүүллээ. Монголын утга зохиолд түүгээр үлдвэл үлдэнэ биз. Үгүй бол тэр л биз хэмээн бардамхан өгүүлж байж билээ. Энэ таван ном нь “Оддын аялгуу”, (1985), “Гол ус намуухан урсана” (1989), “Гэрэлт хайр” (1990), “Зүүдний мөнгөн шувуу” (1990), “Бурхны мэлмий” (1991) байжээ. Нээрэн л энэ таван номд О.Дашбалбарын яруу найрагчийн сэрэл мэдрэмж, сэтгэл санаа, зөн, хорвоогийн мөн чанарын тухай бясалгал цөм багтсан шиг.
Х.Сүглэгмаа энэ гол таван номд орсон шүлгийн үүсэж төрсөн үүх түүхээс аваад, түүний уншигчдад хүрсэн замыг ном, номын донж төрхтэй холбон тайлбарлсан нь гагцхан уран зохиолын судлаач, шүүмжлэгчид, зохиолчдод хэрэг тустай биш, ерөөсөө О.Дашбалбарыг, уран бүтээлийг нь ойлгож мэдрэх гэж явдаг өргөн олон нийтэд “Очирбатын Дашбалбар” ном тустай юм. 1990-ээд оноос уран зохиолыг үзэх үзэлд өөрчлөлт гарч өнөөх реализмын зарчмаас гажсан, сөрсөн янз бүрийн шүлэг зохиол хаа сайгүй гарах болов. Ийм үед О.Дашбалбар уран зохиолд анхны алхмаа хийж байсан залуу авьяастанд хандаж “Яруу найраг дахь нялхсын өвчин” шүүмжлэлт өгүүллээ уншигчдын хүртээл болгосон нь яруу найргийг ойлгоход их тус болсон.
Яруу найргийн шинэ урсгалыг шохоорхогчид, түүнийг дэмжигчид “Бид л монголын утга зохиолд цоо шинэ юм оруулаад ирлээ” гэх аястай ярьж, бичиж бүүр “Модернизм монголд” хэмээх ном хүртэл хэвлүүлж байв. Энэ үед О.Дашбалбар “Шинэчлэл гэж ийм юм байдаггүй юмаа. Тэгэхэд хүрвэл миний шүлгүүд дотор ч модернист шүлэг зөндөөн л бийдэг” хэмээн хэлж яруу найргийн шинэ хандлагын талаар уйгагүй маргаан өрнүүлж энэ чанараараа “хямрал”-ын үеийн уран зохиолоос эерэгээр гарах гарцыг хайж араасаа яруу найргийн бүхэл бүтэн үеийг дагуулж байсныг түүний “Гол ус намуухан урсана” номоор нэрлэсэн “ГУНУ” урсгалын зарчим уриагаас үзэж болох байхаа.
Х.Сүглэгмаагийн “Очирбатын Дашбалбар” номд яруу найрагчийн энэ бүх яруу найраг дахь хошуучлагч, шинэчлэгчийн байр суурийг нүдээр үзэгчийн,судлан шинжлэгчийн байр суринаас ул үндэстэй гаргасныг ололт хэмээн цохон тэмдэглэх учиртай. Яагаад гэвэл он цаг урсах тутам тухайн судалгааны ном улам үнэд орно.
“Очирбатын Дашбалбар” номд байгаа өөр нэг тэмдэглэх содон зүйл бол яруу найрагчийн нийгэм, улс төрийн амьдралд оролцох болсон, энэ үеийн оюун санааны гүнзгийрэл, уран илтгэгч, нийтлэлч болсон замыг өгүүлэхдээ “С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд багшилж байсан үеийг онцлон авч үзсэн нь анхаарал татаж байна. Намайг насан залуу байх цагт миний удирдагч багш Чой.Лувсанжав багштан санаа сэтгэл нь цэлмэн гийсэн үедээ”
- Багш нь ч сурдаг. Оюутан нь ч сурдаг гэсэн үгтэй юмаа, хүү минь” гэж ирээд л урьд өмнө зааж байгаагүй шинэ хичээл заахдаа хэлдэг байсансан. Түүнлүгээ нэгэн адил О.Дашбалбар “С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуульд” багшлаагүйсэн бол, тэр үеийн оюутнуудын өмнө өөртөө тийм их итгэлтэй байж тухайн цагийн монголын их, дээд сургуулийн утга зохиолоор мэргэжил олгож байсан сургалтын төлөвлөгөөг “эвдсэн” хичээлийг зааж дадлага хийгээгүйсэн бол тийм нэртэй нийтлэлч, илтгэгч болох байсан болов уу гэж хааяа бодогддог.
Энэ үе бол О.Дашбалбарын оюун санааны их оргилолтын үе юм.
Зохиолоос энэ үед “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” эргэцүүлэл-гунигийн яруу найраг туурвисан түүх, зохиол төрсөн үндсийг Х.Сүглэгмаа судалгааныхаа номд сэтгэл сэрхийхээр бичсэн байх ажгуу.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн эл туурвилд О.Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн замыг тодруулахтай холбогдуулан уншиж үзье гэвэл яруу найрагчийн удаа дараа хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээс аваад бие даасан ном, гэрэл зураг зэрэг лавлагааны арвин хэрэглэгдэхүүн байгааг дурдая.
Х.Сүглэгмаа “Монголын их соён Гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийг өөрийн чинээнд өгүүлэхийг эрмэлзсэн нэгэн дэвтрээ ийнхүү өндөрлөе” хэмээн “Очирбатын Дашбалбар” номоо төгсгөжээ.
Тиймээ, багшийн ачийг бодож эд хөрөнгө, сэтгэл санааныхаа өглөгийг гаргасан эл туурвил тань тосон ирэх цагийн цагийн урсгалд автахааргүй, нэгэн жарны битгий хэл, хэдэн жарны мэргэдэд Очирбатын Дашбалбар судлалын шанг дорвитойхон татсан мартаж болохгүй хүний тухай магтаал сонсохоор бүтээл болсоныг цохон тэмдэглэснээр шинэ номын тайлбар юугаан өндөрлөе.


2009он.
Ч.Дагвадорж
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
Утга зохиолын шүүмжлэгч
доктор профессор
ҮЛЭМЖИЙН ОРЧЛОНД БИ УДААН АМЬДРАНА
(“ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР
” номын тухайд)



Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн тухай эрдэмтэн, яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа эссэ хэлбэр бүхий нэгэн шинэ содон ном туурвижээ. Содон гэсний учир нь эл номыг бүтээхдээ Сүглэгмаа судлал шинжлэлийн хуучин замаар бэдэрсэнгүй “Үе үеийн монгол туургатны утга зохиол, урлаг, улс төр, яруу найргийн гарамгай төлөөлөгч”(доктор С.Байгалсайхан) шинэ зууны яруу найрагч О.Дашбалбарыг түүний бүтээж, түмэндээ, хойч үедээ үлдээсэн баялаг материал дээр нь тулгуурлан зан чанар, намтар түүх, уран бүтээлийн эхлэл хийгээд ид цэцэглэлтийн үе, улс төрийн үзэл бодол зэрэг олон талаас нь иж бүрэн нээн харуулж чадсанаараа, мөн найрагчийн дотоод ертөнц рүү тун гүнзгий орж туурвиснаараа “Очирбатын Дашбалбар” ном бол монголын уран зохиол судлалд гарсан шинэ үзэгдэл, шинэ бичлэг болсон байх юмаа.
Доктор, профессор С.Байгалсайхан уул номын талаар товчхон бөгөөд тун чамбай дүгнэлт үнэлэлт бүхий “Өмнөх үг” бичсэн байна. Тэрбээр номын ач холбогдлыг “Яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг гэдгийг тодорхой гаргаж өгч чадсан явдал” хэмээжээ.
Энэ ном нь улиг болсон намтар цадиг, судалгааны тоочин өгүүлсэн бичлэг биш, зохиомж уран бөгөөд утга логик уялдаа сайтай, хэллэг яруу, зохиогчийн багшаа гэсэн чин халуун, тунгалаг гэгээн сэтгэл шингэсэн сайн бүтээл болсныг дөчөөд жил уран зохиолын ертөнцөд амьдарсны хувьд мөхөс бичээч би онцлон хэлэх нь зүйтэй. Ном үндсэн хоёр бүлэгтэй.
“Дашбалбарын намтрын товчоон” хэмээх тэргүүн бүлэгт найрагчийн намтарт холбогдох сонирхолтой нэлээд материал, Дашбалбар монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, Монголын бурхан шашны хөгжилд оруулсан хувь нэмэр, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдэг талаас багцлан өгүүлж, баялаг сайхан хэллэгээр туурвисан бол дэд бүлэг-“О.Дашбалбарын уран бүтээл”-дээ түүний яруу найргийн бүтээлүүд, уламжлал, шинэчлэл, нийтлэлүүдийн тухай ихээхэн даацтай задлан ярьж, найрагчийн оюун санааны ертөнцийн гүнд ярган орж, нээн үзүүлсэн байна.
Эцэст нь дотоод гадаадад хэвлэгдсэн бүх уран бүтээлийнх нь жагсаалтыг хавсаргасан бөгөөд үүнээс ажиглахад Дашбалбар нь дөч гаруйхан наслахдаа оюуны соёлын арвин их өв бүтээж үлдээснийг төвөггүй харж болно. Энэ билгүүн их шүлэгч 17 ном бүтээсэн агаад нийтдээ 1400 гаруй шүлэг, нийтлэл, эссэ, хөрөг, дурсамж, өгүүлэл бичжээ. Хажуугаар нь улс төр, нийгмийн үйлсэд хүчин зүтгэж, монголоо эрх чөлөөгөө, газар шороогоо, өв соёлоо гэсэн нөр их тэмцэл хөдөлмөрийнх нь цаг нарыг тооцвол ганц хүнд ахадмаар их бүтээл үлдээсэн нь тодорхой ажгуу.
Дашбалбар судлалын хамгийн жинтэй, үнэтэй энэ номын тухай иж бүрнээр задлан ихийг өгүүлж болох ч энд би тийм зорилго тавьсангүй. Тийн өгүүлэх боломж, чадвар ч надад байхгүй бололтой.
Харин яруу найргийн нэрт төлөөлөгч талаас нь Сүглэгмаагийн бичсэн дээр тулгуурлан цөөн хэдэн үг хэлье гэж бодлоо. Би бол судлаач шүүмжлэгч биш, гэвч шүлэгч л шүлэгчийг илүү мэдэрдэг болохоор шүлэг зохиолтой нь хамт явсаар ирсний хувьд энэ эх оронч найрагчийн тухай доктор Сүглэгмаагийн бүтээсэн номын зарим хэсэг дээр тогтож бодол ухаанаа нэмэрлэхээр шийдэн үзэг барьсан минь энэ болой. Сүглэгмаа бол өнөө үеийн шүлэг бичдэг бүсгүйчүүдээс “Юманд үнэн сэтгэлээр ханддаг, яруу найраг нь хүнд хүрдэг тоотойхон бүсгүйчүүдийн нэг эрдэмтэн, яруу найрагч” (Ш.Сүрэнжав) яах аргагүй мөн билээ. Тийм ч учраас найрагчийн сэтгэлээр, шавийн сэтгэлээр, судлаачийн эрдмээр “Очирбатын Дашбалбар” номоо бүтээсэн нь маш тод ажиглагдаж байна. Яруу найраг нь ухаанд буух уран санаатай, сэтгэл хөглөх уянга сайтай байдаг шиг Сүглэгмаагийн судалгааны бүтээлүүд нь аль ч талаараа өөрийн гэсэн өнгө хийцтэй, өвөрмөц барилтай байдгийг шинэ ном нь улам тодосгон баталж байна.
“Үлэмжийн орчлонд би удаан амьдрана” гэж амьд сэрүүн цагтаа хэлчихээд, бурхны орноо одсон Дашбалбар найрагч харамсмаар цөөхөн жил, дөнгөж 42-хон жил амьдарчээ. Их Чойномоос ганцхан жил дутуу амьдсарсан нь сонин. Авъяастнуудад орчлон нас хайрлахдаа юутай ч харам юм бэ гэлтэй. Гэвч “Өөдрөг аяз” шүлэгтээ:
“Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм
Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг юм” гэж бичсэн шиг найрагч эргээд л хүний орчлонд амьдарч, түмний сэтгэлд төгс яруу шүлгээрээ мөнхрөн үлдсэн авай гэснээр энэхүү бичлэгийнхээ оршлыг өндөрлөсүгэй!
* * *
Уран бүтээлийн замналын эхэн үе
Утга зохиолын дээд сургуульд суралцсан үе
3. Уран бүтээлийн замналын оргил үе гэж О.Дашбалбарын урлал туурвилын амьдралыг гурван ангилал болгон судалсан нь тун оновчтой агаад зөв арга болсон нь анхаарал татаж байна. Шүлэг бичиж эхлэхээс Горькийн нэрэмжит сургуульд суралцах үе хүртэлх энэ үе нь найрагчийн гараан дээрээсээ хүчээ аван хурдалж эхэлсэн (уралдааны морьтой жишвэл) жинхэнэ омголон залуу нас юм. Үүнийг Х.Сүглэгмаа 1970-аад оноос 1979 он гэж тодорхойлжээ. Энд бяцхан дурсамж оруулмаар санагдав. 1979 оны эцсээр би Зохиолчдын хорооны томилолтоор Унгарт хэд хоноод буцах замдаа Москвад долоо хонож билээ.

Утга зохиолын дээд сургуулийн оюутны байранд эдүгээгийн СГЗ, нэрт зохиолч С.Пүрэвийн өрөөнд байлаа. Тэр үед Ш.Сүрэнжав, Н.Энхбаяр, Х.Мэргэн, Д.Давааням, Балбар, Г.Нямаа нарын нэлээд зохиолчид, орчуулагчид сурч байсан цаг. Нэг өдөр Пүрэвийн өрөөнд том алаг нүдтэй, гялалзсан залуу орж ирсэн нь О.Дашбалбар байсан юм.
Бид шүлэг зохиол л ярилцсан санагдана. Тэгж хожмын авъяаслаг найрагчтай уулзсан юм. Дашбалбар тэгэхэд чухам л ирлэсэн тонгорог шиг хурц эрэмгий, амыг нь хагалсан үрээ морь шиг хөдөлгөөнтэй, гялалзсан дүрэлзсэн омголон залуу байлаа. Яагаад ч юм дөчөөд жилийн өндөрлөгөөс эргэн дурсахул түүнийг би тэр л цагийнх нь төрхөөр маш тод санадаг юм. Одоо ч тийм. Э.Хархүү би эргэн өгүүлсүгэй.
Ганга нутгийн сайхан найрагч Д.Шагдарсүрэнд тоогдож 1976 оноос нутгийнхаа сонин “Сүхбаатарын зам”-д ажиллах болсноор найргийн замд шуудран орж, улмаар Г.Мэнд-Ооёотой танилцан, уран бүтээлийн “Гал” нэгдэлд элссэн нь өсөж дэвжих, өөрийгөө таних таатай завшаан болсон нь энэ номноос маш тодруун харагдаж байна.
Найрагчийн уран бүтээлийн эхэн үеийг Сүглэгмаа шүлэг зохиол, намтар түүх, дурсамж, өөрийнх нь болон бусдаас ирүүлсэн захиа сэлттэй холбон баталгаажуулж, уран сайхны өндөр түвшинд, бичлэгийн төгс яруу хэлбэрээр бичсэн нь урьд хожид манай уран зохиолын шүүмж судлалд төдийлөн гарч байгаагүй шинэ өнгө аясыг илтгэсэн билээ. 1979-1984 он буюу оюутан цаг нь “Хамгийн үнэ цэнэтэй, торгон агшин” байлаа.
Е.Винокуров, В.Шугаев зэрэг оросын яруу найргийн нэрт төлөөлөгч, орчуулагчдын семинарт сууж, олон орны нэгэн үеийн авъяастнуудтай хамт суралцаж, бүтээн туурвиж асан тэр гэрэлт сайхан жилүүдэд Дашбалбар найрагч Москваг яруу найргийн хот гэж нэрлээд уянгын олон шилдэг шүлэг урлан бүтээсэн нь сургуулиа төгссөний дараа хэвлүүлсэн “Оддын аялгуу”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана” зэрэг номнуудад хэвлэгдсэн тухай зарим шүлгээс нь иш татан оруулжээ.
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла.” хэмээх алдарт мөрүүдээс аваад
“Гэрийнхээ сүүдэрт амрах зуураа
Гэгээн орчлонтой би ярилцнам” гэх буюу
“Өвс ногоо би...
Өндөр алдар хэрэггүй
Цасан доор зүүдлэн нойрсоход
Цаг хугацаа надад хамаагүй”
“Үл дагагч баатрууд мэт эх хэл минь
Үхэгсдийн амин сүнс оршсон эх хэл минь” зэрэг олонд аладршсан шүлгүүдийн мөр бадгаас шигтгээ болгосон нь найрагчийн дотоод ертөнцөд гүнээ нэвтрэх арга болжээ.
“1980-аад оны дунд, сүүлхэн үеийн монголын яруу найргийг улам баялаг, утга яруу болгосон” олон шүлгийг нь нэрлээд “уран дүрслэл, утгын гүнзгийрлээр тэтгэсэн байгалийн уянга, дотоод сэтгэлийн уянгын мөр бадгуудаар задарч, улмаар эх орноо санан мөрөөдсөн, хайрлан тэмүүлсэн гэрэлт ахуйн шүлгээс эх дэлхий байгалтай нэгдсэн дотоод сэтгэлийн гүн ухаан руу шилжжээ” хэмээн дүгнэсэн нь судлаачийн гярхай ажиглалтыг илтгэж байна. Энэ нь судлаач хүн шүлэг зохиолыг зүгээр нэг тайлбарлан дамжуулах биш, түүний ололт, шинэ содон зүйл, утга зохиол дахь нөлөөлөл зэргийг уудлан нээж, учиглан тодруулахад оршдогийн баталгаа буюу.
“Очирбатын Дашбалбар” номонд зохиолч маань өөрөө яруу найрагчийн хувьд багшийнхаа шүлгийн мөн чанарт гүнзгий нэвтэрч ажигласан олон зүйл мэдрэгдэж байгааг сайшаан тэмдэглэхийн ялдамд нэгэн ишлэл хийх нь зүйтэй юм.
“Мөнгөн аяганаа голын уснаас хийж амсахад, эрдэнэ амссан мэт болоод
Хөнгөн аялгуу энэ биеэр тархаан, өөртөө би голын усыг хадгалнам.”
“Намрын шөнө голын эрэг дээр охиноо хөтлөн зогсном
Надад усны сэрүүн амьсгал нэгийг бодуулах авч
Жижиг навч шиг охины минь халуун алга
Жил сараас авч үлдсэн өөрийн ганц амь аж” гэжээ.
“Энэ нь хүн өөрийгөө байгалийн бүтээл, түүний үргэлжлэл гэж үзэх эртний монгол сэтгэлгээний тэнгэр, уул усны шүтлэг, түүнээс үүдэлтэй байгалийг шүтэх үзлийн монгол ахуйг эдүгээчлэх, өвс ногооны шивнээг сонсох, мөнгөн аягаар голын уснаас хутган амсах, охиныхоо жижигхэн гарын алгыг навч юм гэж энхрийлэн бодох сэтгэлгээгээр буулгасан гэж болно” хэмээжээ. Энэ бол судлаач, найрагчийн билгийн мэлмий, бийрийн хурцыг илтгэж буй хэрэг ээ.
1990-ээд оны эхээр буюу цагаан морин жилийн их хувьсгалын босгон дээр О.Дашбалбар “Аяа, миний Монгол”, “Ардын дуу”, “Эх хэл минь”, “Чингис хаан”, “Монгол”, “Хар хорин”, “Монгол улсын ерөнхий сайд”, “Мандухай” зэрэг зарим нэг нь улс төржсөн хэмээн өөлөх, яг одоо үед бол яах аргагүй хэлэх ёстой үг, зохиогчийн зүрх сэтгэлд шатаж буцалж байсан амь халуун нэвт шингэсэн нэлээд шүлэг бичсэн. Эдгээр нь үймээн шуугиант амьдрал, цаг үеийн өнгө амьсгааны илрэл байлаа. Өөрчлөлт шинэчлэлтээс үүдэлтэй дээрх нэр бүхий шүлгүүд бол найрагчийн монголоо гэсэн сэтгэлийн дэлбэрэлт юм гэж хэлж болно. Ийм шүлгүүд бичихээс өөр арга байгаагүй. Олон ч найрагчид энэ сэдвээр бичиж байлаа. Би ч адил.
“Тухайн үеийн үзэл суртлын нэг хэв загварт орсон нийгэмд монгол хүн юуг шүтэн биширч, юуг хайрлан хамгаалж, бас юуг мартаж үл болох, орхиж үл болохыг сануулав” гэж Сүглэгмаа доктор дээрх шүлгүүдийн тухай зөв оношилсон байна.
О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас” зэрэг шуугиан дэгдээсэн нийтлэлүүд хэвлэгдсэн даруйдаа нийгмийн хөндүүр газрыг сүрхий эмзэглүүлэн, дээдсийн чихийг халууцуулан, нүдийг бүлтийлгэж, ер нь бол балмагдуулж билээ. Эдгээр нийтлэл нь дээр дурдсан шүлгүүдтэй санаа агуулгын хувьд агаар нэгэн болой. Тэгэхлээр найрагч маань монголынхоо төлөө дан найргаар төдийгүй олон чиглэлээр тэмцэж эхэлсний нотолгоо болсон эл нийтлэлүүд үлдсэн ажгуу. Доктор Сүглэгмаа энэ тухай даацтай задлан өгүүлж, Дашбалбарыг иргэний эр зоригтой, дайчин улс төрч гэдгийг сайн гаргаж өгсөнд энэхүү номын нийтлэг нэг ач холбогдол оршиж буйг цухас дурдсу. Сүглэгмаа “Түүний монгол үндэсний сэтгэлгээт аядуу зөөлөн яруу найраг нь тэр аугаа их үндэстнийг авч үлдэх, хамгаалах, хэрхэн хойч үедээ өвлүүлэхийн тухайд зовнисон, эрж хайсан, учирласан, уриалан дуудсан шүлгүүдээр үргэлжилсэн юм. Энэ нь түүний “Би-талын хөх чоно”, “Амин сүнс минь мөнх тэнгэртэй шивнэлдэн байна”, “Чулуунаас түүсэн зарлиг”, “Хүүдээ хэлэх үг”, “Сануулга”, “Тангараг”, “Маршал Цэдэнбал”, “Маршал Чойбалсан” зэрэг шүлгүүдээс нь тод харагдаж байгаа билээ.” гэжээ.
Номноос хэсэглэн авсан дээрх ишлэлүүдээс Сүглэгмаагийн хувьд О.Дашбалбар найрагчийн иргэнлэг бөгөөд эх орноо гэсэн сэтгэл шингэмэл шүлэг найраглалуудад хийсэн дүгнэлт, ажиглалт, сэтгэмж тодорч байнам.
Сүглэгмаа их найрагчийн “Зүүдний мөнгөн шувуу”, “Гэрэлт хайр” шүлгийн номуудыг онцлон үзэж “Дорнын намуун уянга, яруу найрагчийн дотоод сэтгэлийн ухаарал уянгыг илтгэсэн, мөн монгол найргийн сонгодог өв уламжлалыг хадгалсан уянгын шүлгүүд нь” эдгээр номыг бүрдүүлж байгааг онцлон авч үзжээ. Тэгэхлээр О.Дашбалбарын яруу найргийн хөг дуурсал, өнгө эгшиг олон талтай баялаг агуулгатай нь төвөггүй ойлгогдном бус уу.
1990-ээд онд Монголын уран зохиолд олон ургальч үзэл хөгжиж, уран зохиолын олон арга хэлбэр, урсгал чиглэлүүд гарч ирэн, өөр өөрсдийн оюун санааны манлайлагчдыг төрүүлж, түүнийгээ тойрсон тодорхой үзэл санааны нэгдэл бүхий өөрсдийн хүрээлэнг бий болгож эхэлсэн юм. Эдгээрийн нэг нь О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” номын нэрээр нэрлэсэн “ГУНУ” урсгалынхан билээ. Гоо сайхныг дээдэлж ертөнцийг яруу сайхнаар илэрхийлэх тунхагтай энэ урсгалын гол төлөөлөгч нь О.Дашбалбар мөн гэдгийг баримтанд үндэслэн томруун өгүүлсэн бөгөөд олон залуусыг шинэ урсгал чиглэлд ороход нь замчилж байсан ачтан, багш гэдгийг тус ном өгүүлж байна. Үнэхээр ч О.Дашбалбар бол хоёр зууны зааг дээрх олон залуусын багш нь байжээ.
Тэдний нэг “Очирбатын Дашбалбар” ном туурвигч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Хургаагийн Сүглэгмаа юмаа.
“Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла” гэж чин зүрхнээсээ хүн олондоо захиж хэлсэн найрагчийн амьдрал, уран бүтээлийн тухай энэ номны нэгээхэн хэсгийн талаар буюу “О.Дашбалбар монголын яруу найргийн нэрт төлөөлөгч болох нь” нэртэй бичил бүлгийн тухайд Өмнөговийн Хархүү би ийнхүү бичиглэв.
Аяны дөрөөнд хамт урагшилж, найргийн замд цуг явсан Балбар дүүгийн тухай сайхан ном бүтээсэн Сүглэмаа докторт би гүнээ талархаж байгаагаа энэ дашрамд хэлэх учиртай юмаа. Юун гэвээс Сүглэгмаа бид өмнийн говийн унага бөгөөд ус бэлчээр нэг, ёс заншил ойрынх юмаа.
Өмнөговиос хэл, утга зохиол судлалд академич Д.Төмөртогоо, доктор С.Байгалсайхан, Х.Сүглэгмаа 3-аас өөр нэрлэх эрдэмтэн одоохондоо алга байна. Гэвч хойчийн үр сад залган төрөх нь мэдээж.
“Очирбатын Дашбалбар” номын эхэн хэсэгт Дашбалбарын Мөнгөндалай “Шинэ үеийн уран зохиолд Дашбалбар судлалыг хөгжүүлэхэд энэ бүтээлээрээ шинэ зам тавьж чадлаа” хэмээн эл номын тухай том бөгөөд чухал үнэлгээг өгсөн байна. Үүнтэй би санал нэг байна. Аавынх нь намтар, уран бүтээлийн талаар ангийн анд Сүглэгмаа сайн ном бүтээсэнд Мөнгөндалай гүнээ талархаж баярлах нь зүй. Энэ ч аргагүй, хамгийн гол нь эл ном Дашбалбарыг “Монголын үе үеийн сэхээтэн, яруу найрагч, зохиолчдыг төлөөлж чадахуйц монголын оюуны тэнгэрт нисэж байсан гайхамшигт галт шувуу байжээ гэж ойлгож болохуйцаар илэрхийлсэнд оршино.” (С.Байгалсайхан)
Энэ галт шувуу “Үлэмжийн орчлонд удаан амьдрана”, “Монголын яруу найрагт Дарьгангын гурван найрагч гэж эрхэмлэн үздэг хувь заяаны амин урсгал нэгтэй Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар” хэмээн судлаач, энэ номыг бүтээгч, яруу найрагч Х.Сүглэгмаа уул номондоо нэгэнтээ өгүүлсэн байна. Хүн хүнээ түшиж, хайрлаж амьдрахын учир утга үүнд оршном билээ.
“Очирбатын Дашбалбар” гэдэг номын тухай энэхүү нийтлэл-бичлэгээ би нэрт найрагчийн “Үлэмжийн орчлонд удаан амьдрана” гэсэн үгээр нэрлэлээ, бас энэ тэнгэрлиг агаад, мөнхийн итгэл шингэсэн үгээр төгсгөе гэж бодлоо.
Монголын уран зохиолын хөх тэнгэрт гайхамшигт галт шувууд олон төрж, эх нутаг, элгэн түмнээ эгнэгт гэгээрэл ухаарлын өндөрлөг өөд даллан дуудаж байх болтугай! “Очирбатын Дашбалбар шиг ном олон төрөх болтугай!



2009-10-20
МЗЭ-ийн шагналт зохиолч Эрэнжидийн Хархүү

10/22/2010

Ø¿¿ìæ ñóäëàë

Х.Сүглэгмаа доктор (Ph.D), дэд профессор

ЦОГТ ОЧИРВААНИЙН ИХ ШҮЛЭГЧ ЦОГДОРЖИЙН БАВУУДОРЖ
Дорно дахины уран сайхны сэтгэлгээний түүхэнд монгол яруу найргийн өв уламжлал, сэтгэлгээний өргөн дэлгэр боломжууд, сэдэв, агуулга уран сайхны хэм хэмжээг олон талаас нь ярьж ирсэн баялаг өв бий. Бид аль болох дорны, монгол уламжлалт сэтгэлгээний хэв маягаа тордож байж сая, өдөр ирэх тусам даяарчлагдан байгаа дэлхий нийтийн их урсгалаас өөрийн цаг мөрний эрэгт бууж, тэгснээрээ монгол соёл, монгол сэтгэлгээ, монгол хэлний баялгаа өөрийн мөн чанараар нь авч үлдэх нэгэн боломж бүрдэх юм. Монголын уран зохиолын яруу найргийн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийг ийнхүү ярихад, Цогдоржийн Бавуудоржийн яруу найргийн онцлогийг тэмдэглэн авч үзэх нь тохиолдлын хэрэг биш юм. Яруу найрагч Ц.Бавуудорж “Бүгээн анир” (1991), “Гүмүда” (1992), “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” (1999), “Тарнийн цагаан цэцэг буюу Отгонтэнгэр” (2000), “Дорно аялгуу” (2001), “Амар амгалангийн яруу найраг” (2002), “Монголын их амар амгалан” (2003), “Хараацай жигүүрээ гурвантаа дэвэх мэт” (2005), “Сарны шүлгүүд” (2006), “Дорно зүгт өвс болно” (2007) зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ.
Ц.Бавуудоржийн яруу найрагт байнга анзаарагддаг нэгэн зүйл бол түүний тэнгэрийг шүтэх үзэл юм. Шүтэх гэхээр магадгүй явцуу ч байж болох юм. Ерөөс өөрийгөө тэнгэрийн харьяат гэж “одны нь гэгээнд үзэгдэх өвс мэт” үзэх, эсвэл тэнгэрийг өөрийн оюун санааны харьяат болгож “тэнгэрийн хишгийг цалгиагаагүй” гэх тэр үзэл нь түүний яруу найргийн амин сүнс болж үлдсэн байдаг. Энэ орчлонд хүмүүний төрлийг олох, төрөх үхэх, ирэх буцах жаргах зовох бүгдийг тэнгэрийн эрхшээлээр гэж тэрэн лугаа дүйж сэтгэнэ. Энэ тухайдаа яруу найрагч

Дээр хөх тэнгэрт
Нэгэн хувилгаан бий
Дүрс хувирсан гэгээн биеэ хүмүүн
Тайлж тоглох нь түүнд таалагддаг
Дүүрэн цагаан сар
Хавирган болж бутрах нь таалагддаг
Өвс ногоо
Өнгө шилжих нь таалагддаг
Үрт амьтан
Үйл тавиланд шидэгдэх нь таалагддаг...
Алтан одод харвахгүй одоход уцаартай
Алаг нүд нулимсгүй явахад уцаартай
“Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2007.57-58]

хэмээн шүлэглэжээ. Энд, дээд сар нарны орон, дунд хүмүүн бидний орон, доод лус газрын орны буюу- энэ сав шим ертөнцийн гурван их орчил орон зайд хувааж, хүмүүний ирж буцах, сар хуучдах сар шинэдэх, өвс ногоо ургах хагдрахын үлгэрт- үүсэх, хуран үйлдэх, үгүй болохын үйлийн барилдлагаар нь хашин, улирч ирэх, эдүгээ орших, одож өнгөрөх-гурван цагийн хэмнэлд хэрчиж, тэрхүү орон зай, цаг хугацаа, үйлийн учир шалтгааныг гагцхүү тэнгэрийн эрхшээлээр болдог хэмээн утга зангидаж өгсөн сэтгэлгээний ололт нэгэн дор харагдаж байгаа юм. Чухам эндээс орчлонгийн мөнх бусын тухай, явдал үйлийн хоосон чанарын тухай, цаг улирлын болзоо үгүйн тухай олон салаа утга цааш хөвөрч одно. Мөн энэ шүлэгт:

Дэлхий эргэдгээрээ эргэхэд уцаартай
Дээр хөхрөгчийн гүнгарваанд
Миний цээжиндэхтэй ижилхэн
Нэгэн хувилгаан бий “Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2006.58] гэжээ.

Одоо энд тэрхүү ертөнцийн оршин байх орон зай, цаг хугацаа, үйлийн барилдлагыг гагц өөрийн эрхшээл дор хураагч тэнгэрийн хувилгаан чанар нь “Миний цээжиндэхтэй ижилхэн” гэж эдүгээчилнэ. Энэ бол түүний яруу сайхны сэтгэлгээнд хийсэн чөлөөт эрэл хайгуулын нэг мөн боловч цаанаа эртний их сэтгэгч Нагаржунагийн төв үзлийн номлолд өгүүлэгдэх “буй үгүй”, “төрөх түрдэх”, “бодтой бодгүй” нь үнэхээр бус болох тухай өгүүлэх “Үндсэн билгийг шүлэглэсэн” хэмээх зохиол дахь:

Алимад өчүүхэн оюунтан
Бодисыг буй ба үгүй болгон үзэхүй
Тэрбээр чухал амирласан
Үзэгдэхүүн нирвааныг үл үзмүй [Монгол Данжуур, 105 дугаар боть.6а тал]

хэмээн төрөх, эвдрэх, бүтсэн, эс бүтсэнийг тус ангид авч үзэх биш, түүний шүтэн барилдлагын мөн чанараар ойлгохын тухайд өгүүлсэнтэй утга дүйж байна. Ингэснээр Ц.Бавуудоржийн энэ шүлэгт хэдийвээр ертөнцийн үйл тэнгэрийн эрхшээлээр болох авч, тэр эрхшээлт чанар миний цээжин дэх хувилгаан чанартай ижил юм, тэнгэрийн тэр хувилгаан чанар надад ч бас буй тул тэр эрхшээлт үйлийн мөн чанарын шалтгаан нь би өөрөө юм гэсэн уран сайхны давхар ахиулал гүн харагдаж байдаг. Зохиолч энэхүү санаагаа гүнзгийрүүлж өөр нэгэн шүлэгтээ:

Үүл боловч огторгуй тэнгэрт нислэгтэй ч
Түүн дотор салхины мэдэл буйд энэлэн дуулав би
Үйл боловч жаргаж гунихын аглагтай ч
Түүн дотор хурмастын эрх буйд гаслан дуулав би
“Эрхшээлт сарны аясаар” [Бавуудорж.2002.101]


хэмээн үүл хэдийгээр огторгуй тэнгэрийн эрхшээлт боловч газрын салхины аясаар нүүн одох, жаргах зовох хэмээх нь үйлийн үрээр боловч түүн лугаа хурмастын эрх буйн тухай өгүүлэн дээрх бодтой бодгүй, шалтгааан үрийн, шүтэн барилдлагын санаагаа батжуулсан байна. Мөн түүний “Хүрэл чоно” шүлэг дэх

Хүрэл чоно улина Хүннү чоно улина Хөрст энэ орчлон дээр Хөх тэнгэр улина Хүрэл тэнгэр улина Улина ...
Чоно улина
“Хүрэл чоно” [Бавуудорж.2002.71]

гэж өгүүлэн, мөн дээрхийн адил шалтгаан үйлийн барилдлагат хоёр тусагдахууныг нэгээс нөгөөд утга шилжүүлэн уран сайхны халил хийсэн нь цаанаа уншигчдад өвөрмөц сонин сэдлийг үлдээж байгаа ч байж болох юм.
Тэрээр өөрийгөө мөн тэнгэрийн харьяат гэж үзнэ. “Гэтлэхүйн цэнхэр хязгаар” шүлэгтээ энэ тухай


Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Эсгий үнэг намайг нулимстай дагадаг...
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Амар амгалан намайг нулимстай дагадаг
Энэ цэнхэр дорноос цааш би явахгүй...
“Гэтлэхүйн цэнхэр хязгаар” [Бавуудорж.2006.57]


хэмээн шүлэглэсэн нь бий. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Тэр амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу. Өөрийнхөө сэтгэл зүрхэнд буй болгосон, яруу найргаараа ямагт тунхаглан зарласан тэр оюун сэтгэлгээний үнэт зүйлсээ тэнгэрийн хязгааргүй аглаг чанараар хэмжиж ухаарна. Балчир багаас бидний оюун бодолд суусан нэгэн үнэн бол “эсгий үнэг”. Өөрийнхөө итгэл үнэмшилд “үнэн бол энэ” гэж мэдэрсэн хамгийн анхдагч тэр ойлголтыг яруу найрагч ухаарал танин мэдэхүйн дээд эрмэлзэл болсон яруу найргийн мөн чанарт уяж, түүнийгээ өөрийн итгэл үнэмшилийн дээд хязгаарт аваачиж оноосон нь энэ юм.
Мөн Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг” гэж яруу найрагчийн дотоод сэтгэлийн “би”-г нээх, эсвэл тухайн үзэгдэл юмсаар дамжуулан, өөрийн ертөнцийг үзэх үзэл хандлагаа чөлөөтэй илэрхийлэх уран сайхны арга болон хөгжиж ирсэн “үг” зохиолын өчил үг буюу монологийн хэлбэрээр бичсэн нэгэн сонин өгүүлэмжит зохиол байдаг юм. Уг шүлгэнд хүн гөлгөнд хандан:

Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур
Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа
Энэ л бид хоёрын
Баяр юм шүү, гуниг юм шүү…
Өнөөдөр би хүн чи нохой хэдий ч
Ясыг минь нэг л газар шороон дээр тавих болно…
Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах болно…
“Гөлгөнд зориулсан шүлэг” [Бавуудорж.2007.59-60]

гэж учирлан өгүүлдэг. Тэгвэл XIX зууны “үг” зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг бурхны шашны нэрт зүтгэлтэн хамба номун хан Агванлувсанхайдавын «Урт үст Цэрэнпэл хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой» хэмээх зохиолд номын ёсыг сахиж бандидагийн
[1] зэрэгт хүрсэн гэх боловч өчүүхэн олз ашиг, амин хувиа хичээхээс илүү зүйл үгүй, асрал нигүүслэл үгүй, үзэгдэх гадаад өнгөндөө хүний биеийг олсон боловч, нисваанисын гурван хор лугаа насад нөхцсөнөөрөө номын их бандидагийн хувьт биш, нохойн явдалт нэгэн болсон эзнийхээ гэм хорыг уудлан [Сүглэгмаа.2005.185], хүний хэлээр ярих төдийд биш бүр ертөнцийн мөн чанарыг нээн өгүүлж буй “архирч хуцаж шуугиан таригч муу” орос нохойн гөлөг бээр нэгэнтээ эзэндээ:

Нохой хүний хэлээр ярих гайхамшиг
Хүн нохойн явдлаар явах гутамшиг
[Алтан хүрдэн.1992]


хэмээн өгүүлж байдаг. Энэ хоёр зохиолд хоёуланд нь алив төрөлхитөн гэдэг дотор сэтгэлийн ялгалыг үзүүлж эс чадваас, гадаад үзэгдэх өнгөн төдийд хүн нохой аль нь ч, өвөр чанараар адил юм гэсэн нэгэн санааг хураан өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг”-ийн гол сюжет бол Агванхайдавын дээрх зохиолын уран санааны нэгэн мөчрийг дамжин бууж “Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж” байгааг чи бид хоёр хоёулаа л олж харна, хэдийгээр чи гөлөг би хүн боловч ясыг минь нэг л газар шороон дээр тавих учраас баярлах гуних минь ч адил юм шүү, бас хэдийгээр би хүн, чи гөлөг боловч “сүнсийг минь тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн тавих” тул чи ч тэнгэрийн харьяат, би ч тэнгэрийн харьяат, иймээс чи бидний үзэгдэх бие нь өөр боловч үйлийн мөр нь адил юм гэсэн уран санааг гаргаж тавьсан өвөрмөц онцлог харагдаж байгаа юм. Агванхайдав орос нохойн гөлгөөр сахил санваартан эзнийг нь шүүмжлүүлж хэлсэн бол, Ц.Бавуудоржийн шүлгэнд хүн өөрөө гөлгөнд хандан чи бидэн нэг л газарт шингэж, нэг л тэнгэрийн эрхшээл дор оршдог гэж хэлж байгаа нь ертөнцийн мөн чанарын нэгэн утгыг хоёр талаас нь зүслэн харуулсан хэрэг. Энэ бол Ц.Бавуудоржийн яруу найргийн уран сайхны сэтгэлгээний дүрийн, дүрслэлийн, өгүүлэмжийн буюу санааны уламжлалыг, эртний уран зохиолын сонгодог өв уламжлалын өргөн дэвсгэр дээр харж болохын нэгэн жишээ боловч мөнхүү “Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах”ын тухайт чи бидэн хүн байлаа ч гөлөг байлаа ч хувь тавилангийн дэнсэнд ижил юмаа гэсэн санааг давхар агуулж байгаагаараа онцлог юм.
Ер нь уламжлалт монгол яруу найргийн сэтгэлгээнд, ялангуяа уянгын яруу найрагт зохиолчийн хувь бодгалийн ертөнцийг үзэх үзэл, зан төрх, үзэл хандлага тод томруун тусгагдах нь түгээмэл боловч, монгол хүний тэнгэрийг шүтэх үзэл өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрч байдаг. Бавуудоржийн яруу найраг дахь тэнгэрийн өгүүлэмжийн өөр нэгэн тал нь Тэнгэр бол түүний оюун санааны эрэлхийлэл, нууцат эрчимлэг чанар нь юм.

Арван үеэрээ соёрхон бөхийж хүрээлсэн
Ай миний суу билиг энэ байна
Тэргэл нарны титмийг хазайлгаагүй юм
Тэнгэрийн хишгийг цалгиагаагүй юм
“Монголын их суу билиг” [Бавуудорж.2002.75]
Жаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигыг нь сбрж явахад тэр дуугүй л байлаа
Замбуг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр мөн огтхон ч дуугүй
Алтан бөлцөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгдэнэ
Нүдээ анисхийгээд баясалгах нь мэдрэгдэнэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм зээ
“Тэнгэр бид хоёр” [Бавуудорж.2006.107-108]


Тэнгэр дув дуугүй, жаргах зүдрэх, зарлигийг нь зөрчих, замбуг өрөвдөх, алинд нь ч “алтан бөлцөг үмхсэн мэт, алтан хулгана залгисан мэт” дуугүй. Гэхдээ түүний инээх нь, эхэр татан мэгших нь, бясалгах нь дотносох нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл түүний оюун санааны нууцлаг тэр эрчим нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Яруу найрагч өөрийн сэдэл, мэдрэмж ухаарлаар бүтээдэг хэдий ч түүнийг уншаад бидний авч байгаа тэр оюун санааны өгөгдөл нь мэдээж өөр өөр. Гэхдээ эдгээр мөрүүдийг уншсан хүн бүрийн сэтгэлд үлдэх нэг ийм айзам, оюун санааны эрчимлэг нууцат чанар нь ямагт сонирхол татна. Тэр нууцлаг чанар юунд оршино вэ? Өгүүлэх нь:

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увьдаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг

Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
“Очирваань уулын цагаан үүл” [Бавуудорж.2006.85-86]


Шалтгаан бүхний үр болсон тарнийн буудай соёолуулах шиг зохиолч ийнхүү өгүүлсэн нь бий. Мөн тэрээр “Очирваань” сюжет найраглалдаа “Нэгэн их тарнийн шившлэг энэхэн цаст цагаан уулнаас мөнхөд цацран үзэгддэг бөгөөд намиран буух бороо, будран сэвсийх цасны ширхэгүүдийн мөнгөхөн гэр Очирваанийн дүр очтон туяарна. Ямархан нэг хүрэл тарнийн гэгээ долгис долгис...” гэж өгүүлсэнийг ч анзааралгүй орхиж боломгүй. XIX зууны их соён гэгээрүүлэгч, говийн догшин ноён хутагтын “Гэвш Шаравт хэлсэн сургаал” хэмээх шүлэгт “ухаан билгээ нарны гэрэл мэт гийгүүлэн яв” гэж ойр шадар шавь нартаа дамжуулан өгүүлээд, оюун санааны хувьд “Огторгуй мэт зах, дундаж үгүй, нот төгс бай” хэмээн өгүүлсэн нь ерөөс дорно дахинд ухааны уужмыг огторгуйн цээлтэй адилтган үзэх тэр сэтгэлгээний уламжлалыг хадгалж ирсэн хэрэг юм. Эдүгээ бид “Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог” гэж өгүүлэх цогт Очирваанийн их шүлэгч Ц.Бавуудоржийн бурханлиг, дотогшоо алдарсан, орь хүслэн тээсэн, тарни шиг шившсэн, ус мөрөн шиг ухаарлын ундаргатай, уулс шиг алс хөхөмдөгийн шүлгүүдээс зөвхөн тэнгэрийн өгүүлэмжит цөөн жишээг харгуулан үзсэн минь энэ. Тэнгэрийн гүн нууцат увьдаслаг чанарыг ийнхүү шүтэн өгүүлэх нь, цаг мөнхийн Очирваань уулаар хөллөж, түүний оюун санааны эрчим болон буудаг байхыг ч үгүйсгэх аргагүй гэж мөхөс надад бодогдном.
Утга зохиол судлаач доктор профессор Д.Галбаатар нэгэнтээ “Хүмүүс түүнийг “дорны” хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм” гэж өгүүлсэн. Би ч нэгэн адил ингэж бодно. Гэхдээ нэг л зүйл үнэнд илүү ойртож очино гэдэг би эргэлзэхгүй байна. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу.

HОМ ЗҮЙ

1. Бавуудорж.Ц «Амар амгалангийн яруу найраг».УБ.,2002
2. Бавуудорж.Ц «Бүгээн анир».УБ., 1991
3. Бавуудорж.Ц «Гүмүда».УБ., 1992
4. Бавуудорж.Ц «Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ».УБ., 1999
5. Бавуудорж.Ц «Тарнийн цагаан цэцэг буюу Отгонтэнгэр».УБ., 2000
6. Бавуудорж.Ц «Дорно аялгуу».УБ., 2001
7. Бавуудорж.Ц «Амар амгалангийн яруу найраг».УБ., 2002
8. Бавуудорж.Ц «Монголын их амар амгалан».УБ., 2003
9. Бавуудорж.Ц «Хараацай жигүүрээ гурвантаа дэвэх мэт».УБ., 2005
10. Бавуудорж.Ц «Сарны шүлгүүд».УБ., 2006
11. Бавуудорж.Ц «Дорно зүгт өвс болно».УБ., 2007
12. Данзанравжаа «Үлэмжийн чанар». УБ., 1991
13. Сүглэгмаа.Х «Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл».УБ.,2005
14. Хүрэлбаатар .Л «Алтан хүрдэн».УБ.,1992
15. Хүрэлбаатар.Л «Сайн үгсийн сан» I боть. УБ., 1995

Улаанбаатар хот 2008 он.

[1] сам. Pandita; ухааны таван оронд мэргэжсэн хїнд олгож байсан ном эрдмийн цол [ХЇТ.1997.32]

3/11/2010

«Монголын орчин үеийн яруу найраг II» номоос

Д.Сумьяа доктор (Ph.D), дэд профессор
ШУА-ийн хэлзохиолын хүрээлэн
АГНИСТЫН ОРОН ХИЙГЭЭД “БУЙД ГАЗРЫН ШҮЛГҮҮД”

Жил бүр МҮЧЗХ-оос зохион байгуулдаг “Ижий говь” яруу найргийн наадам энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд суманд болов. Мөн хаврын эхэн сарын шинийн арван таванд ноён хутагт Равжаагийн “Үлэмжийн чанар” дууг чулуунд сийлж мөнхөлсөн баярын нээлт давхар болов. Бид Галбын уулсыг харж туулж, Дэмчигийн хийд гэж Говийн их догшин ноён хутагтын дагшин орноо залбирч сүслээд ирэв. Энэ өмнийн говь, Галбын уулс нь миний бодож төсөөлж байсан говийн ойлголтоос их өөр юм. Говийн хангай гэмээр, говийн Алтай ч гэмээр. Ерөөсөө Галбын уулсын байгалаас заяасан төрөлх үзэмж төрх нь сүм суврага орон хийд шиг юм. Ийм сонин гайхам Галбын уулс дунд энэ хийд орших ажээ. Галбын уулс болон энд орших энэ Дэмчигийн хийдийг хараад өөрийн эрхгүй Халхын Цогт хун тайжийн “Агнистын агуй дахь бодисад нар хийгээд…” гэх шүлгийн мөр сэтгэлд ургаад байв. Мөн Равжаа хутагт “Арван тавны сартай”-д дуулалдаа

Арван тавны сартайд
Аглагийн бараа тодорхой
Агуужим ухаантай хүмүүнд
Ашдын хэрэг тодорхой
(Равжаа. Яруу найргийн цоморлиг.УБ. 1992. 89-р тал)

гэж бичжээ. Ингэж л бичихээр орон дэлхий байна. Аливаа ариун дагшин онгон сүрлэг газар орны байгалийн эрч энерги хүмүүн бие дундуур нь нэвчин урсаж, түүнийг сэрж мэдэрсэн гэгээн мэргэд л ийнхүү бичиж дуулж ирсэн буй за. Хорин жилийн өмнө яруу найрагч Бя.Энхтуяа энд ирж мөн “Дэмчигийн хийдийн туурин дээр бичсэн шүлэг”-ээ бичсэн билээ. Энэ Ханбогд сумын унаган бүсгүй яруу найрагч Сүглэгмаа “Хутагтын цэнхэр нутаг” гэсэн аялгуу сайхан шүлэг бичсэн байдаг.

Задгай борхон толгод нь
Завилж суусан дүртэй
Зам замын үзүүрт
Залбирч нисдэг шувуудтай

Хутагтын цэнхэр нутаг
Хувраг магнаг салхитай
Хувилан хувилан нүүсэн
Хувилгаан цагаан үүлтэй

Домог үнэнийг заагласан
Долоон үеийн цадигтай
Дотогшоо гадагшаа урссан
Догшин цэнхэр зэрэглээтэй
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 31-р нүүр)

гэжээ. Энэ шүлэгт говь нутгийн онцлог болох толгод, салхи, үүл зэрэглээний тухай дуулсан байна. Гэвч нөгөөдөө бол “зам замын үзүүрт залбирч нисдэг шувуудтай” гэж, “хувилан нүүсэн хувилгаан цагаан үүлтэй” гэж, “дотогшоо гадагшаа урссан догшин цэнхэр зэрэглээтэй” гэж энэ газрын адистид жанлав, хүч зай их аглагийн орон болохыг залбирч нисэх шувуу, дотогш гадагш урсах зэрэглээ, хувилан хувилан нүүх үүлтэй гэж хэлжээ.
Говийн ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Дэмчигийн хийд буюу Дээд амгалангийн орны эрч энергийн зайд залбиран суух ахуйд орон дэлхий улам алсран цэнхэртэн уужимсана. Адистид жанлав сүр хүч ихтэй энэхүү ариун дагшин орны байц хадан дээрээс алсыг харахад мөнхүү Завхан нутагтаа Отгонтэнгэр богд Очирваань цагаан ууландаа хүрч сүслэн Даян хайрханы оройгоос Алтай хангайн алсын бараанд хараа сунган суух шиг ээ. Мөн Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийдийн уул орноос холыг хараачлан суух шиг ээ. Энд, өмнийн говийн дагшин орноос Өвөрийн хангайн Төвхөн хийдийн орон уул бодогдож байх юм. Өндөр богд маань тэртээ гурван зуун гаруй жилийн өмнө, намар оройн цагт Төвхөн хэмээх бүтээлийн орноосоо зургаан нөхдийн хамт дан мориор Лхас Төвдийн орноо зорьж, өөрийн багш Банчин Эрдэнээсээ номын авшиг хүртэхээр мордсон гэдэг. Заримдаа, зам товчлон долоон ангир болон нисэж явсан гэх домгийн тэр дүр зураг сэтгэлд ургаж нулимс мэлтэсхийж байх юм. Хаа газрын эрч хүч энергитэй ариун дагшин орны өнгө үзэмж бишрэн дагуулах сүр хүчнээрээ ерөнхийдөө бүгд адил юм аа. Алив сайхан орон дэлхийн сайханд мөнхүү алив сайхан хүмүүний сэтгэл ариусан, дотор цэлмэн ухаан уужирам, оюун оргилом билиг билгүүний гэгээг олдог биз ээ. Яруу найрагчид, ер аливаа бүтээлчид нь өөрийн билэг оюундаа мөн ийм буйд дагшин “Агнистын орон”-г буй болгож, тэндээ, тэр сэтгэл оюуны орондоо аглагшин бясалгаж, хүний хорвоогийн он цагийг мөнхийнд аргамжиж, бодтойг бодгүйд хүргэж, бодгүйг бодотод буулгаж, үнэний дээд хийсвэрийн туйлд шүлэг зохиолоо бүтээдэг буй за.
Ханбогд сумын газар нутгийн өнгө төрх нь армаг тармаг хайлаас сухай сүүхийж, заг бударга шаваг багсайсан өвс ургамал арвин сайхан орон дэлхий байна. Бид нар Алаг баянгийн талд хүрч Баянсухайтад өвөлжиж байгаа Сүглэгмаагийн ээж Удган гуайтай золгов. Залуудаа хонгор зүстэй байсан байхаа гэмээр эгэл сайхан ээж байна. Бидний хэн бүхний маань ээж бүгд адилхан юмаа. Хэрэв бид ноднингийн өдийд ирсэн бол Сүглэгийнхээ аав Хургаа агаатай золгох л байж дээ гэж бодогдоно. Заримдаа энэ цаг хугацаа биднийг хүлээж чаддаггүй шүү. Сүглэгмаа “Амирлангуйн хөх уулнаа” шүлэгтээ

Амирлангуйн хөх ууланд суунам
Асралтайхан аавыгаа бодож дуулнам
Алаглан ургах цэцгэнд нь хууртаад
Ачилж золголгүй удсан л байна даа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 13-р нүүр)

гэж бичсэн байдаг. Хургаа агаатай золгож чадаагүйн хариу энэ. Бид эжий аавдаа хайртай, саналаа гэдэг. Үнээн. Санадаг ч дуулдаг ч, амьдрал ахуйгаа хөөцөлдөөд тэр бүрийд чухамдаа мартсан шахам л явдаг. Үүнийгээ завгүй гэж тайлбарладаг. Гэвч энэ нь мартсан ч бус, харин “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэх амьдрахуй утга юм аа.
Эднийх, босоо хүнээс намгүй өндөр ургасан сухайтай элсэн бөөргийн энгэрт өвөлждөг айл юм байна. Сүглэгийг мэдээ ороход л энд өвөлжиж байсан гэнэ. Ердөө хотных нь бэлээс шууд бут бударганатай товцог хязгааргүй үргэлжилнэ. Яруу найрагчийн шүлгийг ойлгоё гэсэн хүн орон нутагт нь очиж үзэх ёстой гэж Гетё хэлжээ. Яруу найрагч Х.Сүглэгмаа нь өмнийн заг бударгана сухайт товцог толгой, элсэн манхат говьд төрж өсөөд, цагаан талын зургар замаар нь тоос татуулан сургууль соёлын мөр хөөж, улмаар хот орон газар суурьшсан ХХ зууны хөдөөгөөс хотруу иргэншсэн монголчуудын нэгэн. Тиймээс “Домог хүүрнэсэн явган тоорой”-той “ширмэл тойруулга адил борхон тойром, шидэмсэн зээг нь юм шиг тэмээн цуваан жим”-тэй өвөр өврөө дэрлэн үүрэглэх мөөмөн толгодын “элс нь хүртэл өвөлдөө, нурам шиг дулаахан байдаг” ээжийн зассан өлгий шиг говио санахдаа “тэнэмэл нүд бэлчиж үл хүрэх газраас тэнгэрийн хаяа сөхөж амар байна уу гэмээр” бодол нь “ботгон зэлний түйрэм үнэрлэх гэж өндөлзөөд”, “тором тамгалсан залуусын дээлийн хормойд орооцолдон”, “Шаналж тэмүүлэхээ байчихвал талын хөх тэнгэрт нь од түгэхээ байчих” юм шиг адгаж зүтгэж, өсөж төрсөн нутгаа санан дуулан бичсэн шүлэг Сүглэгмаад олон бий. Энэ нь малчин мал, хөдөөг зөвхөн өргөж магтаж дуулсан зохиол гэвэл тийм боловч бас биш юм. Харин ч хир үгүй ариун ахуй сэтгэл бүхэн байсан тэр л аглаг буйд нүүдэлчин малчин ахуй үгүй болж байгааг, суурин соёл руу бүгдээрээ хошууран, хүссэн ч хүсээгүй ч хүн төрөлхтөн хотжиж байгааг үзүүлсэн зохиол юм. Ийнхүү өсөж төрсөн нутгаа хөдөөгийн зохиолчид дуулдаг нь нэгд, зохиолч хүн өөрийн хамгийн сайн мэддэг ахуй орчиноо бичдэгтэй холбоотой. Хоёрт энэхүү төрсөн нутгаа хайрлах сэтгэл нь эх орноо хайрлах хайр, эх оронч үзэл болж өсдөгтэй холбоотой.
Х.Сүглэгмаа “Орхиж боломгүй хорин нас” (2000 он), “Буйд газрын шүлгүүд” (2ОО4 он) яруу найргийн ном хэвлүүлжээ. Энд яруу найрагч Х.Сүглэгмаагийн бүх шүлгийг сайны жишээнд авч задласангүй. Ажиглаж байхад түүний “Орхиж боломгүй хорин нас” номын шүлгүүд, “Өчил” хэмээх цуврал шүлгүүд болон бас бус таталбар шүлгүүд нь “Буйд газрын шүлгүүд” номын шүлэг, “Талын хөх салхи”, “Нүүдэл”, “Та хоёрынхоо дэргэд” зэрэг дараа дараагийн сайн шүлгүүдээ бичих урьдал, дадал нь болсон харагдана. Энэ нь яруу найрагч шүлгээс шүлэгт, номоос номонд уран бүтээлийн хувьд өсөж явааг илтгэнэ. Түүний шүлгийг багцалж үзэхэд агуулга өнгө аясын хувьд гурван зүйл болгон авч үзэж болмоор байна.
Нэгд, өсөж төрсөн нутаг усныхаа тодорхой газар нутаг, бодит хүний тухай шүлэг байна. Үүнд, “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг”, “Хутагтын цэнхэр нутаг”, “Ханбогд хайрхан”, “Дөрвөн цагийн Номгон хайрхан” зэрэг тодорхой газар нутаг, бодит хүний тухай өгүүлсэн шүлгүүд байна. Тухайлбал “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг” байна. Алаг баян хэмээх алсын бараатай намхан хөх уулаас урагшаа уудам тал орших юм. Энэ талын дунд Баян сухайт гэж Сүглэгмаагийн аавын өвөлжөө байна. Баянсухайт гэх өндөр өндөр сухайтай жаахаан намхан бөөрөг дээр гарахад энэ талын эн бүхэлдээ алган дээр тавьсан мэт тодорхой харагдана.

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алаг баянгийн талыг
Хотолзуулан хуучлав

Балдан гуайнх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр

Бор-Овоод Ёндон гуайнх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү

Хүрээгийн дэрсэнд Батмөнхийнх суугаа
Хүний өөрийн хэдэн үхэр Цэцэг л усалж байгаа
Хүүхэн ахынх чинь тээр зүүн хэцэд
Хүүхдүүд нь харин тэрүүхэн хавьдаа айл болцгоосон
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэх мэтээр нэг бүхэл бүтэн баг бригад айлыг өвөлжөө бууцтай хүнтэй малтай нь Алаг баянгийн тал багтаасан шиг тэднийг мөн ажил амьдрал, ааш араншин, яриа хөөрөөтэй бүхэлд нь багтаан өгүүлсэн нэг шүлэг байна. Энэ шүлэгт хэнийх хаана нутагладгийг төдийгүй хэний үр сад хаана, ямархуу зэрэгтэй ажиллаж амьдарч байгааг ч тод өгүүлсэн байна. Энэ шүлэг зөвхөн Баянсухайт хавийнхны тухай толгой холбосон холбоо бус. Энэ нь бие биеийнхээ бараанаар айлсаж, сургаар элэгсэж байдаг монголын хөдөө тал нутгийнхны нийтлэг дүр төрх юм. Иймд хаана ч очсон холоос ирсэн нутагтаа суугаа хүмүүсийн хооронд иймэрхүү яриа өрнөнө.

Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү
гэх буюу
Холбоо шараа унаад
Хойд айлуудаар заавал буугаарай
Хотоос ирсэн гээд хүүхэд хөгшчүүл
Хол ойроос харуулдаж байгаа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэж говийн хүмүүсийн хүн хүнээ хүндлэх хайрлах халуун бүлээн сэтгэл энэ шүлгэнд нэвт шингээтэй байна. Мөн говийнхны гол уналга нь тэмээ. Хотоос ирсэн учраас хоёр бөх нь ширээ “Холбоо шар ат”-аа унах нь илүү тохиромжтойг ч энэ шүлэгт өгүүлсэн байна.

Алив миний хүү Энхээгээ дууд
Агаадаа нэг тамхи асаагаад ир гэж хэл
Бидний үеийнхэн ч цөөн болж дээ одоо
Бэлчээр, усны хооронд хүүхдүүд л харагдах юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 28-р нүүр)

Энэ Сүглэгийн аавын үг. Тийм ээ. Хургаа агаа бол бодлоо нэрж суух хаа газрын монгол эрчүүлийн нэг. Тиймээс тамхиа нэрж бодлоо шившиж суудаг болохоос биш, архи дарс огт хэрэглэдэггүй нутаг усандаа нуруу түшиг болсон сайхан хүн байжээ. Энхээ гэдэг нь Сүглэгмаагийн бүстэй гурван дүү Додной, Жуулаа нарын отгон дүү нь. Малчин. Одоо ээжтэйгээ айл байна. Харваас, хот хороо, орон гэр нь цэвэр цэмцгэр эмх цэгцтэй нь ажил амьдрал нь өөдрөгийг илтгэнэ. Ер нь энэ сумын төв тэр чигээрээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй. Миний мэдэх энэ нутгийн уугуул хүү, манай хүрээлэнгийн захирал академич Төмөртогоо гуай ч мөн цэвэр цэмгэр, эмх цэгцтэй хүний үлгэр болж байдаг. Эргээд бодоход энэ нутаг усныхны нэг хоёрхон хүн бус ерөөсөө нутаг нугаараа, удирдлага нь ч ард түмэн нь ч энгүүн хөдөлмөрч, барагтай бол элдэв сайн муу зүйлд автаж уусахгүй, алмай ангарай биш эмх журамтай аж төрөхүйд үр хүүхэд удам судраа хүмүүжүүлдэг байх нь гэж бодсон.
Биднийг Сухай дээрээс бууж байх үед хонь хотлов. Удалгүй тором хурааж ирэв. Хараад хараад тэнгэрийн хаяа хүртэл эзгүй байх шиг л байсан атал, энүүхэн ойр товцог манхдын дундаас нь тором туусан хүн гараад ирэв. Бараг гучаад торомыг тугал шиг зэллэж уяв. Удалгүй ингэ хурааж саав. Тэмээ гэж ашиг шим сайтай сайхан амьтан юм. Жилийн дөрвөн эргэлтэнд бор цай оочуулахгүй дэг ээ.

Улсын ажил барагдах биш дээ миний хүү
Уул нь хэд хоновол сайн л байна санж
Ижий нь ойр ойрхон яриад л байсан юм
Ирэхийг нь нэг мэдээд л байж дээ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 30-р нүүр)

энэ эжийнх нь үг. Улсын ажил, хүүгийнхээ албыг бодож байгаа боловч бас хэд хоног ч хамт байх эхийн сэтгэл. Мөн эх үрийн сэтгэлийн зөн совингийн холбоо энэ бүхэн энэ шүлэгт байна.
ХоХХанбогд хайрхан сумын төвөөс баруун тийш оршино. Дэмчигийн хийдийн орноос дөрвөлжлөөд дүнхийж харагдана. Энэ хайрханы савдаг эзэн нь цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, лимбэ барьсан бүсгүй хүн байдаг. Тэмээнийхээ бөхөнд хурганы уут зүүсэн байдаг гэнэ. Энэрэхүй их Бурханы шашныг говийн малчин монгол хүлээж авч, түүнийг өөрсдийнхөө ахуйд суулгасны жишээ энэ хайрханы савдаг Ногоон дээлтэй бүсгүй юм. Мөн Баянсухайтын орой дээрээс тэртээ урд “Дөрвөн цагийн эргэлтэнд Дөрвөлжлөөд тосдог” Номгон хайрхан уул харагдана.
Хоёрт, өмнийн говьд төрж өссөн хүн л бичих говь талын шүлгүүд байна. Үүний нэг нь “Талын хөх салхи” хэмээх шүлэг юм. Арван зүгтээ задгай уужим орон зай энэ талд л байна. Талын салхи хаанаас хаашаа ч дэгдэж болох, хаана ч тогтож болох. Ийм талын нүүдэлч малчид ч мөн ийм арван зүгтээ тавиун уужим чөлөөтэйгээр нүүж сууж, харж бодож, аж төрөхийн үлгэрийг энд өгүүлжээ. “Талын хөх салхи” шүлэгт

Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

Талын салхи эзэн болж ирэх хүнээ удаан хүлээсэн. Хүний төрлийг олж ядан явахад нь галын, зулын, өлгийн дэргэд зуу зуун жил хүлээсэн. Энэ нь хүний хувийг олж төрөх нь дээд хувь гэж монголчуудын хүний төрлийг олж төрөхийг хүндэлж хайрладаг тэр ухаан юм. Хүний төрлийг олсны дараа төрөх цаг болоход нь мөн эжийтэй аавтай нь хамт тосов. Цааш нь энэ шүлэгтээ

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

салхи хамт тоссон. Яагаад салхи гэж. Салхи бол байгал ертөнцийн хий энергийн урсгал. Энэ мөнх. Тэгвэл хүн болж төрөх нь махан биеийг олж төрснөөрөө нэг бодот мөн боловч мөнхүү эх байгаль хийгээд ертөнцийн хий урсгалын нэг хуй бөөгнөрөл, хүч энергийн нэгдлийн агшин юм. Иймд талын салхи эрт эрт галавт ч салхилж л байсан болохоороо хөх салхи юм. Энэ хөх салхи нь нэгэн эгшинд хуй болон босон дөлтөж халуун амь бүрэлдүүлж бодот биеийг олсноор хүн буй болно. Иймд хүн нь дөлөн улаан хуй салхи болой. Дөлтөх хуй салхины дөл нь бадарсаар жаргахын цагт эргээд талын хөх салхи болъюу. Иймд энэ шүлгийг “Талын хөх салхи” гэж нэрлэсэн байна. Энэ санааг мөн

Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм
Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэсэн “Нүүдэл” шүлгээр тайлбарлаж болно.

“Талын хөх салхи” шүлэгт хүний төрөх үеийг уламжлалт монгол ахуйд аваачсан байна. Аргал түлшинд үүрч явдаг араг маань эх хүнийг төрөхөд хатуу зовлонг нь хуваалцах зөөллөх түшиг, дэр нь болдог байна. Ийм их зүдгүүрийг хамт тээж давдаг учир говьчууд араг сандайлдаггүй гэдэг. Үрээ төрж буй энэ цагт эцэг нь хүний төрлийг зорьж ирж буй шинэ хүнд, эрдэнэт хүнийг авч ирж буй эхэд нь сэтгэлийн эрч хүч зай өгч хатуу бүхнийг зөөллөн алга дэлгэж хүлээдэг байна. Тиймээс ч аавтай нь хамт

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

гэж шинэ хүнийг тосохдоо тэнгэрийг мөрлөн өргөж, унах газрыг засч зөөллөж буй учир шалтгааны санаагаа хэлжээ.
Энэ шүлэг нь хүний нэгэн нас төрж эхлээд, аж төрөх үйл өрнөөд, алдаа оноо бүхүй өгүүлэмжээр дамжаад эцэст хүний төрлийг орхих агшинд хүрсэн ийм нэг шүлэг байна. Салхи нь хүнийг хүлээж, тосч авч, хамт амьдарч, үгүйлж хайж үлдсэн ийм үйл явдалтай. Үйл явдал нь учир зүйн дараалалтай. Энэ шүлгийн мөнх урсгал салхи нь мөнхөд орших эх орон, эх дэлхий, амьдрал юм. Хүмүүн нь түүний нэг агшин, нэг эс нь юм.
Салхи нь байгал дэлхийн мөнхийн урсгал учир хэнийг ч ялгалгүй “тайж язгууртан” “тарвагачин гөрөөчин”-г таньж учирч, ядрахад нь “татаж босгож”, алдаа оноог нь аргадаж сануулж, хамтдаа омогшиж гунигшиж, өмөөрч, бүгдийг алагчлалгүй харж, хамтдаа хүний нэгэн насны үйл амьдралыг туулж буй бүхнийг дараалан өгүүлсэн байна. Энэ өгүүлэмжээ хүний нэгэн насны үйл дээр төдийгүй монгол ахуй, мөн монголын түүхийн хөрсөн дээрээс өгүүлсэн учир талын монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогийг бас илэрхийлнэ. Олон зуун жилийн суурин соёлт, иргэншилт газруудад бүр дорно дахины том хотуудад газарт суух ахуйд “талын хөх салхи” шүлгийн утга илүү тодрох шиг санагддаг.

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

нь талын хөх салхи гэж энэ шүлэгт бичсэн байгаа. Талын салхи хаанаас салхилж, хаашаа одсон, хаана тогтсоныг хэн мэднэ. Хэнд ч баригдахгүй эрх чөлөөг талын салхи л эдэлнэ. Суурин соёл, нүүдлийн соёлын үндсэн ялгаа энд харагдана.
Суурин иргэншилт ард түмний тайван, амгалан амьдрахын хамгийн эхлэл нь айлын айлаас хамаарна. Хөрш айлтайгаа эвтэй бол тэр айл амгалан байна. Хэрэв хөрштэйгээ эв эвдэрвэл хэцүү. Учир олон он жил үе үед хөрш амьдрах учраас. Харин талын нүүдэлч айл бол нүүгээд л явчихна. Хаана амгалан тайван тэнд буугаад өмнөх таарамжгүй таагүй байсан бүгдийг тас мартана. Яг үүн шиг дарга удирдлагатайгаа нийлэмж сайн биш бол ажлаасаа гараад л явчихна, өөр ажил хийчихнэ. Эргэн тойрны бүх хүмүүсээс зайлшгүй хамааралтай суурин соёлд үе дамжин хүмүүжсэн хүмүүн бээр амьдралын өмнө нь саад тулгарахад түүнээс гарах гарц олох, зайлах зам хайх нь бэрхшээлтэй байдаг байж магадгүй. Учир нь, хот газрын шугам хоолойгоор гүйх ус нэгээс шахагдан нөгөөгөөр гарах нэг л замтай шиг суурин иргэдийн амьдралын урсгал ч ийм байж магадгүй. Харин тал газрын нүүдэлчид бол талдаа хойшоо урагшаа, хол ойр хаашаа хаашаа л бол нүүчихнэ. Иймд амьдралын саад бэрхшээлээс гарах гарц олох, түүнийг мартан уужран цаашаа ахиад шинээр амьдраад явах зан чанар талын монголчуудад заяасан буй. Иймээс сэтгэлийн унал оюуны цөхрөлд боогдож халуун аминдаа хүрэх бачууралд тэр бүрий хүрээд байдаггүй сэтгэлгээний чөлөөт боломж эрх чөлөө талын нүүдэлчдэд уламжласан бизээ. “Талын хөх салхи” шүлгээс ийм мэдрэмж бууна.
Мөн дээрх бадгуудад байгаа “шимээн барж дуусаад тааваараа өөрийн зүгт одох” талын ургамал таанаар өөрөө урган буй болж өөрөө хагдарч одох амьдралын жам ёсыг өгүүлжээ. Шимээ өөрөө л барж дуусч байгаа, тэгээд бас өөрийнхөө тааваараа өөрийнхөө зүгт л одож байна. Энэ мөрөөс харахад талын байгаль бас тааваараа юм. Гэтэл бас үгүй ээ. Тэртээ тэнгэрийг “ташуулдан цуу татаж тэнгэр эсгэх” талын одны тухай хурц өгүүлжээ. Энэ нь мөн л талын хүний амьдралын дундах аянгын гялбаа шиг хурц содон агшныг илэрхийлнэ. Талын хүн тааваараа зөөлөн ч, тас хийсэн аянгын гялбаа шиг эрмэг догшин. Энэ шүлэгт ийн нэг араншин ч байна гэж өгүүлжээ.
Шүлгийн эхэнд талын салхи аав ээжтэй нь галтай зултай хамт хүлээж тосож авсан. Шүлгийн төгсгөлд

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

энэ хөх салхи талын хөх салхи гэжээ. Сар, нар, тэнгэрийн дор талын дээр амьд явахад хамт аж төрж, үгүй болсон хойно нь хамгийн ойр дотных нь хүн шиг үгүйлж хайж үлдэнэ гэсэн нь хулжин арилавч хувилан буй болж байдаг хорвоогийн мөн чанарыг таньж мэдэрсэн талын нүүдэлчдийн ухаан. “Би” бол уул, ус, ургамал, ус, од гэх нь бодотоос бодотод шилжүүлэхийн жишээ юм. Харин салхи нь баригдах биегүйн, хувирч арилах мөнх бусын үлгэр. Энэ шүлэгт энэхүү мөнх бусыг мөнхөд, бодигүйг бодотод оршоогоод эргээгээд мөнхийг мөнх бусад, бодотыг бодгүйд уусган урлаж чадсан байна. Мөн ийм шүлгийн нэг нь “Нүүдэл” юм.

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Аав минь ижийтэй байсан
Алга байна.
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж…
Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг
…Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
…Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэж бичжээ. Энэ мэт дорно дахины гүн ухааны уламжлалтай, бодол бясалгалын өнгө аяс бүхий, бадаг мөр, үг аялгууг тэгш тэнцүүлж зохист аялгууны урлахын хэм хэмжээ барьж бичсэн шүлэг олон байна. Үүнд “Ер энэ ертөнц”, “Өргөстэй модны цэцэг", “Хосмолжин” зэрэг. Тухайлбал “Хосмолжин” хэмээх бүлэг шүлэгт

Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэх буюу
“Буруу зөвийн орчлонд үйл мөрөө тэнцүүлэхээр
Бурхан буг хоёр намайг тэвэрч тайтгардаг” гэх мэт
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 18-р нүүр)

Гуравт, Өмнө дурдсан хөдөө талын ахуйн эсвэл дорно дахины бодол бясалгалын өнгө аяс бүхий шүлгээс эрс өөр, далд зөн оршоосон сэрж мэдрэхүйн өнгө аястай шүлэг бас нилээд байна. Үүнд “Сагстай цэцэг барьсан бүсгүй”, “Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг”, “Диваажингийн газарч”, “Цонх”, “Нүд” шүлгүүдийг нэрлэж болно.”Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг” шүлэгт

Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Эндээс холгүй гэж бодож байна
Эрмэг цагаан үүлс салхины аясаар нүүхгүй
Элстэй шанд, намхан толгод тэнд байхгүй
Эмгэд утас ээрч, өвдөгийг нь дэрлэсэн хүү үүрэглэхгүй
Энд үлгэр яаж жаргадгийг тэнд мэдэхгүй
Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Энэ зам хаа хүрэх вэ гэж асуумааргүй байна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 45-р нүүр)

гэжээ. Энэ эцсийн буудал нь гэгээрэлд хүрэх буюу энэ сансрын гэтэлсэн орон юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийнхөө сэтгэл оюунаа захирч чадсан тэр орон юм. Хүмүүсийн дунд аж төрөх атлаа тэр жаргалыг жаргал гэж ташуурахгүй, зовлонг зовлон гэж шаналахгүй бүхнийг гэтэлэх сэтгэлийн орон болно.

Сарны жижигхэн нулимс ертөнцийн бөөрөнд унаж сэрүү татна
Сагстай цэцэг барьсан бүсгүй дуулна…
Сагстай цэцэг барьсан бүсгүй явж одно
Салхи хаанаас байна вэ гэж би асууна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 24-р нүүр)

гэсэн харахад амьдалын учир зүйн дараалал алдагдсан мэт боловч уран сайхны хийсвэрлэлийн хэр хэмжээ алдагдаагүй шүлгүүд байна.
Х.Сүглэгмаагийн шүлэг найргийн өнгө аяс, хийц нь “халамжит хатдын гар шиг халуун зөөлөн элс нь илж урсдаг” хонгор шаргал элсний урсгал шигээ зөөлөн урссан гэгээн уянга байдаг. Үүнд, бидний дээр нэрлэж задлаж үзсэн шүлгүүдээс гадна “Амраг сарны аялгуу”, “Надад захидал бичээрэй”, “Гүнж цагаан саран дор” зэрэг олон шүлэг байна.
Яруу найрагч Х.Сүглэгмаа нь говь талын монгол ахуй дээр бүддийн гүн ухааны бодол бясалгалын аяс хөллөсөн дорно дахины өнгө бүхий, дуун утгын найруулгын тэгш тэнцүү хэм хэмжээтэй урссан гэгээн зөөлөн уянгын шүлгээрээ монголын яруу найрагт өөрийн дуу хоолойг өргөж, хувь нэмрээ оруулж, өөрийн байраа эзэлж явна. Найрагчийн хоолойн цараа нь улам өргөсөж, байр суурь нь улам батжиж, монгол яруу найргийн нэгэн үеийн нуруу дээврийг мөрлөж өргөлцөн явах их хувийг ерөөе. Найргийн зам өлзийтэй байг.
АГНИСТЫН ОРНЫ АДИСТЭД ЖАНЛАВТ ДАГАН БАЯСАХЫН УЧИР, ХVII жарны шороон хулгана жилийн шинийн 15-нд(2ОО8 оны 2-р сарын 2О-2З-нд) Равжаа хутагтын Говийн гурван хийдийн нэг Дэмчигийн хийд ариун дагшин агнистын орноо ирлээ. Өмнийн говь, Ханбогд хайрхан, Галбын говь, Дэмчигийн хийдийн тухай яг хорин жилийн өмнө анх их бадрангуй сонсож, миний уран бүтээлийн найз нөхөр энэ дагшин газар ирж шүлгээ уншина гэж амласан байжээ. Үүнээс хойш хорин жилийн дараа иржээ. Бас энд ирэхдээ гучин хоёр жилийн өмнө аав минь надад зориулж захиалж хийлгэж өгсөн цэнхэр хурган дээлтэй ирлээ. Ижий говь яруу найргийн наадамд шүлэг уншлаа. Тугал шиг зэллээд уясан гучаад ботго үзлээ. Энэ Галбын говийнхны түүдэг нь дээлийн ханцуй шиг юм. Аргагүй л тэмээний орон юм. Бас Галбын говийн барааг үзэв. Говь гэхээсээ илүүтэй говийн хангай гэмээр газар юмаа.
Үүний дараахан З-р сарын 15-нд Чөлөөт зохиолчдын холбоо болон монголын радиогийн уран зохиолын редакц, телевизээс зохиосон байгуулсан яруу найргийн аяллаар Богд хан уулын Дүнжингарав хүрлээ. Завхан нутгийнх болоод тэр үү, Богд Очирвааниа бодоод, тэр тэнгэр дагшин уулын тахилга тайлгыг санаад тэр үү, яг хүрч очоод зүрхшээв. Дүнжингарав оргилын овоон дээр гарсангүй. Овооны бэлээс сүү идээгээ өргөлөө. Болно оо.
Зун 7-р сарын 1-6-нд ОХУ-ын Улан-Үд хотод болсон эрдэм шинжилгээний хуралд оролцов. Иволгын дацанд хүрч, Итгэл хамбад золгов. Байгал далай ээжид хүрлээ. Далай ээжийн торгон элс, ээжийн энгэр шиг тэврэн илбэн бүүвэйлэх их усанд умбав. Эхийнхээ хэвлийд л хүүхэд тийм тааламжтай байдаг байхдаа. Урд нэг төрөлдөө Далай ээжийн загас ч байсан байж мэдэх.
Дараа нь 8-р сарын 15-нд А.Мостартын олон улсын монголч эрдэмтдийн холбооноос зохиосон байгуулсан “Гэгээн Марияагийн тэнгэрт дэвшсэн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хуралд” Дара эхийн магтаал дахь бүсгүй хүний гоо сайхны үзэл, жишээ” гэсэн илтгэл тавив.
Дараа нь намар 9-р сарын 16-21-нд БНХАУ-ын Ордосын Отог хошуунд болсон олон улсын хуралд “Аржийн агуйн Хорин нэгэн мөргөлийг Монгол Ганжуурын Хорин нэгэн мөргөлтэй харгуулах нь” гэсэн илтгэл хэлэлцүүлэв. Энэ Ордосын их талд Арж хэмээх нэгэн улаан уул байна. Тэр Арж уулын эгц ханыг ухаж агуй ордон гаргаад, түүний ханан дээр бурхад урлаж, бурхадын тухай магтаалыг төвд монголоор бичсэн тийм жар гаруй агуй байна. Энэ нь Чингис хаан тангудыг дайлаар мордож авсны дараахан, монголчууд бурханы шашныг хүлээн авч, хөгжүүлж, бясалгаж байсан тийм, ариун дагшин орон газар байна.
Түүнээс Хөх хотод 9-р сарын 22-26-нд Хятадын Монгол судлалын их хуралд бас далимд илтгэл тавив. Хурлынхан Өвөр монголын Бугат хошуунд байдаг Бадгарын хийдэд хүрэв. Бадгарын хийдийг зүүн Бодалан гэж нэрлэдэг бөгөөд, мөргөлчид Лхасын орноо хүрч бүгд амжихгүй тул Далай ламын ордон Бодалан хийдийн дэг загвараар барьсан гэнэ. Бадгарын хийд нь мөн Равжаа хутагтын урд дүрийн түүхтэй холбогдож байдаг орон хийд билээ.
Хятадаас ирсний дараа 1О-р сарын 1О-нд ОХУ-аас урилга ирлээ. Ингээд 1О-р сарын 15-наас энэхүү Чита хотод Забайкальскийн Улсын Багшийн их сургуулийн монгол судлалын салбарт ажиллах болов. Энэ салбар дөнгөж шинэ дутам байгуулагдсан байна. Мөн энэхүү Чита нь Цэвээн Жамсрано зэрэг буриадын их номын мэргэдийн сурч хүмүүжсэн орон дэлхий байна.
Энэ бүгдийг тэмдэглэхийн учир нь 2ОО8 оны эхэнд Равжаа хутагтын хийд Агнистын орноо хүрсэн ач ивгээлийн ерөөл энэ буюу гэж залбиран тэмдэглэв.
Д.Сумьяа «Монголын орчин үеийн яруу найраг II» номоос авав.