Pages

12/04/2011

«Монголын мэдээ» 2011,12,2 №237 (3322)



Х.СҮГЛЭГМАА: 90-ээд оныхны шүлгээр “Болор цом” дутдаг юм

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, доктор, профессор Х.Сүглэгмаатай ярилцлаа.
-Саяхан Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан. Зохиолчдын хувьд бол том шагнал шүү дээ?

-Тийм, Д.Нацагдоржийн шагнал бол манай утга зохиолын хүмүүсийн хувьд хамгийн дээд шагнал. Хүн болгон энэ шагналыг аваад байдаггүй. Тэр ч битгий хэл алдартай зохиолчид аваагүй шүү дээ. Ингээд бодохоор би азтай хүн.

Сая Б.Галсансүх, Чилаажав, Б.Ичинхорлоо гээд 90-ээд оны үед гарч ирсэн яруу найрагчид шагнал авлаа. Бид нэгэн үед хамт гарч ирж, яруу найргийн наадмуудад шүлгээ уншиж явсан. Хамгийн гол баяр маань л энэ. Үе тэнгийнхэнтэйгээ хамт шагнал гардана гэдэг чинь өөрөө том баяр шүү дээ. Нөгөө талаар өнөөдөр яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол, кино урлаг, утга зохиолын судлал, шүүмжлэлд ч тэр 1990-ээд оныхны төлөөлөл байна. Энэ бол шагналаасаа илүү ололт. Мэдээж төрийн хүндэтгэлийг хүлээж, утга зохиолын нэр хүндтэй шагналыг авна гэдэг утга зохиолын хүн гэж хэлэгдэж яваагийн маань утга учир юм даа.

-Нэг талаараа утга зохиол

ын салбарынхныг шагнах шалгуур нь өндөр юм шиг санагддаг. Та хичнээн бүтээл туурвиж байж энэ шагналыг авав аа?
-Би яруу найргийн дөрөв, уран зохиолын хөрвүүлгийн хоёр, утга зохиол судлал, шүүмжийн гурван ном гаргасан. Ер нь монголын эртний уран зохиолын судлал шүүмжээр мэргэшсэн хүн. Тэр ч утгаараа эртний уран зохиолын судлалын хоёр ном гаргасан. Яруу найргийн гэхээсээ илүү судалгааны бүтээлүүдийг маань үнэлж энэ шагналыг өгсөн юм билээ.
-Шагнал өгөхийн тулд тод

орхой шалгуур тавих ёстой. Тэгвэл Д.Нацагдоржийн шагналын шалгуур нь юу байдаг юм бэ?
-Утга зохиолын шалгуур гэдэг их төвөгтэй. Бид В.Инжинаш, Д.Данзанравжаагийн зохиолоо бичиж байсан эх хэлээр бичиж, туурьвиж байна. Тэдний үлдээсэн өв соёл дээр тулгуурласан, монголын утга зохиол гэдэг том ай сав дотор зохиолч гэж хүл

ээн зөвшөөрөгдөнө гэдэг өөрөө том шалгуур байдаг. Нөгөө талаар, Д.Нацагдоржийн шагнал дээр цэвэр ном бүтээлийг харж өгдөг. Орчин цагт олон янзын шагнал өгдөг л болж. Гэхдээ зөвхөн бүтээлээр шалгуур болгодог нь энэ шагнал. Биднийг шагналаа гардаж авахад бүтээлийг нь тэнд дэлгээд л хүмүүст үзүүлж байгаа юм. Юу хийгээд шагнал авсан нь тодорхой. Түүнээс биш нэг кино, шүлэг, нэг сайхан дуу хийсэн хүнд өгдөггүй. Утга зохиолын ертөнцөд туурвисан бүтээлүүдийг нь үнэлж шагнадаг. Тэр нь надад сайхан санагдсан. Бидэнтэй хамт 20 дугаар зууны кино урлагийн гол нуруу болж явсан Д.Жигжидсүрэн гуай, бидний уншиж өссөн хамгийн гоё зохиолуудыг орчуулсан Л.Дашням зэрэг мундаг хүмүүс энэ шагналыг авсан.
-Хамгийн сүүлд ямар ном гаргасан бэ?
-2009 онд О.Дашбалбарын 50 насны ойд зориулсан “Очирбатын Дашбалбар” нэртэй томоохон хэмжээний судалгааны бүтээл гаргасан. 2010 онд миний “Цаг хугацааны дэргэд” нэртэй яруу найргийн ном гарлаа. Энэ ном маань оны шилдэг таван яруу найргийн номын нэг болсон. Би “Буйд газрын шүлгүүд” номноосоо хойш удаж байж гаргасан болохоор хүмүүс нэлээд хүлээсэн байсан байх. Тэр утгаараа хүмүүст их хүрсэн, сайн ч ном болсон. Харин 2011 онд “Нүүдэл” нэртэй хамгийн том эмхтгэлээ хэвлүүллээ. Сүүлийн үед манай үеийнхэн номуудаа ботилж гаргадаг болсон. Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо гээд найрагчид ботио гаргалаа. Тиймээс 1990 оноос хойш 20 гаруй жил бичсэн шилмэл шүлгийнхээ түүврийг “Нүүдэл” нэртэйгээр гаргасан юм. Түүнээс гадна Английн яруу найрагч Рут Коллеган гэдэг эмэгтэй Монголын эмэгтэй дөрвөн найрагчийн шүлгийг орчуулаад “Тал нутгийн дуулал” нэртэй цомог болгож хэвлүүлсэн. Мөн өнгөрсөн жил ном болгож гаргасан. Лондонд англи хэлээр гарсан монгол шүлгийн түүвэр. Гэтэл түрүү сард Английн хоёр сургуулиас захидал ирсэн. Монголын яруу найргийн түүвэр ном байна. Энэ номноос зарим шүлгийг нь сурах бичгийн зориулалтаар хэрэглэх гэсэн юм зөвшөөрөл өгөөч гэсэн. Бид ч зөвшөөрсөн байгаа.
-Бид дөрөв гэж хэн бэ?
-Ш.Дулмаа гуай, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс бид дөрвийн шүлэг л дээ.
-Таны “Цаг хугацааны дэргэд” номонд орсон шүлэгнүүд хуучин номын шүлэгнээс чинь огт өөр юм шиг санагдсан. Өөрийгөө жаахан эвдэж бичсэн юм уу?
-“Буйд газрын шүлгүүд” номыг уншаад хүмүүс Сүглэгийн л гаргах ном мөн байна, нөгөө л дорно дахин, монгол ахуй гэж байсан. Түүнийхээ дараа дэвтрээ үзэж байхад ном болгочихож болмоор шүлгүүд зөндөө байсан. Яг намайг илэрхийлсэн биш мөртлөө миний бичээд байдаг шүлгүүд шүү дээ. Орон зайг мэдэрч байгаа, юмс үзэгдэлд хандаж байгаа ч юм шиг. Зүгээр л хүмүүсийн хараад өнгөрдөг зүйл бидэнд маш их гунигтай санагддаг. Бусдын үзээд, туулаад, болж л байгаа юм шиг амьдрал бидэнд огт өөр ертөнц юм шиг байдаг. Үүнийг бид бичихгүй байж чаддаггүй. Тэгсэн мөртлөө номонд оруулах гэхээр болмооргүй ч юм шиг. Ийм шүлгүүдээ эмхтгэж “Цаг хугацааны дэргэд” номоо хэвлүүлсэн. Жишээ нь “Хүн төрөлхтөн”, “Цэцэг”, “Цаг хугацааны дэргэд” зэрэг шүлгүүдийг яруу найрагчийн өгөгдлөөр биччихсэн л болохоос яг Сүглэгийн үндсэн мөн чанар биш. Тийм шүлэгтэй л ном болсон. Гэхдээ тэр нь бас хүмүүст таалагдсан. Энэ номын шүлэгнүүдээс багагүй нь англи хэлээр орчуулагдсан. Гэтэл “Талын хөх салхи”, “Нүүдэл” зэрэг шүлгийг гадаад хэлэнд орчуулахад хэцүү шүү дээ. Жишээ нь “Ооно эврээ сэрэлзтэл хатирна” гэдэг үгийг мөрийг Япон, Англи хэлэнд яаж орчуулах вэ. Тэр ч битгий хэл орос хэлэнд орчуулахад хэцүү байгаа юм. Харин “Цаг хугацааны дэргэд” номын шүлэгнээс амархан орчуулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Швейцарь, Австралид миний шүлгүүд орчуулагдаж гарсан.
-Манай яруу найрагчид дэлхийд орчуулагдах шүлэг бичих хэрэгтэй байна гэж яриад байгаа. Энэ тал дээр таны бодол?
-Миний ганц санал нийлдэггүй зүйл энэ. Үнэхээр монголын уран зохиол юм оршин тогтноно гэвэл үндэстний онцлогоо хадгалж л байх ёстой. Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний уран зохиолын сэтгэлгээтэй, хамгийн баян дэлгэр уран зохиолын түүхтэй, төгс төгөлдөр гэж болохоор сэтгэлгээний өндөр төвшинд хүрсэн уран зохиолтой ард түмэн бол Монгол. Энэ бүхэн монгол хэлээр л өдий болтол уламжлагдаж ирсэн. Түвд хэлээр бичсэн ай сав байгаа л дээ. Гэхдээ өнөөдөр миний бичиж байгаа уран зохиол англи хэлээр сайхан буух ёстой гэж боддоггүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Хэрвээ шаардлагатай бол тэр ард түмэн өөрийнхөө хэлээр ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол гэдэг нь Монголын үндэсний сэтгэлгээ гэдэг чинь хүн төрөлхтний маш эртний сэтгэлгээний хэв маяг байхгүй юу. Ийм учраас яруу найраг монгол хэлээрээ, үндэсний сэтгэлгээгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх ёстой болохоос биш орчуулагдсан яруу найргийн төвшинд манай утга зохиолыг ойлгоно гэвэл маш өчүүхэн хэлбэр. Орчуулагдаж болдог зохиол бичнэ гэдэг асар том оюун санааны ухралт, эмгэнэл.
-Манай утга зохиолд үргэлжилсэн үгийн зохиол их дутагдаж байгаа. 1990-ээд оныхон одоо л ид үргэлжилсэн үгээр сайн зохиол туурвиж байх цаг болсон баймаар?
-Үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа хүн цөөхөн байгаа нь хоёр шалтгаантай байна уу гэж би боддог. Бидний урьд үеийнхэн байна. Зөвхөн роман бичсэн хүнийг дурьдвал, Б.Речин, Л.Түдэв, Ч.Лодойдамба гээд л хөвөрнө. 40-80 оны үед зохиол бүтээлээ туурвиж байсан хүмүүс роман сайн бичсэн. Тэдний араас, жишээлбэл, “Тунгалаг тамир”, “Хавар, намар”, “Босгон дээр” жүжгийн араас үргэлжилсэн үг бичнэ гэхээр сүрдээд байгаа юм. Бичиж болно л доо. Гэхдээ мундгуудын төвшинд хүргэнэ гэдэг хэцүү шүү дээ. Нөгөө талаар насны юм байх шиг байна. Залуу байхад сэтгэлийн хөдлөлөө хамгийн түрүүнд шүлгээр илэрхийлдэг. Тэр утгаараа яруу найргийг сайн бичдэг. Хэрвээ хүн уран зохиолын авьяас байгаад, утга зохиолын зөв төвшнөөрөө боловсроод явчихвал нас ирэхэд ямар ч том үргэлжилсэн үгийн зохиолыг бичиж болох байх аа.
-Энэ жилийн “Болор цом” наадам Архангай аймагт болно. Мэдээж оролцох л байлгүй?
-Оролцоно гэж бодож байгаа. Шүлгээ өгчихсөн байгаа. Хэдийгээр “Болор цом”-ыг хүмүүс, яруу найрагчид хүртэл муу хэлдэг ч өөрсдөө оролцож, шүлгээ унших дуртай л байдаг шүү дээ. Яагаад “Болор цом”, “Мөнгөн цом” зэрэг наадмууд зохиолч, уншигчийн холбодог гүүр болдог. Өнөөгийн цахимжсан, мэдээлэлжсэн энэ нийгэмд нэг орон суугаад, тэр олон найрагчийн шүлгийг нэг дор сонсоно гэдэг өөрөө өөр ертөнц байдаг.
-1990-ээд оныхноос олонд танигдсан найрагч нэлээд хэд байдаг. Тэр дундаа цом аваагүй үлдэж байгаа нь бараг та байх шүү?
-Манайхан дотроо одоо тэр л авах болсон гэж боддог. Түүнийгээ олон түмэнд ярьчихдаг. Түүнээс нь болж цомыг санаатай нэг хүнд өгдөг юм шиг ойлголт төрүүлчихдэг. Нөгөө талаар манай утга зохиолынхон ч дотроо өөрсдөө будилуулдаг юм бий. Гэхдээ манай 90-ээд оныхон дотор цом авах хэмжээний олон сайхан найрагчид байгаа. Энэ жилийн “Болор цом” 90-ээд оныхноос цааш хэтрэхгүй л болов уу гэж бодож байна.
-Та боддог уу, “одоо л би авах болсон доо” гэж. Хүн бүр өөрийгөө үнэлж, дүгнэдэг шүү дээ?
-Би тайзны, уншлагын яруу найрагч биш. Миний ном гарсан байхад хүмүүс шүлгийг маань уншаад хайрлаад байдаг. Өөрөө гараад шүлгээ уншихаараа хүмүүст хүргэдэггүй юм. Би хүнд шүлэг хүргэдэг хүн биш юм билээ. Тэр байтугай “Болор цом”-д шүлэг уншдаг хэв маяг хүртэл тогтоод байна. Тийм юм надад байдаггүй. Тэр утгаараа би цомын шүлэгч биш. Гэхдээ өөрийнхөө чадлаар л шүлгээ уншдаг. Ороод сурчихсан учраас орохгүй байж чаддаггүй юм. Гэхдээ би өөрийгөө цом авна гэж бодохгүй байна.
өгөө уралдаад сурчихсан морь гэдэг шиг байх нь л дээ?
-Анх бид уралдах гэж очдог байлаа. Үнэхээр би авчих юм шиг санагдаж, уралддаг байлаа. Харин одоо бол цом авах гэж, уралдах гэж очдогоо болисон. Харин “Болор цом”-д тэр шүлгээ уншчих юмсан, энэ шүлгээ хүнд хүргэх юмсан гэж очдог. Манай үеийнхэн цом авахгүй байж болно. Гэхдээ бидний шүлгээр “Болор цом” дутдаг байхгүй юу. Тэнд А.Эрдэнэ-Очир уянгын шүлгээ, Ц.Бавуудорж сайхан монгол шүлгүүдээ, Ц.Хулан эрэмгий найргаа уншиж байх ёстой. Мөөжиг тэр зөөлөн шүлгүүдээ хүмүүст хүргэж байх хэрэгтэй. Бид унших ёстой, тэр шүлгүүдээр цом дутдаг юм. Тийм учраас шүлгээ уншина аа.

Ярилцсан: Н.Пунцагболд

12/01/2011

«МОНЦАМЭ» үндэсний мэдээллийн агентлаг


Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ


Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр энэ сарын 16-нд тохиож, түүний нэрэмжит шагналтнууд тодорлоо. Хоёр жилд нэг удаа олгодог энэхүү шагналыг нэг удаад гурав хүртэлх хүнд олгодог журамтай ч энэ жил их зохиолчийн мэндэлсний 105 жилийн ой тохиож буй тул 11 хүнийг шагнаж, шагналын хур буулгажээ. Шагналд нийт 40 орчим уран бүтээлчид утга зохиолын бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс эрдэмтэн зохиолч Л.Дашням “Цөллөг”, “Зуны цас”, “Бор дэвтэр”, “Есүхэй баатар”, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Магсаржав “XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог”, Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” судалгаа шинжилгээний бүтээлээрээ, орчуулагч О.Чинбаяр Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ж.Жойсын “Үлисс” орчуулгын бүтээлээрээ хүртлээ. Харин хүүхдийн зохиолын төрөлд Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”, шог хошин зохиолын төрөлд До.Цэнджав “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман, яруу найргийн төрөлд Х.Чилаажав “Хуучин ертөнцийн шинэ зам”, Б.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө” пост панк шүлгээрээ, Б.Ичинхорлоо “Чинад хязгаарт хүрэхүй”, П.Нямлхагва “Алтан хагсуурга” яруу найргийн номоороо их зохиолчийн нэрэмжит шагнал хүртэв. Шагналыг БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда, Соёл урлагийн хорооны дарга, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар гардуулан өглөө.


Ч.Содномдорж

11/22/2011

«Үндэсний шуудан» сонин /2011.11.21 №270 (1294)/

Х.СҮГЛЭГМАА: Өөрийнхөөрөө байхгүй бол цаг үетэйгээ хамт дуусна


Энэ удаа “Яагаад” буландаа яруу найрагч Х.Сүглэгмааг урьлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналыг хүртсэн юм.

-Та яруу найргийн шинэ номоо яагаад «Нүүдэл» гэж нэрлэх болов?
Миний «Нүүдэл» гээд нэлээн эртний шүлэг байдаг юм. Хүмүүс их дуртай. Соёл яруу найргийн академийн надад олгосон шагналын авардсан дээр “Нүүдэл”, “Талын хөх салхи”, “Ноён гэгээнд бичсэн захидал шүлэг” зэрэг монголын уламжлалт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлж байгаад чинь энэхүү шагналыг олгож байна гэж бичсэн байдаг юм. Миний найзуудын надад бэлэглэсэн “Нүүдэл” нэртэй уран зураг, уран бичлэг байдаг. Энэ шүлэг намайг илэрхийлэх бас нэг онцлогтой шиг байгаа юм. Номоо яг ингэж нэрлэнэ гэж бодоогүй, зүгээр л шүлгүүдээ эмхтгээд ардын уран зохиолч Д.Цоодол ахад аваачаад өгсөн. Тэрээр номын өмнөх үгийг бичээд “Шинэ нутаг үзэгчийн тэмдэглэл буюу үүдэн үг” гэсэн нэртэй өмнөх үг бичсэн байсан. Ингээд л энэ номын нэр санамсаргүй л «Нүүдэл» болсон доо.
-Таныг нэгэн утга зохиол шүүмжлэгч “Цаг хугацаанаас ангид оршигч” гэж бичсэн байсан. Өөрөө яагаад их чимээгүй, өөрийнхөөрөө, бас этгээд зожигдуу байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Хүнээс зожиг ганцаараа байх гээд зөрүүдлээд байгаа юм алга. Харин аль ч цаг үед өөрийнхөөрөө байсан нь бол үнэн. Энэ цаг үеийн юм юманд би дасах идээшихдээ тааруу хүн л дээ. Тэр нь тэгж мэдрэгдсэн хэрэг. Угаасаа энэ амьдралд чинь өөрийнхөөрөө, өөрийнхөө дотоод тэр мөн чанараа өнгөлж зүлгэж амьдарч байж л, өөрийн онцлогтой уран бүтээл хийнэ шүү дээ. Тэгэхгүй бол цаг үетэйгээ хамт дуусна. Цаг хугацаа миний дэргэд орших уу, би цаг хугацааны дэргэд орших уу, үүнд л хариулт нь байгаа байх гэж бодож байна.
-Монголын эмэгтэй яруу найрагчдын СD, яруу найргийн түүвэр англи хэлээр гарсан гэсэн. Энэ талаараа яагаад мэдээлэхгүй чимээгүй байгаад байна вэ?
Энэ бол бүсгүйчүүдийн зан юм даа. Английн нэртэй яруу найрагч эмэгтэй Рут Коллагений орчуулгаар Ш.Дулмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Оюундарь бидний шүлэг СD болж гарсан. Энэ эмэгтэй 2010 онд мөн бидний шүлгийг “Echoes from the steppe” нэртэйгээр орчуулж, Английн “Arts council England” байгууллагаас ном болгож 2010 онд хэвлүүлсэн юм. Англид англи хэлээр гарч байгаа яруу найргийн түүвэр гэдэг утгаараа сайхан ном болсон байна.
-Яагаад буддын уран зохиолын талаар түлхүү судалдаг юм бэ?
Хүний тухай, хүний дотоод зан чанар гүн ухааны талаар бичсэн байдаг болохоор нь буддын уран зохиолд татагддаг. Сая буддын гүн ухааны хоёр гурван зохиол уншлаа. Одоо мөн улааны урсгалын гол төлөөлөгч Данзанравжаа, шарын урсгалын гол төлөөлөгч Агваанхайдав хоёрын хэдэн зохиолыг тулгаж шүүж уншиж байна. Намар ерөнхийдөө унших, тогтвортой сууж үзэх юмаа барьж авбал бүтээмж нь дээр юм шиг санагддаг. Тэгээд аяндаа бичих гээд хөндүүрлээд ирнэ дээ. Тийм хөндүүр үедээ бичиж хийсэн юм арай өөр байдаг.

11/21/2011

«Улаанбаатар таймс» 2011-11-21 195676

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодров
«Улаанбаатар таймс» 2011-11-21 16:04:04 , Мэдээний дугаар: #1195676

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөрт зориулж, түүний нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Хоёр жилд нэг удаа олгодог энэхүү шагналыг нэг удаад гурав хүртэлх хүнд олгодог журамтай ч энэ жил их зохиолчийн мэндэлсний 105 жилийн ой тохиож буй тул 11 хүнийг шагнажээ.
Шагналд нийт 40 орчим уран бүтээлчид утга зохиолын бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс эрдэмтэн зохиолч Л.Дашням "Цөллөг", "Зуны цас", "Бор дэвтэр", "Есүхэй баатар", хэл шинжлэлийн ухааны доктор Б.Магсаржав "XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог", Х.Сүглэгмаа "Очирбатын Дашбалбар" судалгаа шинжилгээний бүтээлээрээ, орчуулагч О.Чинбаяр Г.Маркесийн "Хурандаад хэн ч бичихгүй", О.Уайльдын "Дориан Грейн хөрөг", Ж.Жойсын "Үлисс" орчуулгын бүтээлээрээ хүртсэн юм.
Харин хүүхдийн зохиолын төрөлд Д.Батжаргал ''Хүүхэд багачуудын хөгжөөнт ном", шог хошин зохиолын төрөлд Ш.Цэнджав "Хүлээх өрөөний эзэгтэй" хошин роман, яруу найргийн төрөлд Х.Чилаажав "Хуучин ертөнцийн шинэ зам", Б.Галсансүх "Бурханд өгөх зөвлөгөө" пост панк шүлгээрээ, Б.Ичинхорлоо "Чинад хязгаарт хүрэхүй", П.Нямлхагва ''Алтан хагсуурга" яруу найргийн номоороо тус тус их зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

11/17/2011

ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ 2011,11,18

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодров


Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, түүний нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Хоёр жилд нэг удаа олгодог уг шагналд 40 гаруй уран бүтээлч бүтээлээ сойсноос Б.Ичинхорлоо “Чинад хязгаарт хүрэхүй”, Х.Чилаажав “Хуучин ертөнцийн шинэ зам”, П.Нямлхагва “Алтан хагсуурга”, Б.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө”, Ш.Цэнд-Аюуш “Хүлээх өрөөний эзэгтэй”, Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”, Л.Дашням “Зуны цас”, “Цөллөг”, “Есүхэй баатар”, “Бор дэвтэр”, Б.Магсаржав “ХХ зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог”, Х.Сүг лэгмаа “Очирбатын Дашбалбар” (судалгааны бүтээл), ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Их Нацагдорж” (ки но зохиол), орчуулагч О.Чинбаяр Г.Маркесын “Хурандаад хэн ч бичихгүй”, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ж.Жой сын “Үлисс” (орчуулгын бүтээл) зэрэг бүтээлээр их зохиолчийн нэрэмжит шагналыг хүртэв. БСШУны дэд сайд Ч.Куланда, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нар Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудад шагналыг нь гардууллаа.


Х.УЯНГА


7/03/2011

ӨНӨӨДӨР сонин 2011.06.24 Баасан №146 (4310)

МАРГААШ МӨД УНТАХГҮЙ НЬ,

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ИХ НҮҮДЭЛ...


“Шүлгийн нэхэл”-тэй орчлонд яруу сайхны эрэл олзтой яваа Сүглэг бүсгүйтэй сүж барилдан элэгсээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний шүлгүүд уянгалаг, дотоод аялгуутай, энгийн үйл явдал, үйлдэл хөдөлгөөнийг энгийнээр нь эгшиглүүлэх хөг айзам дуурьсгана... Шүлгийн санаа, хэлбэр нь тогтсон загварыг эвдэхийг зорьж өөр өөрийн оршихуйн мөн чанараа олон таацна... Ингэж л үгийн донж нийцэл, сэрэхүйн торгон мэдрэмжээр биежүүлсэн ухаалаг сэтгэмж, уянга яруу, утга сүлж далавчилна... Бас, дүрслэлийн энгийн агаад хичээнгүй, тодорхой санаа тээсэн амин дууллаар залгамжилсанд уншихад урамтай, ухахад яруухан байдагаа, түүний шүлгүүд. Тухайлахад яруу найргийн нигүүлсэлээр нийгэм цаг үеийн араншинг зөөллөн буйг нь
“Жин үдийн наран бүтэн дугуйлж гардаг
Жижигхэн дулаахан эх орон минь
Жил жилийн баяр гунигийг тээсэн
Жирэмсэн ижий шиг эх орон минь ээ” гэж албан өрөөнийхөө тухай бичихдээ сав шимийн ертөнцийг энэ хойтод нь, эрэг гангын урсгалыг булаг шанданд нь үүцлэн цомойлгосон утгын хураалтаас харж болно. “Алаг баянгийн талд хуучилсан нь” шүлэгт хоорондоо ярилцаж буй уянгын баатруудын хүүрнэл өгүүлэмжийг шүлгийн сүүл, толгой холболт, айзам эгшгээр зохистой нийцүүлсэн нь зөвхөн түүний л урлан бүтээж чадах туурвилын онцлог юм. Энэ бүхэн сэдвийн олзлол, зохиомж, хэлний өгүүлэмжид гүнзгий нэвтэрсэн яруу найрагчийн боловсрол мэдлэгийн хүрээтэй холбоотой дотоод судлагдахуунд тооцогдох билээ.
“Дэргэд минь суугаад уйлав
Дэндүү их санасан гэнэ
Дэргэдээс минь босоод дуулав
Дэмий юунд даслаа гэнэ
Хажууд минь ирээд уйлав
Хачин их шаналсан гэнэ
Хажуугаас минь босоод дуулав
Хайраа юунд өглөө гэнэ”. Ийм л уянгатай энгийн хүүрнэл хайр сэтгэлийн сэдэв, агуулгад эгэл бясалгал, содон мэдрэмжээр яруусан солонгордог. Өнөөдөр амьдралын эгэл үнэнийг тэр чигээр нь буулгах эсэх талаар урлагийн бүх төрөлд эрэл хайгуул, шинэчлэл хийхийг эрмэлзэх болсон. Ялангуяа дэлгэцийн болон хүүрнэл зохиолын төрөлд. Бас сэтгэлгээний хийсвэрлэлийн хамгийн дээд хэлбэр болох яруу найрагт энэ бүр их хамааралтай үзэгдэл юм. Гэхдээ энэ шинэ эрэл хайгуул нь гоёж гоодсон хоосон дүрслэл, чамин ганган үгсийн цуглуулга болох хэнээрхэл, бие биенээ давтсан мухардалд хүргэх совинг бидэнд атгуулахаас өөрцгүй байна. Бичлэгийн хэв маягаас илүүтэй зохиолчийн төрмөл авъяас, тордмол туршлага энэ бүхэнд тодорхой хариулт өгч чадах бөгөөд хуучныг үгүйсгэсэн шинэ дэвхцэл шинэчлэл болдоггүйн адил энгийн үнэн гэнэн реализм биш билээ. Харин Х.Сүглэгмаа эгэл энгийн дотроос эрэл хайгуул үргэлжлүүлсэн нь зохиомжийн өвөрмөц тэлэлт, бичлэгийн мөнхийн тэмүүлэлтэй нь холбоотой бөгөөд дорнын уламжлалт гүн ухаан, дотоод сэрлийн үзүүр чангаасан шинэхэн бүтээлүүд 1990-ээд оны эхэн үеийн шүлгүүдээсээ ур ухааны хувьд тэлсэн нь сайны үзүүлэлт төдийгүй реалист шүлэг хичнээн олон хувилбар, урт замтайг баталгаажуулсаар байна гэж болно.
Шүлгийн санаа тодорхой агуулгагүй нь цаг мөчийн бэлгэдэл болсон оюун санааны үр шимийн үүднээс буруутгахын аргагүй ч яруу найрагчийн жинхэнэ шалгуур болсон томоохон төрөл болох найраглал, дуульд хүчээ үзэхэд буруудах юмгүй шүү. Хэд хэдэн шүлэгт нэгэн ижил зүйрлэл давтагдах (Алдуурсан унага шиг бодол) нь сэтгэмжийн тогтсон хэв маяг ч яруу найргийн бүтээлч эрэлд өөрөөр нөлөөлж, онцгойрон харагддаг гэмтэй билээ. Бас “алсарсан”, “алдалсан”, “амарлингуй” зэрэг үгс шүлгийн уянга, утга санаанд уран сайхны шинэ нээлт, өгүүлэмжийн төлөөлөл болж буй ч дүрслэлийн тодотголын хувьд давтагдаж үзэгддэг. Бүхэлдээ шүлгүүд нь уянга сэтгэлийн яруу найраг голлож шинэ эрэлхийлэл, гүн сэтгэмж цөөтэй, яруу туршилт, уянгын би баатрын дүрийн урлал багатай байна. Х.Сүглэгмаа дүрслэлийн эрэлхийлэлийг шүтээд шүлгийн санаа, үйл явдлын тайллыг гээгдүүлсэн сул талтай юм.
“Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэсэн утга бүрхэг оновчгүй зүйрлэл л гэхэд хүний ул мөр цасан дээр үү, цаасан дээр үү гэдгээс үл хамааран явж өнгөрсөн гэсэн санааг шадын эхэнд голлосон нь хүчилж толгой холбосон алдаа хэмээн үзэхэд хүргэнэ. Яруу найрагч бүхэнд байх цаг мөчийн дүрслэлт буулгавар буюу санааны явцуурал ажиглагдах хэдий ч тэрбээр судлаач хүний хувьд уламжлалтай, утгын нарийн шүтэлцээтэй бичиж байна. Түүний шүлэгт “чиг зүггүй”, “уужуу дүүжүү” гэсэн сэтгэлийн хоёр туйлыг илтгэх үгс олонтаа тохиох давтамж нь найрагчийн аливаад хандах уулгамч үг, зан төлөвийнх нь төлөөлөл болон харагддаг. Сэтгэлээс ургасан бүрэгхэн санааны цухалзал МНТ гэх зэргийн чинад сэрэхүйн сонгодог зохиолын үндэс суурь болдог бөгөөд дахин давтан уншсан ч цаанаа л юм шингээстэй нь баригдаж, мэдрэгдэж, бас гүнзгийрээд байдгийг сануулах юун билээ. Энэ бол онгодоор бичсэн, эсхүл олон давтан зассандаа бус, аварга аваргаараа л төрдөгийн тод жишээ юм. Дотоод агуулга, амин сүнс зохиолд хэрхэн амьдарч, яаж үргэлжлэх вэ гэдэг зохиолчийн уран чадвартай холбоотой чанарын шаардлага юм, нэг талаасаа. Энэхүү сэтгэлгээний эрэлхийлэл нь
“Орд хэн барьсныг
Ор хэн шилснийг
Оймс хэн давхарласныг
Огт нүцгэн хэн гүйснийг” гэх мэтээр солонгоруулан улам л санаа давтаж ур мухардахад хүргэжээ.
Гүнзгий санаа, гүн ухааны агуулгатай “Хүн төрөлхтөн”, монгол шүлгийн бадаглал, эртний уран зохиолын санамж сэрэмжээр уламжлан бүтээсэн “Залбирал”, түүхийн улбаа, тэнүүн ухааны зангилаа бүхий “Харчин” зэрэг олон шүлэгт уянгын баатрын санаашрал, зөн совингийн эрхшээл тод яруусан бууж байна. Яруу найрагчдыг бүхэлд нь боловсрол мэдлэгээр тэтгэж бичдэг, ур ухаанаар чимж уянгалдаг, буруугийн хазгайгаар будантуулж бичдэг, утга учиргүй урсган тэмдэглэдэг, онгод авъяасаар халгиж бичдэг, оюун билгээр цалгиж дэвтэрлэдэг, онол хийрхэлээр оосорлож мугуйдалдаг гэсэн хэдхэн арга барилд ангилан үзэж болох бөгөөд эхний хоёрыг нь Х.Сүглэгмаагийн бичлэгийн өнгө аясанд бид хамааруулан үзэж байна. Учир нь “Монголоороо бичиж монголоороо үлдэхээ” тангарагласан аяс бардам зан, ааг омог бүхий яруу найрагтаа л үнэнч үлдэх ясны шүлэгчийн араншин совинтуулж өөрийгөө давтахгүй, өрөөлийн санаа сэдлээс ангид сэтгэж чадаж байна тэр. Түүнийхээр
“Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэн (э)” сэтгэлд нь хадааширч буй нь яруу найрагчийн сэтгэлийн дотоод цөн түрэлт, ертөнцийн мөнх бусыг зэрэгцүүлсэн гүн ухааны тайлал юм. Эрхэс тэнгэрт зэрэгцэн садансах одод сарны тухай анивалзан дуулахыг олж харна гэдэг, бас үргэлж тэндээ оршихгүйг олж таних нь яруу найрагчийн ховорхон төрмөл араншин. Бүр анивалзан анивалзан шүү. Энэ айзам яруу утгын яргалт Х.Сүглэгмаагийн шүлгийн дорно гэх уламжлалын шүтэн барилдлагыг, уран бүтээлийн аргын чөлөөт эрэлхийллийг улам бүр тодотгодог юм. Шинжлэх ухааны үүднээс уул ус мянган жил байрандаа оршиж, үлгэр жаргах чөлөөнд одод харвах нь батлагдахгүйн “үнэн” ч хийсвэр сэтгэмжээр зэрэгцүүлэн урлана гэдэг эртний утга зохиол судлалын үйлстэй нь холбоотой, мөнхүү бурханы шашины уран зохиолын сэдэв өгүүлэмжийн уламжлалыг нийгмийн араншинд идээшүүлсэн бүтээлч хандал болох нь
“Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм” хэмээн үйлийн үр, мөн чанарыг эргэцүүлэн таньж буйгаас тодорч байна. Айл саахалтын Ёндон гуай
“Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж” гэсэнд хүмүүний жам ёс, заяа тавиангийн эрхшээл, эргэх хүрдэнг гайхалтай урнаар төлөөлүүлсэн бол эл санаагаа зангитган
“Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг” гэж учирлаж байна. Ингэж үзэгдэл юмсын дотоод зүй тогтол, учир шалтгааныг уянгын хэл, өргөн санаа, гүн ухааны агуулгаар баяжуулна гэдэг энэхүү шүлгийн дотоод амин сүнс, шид хутагтай холбоотой уран сайхны ололт билээ. Энэхүү зөөлөн сэтгэмж, хатуу үнэний гаргалгаа мэдээж Х.Сүглэгмаагийн оюун билигтэй холбогдох төдийгүй монголын яруу найргийн сэтгэлгээний ололт амжилтыг нэгэн айзмаар хөглөх учиртай байжээ.
“Үүл үүл нь нүүвчиг тэнгэрийн хаяа хүрэхгүй
Үнэний алтан харгуй тэндхийн тоосонд дарагдахгүй
Үе үеийг улираавч төрлийн хэлхээ алдуурахгүй
Үзтэл зуурдын орчлон үйлийн бошгоо халахгүй” (Ноён гэгээнд бичсэн захидал) гэх зэргээр шүлгийн санаа залгамж холбоотой, нөхөн гүйцээж давтан эгшиглэх уянгатай нь яруу найрагчийн сэтгэлийн урин дуудал, нууцлаг зожигрол бүхэн уусан шингэснийх юм. Төрсөн нутгийнхаа тухай дуу урлаж, эх орон, элгэн садныхаа тухай аялгуу бүтээн, эмзэг нас, хайр сэтгэлийн тухайтад шүлэг тэрлэн ганхасхийх эрхэмсэг ялдар бүсгүйн эрдмийн аян гэгээтэй, басхүү хүний сэтгэлийн дотоод хөдөлгөөн, жам ёсыг ухаарлаар яруусгаж, уянгаар жигүүрлэн гайхагдаж байна. Шилмэл шүлгийн дээж болсон энэхүү “Нүүдэл” (2011) ном монголын яруу найргийн ололт хөгжлийн нэгэн үзүүлэлт, сэтгэлгээний алсад нүүдэллэн урагшилж буйн томоохон илэрхийлэл болон сүндэрлэлээ. Цаг хугацааны дэргэд нь, бас өмнө нь бичиж чадах цаглашгүй авъяас мандтугай!
Маргааш мөд унтахгүй, монголын их яруу найраг нүүдэллэн айсуй...



Д.Цэвээндорж (Утга зохиол судлагч)
2011.06.02

Улаанбаатар таймс 2011,05,24 Мягмар. 100 (10443)

Х.СҮГЛЭГМАА «НҮҮДЭЛ» ШИЛДЭГ ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРЭЭ ХЭВЛҮҮЛЛЭЭ

«Орхиж боломгүй хорин нас», «Буйд газрын шүлгүүд», 2010 онд «Цаг хугацааны дэргэд» яруу найргийн, «Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл», «Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг», «Очирбатын Дашбалбар» судалгааны номууд, Хятадын монголч эрдэмтэн Ван Мандугаагийн «Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн хураангуй», Хятадын монголч эрдэмтэн Ч.Хишигтогтохын «Монголын эртний утга зохиолын шинэ судлал» хөрвүүлгийн номуудыг тус тус хэвлүүлж уншигч олны танил болсон яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа өнөөдөр «Нүүдэл» хэмээх 20 хэвлэлийн хуудас түүвэр зохиолоо уншигчдын гар дээр хүргэлээ. Яруу найрагчийн шинэ номын редактораар Монгол улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодол, номын зураачаар МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, С.Төгс-Оюун нар ажиллажээ.
Х.Сүглэгмаа 1992 оны “Найргийн даага” яруу найргийн наадам, 1993 оны “Алтан бийр” яруу найргийн наадам, “Оюухай яруу найргийн наадам”, “Болор цом” яруу найргийн наадмуудаас шагнал хүртэж, 2003 оны “Мөнгөн цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2004 онд МҮЧЗХ-ны оны шагнал, 2006 онд дэлхийн яруу найргийн “Алтан дигваранз” наадмын тэргүүн шагнал, 2009 онд оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2009” наадмын тэргүүн шагнал тус тус хүртэж байсан манай шилдэг яруу найрагчдын нэг юм.

Х.Алтаа

6/16/2011

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Хургаагийн Сүглэгмаа

ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР

“Аав маань морьд гарахаар явахад бидэнд “Цээжний хэдтэй гараарай” гэдэгсэн” хэмээн С.Оюунчимэг эгч нэгэнтээ «Бурхдад өргөх дуун зул» номондоо бичсэн юм. Морьд эргэжээ. Үнэхээр монголын шинэ үеийн уран зохиолын цээжинд эргэсэн морьдын дунд охин нь «Цайны дээж», «Талын монгол аялгуу», «Наран зүг», «Бурхдад өргөх дуун зул» номоороо “Талын монгол айл”, “Хан шувуу”, “Гэргий” зэрэг нийтийн дууны олон сайхан сонгодог бүтээлүүдээрээ барианы газраас хэнд ч танигдахаар тодрон тодрон айсуй.
Өвлийн дунд сарын бүүдгэрхэн өглөө ажилдаа гарах гэж байтал эртээ утас дуугарлаа. Сүрэнгийн Оюунчимэг. Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр шүү дээ, Хоёулаа нэг уулзая гэнэ. Ингээд надад өдрийн сайныг тохиолдуулан шинэ номынхоо сүүн цацлыг өргүүлэх хүсэлтэйгээ хэлж байна. Аргагүй л буянтай айлын бузгай охин гэдэг нь юм юмнаас нь харагдана. Би ч хэрэндээ сүрдээд “үгүй та өчнөөн сайхан багш нартай хүн…” гэтэл “Би бодож байгаад шийдсэн юм. Чи нэг үзээдэх” гэнэ. Угийн шударгуу чанга эрхэмсэг эмэгтэй л дээ.
Түүний өгүүллэг, нийтлэл, эссээ, бодролын шинэ номыг уншиж, ёстой л “бугын дуунаар сэрдэг” Булган хангай нутгаар нь бууж мордоод ирсэн лугаа сайхан боллоо. Сайн хүний сайхан сэтгэлээс ургасан ном гэж энэ дээ. Би ганц л юм бодлоо. Энэ ном аль болох хурдан хүмүүсийн гар дээр очоосой, аль болох олон хүн олж уншаасай гэж сэтгэлдээ яарч сууна. Бид өнөөдөр шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг дээшлүүлж байна, мэдээлэл технологийн эрин зууныг бүтээж байна, дэлхийн улс үндэстнүүд глобальчлалын эрин зуунд шилжлээ гэх зэрэг чих нүдээр тасласан холын юм ярьж нэгнийхээ мөрөн дээр байтугай толгой дээр гишгэчих шахан дээр дороо орж, хаалгаа байтугай сэтгэлдээ цоож цуурга зүүх нь холгүй, хананыхаа цаадахь айлын нэрийг хэлж, зүсийг зүслэхгүй ажин түжин амьдарч сууна. Энэ цаг биднээс юу юуг минь салгаж одоод, бас оронд нь юу юуг авч ирээд өгчих вэ дээ,мэдэхгүй.
Шинэ номын нэр «Замба тивийн наран дор». Бидний төрөх, өсөх, өтлөх, үхэх, жаргах зовох, уйлах дуулах, ирэх буцахын мянга мянган шижим гагц энэ замба тивийн наран дор л аж. Ямар энгийн үнэн, ямар энгийн гоо сайхан ертөнцийг бүтээгээ вэ, энэ номонд. Орчлонгийн чөлөө учралаар тохиосон нэгэн насны минь амьдралыг өдөр шөнө хэмээх хар цагаан хоёр хулгана нэг нэгээр нь зөөж оддог гэнэм. Бид яаж амьдрах нь биш хэн байсанд л хэргийн учир тохионо шүү.
Өвөөгийнхөө нуруунд үүрүүлээд хөвөнтэй дээлнийх нь гаднаас үлээн “дулаахан байгаа биз” гэж эрхлэн яваа энхрийхэн, намрын халуун өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн ээжийнхээ шаалин алчуураар хэд хоногтоо л гангарсан поодгорхон, сүүн тасгийн норм биелүүлэх гэж зүтгэж байгаа аав ээждээ үүрийн торон жирэнгээр босон үдшийн бүрий хүртэл гэрт гадаахыг хамжилцсан хэрсүүхэн, зэргэлдээ суманд охин дүүтэйгээ өрх ам толгойлон сууж, тракторын жолооч танихгүй “загзгар” хүнийг гуйж хэвийн боовоо хийлгүүлээд, шинийн нэгний өглөө өөрөө хоймроо гарч суугаад дүүтэйгээ золгуут хийж, дотуур байрны найз нараа авчраад “нижгэр” цагаалсан хэвлүүхэн охин бол “Аргалчин бага нас”, “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа”, “Алтан үнэмлэх”, “Зургийн хуар шиг Жаргалант минь”, “Нарны садан” тэргүүтэй нийтлэлүүдийн гол баатар эдүгээгийн яруу найрагч зохиолч С.Оюунчимэгийн өөрийнх нь бага нас юм. Өөрт нь таарсан хөөрхөн шээзгий хийж өгөөд аргалд дагуулан аль холын аргалыг түүлгэх гэж учирлан явахдаа ижий нь эх орон гэдэг Бумбатаас нь, Догзонгийн өвөлжөөнөөс нь эхэлдэг гэдгийг ойлгуулсан бол амттанаар угжиж, өнгөтнийг өмсгөж, алган дээрээ бөмбөрүүлсэн ааваасаа, эмээ,өвгөн аав, буурай нараасаа тэр хүнийг хайрлахын ухаанд өлгийдүүлж, амьдрал жаргалын амт нь бусдад хайр түгээхийн хишиг юм гэж ухаарсан хэрэг.
“…Тэр хоёр хөхрөөд л, би хархүү хаанаас олох вэ, энэ Цогтоо үргэлж нусаа чирч явдаг бүтэхгүй ээ, Батсуурь бид хоёр төрөл юм болохгүй ээ, сумын төвийн хэд мал мэдэхгүй…Ээж бас л Цэвээн гуайд бэлгээ өгөөч, айлчин чинь явах нь гэв. Би бүүр өгөх юмгүйдээд, торгонд өлгийдөөд тавьсан чулуун хүүхдээ авч өгөөд энийг өсгөөд аваарай. Морь малаа бариулж байхгүй юу гэв. Тэр хоёр бүүр нэг хачин сэтгэлээсээ инээлдсээр миний тоглоомоос буцлаа” хэмээн “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа” нийтлэл дэх чулуун гэр бариад айл гэр болж тоглож байсан бага насных нь дурсамжид гарна. Оюунаа эгчтэй хааяа уулзаад өнгөрөхөд, мөн нутаг орноор нь хамт явж сууж байхад хүнд аль байдгаа өгч байж нэг санаа нь амарна. Энэ сайхан өгөөмөр зан түүний амьдрал жаргалын эх булаг нь, бусдыг хайрлаж өөрийгөө хайрлуулахын их ухаан нь тэр томоогүй багадаа тоглоомон гэрт нь айлчилж ирсэн ээжийнхээ найз хүүхэнд өгөх юм олдохгүй, “өлгийтэй хүүхдээ” өр харамгүй өгөөд явуулж байгаа нялх багын сэтгэлд нь дэлгэрсэн хайрын үр юм. Та энэ номноос монгол түмний их ухаан, жудаг ёсыг хормойлсон “Өвгөн нүүдэл”, “Салхины эргүүлэг”, “Улаан ямаат”, залуу нас хайр сэтгэлийн нандин дурсамж тээсэн “Аальгүйхэн 37 нас минь”, “Цомбон туурайт”, монгол төрийн түүхэн хүн Чин ван Ханддоржийн амьдрал намтраас сэдэвлэсэн “Үрээрээ төлсөн нөхөөс” зэрэг жинхэнэ Булган хангайн хөрсөнд соёолсон нугын цэцэг шиг анхилам үнэрт, нуугьсан намрын айраг шиг уруул чимчигнүүлсэн монгол өгүүллэгүүдийг амтархан унших болно.
“Сүрэнгийн охин уу шээзгий савраа орхиод суу” хэмээсэн нутгийн сайхан сэтгэлтэй жолоочоор хүргүүлэн, Хишиг-Өндөрийн сургуульд сурахаар явахад ижий нь “за ор дэр ч яахав, ширээний булан л олоод суугаад авбал болох нь тэр” гэж байсан юм. Охиноо л сургууль бараадуулахсан гэх Ижийнхээ хүслийг өнөөдөр тэрээр биелүүлжээ. Зохиолч яруу найрагч Оюунчимэг эгч, сандрахдаа хөдөө шээзгий савраа тавьж орхиод сургуульд явсан тухайгаа хожим нь ”Ижийдээ шээзгийтэй аргалыг нь дүүргээд орхих ухаан дутсан” гэж ха
руусал тээн өгүүлсэн байдаг юм. Үгүй дээ, та ижийнхээ шээзгийг ухаарлын үрээр дүүргэж зуун зууны хүн төрөлхтний сэтгэлийн галыг бадрааж суугаа буянтай охин шүү гэж номын босго мялаах сүүн цацалдаа шившин залбирч өргөе. Өвөг дээдсийн чинь буян хишиг хурсан монголын их газар шороо уул усан таны «Замба тивийн наран дор» өнө үүрд орших болтугай.
Лусын гэрэлт бумба тэвэрч, уул усныхаа зүүдийг хормойлсон домгийн гэрэлт охины аяны харгуйг мялааж сүүн цагаан сэтгэлийн цацал өргөв.

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч
Хургаагийн Сүглэгмаа


С.Оюунчимэг «ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР» номоос

6/12/2011

Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

ХАРЧИН

Жагдалын Лхагвад

Алтайн цагаан салхинаас харамлаж татсан
Асурийн цагаан хэрмийг нь давж нүүв
Аргалын утаагаа үнэрлэж тэмцэв
Амилангуйн хөх говийг хөндлөн туучиж
Ачаа хөсөг жингийн цуваагаа хөтөлж эргэв
Агь гангын тоосоор баримжаалж ирэв

Харь улсаас тасдаж авчраад
Харуул өртөөг залга гэж тушаав
Халх дөрөв шавь тавыг түшүүлж
Харчин нэрээр захирч дуудав

Харгуй замын өртөөгөө
Эвхэж хурааж авсан ч
Харчин овгийн эрсийг
Энд нь үлдээж мартав

Хасбуу тамга шиг монголын
Энгэр бэлийг түшиж
Хадагны хээ шиг өртөөлөн
Энэ цагийг хүрэв

Харвалдах баатруудын догшин хар хөмсгөн дор
Харгуйн бараа тасдалгүй нумарч үлдэв
Халхын заяа түшиж ихсийн газар бараадан
Харчин Бавуугийн өртөө нутагшиж үлдэв

Хүүшийн цагаан зам зурайж л байдаг
Хүрэн хүрэн уулсаа түшиж үлдэв
Хүдэр хүдэр эрсийн уухайн дуунд эрэмшиж
Хүчирхэг монголын түүхийг бичилцэж үлдэв

Хаврын цагаан цаснаар
Хайлж ижилдэж урсав
Харчин өртөө залгуулсаар
Халх ойрдод уусав
Тарнийн буурал арвай
Үржиж л байдаг орчлон сон
Таанын цагаан толгойтой нь
Унаж үзэв, ургаж үзэв

Мөргөлийн мөнгөн бишгүүрт
Уярч л суудаг орчлон сон
Мөндөр цагаан хяруунд нь
Мөстөж үзэв, мөлийж үзэв

Ирүүл дайсны сэлмэн дор сөхрөхөд нь хамт байж
Их эзний сүлдэн дор омогшин босоход нь хамт байж
Ижий төрөхөд хүүд нь хормойгоо хамт дэвсэж
Эр бор харцага жигүүрээ дэлгэхэд нь хамт эрэмшив

Эрчилж хоймсон бурантагны
Эр үзүүр нь болж хамт томогдов
Энгэрийн мөнгөн товчны
Эм шилбэ нь болж хамт товчлогдов

Өртөө цаазын бичиг
Өнөө хэр үгүй болж
Өөрсдөө харин тэд
Өрлөг түүхэнд үлдэв

Манай танай ялгаатай
Мандсан төр нь үгүй болж
Мартагдахын цагаан түүхэнд
Манж Чингийн тухай дурсах л үлдэв

Алтайн цагаан салхинаас харамлаж татсан
Асурийн цагаан хэрмийг давж ирсэн Харчин
Амирлангуйн хөх говийг хөндлөн туучиж
Алтан Хөхийн уулсаа түшиж үлдсэн Харчин


НАРАНБУЛАГИЙН ТЭНГЭРТ ҮҮРЭЭР
НИССЭН ШУВУУ


Үүр цүүрээр ганц шувуу нисээд
Үлгэрийн Наранбулагт хүрлээ гэж зүүдлэв
Үгүй яахаараа ганц билээ гэж
Үлэмж тод зүүднээсээ нэхэж сэрэв би
Үлгэр үлгэрийн жаргалтай төгсгөл хүлээх мэт
Үгийн шид зангидаж шархадсан гөрөөс шиг өнжив би

Газар дэлхий дээр та минь инээж л явсан
Ганцхан насны жаргал зовлон
Гараас нь хөтлөх хонгорхон охид,
Гангабаатар хүү, Наранбулаг тоонотоо
Ганга нуур, ижий аав, ялдамхан гэргийгээ
Газар шороо эх орноо та дуулж явсан

Үл үзэгдэгч бүхнийг үндэс эхлэл минь гэж
Үл үзэгдэгч бүхнийг үйл төгсгөл минь гэж
Үхтлээ тэмцэнэ энэ газар шорооны төлөө гэж
Үхэхгүй юм шиг,
Үгүй болно гэж үгүй юм шиг л явсан даа

Үсэндээ цагаан хяруугүй залуухан найрагч
Үүрд амгалангийн гэгээн хүсэл тээж
Үд хэвийгээгүй дөчин хоёрхон насыг
Үгийн гуниггүй дуулж явсан та
Үүдэн хоймор шиг л туулж явсан даа

Энд зогсоод салхин зүг гараа алдалж байсан
Эргэн тойрон уул ус, өвс ногоо нь янзаараа
Энд зогсоод сар жилүүдийг шүлгэн эрихээр хэлхсэн
Эрх шувууд нь шулганан жиргээд өнөө хэвээрээ
Энд зогсоод та аав л ижийгээ үдсэн
Эр суль өвс намрын наранд шаргалтахыг үзсэн
Энд зогсоод та Алтан-Овоо, Ганга нуурыг шүтэн биширсэн
Эцэг уул, Ижий нуур чинь эв янзаараа
Энд зогсоод та тэнгэр газраар гэрчлүүлэн
Эх монгол хэлнийхээ эрдэнийн есөн үсгээр
Эрхэм найрагчийн нэр Дашбалбар гэж бичсэн
Энд зогсоод та тэнгэрийн дор газрын дээр
Эцэслэдэггүй төгсдөггүй тийм амьдрал
Эрхэм найрагчид л заяадаг гэж бичсэн

Шувуу буцахад гуньдаггүй залуу насны аагаар
Шуурга исгэрч, чоно улихад эрэмшинэ та
Шуугин урсах гол мөрнөө харж
Шугуйран найгах өвс ногоо болж ургана та

Сураг алсын газраас наашаа захидал бичиж
Суу алдраа гайхуулан ижийгээ дуулж
Суунаглан хөхөртөх алсын бараа ширтэн
Суут ертөнцөд та зуун зуун жил амьдарна

Охидтой бүжиглэж болзоонд урьж
Орь ганцаараа хаашаа ч юм бэ одож
Одоо л бичихгүй юм бол
Одоо л хайрлан дуулахгүй юм бол гэж
Олон олон үдшээр нойргүй хонож
Орчлон ертөнцөд та зуун зуун жил амьдарна

Нөхөд чинь таныг эрж хайж үдшээр хэн нэгнийдээ цуглаж
Нөгөө муу Нямсүрэн, Саруул, Мэнд-Ооёодоо туньж
Нөмгөн дээлтэй хээр талдаа сууж, өвс хөлөргөн
шүлэг уншиж
Нүцгэн бор толгод дундуур хөл нүцгэн алхална
Нүүсэн үүлсийн чөлөөгөөр наран зүг саравчилж
Нүүгээгүй юм шиг нүүхгүй юм шиг он оныг үднэ та

Хорин зууны дараахь хорин насаа дуулж
Хонгорхон охидод шүлгээ зориулж
Хорсол хайр хоёуланг нь ав адилхан амталж
Хоромхон зуурын үзэгдэл зуун зууныг үдэж угтана
Хорвоо дээр урсах Наранбулагаар он цагийг хэмжин
Холын холд та өнө мөнхөд амьдарна
2007-02-10
Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

6/02/2011

Улаанбаатар таймс 2011.03.11 048,148 (10391, 10392)

Ертөнцийн мөн чанар сүнсэн дээр тогтдог гэдэг
“Болор цом” наадамд олон сайхан шүлгээ сойж уншигч үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авдаг яруу найрагч Х.Сүглэгмааг энэ удаагийнхаа “Асуултын хувилбар” буланд урилаа


-Таны төрсөн улирал?
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Монголын хамгийн дулаан цэгт дүн өвлийн 12 сард төрсөн дөө.
-Сургуулийн дурсамж?
-Хамгийн анх аавтайгаа суман дээр ирээд бэлтгэл ангид суусан. Хөдөөний, галбын говийн тэмээчний хүүхдэд сумын сургуулийн байшингийн цууриа, багшийн маань цээл сайхан яриа, сандал ширээний будагны үнэр, завсарлагаанаар гуанзанд уудаг чихэртэй хар цай, жигнэмэг гээд хөдөөний хүүхдэд сонингүй юм байгаагүй. Ээж маань уул нь бэлтгэл ангид үздэг бүх юмыг гэрт маань бичүүлээд сургасан учраас тэр тал дээр зовлон байгаагүй. Харин жаахан эрх хүүхэд байсан болохоор ааваасаа өөр хүнээр үсээ самнуулахгүй, айлд ганцаараа үлдэж чадахгүй гээд аав минь намайг өрөвдөөд буцаж чадахгүй байсаар 14 хоног хоёулаа хамт суугаад харьсан.
-Таны хүндэлдэг хүн?
Аав, ээж, багш нар нутаг усныхан гээд олон сайхан улс байна даа.
-Таны шүтдэг уул?
Гурван сайхан, Ханбогд хайрхан, Алагбаянгийн уулсаа, одоо энд аж төрөн суугаа Дөрвөн уулаа шүтнэ. Өглөөд дээжээ өргөнө. Хол ойр явахдаа байнга залбирна. Хүнд нутаг усны буян гэж үгээр өгүүлж барахгүй эрхэм юм байдаг гэж боддог.
-Шүтлэг?
-Хүн ямар нэгэн шүтлэггүй л бол дотоод сэтгэл нь хоосон юм шиг санагдах байх аа. Бид чинь харьцангуй уламжлалт сэтгэлгээтэй учраас, нутгийн сайхан уул усаа, ижий аав ихэс дээдсээ, тэндээсээ уламжилж ирсэн бурхан тахилаа гээд шүтэх тахих зүйл байлгүй яах вэ.
-Таны хувьд хайр ямар өнгөтэй вэ?
Өнгө гэж хэлж болох юмуу үгүй юу, өнгө гэхээр дэндүү хязгаарлагдмал ч байж мэднэ. Хайр бол хамгийн гэгээн зүйл. Тийм учраас орчлонгийн нэг өнгөөр оноож ялгах хэрэгтэй бол цагаан гэж хэлнэ.
-Бурхан чөтгөр хоёрт юу захих вэ?
Захих юу байх вэ дээ. Сэтгэлийнхээ гүнээс аврал одуулж л байгаа юм. Орчлонгийн хамаг амьтныг амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болгож хайрла л гэж хоёуланд гь залбирдаг даа.
-Тэгвэл та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
Итгэлгүй яах вэ. Ертөнцийн мөн чанар үүн дээр л тогтож байгаа гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн сүнснийхээ нууцыг тайлж барчихвал ертөнцийг таньж мэдээд гүйцэж байгаа нь тэр юм гээ биз дээ.
-Дуртай хоол?
-Ээжийнхээ чанасан ингэний сүүтэй унданд (Хангайнхнаар бол будаатай цай) дуртай.
-Дуртай дуу?
-“Уяхан Замбутивийн наран” гэж уртын сайхан дуу байна. Энэ дуунд яагаад дуртай байдгаа мэддэггүй юм. Бага байхад цагаан сар, наадам хоёроор энэ дуу л радиогоор байнга явна. Хүн болгон энэ дууг амьсгал даран сонсоно. Ийм дуу сонсож байгаа дуулж байгаа хүн урт наслалгүй яах вэ дээ. Орон хотын энэ давчуухан олны дунд энэ дууг сонсохоор цээж онгойгоод л явчихдаг шүү дээ. Монгол хэл огт мэдддэггүй нэг харийн хүн манай Норовбанзад гуайг тайзан дээр энэ дуугаа дуулж байхыг нь сонсоод орчуулагчаасаа “Энэ хүн юун тухай дуулж байна вэ?” гэж асууж гэнэ. Орчуулагч “Энэ хүн нарны тухай дуулж байна” гэж. Нөгөө нэг ч үг монголоор ойлгохгүй харийн хүн “Тийм байх аа нэлээн түрүү газраас тасраад явчих шиг болсон юмаа” гэж хэлсэн гэдэг юм. Тэгэхээр энэ нэг л учир байгаа биз.
-Үзэн яддаг зүйл?
Тэгтлээ юугаа ч үзэн ядах вэ дээ. Ер нь мэдэхгүй байна. Угаас их хурц ширүүн хүн биш дээ би, нэг их үзэн ядаад байдаг юм бага шиг вэ дээ.
-Хэлэх дуртай үг?
-Санаа зөв бол заяа зөв.
-Хобби?
-Хөдөө хээр нутаг усаараа явах суух л дуртай хүн дээ.

Ардын уран зохиолч, МУ-ын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав

АРИУН СЭТГЭЛИЙН ТУУРВИЛД
САРНЫ ГЭРЭЛ ТУСДАГ

(Х.Сүглэгмаагийн «Очирбатын Дашбалбар» номын тухайд)



Залуу эрдэмтэн, судлаач, нэрд гарч буй яруу найрагч бүсгүй Хургаагийн Сүглэгмаа нэгэн тод сонин номоо та бүхэнд толилуулж байна. Энэ бол «Очирбатын Дашбалбар» (амьдрал, уран бүтээл) ном юм. Ихэнх хүмүүс намтар тоочих буюу судалгааны албаны хэллэгтэй уйтгар төрмөөр ном бичдэг бол Х.Сүглэгмаа тэр замыг тойрч огт өөр яруу зохиомж, найрсуу хэллэгтэй, хөгжимлөг туурвил бүтээжээ. Хэн хүн ийм ном бүтээхэд бэрх. Гагцхүү авъяастай хүний л хийх ажил юм. Үүний дээр түүний багшаа хайрлах шавийн үнэн сүсэг, ариун сэтгэлийг авч үзвэл зохистой. О.Дашбалбарын тухай урьд өмнө нь олон ном, олон бүтээл гарсан ч үүн шиг удам судар, өсч өндийсөн бага нас, төрөлх хөдөөгийн агаар усанд ууссан онцлог ахуйн шинжийг бүрдүүлж байсангүй. Гагцхүү Х.Сүглэгмаагийн энэ номноос Дарьганга нутгийн өвөг дээдэс, О.Дашбалбарын өсгөж өндийлгөсөн аав ээжийн дүр төрх, зан суртахуун, ёс заншлын өвөрмөц сонин түүхийг та бүхэн олж үзэхийн хамт “Суут хүмүүсийн ген, үр удамд нь амарч байдаг” гэсэн үгийн утга увидасыг олж үзэх болно. Мөн тосч авсан уран бүтээлийн орчин буюу үе үеийн зохиолч, яруу найрагчдын дэргэд хэрхэн өсч өндийж, уран бүтээлчийн зэрэгт хүрснийг сэтгэхүйн зөв дэс дараалалтай, логик учир шалтгаантайгаар сэтгэлдээ хоногшуулж болно. Номын эхний бүлэгт “О.Дашбалбарын намтрын товчоон”, удаах бүлэгт “О.Дашбалбарын уран бүтээл” гэж зохиомжлон номын бүтцийг бүрдүүлсэн нь ч уншихад урамтай, ухахад дөхөмтэй болгон үүгээрээ нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Номон хөшөөг” цаасан дээр урлан босгожээ. Түүний яруу найраг, нийтлэл, уран бүтээл тэр дундаа бурхны шашны гүн ухааны сэтгэмжээр хэрхэн цогцлуулсныг олж мэдэх болно. Би Х.Сүглэгмаагийн эл номонд зориулан (Их хамба лам Д.Чойжамцын үгчилсэн хадмалд тулгуурлан) XIV далай лам Данзанжамцын “Солх”-ыг орчуулснаа толилуулая.

Жамбал янжий онлаа ваанжуур
Лувсан ишээ жалцан зэмбийдоо
Задтэрэн бямбацоо галдан линцодвий
Жавзун лхамо, ганжир шавданшоог.
буюу монголчилбол:
Эгшиглэнт Манзуширийн гол аялгуунд гойд мэргэшсэн
Эрдэмт богдсын шашныг баригчдын гол мод болсон
Элдэв үйлийн сайн хувьтныг өөрөөсөө төрүүлж гаргасан
Эрдэмт дээд Далай лам таньдаа сүслэн залбиръя.

гэсэн энэ өргөл шүлгээр мялаалга болгон шившин адистэдлая. Мөн “Ариун сэтгэлээр бичсэн туурвилд сарны гэрэл тусдаг” гэсэн өргөмж үгээр номын харимж буюу урмын дээдээр мялааж, сэтгэлийн сүү дусаая.
Дашрамд өгүүлэхэд Х.Сүглэгмаа бол Өмнөговиос Ёлын амны гайхамшиг адил “Эдлэх ёсгүй эрх” буюу “Бадамлянхуа” хатныг жүжгээр дүрсэлсэн миний залуу наснаас үерхэн дотнолсон зохиолч Шадавын Ёнхорын зээ дүү юм.
Юманд үнэн сэтгэлээр ханддаг, яруу найраг нь хүнд хүрдэг тоотойхон бүсгүйчүүлийн нэг, эрдэмтэн яруу найрагч Хургаагийн Сүглэгмаагийн цаашдын туурвилын замын өлзийг ерөөж, “Яруу сэтгэлээр бичсэн зохиолыг яруу найраг хэмээмой” гэсэн Цахар гэвш Лувсанчүлтэмийн хадаг-тарнийг өргөн барья. Ум суваадий шиддаам.


Ардын уран зохиолч,

МУ-ын төрийн шагналт яруу найрагч

Шаравын Сүрэнжав


С.Байгалсайхан Доктор (Sc.D) профессор


Дашбалбар бидний дунд байсан, Дашбалбар бидний дунд байгаа, Дашбалбар бидний дунд байх ч болно.


Дөчин хоёрхон насандаа биднийг орхин одсон, одохдоо асар их оюуны баялгийг үлдээсэн, бүтээл нь биднийг уриалж ухааруулсаар байгаа Дашбалбар агсны амьдрал уран бүтээлийг бүрэн хамруулахыг хичээж бичсэн яруу найрагч, түүний шавь, доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаагийн ном уншигч таны гар дээр очиж байна.
Аугаа их Л.Түдэв Дашбалбарыг шинэ зууны яруу найрагч гэж уулга алдсан бол энэ номыг уншаад, ерөөс түүнийг ямар нэг хэмжээгээр мэддэгийн хувьд, зохиол бүтээлийг нь уншиж судалж байсны хувьд, үе үеийн монгол туургатны утга зохиол, урлаг, улс төр, яруу найргийн төлөөлөгч гэж тодорхойлмоор санагдана.

Үл дагагч баатрууд мэт эх хэл минь
Үхэгсдийн амин сүнс оршсон эх хэл минь…

Энэ мэт үнэхээр сүрдмээр сүрлэг, гайхмаар оновчтой, агуу утга гүнзгий, хэзээ ч давтагдашгүй олон бүтээлийг нь нуршиж дээрх дүгнэлтийг баталмааргүй байна.
Сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлийн талаар хоёр ч удаа томоохон эрдэм шинжилгээний хурлыг МҮЧЗХ, найз нөхөд, шавь нар, гэр бүлийн зүгээс нь зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онд 50 насны ойд нь зориулсан хурал нь их онцлогтой болсон. Энэ хурлаар нэг талаас эрдэмтэн судлаачид, найз нөхөд, шавь нар нь уран бүтээлийнх нь талаас нэлээд тодорхой ярьж, нөгөө талаас хамтран зүтгэгчид, нутаг усныхан нь хүн чанар, ажил үйлсийнх нь талаас дурсан ярьцгаасан юм.
Судлаач Х.Сүглэгмаа түүний уран бүтээл болон уран бүтээлийнх нь талаарх баримт материалыг шүүрдэн үзэж Дашбалбар агсныг ямар хүн болохыг гаргах зорилгоор хувь хүний зан чанар, уран бүтээлийн төлөв байдал, улс төрийн үзэл бодлыг тус бүрээр нь ангилан арвин их материал дээр тулгуурлаж эссе хэлбэрээр номоо туурвижээ. Урьд өмнө энд тэнд, ном сонин сэтгүүлүүдэд гарч байсан материалыг журам цэгцэд оруулан нэгтгэж зохистой үнэлэлт дүгнэлтийг гаргаж бичсэн нь уншигчдад уншихад ойлгомжтой, дөт, Дашбалбарыг ойлгож авах, дотоод ертөнцийг нь танин мэдэхэд бүрэн боломжтой бүтээл болсон гэж үзэж байна.
Түүнчлэн зохиогчоос зөвхөн өөрөө багшийнхаа уран бүтээл болон хувь хүнийх нь хувьд хөндлөнгийн материал дээр тулгуурлан хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олзуурхууштай чухал зүйл болсон гэж үзэж байна. Тухайлбал: Түүний УИХ-ын гишүүн байх үедээ ТТГ-т шалгалт хийсэн үйл явдлын баримтыг өөрийн үзэл бодолтой холбон гаргасан хэсэг мөн. Чухал гэдэг нь бид түүнийг монголын үе үеийн сэхээтэн, яруу найрагч, зохиолчдыг төлөөлж чадахуйц монголын оюуны тэнгэрт нисэж байсан гайхамшигт галт шувуу байжээ гэж ойлгож болохуйцаар илэрхийлсэнд оршино.
Номын онцлог нэг зүйл нь урьд өмнө нэг их яригдаж, судлагдаагүй байсан түүний Буддист үзэл санааны талаар дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлсэн явдал юм. Энэ нь Дашбалбарын хүн чанарын ертөнцийг тодорхойлоход чухал зангилаа түлхүүр болон харагдаж байна.
Жинхэнэ яруу найрагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг гэдгийг тодорхой гаргаж өгч чадсанд энэ номын ач холбогдол оршино.

Аяа, бурхан минь
Хүнд туслах ганцхан агшинг ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би

гэснээс сэтгэлийн их шаналал түүнийг хийж бүтээж байсан оюуны хөдөлмөрийн мөр, хийж бүтээж амжаагүй мөрөөдлийг харж болно.
Эцэст тэмдэглэхэд, Дашбалбар шүлэг, бүтээл туурвиж өөрийн үзэл бодлоо зоригтой шулуун шударга илэрхийлэхийн сацуу түүний уран бүтээл нь монгол язгуурын уламжлалтай, өмнөх үеийн эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн залгамж холбоо болж түүнийг баяжуулан шинэчилсэн гайхалтай туурвил болохыг баримтаар дэлгэн харуулсан нь бүтээлийн бас нэг ач холбогдол болж байна.


Дашбалбар бидний дунд байсан,
Дашбалбар бидний дунд байгаа,
Дашбалбар бидний дунд байх ч болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар» номоос

5/31/2011

Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

ОН ЦАГ ИЙМ ГУНИГТАЙ

Анд нөхөр А.Эрдэнэ-Очиртоо зориулав

Олны салхинд туугдаж сэтгэл гундуухан явахад
Олмоо чангалж гарман дээр хүлээсэн их анд минь
Омтгойрон гүйж халгин цалгин дэвэрч урсахад
Ойрхон байж холоос хашсан их эрэг минь


Наран доогуур үүлс алгуурхан нүүж байна
Намар болох нь дээ өвсний чийг холдчихож
Намайг чамайг бүүвэйлсэн хонгор салхин сэвэлзээд
Нас нэмж дээ хол ойрыг бодож сууна


Эр цөөхөн андтайгаа дуулалдан ижилдэж өссөн юм
Эрх байлгүй яах вэ дээ сэтгэлийн үзүүр нялхамсуу
Энэ зуурхан орчлонд дураараа шувуу шиг жиргэсэн юм
Эрт байлгүй яах вэ дээ сэвлэг даахь нь үнэрээрээ


Цаг хугацааны салхи бидний дундуур туучиж
Цахилсан мянган зэрэглээ шиг зүүдэн алсад аваачсан байна
Цамцаа дэрвүүлсэн бага нас бодлын гүнд ирж хуучлаад
Цармын алтан бялзуухай зүс хувиргаж одсон байна


Аж төрөхийн цагаан манан хэн хэнийг минь уусгаж
Аанай л бид хүүхэд шиг шуугилгүй удсан байна
Амтат дарс гэнэн бодлууддаа халамцан
Амьдрал мөнх гэж хүүрнэн суулгүй удсан байна


Сүүлчийн автобус хажуугаар чимээтэйхэн өнгөрөхөд
Шүлэг уншиж инээлдэн алхдаг минь холдсон байна
Сөл өвс ганхсан намрын талд дөрөө харшуулж
Шүүдэрт талаас өвгөдийн газарт очилгүй удсан байна


Орой үдэш хонх дуугарч хэн нэг нь халамцуухан ирж
Орон хотын сонин дэлгэн хөдөөгөө санаашрах минь
цөөрсөн байна
Орчлон ийм нам гүм байхад хэзээ бид даслаа
Он цаг ийм гунигтай байхыг хэнээс бид уншлаа


Аав минь үгүй өдрүүдэд дэргэд ирж чи чимээгүйхэн уйлсан
Амьдрал ийм байдаг гэж чийгтэй өвс шаналган өгүүлсэн
Айраг шуугьсан өдрүүдэд дэргэд ирж чи гэгэлзүүлэн дуулсан
Агуу ихийн хорвоогоос андын сэтгэл аргадаж үлдсэн

Зовлон дааж гэлдэрэхэд талыг нь үүрч боссон
Зол баярын дуу аялахад талд нь түрж асгаруулсан
Хүний ертөнцөөс буцахын цагт
Хүүгээ захиж үлдээх ганц анд минь ээ


Намрын талд эр суль өвс гандахад сэтгэл сэмэрнэ
Надаас тийм хол сууж хэдэн оныг үдэх вэ
Хаврын талд эрх хонгор зэрэглээ татахад сэтгэл уясна
Хаалга зөөлөн тогшиж хэдийд чи манайд ирэх вэ.


2010-11-23

ҮДШЭЭР ТУССАН САРНЫ ТУХАЙ

Хүйтэн байнаа энд
Хүмүүсийн дунд жигүүрээ хумиж буугаад
Хүршгүй өндрийн тухай
Шүлэг бичиж сууна би

Үдэш болохоор гэрэлтдэг
Хотын шилэн гудамж
Үзээд сонсоод уйдчихсан
Хуучин дуу надад хэрэггүй

Үүл үүлний хойноос
Хөөцөлдөн оддог
Үлгэрийн тэр салхинд л
Үлээлгэх хэрэгтэй байна

Үнэрийг нь амтыг нь
Тоосыг нь мэдэрдэг
Үзүүргүй талын гүн рүү
Үүл мэт нүүмээр байна

Үдшээр туссан сарны тухай
Үүрийн гэгээнээр бодож суунаа би
Үзэмжит энэ анирыг шүлэг болгоод биччихвэл
Үнэндээ эндээс нисчихнэ л дээ

2009 .11.23

5/30/2011

Үйл явдал

«ЦАГ ХУГАЦААНЫ ДЭРГЭД» ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


“Чимээгүй нам гүмхэн суух” өөрийнх нь имидж болсон Мөнгөн цомын эзэн, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Хэлбичгийн ухааны доктор дэд профессор Х.Сүглэгмаагийн яруу найргийн шинэ ном «Цаг хугацааны дэргэд» хоёр оны зааг дээр хэвлэгдэн гарлаа. Өөрийн уран бүтээл, эрдэм судлалын ажлаараа ямагт олны анхаарлын төвд байж ирсэн энэ яруу найрагч бүсгүйг хэзээний ажилсаг шаргуу, хэн хүний өмнө туйлын даруу бас өөрийнхөөрөө эрхэмсэг нэгэн гэдгийг үеийн нөхөд нь бахархан ярьдаг. Саяхан л «0чирбатын Дашбалбар» номоо гаргаж хэдийний хоёр талд хуваагдаад байсан зохиолчдын байгууллагынхан хороо холбоогүй нэгэн дор цуглаж “Балбарыгаа нэг ярьж авлаа” гэлцэж хүн бүрийн амнаас урмын магтаалын үг сонссон ч тэрүүхэндээ даруухан инээмсэглээд, элдвийг асууж шавах сэтгүүлчдэд мөн л өөрийнхөөрөө даруухан яриа өгч инээмсэглэн зогсоог нь хараад аргагүй л “эрдэмт хүн даруу гэдэг дээ энэ шавилхан бүсгүйгээс яаж ийм номын хүний ухаан гарна вэ” гэж сэтгүүлч би ч бас бахархан зогссон юм. Өнөөдөр тэр дахиад л шинэ номоо миний таны алган дээр тавьж байна. “Цаг хугацааны дэргэд” гэнэ. Бас л нэгэн сонин ертөнцийг бидэнд илгээсэн дээ тэр. Монгол уламжлалт, эгэл төрмөл, ухаарал бясалгалын, гэгээн хайрын шинэ шүлгүүдээр бүтсэн энэ номонд яруу найрагчийн сүүлийн жилүүдэд Болор цом, Мөнгөн цом наадмуудад уншиж байсан “Илдэн уулын цуурай”, “Догшин хутагтын нутаг”, “Өндрийн саран гийгүүлэх хөхөмдөг үдшийн бодол”, “Гурван сайханы энгэрт нар мандахыг үзээрэй” шүлгүүд нь ч багтсан байна. Номын ерөнхий редактор МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж шавийнхаа шинэ номын тухайд “Яруу найрагч тэр тусмаа, жинхэнэ яруу найрагч гэдэг элдэв эрээн мяраан чимэггүй, тийн атлаа уншсан сонссоны дотоод сэтгэлийн торгон утсыг хөнддөг гэж бодном. Х.Сүглэгмаа өөрөө энэ нийгэм цаг үеийн алив нэгэн зүйлсээс ер хол, нэр төр өнгө мөнгө хөөцөлдөх цаг үеийн нөлөөнөөс ямагт ангид сууж ирсэн. Тэр нь өөрт нь, шүлэг зохиолд нь туйлын амар амгалан гэгээн хамгийн гол нь өөрийнх нь мөн чанар болсон тэр эгэл жирийн чанаруудыг бий болгодог ч байж мэднэ. “Цаг хугацааны дэргэд” гэдгийн учир нь ямагт ангид байх тэр чанарыг цогцлоосон ажээ” гэж тэмдэглэсэн нь номын учрыг улам тодорхой болгож өгч байна. Юутай ч уншигч олон уран зохиолын хүрээнийхэн бид “Цаг хугацааны дэргэд” иржээ.

Д.Оюунчимэг
“Соронз сэтгүүл” 2011

5/29/2011

Ч.Дагвадорж «ХХ зууны монгол уран зохиол онол түүхийн судалгаа»

МАРТАЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ МАГТААЛ
СОНСОХООР НОМ

Мартаад л, мартаад л, бид мартаад л. Ер юу эсийг мартсан гэхэв, мартахаарыг ч мартаж, мартахааргүйг чиг мартаж. Чухам л мартахын тулд төрж, манарахын тулд ирсэн юм шиг л явцгаах юмдаа. Өтөл нь ч мартаад л, өсөж яваа нь ч мартаад л.
70-аад жил замнасан социализмын үед олсон оноо, гаргасан алдаагаа, тэр цагийн удирдагчид, бүтээн байгуулагчидтай нь мартсан. Урдын уламжлах гэгээтэй юмаа өвлөх, авахын оронд бүхэлд нь муулаад л түүхийн хог дээр асгачихсан. Яг л барилгын хаягдал асгаж байгаа юм шиг.
Тэрч байтугай 70 жилд буй болгосон соёл, урлагийн бүтээлээ туурвисан уран бүтээлчидтай нь орхичихсон. “Орхичихсон” гэж их зөөлөн хэллээ л дээ.
Зохиолчдын байгууллагыг олон жил толгойлж, гадаад олон улсын тийм чиглэлийн байгууллагатай хэлэлцвэл хэлэлцэх зохиолтой болоход оройлсон С.Удвал гуйгаа, хөгжмийн зохиолчдоос өнөөх өглөө сэрээж, оройд нойрсоход эгшиглүүлж байдаг төрийн дууллын аялгууг зохиосон Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарыгаа тэнгэрийн орноо одоход нь төр, засаг маань, уншигч, сонсогчид маань яаж үдлээ дээ? Ер нь тэгж одоо, бүүр хойшдоо бодогдохоор үдлүү? Яалаа?
Бас заримыг сүржин үдэх атлаа өдөр, хоногоор мартсаар л. О.Дашбалбарыг таалал болоход үгийн урныг хэлхэн бичиж, харамсаж байсан хүмүүс одоо бараг мартаа юудаа гэмээр. Яахав, үйлийн үртэй хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, яах аргагүй үг, сургаалий нь сонсож явсан шавь, гэмгүй шиг явсан үзэг нэгтнүүд нь одоохондоо бурхан болсон өдрөөр нь жилдээ нэг дурсах янзтай шиг. Иймэрхүү л.
Хэргээ болохоор О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Залуус дүү нарт хүргэх шүлэг”-ийг нь уран уншигчдыг бэлтгүүлж байгаад амнаас нь хөөс сагартал уншуулах атлаа одоо л тэр хүнийг нэг дурсаасай, нэрийг нь хэлээсэй гэсэн юман дээр хараагүйчин, сонсоогүйчин, мэдээгүйчин болж өнгөрөхийг яана.
Бид наснаас нөхөчсөн нэгнийхээ уран бүтээлд ингэж л хандаж явна. Гутармаар хэцүү, гомдмоор муухайяа. Даанч тэр хөөрхий суутнууд өндийж ирээд гашуун ёж үг хэлэхгүй, өгөө аваа горьдохгүй юмдаа. Чингэхлээр давтан хэлэхэд зах зээлийн нийгэм гэгчийн үед уран бүтээлчийн чин сүсэгт тоотой хэдэн нөхөд, шавь, ар гэрийнхэн нь санаж, дурсаж байгаа юм уу даа.
Хэдхэн сарын өмнө О.Дашбалбарын гарынх нь шавь яруу найрагч, эрдэмтэн Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” (Амьдрал, уран бүтээл), мэргэжлийнхний хэлээр ганц сэдэвт зохиол бичжээ. Бас нээлт, номын баяр ч хийсэн. Бодвол, гагц утга зохиолын судлагч, шүүмжлэгчид төдийгүй, уран зохиолд элэгтэй хүн болгон үзсэн баймаар энэ номыг өдийд нилээд уншигчид хуудсыг нь сөхөж харсан, магадгүй санал сэтгэгдлээ ч илэрхийлэхээр болж байгаа болов уу.
Манайд зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замыг ийм цогц байдлаар авч үзсэн судалгаа тийм ч олонгүй. Ийм хэлбэрийн судалгааны эхлэлийг утга зохиолын ахмад судлаач Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966)-оор эхийг тавьснаас хойш шүүмжлэгч Ц.Мөнх “Б.Явуухулангийн яруу найрагт хийсэн ажиглалт, тэмдэглэл” (1984), Б.Ганбат “Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба”(2000) номууд туурвисан нь уран зохиолын түүх бичихэд, зохиолчийн хөдөлмөрийг судлахад их тустай болсон билээ.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” (2009) ном өмнө дурдсан номуудыг бодоход яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн замналтай холбогдох арвин баялаг хэрэглэгдэхүүнээс сонгосон, зохиолчийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч гэдгийг түүх, архивын, зохиолчтой нэгэн үед амьдарч бүтээлээ туурвиж явсан хүмүүсийн амьд дурсамжаар нотлож байгаа зэрэг нь уг номын эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл харагдаж байна. Үүгээрээ манайдаа ганцхан байгаа ном л доо.
Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэхлээр туурвин бүтээх авьяас билиг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, тэр нь тогтсон хүнийг хэлнэ гэдэг. Хэдүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч гэлээ энэ ойлголт лав хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Зохиолч хэний ч заавар зөвлөмжгүйгээр уран бүтээлээ туурвина. Тэр бүтээл нь нийгэм гуай хэд урваж хөрвөж байсан ч зохиол нь төрөлх ард түмэндээ, соёлт хүн төрөлхтөнд уран сайхны үнэт өв болсоор байна гэсэн үг л дээ. Яагаад гэвэл зохиолч уншигчдаасаа дор хаяхад хэдэн алхмын өмнө явж бүтээлээ туурвидаг учраас энэ юм гэдэг. Даанч тийм зохиолч цөөхөн, тэр дундаа манайд ер нь цөөхөн байсан нь үнэний хувь бий. Харин О.Дашбалбар бол тэр цөөхний нэг, өөрөөр хэлбэл амьдарч байсан нийгэм цаг үетэйгээ холбоотой байсан нь мэдээж боловч түүний боол, зарц нь яваагүй уран бүтээлч л дээ. Яагаад ийм байв, болов гэдгийг л эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номд хүүхэд ахуйгаас нь, авьяас билиг нь дэлгэрэх үеэс их үнэмшилтэй гагцхүү баримт, баримтаас гарах дүгнэлтийн хэмжээнд судлан туурвиснаараа энэ ном зүйрлэшгүй үнэ цэнэтэй юм.
Х.Сүглэгмаагийн эл бүтээлд О.Дашбалбарын хүүхэд ахуйд бичсэн анхны шүлгээс нь задлал хийж хүүхэд насны гэнэн шүлгээс залуу, идэр насны шүлгийн шинэ сэвүүн санаа яаж төрсөн, тэр нь яаж уран бүтээл болсныг зохиолчийн авьяас билиг хөгжсөн орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлээд, зэргийн нөхөд, ханьсаж, дотносож явсан уран бүтээлчид, (Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Ж.Бямба, Д.Шагдарсүрэн гэх мэт), ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан авьяас билиг нь хэрхэн дэлгэрэн хөгжсөнийг “Оддын аялгуу” зэрэг яруу найрагт тод мөрөө гаргасан анхны бүтээлтэй нь холбон тайлбарласан нь анхаарал татам.
О.Дашбалбар 1990- ээд оны эхээр, таван ном хэвлүүллээ. Монголын утга зохиолд түүгээр үлдвэл үлдэнэ биз. Үгүй бол тэр л биз хэмээн бардамхан өгүүлж байж билээ. Энэ таван ном нь “Оддын аялгуу”, (1985), “Гол ус намуухан урсана” (1989), “Гэрэлт хайр” (1990), “Зүүдний мөнгөн шувуу” (1990), “Бурхны мэлмий” (1991) байжээ. Нээрэн л энэ таван номд О.Дашбалбарын яруу найрагчийн сэрэл мэдрэмж, сэтгэл санаа, зөн, хорвоогийн мөн чанарын тухай бясалгал цөм багтсан шиг.
Х.Сүглэгмаа энэ гол таван номд орсон шүлгийн үүсэж төрсөн үүх түүхээс аваад, түүний уншигчдад хүрсэн замыг ном, номын донж төрхтэй холбон тайлбарлсан нь гагцхан уран зохиолын судлаач, шүүмжлэгчид, зохиолчдод хэрэг тустай биш, ерөөсөө О.Дашбалбарыг, уран бүтээлийг нь ойлгож мэдрэх гэж явдаг өргөн олон нийтэд “Очирбатын Дашбалбар” ном тустай юм. 1990-ээд оноос уран зохиолыг үзэх үзэлд өөрчлөлт гарч өнөөх реализмын зарчмаас гажсан, сөрсөн янз бүрийн шүлэг зохиол хаа сайгүй гарах болов. Ийм үед О.Дашбалбар уран зохиолд анхны алхмаа хийж байсан залуу авьяастанд хандаж “Яруу найраг дахь нялхсын өвчин” шүүмжлэлт өгүүллээ уншигчдын хүртээл болгосон нь яруу найргийг ойлгоход их тус болсон.
Яруу найргийн шинэ урсгалыг шохоорхогчид, түүнийг дэмжигчид “Бид л монголын утга зохиолд цоо шинэ юм оруулаад ирлээ” гэх аястай ярьж, бичиж бүүр “Модернизм монголд” хэмээх ном хүртэл хэвлүүлж байв. Энэ үед О.Дашбалбар “Шинэчлэл гэж ийм юм байдаггүй юмаа. Тэгэхэд хүрвэл миний шүлгүүд дотор ч модернист шүлэг зөндөөн л бийдэг” хэмээн хэлж яруу найргийн шинэ хандлагын талаар уйгагүй маргаан өрнүүлж энэ чанараараа “хямрал”-ын үеийн уран зохиолоос эерэгээр гарах гарцыг хайж араасаа яруу найргийн бүхэл бүтэн үеийг дагуулж байсныг түүний “Гол ус намуухан урсана” номоор нэрлэсэн “ГУНУ” урсгалын зарчим уриагаас үзэж болох байхаа.
Х.Сүглэгмаагийн “Очирбатын Дашбалбар” номд яруу найрагчийн энэ бүх яруу найраг дахь хошуучлагч, шинэчлэгчийн байр суурийг нүдээр үзэгчийн,судлан шинжлэгчийн байр суринаас ул үндэстэй гаргасныг ололт хэмээн цохон тэмдэглэх учиртай. Яагаад гэвэл он цаг урсах тутам тухайн судалгааны ном улам үнэд орно.
“Очирбатын Дашбалбар” номд байгаа өөр нэг тэмдэглэх содон зүйл бол яруу найрагчийн нийгэм, улс төрийн амьдралд оролцох болсон, энэ үеийн оюун санааны гүнзгийрэл, уран илтгэгч, нийтлэлч болсон замыг өгүүлэхдээ “С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд багшилж байсан үеийг онцлон авч үзсэн нь анхаарал татаж байна. Намайг насан залуу байх цагт миний удирдагч багш Чой.Лувсанжав багштан санаа сэтгэл нь цэлмэн гийсэн үедээ”
- Багш нь ч сурдаг. Оюутан нь ч сурдаг гэсэн үгтэй юмаа, хүү минь” гэж ирээд л урьд өмнө зааж байгаагүй шинэ хичээл заахдаа хэлдэг байсансан. Түүнлүгээ нэгэн адил О.Дашбалбар “С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуульд” багшлаагүйсэн бол, тэр үеийн оюутнуудын өмнө өөртөө тийм их итгэлтэй байж тухайн цагийн монголын их, дээд сургуулийн утга зохиолоор мэргэжил олгож байсан сургалтын төлөвлөгөөг “эвдсэн” хичээлийг зааж дадлага хийгээгүйсэн бол тийм нэртэй нийтлэлч, илтгэгч болох байсан болов уу гэж хааяа бодогддог.
Энэ үе бол О.Дашбалбарын оюун санааны их оргилолтын үе юм.
Зохиолоос энэ үед “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” эргэцүүлэл-гунигийн яруу найраг туурвисан түүх, зохиол төрсөн үндсийг Х.Сүглэгмаа судалгааныхаа номд сэтгэл сэрхийхээр бичсэн байх ажгуу.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн эл туурвилд О.Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн замыг тодруулахтай холбогдуулан уншиж үзье гэвэл яруу найрагчийн удаа дараа хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээс аваад бие даасан ном, гэрэл зураг зэрэг лавлагааны арвин хэрэглэгдэхүүн байгааг дурдая.
Х.Сүглэгмаа “Монголын их соён Гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийг өөрийн чинээнд өгүүлэхийг эрмэлзсэн нэгэн дэвтрээ ийнхүү өндөрлөе” хэмээн “Очирбатын Дашбалбар” номоо төгсгөжээ.
Тиймээ, багшийн ачийг бодож эд хөрөнгө, сэтгэл санааныхаа өглөгийг гаргасан эл туурвил тань тосон ирэх цагийн цагийн урсгалд автахааргүй, нэгэн жарны битгий хэл, хэдэн жарны мэргэдэд Очирбатын Дашбалбар судлалын шанг дорвитойхон татсан мартаж болохгүй хүний тухай магтаал сонсохоор бүтээл болсоныг цохон тэмдэглэснээр шинэ номын тайлбар юугаан өндөрлөе.


2009он.
Ч.Дагвадорж
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
Утга зохиолын шүүмжлэгч
доктор профессор

Хамгийн нандин сэтгэлд чинь л...

ХАЙРТАЙ ГЭЖ БИЧЬЕ

Хашгирч дуулж
Хамаагүй чангаар өгүүлж үл зүрхэлнэ
Харц харцны үзүүр дээгүүр
Хамтдаа хөтлөлцөөд гүйж үл зүрхэлнэ
Үүрийн гэгээн туяагаар зүсэлье
Үдшийн гялаан одоор гэрчилье
Үнэрийг минь шингээсэн салхиар илбэе
Үгүйлж мэдэх ганцхан үгийг
Үлдээе чамдаа
Усан дээр бичихээр
Уусчих гээд уяхан юм
Элсэн дээр бичихээр
Элэгдчих гээд эмзэг юм
Хадан дээр сийлэхээр
Халирчих гээд хайлган юм
Хамгийн нандин сэтгэлд чинь л
Хайртай гэж бичье дээ.



***************************************************************************
ЭНХРИЙХЭН



Амьдралын хамгийн гоё нь
хувиршгүй сэтгэл.
..


Ичимхий бүрэг аашийг минь тайчих
Инээмсэглэл, тийм дотнохон зөөлөн нүд
Итгэл хайр гэрэлтсэн хонгор сэтгэл
Ихэмсэг төрх, ийм дулаахан гар
Илүү надад юу хэрэгтэй, юу хэрэгтэй билээ






















Дандаа чамд эрхэлсэн энэ танхилхан өдрүүдийг
Дандаа надад тэмүүлсэн энэ анхилхан сэтгэлийг
Дасан дасан дуулсан хайрын гэгээн учралаа
Далавчтай бол нисчихмээр хачин гэнэн догдлолоо
Дахиад би хаанаас, хаанаас чиг олох билээ



Инээх минь ил, уйлах минь далд орчлон сон
Ирж байгаа даа гэхээс хачин ихээр догдолно
Эрхлэх минь ил, эмтрэх минь далд учрал сан
Энгэрээ тэмтэрч үгүйлэх Энхрийхэн минь ээ
Энэ орчлонгийн хаана нь, хаана нь чиг нуух вэ чамайгаа