Pages

3/13/2009

НҮҮДЭЛ

Х.Сүглэгмаа

НҮҮДЭЛ

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ

Уулс байрандаа мянган жил оршихгүй
Ус голдрилоороо мянган жил урсахгүй
Үргэлж тэндээ бадрагч одод гэж байхгүй
Үлгэр жаргахын хооронд л бууриа сэлгэж оддог
Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм

Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал
гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
Өдөр гэж байхгүй, шөнө гэж байхгүй
Өнгө хувирахын л төдий юм

Аав минь ижийтэй байсан
Алга байна, нүүчихэж
Аргадаж бүүвэй дуулдагсан
Алга байна, явчихаж
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж


Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг

Онон Хэрлэн урсаж байна
Орчлон нүүж байгаа нь тэр
Ойроос хол руу тэмүүлж байна
Орчлон оршиж байгаа нь тэр
Ооно эврээ сэрэлзтэл хатирна
Орчлон нүүж байгаа нь тэр
Омголон морьтны уухай татна
Орчлон оршиж байгаа нь тэр

Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
Үзэгдэх юм бүхэн нүүнэ
Үл үзэгдэгч бүхэн нүүж байгаа нь тэр
Өвс ургамал гандана
Өвс ургамал биш,
Өвгөрсөн газар шороо нүүж байгаа нь тэр
Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ

ДОГШИН НОЁН ХУТАГТЫН АДИСТЭД ОРШСОН ЧУЛУУГААР ТОГЛОЖ ӨСЛӨӨ



«УЛААНБААТАР ТАЙМС» 2006 оны 08 дугаар сар 16. ¹165(9193)

“Бурханаас нуусан амраг”, “Ээждээ дээжлэх дуу” зэрэг эгшиглэнт дуунуудын үгийг бичсэн яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор/Ph.D/, дэд профессор Х.Сүглэгмаатай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүлснээ толилуулъя.



ДОГШИН НОЁН ХУТАГТЫН
АДИСТЭД ОРШСОН ЧУЛУУГААР ТОГЛОЖ ӨСЛӨӨ



-Яруу найргийн “Орхиж болохгүй хорин нас”, “Буйд газрын шүлгүүд” номууд чинь хэвлэгдэж, “Мөнгөн цом” наадамд түрүүлэн нэлээн дуулиантай байсан. Одоо юу хийж байна?
-Яруу найргийн шинэ номоо хэвлэлтэнд бэлдэж байна. Оноос өмнө гаргачих байх. Утга зохиол судлалаар мэргэжиж эрдмийн зэрэг цол хамгаалсан. 2005 онд “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл”, энэ онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном хэвлүүллээ. Одоо Төвд хэлт үг зохиолын гол төлөөлөгчдөөр нэг боть хийх санаатай.
-Яагаад судалгааны ажилд сэтгэл татагдах болов? Эртний судлал гэдэг эмэгтэй хүнд хэцүү биш үү?
-Үнэхээр тэгж бодож байгаагүй юм байна. Хүн дуртай юм руугаа хориод байхад зүтгээд байдаг шиг. Би сургуулиа төгсөөд л утга зохиол судлалаар ажиллаж багшилсан. Энэ салбарт ороход миний удирдагч багш, Монголын нэрт төвдөч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийн минь нөлөө их байсан.
Анх хуульч Сандагаар оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж 3000 төгрөгийн шагнал авч, мөнгөндөө биш тэр шагналыг авсандаа их урамшиж байсан. Тэгээд л багш маань судалгааны чиглэлийг их гүнзгийрүүлсээр байгаад нэг мэдэхэд үг зохиолын амт шимтэнд орчихсон байсан.
(МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн доктор проф
Л.Хүрэлбаатар багшийн хамт)
Би энэ чиглэлээр дөрвөн цуврал ном гаргах бодолтой. “Үг”-ийн сэтгэлгээний уламжлал дээр тулгуурлаж Монголын сонгодог уран зохиол, цаашлаад Монголын сэтгэлгээний уламжлалыг харах зорилго тавьж байгаа юм. Агванхайдав, Агван-Ишсамбуу, Агвандампил, хуульч Сандаг гээд л энэ төрлийн эртний сонгодгууд бол үнэхээр гайхамшигтай. Хүн татагдахгүй байхын аргагүй.
-Та багшилна, судалгаа хийнэ, яруу найргаа бичнэ гээд энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ? Бас гэрийн эзэгтэй…
-Төгссөн цагаас л номын мөр хөөлөө. Өдөр нь ажиллана. Орой орж ирж хоолоо идээд л эргээд шөнөжин сууна. Хүмүүс шиг амрах, наргиж цэнгэх тэр байтугай надад зурагт үзэх зав байдаггүй.
Өглөө бүх хүн унтаж байхад босоод л явна. Тэгэхдээ амьдралын энэ хэвшилдээ дасчихаж дээ. Харин нэг дутагдал гэвэл би айлын бэр болохдоо л дэлгүүрт будаа ямар үнэтэйг мэддэггүй шахуу байсан. Одоо ч тэр маань хэвээрээ гэр орны ажилд нэг их оролцоод байх зав байдаггүй, гэхдээ маш гэр амьтай. Манай яруу найрагч Ц.Хулан намайг “ямар ч асуудалгүй маш амар тайван амьдардаг хүн. Ганц проблем нь Арлааны Эрдэнэ-Очир Дорноговиос ирж архи ууж хүндрүүлдэг явдал”гэж бичсэн шүү дээ.
-90-ээд оныхны тухай таны бичсэн зүйл, TV-ийн ярилцлага энэ тэрийг үзэж байсан л даа. Өөрийг чинь хэвлэл мэдээллийхнээс хол байдаг, нууцлаг хүн ч гэдэг юм билээ.
-Мэдэхгүй, 90-ээд оныхон гэдэг чинь Монголын утга зохиол дахь хамгийн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хувьсалтай, эрсдэлтэй их усны давалгаа шиг юм байгаа шүү дээ. Тэр дотор үлдэнэ гэдэг бол шалгуур. Надад нуух гээд, нуугдах гээд байх юм алга. Хийдгээ хийгээд бусдын л адил явж байна.

(Яруу найрагч Сумьяа эгч бид хоёр Дэмчигийн хийдийн Үлэмжийн чанарын хөшөөний дэргэд. )
-Арлааны Эрдэнэ-Очир, Л.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, А.Байгалмаа, та нар говиос төрсөн нэг үеийн найрагчид, Энэ тухай дурсвал…?
-Бид хэд чинь 1990-ээд оны эхээр Дорноговийн Цээеэ /Хандын Цэрэндорж/ багшийн дугуйланд явдаг, тэр үед дөнгөж нээгдээд байсан Данзанравжаагийн музейд дугуйлан маань цугладаг байлаа. Одоо бодоход амьдралын маань хамгийн гэгээн, аз жаргалтай, жинхэнэ хөөргөн дэвэргэн залуу нас минь тэр үе байсан. Нөгөө талаар Говийн ноён хутагтын тахил шүтээний дэргэд үзэг барьж, тэр ариун дагшин оронд шүлэг бичиж, уншиж явна гэдэг ямар их ариун зам мөр вэ. Хэн хэний маань утга зохиолд орж ирсэн тийм нандин эрхэмсэг учрал тохиол бол бидний хувь заяаны зам байсан юм шиг санагддаг. Өнөөдөр бүгд л Монголын утга зохиолд өөр өөрийн мөртэй л болчихсон байна шүү дээ. Би тэр үеээ бодохоор өөрийн эрхгүй Ноён хутагтад сүслэн залбирдаг юм.
-Та Дорноговийнх биш, Өмнөговийн уугуул биз дээ.
-Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрж өссөн. Тэр үед Анагаахын сургууль төгсөөд Дорноговьд ажиллаж байсан юм. Миний төрсөн нутаг Ханбогд сум ч Хутагтын нутаг, Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийд нь байдаг. Хутагтын адистэд оршсон шороо чулуугаар тоглож, Ноён гэгээний дууг дуулдаг өвгөдийн нөмөр бараадаж, үнэн атлаа худал юм шиг үлгэр домгийг айж гайхан, сонсч өссөн хүн. Шүлэг бичиж байгаа маань ч гэсэн цаанаасаа олдмол, эрт цагийн барилдлагаар үүрэх ёстой ачаа, туулах ёстой хувь тавилан минь байж дээ.
-Ойрд нутагтаа очив уу?
-Өвөл нутагтаа очиж Хутагтын гурван хийдээр яваад ирсэн. Миний уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг тусалж дэмждэг зохиолч, УИХ-ын гишүүн Л.Одончимэд гуай, бид хамт явсан юм. Данзанравжаагийн өвийг хамгаалах, бүтээл туурвилыг нь дэлгэрүүлэх талаар маш их юм хийж байгаа хүн дээ. Одоо ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Ноён хутагтын жанч халсны 150 жилийн ойг Монголд тэмдэглэх гэж байна. Бид энэ ажлын хүрээнд хийхээр бодож төлөвлөсөн зүйлээ ярилцаж, нутгийнхаа сайхныг бахдан биширч уул усандаа мөргөж л явлаа.
-Та сая “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном гаргажээ. Энэ номынхоо тухайд.
-Хуульч Сандагийн намтар уран бүтээлийг боть болгож эмхлэнэ гэдэг миний судалгааны нэг томоохон зорилго юм. Энэ номонд хуульч Сандагийн намтар уран бүтээлийн олон асуудлаас гадна, одоогоор мэдэгдэж байгаа гар бичмэлүүдэд эх бичгийн судалгаа хийж, түүний зохиолын бүрэн эхийг гаргасан юм.
Урьд нь тухайн цаг үеийн шаардлагаар хуульч Сандагийн шүлгийг маш их хасч хэвлүүлдэг байсан. Тэр бүгдийг эхийн түвшинд харьцуулан гаргаж тавихаас гадна уншигч олонд төдийлөн хүртээл болоогүй хэд хэдэн шинээр олдсон зохиолууд ч олдсон байгаа. Энэ утгаараа хуульч Сандагийн үг зохиолын Монголын утга зохиолд оруулсан хувь нэмэр, туурвил зүйн өвөрмөц онцлогийг нэгэн дор авч үзэж, Л.Хүрэлбаатар багш маань энэ номыã ариутган шүүсэн дээ.

Ярилцсан: Л.БАТЦЭНГЭЛ


Уншсан (39) ÿðèëöëàãà Сэтгэгдэл (0)

АЛИШЕР НОВАЙТАЙ АМРАГЛАЖ ХОНОЛОО

Х.Сүглэгмаа
АЛИШЕР НОВАЙТАЙ АМРАГЛАЖ ХОНОЛОО
Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо

Дарсны сайхан нь аль билээ, алив ууя гэнэ
Далавчны цуцашгүй нь аль билээ, алив нисье гэнэ
Давшгүй бэрх нь аль билээ, алив туулья гэнэ
Даанчиг уянгалаг нь аль билээ, алив дуулья гэнэ

Зовлонгийн цагаан орчлонг ар ардаа нууж
Зоргоороо шүлэг шиг шөнийг хувааж хүлхлээ, бидэн хоёр
Зоосны хоёр тал шиг там диваажинд сэлгүүцэж
Зол баярын замбуулинг хөтлөлцөж туучлаа, бидэн хоёр

Жавартай тэнгэрийн салхийг анзаарсангүй, дулаахан л байж дээ
Жаргаж мандах сарны сэвхийг анзаарсангүй, дурлачихсан л байж дээ
Залбирч нисдэг шувууны далавчийг анзаарсангүй, жаргалтай л байж дээ
Зам замын үзүүр дэх учралаа аргадсангүй, омголон л байж дээ

Үүлтэй тэнгэрийн хаяа ийм холсон билүү
Үргэлжид биенээ мөрөөдөх үйлийг нь яалтай, Новай
Үлэмжийн нартай ертөнц ийм сэрүүхэн билүү
Үсэнд минь хүртэл шингэсэн үнэрийг чинь яалтай, Новай

Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо

2003-01-29

3/04/2009

ИЖИЙДЭЭ ЭРХЭЛСЭН ШҮЛЭГ

ИЖИЙДЭЭ ЭРХЭЛСЭН ШҮЛЭГ
Замд гарахын өмнө Ээжтýйгээ
Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би
Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр
тунаж үлдэхийн цагт
Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би
Орой намрын бороонд цэцгийн шилбэ
жиндэхийн цагт

Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би
Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би
Îрох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс

Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай
Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ
Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар
Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна

Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад
Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно
Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад
Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна

Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр
Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй
Мартаж санасан сар өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг
Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай

Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь
Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм
Ийм дулаахан өвөрт нь хөлөө дүрж суугаад
Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай

Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би
Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ
Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би
Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ.

Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ
Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ

2006-04-01

3/03/2009

Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг зөн, сэрэл мэдрэмжийн үүднээс авч үзэх нь


Х.Сүглэгмаа /доктор PhD, дэд профессор

Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэв
Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг зөн, сэрэл мэдрэмжийн
үүднээс авч үзэх нь

Нацагдорж бол нарны яруу найрагч юм. Аль ч гунигийн аяс бүхий шүлэг бичлээ гэсэн үүнийг нэвт гэрэл туяа гийнэ. Харанхуйн тухай бичлээ ч түүний цаана гэрэл нуугдаж буй нь мэдэгдэнэ. Тэр гэрэл тодорсоор харанхуйг арилгана. /О.Дашбалбар/

Дэлхийн уран зургийн түүхийг Ленорда Да Винчигүйгээр, “Жоконда”-гүйгээр, хөгжмийн урлагийн түүхийг Людвиг Ван Бетховангүйгээр, “Сарны сонат”-гүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээн үзэх нь угаас хүн төрөлхтний нүднээ үзэх, чихнээ сонсох гайхамшгийг нэгэн сэтгэлийн үзүүрт барин өгүүлсэн хэрэг билээ. Тэгвал дэлхийн уран зохиолын түүхэнд Английн Вильям .Шекспир, Америкийн Уольт Уйтмен, Оросын А.С.Пушкин, Энэтхэгийн Р.Таагор, монголын Инжинаши, Данзанравжаа, Нацагдоржийг тэр тухайн улс үндэстний уран зохиол оюун санааны зуун зууны сонгодог төлөөлөл хэмээн үзсээр иржээ.
Их монгол улсын 800 жилийн ойг ёслон тэмдэглэх энэ түүхэн цаг үед монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа нь үндэстний мөн чанарын илэрхийлэл болсон олон сайхан оюунлаг үйлсийг соёлт хүн төрөлхтний хүртээл болгох нэгэн таатай боломж юм.
Угаас хүн төрөлхтний түүх гэдэг бол соёл иргэншлийн түүх. Соёл иргэншлийн түүх гэдэг бол тухайн улс үндэстний сэтгэлгээний түүх байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийт нэгэнтээ хүлээн зөвшөөрч, аливаа томоохон хувьсгал, орон даяныг хамарсан дайн тулааны үйл явцаар нэгийг үүсгэж нөгөөг устгадаг, нэгийг шинэчилж, нөгөөг улираадаг түүхэн хувьслын үе өнгөрч, зэр зэвсгээр биш хүсэл сэтхилээр, эр чадлаар биш, эрхэм чанараар дагуулдаг нэг талаас цаг үеийн, нөгөө талаас оюун сэтгэлийн өөр эрин цаг тохиож байгаа нь ч бодь сэтгэлийн үзүүрт барьсан буяны мөр лугаа шүтэн барилдлага төгс хэрэг болжээ.
Энэтхэгийн алдарт Шантидэвагийн VII зуунд зохиосон “Бодьсадуа нарын явдал дор орохуй” хэмээх зохиолд

Барс арслан заан өтөл бээр
Могой хийгээд хамаг дайсан бээр
Амьтны талын сахиусан бээр
Дагинас бээр түүнчлэн мангас бээр
Гагц сэтгэлийг номхотговоос
Тэр бүгдийг уясан мэт болой

хэмээн өгүүлснийг монголын их бичгийн хүн Чойжи-Одсэр орчуулан сударласан нь алс хэдэн зууны тэртээ боловч (одоогоос 700 гаруй жилийн өмнө) алгасалгүй номын хүрдийг эргүүлэн ахуй эрдмийн дээдийг хураан үйлдсэн хэрэг биз ээ. Энэ нь чухамдаа эртний их мэргэдийн утгын гүн бошиг дор энэ цагийн төрөлхийтний хэрэг учрыг тольдож, аливаа зүйлийг цаг хугацаа орон зай үйлийн барилдлагаас ангид авч үзэж цаад мөн чанарыг танин цагийн гэмийг тодруулсан хэрэг билээ. Өөрөөр хэлбэл, нэг талд нь барс арслан заан, могой хийгээд хамаг дайсан бээр, мангас бээр гээд үзтэл дүр байдал үйл хөдлөл өөр өөр, хортой хөнөөлтэй аль цагийн л аймшиг бүгдийг бий болгогч эдгээр амьтад, нөгөө талд нь гоо үзэсгэлэнтэй гэм зэмгүй залуу сайхан бүсгүй, харин гагц сэтгэлийг л номхруулж чадвал тэр бүгдийн дээрх ялгамжаат чанар гэж үгүй билээ. Хичнээн аймшигтай муухай, хичнээн энэрэнгүй сайхан хоёрын хоёр их туйл эдгээр амьтдаар дамжин харагдах боловч гагц сэтгэлийг номхруулснаар л тэр бүгдийг нэгэн дор уясан мэт адил чанарыг үүсгэнэ хэмээн үзэх нь бидний зөвхөн бодьгалийг шүтэх тэр үзлээс ангид алив юмны цаад мөн чанарыг зөв эрэлхийлэх гэсний үлгэр илтгэвэр гэж болно. Зөвхөн монголын гэлтгүй хүн төрөлхтний сэтгэлгээний эртний уламжлалт энэхүү үзэл сэтхилийн дагуу их зохиолч Д.Нацагдоржийн сонгодог зохиолуудын нэг болох “Харанхуй хад” өгүүлэгийг задлан үзэх оролдлого хийлээ.
“Харанхуй хад өгүүллэгийн үйл явдлын эхлэл болох зурвас бичигт дээр тэмдэглэсэн хэдэн үгсийн дотор /хэдэн үсэг (1996)1/ хоёр тодорхойгүй зүйл байгаа нь
1. Харанхуй хад
2. Ина /Нина (1961)2 / Дашрамд өгүүлэхэд “Харанхуй хад” зохиолын нэг хувилбар гэж үзэж болох “Морь эрэхээр одов” гэдэгт гарч байгаа Чонон саарал морийг мөн би энэ Ина гэдгийн нэг ижил субьект байж болох юм гэж үзэж байгаагаа ялдамд дурдья. Ингээд зохиолын эхний хувилбар дээр ажиглалт хийж байна.
Нэгдүгээр тодорхойгүй зүйл буюу Харанхуй хад хэмээх нь зохиолд з янзаар бичигдсэн. Өөрөөр хэлбэл 3 өөр утгатай гэсэн үг. Үүнд:
1. Бодьтой орших утга. Зохиолыг нэрлэж байгаа, бидний ойлгож байгаа хад асгын харанхуй хад. Зохиолын төгсгөлд би баатрын унаж яваа морь нэгэнтээ янцгаахад ясанд тултал хангинаж байгааг дүрсэлсэн харанхуй хад /зарим газар харанхуй хад [Нацагдорж.1996.210] гэж жижгээр бичсэн/
2. Бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга “Харанхуй хад”гэж хашилтанд тэмдэглэсэн “ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй” [Нацагдорж.1996] гэж зохиолд дурдагдаж байгаа харанхуй хад. Ямар ертөнцөд оршиж байхыг мэдэхгүй гэснээс үзвэл энэ бидний оршин буй бодит ертөнцийн харанхуй хад гэдэг ойлголт биш болов уу. Магадгүй энэ нь тэнгэр лус, там бирд, оюун санааны аль ч ертөнц байж болох. Цаашид энэ санааг лавшруулан “Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил мянган он эрэвч бас олдохгүй байж болох” [Нацагдорж.1996] хэмээсэн нь энэхүү “харанхуй хад” бол бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга зааж байгааг баталж байна.
3. Тодорхойгүй утга. ““Харнхуй хад” хэмээх нэр энэ газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч”[Нацагдорж.1996.209] гэж зохиолд тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл ямар нэгэн зүйлийг ёгтоор илэрхийлэн тэмдэглэсэн байж болох нэр. Нэр гэдэг бол утга. Яагаад тодорхойгүй байна вэ гэхээр нэгэнт бодьтой орших бидний төсөөлж байгаа хадыг бол зохиолд зарим газар жижгээр тэмдэглэн хад асга гэдгийн утгыг харуулж байсан (морь янцгаахад цууриатаж байгаа нь сонсогдсон) бөгөөд энд нэгэнт хашилт хэрэглэн дурдсан тул энэ нь цаанаа ямар нэгэн ёгт нэрийн утга буюу зохиолчийн уран сайхны үүдэл санааны гол зүйлээ нууцлан үлдээсэн тэр далд утгыг илэрхийлж байна. Тиймээс “Харанхуй хад” хэмээх нэр нь би баатрын явж байгаа тэр газрын байдалтай нийлэлцэн санагдаж байгаагаар өгүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл бидний хайж байгаа “Харанхуй хад” гэсэн ёгт нэр, үүний цаана зохиолын би баатын тэрхүү эрмэлзэн хайгаад байгаа зүйл чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Зохиолд дурдагдан буй хоёр дахь тодорхойгүй зүйл бол Ина. /Нина/ Мөн дээр өгүүлсэн “Харанхуй хад”- хэмээхийн нэг адил 3 өөр утгыг илтгэнэ.
1. Бодьтой орших утга. “Миний хуучин амраг охины нэр” [Нацагдорж.1996] гэж зохиолд өгүүлснээс үзвэл “хязгааргүй янаглан ханилсан”, “уул далайн тэртээ завсарлагдсан”, “сэтгэл зүрх ташаалагдсан”, зохиолын төгсгөлд харин хажууд нь зогсч байгаа Ина гэдэг бүсгүй. Энэ бүсгүйн тухай зохиолын би баатар “...Нина гэдэг нь миний хуучин амраг охины нэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөн охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсч байсан цаг гэнэт санагдан...” [Нацагдорж.1996] гэх зэргээр дурсан бодож байгаагаар өгүүлэх нь Ина бол бол бодит хүн гэсэн утга тодорхой байна.
2. Бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга “Энгийн охин бус
эрдэмтэн охины манлай” [Нацагдорж.1996.206] гэж зохиолд өгүүлэгдэж байгаа мөн би баатар “түүний бие надаас салахад” гэж дотор сэтгэлдээ бодож байгаа нь Дорно дахины эртний сэтгэлгээний уламжлалт ойлголт болох “эгшиглэнт охин тэнгэр”, “галууны охин”, “үнэр идэштийн охин” гэж нэрлэгддэг, Эсэруа тэнгэрийн ёгт утга байж болох юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэмтэн охины манлай” гэдэг нь оюун ухаан яруу өгүүлэхийн тэнгэр гэсэн утга илэрхийлж байгаа хэрэг бөгөөд Энэтхэг, Төвдийн эртний уламжлалт домгийн тэнгэр хэмээх хийсвэр сэтгэлгээний утгыг агуулж байна. “Бие” гэж яагаад онцлон өгүүлэв гэхээр эртний ялангуяа буддын гүн ухааны ойлголтонд хүний нэгэн “би”-д зэрэгцэн оршдог бие, сэтгэл, бодгаль гурвыг тус тусын утгаар авч үзэх бөгөөд энэ 3 зүйлээс “би” бүрддэг гэж үздэг. Сэтгэл, бодгаль үгүй бол бие гэдэг хумхийн тоосноос бүрдэх тул би-г буюу эзэн биеийн бодит мөн чанарыг илэрхийлдэггүй. Яг энэ үзэл хандалтаар XIX зууны Хамба номун хан Агванхайдавын бичсэн “үг” зохиолын нэгэн чухал дурсгалд3 бүр Бие, Сэтгэл, Бодгаль нэртэй 3 гол дүр хоорондоо өөр өөрийн мөн чанарыг өгүүлэн маргаж байгаагаар өгүүлдэг нь, буддын гүн ухааны “би”-ийн тухай үзэл номлолыг энгийн ард түмэнд ойртуулан номлосон нэг хэлбэр юм. Тэгэхээр Нацагдоржийн зохиолд гарч байгаа, зохиолгол би баатрын хайгаад байгаа тэр Ина-г зохиогч эрдэмтэн охины манлай гэж нэг хийсвэрлээд, мөн дахин түүний бие надаас салахад гэж дахин хийсвэр ухагдахуунаар төлөөлүүлэн хэлсэн нь Ина бол бодит бус хийсвэр утга гэсэн нэг санааг давхар харуулж байна.
3. Тодорхойгүй утга “Үл мэдэгдэх утга бүхий хэдэн үсгийн дотор
байгаа Ина хэмээх нэр” [Нацагдорж.1996.205] гэж зохиолд өгүүлэгдэх мөн тодорхой утга оноож үл чадах Ина. Дахиад л нэр. Нэр гэдэг бол утга. Чухам юуг ийн нэрлэсэн нь тодорхойгүй. Янаг хайртай хүүхний нэр үү, яруу найруулга хэмээхийн нэр үү, аль эсвэл интернационал уу?, тодорхойгүй.4
Энэхүү бодьтой байж болох бас бодьгүй байж болох “Харанхуй хад”, “Ина” хэмээх 2 зүйлийн хүрээнд гол баатрын эрлээр үргэлжлэх зохиолын нийт агуулга үйл явдал миний үзэж байгаагаар дараахь 3 хэсэгт хуваагдана.
Нэгдүгээр хэсэг. Энд зохиолын гол баатар зурвас олоод улмаар эрэлд гарч, явсаар нэгэн айлд очсон бөгөөд тэр айлын зүүн урд хатавчинд хэвтэж байсан эмээ түүнд бас учир үл мэдэх нэг чулууг өгч байгаа хэсэг хүртэл үргэлжилнэ. Энэхүү нэгдүгээр хэсгийн гол онцлог нь би баатар морио эмээллүүлж унаад хаашаа явахаа мэдэхгүй зогсч байгаад унасан морьныхоо хаашаа зүглэсэн, тэр зүг явсаар “хэд хэдэн газар дэв дэмий явсаар” нэгэн танил бус газар ирнэ. Эндээс эхлээд зохиолын бүх зүйл хоёрдмол, салаа утгатай болж байна. Жишээлбэл: “Намрын салхи сэрчигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин, Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юмуу”, “Үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй”, “Үнэг ч биш, чоно ч биш”, “айлын ч нохой бололтой, ангийн ч нохой болотой”, гэх мэт. Энэ бүх хоёрдмол болж ирж байгаа утга санаа, өгүүлэмжийг утга товчлон хураангуйлах үүднээс дараахь байдлаар загварчлан үзүүлье. Доох хүснэгтийн А, Б хоёр багананд нэг зүйлийн хоёр салаа утгыг харуулж байгаа бөгөөд харин А, Б хоёр хэсгийг бүхлээр нь тодруулсан байгаа нь бол нэг өгүүлбэрт, нэг мөрөнд тусгагдсан нэг зүйлийн хоёр өөр салаа утгыг зааж байгаа гэдгийг анхаарна уу.
А Б Тайлбар
Түүний бие надаас салаад... ...сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө...
Зөвхөн бие салж одсон атал сэтгэл зүрх бас алс одсон
...Амраг Инаг олж уулзах Зүүд ч юмуу...
А-Олж уулзана гэх эрмэлзэл, Б-зүүд ч юмуу гэх няцаалт
...эрт ба эдүгээ, хол ба ойр...
А- эрт, хол Б-эдүгээ ойр эсрэгцсэн салаа утга
...баруун өмнө зүг ...морьныхоо хаашаа
явсан тэр зүг...
А-зүг нь тодорхой Б-Зүг нь тодорхойгүй
...ам ангах, сэтгэл уйтгарлах
А-шалтгаан тодорхой Б- тодорхойгүй
...Үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй... Үнэг үү чоно уу тодорхойгүй хоёр утга.
...үнэг ч биш чоно ч биш... Аль нь ч биш
...айлын ч нохой бололтой, ангийн ч нохой байдалтай... Хоёр огт өөр утга
...бие зүдрэн, санаа галирсан тул...
А-тодорхой Б-тодорхойгүй
...Нэг настай хар хүн гарч ирээд..., /нохойгоо даллан дуудав/ (Хар хүн -эр хүн Х.С) ...зүүн хойно цомцойн суув. /гэрийн/...
...нурманд шигтгэсэн домботой цай нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд... (Хийж байгаа үйл, суудал зэрэг нь эм хүн Х.С) А- Дүр нь бол “Настай хар хүн”
Б- Үйл хөдөлгөөн нь эмэгтэй хүн
ойр хавийн газрыг бараг мэднэ гэвч тийм нэртэй газрыг сонссонгүй... гэх
А-мэднэ Б-мэдэхгүй /сонсоогүй/
...баруун хойно тахьсан бурхан ч юмуу, онгон ч юмуу...
А-бурхан Б-онгон /2 өөр ойлголт/

“Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй... А-байгаа зүйлээ хэлж байна. Б-Байхгүй зүйлээ хайж байна.
...“Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ “Эмгээ зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрүүлэх нь”...
А-Тодорхой газар заасан
Б-Няцаасан
...нэг хар чулуу... ...чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэг чулуу...
А-Энгийн нэг чулуу Б-Чулуу чулуунаас өөр

Эндээс үзвэл, А багананд дурдсан зүйлүүд харьцангуй бодьтой байж болох, анхдагч шинжтэй, харин Б багананд дурдсан зүйлүүд харьцангуй хийсвэр байж болох, хоёрдмол шинжтэй байна. Ийнхүү үйл явдал цааш үргэлжилсээр эмгэн зохиолын гол баатарт “нэг хэсэг чулуу” өгснийг гайхан үзээд тавьтал доош унаж, чулуу хагарч, “харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж” зохиолын баатар нэг хэсгийг нь эмгэнээс гуйж аваад мордож байгаагаар энэ хэсэг төгсөнө. Өөрөөр хэлбэл энд болж байгаа үйл явдал, юмс үзэгдэл, түүнд хандаж байгаа зохиолын гол баатрын хандлага, уул ус газар орон, зүг чиг гээд бүхий л зүйл ямар нэгэн хэмжээгээр орших эс оршихын, байгаа үгүйн, бодьтой бодьгүйн салааг дагасан нэг талаас бодит /А хэсэг/, нөгөө талаас хийсвэр шинжийг/В хэсэг/ эн зэрэгцүүлэн явсаар, эцэст эмгэний өгсөн чулуу хагарч хоёр хэсэг болон хагарч “дэмий юм хэмээн сэтгэж” байснаа, “гэнэт сонирхол төрж”, “баяртай байдал” үүсгэн мориндоо мордоод, гол баатар эрлээ цааш үргэлжлүүлж байгаагаар төгсөнө.
Хоёрдугаар хэсэг Нар шингэж бүрий болж, өдрийн бүрхэж байсан бороо орж улам ширүүсэн, “алхах тутам шавар намагтай” ойн гүнд ойн дунд, “газрын байдал улам бэрхтэй” болж, “айх цочих нь нэн олширч”, энд тэнд чоно ульж, буг чөтгөр эрлэг тамын орон ч бодогдож, “түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн”, “нар мандахыг хүлээхээр” болж байна. Энд бүх зүйл тодорхойгүй итгэл алдарсан ч юмуу эргэлзээтэй болсныг, зохиолын гол баатар өглөө хэдийгээр аль зүг рүү явахаа шийдэж чадахгүй байсан ч дөрвөн зүгээ мэдэж байсан бол, эдүгээ “дөрвөн зүг нь хаана хааш болохыг нэгэнт алдаж”, “зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг хэдийнэ умартаж”, урагш явья гэхээр “өмнө этгээдийн бараа хавьтах аргагүй”, гэдрэг буцья гэхээр “замаас нэгэнт төөрсөн” тул ийнхүү нар мандахыг хүлээхээс өөрцгүй болж байгаагаар төгсгөсөн байна. Мөн энэ хэсэгт “морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинатал /морь/ янцгаах дуу ясанд тултал жихүүцүүлэхэд” зохиолын баатар ихэд сочсон тул “нэгэнт мэдрэл зайлжээ” гэж бий.
Гуравдугаар хэсэг Зохиолын төгсгөл. Энэ хэсэгт түүнийг нэгэнт сэргэхэд хажууд нь янаг охин Ина зогсож, “үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн буй” гээд янаг сэтгэл учран золгохын цэнгэл баяр, яруу шүлгээр төгсгөсөн байна. Энэ хэсэг өмнөх жилүүдийн зарим нэгэн хэвлэлтнээс хасагдаж байсан.
Зохиолыг судалсан өмнөх үеийн бүхий л эрдэмтэд үүний дундаас монголын шинэ үеийн уран зохиол, Нацагдорж судлалын нэртэй эрдэмтэд эндээс олон зүйлийг хайсан, тэд хайсан бүхнээ л олсон, харин оносон оноогүйг эдүгээ хэн ч хэлж мэдэхгүй. Энд дээр өгүүлсэн янаг хайртай бүсгүй, яруу найруулга, интернационал ч орсон. Тэгвэл миний хувьд эндээс тийм бодит ахуйг шүтсэн, тодорхой бодгалийг оноосон хайлт хийхийг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл тийм боломжгүй юм гэж үзэж байна. Яагаад?
Миний дээр задалсан зохиолын гурван хэсэгт 3 удаа зүүдний тухай өгүүлэмж гарна. Энэ зүүд мөн дээр бидний өгүүлсэн “Харанхуй хад”, “Ина”-гийн нэг адил 3 өөр зүүд байна.
1. Бодит зүүд Нэгдүгээр хэсгийн эхэнд гол баатар зурвасыг үзээд, Инаг дурсан санаж, “эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тутам” уяран мэлмэрч, “зүүд мэт болон зэрэглэсээр” агшин зуур үүрэглээд сэрдэг. Энд зүүрмэглээд зүүдлээд сэрлээ гэдгийг бодьтой болгож байгаа зүйл бол гол баатар “татаж байгаа тамхины үнс хэнхдэг дээр” унахад сая сэрээд Инаг эрэхээр явж байна.
2. Бодит бус хийсвэр зүүд. Би баатар Инаг эрэхээр цааш явж байгаад монгол хүний ямагт хамгийн гол чиг баримжаа итгэл үнэмшил нь болж байдаг газар орон зүг чигийнхээ баримжааг алдаж, бүх зүйлд эргэлзэж эхлэхдээ, “Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндийн талд төөрөх нь ч юмуу...” гэж боддог. Энэ бол би баатар зүүдлээгүй, харин өөрийнхөө хийж байгаа бодит үйлийг зүүд шиг гэж бодож байгаа явдал юм.
3. Тодорхойгүй зүүд. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд, өөрөөр хэлбэл хоёр, гуравдугаар хэсгийн холбоос болж бас нэгэн зүүдний өгүүлэмж гарна. Энэ бол зүүд гэж ямар нэгэн байдлаар хэлээгүй боловч, “ихэд сочсон тул мэдрэл зайлжээ [Нацагдорж.1996.210]”, “унтсан ба зүүдэлсний алин болохыг мэдээгүй” [Нацагдорж.1996.210] гэж зохиолд тэмдэглэгдсэн тодорхойгүй зүүд. Яагаад тодорхойгүй байна гэхээр зохиолын би баатар “мэдрэл зайлж”, “унтсан ба зүүдэлсэн” [Нацагдорж.1996.210] алин болохыг өөрөө ч мэдэхгүй байгаа. Гэхдээ л нэг сэрэхэд Ина дэргэд нь ирчихсэн байгаагаар гардаг.
Эндээс үзвэл, зохиолд гарч байгаа зүүд нь мөн 3 өөр ойлголт гэж болно. Эхнийх бол зүүрмэглээд зүүдлээд сэрсэн бодит зүүд, хоёр дахь нь бодьтой болж байгаа үйлээ өөрөө “зүүд шиг гэж бодсон”хийсвэр утга, гурав дахь нь зүүдэлсэн ба унтсан алин болохыг өөрөө ч мэдэхгүй байгаа тодорхойгүй утга. Үүнийг томьёолбол дээр өгүүлсэн Харанхуй хад, Ина гэдэг 2 зүйлийн талаар 3 өөр ойголт байгаагийн нэг адил ухагдахуун гарч байна.Тодруулбал:
1. Бодит зүүд. Гол баатар өөрөө зүүдэлсэн
2. Бодит бус хийсвэр зүүд. /Гол баатар өөрөө Инаг олно гэдэг бол зүүд шиг юмаа гэж бодсон, хийсвэр ойлголт.
3. Тодорхойгүй зүүд ”Зүүдэлсэн үү, унтсан уу алин болохыг” гол баатар өөрөө мэдэхгүй, зохиолд бол үүнийг “мэдрэл зайлж” гэж тэмдэглэсэн.
Ингэхээр “Харанхуй хад”, “Ина”, “Зүүд” гурвын ерөнхий төлөв нь
1. Бодитой
2. Бодит бус хийсвэр
3. Тодорхойгүй гэсэн 3 ижил шинжтэй байгааг бид харлаа.
Тэгэхээр магадгүй зохиолын хоёр тодорхойгүй ухагдахууныг хайх эрж олох, тодорхой болгох гарц нь энэ зүүдний өгүүлэмжээр тайлагдах юм биш биз гэсэн таамаглал төрж байна. Энэхүү таамаглалыг батлах гарцаа өрнө дорны сэтгэлгээний уламжлалт хэв маягийг хослуулан эрэлхийлж үзье.
Өрнө дахины сэтгэлгээнд, хүмүүн бидний танин мэдэх, оршин тогтнохын гол үндэс болсон сэрэл мэдрэмжийн хамгийн бодьтой байж болдог зүйл нь зүүд гэж үздэг юм байна. Энэ тухай Психоанализ буюу сэтгэл задлагийн онолыг үндэслэгчдийн нэг Зигмунд Фрейд “Психоанализын бүх салбарыг ийнхүү товчхон тоочихын оронд “зүүдний тайллын тухай дэлгэрэнгүй ярих нь дээр юм биш биз”, “Зүүдний тайлал нь ухамсаргүйг танин мэдэх “via Regia” буюу психоанализын хамгийн тодорхой үндэслэл, алив судлаач итгэл үнэмшил, боловсролоо олж авдаг яг тэр салбар мөн..., “Психоанализчин яаж болох вэ гэж надаас асуухуй дор миний бие өөрийнхөө зүүдийг сайн судал гэж хариулдаг юм [Зигмунд Фрейд.2000]” гэж өөрийнхөө онолын бүтээл, зарим ярилцлагадаа дурдсан байна. Энэ бол сэтгэл задлагийн онолын гол тулгуур бол зүүд гэж үзэж байна. Хүү зүүдээ л таньж мэдэж чадвал зөн совин сэрэл мэдрэмжийн нууцаа тайлж чадна гэж үзэж байна.
Харин манай дорно дахины уламжлалт сэтгэлгээний тусгал болсон зүүдний шинжийн сударт зүүдний илэрхий утга санаанаас ургуулан нууцлагдмал далд чанарыг хайж, түүнийгээ зүүдний тайлал хэмээн өгүүлж, хийсвэр сэтгэлгээний тэр үйлээр бодит ахуй амьдралд учирч болох сайн муу үйлийн зөн совин, ёр билгийн утга болгож ухаардаг уламжлал байна. Өөрөөр хэлбэл өрнийн болоод дорны сэтгэлгээний энэ хэлбэрийн ижил төстэй нэг түгээмэл үзэгдэл бол бодгалийн далд ухамсарт байгаа сэтгэл санааны бодит амьдралаас түрэгдсэн зүйлийг илрүүлэн нээхэд зүүдний тайлал, зүүдийг шинжлэн үзэх нь үр дүнтэй гэсэн санаа юм. Үүнийг Европын эрдэмтэд эрүүл болоод сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй хүмүүсийн өөрийн мэдэлгүй, санамсаргүй хийчихдэг /андуурах, барьсан юмаа мартаад алдах, харшил өгдөг ургамлаа үнэрлээгүй, харин ТV дэлгэцээр гарахыг нь хараад найтаадаг г.м/ ухамсарт бус үйлдлүүдээр туршиж үр дүнг нь үзсэн тухайгаа ч олонтаа тэмдэглэсэн байгаа бол дорно дахинд ялангуяа Энэтхэг, Төвд, Монголд зүүдээр зөгнөн үйлдсэн өдий төдий хэрэг явдлыг үлгэр домог, үнэн түүх болгон өгүүлж байдаг билээ. Зохиолын 3 хэсгийн үйл явдлын эхлэл тайлалд ямар нэг хэмжээгээр зүүд очиж уялдаж байгаа нь бидний харанхуй хаднаас хайгаад байгаа, тэр зүйлүүд бодьтой ч байж болох бас бодьгүй ч байж болох тэр итгэл үнэмшил рүү ямар нэгэн хэмжээгээр хөтөлж байна. Өөрөөр хэлбэл хийж байгаа гаргалгаа бүхнээ нэрийдэл төдий зүйлийг ч бодьтойд барьж ухуулдаг дорно дахины гүн ухааны сэтгэлгээний жингийн туухай дээр тавьж, бодьтойг бодьгүйд, илийг далдад, далдыг илд, байхгүйг бийд, байгааг үгүйд зохируулан үзэх нэгэн үүд буйг дурдах нь эрхэм билээ. Энэ нь зүүдийг 3 хүнд ярихад 3 өөрөөр тайлдаг. Өөрөөр хэлбэл тэр тайлж байгаа сэтгэлгээ, сэтгэхүйн үйлдлийн гаргалгаа нь хязгааргүй гэсэн үг юм. Тэгэхээр бидний хийсэн ажиглалтаар “Харанхуй хад”, “Ина”, хэмээх хоёр тодорхойгүй ойлголт түүнийг тодруулж байгаа “Зүүд”-ний өгүүлэмж гурав нь гурвуулаа бодит, бодит бус хийсвэр, тодорхойгүй гэсэн ижил 3 шинжтэй байна. Мөн “Харанхуй хад”, “Ина” хоёрын гол нууц нь зүүдэнд байна. Тэгэхээр угаас зүүд бол бодит утга нь, зүүдний тайлал бол хийсвэр утга нь, харин түүнээс гарах үр дүн нь тодорхойгүй хязгааргүй гэсэн санаа гарч байна.
Аугаа ихийн нууц нь эгэл жирийндээ байдаг. Одоо тэгвэл Л.В.Бетховений “Сарны сонат”-ын гайхамшгийн нууц нь тэр яруу сонсголонт хөгжмийг дүлий хүн зохиосондоо байсан юм гэж, Ленорда Да Винчийн “Жоконда”-гийн нууц нь шидэт инээмсэглэлдээ байгаа юм гэж хэдэн зууны турш маргасан Европыхон одоо ч нууцыг тайлах тулалдааны талбараас буцаж ирээгүй байгаа үнэний туйлыг;
бидний бодьтой гэж бодсон ертөнцийн юмс үзэгдэл бүхэн танин мэдэх тусам хоосон чанарын агаартайг эрт цагийн Равжаа хоосон чанарын хэдэн арван бүтээлдээ эгшиглэж дуулж, эрчлэн номлож, эргүүлж хариулж, элдэв ёгтоор үзүүлээд орхисныг, бодьтой бүхнийг бодьгүйд барин үйлдэхийн жишээг;
хүмүүн бидний нэгэн нэр, нэгэн биед зэрэгцэн оршдог бие, сэтгэл, бодгаль хэмээх гурван чигийн маргаанаар хамба номун хан Агванхайдав “Сэтгэл бусдын тус ямагтыг ямар мэтүйлдэж байсны цадиг өлөг, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын солиорлын дууриал бүжиглэлийг тодруулан үйлдэгч толь оршвой” гэдэг гүн ухааны нэгээхэн зохиолдоо хураан өгүүлээд орхисоныг эргэн саная. Энэ бүхэн бол эртний мэргэдийн нууцын санд түлхүүрийг нь зүүгээд орхисон лугаа нэгэн адил, бодит, хийсвэр, тодорхойгүй ч байж болох түм түмэн гаргалгааны сэжүүр бус уу хэмээн өчүүхэн би мунхаглана.
Дэлхийн сонгодгууд уран зургаар нүднээ үзэх, хөгжмөөр чихнээ сонсохын гайхамшгийг бүтээсний нууцтай нэгэн адил, сэрэл мэдрэмж, дотоод зөн совингийн үүднээс сэтгэлийн цэнгэл эдлүүлэх “Харанхуй хадын” нууцыг нээе гэвэл Д.Нацагдоржийн 1930-аад онд ханилан сууж байсан “амраг хайрт бүсгүй Ина” /Нина/, уран зохиолын аргын тухай утга далдлан өгүүлсэн гэх “яруу найруулга”, их найрагчийн амьдарч байсан үеийн улс төрийн нөхцөл байдлыг өгүүлсэн буюу Ина бол интернационал гэсэн үг гэх зэргээр хэт бодьгалчлалгүй, хэт бодьтойг шүтэлгүй, хувь хүний хувь бодгалийн орон зай цаг хугацаанаас ангид, хүний танин мэдэхүйн хамгийн үнэн, дөт зам болох зөн совин, сэрэл мэдрэмжинд тулгуурласан оюун санааны эрэл хайгуул хийвэл илүү үр дүнтэй болов уу хэмээн үзнэ. Сэтгэлгээний эрэл хайгуул бол ямагт хязгааргүй байдаг. Харанхуй хадын нууцыг нээхгүй байх тусам, түүний эрэл хайгуул хязгааргүй байх тусам, түүний сэтгэлгээний үнэт чанар нь өсөн нэмэгдэх болно. Янаг хайртай бүсгүй, яруу найруулга, интернационал... Та ч бас хайх хэрэгтэй. Бид хайсан бүхнээ л олох болно.
Эндээс үндэслэн эцэст нь дүгнэхэд:
“Харанхуй хад” бол оюун сэтгэлгээний нууцат бүтээл. Яагаад?
• Түүнийг бодьтой ямар нэгэн зүйлд оноон баталж болох боловч энэ нь хязгааргүй.
• Учир нь хүний танин мэдэх тэр зөн мэдрэмж, бодьтойгоос ургуулан хийсвэрлэх тэр үйл бол таны маргааш, бас нөгөөдөр, магадгүй зуун жилийн дараа зүүдлэх зүүдний чинь адил хязгааргүй, бас тодорхойгүй.
• “Жоконда”-гийн, “Сарны сонат”-ын нууцыг олоогүй шиг “Харанхуй хад”-ны нууц ч хэвээр үлдэнэ. Энэ нь өөрийгөө тойрсон оюун сэтгэлгээний хязгааргүй эрэл хайгуулыг бий болгож улмаар хүнтөрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх оюун сэтгэлгээний нэгэн нууцлагдмал үнэт зүйл болж үлдэнэ.
Ашигласан ном
1. Байгалсайхан.С Утгын чандмань. УБ.,2004 он
2. Балдан. Л. Оюун ухаанаараа сэтгэсэн ертөнцийг бүтээсэн хүн. УБ.,2004
3. Нацагдорж.Д. Бүрэн түүвэр.УБ., 1996 он
4. Нацагдорж.Д. Зохиолууд.УБ., 1961 он
5. Нацагдорж.Д. Зохиолын түүвэр. УБ., 1955 он
6. Зигмунд Фрейд. Психоанализ.,УБ. 2000 он
7. Содном.Б Д.Нацагдоржийн намтар зохиол. УБ., 1966 он
8. Сүглэгмаа. Х Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл. УБ.,2005 он
9. Хүрэлбаатар.Л. Судар шастирын билиг.УБ.,2002 он
10. Хүрэлбаатар.Л. Дуун утгын яруу зохист.УБ.,2006 он


МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ БҮСГҮЙЧҮҮД
Х.Сүглэгмаа /Хэл бичгийн ухааны доктор (PhD)/

Бүсгүй хүн шүлэг бичиж сууна. Ямар их уянгалаг, зөөлөн, бас ямархан нууцлаг гоо үзэсгэлэнm билээ. Хэзээнээсээ бүсгүй хүн тулганаас хойш алхдаггүй, шоголтой ном руу бүсгүй хүн өнгийх нь хоттой хонь руу чоно өнгийхтэй адил гэх зэрэг ёс хатуу цааз чанга тэр цагт зөвхөн манайд ч бус, дорно дахинд тэр дундаа номт гурван улс гэх Энэтхэг, Төвд, Монголын түүхэнд энэ нь шашин суртахууны шинжтэй цаг зуурын л зүйл байж дээ. Тиймээс ч тэр үеийн “Занага хааны төрийн шастирт”
“Насад өлзий буян төгс болоод
Насад үнэн номонд баясах ба…
Насад үнэн ярууг өгүүлэн хэлээд
Насад сайны хувийг сайтар арвидуулагч
Алин хаана тэр мэтийн гэргий буй бөгөөс
Ашид түүнийг хүмүүний охин бус, Охин тэнгэр хэмээмүй”

гэж эхнэр хүмүүний сайн шинжид өгүүлэн дурдсаны учир тодорхой юм. Монгол бүсгүй хүний гоо үзэсгэлэн, үлэмж төгс эрдэм оюуныг магтсан элдэв үлгэр домог, судар номын үгийг хэлэлцвэл элбэг хэдэн арван сүмбүм болох биз ээ. Тэгвэл монголын Алунгоо эхийн таван хүүдээ сургасан үгээс эхлээд Өүлэн эжий, Бөртэ хатны хөвүүд дүү нартаа сургасан шүлэг, Мандухай цэцэн хатны тангаргийн шүлэг гээд нэгэн талаас тэдний үгэнд цэцэн, үнэнд мэргэн байсны гэрч иш татсан зүйл судар номонд олон таарахыг энд эс өгүүлээд харин үе үеийн цэцэн билэгт тэдний дундаас номын цагаан дунгийн дууг бадрааж, утга соёл уран зохиол тэр дундаа монголын шинэ үеийн яруу найрагт орж ирсэн бүл цөөн бүсгүй найрагчдынхаа тухай өчүүхэн зүйл өгүүлью. Мянга есөн зуун хорь гучаад оны эхээр тэр үеийн Бөмбөгөр ногоонд дурдан бүс жавхайтал ороож, дугуй цагаан духдуулсан хүрээний ганган хүүхнүүд
Хүмүүн төрөлхтний дотроос оо
Хүнд ихээр дарлагдсан
Õөөрхий бидний бүсгүйчүүд
Хөгжлийн замд оров оо хө

гээд дуулж бүжиглэдэг байсан. Одоо ч бидний сайн мэдэх энэ нэг эрхэм сайхан аялгуут шүлгийг Цэрэнлхам гэж эмэгтэй 1929 онд зохиосон гэдэг. Энэ хүний тухай академич Хорлоо гуай “Цэрэнлхам бол тэр үеийн бичиг үсгийн боловсролтой цөөн хүний л нэг. Намын Төв Хороонд Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга байсан. Одоо л “Хүмүүн төрөлхтөн” гээд байх болохоос энэ чинь “Эмэгтэйчүүдийн дуу” гэсэн нэртэй юм” гэж хуучлав. Ингээд бүр 1950 аад оны дунд үе гэхэд Э.Оюун, С.Удвал, С.Нинжбадгар, Д.Гарамжав гээд дөрөв, тавхан эмэгтэй зохиолч байсан гэж нэрлэгддэг. Сая л нэг бүсгүйчүүд тулганыхаа захаас холдож байсан тэр цагт эмэгтэй зохиолчид гэдэг бол үнэхээр сонин содон хүмүүсийн нэг байсан биз ээ.Монголын шинэ үеийн яруу найрагт орж ирсэн бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бид “Хот айл”, “Би эндээс явахгүй” зэрэг жүжгийн зохиол, “Сайн сайхан бүхнээ эх орондоо зориулна” зэрэг тэр үедээ л нэрд гарч байсан дуунуудыг зохиож олон арван сонгодог жүжгүүдийг орчуулсан Монгол улсын төрийн шагналт эрдэмтэн зохиолч ”Э.Оюун, 1938 онд анхныхаа найрууллыг “Үнэн” сонинд хэвлүүлж, 1940 өөд оноос шүлэг яруу найраг бичиж улмаар 1957 онд “Одгэрэл” тууж, 1970 онд “Ховор хүн” кино зохиол, 1973 онд “Их хувь заяа” романаа бичиж олонд алдаршсан монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналт зохиолч С.Удвал нарыг дурдах хэрэгтэй. Яруу найргийн хувьд С.Удвалын “Ханийн тангараг” шүлгийн
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа /”Ханийн тангараг”/

гэсэн мөрүүд тухайн үеийн уншигч олны өврийн дэвтэр, амраг хосын хайрын захидалд хуулагдан үлдсэн нь олонтаа билээ. Өчүүхэн миний бие 1993 онд Данзанравжаагийн 190 жилийн ойгоор Дорноговь аймгийн төв Сайншандад Э.Оюун гуайг анх барааг нь харж, бас ч үгүй нүүр тулан уулзаж тэр үедээ их л зориг гарган хутагтын Саранхөхөө жүжгийн тухай цөөн үг асууж ярилцсан минь хувь зохиол байсан хэрэг.
1960-аад оны дунд үеэс “Үүрийн цолмон”, “Нарны алтан тоос”, “Хайрлахын заяатай орчлон”, “Галын тэнгэр” зэрэг олон арван шүлгийн түүврээ хэвлүүлж, 1970 аад оны эхээр “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, 1980-аад оны эхээр “Амьдрал хайр дээр тогтдог” гээд яруу найрагчийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ туурвин монголын их утга зохиол тэр дундаа яруу найргийн “галын тэнгэр” болж яваа эрхэм хүн бол эдүгээ Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Шагдарын Дулмаа билээ.

Ядуухан бүсгүй миний хүслэн
Яруу найрагчийх байсан юм…/”Галын тэнгэр” түүврээс/

гэж нэг л аядуу зөөлөн хирнээ өөрийхөө яруу найрагч байхын утга учрыг зарлан тунхагласан түүний
Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Õүний орчлонд хайрлан жаргаж
Бүхнээс онцлон уярч суусан
Áүсгүй хүний эмзэгхэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм /”Амьдрал хайр дээр тогтдог”/

хэмээн учирлаж аргадсан уянгын сайхан дууг эдүгээ хэн хүнгүй л дуулж суудаг даа. Харин монголын их утга зохиолын тэнгэрт бол түүнийг “эмэгтэй яруу найрагчдын түүчээ” гэж нэрлэх. Цагтаа их Явуухуланг багшаа гэж, Чимид, Сүрэнжав, Пүрэвсүрэнгийн шарыг тайлж, Чойномыг шоронд эргэж явсан түүнийг энэ. цагийн бүсгүй голдуу олон арван шавь нар нь “багш” гэхээсээ “ээж” гэж дуудна. Юутай ч тэрээр

Сайхан нүдний тухай олон шүлэг бичсэнсэн
Санаандгүй ийм нүдтэй харц тулгарна гэж бодсонгүй /”Сэтгэлийн чавхдас”/

гэсэн эгэл жирийн хирнээ хэний ч сэтгэлд үлдэж чадах гэгээн тунгалаг мөрүүдийг бичсэн юм.

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ /”Хорвоод ганцхан ээждээ”/

гэж ижийгээ санасан, ижийгээ аргадсан хүн бүрийн мэддэг энэ сайхан дууг Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч С.Оюун зохиосон юм. Тэрээр “Зуун хараацайн жигүүр”, “Цэнхэр хадаг”, “Шаналал, тайтгарал”, “Мянган хээ” зэрэг олон арван шүлгийн түүврээ хэвлүүлж, “Тань руу нүүж явна” кино зохиол, “Санана даа”, “Үнэсье, чамайгаа үнэсье” зэрэг дуунуудаараа уншигч таны танил болсон. Нилээд хэдэн жилийн өмнө хөгжмийн зохиолч М.Булган эгчийн тайлан тоглолтон дээр тэрээр тайзан дээр гараад олон үг ч хэлсэнгүй, харин час улаан өнгийн монгол, торгон цамц бэлэглэж билээ. Нэг л нууцлаг, эрхэмсэг, бас ямар их ялдам зөөлөн бэ. Уулзаад л өнгөрөхөд аядуу зөөлөн төдий л олон таван үггүй юм шиг тэрээр

Гэрэлт навчсын доор чамайг үлдээсэндээ
Гэмших минь бага байна
Хорвоод чиний хайрыг, хонгор чамайг
Хорин салаа мөчиртэй моддын доор орхилоо /”Сарны доор, гэрэлт навчсын доор чамайг үлдээсэн”/
Эргэлдэн бужигнах энэ цасан дор
Нэгэн жим баларч нэгэн жим сэргэнэ /”Зуун хараацайн жигүүр” түүврээс/
гэж бичсэн нь цаанаа л нэг зөрүүдхэн, эрхэмсэг, бас хэзээ ч давтагдахгүй өнгө, зураг байгааг та анзаарна. 1980-аад оны яруу найраг. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн, Ш.Гүрбазар, Ц.Чимиддорж, Д.Төрбат, Б.Батхүү… гээд газар газраас түүсэн өнгө өнгийн чулууд. Харин эдний дунд гоёлын зүүлтний сувдан шигтгээ шиг цөөн хэдэн бүсгүйчүүд байсан нь “радиогийн зөөлөн дуут” гэж олонд танигдсан Бя.Энхтуяа, “Талын гурван улааны” Д.Сумьяа, “Хотын шүлгүүдийн” Р.Гэрэл… “Хараацайн жигүүр” /Ц.Түмэнбаяртай хамт/, “Он цагийн бороо”, “Мөнгөн ордны туулай”, “Зуны дунд сарын Улаанбаатар” зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлсэн Бя.Энхтуяагийн шүлгүүд

Төрийн тээрэмд орсон ширхэг нэгэн арвай
Төмөр цаазыг нь дагасан алтан ургийн Мандухай /”Мандухай”/
зэрэг ухааны ур, утгын гүн бишрэлтэй,

Илбийн хорвоо хүслийн хуриманд урьж
Идэр залуу хос үүлс хөлөглөн одов
Хуур ятга уянгалах цэнгэлийн орны үүд нээгдэж
Хумхийн тоосон дундах ертөнцийн босго ард үлдэнэ /”Зулын хоёр эрвээхэй”/
гэсэн илийг далдаар нууж, далдыг илээр халхалсан адармаатай,

Үүлэн дунд үс задарна дүүжин даажин
Өлмий дор үүлс хоцорно дүүжин даажин…/”Савлуур”/

гэсэн өөрийн ахуй, уянга, орон зай, хөдөлгөөн, цаг хугацаатай байх юм. Монголын эмэгтэй яруу найрагчдын дотроос надад хамгийн ойр байж олон жил эгч дүүс шиг ижилдэж, зовлон жаргалаа хуваалцсан нэгэн эрхэм хүн бол


Талын гурван улаан минь
Тарж нэг, хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг, инээгээд чиг суух шиг ээ /”Нутаг амьтай аав”/

гэж дуулсан “Марал”, “Сартуулын алаг толгод”, “Уул усны зүүд”, “Сэтгэлийн орон” яруу найргийн, “Гэрлийн орон” хүүрнэл зохиолын түүвэр хэвлүүлсэн МҮЧЗХ-ны шагналт зохиолч, яруу найрагч Доржпаламын Сумьяа юм. “үүлэн шатаар шүхэрлэн өгсөхөд үлгэрийн гүнж шиг ариусах”-“Алтан могойтой”, “сэтгэлдээ зурсан сүмбэр”- “Алтайн салхитай”, “амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй”- “Арван гурван ааштай хэрнээ” тэр
Нэхэл сураг нь бүдэг бадаг эрэлчин
Нэхэл замаа хөөж сурлын чигээ атгана …/”Эрэлчин”/
Ийм бүсгүйтэй танилцлаа гэж
Эхнэртээ битгий хэлээрэй… /”Гэрлийн орон” түүврээс/
гэж аргадна. Нэг л сэтгэлд эерүү, бүлээн дулаан байгаа биз. Бас тэрээр нэг удаа “…Нутгаас хүн ирсэн дуулдвал хэрэг болгон очиж уулзан ижийгээ асуумаар, нутаг явж байгаа хүнээр ижийдээ чихэр боов даймаар болдог байлаа. Дэлгүүр хоршоогоор явж, ижийдээ тохирох, зөөлөн, аятайхан амттайг шилж сонгон, түүнийгээ боож ижийдээ өгч явуулж байсан үед хорвоо дүв дүүрэн, ямар их жаргалтай байсныг одоо л ухаарч байна… ” /”Сэтгэлийн орон” номын дурсамжийн хэсгээс/ гэж бичсэн нь надад ч бас ихийг бодуулдаг юм. Харин эдэнтэй мөр зэрэгцэж монголын яруу найрагт “Алтайн цагаан салхи”-тай, “Доомбор”-той орж ирсэн МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр “Хараацайн жигүүр” /Бя. Энхтуяатай хамт/ шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш эдүгээ үргэлжилсэн үгийн зохиол, тэр дундаа богино өгүүллэгийн мастеруудын нилээд тэргүүн эгнээнд жагсах болж “Удган”, “Мэргэнд буусан чоно”, “Согоо суман” зэрэг өгүүллэгийн түүврүүдээ хэвлүүлээд байна.
Хааяа нэгхэн тохиолдох зүрх шаналгасан мөчид
Харуусал гунигт нүдний нулимс бөмбөрөхөд
Би доомбороо авч тоглоно /”Доомбор”/ гэж
бичиж байсан түүнд “Өөлдийн шар баатар”-аас “Уралын тэс мод”-ыг бичих хайр харуусал, үзэн ядалт, хүлээлт магадгүй тэр доомборын аялгуугаар нь хэлмэрчлэн ирсэн байж ч болох юм. Үеийхэн дотроо нийтийн дуугаар нэрд гарч олон сайхан бүтээл туурвисан яруу найрагч бол “Талын монгол айл”, “Гэргий”, “Хан жаргалант минь”, “Хан шувуу” дууг зохиосон Сүрэнгийн Оюунчимэг юм. Мөн энэ үед Ц.Булган “Сэтгэлийн цагаан өргөө”, Ж.Сарантуяа “Учраагүй яваа ханьдаа”, Р.Гэрэл “Хотын шүлгүүд” яруу найргийн номоо хэвлүүлж 1980-аад оны яруу найргийн өнгө аяст өөр өөрийн дуу хоолойг үлдээсэн байдаг. Ийнхүү монголын яруу найрагт хөл тавьсан бүсгүй хүний мөр нилээд тодорхой болж ирсэн 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр



Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай
Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу адуунаас илүү хайртай /”Эрх чөлөө”/,
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад…

хэмээн бичиж бүл нэмсэн “дураараа шар охин” бол Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан юм. “Гүнж аялгуу”, “Гуниг тайтгарал”, “Торгоны маань хээ” гээд түүний яруу найргийн түүвэр болгон өөр өөрийн цаг хугацаа, өнгө будаг, хэм хэмнэлийн илэрхийлэл болж байсан хэдий ч тэр бүхэн нийлж монголын шинэ үеийн яруу найрагт “Хулан хатан”- г харуулж чадсан билээ.
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би-бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг /”Хаврын дуу”/
гэж бичсэн түүний яруухан шүлэг, уянгалаг дуу хоолой, гэрэлт тайз, нижигнэсэн алга ташилт, зөвхөн яруу найрагчийн амьдралаар л амьдрах гэсэн тэр этгээд ч гэмээр хүсэл мөрөөдөл нь түүнийг өөрийхөөрөө байх, өөрийхөөрөө үлдэж чадах тийм өндөрлөгт хүргээд, бас араасаа тийм зүрх сэтгэлт нэгэн үеийн олон бүсгүйчүүдийг дагуулсан гэж би бодном. Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Х.Тэргэл, Б.Сарантуяа, Б.Батрэгзэдмаа, А.Байгалмаа, Ж.Батцэцэг, Н.Амаржаргал, Л.Өлзийтөгс, Р.Энхтуяа…гээд бид нэг үеийхэн. Ёстой “толгойтой бүхэн мөнгө бодож, торготой нэг нь хоргой зүүдлэх” хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн зах зээлийн ороо бусгаа 1990-ээд оны яруу найрагчид. “Нүүдэлчний гандсан тэрлэг шиг талынхаа үдшийг хайрладаг”, хөвөнтэй дээлтэй Б.Ичинхорлоо Өвөрхангайгаас ирж, “Болор цом” наадмын тэргүүн шагналыг 2 жил дараалан “тууж”, “шуурга дэгдээв”.
Бүхий л төрөлд хувилж үзмээр санагдаж
Бүдэрсэн газрынхаа шороонд хайртай болчих юм…
Шулга шувууд үлгэр хэлэлцдэг талын охин би
Шуугиант хүслээ хэрсүү үгсээр хазаарлахгүй ээ.. /”Өчил”/

гэж бичиж байсан тэрээр “Гэгээн зүг”, “Оршихуйн чинад” шүлгийн түүврээ хэвлүүлж, МЗЭ-ийн шагналт зохиолч болжээ. Мөн тэр жилийн /1990 оны/ “Болор цомд” сурагчийн формтой хэвлүүхэн охин ирж шүлгээ уншсан нь Дорноговийн Гомпилдоогийн Мөнхцэцэг. Арлааны Эрдэнэ-Очир, Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат бид хэд Цээеэ багшийн дугуйланд явж, тэр үед Г.Мөнхцэцэг
Сэм сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь
Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ
Нарны алтан утас бүхлээрээ шургаж багтамгүй нүхээр
Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна /”Харц”/
хэмээн уншиж тухайн үедээ нэг хэсэг л шуугиулж орхисон. Нэг ангийн гурав нийлж /А.Эрдэнэ-Очир, Ш.Энхбаяр хоёртой/ “Бэхэн цэнхэр өдрүүд” номоо хэвлүүлсэн нь бид хэд дотроо анхны ном болж байсан бол 2000 онд гаргасан “Сэтгэлийн анир” номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн билээ.
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн үнгэлээ гэвч
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг /”Залуу явахад”/

гэсэн гэгээн тунгалаг мөрүүд Хулганайн Тэргэлээс,

Санд мэндхэн ирж, өдөр хоног энгэр задгай одно
Ñалхи сандруухан залгиж зэгс цоорын аялгуу гаргана /”Намрын шүлэг”/
гэсэн байгалийн уянгын зураглалууд Ж.Батцэцэгээс,

Хамгийн сүүлд бид хэзээ уулзах бол
Хайрын үг үнэндээ хэлэх болов уу /”Гүнжийн нулимс” шүлгийн түүврээс/
гэсэн эмэгтэй хүний зөөлөн зөн мэдрэмж Н.Амаржаргалын шүлгүүдээс

Зоргоороо зоргоороо байж
Зуун шөнө уйлж
Зуун шөнө дуулж болох
минь чамайг
Зүүдэлж л хүлээсэндээ би /”Гэсгээл мэт эрх чөлөө”/
гэсэн догдлол, хүлээлт, бас хэзээ ямагт мөрөөдөх, магадгүй хэзээ ч үл ирэх ертөнцийн хуран үймээнээс ангид тийм эрх чөлөө Б.Ганчимэгийн шүлгээс тус тус энэ үеийн яруу найргийн шигтгээ болж үлдсэн юм. Харин үеийхэн дотроосоо А.Байгалмаа “Санасан шүү, чамайгаа”, “Явлаа гэж чанга битгийн хэлээрэй” гэх зэрэг олон сайхан уянгын дуугаараа нийтийн дууны урлагт танил болж яваа бол
Язгууртны сүр тэнэж байна
Олны дунд дарсны мухлагт
Онцгой содон байна /”Хааны удам”/

гэж бичсэн Б.Батрэгзэдмаа маань “Шүлгүүд” түүврээ хэвлүүлсний дараа “Дурласан хүн”, “Хорионыхон” зэрэг олон сайхан драмын жүжиг, абсурд драм бичлээ 1990 ээд оны яруу найрагт нилээд өөр өнгө аясыг бий болгосон яруу найрагч бол Л.Өлзийтөгс. “Тэргүүн бүлэг”, “Тэнгэрт ургадаг модод”, ”Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном”, “Ганцаардлын дасгал” зэрэг яруу найргийн, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” хүүрнэл зохиолын түүвэр тус тус хэвлүүлсэн. 1990 ээд оны дунд үеэр бичсэн түүний

Хаалгаа нээж болохгүй шүү
Тэнд миний
Ýнэ агшин, энэ ертөнц л чинийх
Энгэрт чинь шургаад нүдээ нуун
Харин чи надаас
Хаачсаныг минь бүү асуу …
Үүдээ нээж болохгүй шүү
Үнэн дүр минь тэнд үлдсэн…
гэх нь энгийн бас их чөлөөтэй, хэтэрхий хувь бодгаль шинжтэй ч юм шиг.

Тасарсан үсээрээ би ширээн дээр
Танил А үсгийг бичив
Энэ үсгээр ямар үг бүтээж болох вэ
Аав… Аюур… Амьдрал… Алс…
Буй биеэр минь ямархан нэгэн хайр
Буцлах мэт оргилоод л ирэв
Хамгийн сайхан үгс
Хамгийн эхний үсэг
Хайрт минь би нээлт хийлээ
Хорвоог эр хүн бодож олжээ /”А”/
Энд өгч байгаа бодомж нь их энгийн мөртлөө тэндээс гарч байгаа идеа, шийдэл нь бусдаас нэн өвөрмөц юм. Ийнхүү монголын шинэ үеийн яруу найрагт өөр өөрийн өнгө аясыг үлдээсэн үе үеийн эрхэмсэг бүсгүй найрагчдын тухай цөөн мөрөөр өгүүллээ. Бид яагаад шүлэг бичнэ вэ? Чухам яагаад өөр хэн нэгэн биш, заавал бид гэж…

Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ /Л.Өлзийтөгс “Би яагаад”/
“Бүсгүй хүн гэдэг энэ орчлонгийн бүх дууг дуулаад дээр нь бүүвэйн дууг нэмж дуулдаг” гэж яруу найрагчийн дуун алдсанчилэн бид бүүвэйн дуун дээрээ бүгдийн өмнөөс орчлонгийн зовлон жаргалыг нэмж дуулах хувьтай ажээ. Чухам үүний тулд өчүүхэн би энэ тэмдэглэлээ
Эм хүний энгэсэг шунх
Эмх цэгцгүй бичгийн ширээ
Энд тэндгүй хөглөрөх хуучин ном
Эрх чөлөө минь хайр минь
Ýрт эдүгээгийн их хүсэл минь…/”Эрх чөлөө”-Буйд газрын шүлгүүд номоос/

гэсэн шүлгийн мөрөөр төгсгөе.
Эгшиглэнт Охин тэнгэр ивээлээ хайрлах болтугай.

"утга зохиол урлаг" 2006 он. 3 сар

Шинэ номын нээлт

Бидний мэддэггүй О. Дашбалбар

Эртний уран зохиол судлаач доктор, дэд профессор, яруу найрагч Х.Сүглэгмаа ХХ зууны Монголын нэрт зохиолч, яруу найрагч, улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, цогтой эх оронч, үндэсний шилдэг сэхээтэн, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар багшийнхаа тухай нэгэн гайхалтай ном гаргажээ.Энэхүү номонд бидний мэддэггүй олон зүйл багтсан төдийгүй олон хүний эргэлзээг тайлсан нэн сонирхолтой ном болсон хэмээн энэ чиглэлийн мэргэжлийнхэн ч хэлж байна. Зохиогч, суут багштайгаа холбоотой бүхий л зүйлийг хүүхэд наснаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, нас барсан тухайд дахь Засгийн газраас томилогдсон эмнэлгийн комиссын магадлагааг хүртэл энд баримтаар нь тавьж, мөн зохиолчийн өөрийн зүгээс болон тухайн үед хэн бүхний сэтгэлд байсан эргэлзээ тээнэгэлзлэлийг ч нуулгүй өгүүлсэн байна. Хуучин АИХ-ын чуулганы холбогдолтой, УИХ-ын чуулган дээр хэлж байсан үг, тэдгээрт холбогдох архивын олон баримт материал, хүмүүсийн аман яриа дурсамж мөн үе тэнгийнхэн болоод найз нөхөд гэргий, аавдаа бичиж байсан захидал, өдрийн тэмдэглэл, жирийн уншигчийн захидал гээд энэ номын судалгааны эх хэрэглэгдэхүүн үнэхээр баялаг. Мөн номонд ганцхан О.Дашбалбарын хувийн амьдралын түүхийг өгүүлээд зогсоогүй тухайн үеийн нийгмийн олон асуудлыг хөндөж үнэхээр Х.Сүглэгмаа бол монголын эртний уран зохиолоор мэргэжсэн, хуучин уран зохиолын баримтыг түшсэн, эх бичиг сурвалж судлалын нямбай судалгаа хийж, урьд нь олон сайхан ном хэвлүүлсэн хүний хувьд судалгааны нарийн арга техник, зохиолуудыг онол сэтгэлгээний хувьд үнэлсэн үнэлгээ, тэдгээрийн уялдаа холбоог гаргасан нотолсон зэрэг нь орчин үед дэлхий нийтийн утга зохиол судлалын нэг гол асуудал болоод байгаа зохиогчийн лаборатори судалгааны түвшинд хийгдсэн сайхан ном болж гэдгийг номын нээлтэнд ирсэн олон эрдэмтэд, зохиолчид өгүүлж байлаа. Монгол улсын төрийн шагналт, ардын уран çîõèиолч Ø.Сүрэнжав, төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол, П.Бадарч, З.Дорж, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Ц.Хулан гээд монголын үе үеийн яруу найрагчид энэ номын тухайд нөхрийн өмнөөс хэрхэн баярлаж байгаагаа нууж эс чадан сэтгэл хөдлөн өгүүлж байгааг бид харсан. “Очирбатын Дашбалбар” номыг сонирхсон хүмүүс Монголоор зогссонгүй. Гадаадад суугаа монголчууд, мөн харь орны монголыг сонирхдог нэрт орчуулагч, яруу найрагчид хэдэн орноос ном явуулах хүсэлт тавьж, мөн “Монголыг зөвхөн О.Дашбалбараар мэддэг” гэсэн зурвас ч хүртэл ирсэн байгаа нь бидний хайртай яруу найрагч монголын сод, эх оронч хөвгүүнд монголын төдийгүй яруу найрагт шимтэн бишрэгч олон орны хүмүүс хичнээн их хайртай байсныг бид “Интерном” номын их дэлгүүрт болсон номын хуриман дээрээс анзаарч өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Үнэхээр монголчууд олон сод хөвгүүдтэй. Тэдний нэг нь О.Дашбалбар. Харин түүнийг хүн бүхэн таньж мэддэг юм шиг санагдах боловч, бид энэ хүний тухай ямар их зүйл мэдэхгүй байгаагаа энэ номыг уншаад өөрийн эрхгүй мэдрэх болно.



сурвалжилсан: З.Мэндсайхан

3/02/2009

lEADERS. 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.


lEADERS. 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.



Х.Сүглэгмаа “Ижий говь” наадмын тэргүүн шагналыг хүртэх үеэр 2007. III сар

Х.Сүглэгмаа: Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг авч үлдэж чаддаг байх хэрэгтэй.

Улаанбаатарын Их Сургуулийн Магистр докторант хариуцсан мэргэжилтэн доктор /Ph.D/, дэд профессор Хургаагийн Сүглэгмаа “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр яруу найргийн “Мөнгөн цом”, “Алтан дигбаранз”, “Ижий говь” наадмын тэргүүн шагналыг хүртсэн билээ.

-Хүний төрж өссөн газар орон өөрийг нь ямар нэг хэмжээгээр тодорхойлох нь бий. Энэхүү ярилцлагаа өөрийн чинь төрж өссөн нутаг усны тухай яриагаар эхэлбэл ямар ва?
Би Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн. Ханбогд хайрхан, Галбын хөх уулс, Алаг баянгийн хөндий, алсаас хөхөртөж харагдах Номгон хайрханыг түшиж өссөн гэж болно. Хүн орон газрыг олж төрнө гэдэг нь хувь зохиолоор болдог юм гэнэлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Монголын газар нутгийн энгэр хормой, тэгэхээр эх орныхоо энгэр хомойд эрхэлж өслөө гэж ярих гоё байгаа биз дээ. Манай нутагт одоо хавар болж байгаа говийн намхан толгодод хаврын униар татчихсан, бүр алдлаад авмаар ойрхоноос энүүхэн хамрын дороос униартаад л жаахан холдвол усан зэрэглээ гүйгээд л, хаа нэг цагаан хуй босоод л дөнгөж ботголсон ингэ зэлнээс холдохгүй гунганаад л ямар өр зөөлөн гээ. Монголын хавар бараг говиосоо л эхэлдэг байх. Говийн ноён хутагтын бишрэн шүтэж байсан Галбын хөх уулс, ноён гэгээний байгуулсан Дэмчиг, Эрээт, Цагаан толгойн хийд, одоо амьтан болгоны сүнс нь хоргодох шахаад байгаа Оюутолгойн чинь чулуугаар тоглож, бараг нөгөө алтыг нь ботго малын хойноос шидэж өссөн байх аа даа.

-Яагаад ч юм бэ би өөрийг чинь Дорноговийн хутагтын нутгийн найрагч бүсгүй гэж боддог байсан. “Хутагтын цэнхэр нутаг” өөрийн тань ажил амьдрал, хувь тавиланд онцгой нөлөө үзүүлсэн болов уу?

Миний “Хутагтын цэнхэр нутаг” гэж дуу байдаг юм. Аяыг нь одоо энэ их нэрд гараад байгаа хөгжмийн зохиолч Сэр-Од маань нилээн олон жилийн өмнө хийсэн. Мэргэжлийн түвшний сайхан дуу. Ноён хутагтын 200 жилийн ойн хүндэтгэлийн концертод дуулагдсан. Олон дуучин би ч дуулая, надад өгөхгүй яасан юмбэ гэж тэр үедээ булаалдаж байсан. Нэг их олны дунд найранд дуулаад байхааргүй дуу учраас хүн мэддэггүй болов уу. Хутагтын цэнхэр нутаг өгөөжөө өгсөн сайхан нутаг шүү. Өмнөговьд төрж өссөн ч, миний амьдралын нэг сайхан үе Дорноговьд оюутан байсан тэндээ гэр бүл болсон, хүү маань тэнд төрсөн, амьдрал, уран бүтээлийн хамгийн сайхан найзууд минь энэ нутаг усанд л уулзсан. Хэдхэн жил хамт ажиллаж байсан Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гэхэд л тэр нь энэ нь гэлтгүй ах дүү шиг олон жилийн анд нөхөд болсон сайхан улс байна даа. Яруу найрагт хөтөлсөн анхны багш маань Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Хандын Цэрэндорж. Багш маань одоо ч тэр нутагт сууж байна. Хүмүүс намайг Дорноговийнх гээд, Өмнөговийнхон тэрийг нь сонсохоороо бас дуртай биш, ямар сайндаа манай дүүгээс “Танай эгч чинь ер нь өөрөө Дорноговийнх гэж явдаг уу, Өмнөговийнх гэж явдаг уу” гэж асуусан гэсэн.

-Та бол 90-ээд онд монголын яруу найрагт хүч түрэн орж ирсэн цөөхөн эмэгтэй найрагчдын нэг. Яруу найргийн их өргөөнд анх хөл тавьсан тэр үе, энд хөтөлж хөглөж ирлэж хурцалсан хүн хэн бэ?

Би 1984-85 оноос шүлэг бичиж эхэлсэн. 1988-89 онд Дорноговь аймгийн тэр үеийн аймгийн төв номын санд байнга сууна. Тэгээд л гэртээ шүлгээ бичнэ. Хэнд ч уншихгүй. Тэр үед Дашбалдан ах, Цээеэ багш хоёр Дорноговийн шүлэг бичдэг залуусыг аймгийн “Ялалт” сонин дээр долоо хоног болгон цуглуулдаг байж л дээ. Тэгсэн Ө.Отгон гээд нэг Дорноговийн яруу найрагч залуу намайг шүлэг бичдэг ийм хүн дандаа номын санд суудаг их уншсан хүүхэд энэтэр гэж тэдэнд яриад, нэг удаа өөрөө намайг дагуулж очсон.
А.Эрдэнэ-Очир, А.Лхагва бид гурав үеийнхэн дотроо гурван говийнхон гэж хэлүүлэх дуртай.
Билний хэдэн нөхөд манай нутгийн Гурван сайхан ууланд. 2006 он
Тэгээд 1989-90 онд Эрдэнэбат, Эрдэнэ-Очир энэтэртэй уулзаж шүлгээ уншаад Цээеэ багшийнхаа шавь болсон доо. Уран бүтээлийн замд хөтөлсөн яруу найргийн анхны багш маань Цээеэ багш. Дорноговийн бүх л яруу найрагчдын багш даа. Эдний дунд ороход бол би бүх үе тэнгийхэн тэдний өмнөх үеэ уншчихсан учраас уран бүтээлийн эртний танил анд нөхдүүд болчихсон дороо л зан зангаа авалцаад төдийгөөс өдий хүртэл нөхөрлөж явна даа.

-Анагаахын салбараас утга зохиолд “урвасан” улмаар алдар хүндийн оргилд хүрсэн уран бүтээлч манайд цөөнгүй бий. Та ч мөн адил. Энэ шийдэл яаж гарав?
Хүний яг унаган өөрийн юм гэж байдаг байх. Зарим нь яахав авьяас ч нөлөөлдөг л гэж хэлдэг. Би Анагаахад онц сурдаг оюутан байлаа. Сургуулиа онц төгссөн хүн шүү. Тэгээд маргааш нөгөөдөр улсын шалгалт болно гэж байхад номын санд уран зохиол уншаад л сууж байдаг. Манай ангийхан уурлаад “чи ер нь хаашаа юмбэ, өөрөө мэддэг юм бол бидэнд тусал л даа. Эсэн бусын юм хараад суучих юм” гэцгээдаг байсан. Төгсөөд 3 жил болж байж тэр үед конкурс өгүүлнэ, бас групп солиулахгүй гэнэ, Дорноговийн Эрүүл мандийн газрын дарга байсан Цэдэн-Иш гуай дээр “Монгол судлал уран зохиолоор сургуульд явна, конкурс өгнө” гэж бас хэд дахин орсон доо. Тэгээд л аз таарч нэг юм явсан. Хууль дүрэм нь ч өөр болсон байх. Одоо болтол Цэдэн-Иш гуай “айхтар шаргуу, нэг хандсан зүгээсээ ухардаггүй, хүүхэд байсан юм” гэж ярьдаг гэсэн. Цээеэ багш /Х.Цэрэндорж/ маань би ингээд сургуульд мэргэжлээ солиод явмаар байна гэсэн “Зөв миний хүү, энд байгаад л байвал насаараа л болж байна гээд сууна шүү. Та нар залуу улс явах хэрэгтэй” гэж дэмжээд бид хэд чинь 1994 онд Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир, А.Байгалмаа, Г.Мөнхцэцэг гээд цугаараа зарим нь оюутан, зарим нь ажиллана гээд хотод орж ирж байсан юм.

-Очирбатын Дашбалбар гэж тэнгэрлэг найрагч анхны номын чинь өмнөтгөлийг бичсэн байдаг. Энэ хүнтэй яаж уулзав?

Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургуулийг 1992 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль гэдэг шиг дорнын боловсрол олгодог ийм сургуультай болно гэж тэр үеийн Гэгээрлийн яамнаас байгуулаад монголын утга зохиолын хамаг томцуул хүч анхаарал тавьж тэр сургуульд хичээл заадаг байсан юм. Биднийг 2-р курст ордог намар О.Дашбалбар хичээл орно гээд л бид хүлээгээд л...Багш маань тэр үед залуухан шүү дээ. Тас хар халимагтай, гялалзсан нүдтэй, хүрэн савхин дээлэн дээр улбар шаргал ороолт унжуулсан, дотуураа лам маягийн шаргал цамцтай гартаа жижиг жижигхэн бөөртэй бор эрих зүүсэн жаахан шулга ч юм шиг ярьдаг тийм хүн орж ирээд л, Пушкин, Лермонтов, Евтушенког дуржигнатал оросоор уншаад л эхэлсэн. Хичээлийн эхний өдөр бидэнтэй танилцаад “Сүглэгмаа” гээд нэрээ хэлсэн чинь “Өө чи нөгөө Дорноговийн нөхөр байна шүү дээ. Би чиний шүлгийг “Зохист аялгуу” сонинд хэвлүүлж байсан юм байна” гээд л Цээеэ багшийн шавь гэсэн чинь “танай багш бол гайхамшигтай хүн шүү дээ. Муусайн гөлөгнүүд минь”. гэж байсан. Ухаан алдатлаа айна бид нар чинь багшаас. Тэр үед манай ангид дандаа монголын мундаг доктор профессорууд хичээл ордог, бараг ганц цолгүй нь л манай Дашбалбар багш. Бид нар оюутан л юм чинь багш нарыгаа тэрийг тэд өдөн минут хүлээнэ гээд цаг тогтоочихсон хэрнээ харин Дашбалбар багшийг бол өдөржин ч байсан хамаагүй хүлээнэ. Үнэхээр биднийг яруу найрагчийнхаа хувьд ч, багшийн ур чадвар, тэр уран зохиол гэдэг юмыг хүнд хүргэх чадлаараа гайхуулдаг байсан даа. Хүнд хувь тавилан гэж байдаг байх. Хамгийн анх Цээеэ багш маань төвөөс том зохиолч нар ирсэн гэж Ш.Сүрэнжав гуай, Ж.Бямбаа гуай хоёрыг Дорноговьд очиход нь /1989 онд байх аа/ уулзуулж, тэр хоёр миний шүлгийг авч ирж Дашбалбар багшид өгч, төвийн том хэвлэлд гаргуулсан байдаг юм. Их билэгшээлтэй.

-Улс орон тэр чигээрээ зах зээлд шилжиж, шинэ нийгэмд хөл тавьсан үеийн оюутан. Хөдөөнөөс их хотод шилжин ирээд суурьшин төвхнөх хөлөө олж амьдарна гэдэг тийм ч “зөөлөн боорцог” биш дээ.

Хөдөөний бид нарт тэрэн шиг хүнд юм хаа байхав. Хамгийн анх 1994 онд оюутан болно гээд нөхөртэйгээ 2-уул хүүгээ хөтлөөд халаасандаа хорьхон мянган төгрөгтэй вокзал дээр бууж байлаа. Авга ахындаа очиж чемоданаа хэдэн хайрцаг номтойгоо тавьчихаад нэг найзындаа очсон чинь тэр хоёр маань бөөн баяр болж тосоод тэдний хашаанд тэр үеийн яслийн хүүхдийн хувцасны шкафний модоор барьсан зуны байшинг нь бид хоёр дотор талаас нь цаас наагаад, гадна талаас нь шар шавраар шавардчихаад зуух тавиад өвөлжиж билээ. Өглөө босоод ирэхэд гоожууртай ус тэс хөлдсөн байна. Шандад бид гурав чинь 4-5 өрөөтэй тансаг байшинд амьдарч байсан улс шүү дээ. “Юм юм л бодогддог байсан” гэж нөхөр маань одоо ярьдаг юм. Мөн уужуухан хүн шүү. Би бол бодож байгаа ч юм байхгүй. Нэг их ном үзнэ л гэж мөрөөдсөн хүн. Тэр байшинд миний 1990-ээд оны яруу найргийн хамаг найз нар Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Ц.Бавуудорж, Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир гээд л цуглаж шүлгээ уншина, халуу дүүгтэл хөхрөлдөж байгаад л шпрот шиг чигжээд, бөөр бөөрөндөө наалдаад л унтаж өгнө дөө. Тэгэхгүй бол шөнө даарна. Ямар ч гуниггүй, яасан ч их аз жаргалтай байсан юмбэ дээ. Бас архи уух санаатай нөгөө хэд чинь. Ямар л олигтой юм байх вэ дээ, Хармаг дараад нэг их гоё бараг коньяк болдог байхгүй юу. Нөгөөхөө шавхаж уучихаад л халуун ус хийгээд 2-3 хоног таглаад гар хүрэхгүй хадгалж чадвал дахиад л гоё исчихнэ, тэрийг нь хүлээх л чухал шүү дээ, Тэрийг уухаар шүд ам нэг хэсэгтээ хөх цэнхэр туяатай болчихно. Болд-Эрдэнэ инээгээд л “За одоо намайг муу юм болохоор хүн харчихаад л “нөгөө Болд-Эрдэнэ чинь бүр архинд ороод, чернилээ уудаг болчихож гэнэ дээ” гээд л пижигнэтэл хөхрөлддөгсөн.

-Хамгийн ихээр хайрлаж, биширч явдаг сайхан хүмүүсийн талаар яриач?

Ижийгээ аавыгаа хань ижлээ үр хүүхдээ, эргэх дөрвөн улирал шиг эрх дөрвөн дүүгээ, тэвчээрийг минь барагдтал элдэвлэж амьдрах этгээд нь дэндсэн хэдэн найрагч андаа гээд энэ орчлонд хайрлах биширч сүслэх хүн олон байна даа. Маш эгэл жирийн нэг хүний тухай ярья. Миний нагац эгч Сүрэн гэж ганц бие хөдөөний малчин хөгшин байсан юм. Юу ч мэдэхгүй 2-3 дугаар ангид байхдаа л тэр эгчдээ ”Хүлээс алдарсан нь”, “Дөчөөд оны жавар” гээд монголын сайхан зохиолуудыг уншиж өгнө. Нэг удаа Шолоховын ”Дөлгөөн Дон”-ыг уншиж байгаад хоёул Аксиньяг өрөвдөөд уйлчихсан. Бас хэний ч билээ дээ “Хуягийн хувь заяа” гэдэг зохиолд нэг ядуу тэнүүлч өнчин хүүгийн тухай гарна, бас л хоёулаа албатай юм шиг уйлалдаад л уншдагсан. Геологийн хайгуулчид гээд машин унасан аймаар сахалтай улсууд олон олноороо давхилдах. Тэд бид хоёрыг усан дээр байхад ч юмуу ирээд хамаг юмыг минь хуурайлж идээд, эгчийн минь хэдэн сар хураасан сайхан үхрийн нэрмийг шар тос хийж бүгдийг нь халааж уугаад аяга тавгаа жимбийтэл угааж тавиад явна. Нэг гэм нь хэдэн номыг минь хулгайлж аваад явчихна. Тэрэн шиг том эмгэнэл байхгүй. Хоёулаа уншиж дуусаагүй байсан номоо цаашаа ер яах бол гээд л яриад л байх. Эгч минь их сайхан цээжтэй. Намайг ус руу ч юмуу эзгүй яваад ирэхэд радиогоор сонссон сайхан сайхан зүйлээ нэгд нэгэнгүй ярьж өгнө. Тэр үед гадаадын сонгодгуудыг радиогоор их сайхан уншдаг байсан юм. Эгч Достоевскийг “ёстой-евский” Толстойг “тоостой” л гэнэ, тэднийг нь би за тэр гээд л ойлгоно. Харин Горькийг Максим гэж ирээд л бүтэн нэрээр нь дуудна. Хэрдээ л мундаг хоёр хүн яриад байна даа. Үгүй мөн их ном уншдагсан. Монте кристо гүнийг “их буянтай хүн” гэж ирээд л ярина. Эгч бүтнээр нь зохиолыг нь уншаагүй, би ярьж өгсөн юм. Бид хоёр их ном уншсан даа.

Аав ээж хоёр Сүрэн эгчийн хамт

Би арван зургаа долоотой байхдаа номын дэлгүүрт ороод миний уншаагүй ном харагдвал их гайхаж заавал авч үздэг тэгж их уншдаг байсан. Номтой эрдэмтэй олон хүний дунд явлаа, гэхдээ л номонд тийм дуртай байсан нагац эгчийгээ одоо дандаа боддог юм. Тэгээд тэр номонд гарч байгаа хүний зовлон жаргалыг яг тэр амьдралаар нь сайхан олон талаас нь надад тайлбарлаж хэрэндээ л хоёулаа тэр номын баатруудтай зовлон жаргалыг нь хуваалцдаг, тэр нь арван хэдхэн насанд минь ямар их ухаарал, уян зөөлөн сэтгэлийг надад өгч байгаа вэ дээ гэж боддог юм.

-Та бол эртний сонгодог найргийн утгын гүн ухааны цээлээс “үгийн” шидийг судалж, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Үгийн ид шид хувилгаан хүчний талаар сонин бодолтой явдаг байх даа

“Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл” сэдвэýр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан энэ судалгааны чиглэлээр хоёр ном гаргасан. Цаашид ч хийх юм их бий. Монголчуудын үгийн сэтгэлгээний уламжлал гэж гайхамшигтай юм байна. Ялангуяа эртний үг зохиолын дурсгалуудыг анхааралтай үзэх хэрэгтэй. Агванхайдав, Агван-Ишсамбуу, Агвандампил, хуульч Сандаг дандаа шашныг шинэтгэх, нийгмийн бусармаг элдэв зүйлийг шүүмжилсэн зохиолуудаа үгийн хэлбэрээр бичиж байсан байна. Энэ талаар хэдэн өдөр ярьсан ч барагдахгүй их юм бий.

-“Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ, Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ” гэсэн таавар битүү дууны тухай хүн болгон л ярьдаг...?.

-“Бурхнаас нуусан амраг” гэсэн нэртэй шүлэг номон дотор маань байсныг анх Д.Цоодол ах “Өнөөдөр” сонинд хэвлүүлж л дээ. Тэгээд Завханы Бямбадорж авч ая хийгээд, Наранхүү дуулсан. Наранхүү дуулахдаа над дээр ирж би таны энэ дууг дуулах гэж байна гэж хэлсэн. Харин Бямбадорж бид хоёр одоо ч нүүр тулж танилцаагүй байгаа шүү дээ. Уран бүтээлийн сайхан найзууд болсон л доо. Хүн болгон элдэв эзэн оноогоод бүр зарим хүн надад зориулсан дуу ч гэж ярьж л байна гэсэн. Гадаадаас хүртэл хүмүүс захиа бичиж байсан, тэр үед ирсэн сэтгүүлч болгон л эзнийг нь нэхээд байсан. Би өөрөө ч мэдэж байгаа юм алга. Яахав, хүний зүрх сэтгэлд хүрсэн үнэн дуу юм байна даа л гэж хайрладаг юм. Хүн болгон л хайрлаж дурлаж байх боловч яруу найрагчийн хайр сэтгэл, тэр нь шүлэг зохиолдоо бичигдэхлээр хүмүүст нэг их өөр сонирхолтой зүйл болж хүн болгон л тэрийг хэн юм бол гэж сураг тавьж байдаг юмуу даа. Гэхдээ манай монголын ард түмэн чинь хачин эрхэмсэг дотоод оршихуйтай, дотоод мөн чанартай ард түмэн шүү дээ. Энэ утгаараа яруу найрагчдын шүлгээ зориулж явсан хүмүүст ард түмэн маш хүндэтгэлтэй хандаж, бүр үлгэр домог шиг ярьж байдаг нь нэг бодлын гоё ч юм шиг.

Буйд газрын шүлгүүд номыг чинь үзэж “Гүнж цагаан саран дор” гунигласан, санааширсан, хачин амтлаг хайрын шүлгүүд, хөдөө буйд, эх нутаг, элгэн садан газар шорооны тухай шүлэг ч цөөнгүй бий. Эх нутаг энэ монголын маргаашийн тухай таны үгийг сонсмоор байна.

Хүн болгон өөрийнхөө хийх ёстойг хийж үзэх л ёстойгоо үзэж, түүгээр нь монголын хувь тавилан монголын нүүр царай харагдана гэж боддог юм. Бүгдээрээ эрдэмтэй байх гээд, бүгд дээд сургуульд сурах гээд бүгдээрээ баян болох гээд, миссийн тэмцээнд орох гээд байх юу байх вэ. Гуталчин нь гутлаа сайн хийе, малчин нь малаа сайхан өсгөе, ядуу нь ядуугаараа, залхуу нь залхуугаараа л байя. Хэн яаж байвал аз жаргалтай байна, тэрүүгээрээ л байя. Тэгээд л болоо. Бүх юм өөр өөрийн жамтай. Өт хорхой ч тэр. Харин монгол үндэстэн гэдгийгээ л хэзээ ч мартаж болохгүй. Үндэстэн бүрт өөрийн үнэт зүйл байдаг. Бас хувь хүнд ч өөрийн үнэт зүйл гэж байдаг. Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг л ямагт авч үлдэж чаддаг байх хэрэгтэй. Тэр л аугаа их үндэстэнийг, аугаа их эх орныг бий болгодог гэж би боддог шүү дээ.

-Хавар болж байна... Урь унаж ус гэслээ. Нутгаа их санаж байна уу?

Ямар зүг байх вэ. Одоо ч гараад шууданд суугаад ч хамаагүй л явчихмаар байна шүү. Би чинь хачин их гэр амьтай, бүр нутаг амьтай, Аав ээжийгээ, хэдэн дүү нараа, Баянсухайн хонхор, хэдэн сондуулаа, хачин их санана. Дургүй хүрвэл нэг өглөө босоод л тэр ажил энэ тэрийг чинь хаячихаад нутаг явчихаж мэднэ. Тоох ч үгүй. Юунд ч баригдаж хоригдохоо мэдэхгүй хачин хүн шүү. Багаас жаахан дураараа өссөн юм шиг байгаа юмаа.

- Нээрэн багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Олон дүү нартай юу?

Багадаа их урт, тахимаа шүргэсэн урт гэзэгтэй, намхан шар охин байсан гэсэн. Бас “их үгтэй” хүүхэд байсан гэж нутгийхан шоолдог юм. Гэрт байсан буу алга болоод хүргэн ах маань “буу яачихав? Та нар харав уу” гэсэн чинь би “хаяагаар гардаггүй юм бол хаалгаар л лав гараагүй дэг” гэсэн гэж байгаа. “Гэзэг шидлээд гүйж байдагсан та хоёр” гээд манай охин дүү бид хоёрыг хүмүүс тэгдэг юм. Би чинь ээлжлэх дөрвөн улирал шиг, эвийн дөрвөн шагай шиг, энэ ертөнцийн дөрвөн зүг шиг элбэрэл тэгш дөрвөн дүүтэй, ээх наран шиг эх орон шиг ганц эгчтэй хүн дээ. Хүнд эцэг эхийн ачлал, эцэг эхийн буян гэдэг цаглашгүй юм байна. Миний ижий аав биднийг бүгдийг нь хоолонд хүргээд дээр нь, миний дөрвөн дүү одоо намайг ижий аав шиг минь, өөрсдөө намайг төрүүлсэн юм шиг л асарч тойглож байдаг юм. Урд насандаа гайгүй юм байсан юм байлгүй, энэ цаг үед дундуур дүүрэн сайхан л амьдарч байна даа

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

Энэ онд яруу найргийн нэг шинэ ном гаргана. Судалгааны хоёр ном одоо овоо л дөхөж байна даа. Нэг нь Дашбалбар багшийн намтар уран бүтээлээр нэг сэдэвт зохиол маягийн юм хийе гээд одоо бараг ихэнцэлж байна. Бас чадвал оны сүүлээр дан хайрын шүлгийн “Амраг сарны аялгуу” эмхэтгэлээ гаргана. Тэр бол англи орчуулгатай шинэ үсгээр, бас монгол бичгээр, нилээн өвөрмөц маягийн ном байх болов уу.

-Ингэхэд чиний хамгийн үнэтэй эд баялаг юу вэ? ямар бэлгэнд дуртай вэ?

Хамгийн үнэтэй хөрөнгө маань миний толгойд байгаа гэж боддог. Ямар ч гал усны аюул, дайн тулаанд үрэгддэггүй, хэн ч булааж авч чадахгүй тэр үнэт зүйл бол миний өчүүхэн ч болов авьяас, түүнийг хөгжүүлэхсэн гэж олж авсан бага ч болов эрдэм боловсрол, хэзээ ч хэний ч төлөө өөрийн дураараа зарцуулж болох хүнлэг сэтгэл хүн чанар, тэгээд хэдэн шүлэг минь л үлдэх байх даа. Бас би чинь хүүтэй хүн. Хүү маань мөрөөдөөд л гоё гоё юм яриад л бид хоёр тэрийг нь хараад л сууж байдаг юм. Жаргалтай шүү.

-Нээрэн яруу найрагч хүний амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

Үнэлж л чадвал үнэгүй юм гэж юу байх вэ? Амьдад нь ганц шүлгийг нь ч тоолгүй насаар нь гуйлгачин явуулчихаад үхсэн хойно нь алдрын титэм өмсгөсөн олон найрагчийн түүх дэлхийд байна шүү дээ. Монголын ард түмэн бол харьцангуй оюунлаг, үндсэрхэг, өөр өөрийн дотоод үнэлэмж буюу “би”-ийн үзэл өндөртэй ард түмэн, тэдэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг өөрөө их үнэт зүйл юм шүү дээ. Энэний төлөө л бид хамаг залуу насаа үрээ биз дээ. Гэхдээ тоогдох гэж хэдийгээр бичихгүй ч гэсэн яруу найрагч гэж намайг таньж, хүндэлж бишрэх, олны хайр хишиг гэдэг тэрнээс үнэтэй шүү, Энэ утгаараа яруу найрагч гэдэг хэзээд хүн төрөлхтний дундах өөр нууцат ертөнц, ямагт тэдний гайхал бишрэл нь байж ирсэн. Хүн болж төрөх нэг хэрэг. Яруу найрагч байна гэдэг их өөр юм. Энэ ганцхан насандаа ертөнцийн олон хүний зовлон жаргалыг бичиж үлдээж байгаа нь тийм ч хөнгөн ачаа биш л дээ. Равжааг, Инжинашийг, Нацагдоржийг, Дашбалбар, Нямсүрэнг төрүүлсэн ард түмэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг ямар их үнэ цэнэ билээ, хэмжихийн аргагүй,

-Ярилцлагаа өөрийн тань шүлгээр төгсөгвөл ямар вэ?
Ярилцсан А.Лхагва

Шүлэг:-АЛТАЙН ХАНГАЙН УУЛС /2007-03-20/-ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ /2006-03-20/ хэвлэгдсэн