Pages

5/31/2011

Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

ОН ЦАГ ИЙМ ГУНИГТАЙ

Анд нөхөр А.Эрдэнэ-Очиртоо зориулав

Олны салхинд туугдаж сэтгэл гундуухан явахад
Олмоо чангалж гарман дээр хүлээсэн их анд минь
Омтгойрон гүйж халгин цалгин дэвэрч урсахад
Ойрхон байж холоос хашсан их эрэг минь


Наран доогуур үүлс алгуурхан нүүж байна
Намар болох нь дээ өвсний чийг холдчихож
Намайг чамайг бүүвэйлсэн хонгор салхин сэвэлзээд
Нас нэмж дээ хол ойрыг бодож сууна


Эр цөөхөн андтайгаа дуулалдан ижилдэж өссөн юм
Эрх байлгүй яах вэ дээ сэтгэлийн үзүүр нялхамсуу
Энэ зуурхан орчлонд дураараа шувуу шиг жиргэсэн юм
Эрт байлгүй яах вэ дээ сэвлэг даахь нь үнэрээрээ


Цаг хугацааны салхи бидний дундуур туучиж
Цахилсан мянган зэрэглээ шиг зүүдэн алсад аваачсан байна
Цамцаа дэрвүүлсэн бага нас бодлын гүнд ирж хуучлаад
Цармын алтан бялзуухай зүс хувиргаж одсон байна


Аж төрөхийн цагаан манан хэн хэнийг минь уусгаж
Аанай л бид хүүхэд шиг шуугилгүй удсан байна
Амтат дарс гэнэн бодлууддаа халамцан
Амьдрал мөнх гэж хүүрнэн суулгүй удсан байна


Сүүлчийн автобус хажуугаар чимээтэйхэн өнгөрөхөд
Шүлэг уншиж инээлдэн алхдаг минь холдсон байна
Сөл өвс ганхсан намрын талд дөрөө харшуулж
Шүүдэрт талаас өвгөдийн газарт очилгүй удсан байна


Орой үдэш хонх дуугарч хэн нэг нь халамцуухан ирж
Орон хотын сонин дэлгэн хөдөөгөө санаашрах минь
цөөрсөн байна
Орчлон ийм нам гүм байхад хэзээ бид даслаа
Он цаг ийм гунигтай байхыг хэнээс бид уншлаа


Аав минь үгүй өдрүүдэд дэргэд ирж чи чимээгүйхэн уйлсан
Амьдрал ийм байдаг гэж чийгтэй өвс шаналган өгүүлсэн
Айраг шуугьсан өдрүүдэд дэргэд ирж чи гэгэлзүүлэн дуулсан
Агуу ихийн хорвоогоос андын сэтгэл аргадаж үлдсэн

Зовлон дааж гэлдэрэхэд талыг нь үүрч боссон
Зол баярын дуу аялахад талд нь түрж асгаруулсан
Хүний ертөнцөөс буцахын цагт
Хүүгээ захиж үлдээх ганц анд минь ээ


Намрын талд эр суль өвс гандахад сэтгэл сэмэрнэ
Надаас тийм хол сууж хэдэн оныг үдэх вэ
Хаврын талд эрх хонгор зэрэглээ татахад сэтгэл уясна
Хаалга зөөлөн тогшиж хэдийд чи манайд ирэх вэ.


2010-11-23

ҮДШЭЭР ТУССАН САРНЫ ТУХАЙ

Хүйтэн байнаа энд
Хүмүүсийн дунд жигүүрээ хумиж буугаад
Хүршгүй өндрийн тухай
Шүлэг бичиж сууна би

Үдэш болохоор гэрэлтдэг
Хотын шилэн гудамж
Үзээд сонсоод уйдчихсан
Хуучин дуу надад хэрэггүй

Үүл үүлний хойноос
Хөөцөлдөн оддог
Үлгэрийн тэр салхинд л
Үлээлгэх хэрэгтэй байна

Үнэрийг нь амтыг нь
Тоосыг нь мэдэрдэг
Үзүүргүй талын гүн рүү
Үүл мэт нүүмээр байна

Үдшээр туссан сарны тухай
Үүрийн гэгээнээр бодож суунаа би
Үзэмжит энэ анирыг шүлэг болгоод биччихвэл
Үнэндээ эндээс нисчихнэ л дээ

2009 .11.23

5/30/2011

Үйл явдал

«ЦАГ ХУГАЦААНЫ ДЭРГЭД» ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


“Чимээгүй нам гүмхэн суух” өөрийнх нь имидж болсон Мөнгөн цомын эзэн, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Хэлбичгийн ухааны доктор дэд профессор Х.Сүглэгмаагийн яруу найргийн шинэ ном «Цаг хугацааны дэргэд» хоёр оны зааг дээр хэвлэгдэн гарлаа. Өөрийн уран бүтээл, эрдэм судлалын ажлаараа ямагт олны анхаарлын төвд байж ирсэн энэ яруу найрагч бүсгүйг хэзээний ажилсаг шаргуу, хэн хүний өмнө туйлын даруу бас өөрийнхөөрөө эрхэмсэг нэгэн гэдгийг үеийн нөхөд нь бахархан ярьдаг. Саяхан л «0чирбатын Дашбалбар» номоо гаргаж хэдийний хоёр талд хуваагдаад байсан зохиолчдын байгууллагынхан хороо холбоогүй нэгэн дор цуглаж “Балбарыгаа нэг ярьж авлаа” гэлцэж хүн бүрийн амнаас урмын магтаалын үг сонссон ч тэрүүхэндээ даруухан инээмсэглээд, элдвийг асууж шавах сэтгүүлчдэд мөн л өөрийнхөөрөө даруухан яриа өгч инээмсэглэн зогсоог нь хараад аргагүй л “эрдэмт хүн даруу гэдэг дээ энэ шавилхан бүсгүйгээс яаж ийм номын хүний ухаан гарна вэ” гэж сэтгүүлч би ч бас бахархан зогссон юм. Өнөөдөр тэр дахиад л шинэ номоо миний таны алган дээр тавьж байна. “Цаг хугацааны дэргэд” гэнэ. Бас л нэгэн сонин ертөнцийг бидэнд илгээсэн дээ тэр. Монгол уламжлалт, эгэл төрмөл, ухаарал бясалгалын, гэгээн хайрын шинэ шүлгүүдээр бүтсэн энэ номонд яруу найрагчийн сүүлийн жилүүдэд Болор цом, Мөнгөн цом наадмуудад уншиж байсан “Илдэн уулын цуурай”, “Догшин хутагтын нутаг”, “Өндрийн саран гийгүүлэх хөхөмдөг үдшийн бодол”, “Гурван сайханы энгэрт нар мандахыг үзээрэй” шүлгүүд нь ч багтсан байна. Номын ерөнхий редактор МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж шавийнхаа шинэ номын тухайд “Яруу найрагч тэр тусмаа, жинхэнэ яруу найрагч гэдэг элдэв эрээн мяраан чимэггүй, тийн атлаа уншсан сонссоны дотоод сэтгэлийн торгон утсыг хөнддөг гэж бодном. Х.Сүглэгмаа өөрөө энэ нийгэм цаг үеийн алив нэгэн зүйлсээс ер хол, нэр төр өнгө мөнгө хөөцөлдөх цаг үеийн нөлөөнөөс ямагт ангид сууж ирсэн. Тэр нь өөрт нь, шүлэг зохиолд нь туйлын амар амгалан гэгээн хамгийн гол нь өөрийнх нь мөн чанар болсон тэр эгэл жирийн чанаруудыг бий болгодог ч байж мэднэ. “Цаг хугацааны дэргэд” гэдгийн учир нь ямагт ангид байх тэр чанарыг цогцлоосон ажээ” гэж тэмдэглэсэн нь номын учрыг улам тодорхой болгож өгч байна. Юутай ч уншигч олон уран зохиолын хүрээнийхэн бид “Цаг хугацааны дэргэд” иржээ.

Д.Оюунчимэг
“Соронз сэтгүүл” 2011

5/29/2011

Ч.Дагвадорж «ХХ зууны монгол уран зохиол онол түүхийн судалгаа»

МАРТАЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ МАГТААЛ
СОНСОХООР НОМ

Мартаад л, мартаад л, бид мартаад л. Ер юу эсийг мартсан гэхэв, мартахаарыг ч мартаж, мартахааргүйг чиг мартаж. Чухам л мартахын тулд төрж, манарахын тулд ирсэн юм шиг л явцгаах юмдаа. Өтөл нь ч мартаад л, өсөж яваа нь ч мартаад л.
70-аад жил замнасан социализмын үед олсон оноо, гаргасан алдаагаа, тэр цагийн удирдагчид, бүтээн байгуулагчидтай нь мартсан. Урдын уламжлах гэгээтэй юмаа өвлөх, авахын оронд бүхэлд нь муулаад л түүхийн хог дээр асгачихсан. Яг л барилгын хаягдал асгаж байгаа юм шиг.
Тэрч байтугай 70 жилд буй болгосон соёл, урлагийн бүтээлээ туурвисан уран бүтээлчидтай нь орхичихсон. “Орхичихсон” гэж их зөөлөн хэллээ л дээ.
Зохиолчдын байгууллагыг олон жил толгойлж, гадаад олон улсын тийм чиглэлийн байгууллагатай хэлэлцвэл хэлэлцэх зохиолтой болоход оройлсон С.Удвал гуйгаа, хөгжмийн зохиолчдоос өнөөх өглөө сэрээж, оройд нойрсоход эгшиглүүлж байдаг төрийн дууллын аялгууг зохиосон Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарыгаа тэнгэрийн орноо одоход нь төр, засаг маань, уншигч, сонсогчид маань яаж үдлээ дээ? Ер нь тэгж одоо, бүүр хойшдоо бодогдохоор үдлүү? Яалаа?
Бас заримыг сүржин үдэх атлаа өдөр, хоногоор мартсаар л. О.Дашбалбарыг таалал болоход үгийн урныг хэлхэн бичиж, харамсаж байсан хүмүүс одоо бараг мартаа юудаа гэмээр. Яахав, үйлийн үртэй хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, яах аргагүй үг, сургаалий нь сонсож явсан шавь, гэмгүй шиг явсан үзэг нэгтнүүд нь одоохондоо бурхан болсон өдрөөр нь жилдээ нэг дурсах янзтай шиг. Иймэрхүү л.
Хэргээ болохоор О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Залуус дүү нарт хүргэх шүлэг”-ийг нь уран уншигчдыг бэлтгүүлж байгаад амнаас нь хөөс сагартал уншуулах атлаа одоо л тэр хүнийг нэг дурсаасай, нэрийг нь хэлээсэй гэсэн юман дээр хараагүйчин, сонсоогүйчин, мэдээгүйчин болж өнгөрөхийг яана.
Бид наснаас нөхөчсөн нэгнийхээ уран бүтээлд ингэж л хандаж явна. Гутармаар хэцүү, гомдмоор муухайяа. Даанч тэр хөөрхий суутнууд өндийж ирээд гашуун ёж үг хэлэхгүй, өгөө аваа горьдохгүй юмдаа. Чингэхлээр давтан хэлэхэд зах зээлийн нийгэм гэгчийн үед уран бүтээлчийн чин сүсэгт тоотой хэдэн нөхөд, шавь, ар гэрийнхэн нь санаж, дурсаж байгаа юм уу даа.
Хэдхэн сарын өмнө О.Дашбалбарын гарынх нь шавь яруу найрагч, эрдэмтэн Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” (Амьдрал, уран бүтээл), мэргэжлийнхний хэлээр ганц сэдэвт зохиол бичжээ. Бас нээлт, номын баяр ч хийсэн. Бодвол, гагц утга зохиолын судлагч, шүүмжлэгчид төдийгүй, уран зохиолд элэгтэй хүн болгон үзсэн баймаар энэ номыг өдийд нилээд уншигчид хуудсыг нь сөхөж харсан, магадгүй санал сэтгэгдлээ ч илэрхийлэхээр болж байгаа болов уу.
Манайд зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замыг ийм цогц байдлаар авч үзсэн судалгаа тийм ч олонгүй. Ийм хэлбэрийн судалгааны эхлэлийг утга зохиолын ахмад судлаач Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966)-оор эхийг тавьснаас хойш шүүмжлэгч Ц.Мөнх “Б.Явуухулангийн яруу найрагт хийсэн ажиглалт, тэмдэглэл” (1984), Б.Ганбат “Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба”(2000) номууд туурвисан нь уран зохиолын түүх бичихэд, зохиолчийн хөдөлмөрийг судлахад их тустай болсон билээ.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” (2009) ном өмнө дурдсан номуудыг бодоход яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн замналтай холбогдох арвин баялаг хэрэглэгдэхүүнээс сонгосон, зохиолчийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч гэдгийг түүх, архивын, зохиолчтой нэгэн үед амьдарч бүтээлээ туурвиж явсан хүмүүсийн амьд дурсамжаар нотлож байгаа зэрэг нь уг номын эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл харагдаж байна. Үүгээрээ манайдаа ганцхан байгаа ном л доо.
Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэхлээр туурвин бүтээх авьяас билиг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, тэр нь тогтсон хүнийг хэлнэ гэдэг. Хэдүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч гэлээ энэ ойлголт лав хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Зохиолч хэний ч заавар зөвлөмжгүйгээр уран бүтээлээ туурвина. Тэр бүтээл нь нийгэм гуай хэд урваж хөрвөж байсан ч зохиол нь төрөлх ард түмэндээ, соёлт хүн төрөлхтөнд уран сайхны үнэт өв болсоор байна гэсэн үг л дээ. Яагаад гэвэл зохиолч уншигчдаасаа дор хаяхад хэдэн алхмын өмнө явж бүтээлээ туурвидаг учраас энэ юм гэдэг. Даанч тийм зохиолч цөөхөн, тэр дундаа манайд ер нь цөөхөн байсан нь үнэний хувь бий. Харин О.Дашбалбар бол тэр цөөхний нэг, өөрөөр хэлбэл амьдарч байсан нийгэм цаг үетэйгээ холбоотой байсан нь мэдээж боловч түүний боол, зарц нь яваагүй уран бүтээлч л дээ. Яагаад ийм байв, болов гэдгийг л эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номд хүүхэд ахуйгаас нь, авьяас билиг нь дэлгэрэх үеэс их үнэмшилтэй гагцхүү баримт, баримтаас гарах дүгнэлтийн хэмжээнд судлан туурвиснаараа энэ ном зүйрлэшгүй үнэ цэнэтэй юм.
Х.Сүглэгмаагийн эл бүтээлд О.Дашбалбарын хүүхэд ахуйд бичсэн анхны шүлгээс нь задлал хийж хүүхэд насны гэнэн шүлгээс залуу, идэр насны шүлгийн шинэ сэвүүн санаа яаж төрсөн, тэр нь яаж уран бүтээл болсныг зохиолчийн авьяас билиг хөгжсөн орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлээд, зэргийн нөхөд, ханьсаж, дотносож явсан уран бүтээлчид, (Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Ж.Бямба, Д.Шагдарсүрэн гэх мэт), ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан авьяас билиг нь хэрхэн дэлгэрэн хөгжсөнийг “Оддын аялгуу” зэрэг яруу найрагт тод мөрөө гаргасан анхны бүтээлтэй нь холбон тайлбарласан нь анхаарал татам.
О.Дашбалбар 1990- ээд оны эхээр, таван ном хэвлүүллээ. Монголын утга зохиолд түүгээр үлдвэл үлдэнэ биз. Үгүй бол тэр л биз хэмээн бардамхан өгүүлж байж билээ. Энэ таван ном нь “Оддын аялгуу”, (1985), “Гол ус намуухан урсана” (1989), “Гэрэлт хайр” (1990), “Зүүдний мөнгөн шувуу” (1990), “Бурхны мэлмий” (1991) байжээ. Нээрэн л энэ таван номд О.Дашбалбарын яруу найрагчийн сэрэл мэдрэмж, сэтгэл санаа, зөн, хорвоогийн мөн чанарын тухай бясалгал цөм багтсан шиг.
Х.Сүглэгмаа энэ гол таван номд орсон шүлгийн үүсэж төрсөн үүх түүхээс аваад, түүний уншигчдад хүрсэн замыг ном, номын донж төрхтэй холбон тайлбарлсан нь гагцхан уран зохиолын судлаач, шүүмжлэгчид, зохиолчдод хэрэг тустай биш, ерөөсөө О.Дашбалбарыг, уран бүтээлийг нь ойлгож мэдрэх гэж явдаг өргөн олон нийтэд “Очирбатын Дашбалбар” ном тустай юм. 1990-ээд оноос уран зохиолыг үзэх үзэлд өөрчлөлт гарч өнөөх реализмын зарчмаас гажсан, сөрсөн янз бүрийн шүлэг зохиол хаа сайгүй гарах болов. Ийм үед О.Дашбалбар уран зохиолд анхны алхмаа хийж байсан залуу авьяастанд хандаж “Яруу найраг дахь нялхсын өвчин” шүүмжлэлт өгүүллээ уншигчдын хүртээл болгосон нь яруу найргийг ойлгоход их тус болсон.
Яруу найргийн шинэ урсгалыг шохоорхогчид, түүнийг дэмжигчид “Бид л монголын утга зохиолд цоо шинэ юм оруулаад ирлээ” гэх аястай ярьж, бичиж бүүр “Модернизм монголд” хэмээх ном хүртэл хэвлүүлж байв. Энэ үед О.Дашбалбар “Шинэчлэл гэж ийм юм байдаггүй юмаа. Тэгэхэд хүрвэл миний шүлгүүд дотор ч модернист шүлэг зөндөөн л бийдэг” хэмээн хэлж яруу найргийн шинэ хандлагын талаар уйгагүй маргаан өрнүүлж энэ чанараараа “хямрал”-ын үеийн уран зохиолоос эерэгээр гарах гарцыг хайж араасаа яруу найргийн бүхэл бүтэн үеийг дагуулж байсныг түүний “Гол ус намуухан урсана” номоор нэрлэсэн “ГУНУ” урсгалын зарчим уриагаас үзэж болох байхаа.
Х.Сүглэгмаагийн “Очирбатын Дашбалбар” номд яруу найрагчийн энэ бүх яруу найраг дахь хошуучлагч, шинэчлэгчийн байр суурийг нүдээр үзэгчийн,судлан шинжлэгчийн байр суринаас ул үндэстэй гаргасныг ололт хэмээн цохон тэмдэглэх учиртай. Яагаад гэвэл он цаг урсах тутам тухайн судалгааны ном улам үнэд орно.
“Очирбатын Дашбалбар” номд байгаа өөр нэг тэмдэглэх содон зүйл бол яруу найрагчийн нийгэм, улс төрийн амьдралд оролцох болсон, энэ үеийн оюун санааны гүнзгийрэл, уран илтгэгч, нийтлэлч болсон замыг өгүүлэхдээ “С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд багшилж байсан үеийг онцлон авч үзсэн нь анхаарал татаж байна. Намайг насан залуу байх цагт миний удирдагч багш Чой.Лувсанжав багштан санаа сэтгэл нь цэлмэн гийсэн үедээ”
- Багш нь ч сурдаг. Оюутан нь ч сурдаг гэсэн үгтэй юмаа, хүү минь” гэж ирээд л урьд өмнө зааж байгаагүй шинэ хичээл заахдаа хэлдэг байсансан. Түүнлүгээ нэгэн адил О.Дашбалбар “С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуульд” багшлаагүйсэн бол, тэр үеийн оюутнуудын өмнө өөртөө тийм их итгэлтэй байж тухайн цагийн монголын их, дээд сургуулийн утга зохиолоор мэргэжил олгож байсан сургалтын төлөвлөгөөг “эвдсэн” хичээлийг зааж дадлага хийгээгүйсэн бол тийм нэртэй нийтлэлч, илтгэгч болох байсан болов уу гэж хааяа бодогддог.
Энэ үе бол О.Дашбалбарын оюун санааны их оргилолтын үе юм.
Зохиолоос энэ үед “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” эргэцүүлэл-гунигийн яруу найраг туурвисан түүх, зохиол төрсөн үндсийг Х.Сүглэгмаа судалгааныхаа номд сэтгэл сэрхийхээр бичсэн байх ажгуу.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн эл туурвилд О.Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн замыг тодруулахтай холбогдуулан уншиж үзье гэвэл яруу найрагчийн удаа дараа хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээс аваад бие даасан ном, гэрэл зураг зэрэг лавлагааны арвин хэрэглэгдэхүүн байгааг дурдая.
Х.Сүглэгмаа “Монголын их соён Гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийг өөрийн чинээнд өгүүлэхийг эрмэлзсэн нэгэн дэвтрээ ийнхүү өндөрлөе” хэмээн “Очирбатын Дашбалбар” номоо төгсгөжээ.
Тиймээ, багшийн ачийг бодож эд хөрөнгө, сэтгэл санааныхаа өглөгийг гаргасан эл туурвил тань тосон ирэх цагийн цагийн урсгалд автахааргүй, нэгэн жарны битгий хэл, хэдэн жарны мэргэдэд Очирбатын Дашбалбар судлалын шанг дорвитойхон татсан мартаж болохгүй хүний тухай магтаал сонсохоор бүтээл болсоныг цохон тэмдэглэснээр шинэ номын тайлбар юугаан өндөрлөе.


2009он.
Ч.Дагвадорж
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
Утга зохиолын шүүмжлэгч
доктор профессор

Хамгийн нандин сэтгэлд чинь л...

ХАЙРТАЙ ГЭЖ БИЧЬЕ

Хашгирч дуулж
Хамаагүй чангаар өгүүлж үл зүрхэлнэ
Харц харцны үзүүр дээгүүр
Хамтдаа хөтлөлцөөд гүйж үл зүрхэлнэ
Үүрийн гэгээн туяагаар зүсэлье
Үдшийн гялаан одоор гэрчилье
Үнэрийг минь шингээсэн салхиар илбэе
Үгүйлж мэдэх ганцхан үгийг
Үлдээе чамдаа
Усан дээр бичихээр
Уусчих гээд уяхан юм
Элсэн дээр бичихээр
Элэгдчих гээд эмзэг юм
Хадан дээр сийлэхээр
Халирчих гээд хайлган юм
Хамгийн нандин сэтгэлд чинь л
Хайртай гэж бичье дээ.



***************************************************************************
ЭНХРИЙХЭН



Амьдралын хамгийн гоё нь
хувиршгүй сэтгэл.
..


Ичимхий бүрэг аашийг минь тайчих
Инээмсэглэл, тийм дотнохон зөөлөн нүд
Итгэл хайр гэрэлтсэн хонгор сэтгэл
Ихэмсэг төрх, ийм дулаахан гар
Илүү надад юу хэрэгтэй, юу хэрэгтэй билээ






















Дандаа чамд эрхэлсэн энэ танхилхан өдрүүдийг
Дандаа надад тэмүүлсэн энэ анхилхан сэтгэлийг
Дасан дасан дуулсан хайрын гэгээн учралаа
Далавчтай бол нисчихмээр хачин гэнэн догдлолоо
Дахиад би хаанаас, хаанаас чиг олох билээ



Инээх минь ил, уйлах минь далд орчлон сон
Ирж байгаа даа гэхээс хачин ихээр догдолно
Эрхлэх минь ил, эмтрэх минь далд учрал сан
Энгэрээ тэмтэрч үгүйлэх Энхрийхэн минь ээ
Энэ орчлонгийн хаана нь, хаана нь чиг нуух вэ чамайгаа
ҮЛЭМЖИЙН ОРЧЛОНД БИ УДААН АМЬДРАНА
(“ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР
” номын тухайд)



Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн тухай эрдэмтэн, яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа эссэ хэлбэр бүхий нэгэн шинэ содон ном туурвижээ. Содон гэсний учир нь эл номыг бүтээхдээ Сүглэгмаа судлал шинжлэлийн хуучин замаар бэдэрсэнгүй “Үе үеийн монгол туургатны утга зохиол, урлаг, улс төр, яруу найргийн гарамгай төлөөлөгч”(доктор С.Байгалсайхан) шинэ зууны яруу найрагч О.Дашбалбарыг түүний бүтээж, түмэндээ, хойч үедээ үлдээсэн баялаг материал дээр нь тулгуурлан зан чанар, намтар түүх, уран бүтээлийн эхлэл хийгээд ид цэцэглэлтийн үе, улс төрийн үзэл бодол зэрэг олон талаас нь иж бүрэн нээн харуулж чадсанаараа, мөн найрагчийн дотоод ертөнц рүү тун гүнзгий орж туурвиснаараа “Очирбатын Дашбалбар” ном бол монголын уран зохиол судлалд гарсан шинэ үзэгдэл, шинэ бичлэг болсон байх юмаа.
Доктор, профессор С.Байгалсайхан уул номын талаар товчхон бөгөөд тун чамбай дүгнэлт үнэлэлт бүхий “Өмнөх үг” бичсэн байна. Тэрбээр номын ач холбогдлыг “Яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг гэдгийг тодорхой гаргаж өгч чадсан явдал” хэмээжээ.
Энэ ном нь улиг болсон намтар цадиг, судалгааны тоочин өгүүлсэн бичлэг биш, зохиомж уран бөгөөд утга логик уялдаа сайтай, хэллэг яруу, зохиогчийн багшаа гэсэн чин халуун, тунгалаг гэгээн сэтгэл шингэсэн сайн бүтээл болсныг дөчөөд жил уран зохиолын ертөнцөд амьдарсны хувьд мөхөс бичээч би онцлон хэлэх нь зүйтэй. Ном үндсэн хоёр бүлэгтэй.
“Дашбалбарын намтрын товчоон” хэмээх тэргүүн бүлэгт найрагчийн намтарт холбогдох сонирхолтой нэлээд материал, Дашбалбар монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, Монголын бурхан шашны хөгжилд оруулсан хувь нэмэр, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдэг талаас багцлан өгүүлж, баялаг сайхан хэллэгээр туурвисан бол дэд бүлэг-“О.Дашбалбарын уран бүтээл”-дээ түүний яруу найргийн бүтээлүүд, уламжлал, шинэчлэл, нийтлэлүүдийн тухай ихээхэн даацтай задлан ярьж, найрагчийн оюун санааны ертөнцийн гүнд ярган орж, нээн үзүүлсэн байна.
Эцэст нь дотоод гадаадад хэвлэгдсэн бүх уран бүтээлийнх нь жагсаалтыг хавсаргасан бөгөөд үүнээс ажиглахад Дашбалбар нь дөч гаруйхан наслахдаа оюуны соёлын арвин их өв бүтээж үлдээснийг төвөггүй харж болно. Энэ билгүүн их шүлэгч 17 ном бүтээсэн агаад нийтдээ 1400 гаруй шүлэг, нийтлэл, эссэ, хөрөг, дурсамж, өгүүлэл бичжээ. Хажуугаар нь улс төр, нийгмийн үйлсэд хүчин зүтгэж, монголоо эрх чөлөөгөө, газар шороогоо, өв соёлоо гэсэн нөр их тэмцэл хөдөлмөрийнх нь цаг нарыг тооцвол ганц хүнд ахадмаар их бүтээл үлдээсэн нь тодорхой ажгуу.
Дашбалбар судлалын хамгийн жинтэй, үнэтэй энэ номын тухай иж бүрнээр задлан ихийг өгүүлж болох ч энд би тийм зорилго тавьсангүй. Тийн өгүүлэх боломж, чадвар ч надад байхгүй бололтой.
Харин яруу найргийн нэрт төлөөлөгч талаас нь Сүглэгмаагийн бичсэн дээр тулгуурлан цөөн хэдэн үг хэлье гэж бодлоо. Би бол судлаач шүүмжлэгч биш, гэвч шүлэгч л шүлэгчийг илүү мэдэрдэг болохоор шүлэг зохиолтой нь хамт явсаар ирсний хувьд энэ эх оронч найрагчийн тухай доктор Сүглэгмаагийн бүтээсэн номын зарим хэсэг дээр тогтож бодол ухаанаа нэмэрлэхээр шийдэн үзэг барьсан минь энэ болой. Сүглэгмаа бол өнөө үеийн шүлэг бичдэг бүсгүйчүүдээс “Юманд үнэн сэтгэлээр ханддаг, яруу найраг нь хүнд хүрдэг тоотойхон бүсгүйчүүдийн нэг эрдэмтэн, яруу найрагч” (Ш.Сүрэнжав) яах аргагүй мөн билээ. Тийм ч учраас найрагчийн сэтгэлээр, шавийн сэтгэлээр, судлаачийн эрдмээр “Очирбатын Дашбалбар” номоо бүтээсэн нь маш тод ажиглагдаж байна. Яруу найраг нь ухаанд буух уран санаатай, сэтгэл хөглөх уянга сайтай байдаг шиг Сүглэгмаагийн судалгааны бүтээлүүд нь аль ч талаараа өөрийн гэсэн өнгө хийцтэй, өвөрмөц барилтай байдгийг шинэ ном нь улам тодосгон баталж байна.
“Үлэмжийн орчлонд би удаан амьдрана” гэж амьд сэрүүн цагтаа хэлчихээд, бурхны орноо одсон Дашбалбар найрагч харамсмаар цөөхөн жил, дөнгөж 42-хон жил амьдарчээ. Их Чойномоос ганцхан жил дутуу амьдсарсан нь сонин. Авъяастнуудад орчлон нас хайрлахдаа юутай ч харам юм бэ гэлтэй. Гэвч “Өөдрөг аяз” шүлэгтээ:
“Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм
Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг юм” гэж бичсэн шиг найрагч эргээд л хүний орчлонд амьдарч, түмний сэтгэлд төгс яруу шүлгээрээ мөнхрөн үлдсэн авай гэснээр энэхүү бичлэгийнхээ оршлыг өндөрлөсүгэй!
* * *
Уран бүтээлийн замналын эхэн үе
Утга зохиолын дээд сургуульд суралцсан үе
3. Уран бүтээлийн замналын оргил үе гэж О.Дашбалбарын урлал туурвилын амьдралыг гурван ангилал болгон судалсан нь тун оновчтой агаад зөв арга болсон нь анхаарал татаж байна. Шүлэг бичиж эхлэхээс Горькийн нэрэмжит сургуульд суралцах үе хүртэлх энэ үе нь найрагчийн гараан дээрээсээ хүчээ аван хурдалж эхэлсэн (уралдааны морьтой жишвэл) жинхэнэ омголон залуу нас юм. Үүнийг Х.Сүглэгмаа 1970-аад оноос 1979 он гэж тодорхойлжээ. Энд бяцхан дурсамж оруулмаар санагдав. 1979 оны эцсээр би Зохиолчдын хорооны томилолтоор Унгарт хэд хоноод буцах замдаа Москвад долоо хонож билээ.

Утга зохиолын дээд сургуулийн оюутны байранд эдүгээгийн СГЗ, нэрт зохиолч С.Пүрэвийн өрөөнд байлаа. Тэр үед Ш.Сүрэнжав, Н.Энхбаяр, Х.Мэргэн, Д.Давааням, Балбар, Г.Нямаа нарын нэлээд зохиолчид, орчуулагчид сурч байсан цаг. Нэг өдөр Пүрэвийн өрөөнд том алаг нүдтэй, гялалзсан залуу орж ирсэн нь О.Дашбалбар байсан юм.
Бид шүлэг зохиол л ярилцсан санагдана. Тэгж хожмын авъяаслаг найрагчтай уулзсан юм. Дашбалбар тэгэхэд чухам л ирлэсэн тонгорог шиг хурц эрэмгий, амыг нь хагалсан үрээ морь шиг хөдөлгөөнтэй, гялалзсан дүрэлзсэн омголон залуу байлаа. Яагаад ч юм дөчөөд жилийн өндөрлөгөөс эргэн дурсахул түүнийг би тэр л цагийнх нь төрхөөр маш тод санадаг юм. Одоо ч тийм. Э.Хархүү би эргэн өгүүлсүгэй.
Ганга нутгийн сайхан найрагч Д.Шагдарсүрэнд тоогдож 1976 оноос нутгийнхаа сонин “Сүхбаатарын зам”-д ажиллах болсноор найргийн замд шуудран орж, улмаар Г.Мэнд-Ооёотой танилцан, уран бүтээлийн “Гал” нэгдэлд элссэн нь өсөж дэвжих, өөрийгөө таних таатай завшаан болсон нь энэ номноос маш тодруун харагдаж байна.
Найрагчийн уран бүтээлийн эхэн үеийг Сүглэгмаа шүлэг зохиол, намтар түүх, дурсамж, өөрийнх нь болон бусдаас ирүүлсэн захиа сэлттэй холбон баталгаажуулж, уран сайхны өндөр түвшинд, бичлэгийн төгс яруу хэлбэрээр бичсэн нь урьд хожид манай уран зохиолын шүүмж судлалд төдийлөн гарч байгаагүй шинэ өнгө аясыг илтгэсэн билээ. 1979-1984 он буюу оюутан цаг нь “Хамгийн үнэ цэнэтэй, торгон агшин” байлаа.
Е.Винокуров, В.Шугаев зэрэг оросын яруу найргийн нэрт төлөөлөгч, орчуулагчдын семинарт сууж, олон орны нэгэн үеийн авъяастнуудтай хамт суралцаж, бүтээн туурвиж асан тэр гэрэлт сайхан жилүүдэд Дашбалбар найрагч Москваг яруу найргийн хот гэж нэрлээд уянгын олон шилдэг шүлэг урлан бүтээсэн нь сургуулиа төгссөний дараа хэвлүүлсэн “Оддын аялгуу”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана” зэрэг номнуудад хэвлэгдсэн тухай зарим шүлгээс нь иш татан оруулжээ.
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла.” хэмээх алдарт мөрүүдээс аваад
“Гэрийнхээ сүүдэрт амрах зуураа
Гэгээн орчлонтой би ярилцнам” гэх буюу
“Өвс ногоо би...
Өндөр алдар хэрэггүй
Цасан доор зүүдлэн нойрсоход
Цаг хугацаа надад хамаагүй”
“Үл дагагч баатрууд мэт эх хэл минь
Үхэгсдийн амин сүнс оршсон эх хэл минь” зэрэг олонд аладршсан шүлгүүдийн мөр бадгаас шигтгээ болгосон нь найрагчийн дотоод ертөнцөд гүнээ нэвтрэх арга болжээ.
“1980-аад оны дунд, сүүлхэн үеийн монголын яруу найргийг улам баялаг, утга яруу болгосон” олон шүлгийг нь нэрлээд “уран дүрслэл, утгын гүнзгийрлээр тэтгэсэн байгалийн уянга, дотоод сэтгэлийн уянгын мөр бадгуудаар задарч, улмаар эх орноо санан мөрөөдсөн, хайрлан тэмүүлсэн гэрэлт ахуйн шүлгээс эх дэлхий байгалтай нэгдсэн дотоод сэтгэлийн гүн ухаан руу шилжжээ” хэмээн дүгнэсэн нь судлаачийн гярхай ажиглалтыг илтгэж байна. Энэ нь судлаач хүн шүлэг зохиолыг зүгээр нэг тайлбарлан дамжуулах биш, түүний ололт, шинэ содон зүйл, утга зохиол дахь нөлөөлөл зэргийг уудлан нээж, учиглан тодруулахад оршдогийн баталгаа буюу.
“Очирбатын Дашбалбар” номонд зохиолч маань өөрөө яруу найрагчийн хувьд багшийнхаа шүлгийн мөн чанарт гүнзгий нэвтэрч ажигласан олон зүйл мэдрэгдэж байгааг сайшаан тэмдэглэхийн ялдамд нэгэн ишлэл хийх нь зүйтэй юм.
“Мөнгөн аяганаа голын уснаас хийж амсахад, эрдэнэ амссан мэт болоод
Хөнгөн аялгуу энэ биеэр тархаан, өөртөө би голын усыг хадгалнам.”
“Намрын шөнө голын эрэг дээр охиноо хөтлөн зогсном
Надад усны сэрүүн амьсгал нэгийг бодуулах авч
Жижиг навч шиг охины минь халуун алга
Жил сараас авч үлдсэн өөрийн ганц амь аж” гэжээ.
“Энэ нь хүн өөрийгөө байгалийн бүтээл, түүний үргэлжлэл гэж үзэх эртний монгол сэтгэлгээний тэнгэр, уул усны шүтлэг, түүнээс үүдэлтэй байгалийг шүтэх үзлийн монгол ахуйг эдүгээчлэх, өвс ногооны шивнээг сонсох, мөнгөн аягаар голын уснаас хутган амсах, охиныхоо жижигхэн гарын алгыг навч юм гэж энхрийлэн бодох сэтгэлгээгээр буулгасан гэж болно” хэмээжээ. Энэ бол судлаач, найрагчийн билгийн мэлмий, бийрийн хурцыг илтгэж буй хэрэг ээ.
1990-ээд оны эхээр буюу цагаан морин жилийн их хувьсгалын босгон дээр О.Дашбалбар “Аяа, миний Монгол”, “Ардын дуу”, “Эх хэл минь”, “Чингис хаан”, “Монгол”, “Хар хорин”, “Монгол улсын ерөнхий сайд”, “Мандухай” зэрэг зарим нэг нь улс төржсөн хэмээн өөлөх, яг одоо үед бол яах аргагүй хэлэх ёстой үг, зохиогчийн зүрх сэтгэлд шатаж буцалж байсан амь халуун нэвт шингэсэн нэлээд шүлэг бичсэн. Эдгээр нь үймээн шуугиант амьдрал, цаг үеийн өнгө амьсгааны илрэл байлаа. Өөрчлөлт шинэчлэлтээс үүдэлтэй дээрх нэр бүхий шүлгүүд бол найрагчийн монголоо гэсэн сэтгэлийн дэлбэрэлт юм гэж хэлж болно. Ийм шүлгүүд бичихээс өөр арга байгаагүй. Олон ч найрагчид энэ сэдвээр бичиж байлаа. Би ч адил.
“Тухайн үеийн үзэл суртлын нэг хэв загварт орсон нийгэмд монгол хүн юуг шүтэн биширч, юуг хайрлан хамгаалж, бас юуг мартаж үл болох, орхиж үл болохыг сануулав” гэж Сүглэгмаа доктор дээрх шүлгүүдийн тухай зөв оношилсон байна.
О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас” зэрэг шуугиан дэгдээсэн нийтлэлүүд хэвлэгдсэн даруйдаа нийгмийн хөндүүр газрыг сүрхий эмзэглүүлэн, дээдсийн чихийг халууцуулан, нүдийг бүлтийлгэж, ер нь бол балмагдуулж билээ. Эдгээр нийтлэл нь дээр дурдсан шүлгүүдтэй санаа агуулгын хувьд агаар нэгэн болой. Тэгэхлээр найрагч маань монголынхоо төлөө дан найргаар төдийгүй олон чиглэлээр тэмцэж эхэлсний нотолгоо болсон эл нийтлэлүүд үлдсэн ажгуу. Доктор Сүглэгмаа энэ тухай даацтай задлан өгүүлж, Дашбалбарыг иргэний эр зоригтой, дайчин улс төрч гэдгийг сайн гаргаж өгсөнд энэхүү номын нийтлэг нэг ач холбогдол оршиж буйг цухас дурдсу. Сүглэгмаа “Түүний монгол үндэсний сэтгэлгээт аядуу зөөлөн яруу найраг нь тэр аугаа их үндэстнийг авч үлдэх, хамгаалах, хэрхэн хойч үедээ өвлүүлэхийн тухайд зовнисон, эрж хайсан, учирласан, уриалан дуудсан шүлгүүдээр үргэлжилсэн юм. Энэ нь түүний “Би-талын хөх чоно”, “Амин сүнс минь мөнх тэнгэртэй шивнэлдэн байна”, “Чулуунаас түүсэн зарлиг”, “Хүүдээ хэлэх үг”, “Сануулга”, “Тангараг”, “Маршал Цэдэнбал”, “Маршал Чойбалсан” зэрэг шүлгүүдээс нь тод харагдаж байгаа билээ.” гэжээ.
Номноос хэсэглэн авсан дээрх ишлэлүүдээс Сүглэгмаагийн хувьд О.Дашбалбар найрагчийн иргэнлэг бөгөөд эх орноо гэсэн сэтгэл шингэмэл шүлэг найраглалуудад хийсэн дүгнэлт, ажиглалт, сэтгэмж тодорч байнам.
Сүглэгмаа их найрагчийн “Зүүдний мөнгөн шувуу”, “Гэрэлт хайр” шүлгийн номуудыг онцлон үзэж “Дорнын намуун уянга, яруу найрагчийн дотоод сэтгэлийн ухаарал уянгыг илтгэсэн, мөн монгол найргийн сонгодог өв уламжлалыг хадгалсан уянгын шүлгүүд нь” эдгээр номыг бүрдүүлж байгааг онцлон авч үзжээ. Тэгэхлээр О.Дашбалбарын яруу найргийн хөг дуурсал, өнгө эгшиг олон талтай баялаг агуулгатай нь төвөггүй ойлгогдном бус уу.
1990-ээд онд Монголын уран зохиолд олон ургальч үзэл хөгжиж, уран зохиолын олон арга хэлбэр, урсгал чиглэлүүд гарч ирэн, өөр өөрсдийн оюун санааны манлайлагчдыг төрүүлж, түүнийгээ тойрсон тодорхой үзэл санааны нэгдэл бүхий өөрсдийн хүрээлэнг бий болгож эхэлсэн юм. Эдгээрийн нэг нь О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” номын нэрээр нэрлэсэн “ГУНУ” урсгалынхан билээ. Гоо сайхныг дээдэлж ертөнцийг яруу сайхнаар илэрхийлэх тунхагтай энэ урсгалын гол төлөөлөгч нь О.Дашбалбар мөн гэдгийг баримтанд үндэслэн томруун өгүүлсэн бөгөөд олон залуусыг шинэ урсгал чиглэлд ороход нь замчилж байсан ачтан, багш гэдгийг тус ном өгүүлж байна. Үнэхээр ч О.Дашбалбар бол хоёр зууны зааг дээрх олон залуусын багш нь байжээ.
Тэдний нэг “Очирбатын Дашбалбар” ном туурвигч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Хургаагийн Сүглэгмаа юмаа.
“Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла” гэж чин зүрхнээсээ хүн олондоо захиж хэлсэн найрагчийн амьдрал, уран бүтээлийн тухай энэ номны нэгээхэн хэсгийн талаар буюу “О.Дашбалбар монголын яруу найргийн нэрт төлөөлөгч болох нь” нэртэй бичил бүлгийн тухайд Өмнөговийн Хархүү би ийнхүү бичиглэв.
Аяны дөрөөнд хамт урагшилж, найргийн замд цуг явсан Балбар дүүгийн тухай сайхан ном бүтээсэн Сүглэмаа докторт би гүнээ талархаж байгаагаа энэ дашрамд хэлэх учиртай юмаа. Юун гэвээс Сүглэгмаа бид өмнийн говийн унага бөгөөд ус бэлчээр нэг, ёс заншил ойрынх юмаа.
Өмнөговиос хэл, утга зохиол судлалд академич Д.Төмөртогоо, доктор С.Байгалсайхан, Х.Сүглэгмаа 3-аас өөр нэрлэх эрдэмтэн одоохондоо алга байна. Гэвч хойчийн үр сад залган төрөх нь мэдээж.
“Очирбатын Дашбалбар” номын эхэн хэсэгт Дашбалбарын Мөнгөндалай “Шинэ үеийн уран зохиолд Дашбалбар судлалыг хөгжүүлэхэд энэ бүтээлээрээ шинэ зам тавьж чадлаа” хэмээн эл номын тухай том бөгөөд чухал үнэлгээг өгсөн байна. Үүнтэй би санал нэг байна. Аавынх нь намтар, уран бүтээлийн талаар ангийн анд Сүглэгмаа сайн ном бүтээсэнд Мөнгөндалай гүнээ талархаж баярлах нь зүй. Энэ ч аргагүй, хамгийн гол нь эл ном Дашбалбарыг “Монголын үе үеийн сэхээтэн, яруу найрагч, зохиолчдыг төлөөлж чадахуйц монголын оюуны тэнгэрт нисэж байсан гайхамшигт галт шувуу байжээ гэж ойлгож болохуйцаар илэрхийлсэнд оршино.” (С.Байгалсайхан)
Энэ галт шувуу “Үлэмжийн орчлонд удаан амьдрана”, “Монголын яруу найрагт Дарьгангын гурван найрагч гэж эрхэмлэн үздэг хувь заяаны амин урсгал нэгтэй Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар” хэмээн судлаач, энэ номыг бүтээгч, яруу найрагч Х.Сүглэгмаа уул номондоо нэгэнтээ өгүүлсэн байна. Хүн хүнээ түшиж, хайрлаж амьдрахын учир утга үүнд оршном билээ.
“Очирбатын Дашбалбар” гэдэг номын тухай энэхүү нийтлэл-бичлэгээ би нэрт найрагчийн “Үлэмжийн орчлонд удаан амьдрана” гэсэн үгээр нэрлэлээ, бас энэ тэнгэрлиг агаад, мөнхийн итгэл шингэсэн үгээр төгсгөе гэж бодлоо.
Монголын уран зохиолын хөх тэнгэрт гайхамшигт галт шувууд олон төрж, эх нутаг, элгэн түмнээ эгнэгт гэгээрэл ухаарлын өндөрлөг өөд даллан дуудаж байх болтугай! “Очирбатын Дашбалбар шиг ном олон төрөх болтугай!



2009-10-20
МЗЭ-ийн шагналт зохиолч Эрэнжидийн Хархүү