Pages

3/02/2009

Х.Сүглэгмаа: Утга зохиолын хүнд ирж байгаа шагнал бүхэн үнэтэй байдаг юм



-Таны бага насны тухай яриагаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би Галбын говьд бүр хөдөө өссөн, малчны хүүхэд. Багадаа ботго, арай том болоод ах эгч нартай тэмээ хариулж, манайх олон настантай айл болохоор тэдэндээ тоогдож, магтуулах гэж их л хэрсүү өссөн юм уу даа. Дүү нараа аргадна, ах эгч нараа бараадна,өвөө эмээгийнхээ ярьсан үлгэрийг ертөнцийн хамгийн үнэн юм гэж бодно, ялангуяа өвөөгийнхөө зарим өвгөцүүлтэй их л нууцлан аминчлан ярих шашин номын үгийг чих тавин сонсож айж гайхаж биширч өссөн дөө. Манайх цагаан сараар бас намар намарт нутгийн лам залж хавийн айл амьтнаас нууж ирээд л их ном уншуулна. Гадаа хүн ирж байна уу харах, зул хүж барилцаж, ижийдээ туслах энэ тэр бол ёстой өнөө Цэнддоо ахын хэлдгээр ямар нэгэн нууц хуйвалдаант ажилд оролцож байгаа юм шиг их л сонирхолтой санагддаг байж билээ.

-Дунд сургуульд хаана сурав, та их сурлагатай идэвхтэй хүүхэд байсан уу?

Сумандаа, сумандаа. Бидний үед чинь тэр л Өмнөговийн Ханбогдын л хүн бол тэндээ сургууль номоо дүүргэдэг, тэр энэ гэж шилэх ширвэх юм байгаагүй. Анх бэлтгэл ангид суух болоод аав минь охиноо хүргэж өгөөд ирнэ гээд сум явсан хүн чинь байхгүй, намайг айлд суулгаад орхиж чадахгүй, хоргодсоор байгаад 14 хоног хамт хоёулаа бэлтгэл хийгээд ирсэн гэж байгаа. Тэр үеийн хөдөөний улс чинь нэгдлийн нормтой мал маллана, хавар санж, тэмээ малаа ноослох гээд ажлын их үе, дээр сум нэгдлийн захиргааныхан хөдөөний хүн суман дээр малаа орхиод удаан суухыг бүр зөвшөөрөхгүй шүү дээ. Хэцүү л байсан байх. Багадаа их тайван, хүн оролдвол шартай зөрүүд хүүхэд байсан гэсэн. Хамгийн идэвхгүй, тэр арын ширээнд л ном уншаад сууна. Геометр, биеийн тамир, физикийн хичээлд бол бүр суувал их юм. Харин математик, хэлний хичээлүүддээ арай нэг хүн шиг. Зураг бол огт зурж чадахгүй. Харин тэр үед зургийн багш маань гоё гоё байгалийн, уран зураг тайлбарлуулна, тэрийг их сайн тайлбарлана. Ангийхныхаа зурсан зургийг учиргүй шүүмжлэнэ. Тэгсэн мөртлөө өөрөө зурах дургүй. Багш маань намайг бүр зураг зуруулах гэж оролдоод ядсан. Биднийг жоохон байхад дурсамжийн дэвтэр гэж хүүхдүүд хачин гоё юм хийнэ, зураг зураад л шүлэг бичээд л гарч өгнө. Би чинь цэцэг ч зурж чадахгүй, ангийхаа хэдийг гуйгаад л сайхан зуруулна, бас заримыг нь голж уурыг нь хүргэнэ. Багадаа ижий аавын буянаар би сургуулийн гэхээсээ гэрийн боловсрол сайн авсан гэж боддог юм.

-Таны үед хүүхдүүд ном их уншдаг, урлаг спортын бараг бүх төрлөөр хичээллэдэг байсан юм шиг…

Ном сайн уншсан. Тэр үед 22-ын торго, 13-ын бүсний дурдан гээд ховор бараа дагуулж, ном өгдөг байсан юм. Аав маань айл айлын хүчээр авсан номыг өвөртөлж ирж надад уншуулна, бүр 5-р ангид байхдаа Жуковын дурдатгалыг уншсан гэж байгаа. Юу ойлгож байсан юм бүү мэд. Аавыгаа тойрч хэдэн талд нь гарч налж суугаад л номоо уншина, ээж заримдаа биеэ оторлоод ажил хийхгүй гээд юмаар шавхрахаар би аавынхаа суган доогуур шургаад, аав миний өмнөөс чимээ ихтэй нь аргагүй хэд шавхруулна. Тэгсгээд л намдах жишээтэй.

-Таны бага насны амьдрал ер нь утга зохиолын, монгол судлалын хүн болоход нөлөөлсөн үү?

Мэдэхгүй. Би чинь дунд сургууль төгсөөд л 16 ч хүрээгүй Анагаахын оюутан болсон. Тэр үед сурлагаараа байр эзлээд эхний 2-3 хүүхэд нь ирсэн техникумынхаа хуваарийг аваад, арын хүүхдүүд нь 9-р ангид, ТМС-д энэ тэр явдаг байсан юм. Анагаахад 4 жил онц сурсан, төгсөөд мэргэжлээрээ ажилласан тэгсэн хэрнээ л хүний өөрийн дуртай сонирхолтой юм гэдэг их өөр өө. Тэгээд дахин дахин хүсэлт гаргаж байж, мэргэжлээ сольж, конкурсэнд ороод одооныхоо энэ мэргэжилд шуударсан. Гэхдээ Анагаахын мэргэжил гэдэг бол өөр ямар ч чиглэлээр салаад явлаа гэсэн хүнд өөрт нь насан туршид үйлчилж байдаг, алхам тутамд надад төдийгүй ах дүү айл амьтанд маань ч хэргээ үзүүлж байдаг буянтай эд шүү.

-Яруу найргаар авсан анхны том шагнал чинь юу байсан бэ?

1992 оны Найргийн даага наадамд Дорноговиос ирж оролцоод, тэнд оролцсон бүх хүмүүст нэг нэг дурсамж бичиг өгсөн юм. Тэр нь ямар ч байр эзлээгүй, зүгээр л нэрийг нь тавиад бүгдэд нь өгөхгүй юу. А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Эрдэнэбат бид хэд цугаараа л орсон. Буцаад вагонд суугаад Дорноговь явж байхдаа тэрийгээ байн байн гаргаж үзмээр санагдаад байж билээ. Анх удаа улсын том уралдаанд орсон хэрэг л дээ. харин одоо бодоход манай 90-ээд оныхны хамгийн олуулаа нэг дор цугласан наадам тэр байсан юм билээ.

-Харин одоо бол…?

Утга зохиолын хүнд ирж байгаа шагнал болгон үнэтэй байдаг юм. Энд бид ямар нэгэн нормт ажил гүйцэтгэх биш, оюуныхаа чадал чансааг сорьж, хэн ч нүдээр харж , тоогоор хэмжиж болдоггүй тийм сорилтоор авдаг учраас. Гэхдээ энэ жил Дэлхийн яруу найргийн XXVI хурал Монголд болж тэр хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Алтан дигваранз” нэртэй олон улсын яруу найргийн нэр хүндтэй наадам болж орон орны найрагчид шүлгээ уншсан юм. Энэ наадамд би түрүүлж “Алтан дигваранз” хүртсэн нь нэгдүгээрт монголын яруу найрагч гэдэг утгаараа хоёрт миний яруу найргийн хамгийн өвөр чанар болсон хэн ч булааж үл чадах монгол уламжлалт сэтгэлгээг үнэлсэн хэрэг байх. Энэ бол монгол яруу найрагч хүний хувьд хамгийн хүндэтгэлтэй, үнэтэй шагнал.

-Би хэвлэлээс уншиж байсан 1000 илүү долларын үнэтэй цул алтаар хийсэн энгэрийн тэмдэг өгсөн гэж?

Тийм. ТВ-ээр хүмүүс харсан байх. Харин би сонинд бол зургийг нь тавиулаагүй юм. Хэд хэдэн сэтгүүлч зургийг нь авч сонинд хэвлэнэ гэж ирсэн. Яагаад гэвэл энэ тэмдэг бол хүний бүсэлхийнээс доош газарт авч явж болохгүй учир утгатай юм л даа. Сонин чинь хүн уншаад дараа нь 00 өрөөнд ч явж л байдаг эд шүү дээ. Тэр утгаар нь би олон ч хүнд бараг үзүүлээгүй байхаа. Энгэрийн тэмдгийн хувьд ноён гэгээний гүн ухааны билэгдэл гэж өөрөө шүтдэг байсан дигваранз буюу хилэнцэт хорхойг шижир алтаар цутгаад, нүд энэ тэрийг нь эрдэнийн чулуугаар шигтгээд, түүнийгээ ногоон хаш чулуун дээр суулгасан. Ногоон хаш чулуугаа цул мөнгөөр арыг нь битүү бөгжилсөн нэлээд том хэмжээний тэмдэг бий. Зөвхөн бодит үнэлгээ нь 1 сая хэдэн зуун мянгын ч гэлээ үнэтэй. Мэдээж зах зээлийн сүрхий үнэлгээгээр бүр чиг үнэтэй.

-Та ер нь энд тэнд зүүсэн үү?

Би анх шагнал аваад л зүүсэн. Дараа нь зүүх гэхээр монгол хүний яриагаар бол их хүндэтгэлтэй тэр сайхан юмыг зүүх дээл хувцас нь нэг л гологдоод тэр болгон зүүж чадахгүй л байна. Хятад торгон дээлэн дээр зүүгээд явмааргүй л санагдана, тэгж байгаад ээжээрээ сайхан монгол дээл хувцас хийлгэж байж зүүнээ.

Ярилцсан: Д.Сүхбаатар

No comments:

Post a Comment