Pages

8/22/2010

«Өдрийн сонин» 2008

Х,Сүглэгмаа


ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ

Өнөболд ванд өргөх шүлэг


Эрээн бараан шастир түүхэнд
Эрийн сайн нөхөр аж л та
Эн их улсын түүхэнд
Эрхэм сайн баатар аж л та
Эндээс хол домгийн алсад
Эрдэмт сайн ван аж л та
Эгэл хүмүүний ойрын бодолд
Эрх хонгор сэтгэл аж л та

Эрхэт төрийн сүлдэнд
Түүх үнэн сүлэлдэж үлдэв
Ирт сэлмийн дайдад
Түмэн дайсан чинь сөгдөж үлдэв
Эзэнт төрийн түүхэнд
Эрхт алдар чинь түгэж үлдэв
Эрхшээлт цагийн бошигт
Ирүүл сургаас нэхэж үлдэв

Цасны цагаан манан бударч л байдаг алсад
Цагийн алтан харгуй татарч л байдаг алсад
Цааз түүхийн бичигт сураг тавьж эргүүлэв
Цанидын мянган шижим зураг төдий эргэв

Хатан болоод одсон Мандухай гоогийн араас
Хааны ордонд хүргүүлсэн дөрвөн шагай хэнийх вэ
Харьтныг өмнөө сөхрүүлсэн хаад ихсийн ёсонд
Халдаж тамга булаасан дөрөөн чимээ хэнийх вэ

Харьд бэрлээд одсон Мандухай гоогийн араас
Хадганд боогоод хүргүүлсэн дөрвөн үг хэнийх вэ
Хараа алсын бараанд цээж бэтгэрсэн гунигтай ч
Халхын заяанд мөргөсөн хан сэтгэл хэнийх вэ

Халуун залуухан Мандухайн арван зургаан насанд
Хацраа гэрэлтүүлэн нуусан амраг сэтгэл хэнийх вэ
Хатан болсон Мандухай ясаа цайтал тангараглаж
Хаан төрийг харамласан Хасрын удам хэнийх вэ

Булаасан бүхнээ буцаасан та, төрийн тамгыг ч буцаасан
Булт монголын тавиланд хайраа л нууж үлдээсэн
Буцалсан омголон зоригоо бусдын сүрэнд дайж
Бударсан түүхийн хялмаанаас хайраа нууж л үдсэн

Эрхт монголын түүхэнд
Илдэн дархан уулын цуурай болж л та
Эцэг Есүхэйн удамд
Эрдэмт баатар вангийн уухай болж л та
Халх монголын түүхэнд
Хааны алтан дуулганы тал болж л та
Хавт Хасарын удамд
Хатан баатар вангийн уухай болж л та

Хаан Мандуулын төрд
Харц яваагүй ээ та
Хайртай баатар нь байсан юм
Хадаасан уухай нь тэгж үлдсэн юм
Хатан Мандухайн сэтгэлд
Харь үлдээгүй ээ та
Хайртай Илдэн уул нь болсон юм
Хангинасан цуурай нь тэгж хэлсэн юм

2006-03-30


ГУРВАН САЙХАНЫ ЭНГЭРТ НАР
МАНДАХЫГ ҮЗЭЭРЭЙ


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гуниггүй залуу нас эрх хонгор сэтгэл минь ингэж эхэлсэн юм
Гургалдайн дуутай орчлонд зэрэглээ гижигдэн инээхэд
Гурван говийн цэцэг үсийг минь сүлжиж ургасан юм
Гуниггүй залуу нас шиг нар мандахыг үзээрэй

Гурван сайханы энгэрт яргуй нүдлэхийг хараарай
Хацраа хонхойлгоод инээсэн доголон нулимстай хүүгийн
Халтар бариувчны энгэрт зүүгдэж ирсэн жаргал
Хайраар өлгийдөж тэвэрсэн ижий аав хоёрых нь
Хадагтай ерөөлтэй алган дээр дэрвэж ургах нь энэ ээ
Хайраар өлгийдөж тэвэрсэн яргуй нүдлэхийг хараарай

Гурван сайханы оройд одод түгэхийг хараарай
Тоосоор бүтсэн орчлонгийн эхлэл төгсгөл хоёрыг
Тоонотой чагтагатай нь өргөсөн монголын их хойморт
Тойруулга ширмэл ширдгийн тойрч эргэсэн хээ шиг
Тоотой хэдэн насны минь жаргал зовлон тэр ээ
Тоосоор бүтсэн орчлонд одод түгэхийг үзээрэй

Гурван сайханы оройд янгир ишиглэхийг үзээрэй
Улаан цурав амьтныг ертөнцийн шороонд эрхлүүлж
Удаан хүлээсэн орчлон уулын жавартай угтдаг юм
Удган цагаан салхи нь ижийн бүүвэй дуулж
Ухаа ухаа толгод энгэр задгайлан хөлөрдөг юм
Удаан хүлээсэн орчлонд янгир ишиглэхийг үзээрэй

Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван галвын дайдад ирээд буцсаны минь тэмдэг
Гуу жалга бүхнээс нь тэнгэрийн сүү асгарсан
Гурван хатан ижий залбирч суугаа нь тэр ээ
Гурван галвын дайдад сар жаргахыг үзээрэй


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван сайханы оройд одод түгэхийг үзээрэй
Гурван галвын дайдад ирж буцахад минь итгээрэй


2006-03-06

Thursday, 04 November 2010 Улаанбаатар Таймс

Яруу найрагч Сүглэгмаа алдарт Дэмчигийн хийддээ мөргөхөөр явжээ

Thursday, 04 November 2010
Монголын яруу найргийн хөгжлийн төлөө энэ биеэ зориулж яваа цөөхөн эмэгтэйн нэг нь яруу найрагч Х.Сүглэгмаа. Жил бүрийн “Болор цом” наадамд оролцож үзэгч түмэндээ уянгалаг сайхан найргаа сонордуулж яваа тэрбээр саяхан нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Найрагт дуртай хүмүүс бол түүнийг говийн ноён
хутагт Данзанравжаагийн нутгийн найрагч гэдгийг мэдэх байх. Мөн Улаанбаатарын их сургуулийн багш гэдгийг нь ч андахгүй биз. Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч гэдгээ багш оюутнуудаа нотлоод авсан тэрбээр жил бүр нутагтаа очиж алдарт Дэмчигийн хийддээ мөргөдөг заншилтай. Монголчуудын хайр хүндлэлийг хүлээж цагтаа Монгол Улсын төрийг хүртэл түшилцэж явсан нэрт найрагч Очирбатын Дашбалбарын шавь энэ бүсгүй Дэмчигийн хийддээ мөргөж бүтэн жилийн энерги авахын сацуу амьд бурхан ижийтэйгээ уулзахаар явж буй нь энэ аж.

****************************************************************
Миниий хүү

Хүү минь муу авч гэнээ
Сургууль дээр намайг дуудаж байна
Хүн амьтны өмнө ижийхээ нүүрийг чи гээд
Сургаар аав нь тэндээс өндөлзөж байна
Ботго хариулж өссөн хүүг минь
Бодлого буруу бодлоо гэнэ
Ингэ хөөсөлж гүйдэг хүүг минь
Ийкс игрек ялгахгүй байна гэнэ

Өвөөдөө тоогдож хүн болсон юм хойно
Өрөөлийн хүүхдээс өөр байна гэнэ
Эмээдээ зүүгдэж эрхэлсэн юм хойно
Энгийн хүүхэдтэй ижилгүй байна гэнэ

Алаг мэлхий өрж нааддаг хүү минь
Арав тавын дунд будиллаа гэнэ
Аавынхаа алган дээр бөмбөрч өссөн юм, аргагүй
Айлын хүүхэдтэй адилгүй байна гэнэ

Тэнгэрийн од газрын өвс нүдэлж сурсан үрийг минь
Тэгшитгэл бодож чадахгүй байна гэнэ
Тэшээ тэшээ толгодоо зүүдэлж сэрдэг юм, аргагүй
Тэр сургуулийн хүүхдүүдтэй тэнцүүгүй байна гэнэ

Муу авах яах вэ миний хүү, сургууль дээр ижий нь дуудагдаа л биз
Муу явбал харин ижий нь, орчлонд дуудагдах газаргүй болно шүү
Морин дэл дээр дэрвэж өссөн үр минь
Монголоо алдаж л болдоггүй юм шүү

2009 он
ЦЭЦЭГ
Хурц улаан дэлбээ надад үгүй
Худлаа ялдам инээж чаддаггүй
Дандаа чиний дэргэд ургасан
Даруухан, өнгө алаггүй цэцэг билээ би

Үүлэн чөлөөгөөр нар гэрэлтэхийг хүлээн
Үүрэглэж суухад минь чи шоолж инээдэг
Үдшээр бүхний нойрон дунд
Үзэсгэлэнт зүүдээ нисгэхэд минь
Үүдээ түгжээд чи гэртээ харьдаг

Цонхон дээр чинь амьдраад
Цорын ганцхан чамайг л хүлээдэг
Өдөржин хамт байсан хэрнээ
Өөрийг чинь хүлээхдээ л би ургаж эхэлдэг

Тэнгисийн ёроол дахь
Чулууны гунигийг мэднэ би
Тэнд хүйтэн,
Тэгээд бас хэнийг ч хүлээдэггүй юм.