Pages

1/17/2013



Х. СҮГЛЭГМАА
Нацагдоржийн шагналт яруу найрагч
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
МУИС Улаанбаатар сургууль

ДУУЛААД Л УЙЛААД Л ДАЛАЙН ЦЭНХЭР ДАВАЛГААН МЭТ
ТИЙМ ГЭГЭЭН ҮНЭН ХҮН

Хөвсгөл Далайд 2011 он
1994 оны намрын нэг бороотой өдөр.  Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхөөр бидний хэдэн нөхөд газар газраас цугларч ирээд байв. Мэдээж хөдөө гадааны голдуу тэдний дунд цөөн бүрий шүлэг бичдэг нэр зүс мэдэх ганц нэг хүн, бас чиг сураг сонсохнээ нэртэй төртэй зохиолчдын, эрдэмтдийн энэтэр ч хүүхдүүд байгаа бололтой. Яг юугаар яаж шалгалт өгөхөө мэдээгүй хэр нь хүн хүнээс асууж хэр хэрэндээ л бэлдсэн уншсан, түгшсэн янзтай, бас нэг нэгнээ их л анхааралтай ажиглаж зогсоцгоов.
Миний төрсөн нутаг Дэмчигийн хийдэд 2008 он
Шалгалтын цаг болоход цагаан буурал халимаг арагш нь илж самнасан бор шаргал хүрэмтэй өндөр цээл хоолойтой хижээлхэн хүн ирж нөхдийг нэг саруулхан танхимд оруулан нарийн заавар сэлт өгсөн нь бидний зарим нь урьд телевиз радиогоор л харж  сонсож байсан “Будантай юу буурал хорвоо”-гийн Дагвадорж гуай болохыг тэр дороо л мэдэцгээв. Ийнхүү Цээеэ багшийнхаа, төвд хэл дээр суурилсан дорно дахины утга зохиолын боловсрол олгодог ээ дээ алдарт Ш.Гаадамба Л.Хүрэлбаатар, Ш.Сонинбаяр тэргүүтэн хичээл ордог энэ сургуульд л ороотвол нөхөд минь арай өөр юм сонсоно вий дээ та нар хэмээн хичээнгүйлэн хавар намаржин захисны дагуу энэ даруухан сургуулийн цөөн тоотой оюутны нэг болоотохов.  Ч.Дагвадорж багш маань өглөө орж ирээд л тэр өдөр орох хичээл, заах багш тэргүүтнийг эв дараагаар нь сайхан танилцуулна. Яриан түрүү л “Манай энэ Жамьянгаравын сургууль чинь...” гэж байгаад л дэлхийд Горькийн сургуулийн дараа орох дорны боловсролд суурилсан утга зохиолын онол туурвил зүйн чиг баримжаагаар дэг сургууль хийх тухай нарийн сайхан ярьж өгнө. Ерээд оны хамаг хүн наймаанд явчихсан, байгаа нэгний нь санаа сэтгэл хоёрдсон нэг тийм ороо бусгаа үед,  шүлэг зохиол бичдэг гээд хэрдээ өөрийгөө тоочихсон, Болор цом их бага цом гээд наадам наадамд нэр ус нь дуудагдчихсан, бас болоогүй нэг нь модернизм нэг нь сюрреализм нөгөө нь уламжлалт монгол ухаан гээд хэтдээ өөрсдөө ч сайн учрыг нь мэдэхгүй юм ам амандаа хүлхсэн цөөн тоотой ч олон барилтай тэр хэдэн “сүрхий” улсыг “оюутан болгож” байранд нь тавих амаргүй ажлыг чухам Дагваа багш маань л хийсэн дээ.  Оюутан л юм чинь бид хичээл таслана, багшаа шүүмжилнэ, (зарим багшийг бүр хөөж гаргасан), хоорондоо том жижгээ дуудалцана, оддын өвчинд нэрвэгдээд төөрч тэнэнэ, ер нь тэр нэг хэдэн жилийн оюутнууд бол даанч амаргүй байсан тухай багш нар маань одоо ч ярина. Магваны Эрдэнэбат, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Бадарчийн Хишиг-Ундрал, Дашийн Оюунчимэг, Нансалын Пагма, Эмүүжин, Ням-Очир, Батхуяг, Байгалмаа Батцэнгэл Мөнгөндалай... магадгүй бид хамгийн их багшиййнхаа санааг зовоож чихийг халууцуулсан нь байх. Эдүгээ хүн бүр өөр өөрийн зам мөрөөрөө уран бүтээлээ хийж юутай ч монголын их утга зохиолд нэр мэдэх болсон нь багшийн маань л ач.
Далайн цэнхэр давалгаанд 2011 он
Намар ирэхээр л багш орж ирээд “За хаагуур амрав Нутагтаа очсон уу” гэнэ. Би жаахан халгаад “сэрүү унагаад явах санаатай байнаа” гэнэ. Ийм яриа хэдэн жил давтагдав. Яагаад ч юм бэ аавыгаа бурхан болсноос хойш  халшраад байгаа юм уу би нэг л нутагтаа очиж амарч явж сууж чадахгүй бочихоод байсан хэрэг. Тэр байтугай аавын минь ангийн хүүхэд олон жил уулзаагүй ХАА-н нэртэй эрдэмтэн Н.Банди гуай таараад аавыг асуухаар нь би “үгүй болсон” гэж хэлж чадахгүй байгаа юм шиг л яриад өнгөрсөн юм. Дагваа багш гярхай хүн тэрийг анзаарад л байж. Чулуун эгч тэр хоёр зун болохоор Далай руугаа явна, Явахдаа яг явах өглөөгөө л “за багш нь явлаа чи очно биз дээ” гэж утасдана. Нэг очихсон гэж бодсоор байгаад 2011 оны зун зорьж явлаа. Шууданд суухын урд өдөр “Би билетээ авчихлаа. Маргааш Улаанбаатараас гарах гэж байна” гэж утас цохив. Хонуут яваад өглөө нь Мөрөнд буутал Дагваа багш, Чулуун эгч хоёр Цээдээтэйгээ зогсч байна. Хатгалаас Мөрөн хүртэл лав зуу гаруй километр, тэгээд тэр их бартаат замаар зуны халуунд намайг тосно гээд “командаа хөдөлгөөд” бүрэн бүрэлдэхүүнээрээ Мөрөнд ирсэн нь тэр байв. Хонь гаргуулаад шинэ шөл бэлдсэн гэж байгаа.  Далай дээр хэд хоног бид газрын диваажинд ирсэн юм шиг  л байлаа. Өглөө багш хоёул Далайн эргээр нэлээн хол алхана, багш өглөө бүр нэг сонин түүх ярина, тэгээд хоёул хэсэг залбирна, чимээгүй сууна. Буцаж ирээд Чулуун эгчийн бэлдсэн өндөр зэрэглэлийн өглөөний цай ууна. Тэгээд өдрийн төлөвлөгөөний дагуу хаа нэг тийшээ аялалдаа гарна. Намайг дагуулаад бүр Арбулаг орж, миний талийгаач багш Л.Хүрэлбаатар багшийн төрсөн гэрийн буурин дээр аваачиж, Цагаанчулуутын овоондоо гаргаж, Хотгойдын хурим үзүүлж, Ямаатын өвөлжөөний энгэр дэх ээжийгээ мөнхөлсөн тэр ариун газарт очив. Миний багын найз Өмнийн говийн охин О.Болдцэцэг, мөн миний багын найз Дорнодын зүүн хязгаарын хүн Ш.Дулмаа, мөн миний их анд нөхөр Швецарийн иргэн, Графологийн нэрт эрдэмтэн Ричи гээд тэр газар очсон бид ээжийн дууг уйлан уяран дуулцгаав. Хамгийн сонин нь огт үүлгүй байсан цэлмэг тэнгэрт малгайн чинээ үүл гарч яг л бууралхан ижий минь асгартал уйлаад тосов уу гэлтэй хэсэгхэн зуур тэрүүхэн хавьдаа бороо ороод хойд урд хөндийд солонго хүртэл татаад авав. Үгүй мөн энэ байгаль дэлхий уул ус лус савдагийн хэлцэл ивээл гэж тайлагдашгүй нандин нууц тасралтгүй нэгэн шижим байх юм.
Хөлөг онгоцон дээр шүлгээ уншиж, багш маань “Будантай юу буурал хорвоогоо” нүдээ хагас аньсгээд жаахан ташуулдаж зогсоод дуулж гарлаа. Хөлөг онгоцны тавцан дүүрэн улс түрхэрэн дуулав. Далай тэр чигээрээ ээжийн дуунд автаж настайчууд нулимсаа арчиж, тэр олон зүсийн улс багшийг ирж тэврэхээр зарим нь үнсүүлэхээр бүчээд авав. Уйлсан дуулсан инээсэн бодлогоширсон тэр зуны амралтаар ирээд дотор нэг их уужирсанаа мэдсэн юм. Ухаантай хүн гэдэг нэгнийгээ хараад л “Аа энэ хүүхэд нэг ингээд байна За байз” гээд сэтгэлдээ дагуулж босгодог юм байна. Аавын минь оронд аав болж, мөнх бусыг үзүүлсэн багшийн маань оронд олноос нөмөрлөж ирсэн энэ буурайгийн ачийг өгүүлж баршгүй дээ. Монголын нэртэй эрдэмтэн зохиолч, уянгын дууны нэрт яруу найрагч олон сайхан шавь төрүүлсэн номт багш гээд Дагваа багшийн тухай олны ам дандаа сайн сайхны зүг өргөнө. Тэр олон сайхны дундаас тийм нэг амар амгалан гэгээн сэтгэлт, нугаршгүй харьшгүй нэгэн үзүүрт сэтгэлээр алив бүхэнд хандсан, үнэн чин зүрхнээсээ хэнийг чиг алагчлалгүй ивээхийн сэтгэл дэлгэж суудаг энэ их хүн чанарын уулын нөмөрт бид цугларан ирдэг юм байнаа гэж надад бодогдном. Дагваа багш бол Ижийгээ хайрласан хүн (Жинхэнэ утгаар нь шүү). Ижийгээ хайрлахын тэр бурхан ухаанаар өөрийгөө төдийгүй бусдыг дагуулж яваа тийм гэгээн үнэн хүн дээ. Таныхаа далан насны их буяны чуулганд даган баясая.
XVII жарны Усан луу жилийн Намрын дунд сарын арван долооны билэгт сайн өдөр өө .
/«Чойсүрэнгийн Дагвадорж II»  номоос хэсэглэн авав /
.  

No comments:

Post a Comment