Pages

3/02/2009

ЯРУУ НАЙРАГ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН СОНГОДОГ СЭТГЭЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ


УТГА ЗОХИОЛ УРЛАГ 2006 ОНЫ I САР 003/2200
“УРАН БҮТЭЭЛЧ”


“Яруу найраг бол миний оршихуй, сэтгэл зүрхний минь мөн чанар юм” гэж нэгэнтээ бичиж байсан 1990-ээд оны яруу найрагчдын нэг, утга зохиол судлаач, Хэлбичгийн ухааны доктор Х.Сүглэгмааг “Утга зохиол урлаг” сонины зочноор урьж ярилцаж байна.

Утга зохиол судлаач, Хэлбичгийн ухааны доктор, яруу найрагч Х.СҮГЛЭГМАА :


ЯРУУ НАЙРАГ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН СОНГОДОГ СЭТГЭЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ



-Нэг үе их л дуутай шуутай орж ирсэн 1990-ээд оны яруу найрагчид өнөөдөр хүрэх ёстой өндөрлөгтөө хүрч чадсан гэж та үздэг үү?

- Утга зохиолд аливаа цаг үеийн илэрхийлэл болсон уран бүтээлчдээ нэг
үеийхэн гэж тодорхойлох нь бий. Энэ утгаараа 1990-ээд оны Монголын уран зохиол, тэр дундаа яруу найраг бидий үе тэнгийхнээр амьсгалж байсан гэхэд болно. Бид угаасаа ямар ч өндөрлөг эзлэх зорилго тавиагүй. Зөвхөн өөр өөрийнхөө дуу хоолойг, өөр өөрийнхөө мөрийг үлдээх гэж л уран бүтээл хийсэн. Одоо ч 1990-ээд оныхон зөвхөн яруу найраг төдийгүй, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол, судалгаа шинжилгээний түвшинд ч гол байр суурийг эзэлж байгаа гэж би боддог.

-Үеийхэн дотроо судлал шүүмжид хүчээ сорьсон цөөн хүний нэг бол өөрөө байх. Эмэгтэй хүн, яруу найрагч хүний хувьд энэ бас нилээд хүнд ачаа биз?

Ер нь амаргүй дээ. Тэр дундаа би бол эртний судлалаар мэргэжсэн хүн. Энэ салбарт маш цөөн хүн судалгааны ажил хийдэг. Тэр дундаа эмэгтэйчүүд гарын 5 хуруунд багтах цөөхөн л дөө. Бид нар чинь Дорно Дахины Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиол судлаач- багшаар төгссөн цөөн хүний нэг шүү дээ.
Энэ утгаараа нэг талаас би бол мэргэжлийн ажлаа хийж байгаа, нөгөө талаас яруу найрагч хүний хувьд хамгийн оюунлаг гэж болох Монголын эртний их сэтгэгч нарын олон зуун жилийн туршид бүтээж ирсэн тэр их сэтгэлгээний өвөөр тоглож суугаа азтай хүн гэж болно. Энэ тийм ч хүн болгонд олддог хувь тавилан биш л дээ. Нөгөө талаараа Утга зохиол судлал, тэр дундаа эртний судлал гэдэг бол эмэгтэй хүний хувьд асар их тэсвэр тэвчээр шаардсан хүнд хөдөлмөр. Магадгүй амьдралд байж болох олон сайхан зүйлүүдээсээ ч татгалзахаас өөр аргагүйд хүргэдэг гэж болно. Олон жил хөдөлмөрлөж байж, нэг асуудал дээр дуугарна шүү дээ.

-Чиний хамгаалсан сэдэв их сонирхол татдаг юмаа…

-Би “Монголын уран зорхиол дахь ”үг” зохиолын төрөл зүйл” гэдэг сэдвээр Хэлбичгийн ухааны доктор (PhD)- ын зэрэг хамгаалсан. Энэ бол угаас дэлхийн олон орны уран зохиолд байсан утга зохиолын нэгэн түгээмэл гэж болох хэлбэр бөгөөд Монголын уран зохиолд бүр 13-14 дүгээр зууны үеэс янз бүрийн төвшинд хөгжсөөр төрөл зүйл болон бүрэлдэж чадсан байна гэдгийг онол туурвил зүйн хувьд нь баталсан ажил байгаа юм. Монголын төвд хэлт уран зохиолын хувьд нилээд томоохон байр суурь эзэлдэг боловч, төдий л судлагдаагүй, Агванхайдав, Агван- Ишсамбуу, Агшвандампил, түүнчлэн хуульч Сандагийн яруу найргийн мөн чанарыг энд гол болгон авч үзсэн гэж болно. Энэ сэдвэээр би 2004 онд эрдмийн зэрэг хамгаалаад 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”гэдэг ном гаргасан. Цаашид “ҮГ ЗОХИОЛ” гэсэн цуврал 4 дэвтэр гаргахаар төлөвлөөд ажииллаж байна. Өөрөөр хэлбэл энэ төрөл зүйлд судлагдаагүй байгаа олон чухал асуудал байна гэсэн үг.

-Ингэхэд чиний яруу найргийн 2 дахь ном чинь “Буйд газрын шүлгүүд” нэртэйгээр гарсан байсан. Энэ юу гэсэн үг вэ? Яагаад номоо ингэж нэрлэх болов?

-“Буйд газрын шүлгүүд”-ийг гарсны дараа хамгийн анхны уншигчдын уулзалтан дээр Ш.Сүрэнжав гуай ““Буйд газрын шүлгүүд” гэнээ. Нээрэн тэнд л салхины шивнээ, өвсний сэрчигнээг сонсож болох юм байна” гэж байсан. Харин миний багш, монголын нэртэй төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар гуай “Энэ чинь аглагийн шүлэг гэсэн үг, аглагийн шүлэг гэдэг чинь бясалгалын шүлэг гэсэн үг” гэж олзуурхаж байсан. Хүн хүн өөрийнхөөрөө л авна. Харин би яагаад ингэж нэрлэснээ хэлж мэддэггүй юм.

-“Өргөстэй модны цэцэг”, “Цонх”, “Алишер Новайтай амраглаж хонолоо” гээд нилээд өвөрмөц этгээд ч гэмээр шүлгүүдээ уншиж, тэр жилийн “Мөнгөн цом”-д түрүүлж байсан Ингэхэд сүүлийн үед яруу найргийн наадмуудад хэр оролцож байна?

-2003 оны “Мөнгөн цомын” эзэн болж байсан. Тэр жил Д.Урианхай ах “Болор цомд” түрүүлж байсанд би их билэгшээдэг юм. Миний шүлгүүд бол тайзан дээрээс уншаад хүнд хүргэчихнэ гэхэд харьцангуй төвөгтэй л дөө. Гэхдээ манайхан чинь үнэхээр оюунлаг, яруу найргийг үнэлэх өөрсдийн үнэлэмжтэй ард түмэн шүү дээ. Тэр утгаараа манайд яруу найргийн олон сайхан наадмууд болдог. Мэдээж нэг нь л түрүүлдэг учраас нэг хэсэг нь муулдаг сайлдаг. Гэвч яруу найрагч болгон Болор цомыг ч, Мөнгөн цомыг ч хүлээж л байдаг шүү дээ. Миний хувьд яруу найргийг аливаа тэмцээн, уралдаан болгож биш, өөрийнх нь мөн чанар, сонгодог утгаар нь хөгжүүлээсэй л гэж боддог.

-Энд чиний өөрийн баримталдаг зарчим?

-Яруу найраг бол миний мэдэх хамгийн сонгодог урлагийн, сэтгэлгээний бүтээл. Энэ утгаараа яруу найраг бүх хүмүүст биш, зөвхөн тодорхой хэсэгт л үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бүх хүнд ойлгогдох шүлэг бичнэ гэж байхгүй, бас зөвхөн өөрөө ойлгодог өөр хэн ч ойлгодоггүй шүлэг бичнэ гэж байхгүй. Тэгвэл мөн л сонгодог утга нь алдагдана.

-Очих дуртай газар?

-Театр. Гав ганцаараа суугаад зөвхөн тайзан дээрх амьдралыг нэг хэсэг харах сайхан байдаг юм. Тэнд бас би өөрийгөө илүү их сонсож чаддаг.

-Ганцаардах, шаналах үедээ юу хийдэг вэ?

-Би ганцаардана гэж бараг мэддэггүй юм. Харин ч ганцаараа баймаар тийм үе их ирнэ шүү. Сүүлийн үед улам ч нэмэгдсэн юм шиг. Ийм үедээ хотод бол гав ганцаараа биллиард тоглоно доо, хэдэн цагаар ч хамаагүй. Хүмүүс жаахан гайхаад л байх шиг байдаг юм. Би бол сурчихсан. Их сайн амралт, тайвшралыг олдог юм шиг санагддаг. Ер нь олны хөл үймээнээс аль болох л хол баймаар байна.

-Энэ жилийн “Болор цом”наадам үзэж яваа харагдсан? Ямар сэтгэгдэлтэй байв?
- Яахав, наадам л болсон хойно сайхан байлгүй яахав. Их сонин шүү дээ. Яг “Болор цом” үзэж байхад бид нар найрагч найзуудтайгаа Б.Галсансүхийгээ л дэмжиж, заримдаа өмгөөлж байсан. Харин дараа нь бодож байхад Б.Галсансүхийн Монголын яруу найрагт орж ирсэн тэр үүд бол, өөр үүд юмаа. Тийм учраас бараг яах гэж “Болор цом”-д шүлгээ уншсан юм бол гэж бодогдсон. Монголын орчин үеийн яруу найргийг нэг цэцэрлэгт хүрээлэн гэж бодох юм бол тэнд ургаж байгаа Б.Галсансүхийн шүлгүүд бол үнэхээр өөр өнгө, хэлбэр, үнэр, амт, таашаал гэж болно тэрийг харин хүн болгон мэдэрч чадахгүй, мэдрүүлэх гэж оролдох ч бараг хэрэггүй байх. Ер нь утга зохиолын үнэлэх үнэлэмжээ зохиолч яруу найрагч бид нар л тогтооно шүү дээ. Энэ дээр анхаарах цаг нь болсон байна.

-Ингэхэд өнөөгийн энэ зохиолчдын байгууллагуудын үйл ажиллагааг зохиолч яруу найрагч та нар ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Би Монголын зохиолчдын аль ч байгууллагад гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь зөвхөн өнөө цагийн хэрэг биш, МЗЭ ч, МҮЧЗХ ч тэр Монголын үе үеийн алдартай зохиолчдыг эгнээндээ багтааж ирсэн гэдэг утгаар нь тэр. Харин өнөөдөр аль ч зохиолчдын байгууллагын үйл ажиллагаанд би сэтгэл дундуур явдаг.

-Үеийнхээ зохиолч яруу найрагч нөхдөөс юуг хүсэж хүлээдэг вэ?

-Бид нар их олуулаа л гэж хүмүүс их ярьдаг. Гэтэл одоо тэр 90-ээд онд буцалж байсан олон залуучууд хаана явна.? Утга зохиолын их тогоонд чанагдаж үлдсэн нь цөөхөн шүү дээ. Яахав өнөөдөр тэр цаг үеийн төлөөлөл болж үлдэхдээ гол биш, 1990-ээд оны Монголын уран зохиол гэхэд нэр нь үлдэх хэдэн сайхан бүтээл үлдэх нь л чухал юм. Яруу найраг бол үнэхээр миний үеийнхэн сайн гарч ирсэн. Завханаас Ц.Бавуудорж, Дорноговиос А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Булганаас Д.Баттогтох, Ж.Батцэцэг, Архангайгаас Б.Баярсайхан, Говь-Алтайгаас Х.Чилаажав, Өмнөговиос өчүүхэн миний бие гээд тоолох юм бол Монголыг гүйцээнэ. Харин манай үеийхэнд М.Эрдэнэбат, Б.Батрэгзэдмаа нарыг эс тооцвол үргэлжилсэн үгийн зохиол жүжгийн зохиол бичиж байгаа хүн л цөөхөн санагддаг.


Ярилцсан: Э.ЭРДЭНЭДАЛАЙ


No comments:

Post a Comment