Pages

6/16/2011

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Хургаагийн Сүглэгмаа

ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР

“Аав маань морьд гарахаар явахад бидэнд “Цээжний хэдтэй гараарай” гэдэгсэн” хэмээн С.Оюунчимэг эгч нэгэнтээ «Бурхдад өргөх дуун зул» номондоо бичсэн юм. Морьд эргэжээ. Үнэхээр монголын шинэ үеийн уран зохиолын цээжинд эргэсэн морьдын дунд охин нь «Цайны дээж», «Талын монгол аялгуу», «Наран зүг», «Бурхдад өргөх дуун зул» номоороо “Талын монгол айл”, “Хан шувуу”, “Гэргий” зэрэг нийтийн дууны олон сайхан сонгодог бүтээлүүдээрээ барианы газраас хэнд ч танигдахаар тодрон тодрон айсуй.
Өвлийн дунд сарын бүүдгэрхэн өглөө ажилдаа гарах гэж байтал эртээ утас дуугарлаа. Сүрэнгийн Оюунчимэг. Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр шүү дээ, Хоёулаа нэг уулзая гэнэ. Ингээд надад өдрийн сайныг тохиолдуулан шинэ номынхоо сүүн цацлыг өргүүлэх хүсэлтэйгээ хэлж байна. Аргагүй л буянтай айлын бузгай охин гэдэг нь юм юмнаас нь харагдана. Би ч хэрэндээ сүрдээд “үгүй та өчнөөн сайхан багш нартай хүн…” гэтэл “Би бодож байгаад шийдсэн юм. Чи нэг үзээдэх” гэнэ. Угийн шударгуу чанга эрхэмсэг эмэгтэй л дээ.
Түүний өгүүллэг, нийтлэл, эссээ, бодролын шинэ номыг уншиж, ёстой л “бугын дуунаар сэрдэг” Булган хангай нутгаар нь бууж мордоод ирсэн лугаа сайхан боллоо. Сайн хүний сайхан сэтгэлээс ургасан ном гэж энэ дээ. Би ганц л юм бодлоо. Энэ ном аль болох хурдан хүмүүсийн гар дээр очоосой, аль болох олон хүн олж уншаасай гэж сэтгэлдээ яарч сууна. Бид өнөөдөр шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг дээшлүүлж байна, мэдээлэл технологийн эрин зууныг бүтээж байна, дэлхийн улс үндэстнүүд глобальчлалын эрин зуунд шилжлээ гэх зэрэг чих нүдээр тасласан холын юм ярьж нэгнийхээ мөрөн дээр байтугай толгой дээр гишгэчих шахан дээр дороо орж, хаалгаа байтугай сэтгэлдээ цоож цуурга зүүх нь холгүй, хананыхаа цаадахь айлын нэрийг хэлж, зүсийг зүслэхгүй ажин түжин амьдарч сууна. Энэ цаг биднээс юу юуг минь салгаж одоод, бас оронд нь юу юуг авч ирээд өгчих вэ дээ,мэдэхгүй.
Шинэ номын нэр «Замба тивийн наран дор». Бидний төрөх, өсөх, өтлөх, үхэх, жаргах зовох, уйлах дуулах, ирэх буцахын мянга мянган шижим гагц энэ замба тивийн наран дор л аж. Ямар энгийн үнэн, ямар энгийн гоо сайхан ертөнцийг бүтээгээ вэ, энэ номонд. Орчлонгийн чөлөө учралаар тохиосон нэгэн насны минь амьдралыг өдөр шөнө хэмээх хар цагаан хоёр хулгана нэг нэгээр нь зөөж оддог гэнэм. Бид яаж амьдрах нь биш хэн байсанд л хэргийн учир тохионо шүү.
Өвөөгийнхөө нуруунд үүрүүлээд хөвөнтэй дээлнийх нь гаднаас үлээн “дулаахан байгаа биз” гэж эрхлэн яваа энхрийхэн, намрын халуун өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн ээжийнхээ шаалин алчуураар хэд хоногтоо л гангарсан поодгорхон, сүүн тасгийн норм биелүүлэх гэж зүтгэж байгаа аав ээждээ үүрийн торон жирэнгээр босон үдшийн бүрий хүртэл гэрт гадаахыг хамжилцсан хэрсүүхэн, зэргэлдээ суманд охин дүүтэйгээ өрх ам толгойлон сууж, тракторын жолооч танихгүй “загзгар” хүнийг гуйж хэвийн боовоо хийлгүүлээд, шинийн нэгний өглөө өөрөө хоймроо гарч суугаад дүүтэйгээ золгуут хийж, дотуур байрны найз нараа авчраад “нижгэр” цагаалсан хэвлүүхэн охин бол “Аргалчин бага нас”, “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа”, “Алтан үнэмлэх”, “Зургийн хуар шиг Жаргалант минь”, “Нарны садан” тэргүүтэй нийтлэлүүдийн гол баатар эдүгээгийн яруу найрагч зохиолч С.Оюунчимэгийн өөрийнх нь бага нас юм. Өөрт нь таарсан хөөрхөн шээзгий хийж өгөөд аргалд дагуулан аль холын аргалыг түүлгэх гэж учирлан явахдаа ижий нь эх орон гэдэг Бумбатаас нь, Догзонгийн өвөлжөөнөөс нь эхэлдэг гэдгийг ойлгуулсан бол амттанаар угжиж, өнгөтнийг өмсгөж, алган дээрээ бөмбөрүүлсэн ааваасаа, эмээ,өвгөн аав, буурай нараасаа тэр хүнийг хайрлахын ухаанд өлгийдүүлж, амьдрал жаргалын амт нь бусдад хайр түгээхийн хишиг юм гэж ухаарсан хэрэг.
“…Тэр хоёр хөхрөөд л, би хархүү хаанаас олох вэ, энэ Цогтоо үргэлж нусаа чирч явдаг бүтэхгүй ээ, Батсуурь бид хоёр төрөл юм болохгүй ээ, сумын төвийн хэд мал мэдэхгүй…Ээж бас л Цэвээн гуайд бэлгээ өгөөч, айлчин чинь явах нь гэв. Би бүүр өгөх юмгүйдээд, торгонд өлгийдөөд тавьсан чулуун хүүхдээ авч өгөөд энийг өсгөөд аваарай. Морь малаа бариулж байхгүй юу гэв. Тэр хоёр бүүр нэг хачин сэтгэлээсээ инээлдсээр миний тоглоомоос буцлаа” хэмээн “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа” нийтлэл дэх чулуун гэр бариад айл гэр болж тоглож байсан бага насных нь дурсамжид гарна. Оюунаа эгчтэй хааяа уулзаад өнгөрөхөд, мөн нутаг орноор нь хамт явж сууж байхад хүнд аль байдгаа өгч байж нэг санаа нь амарна. Энэ сайхан өгөөмөр зан түүний амьдрал жаргалын эх булаг нь, бусдыг хайрлаж өөрийгөө хайрлуулахын их ухаан нь тэр томоогүй багадаа тоглоомон гэрт нь айлчилж ирсэн ээжийнхээ найз хүүхэнд өгөх юм олдохгүй, “өлгийтэй хүүхдээ” өр харамгүй өгөөд явуулж байгаа нялх багын сэтгэлд нь дэлгэрсэн хайрын үр юм. Та энэ номноос монгол түмний их ухаан, жудаг ёсыг хормойлсон “Өвгөн нүүдэл”, “Салхины эргүүлэг”, “Улаан ямаат”, залуу нас хайр сэтгэлийн нандин дурсамж тээсэн “Аальгүйхэн 37 нас минь”, “Цомбон туурайт”, монгол төрийн түүхэн хүн Чин ван Ханддоржийн амьдрал намтраас сэдэвлэсэн “Үрээрээ төлсөн нөхөөс” зэрэг жинхэнэ Булган хангайн хөрсөнд соёолсон нугын цэцэг шиг анхилам үнэрт, нуугьсан намрын айраг шиг уруул чимчигнүүлсэн монгол өгүүллэгүүдийг амтархан унших болно.
“Сүрэнгийн охин уу шээзгий савраа орхиод суу” хэмээсэн нутгийн сайхан сэтгэлтэй жолоочоор хүргүүлэн, Хишиг-Өндөрийн сургуульд сурахаар явахад ижий нь “за ор дэр ч яахав, ширээний булан л олоод суугаад авбал болох нь тэр” гэж байсан юм. Охиноо л сургууль бараадуулахсан гэх Ижийнхээ хүслийг өнөөдөр тэрээр биелүүлжээ. Зохиолч яруу найрагч Оюунчимэг эгч, сандрахдаа хөдөө шээзгий савраа тавьж орхиод сургуульд явсан тухайгаа хожим нь ”Ижийдээ шээзгийтэй аргалыг нь дүүргээд орхих ухаан дутсан” гэж ха
руусал тээн өгүүлсэн байдаг юм. Үгүй дээ, та ижийнхээ шээзгийг ухаарлын үрээр дүүргэж зуун зууны хүн төрөлхтний сэтгэлийн галыг бадрааж суугаа буянтай охин шүү гэж номын босго мялаах сүүн цацалдаа шившин залбирч өргөе. Өвөг дээдсийн чинь буян хишиг хурсан монголын их газар шороо уул усан таны «Замба тивийн наран дор» өнө үүрд орших болтугай.
Лусын гэрэлт бумба тэвэрч, уул усныхаа зүүдийг хормойлсон домгийн гэрэлт охины аяны харгуйг мялааж сүүн цагаан сэтгэлийн цацал өргөв.

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч
Хургаагийн Сүглэгмаа


С.Оюунчимэг «ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР» номоос

6/12/2011

Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

ХАРЧИН

Жагдалын Лхагвад

Алтайн цагаан салхинаас харамлаж татсан
Асурийн цагаан хэрмийг нь давж нүүв
Аргалын утаагаа үнэрлэж тэмцэв
Амилангуйн хөх говийг хөндлөн туучиж
Ачаа хөсөг жингийн цуваагаа хөтөлж эргэв
Агь гангын тоосоор баримжаалж ирэв

Харь улсаас тасдаж авчраад
Харуул өртөөг залга гэж тушаав
Халх дөрөв шавь тавыг түшүүлж
Харчин нэрээр захирч дуудав

Харгуй замын өртөөгөө
Эвхэж хурааж авсан ч
Харчин овгийн эрсийг
Энд нь үлдээж мартав

Хасбуу тамга шиг монголын
Энгэр бэлийг түшиж
Хадагны хээ шиг өртөөлөн
Энэ цагийг хүрэв

Харвалдах баатруудын догшин хар хөмсгөн дор
Харгуйн бараа тасдалгүй нумарч үлдэв
Халхын заяа түшиж ихсийн газар бараадан
Харчин Бавуугийн өртөө нутагшиж үлдэв

Хүүшийн цагаан зам зурайж л байдаг
Хүрэн хүрэн уулсаа түшиж үлдэв
Хүдэр хүдэр эрсийн уухайн дуунд эрэмшиж
Хүчирхэг монголын түүхийг бичилцэж үлдэв

Хаврын цагаан цаснаар
Хайлж ижилдэж урсав
Харчин өртөө залгуулсаар
Халх ойрдод уусав
Тарнийн буурал арвай
Үржиж л байдаг орчлон сон
Таанын цагаан толгойтой нь
Унаж үзэв, ургаж үзэв

Мөргөлийн мөнгөн бишгүүрт
Уярч л суудаг орчлон сон
Мөндөр цагаан хяруунд нь
Мөстөж үзэв, мөлийж үзэв

Ирүүл дайсны сэлмэн дор сөхрөхөд нь хамт байж
Их эзний сүлдэн дор омогшин босоход нь хамт байж
Ижий төрөхөд хүүд нь хормойгоо хамт дэвсэж
Эр бор харцага жигүүрээ дэлгэхэд нь хамт эрэмшив

Эрчилж хоймсон бурантагны
Эр үзүүр нь болж хамт томогдов
Энгэрийн мөнгөн товчны
Эм шилбэ нь болж хамт товчлогдов

Өртөө цаазын бичиг
Өнөө хэр үгүй болж
Өөрсдөө харин тэд
Өрлөг түүхэнд үлдэв

Манай танай ялгаатай
Мандсан төр нь үгүй болж
Мартагдахын цагаан түүхэнд
Манж Чингийн тухай дурсах л үлдэв

Алтайн цагаан салхинаас харамлаж татсан
Асурийн цагаан хэрмийг давж ирсэн Харчин
Амирлангуйн хөх говийг хөндлөн туучиж
Алтан Хөхийн уулсаа түшиж үлдсэн Харчин


НАРАНБУЛАГИЙН ТЭНГЭРТ ҮҮРЭЭР
НИССЭН ШУВУУ


Үүр цүүрээр ганц шувуу нисээд
Үлгэрийн Наранбулагт хүрлээ гэж зүүдлэв
Үгүй яахаараа ганц билээ гэж
Үлэмж тод зүүднээсээ нэхэж сэрэв би
Үлгэр үлгэрийн жаргалтай төгсгөл хүлээх мэт
Үгийн шид зангидаж шархадсан гөрөөс шиг өнжив би

Газар дэлхий дээр та минь инээж л явсан
Ганцхан насны жаргал зовлон
Гараас нь хөтлөх хонгорхон охид,
Гангабаатар хүү, Наранбулаг тоонотоо
Ганга нуур, ижий аав, ялдамхан гэргийгээ
Газар шороо эх орноо та дуулж явсан

Үл үзэгдэгч бүхнийг үндэс эхлэл минь гэж
Үл үзэгдэгч бүхнийг үйл төгсгөл минь гэж
Үхтлээ тэмцэнэ энэ газар шорооны төлөө гэж
Үхэхгүй юм шиг,
Үгүй болно гэж үгүй юм шиг л явсан даа

Үсэндээ цагаан хяруугүй залуухан найрагч
Үүрд амгалангийн гэгээн хүсэл тээж
Үд хэвийгээгүй дөчин хоёрхон насыг
Үгийн гуниггүй дуулж явсан та
Үүдэн хоймор шиг л туулж явсан даа

Энд зогсоод салхин зүг гараа алдалж байсан
Эргэн тойрон уул ус, өвс ногоо нь янзаараа
Энд зогсоод сар жилүүдийг шүлгэн эрихээр хэлхсэн
Эрх шувууд нь шулганан жиргээд өнөө хэвээрээ
Энд зогсоод та аав л ижийгээ үдсэн
Эр суль өвс намрын наранд шаргалтахыг үзсэн
Энд зогсоод та Алтан-Овоо, Ганга нуурыг шүтэн биширсэн
Эцэг уул, Ижий нуур чинь эв янзаараа
Энд зогсоод та тэнгэр газраар гэрчлүүлэн
Эх монгол хэлнийхээ эрдэнийн есөн үсгээр
Эрхэм найрагчийн нэр Дашбалбар гэж бичсэн
Энд зогсоод та тэнгэрийн дор газрын дээр
Эцэслэдэггүй төгсдөггүй тийм амьдрал
Эрхэм найрагчид л заяадаг гэж бичсэн

Шувуу буцахад гуньдаггүй залуу насны аагаар
Шуурга исгэрч, чоно улихад эрэмшинэ та
Шуугин урсах гол мөрнөө харж
Шугуйран найгах өвс ногоо болж ургана та

Сураг алсын газраас наашаа захидал бичиж
Суу алдраа гайхуулан ижийгээ дуулж
Суунаглан хөхөртөх алсын бараа ширтэн
Суут ертөнцөд та зуун зуун жил амьдарна

Охидтой бүжиглэж болзоонд урьж
Орь ганцаараа хаашаа ч юм бэ одож
Одоо л бичихгүй юм бол
Одоо л хайрлан дуулахгүй юм бол гэж
Олон олон үдшээр нойргүй хонож
Орчлон ертөнцөд та зуун зуун жил амьдарна

Нөхөд чинь таныг эрж хайж үдшээр хэн нэгнийдээ цуглаж
Нөгөө муу Нямсүрэн, Саруул, Мэнд-Ооёодоо туньж
Нөмгөн дээлтэй хээр талдаа сууж, өвс хөлөргөн
шүлэг уншиж
Нүцгэн бор толгод дундуур хөл нүцгэн алхална
Нүүсэн үүлсийн чөлөөгөөр наран зүг саравчилж
Нүүгээгүй юм шиг нүүхгүй юм шиг он оныг үднэ та

Хорин зууны дараахь хорин насаа дуулж
Хонгорхон охидод шүлгээ зориулж
Хорсол хайр хоёуланг нь ав адилхан амталж
Хоромхон зуурын үзэгдэл зуун зууныг үдэж угтана
Хорвоо дээр урсах Наранбулагаар он цагийг хэмжин
Холын холд та өнө мөнхөд амьдарна
2007-02-10
Х.Сүглэгмаа «Цаг хугацааны дэргэд» номоос

6/02/2011

Улаанбаатар таймс 2011.03.11 048,148 (10391, 10392)

Ертөнцийн мөн чанар сүнсэн дээр тогтдог гэдэг
“Болор цом” наадамд олон сайхан шүлгээ сойж уншигч үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авдаг яруу найрагч Х.Сүглэгмааг энэ удаагийнхаа “Асуултын хувилбар” буланд урилаа


-Таны төрсөн улирал?
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Монголын хамгийн дулаан цэгт дүн өвлийн 12 сард төрсөн дөө.
-Сургуулийн дурсамж?
-Хамгийн анх аавтайгаа суман дээр ирээд бэлтгэл ангид суусан. Хөдөөний, галбын говийн тэмээчний хүүхдэд сумын сургуулийн байшингийн цууриа, багшийн маань цээл сайхан яриа, сандал ширээний будагны үнэр, завсарлагаанаар гуанзанд уудаг чихэртэй хар цай, жигнэмэг гээд хөдөөний хүүхдэд сонингүй юм байгаагүй. Ээж маань уул нь бэлтгэл ангид үздэг бүх юмыг гэрт маань бичүүлээд сургасан учраас тэр тал дээр зовлон байгаагүй. Харин жаахан эрх хүүхэд байсан болохоор ааваасаа өөр хүнээр үсээ самнуулахгүй, айлд ганцаараа үлдэж чадахгүй гээд аав минь намайг өрөвдөөд буцаж чадахгүй байсаар 14 хоног хоёулаа хамт суугаад харьсан.
-Таны хүндэлдэг хүн?
Аав, ээж, багш нар нутаг усныхан гээд олон сайхан улс байна даа.
-Таны шүтдэг уул?
Гурван сайхан, Ханбогд хайрхан, Алагбаянгийн уулсаа, одоо энд аж төрөн суугаа Дөрвөн уулаа шүтнэ. Өглөөд дээжээ өргөнө. Хол ойр явахдаа байнга залбирна. Хүнд нутаг усны буян гэж үгээр өгүүлж барахгүй эрхэм юм байдаг гэж боддог.
-Шүтлэг?
-Хүн ямар нэгэн шүтлэггүй л бол дотоод сэтгэл нь хоосон юм шиг санагдах байх аа. Бид чинь харьцангуй уламжлалт сэтгэлгээтэй учраас, нутгийн сайхан уул усаа, ижий аав ихэс дээдсээ, тэндээсээ уламжилж ирсэн бурхан тахилаа гээд шүтэх тахих зүйл байлгүй яах вэ.
-Таны хувьд хайр ямар өнгөтэй вэ?
Өнгө гэж хэлж болох юмуу үгүй юу, өнгө гэхээр дэндүү хязгаарлагдмал ч байж мэднэ. Хайр бол хамгийн гэгээн зүйл. Тийм учраас орчлонгийн нэг өнгөөр оноож ялгах хэрэгтэй бол цагаан гэж хэлнэ.
-Бурхан чөтгөр хоёрт юу захих вэ?
Захих юу байх вэ дээ. Сэтгэлийнхээ гүнээс аврал одуулж л байгаа юм. Орчлонгийн хамаг амьтныг амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болгож хайрла л гэж хоёуланд гь залбирдаг даа.
-Тэгвэл та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
Итгэлгүй яах вэ. Ертөнцийн мөн чанар үүн дээр л тогтож байгаа гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн сүнснийхээ нууцыг тайлж барчихвал ертөнцийг таньж мэдээд гүйцэж байгаа нь тэр юм гээ биз дээ.
-Дуртай хоол?
-Ээжийнхээ чанасан ингэний сүүтэй унданд (Хангайнхнаар бол будаатай цай) дуртай.
-Дуртай дуу?
-“Уяхан Замбутивийн наран” гэж уртын сайхан дуу байна. Энэ дуунд яагаад дуртай байдгаа мэддэггүй юм. Бага байхад цагаан сар, наадам хоёроор энэ дуу л радиогоор байнга явна. Хүн болгон энэ дууг амьсгал даран сонсоно. Ийм дуу сонсож байгаа дуулж байгаа хүн урт наслалгүй яах вэ дээ. Орон хотын энэ давчуухан олны дунд энэ дууг сонсохоор цээж онгойгоод л явчихдаг шүү дээ. Монгол хэл огт мэдддэггүй нэг харийн хүн манай Норовбанзад гуайг тайзан дээр энэ дуугаа дуулж байхыг нь сонсоод орчуулагчаасаа “Энэ хүн юун тухай дуулж байна вэ?” гэж асууж гэнэ. Орчуулагч “Энэ хүн нарны тухай дуулж байна” гэж. Нөгөө нэг ч үг монголоор ойлгохгүй харийн хүн “Тийм байх аа нэлээн түрүү газраас тасраад явчих шиг болсон юмаа” гэж хэлсэн гэдэг юм. Тэгэхээр энэ нэг л учир байгаа биз.
-Үзэн яддаг зүйл?
Тэгтлээ юугаа ч үзэн ядах вэ дээ. Ер нь мэдэхгүй байна. Угаас их хурц ширүүн хүн биш дээ би, нэг их үзэн ядаад байдаг юм бага шиг вэ дээ.
-Хэлэх дуртай үг?
-Санаа зөв бол заяа зөв.
-Хобби?
-Хөдөө хээр нутаг усаараа явах суух л дуртай хүн дээ.

Ардын уран зохиолч, МУ-ын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав

АРИУН СЭТГЭЛИЙН ТУУРВИЛД
САРНЫ ГЭРЭЛ ТУСДАГ

(Х.Сүглэгмаагийн «Очирбатын Дашбалбар» номын тухайд)



Залуу эрдэмтэн, судлаач, нэрд гарч буй яруу найрагч бүсгүй Хургаагийн Сүглэгмаа нэгэн тод сонин номоо та бүхэнд толилуулж байна. Энэ бол «Очирбатын Дашбалбар» (амьдрал, уран бүтээл) ном юм. Ихэнх хүмүүс намтар тоочих буюу судалгааны албаны хэллэгтэй уйтгар төрмөөр ном бичдэг бол Х.Сүглэгмаа тэр замыг тойрч огт өөр яруу зохиомж, найрсуу хэллэгтэй, хөгжимлөг туурвил бүтээжээ. Хэн хүн ийм ном бүтээхэд бэрх. Гагцхүү авъяастай хүний л хийх ажил юм. Үүний дээр түүний багшаа хайрлах шавийн үнэн сүсэг, ариун сэтгэлийг авч үзвэл зохистой. О.Дашбалбарын тухай урьд өмнө нь олон ном, олон бүтээл гарсан ч үүн шиг удам судар, өсч өндийсөн бага нас, төрөлх хөдөөгийн агаар усанд ууссан онцлог ахуйн шинжийг бүрдүүлж байсангүй. Гагцхүү Х.Сүглэгмаагийн энэ номноос Дарьганга нутгийн өвөг дээдэс, О.Дашбалбарын өсгөж өндийлгөсөн аав ээжийн дүр төрх, зан суртахуун, ёс заншлын өвөрмөц сонин түүхийг та бүхэн олж үзэхийн хамт “Суут хүмүүсийн ген, үр удамд нь амарч байдаг” гэсэн үгийн утга увидасыг олж үзэх болно. Мөн тосч авсан уран бүтээлийн орчин буюу үе үеийн зохиолч, яруу найрагчдын дэргэд хэрхэн өсч өндийж, уран бүтээлчийн зэрэгт хүрснийг сэтгэхүйн зөв дэс дараалалтай, логик учир шалтгаантайгаар сэтгэлдээ хоногшуулж болно. Номын эхний бүлэгт “О.Дашбалбарын намтрын товчоон”, удаах бүлэгт “О.Дашбалбарын уран бүтээл” гэж зохиомжлон номын бүтцийг бүрдүүлсэн нь ч уншихад урамтай, ухахад дөхөмтэй болгон үүгээрээ нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Номон хөшөөг” цаасан дээр урлан босгожээ. Түүний яруу найраг, нийтлэл, уран бүтээл тэр дундаа бурхны шашны гүн ухааны сэтгэмжээр хэрхэн цогцлуулсныг олж мэдэх болно. Би Х.Сүглэгмаагийн эл номонд зориулан (Их хамба лам Д.Чойжамцын үгчилсэн хадмалд тулгуурлан) XIV далай лам Данзанжамцын “Солх”-ыг орчуулснаа толилуулая.

Жамбал янжий онлаа ваанжуур
Лувсан ишээ жалцан зэмбийдоо
Задтэрэн бямбацоо галдан линцодвий
Жавзун лхамо, ганжир шавданшоог.
буюу монголчилбол:
Эгшиглэнт Манзуширийн гол аялгуунд гойд мэргэшсэн
Эрдэмт богдсын шашныг баригчдын гол мод болсон
Элдэв үйлийн сайн хувьтныг өөрөөсөө төрүүлж гаргасан
Эрдэмт дээд Далай лам таньдаа сүслэн залбиръя.

гэсэн энэ өргөл шүлгээр мялаалга болгон шившин адистэдлая. Мөн “Ариун сэтгэлээр бичсэн туурвилд сарны гэрэл тусдаг” гэсэн өргөмж үгээр номын харимж буюу урмын дээдээр мялааж, сэтгэлийн сүү дусаая.
Дашрамд өгүүлэхэд Х.Сүглэгмаа бол Өмнөговиос Ёлын амны гайхамшиг адил “Эдлэх ёсгүй эрх” буюу “Бадамлянхуа” хатныг жүжгээр дүрсэлсэн миний залуу наснаас үерхэн дотнолсон зохиолч Шадавын Ёнхорын зээ дүү юм.
Юманд үнэн сэтгэлээр ханддаг, яруу найраг нь хүнд хүрдэг тоотойхон бүсгүйчүүлийн нэг, эрдэмтэн яруу найрагч Хургаагийн Сүглэгмаагийн цаашдын туурвилын замын өлзийг ерөөж, “Яруу сэтгэлээр бичсэн зохиолыг яруу найраг хэмээмой” гэсэн Цахар гэвш Лувсанчүлтэмийн хадаг-тарнийг өргөн барья. Ум суваадий шиддаам.


Ардын уран зохиолч,

МУ-ын төрийн шагналт яруу найрагч

Шаравын Сүрэнжав


С.Байгалсайхан Доктор (Sc.D) профессор


Дашбалбар бидний дунд байсан, Дашбалбар бидний дунд байгаа, Дашбалбар бидний дунд байх ч болно.


Дөчин хоёрхон насандаа биднийг орхин одсон, одохдоо асар их оюуны баялгийг үлдээсэн, бүтээл нь биднийг уриалж ухааруулсаар байгаа Дашбалбар агсны амьдрал уран бүтээлийг бүрэн хамруулахыг хичээж бичсэн яруу найрагч, түүний шавь, доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаагийн ном уншигч таны гар дээр очиж байна.
Аугаа их Л.Түдэв Дашбалбарыг шинэ зууны яруу найрагч гэж уулга алдсан бол энэ номыг уншаад, ерөөс түүнийг ямар нэг хэмжээгээр мэддэгийн хувьд, зохиол бүтээлийг нь уншиж судалж байсны хувьд, үе үеийн монгол туургатны утга зохиол, урлаг, улс төр, яруу найргийн төлөөлөгч гэж тодорхойлмоор санагдана.

Үл дагагч баатрууд мэт эх хэл минь
Үхэгсдийн амин сүнс оршсон эх хэл минь…

Энэ мэт үнэхээр сүрдмээр сүрлэг, гайхмаар оновчтой, агуу утга гүнзгий, хэзээ ч давтагдашгүй олон бүтээлийг нь нуршиж дээрх дүгнэлтийг баталмааргүй байна.
Сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлийн талаар хоёр ч удаа томоохон эрдэм шинжилгээний хурлыг МҮЧЗХ, найз нөхөд, шавь нар, гэр бүлийн зүгээс нь зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онд 50 насны ойд нь зориулсан хурал нь их онцлогтой болсон. Энэ хурлаар нэг талаас эрдэмтэн судлаачид, найз нөхөд, шавь нар нь уран бүтээлийнх нь талаас нэлээд тодорхой ярьж, нөгөө талаас хамтран зүтгэгчид, нутаг усныхан нь хүн чанар, ажил үйлсийнх нь талаас дурсан ярьцгаасан юм.
Судлаач Х.Сүглэгмаа түүний уран бүтээл болон уран бүтээлийнх нь талаарх баримт материалыг шүүрдэн үзэж Дашбалбар агсныг ямар хүн болохыг гаргах зорилгоор хувь хүний зан чанар, уран бүтээлийн төлөв байдал, улс төрийн үзэл бодлыг тус бүрээр нь ангилан арвин их материал дээр тулгуурлаж эссе хэлбэрээр номоо туурвижээ. Урьд өмнө энд тэнд, ном сонин сэтгүүлүүдэд гарч байсан материалыг журам цэгцэд оруулан нэгтгэж зохистой үнэлэлт дүгнэлтийг гаргаж бичсэн нь уншигчдад уншихад ойлгомжтой, дөт, Дашбалбарыг ойлгож авах, дотоод ертөнцийг нь танин мэдэхэд бүрэн боломжтой бүтээл болсон гэж үзэж байна.
Түүнчлэн зохиогчоос зөвхөн өөрөө багшийнхаа уран бүтээл болон хувь хүнийх нь хувьд хөндлөнгийн материал дээр тулгуурлан хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олзуурхууштай чухал зүйл болсон гэж үзэж байна. Тухайлбал: Түүний УИХ-ын гишүүн байх үедээ ТТГ-т шалгалт хийсэн үйл явдлын баримтыг өөрийн үзэл бодолтой холбон гаргасан хэсэг мөн. Чухал гэдэг нь бид түүнийг монголын үе үеийн сэхээтэн, яруу найрагч, зохиолчдыг төлөөлж чадахуйц монголын оюуны тэнгэрт нисэж байсан гайхамшигт галт шувуу байжээ гэж ойлгож болохуйцаар илэрхийлсэнд оршино.
Номын онцлог нэг зүйл нь урьд өмнө нэг их яригдаж, судлагдаагүй байсан түүний Буддист үзэл санааны талаар дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлсэн явдал юм. Энэ нь Дашбалбарын хүн чанарын ертөнцийг тодорхойлоход чухал зангилаа түлхүүр болон харагдаж байна.
Жинхэнэ яруу найрагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг гэдгийг тодорхой гаргаж өгч чадсанд энэ номын ач холбогдол оршино.

Аяа, бурхан минь
Хүнд туслах ганцхан агшинг ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би

гэснээс сэтгэлийн их шаналал түүнийг хийж бүтээж байсан оюуны хөдөлмөрийн мөр, хийж бүтээж амжаагүй мөрөөдлийг харж болно.
Эцэст тэмдэглэхэд, Дашбалбар шүлэг, бүтээл туурвиж өөрийн үзэл бодлоо зоригтой шулуун шударга илэрхийлэхийн сацуу түүний уран бүтээл нь монгол язгуурын уламжлалтай, өмнөх үеийн эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн залгамж холбоо болж түүнийг баяжуулан шинэчилсэн гайхалтай туурвил болохыг баримтаар дэлгэн харуулсан нь бүтээлийн бас нэг ач холбогдол болж байна.


Дашбалбар бидний дунд байсан,
Дашбалбар бидний дунд байгаа,
Дашбалбар бидний дунд байх ч болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар» номоос