Pages

7/03/2011

ӨНӨӨДӨР сонин 2011.06.24 Баасан №146 (4310)

МАРГААШ МӨД УНТАХГҮЙ НЬ,

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ИХ НҮҮДЭЛ...


“Шүлгийн нэхэл”-тэй орчлонд яруу сайхны эрэл олзтой яваа Сүглэг бүсгүйтэй сүж барилдан элэгсээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний шүлгүүд уянгалаг, дотоод аялгуутай, энгийн үйл явдал, үйлдэл хөдөлгөөнийг энгийнээр нь эгшиглүүлэх хөг айзам дуурьсгана... Шүлгийн санаа, хэлбэр нь тогтсон загварыг эвдэхийг зорьж өөр өөрийн оршихуйн мөн чанараа олон таацна... Ингэж л үгийн донж нийцэл, сэрэхүйн торгон мэдрэмжээр биежүүлсэн ухаалаг сэтгэмж, уянга яруу, утга сүлж далавчилна... Бас, дүрслэлийн энгийн агаад хичээнгүй, тодорхой санаа тээсэн амин дууллаар залгамжилсанд уншихад урамтай, ухахад яруухан байдагаа, түүний шүлгүүд. Тухайлахад яруу найргийн нигүүлсэлээр нийгэм цаг үеийн араншинг зөөллөн буйг нь
“Жин үдийн наран бүтэн дугуйлж гардаг
Жижигхэн дулаахан эх орон минь
Жил жилийн баяр гунигийг тээсэн
Жирэмсэн ижий шиг эх орон минь ээ” гэж албан өрөөнийхөө тухай бичихдээ сав шимийн ертөнцийг энэ хойтод нь, эрэг гангын урсгалыг булаг шанданд нь үүцлэн цомойлгосон утгын хураалтаас харж болно. “Алаг баянгийн талд хуучилсан нь” шүлэгт хоорондоо ярилцаж буй уянгын баатруудын хүүрнэл өгүүлэмжийг шүлгийн сүүл, толгой холболт, айзам эгшгээр зохистой нийцүүлсэн нь зөвхөн түүний л урлан бүтээж чадах туурвилын онцлог юм. Энэ бүхэн сэдвийн олзлол, зохиомж, хэлний өгүүлэмжид гүнзгий нэвтэрсэн яруу найрагчийн боловсрол мэдлэгийн хүрээтэй холбоотой дотоод судлагдахуунд тооцогдох билээ.
“Дэргэд минь суугаад уйлав
Дэндүү их санасан гэнэ
Дэргэдээс минь босоод дуулав
Дэмий юунд даслаа гэнэ
Хажууд минь ирээд уйлав
Хачин их шаналсан гэнэ
Хажуугаас минь босоод дуулав
Хайраа юунд өглөө гэнэ”. Ийм л уянгатай энгийн хүүрнэл хайр сэтгэлийн сэдэв, агуулгад эгэл бясалгал, содон мэдрэмжээр яруусан солонгордог. Өнөөдөр амьдралын эгэл үнэнийг тэр чигээр нь буулгах эсэх талаар урлагийн бүх төрөлд эрэл хайгуул, шинэчлэл хийхийг эрмэлзэх болсон. Ялангуяа дэлгэцийн болон хүүрнэл зохиолын төрөлд. Бас сэтгэлгээний хийсвэрлэлийн хамгийн дээд хэлбэр болох яруу найрагт энэ бүр их хамааралтай үзэгдэл юм. Гэхдээ энэ шинэ эрэл хайгуул нь гоёж гоодсон хоосон дүрслэл, чамин ганган үгсийн цуглуулга болох хэнээрхэл, бие биенээ давтсан мухардалд хүргэх совинг бидэнд атгуулахаас өөрцгүй байна. Бичлэгийн хэв маягаас илүүтэй зохиолчийн төрмөл авъяас, тордмол туршлага энэ бүхэнд тодорхой хариулт өгч чадах бөгөөд хуучныг үгүйсгэсэн шинэ дэвхцэл шинэчлэл болдоггүйн адил энгийн үнэн гэнэн реализм биш билээ. Харин Х.Сүглэгмаа эгэл энгийн дотроос эрэл хайгуул үргэлжлүүлсэн нь зохиомжийн өвөрмөц тэлэлт, бичлэгийн мөнхийн тэмүүлэлтэй нь холбоотой бөгөөд дорнын уламжлалт гүн ухаан, дотоод сэрлийн үзүүр чангаасан шинэхэн бүтээлүүд 1990-ээд оны эхэн үеийн шүлгүүдээсээ ур ухааны хувьд тэлсэн нь сайны үзүүлэлт төдийгүй реалист шүлэг хичнээн олон хувилбар, урт замтайг баталгаажуулсаар байна гэж болно.
Шүлгийн санаа тодорхой агуулгагүй нь цаг мөчийн бэлгэдэл болсон оюун санааны үр шимийн үүднээс буруутгахын аргагүй ч яруу найрагчийн жинхэнэ шалгуур болсон томоохон төрөл болох найраглал, дуульд хүчээ үзэхэд буруудах юмгүй шүү. Хэд хэдэн шүлэгт нэгэн ижил зүйрлэл давтагдах (Алдуурсан унага шиг бодол) нь сэтгэмжийн тогтсон хэв маяг ч яруу найргийн бүтээлч эрэлд өөрөөр нөлөөлж, онцгойрон харагддаг гэмтэй билээ. Бас “алсарсан”, “алдалсан”, “амарлингуй” зэрэг үгс шүлгийн уянга, утга санаанд уран сайхны шинэ нээлт, өгүүлэмжийн төлөөлөл болж буй ч дүрслэлийн тодотголын хувьд давтагдаж үзэгддэг. Бүхэлдээ шүлгүүд нь уянга сэтгэлийн яруу найраг голлож шинэ эрэлхийлэл, гүн сэтгэмж цөөтэй, яруу туршилт, уянгын би баатрын дүрийн урлал багатай байна. Х.Сүглэгмаа дүрслэлийн эрэлхийлэлийг шүтээд шүлгийн санаа, үйл явдлын тайллыг гээгдүүлсэн сул талтай юм.
“Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэсэн утга бүрхэг оновчгүй зүйрлэл л гэхэд хүний ул мөр цасан дээр үү, цаасан дээр үү гэдгээс үл хамааран явж өнгөрсөн гэсэн санааг шадын эхэнд голлосон нь хүчилж толгой холбосон алдаа хэмээн үзэхэд хүргэнэ. Яруу найрагч бүхэнд байх цаг мөчийн дүрслэлт буулгавар буюу санааны явцуурал ажиглагдах хэдий ч тэрбээр судлаач хүний хувьд уламжлалтай, утгын нарийн шүтэлцээтэй бичиж байна. Түүний шүлэгт “чиг зүггүй”, “уужуу дүүжүү” гэсэн сэтгэлийн хоёр туйлыг илтгэх үгс олонтаа тохиох давтамж нь найрагчийн аливаад хандах уулгамч үг, зан төлөвийнх нь төлөөлөл болон харагддаг. Сэтгэлээс ургасан бүрэгхэн санааны цухалзал МНТ гэх зэргийн чинад сэрэхүйн сонгодог зохиолын үндэс суурь болдог бөгөөд дахин давтан уншсан ч цаанаа л юм шингээстэй нь баригдаж, мэдрэгдэж, бас гүнзгийрээд байдгийг сануулах юун билээ. Энэ бол онгодоор бичсэн, эсхүл олон давтан зассандаа бус, аварга аваргаараа л төрдөгийн тод жишээ юм. Дотоод агуулга, амин сүнс зохиолд хэрхэн амьдарч, яаж үргэлжлэх вэ гэдэг зохиолчийн уран чадвартай холбоотой чанарын шаардлага юм, нэг талаасаа. Энэхүү сэтгэлгээний эрэлхийлэл нь
“Орд хэн барьсныг
Ор хэн шилснийг
Оймс хэн давхарласныг
Огт нүцгэн хэн гүйснийг” гэх мэтээр солонгоруулан улам л санаа давтаж ур мухардахад хүргэжээ.
Гүнзгий санаа, гүн ухааны агуулгатай “Хүн төрөлхтөн”, монгол шүлгийн бадаглал, эртний уран зохиолын санамж сэрэмжээр уламжлан бүтээсэн “Залбирал”, түүхийн улбаа, тэнүүн ухааны зангилаа бүхий “Харчин” зэрэг олон шүлэгт уянгын баатрын санаашрал, зөн совингийн эрхшээл тод яруусан бууж байна. Яруу найрагчдыг бүхэлд нь боловсрол мэдлэгээр тэтгэж бичдэг, ур ухаанаар чимж уянгалдаг, буруугийн хазгайгаар будантуулж бичдэг, утга учиргүй урсган тэмдэглэдэг, онгод авъяасаар халгиж бичдэг, оюун билгээр цалгиж дэвтэрлэдэг, онол хийрхэлээр оосорлож мугуйдалдаг гэсэн хэдхэн арга барилд ангилан үзэж болох бөгөөд эхний хоёрыг нь Х.Сүглэгмаагийн бичлэгийн өнгө аясанд бид хамааруулан үзэж байна. Учир нь “Монголоороо бичиж монголоороо үлдэхээ” тангарагласан аяс бардам зан, ааг омог бүхий яруу найрагтаа л үнэнч үлдэх ясны шүлэгчийн араншин совинтуулж өөрийгөө давтахгүй, өрөөлийн санаа сэдлээс ангид сэтгэж чадаж байна тэр. Түүнийхээр
“Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэн (э)” сэтгэлд нь хадааширч буй нь яруу найрагчийн сэтгэлийн дотоод цөн түрэлт, ертөнцийн мөнх бусыг зэрэгцүүлсэн гүн ухааны тайлал юм. Эрхэс тэнгэрт зэрэгцэн садансах одод сарны тухай анивалзан дуулахыг олж харна гэдэг, бас үргэлж тэндээ оршихгүйг олж таних нь яруу найрагчийн ховорхон төрмөл араншин. Бүр анивалзан анивалзан шүү. Энэ айзам яруу утгын яргалт Х.Сүглэгмаагийн шүлгийн дорно гэх уламжлалын шүтэн барилдлагыг, уран бүтээлийн аргын чөлөөт эрэлхийллийг улам бүр тодотгодог юм. Шинжлэх ухааны үүднээс уул ус мянган жил байрандаа оршиж, үлгэр жаргах чөлөөнд одод харвах нь батлагдахгүйн “үнэн” ч хийсвэр сэтгэмжээр зэрэгцүүлэн урлана гэдэг эртний утга зохиол судлалын үйлстэй нь холбоотой, мөнхүү бурханы шашины уран зохиолын сэдэв өгүүлэмжийн уламжлалыг нийгмийн араншинд идээшүүлсэн бүтээлч хандал болох нь
“Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм” хэмээн үйлийн үр, мөн чанарыг эргэцүүлэн таньж буйгаас тодорч байна. Айл саахалтын Ёндон гуай
“Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж” гэсэнд хүмүүний жам ёс, заяа тавиангийн эрхшээл, эргэх хүрдэнг гайхалтай урнаар төлөөлүүлсэн бол эл санаагаа зангитган
“Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг” гэж учирлаж байна. Ингэж үзэгдэл юмсын дотоод зүй тогтол, учир шалтгааныг уянгын хэл, өргөн санаа, гүн ухааны агуулгаар баяжуулна гэдэг энэхүү шүлгийн дотоод амин сүнс, шид хутагтай холбоотой уран сайхны ололт билээ. Энэхүү зөөлөн сэтгэмж, хатуу үнэний гаргалгаа мэдээж Х.Сүглэгмаагийн оюун билигтэй холбогдох төдийгүй монголын яруу найргийн сэтгэлгээний ололт амжилтыг нэгэн айзмаар хөглөх учиртай байжээ.
“Үүл үүл нь нүүвчиг тэнгэрийн хаяа хүрэхгүй
Үнэний алтан харгуй тэндхийн тоосонд дарагдахгүй
Үе үеийг улираавч төрлийн хэлхээ алдуурахгүй
Үзтэл зуурдын орчлон үйлийн бошгоо халахгүй” (Ноён гэгээнд бичсэн захидал) гэх зэргээр шүлгийн санаа залгамж холбоотой, нөхөн гүйцээж давтан эгшиглэх уянгатай нь яруу найрагчийн сэтгэлийн урин дуудал, нууцлаг зожигрол бүхэн уусан шингэснийх юм. Төрсөн нутгийнхаа тухай дуу урлаж, эх орон, элгэн садныхаа тухай аялгуу бүтээн, эмзэг нас, хайр сэтгэлийн тухайтад шүлэг тэрлэн ганхасхийх эрхэмсэг ялдар бүсгүйн эрдмийн аян гэгээтэй, басхүү хүний сэтгэлийн дотоод хөдөлгөөн, жам ёсыг ухаарлаар яруусгаж, уянгаар жигүүрлэн гайхагдаж байна. Шилмэл шүлгийн дээж болсон энэхүү “Нүүдэл” (2011) ном монголын яруу найргийн ололт хөгжлийн нэгэн үзүүлэлт, сэтгэлгээний алсад нүүдэллэн урагшилж буйн томоохон илэрхийлэл болон сүндэрлэлээ. Цаг хугацааны дэргэд нь, бас өмнө нь бичиж чадах цаглашгүй авъяас мандтугай!
Маргааш мөд унтахгүй, монголын их яруу найраг нүүдэллэн айсуй...



Д.Цэвээндорж (Утга зохиол судлагч)
2011.06.02

Улаанбаатар таймс 2011,05,24 Мягмар. 100 (10443)

Х.СҮГЛЭГМАА «НҮҮДЭЛ» ШИЛДЭГ ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРЭЭ ХЭВЛҮҮЛЛЭЭ

«Орхиж боломгүй хорин нас», «Буйд газрын шүлгүүд», 2010 онд «Цаг хугацааны дэргэд» яруу найргийн, «Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл», «Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг», «Очирбатын Дашбалбар» судалгааны номууд, Хятадын монголч эрдэмтэн Ван Мандугаагийн «Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн хураангуй», Хятадын монголч эрдэмтэн Ч.Хишигтогтохын «Монголын эртний утга зохиолын шинэ судлал» хөрвүүлгийн номуудыг тус тус хэвлүүлж уншигч олны танил болсон яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа өнөөдөр «Нүүдэл» хэмээх 20 хэвлэлийн хуудас түүвэр зохиолоо уншигчдын гар дээр хүргэлээ. Яруу найрагчийн шинэ номын редактораар Монгол улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодол, номын зураачаар МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, С.Төгс-Оюун нар ажиллажээ.
Х.Сүглэгмаа 1992 оны “Найргийн даага” яруу найргийн наадам, 1993 оны “Алтан бийр” яруу найргийн наадам, “Оюухай яруу найргийн наадам”, “Болор цом” яруу найргийн наадмуудаас шагнал хүртэж, 2003 оны “Мөнгөн цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2004 онд МҮЧЗХ-ны оны шагнал, 2006 онд дэлхийн яруу найргийн “Алтан дигваранз” наадмын тэргүүн шагнал, 2009 онд оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2009” наадмын тэргүүн шагнал тус тус хүртэж байсан манай шилдэг яруу найрагчдын нэг юм.

Х.Алтаа