Pages

8/22/2010

«Өдрийн сонин» 2008

Х,Сүглэгмаа


ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ

Өнөболд ванд өргөх шүлэг


Эрээн бараан шастир түүхэнд
Эрийн сайн нөхөр аж л та
Эн их улсын түүхэнд
Эрхэм сайн баатар аж л та
Эндээс хол домгийн алсад
Эрдэмт сайн ван аж л та
Эгэл хүмүүний ойрын бодолд
Эрх хонгор сэтгэл аж л та

Эрхэт төрийн сүлдэнд
Түүх үнэн сүлэлдэж үлдэв
Ирт сэлмийн дайдад
Түмэн дайсан чинь сөгдөж үлдэв
Эзэнт төрийн түүхэнд
Эрхт алдар чинь түгэж үлдэв
Эрхшээлт цагийн бошигт
Ирүүл сургаас нэхэж үлдэв

Цасны цагаан манан бударч л байдаг алсад
Цагийн алтан харгуй татарч л байдаг алсад
Цааз түүхийн бичигт сураг тавьж эргүүлэв
Цанидын мянган шижим зураг төдий эргэв

Хатан болоод одсон Мандухай гоогийн араас
Хааны ордонд хүргүүлсэн дөрвөн шагай хэнийх вэ
Харьтныг өмнөө сөхрүүлсэн хаад ихсийн ёсонд
Халдаж тамга булаасан дөрөөн чимээ хэнийх вэ

Харьд бэрлээд одсон Мандухай гоогийн араас
Хадганд боогоод хүргүүлсэн дөрвөн үг хэнийх вэ
Хараа алсын бараанд цээж бэтгэрсэн гунигтай ч
Халхын заяанд мөргөсөн хан сэтгэл хэнийх вэ

Халуун залуухан Мандухайн арван зургаан насанд
Хацраа гэрэлтүүлэн нуусан амраг сэтгэл хэнийх вэ
Хатан болсон Мандухай ясаа цайтал тангараглаж
Хаан төрийг харамласан Хасрын удам хэнийх вэ

Булаасан бүхнээ буцаасан та, төрийн тамгыг ч буцаасан
Булт монголын тавиланд хайраа л нууж үлдээсэн
Буцалсан омголон зоригоо бусдын сүрэнд дайж
Бударсан түүхийн хялмаанаас хайраа нууж л үдсэн

Эрхт монголын түүхэнд
Илдэн дархан уулын цуурай болж л та
Эцэг Есүхэйн удамд
Эрдэмт баатар вангийн уухай болж л та
Халх монголын түүхэнд
Хааны алтан дуулганы тал болж л та
Хавт Хасарын удамд
Хатан баатар вангийн уухай болж л та

Хаан Мандуулын төрд
Харц яваагүй ээ та
Хайртай баатар нь байсан юм
Хадаасан уухай нь тэгж үлдсэн юм
Хатан Мандухайн сэтгэлд
Харь үлдээгүй ээ та
Хайртай Илдэн уул нь болсон юм
Хангинасан цуурай нь тэгж хэлсэн юм

2006-03-30


ГУРВАН САЙХАНЫ ЭНГЭРТ НАР
МАНДАХЫГ ҮЗЭЭРЭЙ


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гуниггүй залуу нас эрх хонгор сэтгэл минь ингэж эхэлсэн юм
Гургалдайн дуутай орчлонд зэрэглээ гижигдэн инээхэд
Гурван говийн цэцэг үсийг минь сүлжиж ургасан юм
Гуниггүй залуу нас шиг нар мандахыг үзээрэй

Гурван сайханы энгэрт яргуй нүдлэхийг хараарай
Хацраа хонхойлгоод инээсэн доголон нулимстай хүүгийн
Халтар бариувчны энгэрт зүүгдэж ирсэн жаргал
Хайраар өлгийдөж тэвэрсэн ижий аав хоёрых нь
Хадагтай ерөөлтэй алган дээр дэрвэж ургах нь энэ ээ
Хайраар өлгийдөж тэвэрсэн яргуй нүдлэхийг хараарай

Гурван сайханы оройд одод түгэхийг хараарай
Тоосоор бүтсэн орчлонгийн эхлэл төгсгөл хоёрыг
Тоонотой чагтагатай нь өргөсөн монголын их хойморт
Тойруулга ширмэл ширдгийн тойрч эргэсэн хээ шиг
Тоотой хэдэн насны минь жаргал зовлон тэр ээ
Тоосоор бүтсэн орчлонд одод түгэхийг үзээрэй

Гурван сайханы оройд янгир ишиглэхийг үзээрэй
Улаан цурав амьтныг ертөнцийн шороонд эрхлүүлж
Удаан хүлээсэн орчлон уулын жавартай угтдаг юм
Удган цагаан салхи нь ижийн бүүвэй дуулж
Ухаа ухаа толгод энгэр задгайлан хөлөрдөг юм
Удаан хүлээсэн орчлонд янгир ишиглэхийг үзээрэй

Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван галвын дайдад ирээд буцсаны минь тэмдэг
Гуу жалга бүхнээс нь тэнгэрийн сүү асгарсан
Гурван хатан ижий залбирч суугаа нь тэр ээ
Гурван галвын дайдад сар жаргахыг үзээрэй


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван сайханы оройд одод түгэхийг үзээрэй
Гурван галвын дайдад ирж буцахад минь итгээрэй


2006-03-06

No comments:

Post a Comment