Pages

7/05/2010

Х.Сүглэгмаа

ЭХ ОРОН
Цагаан хоншоорт бүргэд хад өнцөгдөн сууж
Цаг хугацааг гуниглан хүлээх эх орон минь юм
Цантай хүйтэн чулуу хөлийн дор шаргиж
Цаашилж одох их хэнгэргийн дуу эх орон минь юм
Алсаас ирэх морин харгуй, чийг зөөлөн үнэртэх
Адуу тургилан салхин зүг дэргэх эх орон минь юм
Айлын бүсгүй хацраа гэрэлтүүлэн тольдох
Аль багадаа чамтай эрхлэхсэн гэж
Асгаж нэг хурааж нэг шаргиулсан

Алаг мэлхийн шагай эх орон минь юм

Багадаа эрхэлж чулуу чулууг нь түүсэн
Баянсухайн урд дэнж эх орон минь юм
Багалуур бударгана, агь гашуун дундаас
Бажууна, гоёо түүж амтлах эх орон минь юм

Айл саахалтын зуур ботго хариулан гүйж
Агаадаа үнсүүлж дээр өргүүлэх эх орон минь юм
Аараг толгодын дунд зэрэглээ андууран гүйж
Аягын чинээ нуур үзлээ гэж итгэх эх орон минь юм

Сайхан ижийхээ залуу насанд үүрүүлж
Садарсан цагаан аялгууг сүү болгон залгилах эх орон минь юм
Санчиганд нь буурал сууж ус голдоо л өтлөхөд нь
Сар өдрүүдээс урьтаж жаргаана даа гэж бодох эх орон минь юм

Алаг алаг толгодыг зэрэглээнд тэшүүлэн зүүдлэх
Аль багад минь жаргасан үлгэрийн төгсгөл
эх орон минь юм
Амиа хувааж өгөөд оронд нь авсан юм гэх
Атга шороо алтан үндэс эх орон минь юм

Тэнгэр газрын савсалгаар тээр холыг саравчлан
Тэмээтэй хүн овоон дээр зогсох эх орон минь юм
Тэвэр тэвэр уулсыг тэвний сүвэгчээр өндөлзүүлж
Тэрүүхэн зэлний цаанаас нар мандах эх орон минь юм

Үйл заяаны залбиралд энгэр хормой нэгтэй
Үүдэн хоймрын Буриад эх орон минь юм
Үелсэн мянганы түүхэнд хоромсог саадаг нэгтэй
Үзэмчин захчин ойрдууд эх орон минь юм

Салаа замын нүүдэлд жаргал зовлон нэгтэй
Сайхан талын баргууд эх орон минь юм
Салгаад салгаад холдовч сураг алсын бараатай
Сайр Ховгын торгууд эх орон минь юм

Алтай хангайн уулсыг Адраа ятгатай дуулах
Араажуугаа чангалж агаа нүдээ хагас аниад сонсох эх орон минь юм
Алсуур тойрч толгод толгод дамжих усан тэлмэн зэрэглээ
Аргадаж хайрлахдаа нулимсаа залгиж хүлээсэн эх орон минь юм

Намайг ээлжилж үүрсэн Ижий Аав хоёр минь
Над руу урсаж тогтсон эх орон минь юм
Над руу урсаж тогтсон эх орон минь юм
Насаараа миний хайсан шүлгийн гэрэлт мөрүүд
Надаас урсаж асгарсан эх орон минь юм

Өнө мөнхийн хөх мөнхийн тэнгэр дор
Өрлөг түүхт монголын жаргах зовор эх орон минь юм
Өвдгөө шалбалж босохдоо нулимстай амталсан хайр
Өчнөөн зууны хойно ч өөрөөсөө миний олох Эх орон минь юм.

2007-01-06
2007-03-10

No comments:

Post a Comment