Pages

2/22/2010

ӨДРИЙН СОНИН 2010.02.10 №033 /3423/

УРАН БҮТЭЭЛЧ


Х.СҮГЛЭГМАА: БИДНИЙГ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРЭХИЙГ БАГШ МИНЬ ҮЗСЭНГҮЙ ДЭЭ


Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор яруу найрагч Хургаагийн Сүглэгмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр «Очирбатын Дашбалбар» судалгааны бүтээлээрээ 2009 онд судлал шүүмжийн төрөлд “Алтан-Өд” гардсан байна.
-Таныг их азтай хүн гэж боддог. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, хэл шинжлэлийн ухааны манайдаа л толгой эрдэмтэн Л.Хүрэлбаатар нарыг “багшаа” гэж дуудах эрх танд оногдсон.
-Олон хүнд оногдсон л доо. Төвдөч Л.Хүрэлбаатар багш бол миний оюутан цагаас эрдмийн ажилд хөтөлсөн багш маань юм. Бүр бакалаврын магистрын, дараа нь докторын ажлыг маань удирдсан. Одоо ч байнга л багшаасаа зүүгдээстэй. Их мөрний хаялга гэдэг шиг их номын хүний нөмөр нөөлөг, эрдэм ухаанаас хүртэнэ гэдэг цаанаа их буян байх аа. Өвөг дээдэс минь номонд муугүй байсан гэдэг юм. Тэдний маань буян байх. Дандаа сайн багш нартай байсан. Дашбалбар багш бидэнд Дэлхийн уран зохиол, яруу найргийн задлан шинжлэл ордог байсан юм. Гайхамшигтай, зүгээр л тэр хүний юуг үзэн ядаж, юуг гайхан биширч, яаж асаж мандаж, яаж гуниглаж шархдаж, яаж омогшин бардамнаж байхыг харна гэдэг л аугаа ихийн номлол байсан гэж болно. Бусад нь хамаагүй. Тийм хувь тавилан монголын даанч цөөхөн яруу найрагчдад оногдсон.
-Таны анхны ном “Орхиж боломгүй 20 нас”. Харин дараа нь “Буйд газрын шүлгүүд” гарч утга зохиолын хүрээнд нэлээдгүй шуугиан тарьсан санагдана?
-Би их олон ном гаргахгүй гэж боддог юм. Харин гаргасан ном болгон маань хаврын шинэхэн ногооны агь ханхалсан тал шиг шинэ содон, бас давтагдахгүй мөн чанартай байгаасай гэж боддог юм. Одоо чинь монголын яруу найрагт үнэлэмжийн их өөр эрин цаг үе ирж байна. Нэг үе дуулиан шуугиан, нижигнэсэн алга ташилттай тийм сэтгэлийн яруу найраг орж ирж байсан бол одоо харин харьцангуй сонгодог, сэтгэлгээний яруу найргийг үнэлэх, уншиж, бодож ухаарах болжээ. Энэ утгаараа миний “Буйд газрын шүлгүүд” цагаа олсон “үнэтэй” ном болсон юм шиг байна. Олон яруу найрагч анд нөхөд минь, багш нар, мэргэжлийн хүрээнийхэн ингэж дуугарсан. Яруу найрагчдад л олддог энэ баярыг талийгаач багш минь хуваалцсан бол, биднийг ингэж эрийн цээнд хүрэхийг харсан бол гэж бодоод жаахан гунигтай л байдаг юм.
-Хүн бүр л ном гаргаж, шүлгээрээ CD хийж эхэллээ. Үндсэндээ утга зохиол зах зээлийн бараа бүтээгдэхүүн болоод эхэллээ. Та бас гар хумхиад зүгээр суугаагүй биз дээ?

-Олныг дагаж хөөрөөд яахав, бодож хийж байгаа юм байнаа. Монголын сонгодог аялгуугаар чимэглэсэн дан яруу найргийн CD хийнэ. Энэ чинь хэрэглээ болоод байна. Урдаар мэргэжлийнхээ дагуу эртний судлалаар цуврал ном гаргах гээд эхний 2 дэвтрээ гаргаад байна. 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг 2 ном гаргалаа. Одоо энэ “үг” зохиолын төрөл зүйлийн төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан гол төлөөлөгчдийн бүтээлээр нэг боть гаргахаар оролдож сууна.
-Өнөөдөр Монголын нэрт найрагч Очирбатын Дашбалбар агсны хорвоод мэндэлсэн өдөр. Багштайгаа өнгөрүүлсэн дурсамж, тэр хүний тухай бодох ахуйд төрдөг нандин мэдрэмж юу бол?
-Намар болохоор л нэг жаахан гунигтай санагдаад байдаг юм. Багш маань намарт их дуртай байсан. Намрыг гайхамшигтай мэдэрдэг байсан. Нацагдоржийн тухай, нарны тухай, намрын тухай их гоё холбож бичсэн байдаг юм. Түүний ертөнцийг танин мэдэх тэр цаг хугацааны эрэл хайгуул нь намар байсан шиг санагддаг юм. Бичиж, дуулж, уншиж, уйтгарлаж, сэрж мэдэрч байсан тэр л намартаа, нэг өглөө л өөрөө явчихсан байсан. Дандаа яагаад буцаж байгаа цаг хугацааг тэгж их мэдэрдэг, хайрладаг байгаа вэ Хачин юм шүү. Энэ жил багш маань байсан бол 53 нас хүрэх байлаа. Бидний хэдэн нөхөд нийлээд багшийнхаа дурсгалд зориулж нилээд зүйл хийхээр төлөвлөсөн байгаа, хийж бүтээсэн зүйл ч байна. Олон л хүн багшийн минь тухай сайн муугаар мэдэх мэдэхгүй юм бичих юм, харин яг өөрийнх нь гарын шавь нар чимээгүй л байгаад байсан. Тэгээд өнгөрсөн жил миний бие «Очирбатын Дашбалбар» судалгааны номоо олны хүртээл болгосон. Он жил улирах тусам улам ойр санагддаг. Ч.Дагвадорж багш, Ш.Сүрэнжав гуай 2 багшийн маань их дотны анд нөхөд. Тэр хоёр миний “Буйд газрын шүлгүүд” номонд орсон зарим шүлгийг хараад “Сонин юм, хүн чинь багшийнхаа дэргэд байхад л багштайгаа их адил төстэй зүйл бичдэг. Сүглэг чинь багшаасаа холдох тусам зарим юм нь яасан их нөлөөлж байнаа“ гэж хэлж байв.



-Та багшийнхаа тухай судалгааны бүтээлээрээ өнгөрсөн оны “Алтан –Өд” шагналыг судлал шүүмжийн салбарт хүртсэн. Энэ тухайгаа сонирхуулаач.
-Багшийгаа бурхан болсноос хойш ер нь бол 1999 оноос л багштайгаа холбоотой бүх материалыг эрж цуглуулж жижигхэн сонины мэдээ ч байсан хайчилж авч байлаа. Нутаг орноор нь очиж олон сайхан хүмүүсийн аман хууч, бага залуу насных нь, өвөг дээдсийх нь тухай сурвалжилж хайсан зүйл ч бий. Өвөг эцэг, эмэг эхийнхээ талаас Дарьгангын том лам нарын удам хойч юм билээ. Аавдаа, гэргийдээ бичиж байсан, мөн анд нөхдөөс нь ирсэн захидлууд, өдрийн тэмдэглэл, АИХ, УИХ-ын чуулган дээр хэлж байсан үгнүүд, эх орон тусгаар тогтнол энэ монгол газар шорооны төлөө бичиж ярьж байсан сонин хэвлэл, радио телевизийн яриа, нас барахад нь төрийн нэрийн өмнөөс гаргадаг эмнэлгийн комиссын дүгнэлт нь хүртэл бүрэн эхээрээ байгаа. Одоо энэ номонд орсон Егүзэр хутагт Бодоо хоёрын хоорондоо харьцаж байсан захидал л гэхэд түүхийн баримт болж үлдлээ шүү дээ. Ялангуяа 1990 ээд оноос хойшхи нийгэм улс төрийн амьдрал бол энэ хүмүүсийн ярьж хэлж итгүүлэх гээд байгаагаас жаахан өөр өнгөөр харагдах байх аа.
Багшийнхаа тухай бичсэн номоор “Алтан-Өд-2009” наадмын судлал шүүмжийн төрөлд тэргүүллээ. Сайхан байна. Судалгааны ажил гэдэг бол чөмгөө дундартал суудаг ажил, судалгааны ажил гэдэг бол зүүгээр агуй малтахтай адил шүү гэж эрдэмтэн профессор Л.Хүрэлбаатар багш маань дандаа хэлдэг юм. Яруу найргийн олон сайхан наадмаас шагнал хүртэж байсан. Гэхдээ судалгааны номоороо шагнал авах бол их өөр нэг л гоё. Хүнд ярьж чадамгүй баяр хөөр урам зоригтой байдаг юм байна. Өмнө нь “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл” номоороо “Алтан-Өд- 2005”-аас гуравдугаар байрын шагнал хүртэж байсан.
-Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийнхаа тухай ярихгүй юу. Үнэхээр агуу эрдэмтэн дээ?
-Багшийнхаа ямар эрдэмтнийг би үнэлэхгүй ээ. Энэ чинь дэлхийд үнэлэгдсэн хүн. Харин багшийнхаа эрдмийн хүний ёс жудаг, хатуужил тэвчээр, чигч шударгуу, хөдөлмөрч зан, номонд сүслэх чин сэтгэл, гагц номын ёсоор биш ухааны энгээр номын үүднээс ертөнцийн явдал ёсонд хандах тэр эрхэм чанарыг л өвлөх хэрэгтэй. Сая Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургуульд лекц уншихад нэртэй том эрдэмтэн “Хүү минь хэний шавь вэ?” гэхэд би нилээн айж “Л.Хүрэлбаатарын шавь аа” гэсэн. Тэр хүн надад биш багшид минь гүн талархал илэрхийлж, их бишрэлтэй хандаж байлаа. Үнэхээр миний багш бол Дэлхийн монгол судлалд гарын 10 хуруунд багтах цөөн эрдэмтний нэг гэж үнэлэгддэг.
-Говьд төрж өссөн хүний бага нас их л тунгалаг байдаг шиг санагддаг?
- Багадаа тэмээ унаж, тэмээ хариулж өссөн. Биднийг багад манайхан чинь нэгдлийн олон тэмээ хариулна. Тэр үед одоог бодвол манай нутагт тэмээ олон байж дээ. Айл айлын гадаа л багширтал хураачихсан, өглөө орой нүүгэлтэж байдагсан. Хаврын амралтаар хээлтэй ингэнд явна, зун бол бүтэн, өдөр өдөрт ээлжлээд л ах эгч нарыг дагаад сувай тэмээнд явна. Өглөө нарнаар гараад л орой нарнаар ирнэ. Тэр үед зун ч сайхан болдог байсан юмуу, зунжин нууранд тэмээгээ услаад л хариулдаг байсан. Би малд муу, гэр дотроо бол нилээн цагаан гартай хүүхэд байсан. Агаагийн /манай нутагт аавыгаа агаа гэдэг юм/ эрх охин, ар өвөрт нь наалдаад л. Агаагийнхаа өвөр дээр дээлэн дотор нь ороод л дэлгээтэй үүдээр, орж байгаа бороо харж суух гоё байдагсан. Агаа дүнсэн тамхиа бүдүүн гэгч нь ороогоод л зай чөлөөгүй татна. Өнөө тамхиныхаа үнсийг миний толгой дээрээс унагаад л хярвас ханхлуулах бол энүүхэнд, тэгэхээр ээж “хүүе наад тамхиа, хүүхдийн толгой хярваслачихлаа” гээд л бөөн юм болох, ямар ч аз жаргалтай байсан юм бэ дээ.
Хөдөөний ажил мундах биш, гэрт гадаа их бага ажил тасрахгүй, тэг ингэ гээд л хүүхэд л болсон хойно намайг зарах хүн мундахгүй шүү дээ. Тэгэхээр агаа “миний муу охиныг хөдөлгөхгүй л бол танай ажил бүтэхгүй нь үү” гээд л миний өмнөөс уцаарлаж суудагсан. Нэг гоё юм нь намайг багад хамгийн ховор бараа бол 22-ын торго гэж дугуй хээтэй торго, бүсний бажгар дурдан. Ийм ховор барааг ирхээр нь агент Хад гуай айл айлд дэс дараагаар нь хуваарилаад ховор бараа дагуулж ном өгнө. Агаа айлд ховор бараа дагуулж өгсөн номыг цуглуулж намайг номонд дуртай болгосон юм даг.
-Өмнийн говийнхон уянгын халилтай, дандаа шүлэглэж ярьдаг цэцэн цэлмэг хүмүүс шиг гэдэг?
-Тийм байх шүү. Хэрэлдэхдээ хүртэл “гуягүй байж туг ширээ”, “тэнэг нь тэмээнээрээ бэлчих шахсан” гэж ирээд л авч өгнө. Миний эмээ л гэхэд гайхамшигтай ой ухаантай хүн байлаа. Тэр эрт цагт хүний ярьсан үлгэр домгийг гэхэд асгартал шүлэглээд л яруу сайхан ярина. Харин нэг онцлог нь огт он сар мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй тэр нь ч их урт наслахад нь нөлөөлсөн юм шиг санагддаг. 85 хүрч бурхан болсон. Тэгээд эмээ минь ерөөсөө л бараг бүх зүйлийг Цэдэнбалыг цэрэгт явдаг жил, Тогоохүүг Оросоос ирдэг хавар, Дамдинсүрэнг айл болдог жил /хүүхдүүдийнх нь нэр / гэх мэтчилэн ярина. Тэр нь маш гоё. Нэг удаа намайг амраад очсон чинь эмээ их л аминчлан ”Энэ Итгэлт ерөөсөө нөхөрт гарахгүй хүн юм” гэж байна. Итгэлт гэдэг нь миний үеэл дүү. “Итгэлт чинь одоо хэдтэй болж байгаа билээ” гэсэн ”хэн мэдэхэв золиг, дөч хүрч байгаа байх аа“ л гэж байна. Миний инээд хүрээд тэр чинь миний дүү юм чинь тэгэхэд хорь л гарч байсан байх. Яасан гэхээр өвөл зунгүй эмээгийн дэргэд байнга харагдаж байдаг хүн бол Итгэлт. Бусад нь сургууль соёл гээд л байнга нааш цаашаа ирж очино. Итгэлт л дэргэд нь байдаг болохоор эмээд их олон жил өнгөрсөн юм шиг санагдсан хэрэг.
-Танай нутгаас чинь утга зохиолын хүмүүс хэр олон төрсөн билээ дээ. Нэг их олон хүн төрөөгүй санагдана. Яагаад тэр вэ?
Ноён хутагтыг амьд сэрүүнээр нь харж, дууг нь дуулж, шүлгээр нь амьсгалж тэр чинээгээр орчлонг хэмжиж ирсэн Мэргэн вангийн хошууныханд тоогдож яруу найрагч гэж гарч иртэл ч өдий. Тэрнээс бэнчин дутна уу гэхээс билэг дутахгүй. Шадавын Ёнхор, Эрэнжидийн Хархүү гээд гадуураа өнгө муутай цаастай хэр нь амт нь араанаас гардаггүй чихэр шиг мартахын аргагүй сайхан найрагчид бий.
-Өөрөө Өмнөговийнх хэрнээ Равжаа хутагтын нутагтай амьдралаа холбосон байх аа?
Миний төрсөн нутаг Галбын говь, галбын хөх уулс чинь тэр чигээрээ Ноён гэгээний нутаг. Хутагтын байгуулсан 3 хийд байдаг. Тэр сайхан нутгийн адистэд оршсон шороо чулуугаар тоглож өснө гэдэг баргийн хүнд оноогдсон хувь биш шүү. Арван зургаан насандаа оюутан болоод Дорноговийн Анагаахын коллежид 4 жил сурсан. Энэ бол миний амьдралын чухал үе байсан гэж санадаг. Шүлэг бичиж, үеийн найрагчидтай дарвиж, хол ойр явж, хамгийн гол нь номын мөр хөөхөд эргэлт буцалтгүй орсон, олон сайхан багштайгаа золгосон билэгтэй газар байгаа юм. Утга уран зохиолын олон тэмцээн наадамд Дорноговиос ирж оролцдог байснаар нь ч юмуу одоо болтол хүмүүс Өмнөговийн гэхээсээ Дорноговийн гэдэг.
-А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг та хэд нэг үеийнх. Утга зохиолынхны хэлдгээр 90-ээд оныхон?
Одоо бодоход их гоё санагддаг юм. 1992 оны “Найргийн даага”-д А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг бид хэд Дорноговиосоо, Завханаас Бавуу, Б.Баттулга, Архангайгаас Б.Баярсайхан, Дорнодоос Б.Бат-Орших, Сэлэнгээс Амраа гээд л манай 90-ээд оныхны хамгийн олуулаа цугласан том наадам болсон юм. Х.Чилаажав их гоё дотогшоо, уянгын гэгээн шүлгүүдээ уншин тэр жилийн наадамд түрүүлж, олны анхааралд өртсөн. Манай Нэргүйн Амаржаргал ямар гоё охин байсан гэж санана. Эрчүүд байтугай эмэгтэй хүн биширмээр сайхан хар гэзэгтэй, нарийхан цагаан охин анх ирж бидний олон жилийн анд нөхрийн үерхэл эхэлсэн дээ. Дараа хавар нь Ичинхорлоо, Батрэгзэдмаа, Пагма, Баярсайхан Баттулга нар манай Дорноговьд очиж тэр цагаас л бид нэг нэгнээ зөвхөн шүлэг зохиолоор нь мэдэх биш, зовлон жаргал баяр гунигаа хуваалцсан уран бүтээлч найз нөхөд болж нэг нэгнээ үгүйлэн санахын баяр гуниг ухаарлыг олсон.

Ярилцсан: Н.Гантулга

No comments:

Post a Comment