Pages

11/23/2009

ХОНГОРЗУЛ 2001 он №005 /300/ 7-р нүүр

ХОНГОРЗУЛ 2001 он №005 /300/ 7-р нүүр

Яруу найрагч Х.Сүглэгмаа:
БИ ӨӨРИЙН ДОТООД ЕРТӨНЦДӨӨ ХҮН НЭВТРҮҮЛЭХ ДУРГҮЙ

Намар оройхон тэр оройхон нутгаасаа хоргодон хоргодон гардаг. Амьдралынхаа 18 жилийг сурч өнгөрөөсөн тэрээр хааяахан олдох амралтаараа нуураа тэмцэх шувуу шиг шаргал тал руугаа тэмүүлдэг. Өмнийн хязгаар говьдоо хүй цөглөсөн чулуутай ч их хутагтын нутаг Дорноговиос онгод дархалсан даллагатай. Өмнөговь ч байна уу, Дорноговь ч байна уу, хамаагүй ээ. Тэрээр:Овгийн минь түрүүнд монгол гэж дуудахадОнгон сарьдаг уулс нь өндөлзөн дагах шиг санагддаг…Эх орон миньЭнэлэн шаналан минь… хэмээснээс хойш яахын аргагүй эх орны л охин юм даа.Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсан түүнийг нэгэнтээ “Ноён хутагт Равжаагийн “охин” найрагч” хэмээн үнэлжээ. Хутагтын амьдрал, зохиол бүтээлийн талаар “цолоо хамгаалаагүй судлаач” мэт шимтэн сонирхох шавийнхаа анхны шүлгийг нь хэвлүүлснээс арав гаруй жилийн дараа нүүр тулан танилцсан тэрбээр түүний анхны номыг эх барьж авсан төдийгүй шүлгэн эрхинээс нь шигтгээ сондор болохоор сувд олныг олж харжээ…

-“Орхиж боломгүй хорин нас”… Энэхүү нэрийг номондоо учиргүй ч нэг сонгоогүй л байх. Харин таны хувьд хорин насандаа юу амжуулсан байв?

-Олон хувилбар байснаас тогтож үлдсэн нь энэ. Ер нь хорин нас гэдэг өөрөө их утга учиртай. Зөвхөн энэ л насанд хүн өөрийнхөө насан туршид тэжээгдэх эрдэм боловсрол, найз нөхөд, хань ижил тэр байтугай зан төрхийг олж авдаг. Өөрөөр хэлбэл их амьдрал руу орох босго нь болдог. Би хорин насандаа Анагаах төгсчихсөн, хэдэн шүлгээ төвийн хэвлэлд хэвлүүлчихсэн, мөн Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Алтан бийр”, Чойномын нэрэмжит “Оюухай”, Говийн бүсийн “Хүрэл тулга” зэрэг яруу найргийн наадмын шагнал авсан их л оргилуун үе байсан даа.

-Хайртайгаа учирсан байсан уу? Нууц биш бол нөхөртэйгээ яаж танилцсан бэ?

-Тийм шүү, яг хорин насандаа дэндүү романтик, гэгээн хайртайгаа учирсан.Би багадаа бол гэр амьтай номноос салдаггүй, их нийтэч биш хүүхэд байсан болохоор нэг их захиа аваад л, болзоонд яваад л байснаа санадаггүй юм. Нөхөртэйгөө их сонин тохиолдлоор танилцсан. Манай найз Намсрайн Баттулгын маань аав нь нас бараад, бид хоёр аймгааас Их-Хэт суманд очиж ажил явдалд нь оролцож байгаад танилцсан юм. Анх болзоонд явахад Анагаахын ангийн маань охид намайг гоёх гэж бөөн хөл хөөр болдог байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Одоо нөхөр Болдбаатар маань “Хилчин” хамтлагт морин хуурчаар ажилладаг.

-Зохиолчид ууж наргих дуртай улс. Өөрөө хэр наргианч вэ?

-Миний ганц эвлэрдэггүй юм чинь энэ дээ. Ли Бай ч, Равжаа ч, Явуу ч ууж л байсан. Гэвч тэд уусан архиараа биш, хийсэн бүтээлээрээ нэрд гарч үлдсэн. Тэд чинь алдаршиж үлдэх юмаа хийчихээд уудаг байсан.

Харин одоогийн манай зарим залуус чинь үс сахлаа ургуулаад, хэдэн зохиолчдын наана цаана дагаж архидаж байж, аминдаа урдаар “зохиолч”болчихоод, дараа нь зохиолоо бичих гээд байгаа юм шиг байна шүү дээ.-Онгод гэж юу вэ? Ер нь хэдийд шүлгээ их бичдэг вэ? - Би нутагтаа очих эсвэл нутгаа их холоос санаж мөрөөдөхөд мэдэгдэм их бичдэг. Миний номын нэг бүлэг нь тэр чигээрээ ижий нутаг хоёрын тухай шүлгээс бүтсэн. Сонин шүү. Ижийгээ санахаар л нутгийн минь хэдэн бор толгод, загийн шугуй нь нүдэнд харагдаад байдаг юм. Манай Ханбогд сумын Алаг баянгийн нутаг чинь жинхэнэ Галбын говь шүү дээ. Гайхамшигтай сэтгэлд дулаан, хүний газар явж байгаад үхвэл сүнс минь хоргодож мэдэх сайхан нутаг.

-Тэгвэл юуг баялгаа гэж боддог вэ?

-Миний хөрөнгө бол ном. Хар багаас цуглуулсан дэлхийн сонгодгууд Монголын үе үеийн их бичгийн хүмүүсийн бүтээл Данзанравжаагийн тухай дотоод гадаадад гарсан бараг бүх бүтээлүүд, хэдэн төвд судар цуглуулгын минь дээж. Утга зохиол судлалаар сурч буй хүн манайд очоод суухад номын сан руу нэг их олон гүйгээд байхгүй материал байгаа шүү. Оюутан байхдаа бид номоороо өрсөлддөг байлаа. Багшийн баялаг сан гэрт нь байгаа болохоор манай ангийн Дашбалбарын Мөнгөндалай тэргүүлж, би удаа нь ордог байсан.Одоо би гэрийнхээ нэг өрөөг зөвхөн ном, бичгийн ширээтэй л тохижуулсан. Тэнд миний уран бүтээлч нөхөд орж ирнэ. Тэнд л би эрх чөлөөгөө мэдэрдэг.

-Айлын бэр яруу найрагч байна аа гэдэг… хэмээн С.Оюун найрагч нэгэнтээ шүүрс алдсан байдаг. Эзэгтэй, хүүгийн эх, нөхрийн хань, яруу нйрагч…Хоорондоо хэр зөрчилдөж байна?

- Би өөрийн ертөнцөд хүн нэвтрүүлэх дургүй. Манайхан ч дасчихсан. Амралтын өдрийг харин нөхөр, хүү хоёртоо зориулдаг.Би өөрөө цаг наргүй ажилтай хүн. Өглөө нарнаас өмнө яваад л, үдэш айл амьтан унтаж байхад гэртээ ирдэг болохоор гурил будааны үнэ ч бараг мэдэхгүй шүү дээ. Гэрийн эзэгтэйн үүрэг роль гэж юм бол манайд тун бага л байдаг. Нөхөр маань ч бүр цаанаасаа надад “зориулагдсан” юм шиг амар хүн дээ. Хичнээн оройтлоо ч буудал дээр хүлээгээд л зогсож байна. Баяр ёслолоор хүүгээ хөтлөөд ганцаараа шогшиж л байна. Ээлжийнхээ амралтаар ижийдээ ч очиж золгож амжихгүй, бид хоёрыг аваад Өмнөговь явж л байна. Бүхий л амьдрал нөхрийн маань нуруун дээр тогтож байна даа. Нөхрийгөө эзгүйд хүү бид хоёр бүр хоёулаа зутарчихдаг юм. Тэглээ гэж ирэхэд нь бас хэлэхгүй ээ. Их давилуун.

-Та ямар нэгэн юмаар дутагддаг уу?

- Юугаар ч нэг их дутаж байгаагүй дээ. Намайг тэжээхэд ер нь хямдхан.

-Уран бүтээлийн найзууд тань…

-Дорноговь аймгийн “Хурмаст тэнгэр” төвийнхөн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Л.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг гээд бүгдтэй нь л найзууд. Насны хязгааргүй үерхэл бол уран бүтээлчдийнх шүү дээ. Хамгийн тэнгэрлиг үерхэл ч тэднийх байдаг. Би Б.Явуухулан, Р.Тагор, Р.Бёрнс, Х.Хайне нартай найзалдаг гэвэл хүмүүс энэ галзуурч байна гэж бодох байх даа. Гэхдээ гарцаагүй зөвлөмж, найз хэрэг болсон үед тэдний ном зохиолыг уншдаг. Тэгэхээр найз л байгаа биз дээ. Манайд цугладаг хөгшин залуу, хазгар доголон, сахалтай сахалгүй уран бүтээлч голдуу найз нарыг маань харчихаад манай нутгийн нэг хүн “Эд чинь бүгдээрээ чиний найз уу? Чи ямар сонин хүмүүстэй найзалдаг юм бэ” гэж байсан.

-Төгс төгөлдөр эр хүний талаархи таны бодол…?

-Миний бодлоор эр хүн зөвхөн биеэ бус, ханиа, гэр бүлээ, эх орноо авч явдаг. Тэгтэл одоо нөгөө эрчүүд хаа байна? Хурал цуглаан, сургууль, театрт очиход дандаа л хүүхнүүд. Бид нэг удаа урд хилийн сумангуудаар ажлаар явж байгаад тэнд цоорхой эсгий гуталтай, ноорхой тэмээ унасан, гар нь сайртай, сумтай ч юм уу, үгүй ч юм уу буу үүрчихсэн хоёр цэрэг хил манаж байна гээд зогсож байхад нь их гайхсан шүү.

Тэрбээр эр нөхрийнхөө харахад л хүндэлмээр, үг зөрөхийн аргагүй ааш аягт нь уусан жаргаж явна. Түүнээс гадна сургуулиа алтан медальтай төгссөн үе, Дашбалбар багш нь ирж, баяр хүргэж байсан нь, анхны номоо гардан авсан зэрэг нь түүний “Орхиж боломгүй хорин нас”-ных нь нэгээхэн дурсамж… Тэр цагийн говийн жаахан охин, эдүгээ цагийн яруу найрагч бүсгүй их хотын давчуухан амьдралд хаашаа ч юм бэ яаруухан алхана. Харин уулзаад л өнгөрөх хэнд ч сэтгэлээ дэлгэн байх нь нэг л эерүү.

Орхиж боломгүй хорин нас

Аяар аяархан гуниг минь шүлгүүд хэвлэгдсэн

Ярилцсан: Д.ГҮНЖИЛМАА

No comments:

Post a Comment