“Бурханаас нуусан амраг”, “Ээждээ дээжлэх дуу” зэрэг эгшиглэнт дуунуудын үгийг бичсэн яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор/Ph.D/, дэд профессор Х.Сүглэгмаатай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүлснээ толилуулъя.
ДОГШИН НОЁН ХУТАГТЫН
АДИСТЭД ОРШСОН ЧУЛУУГААР ТОГЛОЖ ӨСЛӨӨ
-Яруу найргийн “Орхиж болохгүй хорин нас”, “Буйд газрын шүлгүүд” номууд чинь хэвлэгдэж, “Мөнгөн цом” наадамд түрүүлэн нэлээн дуулиантай байсан. Одоо юу хийж байна?
-Яруу найргийн шинэ номоо хэвлэлтэнд бэлдэж байна. Оноос өмнө гаргачих байх. Утга зохиол судлалаар мэргэжиж эрдмийн зэрэг цол хамгаалсан. 2005 онд “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл”, энэ онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном хэвлүүллээ. Одоо Төвд хэлт үг зохиолын гол төлөөлөгчдөөр нэг боть хийх санаатай.
-Яагаад судалгааны ажилд сэтгэл татагдах болов? Эртний судлал гэдэг эмэгтэй хүнд хэцүү биш үү?
-Үнэхээр тэгж бодож байгаагүй юм байна. Хүн дуртай юм руугаа хориод байхад зүтгээд байдаг шиг. Би сургуулиа төгсөөд л утга зохиол судлалаар ажиллаж багшилсан. Энэ салбарт ороход миний удирдагч багш, Монголын нэрт төвдөч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийн минь нөлөө их байсан.
Анх хуульч Сандагаар оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж 3000 төгрөгийн шагнал авч, мөнгөндөө биш тэр шагналыг авсандаа их урамшиж байсан. Тэгээд л багш маань судалгааны чиглэлийг их гүнзгийрүүлсээр байгаад нэг мэдэхэд үг зохиолын амт шимтэнд орчихсон байсан.
-Та багшилна, судалгаа хийнэ, яруу найргаа бичнэ гээд энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ? Бас гэрийн эзэгтэй…
-Төгссөн цагаас л номын мөр хөөлөө. Өдөр нь ажиллана. Орой орж ирж хоолоо идээд л эргээд шөнөжин сууна. Хүмүүс шиг амрах, наргиж цэнгэх тэр байтугай надад зурагт үзэх зав байдаггүй.
Өглөө бүх хүн унтаж байхад босоод л явна. Тэгэхдээ амьдралын энэ хэвшилдээ дасчихаж дээ. Харин нэг дутагдал гэвэл би айлын бэр болохдоо л дэлгүүрт будаа ямар үнэтэйг мэддэггүй шахуу байсан. Одоо ч тэр маань хэвээрээ гэр орны ажилд нэг их оролцоод байх зав байдаггүй, гэхдээ маш гэр амьтай. Манай яруу найрагч Ц.Хулан намайг “ямар ч асуудалгүй маш амар тайван амьдардаг хүн. Ганц проблем нь Арлааны Эрдэнэ-Очир Дорноговиос ирж архи ууж хүндрүүлдэг явдал”гэж бичсэн шүү дээ.
-90-ээд оныхны тухай таны бичсэн зүйл, TV-ийн ярилцлага энэ тэрийг үзэж байсан л даа. Өөрийг чинь хэвлэл мэдээллийхнээс хол байдаг, нууцлаг хүн ч гэдэг юм билээ.
-Мэдэхгүй, 90-ээд оныхон гэдэг чинь Монголын утга зохиол дахь хамгийн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хувьсалтай, эрсдэлтэй их усны давалгаа шиг юм байгаа шүү дээ. Тэр дотор үлдэнэ гэдэг бол шалгуур. Надад нуух гээд, нуугдах гээд байх юм алга. Хийдгээ хийгээд бусдын л адил явж байна.
(Яруу найрагч Сумьяа эгч бид хоёр Дэмчигийн хийдийн Үлэмжийн чанарын хөшөөний дэргэд. )
-Арлааны Эрдэнэ-Очир, Л.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, А.Байгалмаа, та нар говиос төрсөн нэг үеийн найрагчид, Энэ тухай дурсвал…?
-Бид хэд чинь 1990-ээд оны эхээр Дорноговийн Цээеэ /Хандын Цэрэндорж/ багшийн дугуйланд явдаг, тэр үед дөнгөж нээгдээд байсан Данзанравжаагийн музейд дугуйлан маань цугладаг байлаа. Одоо бодоход амьдралын маань хамгийн гэгээн, аз жаргалтай, жинхэнэ хөөргөн дэвэргэн залуу нас минь тэр үе байсан. Нөгөө талаар Говийн ноён хутагтын тахил шүтээний дэргэд үзэг барьж, тэр ариун дагшин оронд шүлэг бичиж, уншиж явна гэдэг ямар их ариун зам мөр вэ. Хэн хэний маань утга зохиолд орж ирсэн тийм нандин эрхэмсэг учрал тохиол бол бидний хувь заяаны зам байсан юм шиг санагддаг. Өнөөдөр бүгд л Монголын утга зохиолд өөр өөрийн мөртэй л болчихсон байна шүү дээ. Би тэр үеээ бодохоор өөрийн эрхгүй Ноён хутагтад сүслэн залбирдаг юм.
-Та Дорноговийнх биш, Өмнөговийн уугуул биз дээ.
-Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрж өссөн. Тэр үед Анагаахын сургууль төгсөөд Дорноговьд ажиллаж байсан юм. Миний төрсөн нутаг Ханбогд сум ч Хутагтын нутаг, Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийд нь байдаг. Хутагтын адистэд оршсон шороо чулуугаар тоглож, Ноён гэгээний дууг дуулдаг өвгөдийн нөмөр бараадаж, үнэн атлаа худал юм шиг үлгэр домгийг айж гайхан, сонсч өссөн хүн. Шүлэг бичиж байгаа маань ч гэсэн цаанаасаа олдмол, эрт цагийн барилдлагаар үүрэх ёстой ачаа, туулах ёстой хувь тавилан минь байж дээ.
-Ойрд нутагтаа очив уу?
-Өвөл нутагтаа очиж Хутагтын гурван хийдээр яваад ирсэн. Миний уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг тусалж дэмждэг зохиолч, УИХ-ын гишүүн Л.Одончимэд гуай, бид хамт явсан юм. Данзанравжаагийн өвийг хамгаалах, бүтээл туурвилыг нь дэлгэрүүлэх талаар маш их юм хийж байгаа хүн дээ. Одоо ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Ноён хутагтын жанч халсны 150 жилийн ойг Монголд тэмдэглэх гэж байна. Бид энэ ажлын хүрээнд хийхээр бодож төлөвлөсөн зүйлээ ярилцаж, нутгийнхаа сайхныг бахдан биширч уул усандаа мөргөж л явлаа.
-Та сая “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном гаргажээ. Энэ номынхоо тухайд.
-Хуульч Сандагийн намтар уран бүтээлийг боть болгож эмхлэнэ гэдэг миний судалгааны нэг томоохон зорилго юм. Энэ номонд хуульч Сандагийн намтар уран бүтээлийн олон асуудлаас гадна, одоогоор мэдэгдэж байгаа гар бичмэлүүдэд эх бичгийн судалгаа хийж, түүний зохиолын бүрэн эхийг гаргасан юм.
Урьд нь тухайн цаг үеийн шаардлагаар хуульч Сандагийн шүлгийг маш их хасч хэвлүүлдэг байсан. Тэр бүгдийг эхийн түвшинд харьцуулан гаргаж тавихаас гадна уншигч олонд төдийлөн хүртээл болоогүй хэд хэдэн шинээр олдсон зохиолууд ч олдсон байгаа. Энэ утгаараа хуульч Сандагийн үг зохиолын Монголын утга зохиолд оруулсан хувь нэмэр, туурвил зүйн өвөрмөц онцлогийг нэгэн дор авч үзэж, Л.Хүрэлбаатар багш маань энэ номыã ариутган шүүсэн дээ.
Ярилцсан: Л.БАТЦЭНГЭЛ
Уншсан (39) ÿðèëöëàãà Сэтгэгдэл (0)
No comments:
Post a Comment