МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ БҮСГҮЙЧҮҮД
Х.Сүглэгмаа /Хэл бичгийн ухааны доктор (PhD)/
Бүсгүй хүн шүлэг бичиж сууна. Ямар их уянгалаг, зөөлөн, бас ямархан нууцлаг гоо үзэсгэлэнm билээ. Хэзээнээсээ бүсгүй хүн тулганаас хойш алхдаггүй, шоголтой ном руу бүсгүй хүн өнгийх нь хоттой хонь руу чоно өнгийхтэй адил гэх зэрэг ёс хатуу цааз чанга тэр цагт зөвхөн манайд ч бус, дорно дахинд тэр дундаа номт гурван улс гэх Энэтхэг, Төвд, Монголын түүхэнд энэ нь шашин суртахууны шинжтэй цаг зуурын л зүйл байж дээ. Тиймээс ч тэр үеийн “Занага хааны төрийн шастирт”
“Насад өлзий буян төгс болоод
Насад үнэн номонд баясах ба…
Насад үнэн ярууг өгүүлэн хэлээд
Насад сайны хувийг сайтар арвидуулагч
Алин хаана тэр мэтийн гэргий буй бөгөөс
Ашид түүнийг хүмүүний охин бус, Охин тэнгэр хэмээмүй”
гэж эхнэр хүмүүний сайн шинжид өгүүлэн дурдсаны учир тодорхой юм. Монгол бүсгүй хүний гоо үзэсгэлэн, үлэмж төгс эрдэм оюуныг магтсан элдэв үлгэр домог, судар номын үгийг хэлэлцвэл элбэг хэдэн арван сүмбүм болох биз ээ. Тэгвэл монголын Алунгоо эхийн таван хүүдээ сургасан үгээс эхлээд Өүлэн эжий, Бөртэ хатны хөвүүд дүү нартаа сургасан шүлэг, Мандухай цэцэн хатны тангаргийн шүлэг гээд нэгэн талаас тэдний үгэнд цэцэн, үнэнд мэргэн байсны гэрч иш татсан зүйл судар номонд олон таарахыг энд эс өгүүлээд харин үе үеийн цэцэн билэгт тэдний дундаас номын цагаан дунгийн дууг бадрааж, утга соёл уран зохиол тэр дундаа монголын шинэ үеийн яруу найрагт орж ирсэн бүл цөөн бүсгүй найрагчдынхаа тухай өчүүхэн зүйл өгүүлью. Мянга есөн зуун хорь гучаад оны эхээр тэр үеийн Бөмбөгөр ногоонд дурдан бүс жавхайтал ороож, дугуй цагаан духдуулсан хүрээний ганган хүүхнүүд
Хүмүүн төрөлхтний дотроос оо
Хүнд ихээр дарлагдсан
Õөөрхий бидний бүсгүйчүүд
Хөгжлийн замд оров оо хө
гээд дуулж бүжиглэдэг байсан. Одоо ч бидний сайн мэдэх энэ нэг эрхэм сайхан аялгуут шүлгийг Цэрэнлхам гэж эмэгтэй 1929 онд зохиосон гэдэг. Энэ хүний тухай академич Хорлоо гуай “Цэрэнлхам бол тэр үеийн бичиг үсгийн боловсролтой цөөн хүний л нэг. Намын Төв Хороонд Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга байсан. Одоо л “Хүмүүн төрөлхтөн” гээд байх болохоос энэ чинь “Эмэгтэйчүүдийн дуу” гэсэн нэртэй юм” гэж хуучлав. Ингээд бүр 1950 аад оны дунд үе гэхэд Э.Оюун, С.Удвал, С.Нинжбадгар, Д.Гарамжав гээд дөрөв, тавхан эмэгтэй зохиолч байсан гэж нэрлэгддэг. Сая л нэг бүсгүйчүүд тулганыхаа захаас холдож байсан тэр цагт эмэгтэй зохиолчид гэдэг бол үнэхээр сонин содон хүмүүсийн нэг байсан биз ээ.Монголын шинэ үеийн яруу найрагт орж ирсэн бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бид “Хот айл”, “Би эндээс явахгүй” зэрэг жүжгийн зохиол, “Сайн сайхан бүхнээ эх орондоо зориулна” зэрэг тэр үедээ л нэрд гарч байсан дуунуудыг зохиож олон арван сонгодог жүжгүүдийг орчуулсан Монгол улсын төрийн шагналт эрдэмтэн зохиолч ”Э.Оюун, 1938 онд анхныхаа найрууллыг “Үнэн” сонинд хэвлүүлж, 1940 өөд оноос шүлэг яруу найраг бичиж улмаар 1957 онд “Одгэрэл” тууж, 1970 онд “Ховор хүн” кино зохиол, 1973 онд “Их хувь заяа” романаа бичиж олонд алдаршсан монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналт зохиолч С.Удвал нарыг дурдах хэрэгтэй. Яруу найргийн хувьд С.Удвалын “Ханийн тангараг” шүлгийн
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа /”Ханийн тангараг”/
гэсэн мөрүүд тухайн үеийн уншигч олны өврийн дэвтэр, амраг хосын хайрын захидалд хуулагдан үлдсэн нь олонтаа билээ. Өчүүхэн миний бие 1993 онд Данзанравжаагийн 190 жилийн ойгоор Дорноговь аймгийн төв Сайншандад Э.Оюун гуайг анх барааг нь харж, бас ч үгүй нүүр тулан уулзаж тэр үедээ их л зориг гарган хутагтын Саранхөхөө жүжгийн тухай цөөн үг асууж ярилцсан минь хувь зохиол байсан хэрэг.
1960-аад оны дунд үеэс “Үүрийн цолмон”, “Нарны алтан тоос”, “Хайрлахын заяатай орчлон”, “Галын тэнгэр” зэрэг олон арван шүлгийн түүврээ хэвлүүлж, 1970 аад оны эхээр “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, 1980-аад оны эхээр “Амьдрал хайр дээр тогтдог” гээд яруу найрагчийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ туурвин монголын их утга зохиол тэр дундаа яруу найргийн “галын тэнгэр” болж яваа эрхэм хүн бол эдүгээ Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Шагдарын Дулмаа билээ.
Ядуухан бүсгүй миний хүслэн
Яруу найрагчийх байсан юм…/”Галын тэнгэр” түүврээс/
гэж нэг л аядуу зөөлөн хирнээ өөрийхөө яруу найрагч байхын утга учрыг зарлан тунхагласан түүний
Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Õүний орчлонд хайрлан жаргаж
Бүхнээс онцлон уярч суусан
Áүсгүй хүний эмзэгхэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм /”Амьдрал хайр дээр тогтдог”/
хэмээн учирлаж аргадсан уянгын сайхан дууг эдүгээ хэн хүнгүй л дуулж суудаг даа. Харин монголын их утга зохиолын тэнгэрт бол түүнийг “эмэгтэй яруу найрагчдын түүчээ” гэж нэрлэх. Цагтаа их Явуухуланг багшаа гэж, Чимид, Сүрэнжав, Пүрэвсүрэнгийн шарыг тайлж, Чойномыг шоронд эргэж явсан түүнийг энэ. цагийн бүсгүй голдуу олон арван шавь нар нь “багш” гэхээсээ “ээж” гэж дуудна. Юутай ч тэрээр
Сайхан нүдний тухай олон шүлэг бичсэнсэн
Санаандгүй ийм нүдтэй харц тулгарна гэж бодсонгүй /”Сэтгэлийн чавхдас”/
гэсэн эгэл жирийн хирнээ хэний ч сэтгэлд үлдэж чадах гэгээн тунгалаг мөрүүдийг бичсэн юм.
Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ /”Хорвоод ганцхан ээждээ”/
гэж ижийгээ санасан, ижийгээ аргадсан хүн бүрийн мэддэг энэ сайхан дууг Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч С.Оюун зохиосон юм. Тэрээр “Зуун хараацайн жигүүр”, “Цэнхэр хадаг”, “Шаналал, тайтгарал”, “Мянган хээ” зэрэг олон арван шүлгийн түүврээ хэвлүүлж, “Тань руу нүүж явна” кино зохиол, “Санана даа”, “Үнэсье, чамайгаа үнэсье” зэрэг дуунуудаараа уншигч таны танил болсон. Нилээд хэдэн жилийн өмнө хөгжмийн зохиолч М.Булган эгчийн тайлан тоглолтон дээр тэрээр тайзан дээр гараад олон үг ч хэлсэнгүй, харин час улаан өнгийн монгол, торгон цамц бэлэглэж билээ. Нэг л нууцлаг, эрхэмсэг, бас ямар их ялдам зөөлөн бэ. Уулзаад л өнгөрөхөд аядуу зөөлөн төдий л олон таван үггүй юм шиг тэрээр
Гэрэлт навчсын доор чамайг үлдээсэндээ
Гэмших минь бага байна
Хорвоод чиний хайрыг, хонгор чамайг
Хорин салаа мөчиртэй моддын доор орхилоо /”Сарны доор, гэрэлт навчсын доор чамайг үлдээсэн”/
Эргэлдэн бужигнах энэ цасан дор
Нэгэн жим баларч нэгэн жим сэргэнэ /”Зуун хараацайн жигүүр” түүврээс/
гэж бичсэн нь цаанаа л нэг зөрүүдхэн, эрхэмсэг, бас хэзээ ч давтагдахгүй өнгө, зураг байгааг та анзаарна. 1980-аад оны яруу найраг. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн, Ш.Гүрбазар, Ц.Чимиддорж, Д.Төрбат, Б.Батхүү… гээд газар газраас түүсэн өнгө өнгийн чулууд. Харин эдний дунд гоёлын зүүлтний сувдан шигтгээ шиг цөөн хэдэн бүсгүйчүүд байсан нь “радиогийн зөөлөн дуут” гэж олонд танигдсан Бя.Энхтуяа, “Талын гурван улааны” Д.Сумьяа, “Хотын шүлгүүдийн” Р.Гэрэл… “Хараацайн жигүүр” /Ц.Түмэнбаяртай хамт/, “Он цагийн бороо”, “Мөнгөн ордны туулай”, “Зуны дунд сарын Улаанбаатар” зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлсэн Бя.Энхтуяагийн шүлгүүд
Төрийн тээрэмд орсон ширхэг нэгэн арвай
Төмөр цаазыг нь дагасан алтан ургийн Мандухай /”Мандухай”/
зэрэг ухааны ур, утгын гүн бишрэлтэй,
Илбийн хорвоо хүслийн хуриманд урьж
Идэр залуу хос үүлс хөлөглөн одов
Хуур ятга уянгалах цэнгэлийн орны үүд нээгдэж
Хумхийн тоосон дундах ертөнцийн босго ард үлдэнэ /”Зулын хоёр эрвээхэй”/
гэсэн илийг далдаар нууж, далдыг илээр халхалсан адармаатай,
Үүлэн дунд үс задарна дүүжин даажин
Өлмий дор үүлс хоцорно дүүжин даажин…/”Савлуур”/
гэсэн өөрийн ахуй, уянга, орон зай, хөдөлгөөн, цаг хугацаатай байх юм. Монголын эмэгтэй яруу найрагчдын дотроос надад хамгийн ойр байж олон жил эгч дүүс шиг ижилдэж, зовлон жаргалаа хуваалцсан нэгэн эрхэм хүн бол
Талын гурван улаан минь
Тарж нэг, хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг, инээгээд чиг суух шиг ээ /”Нутаг амьтай аав”/
гэж дуулсан “Марал”, “Сартуулын алаг толгод”, “Уул усны зүүд”, “Сэтгэлийн орон” яруу найргийн, “Гэрлийн орон” хүүрнэл зохиолын түүвэр хэвлүүлсэн МҮЧЗХ-ны шагналт зохиолч, яруу найрагч Доржпаламын Сумьяа юм. “үүлэн шатаар шүхэрлэн өгсөхөд үлгэрийн гүнж шиг ариусах”-“Алтан могойтой”, “сэтгэлдээ зурсан сүмбэр”- “Алтайн салхитай”, “амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй”- “Арван гурван ааштай хэрнээ” тэр
Нэхэл сураг нь бүдэг бадаг эрэлчин
Нэхэл замаа хөөж сурлын чигээ атгана …/”Эрэлчин”/
Ийм бүсгүйтэй танилцлаа гэж
Эхнэртээ битгий хэлээрэй… /”Гэрлийн орон” түүврээс/
гэж аргадна. Нэг л сэтгэлд эерүү, бүлээн дулаан байгаа биз. Бас тэрээр нэг удаа “…Нутгаас хүн ирсэн дуулдвал хэрэг болгон очиж уулзан ижийгээ асуумаар, нутаг явж байгаа хүнээр ижийдээ чихэр боов даймаар болдог байлаа. Дэлгүүр хоршоогоор явж, ижийдээ тохирох, зөөлөн, аятайхан амттайг шилж сонгон, түүнийгээ боож ижийдээ өгч явуулж байсан үед хорвоо дүв дүүрэн, ямар их жаргалтай байсныг одоо л ухаарч байна… ” /”Сэтгэлийн орон” номын дурсамжийн хэсгээс/ гэж бичсэн нь надад ч бас ихийг бодуулдаг юм. Харин эдэнтэй мөр зэрэгцэж монголын яруу найрагт “Алтайн цагаан салхи”-тай, “Доомбор”-той орж ирсэн МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр “Хараацайн жигүүр” /Бя. Энхтуяатай хамт/ шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш эдүгээ үргэлжилсэн үгийн зохиол, тэр дундаа богино өгүүллэгийн мастеруудын нилээд тэргүүн эгнээнд жагсах болж “Удган”, “Мэргэнд буусан чоно”, “Согоо суман” зэрэг өгүүллэгийн түүврүүдээ хэвлүүлээд байна.
Хааяа нэгхэн тохиолдох зүрх шаналгасан мөчид
Харуусал гунигт нүдний нулимс бөмбөрөхөд
Би доомбороо авч тоглоно /”Доомбор”/ гэж
бичиж байсан түүнд “Өөлдийн шар баатар”-аас “Уралын тэс мод”-ыг бичих хайр харуусал, үзэн ядалт, хүлээлт магадгүй тэр доомборын аялгуугаар нь хэлмэрчлэн ирсэн байж ч болох юм. Үеийхэн дотроо нийтийн дуугаар нэрд гарч олон сайхан бүтээл туурвисан яруу найрагч бол “Талын монгол айл”, “Гэргий”, “Хан жаргалант минь”, “Хан шувуу” дууг зохиосон Сүрэнгийн Оюунчимэг юм. Мөн энэ үед Ц.Булган “Сэтгэлийн цагаан өргөө”, Ж.Сарантуяа “Учраагүй яваа ханьдаа”, Р.Гэрэл “Хотын шүлгүүд” яруу найргийн номоо хэвлүүлж 1980-аад оны яруу найргийн өнгө аяст өөр өөрийн дуу хоолойг үлдээсэн байдаг. Ийнхүү монголын яруу найрагт хөл тавьсан бүсгүй хүний мөр нилээд тодорхой болж ирсэн 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр
Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай
Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу адуунаас илүү хайртай /”Эрх чөлөө”/,
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад…
хэмээн бичиж бүл нэмсэн “дураараа шар охин” бол Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан юм. “Гүнж аялгуу”, “Гуниг тайтгарал”, “Торгоны маань хээ” гээд түүний яруу найргийн түүвэр болгон өөр өөрийн цаг хугацаа, өнгө будаг, хэм хэмнэлийн илэрхийлэл болж байсан хэдий ч тэр бүхэн нийлж монголын шинэ үеийн яруу найрагт “Хулан хатан”- г харуулж чадсан билээ.
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би-бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг /”Хаврын дуу”/
гэж бичсэн түүний яруухан шүлэг, уянгалаг дуу хоолой, гэрэлт тайз, нижигнэсэн алга ташилт, зөвхөн яруу найрагчийн амьдралаар л амьдрах гэсэн тэр этгээд ч гэмээр хүсэл мөрөөдөл нь түүнийг өөрийхөөрөө байх, өөрийхөөрөө үлдэж чадах тийм өндөрлөгт хүргээд, бас араасаа тийм зүрх сэтгэлт нэгэн үеийн олон бүсгүйчүүдийг дагуулсан гэж би бодном. Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Х.Тэргэл, Б.Сарантуяа, Б.Батрэгзэдмаа, А.Байгалмаа, Ж.Батцэцэг, Н.Амаржаргал, Л.Өлзийтөгс, Р.Энхтуяа…гээд бид нэг үеийхэн. Ёстой “толгойтой бүхэн мөнгө бодож, торготой нэг нь хоргой зүүдлэх” хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн зах зээлийн ороо бусгаа 1990-ээд оны яруу найрагчид. “Нүүдэлчний гандсан тэрлэг шиг талынхаа үдшийг хайрладаг”, хөвөнтэй дээлтэй Б.Ичинхорлоо Өвөрхангайгаас ирж, “Болор цом” наадмын тэргүүн шагналыг 2 жил дараалан “тууж”, “шуурга дэгдээв”.
Бүхий л төрөлд хувилж үзмээр санагдаж Бүдэрсэн газрынхаа шороонд хайртай болчих юм…
Шулга шувууд үлгэр хэлэлцдэг талын охин би
Шуугиант хүслээ хэрсүү үгсээр хазаарлахгүй ээ.. /”Өчил”/
гэж бичиж байсан тэрээр “Гэгээн зүг”, “Оршихуйн чинад” шүлгийн түүврээ хэвлүүлж, МЗЭ-ийн шагналт зохиолч болжээ. Мөн тэр жилийн /1990 оны/ “Болор цомд” сурагчийн формтой хэвлүүхэн охин ирж шүлгээ уншсан нь Дорноговийн Гомпилдоогийн Мөнхцэцэг. Арлааны Эрдэнэ-Очир, Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат бид хэд Цээеэ багшийн дугуйланд явж, тэр үед Г.Мөнхцэцэг
Сэм сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь
Сэм сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь
Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ
Нарны алтан утас бүхлээрээ шургаж багтамгүй нүхээр
Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна /”Харц”/
хэмээн уншиж тухайн үедээ нэг хэсэг л шуугиулж орхисон. Нэг ангийн гурав нийлж /А.Эрдэнэ-Очир, Ш.Энхбаяр хоёртой/ “Бэхэн цэнхэр өдрүүд” номоо хэвлүүлсэн нь бид хэд дотроо анхны ном болж байсан бол 2000 онд гаргасан “Сэтгэлийн анир” номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн билээ.
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн үнгэлээ гэвч
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг /”Залуу явахад”/
гэсэн гэгээн тунгалаг мөрүүд Хулганайн Тэргэлээс,
Санд мэндхэн ирж, өдөр хоног энгэр задгай одно
Ñалхи сандруухан залгиж зэгс цоорын аялгуу гаргана /”Намрын шүлэг”/
гэсэн байгалийн уянгын зураглалууд Ж.Батцэцэгээс,
Хамгийн сүүлд бид хэзээ уулзах бол
Хайрын үг үнэндээ хэлэх болов уу /”Гүнжийн нулимс” шүлгийн түүврээс/
гэсэн эмэгтэй хүний зөөлөн зөн мэдрэмж Н.Амаржаргалын шүлгүүдээс
Зоргоороо зоргоороо байж
Зуун шөнө уйлж
Зуун шөнө дуулж болох
минь чамайг
Зүүдэлж л хүлээсэндээ би /”Гэсгээл мэт эрх чөлөө”/
гэсэн догдлол, хүлээлт, бас хэзээ ямагт мөрөөдөх, магадгүй хэзээ ч үл ирэх ертөнцийн хуран үймээнээс ангид тийм эрх чөлөө Б.Ганчимэгийн шүлгээс тус тус энэ үеийн яруу найргийн шигтгээ болж үлдсэн юм. Харин үеийхэн дотроосоо А.Байгалмаа “Санасан шүү, чамайгаа”, “Явлаа гэж чанга битгийн хэлээрэй” гэх зэрэг олон сайхан уянгын дуугаараа нийтийн дууны урлагт танил болж яваа бол
Язгууртны сүр тэнэж байна
Олны дунд дарсны мухлагт
Онцгой содон байна /”Хааны удам”/
гэж бичсэн Б.Батрэгзэдмаа маань “Шүлгүүд” түүврээ хэвлүүлсний дараа “Дурласан хүн”, “Хорионыхон” зэрэг олон сайхан драмын жүжиг, абсурд драм бичлээ 1990 ээд оны яруу найрагт нилээд өөр өнгө аясыг бий болгосон яруу найрагч бол Л.Өлзийтөгс. “Тэргүүн бүлэг”, “Тэнгэрт ургадаг модод”, ”Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном”, “Ганцаардлын дасгал” зэрэг яруу найргийн, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” хүүрнэл зохиолын түүвэр тус тус хэвлүүлсэн. 1990 ээд оны дунд үеэр бичсэн түүний
Хаалгаа нээж болохгүй шүү
Тэнд миний
Ýнэ агшин, энэ ертөнц л чинийх
Энгэрт чинь шургаад нүдээ нуун
Харин чи надаас
Хаачсаныг минь бүү асуу …
Үүдээ нээж болохгүй шүү
Үнэн дүр минь тэнд үлдсэн…
гэх нь энгийн бас их чөлөөтэй, хэтэрхий хувь бодгаль шинжтэй ч юм шиг.
Тасарсан үсээрээ би ширээн дээр
Танил А үсгийг бичив
Энэ үсгээр ямар үг бүтээж болох вэ
Аав… Аюур… Амьдрал… Алс…
Буй биеэр минь ямархан нэгэн хайр
Буцлах мэт оргилоод л ирэв
Хамгийн сайхан үгс
Хамгийн эхний үсэг
Хайрт минь би нээлт хийлээ
Хорвоог эр хүн бодож олжээ /”А”/
Энд өгч байгаа бодомж нь их энгийн мөртлөө тэндээс гарч байгаа идеа, шийдэл нь бусдаас нэн өвөрмөц юм. Ийнхүү монголын шинэ үеийн яруу найрагт өөр өөрийн өнгө аясыг үлдээсэн үе үеийн эрхэмсэг бүсгүй найрагчдын тухай цөөн мөрөөр өгүүллээ. Бид яагаад шүлэг бичнэ вэ? Чухам яагаад өөр хэн нэгэн биш, заавал бид гэж…
Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ /Л.Өлзийтөгс “Би яагаад”/
“Бүсгүй хүн гэдэг энэ орчлонгийн бүх дууг дуулаад дээр нь бүүвэйн дууг нэмж дуулдаг” гэж яруу найрагчийн дуун алдсанчилэн бид бүүвэйн дуун дээрээ бүгдийн өмнөөс орчлонгийн зовлон жаргалыг нэмж дуулах хувьтай ажээ. Чухам үүний тулд өчүүхэн би энэ тэмдэглэлээ
Эм хүний энгэсэг шунх
Эмх цэгцгүй бичгийн ширээ
Энд тэндгүй хөглөрөх хуучин ном
Эрх чөлөө минь хайр минь
Ýрт эдүгээгийн их хүсэл минь…/”Эрх чөлөө”-Буйд газрын шүлгүүд номоос/
гэсэн шүлгийн мөрөөр төгсгөе.
Эгшиглэнт Охин тэнгэр ивээлээ хайрлах болтугай.
"утга зохиол урлаг" 2006 он. 3 сар
iim amar amgalan nutagt tursun bolhoor iim shan buteeluud garah ni argagui shu dee uran buteeliin amjilt husie
ReplyDeleteХөөрхий Монголын минь шүлэгч бүсгүйчүүд... Мөн ч хол байна даа
ReplyDelete