Pages

3/03/2009

Шинэ номын нээлт

Бидний мэддэггүй О. Дашбалбар

Эртний уран зохиол судлаач доктор, дэд профессор, яруу найрагч Х.Сүглэгмаа ХХ зууны Монголын нэрт зохиолч, яруу найрагч, улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, цогтой эх оронч, үндэсний шилдэг сэхээтэн, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар багшийнхаа тухай нэгэн гайхалтай ном гаргажээ.Энэхүү номонд бидний мэддэггүй олон зүйл багтсан төдийгүй олон хүний эргэлзээг тайлсан нэн сонирхолтой ном болсон хэмээн энэ чиглэлийн мэргэжлийнхэн ч хэлж байна. Зохиогч, суут багштайгаа холбоотой бүхий л зүйлийг хүүхэд наснаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, нас барсан тухайд дахь Засгийн газраас томилогдсон эмнэлгийн комиссын магадлагааг хүртэл энд баримтаар нь тавьж, мөн зохиолчийн өөрийн зүгээс болон тухайн үед хэн бүхний сэтгэлд байсан эргэлзээ тээнэгэлзлэлийг ч нуулгүй өгүүлсэн байна. Хуучин АИХ-ын чуулганы холбогдолтой, УИХ-ын чуулган дээр хэлж байсан үг, тэдгээрт холбогдох архивын олон баримт материал, хүмүүсийн аман яриа дурсамж мөн үе тэнгийнхэн болоод найз нөхөд гэргий, аавдаа бичиж байсан захидал, өдрийн тэмдэглэл, жирийн уншигчийн захидал гээд энэ номын судалгааны эх хэрэглэгдэхүүн үнэхээр баялаг. Мөн номонд ганцхан О.Дашбалбарын хувийн амьдралын түүхийг өгүүлээд зогсоогүй тухайн үеийн нийгмийн олон асуудлыг хөндөж үнэхээр Х.Сүглэгмаа бол монголын эртний уран зохиолоор мэргэжсэн, хуучин уран зохиолын баримтыг түшсэн, эх бичиг сурвалж судлалын нямбай судалгаа хийж, урьд нь олон сайхан ном хэвлүүлсэн хүний хувьд судалгааны нарийн арга техник, зохиолуудыг онол сэтгэлгээний хувьд үнэлсэн үнэлгээ, тэдгээрийн уялдаа холбоог гаргасан нотолсон зэрэг нь орчин үед дэлхий нийтийн утга зохиол судлалын нэг гол асуудал болоод байгаа зохиогчийн лаборатори судалгааны түвшинд хийгдсэн сайхан ном болж гэдгийг номын нээлтэнд ирсэн олон эрдэмтэд, зохиолчид өгүүлж байлаа. Монгол улсын төрийн шагналт, ардын уран çîõèиолч Ø.Сүрэнжав, төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол, П.Бадарч, З.Дорж, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Ц.Хулан гээд монголын үе үеийн яруу найрагчид энэ номын тухайд нөхрийн өмнөөс хэрхэн баярлаж байгаагаа нууж эс чадан сэтгэл хөдлөн өгүүлж байгааг бид харсан. “Очирбатын Дашбалбар” номыг сонирхсон хүмүүс Монголоор зогссонгүй. Гадаадад суугаа монголчууд, мөн харь орны монголыг сонирхдог нэрт орчуулагч, яруу найрагчид хэдэн орноос ном явуулах хүсэлт тавьж, мөн “Монголыг зөвхөн О.Дашбалбараар мэддэг” гэсэн зурвас ч хүртэл ирсэн байгаа нь бидний хайртай яруу найрагч монголын сод, эх оронч хөвгүүнд монголын төдийгүй яруу найрагт шимтэн бишрэгч олон орны хүмүүс хичнээн их хайртай байсныг бид “Интерном” номын их дэлгүүрт болсон номын хуриман дээрээс анзаарч өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Үнэхээр монголчууд олон сод хөвгүүдтэй. Тэдний нэг нь О.Дашбалбар. Харин түүнийг хүн бүхэн таньж мэддэг юм шиг санагдах боловч, бид энэ хүний тухай ямар их зүйл мэдэхгүй байгаагаа энэ номыг уншаад өөрийн эрхгүй мэдрэх болно.



сурвалжилсан: З.Мэндсайхан

No comments:

Post a Comment