3/02/2009
ТАЛЫН ХӨХ САЛХИ
Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр
Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж
Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Тайж язгууртан гэлтгүй
Таарч л байсан
Тарвагачин гөрөөчин гэлтгүй
Таньж л байсан
Тамын хаалга эрж газар шагайхад
Татаж босгосон
Тал алдаж ихсийн дэргэд тамшаалахад
Татаж суулгасан
Намайг аргадаж
Нар зөв эргэдэг
Намайг алгадаж
Нар буруу эргэдэг
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Алаг баянгийнхаа зүүн сугад
Азай буурлаа хөдөөлүүлчихээд
Дахиж уулзах биш дээ гээд эргэхэд минь
Дагаж нэг их гунигласан
Дах жиндүүлсэн үүрийн жавраар
Давхил сайтай морьдоо сойж
Даваа давааны оройд хатируулаад гарахад
Дагаж нэг их омогшсон
Бүүр түүрхэн сэвэлзэж
Бүүвэй бүүвэй аялдаг
Бүгдийн дээгүүр исгэрч
Бөртэ ихэмсэг аашилдаг
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Бурхан Халдууны оройд Тэмүүжин сөгдөж
Бусдын нүднээс нууж тэнгэрт залбирахад
Буруутан нь хэн юм бэ гэж
Догширч хамт байсан
Татаарыг сөнөөж Мэргэдийг мэгдүүлэхэд
Тайчуудыг дагуулж Тангуудыг хамахад
Талыг нь хүртэл дэлхийг эзлэхэд
Тайтгаруулж, аргадаж хамт байсан
Аллах, Буддадаа наминчлаад
Ази тэр чигээрээ сөхөрч байхад
Ахиад дээр нь Европыг дагуулна гэхэд
Аанай л хамт байсан, алгасалгүй харж байсан
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг
Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг
Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
Тийм дулаахан эх нутгаас минь
Намайг дагуулж одох
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Асгарсан цагаан сарны дор
Алтарсан шар нарны дор
Алсарсан хөх тэнгэрийн дор
Алдалсан хээр талын дээр
Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх
Энэ хөх салхи
Талын хөх салхи
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment