Pages

3/13/2009

НҮҮДЭЛ

Х.Сүглэгмаа

НҮҮДЭЛ

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ

Уулс байрандаа мянган жил оршихгүй
Ус голдрилоороо мянган жил урсахгүй
Үргэлж тэндээ бадрагч одод гэж байхгүй
Үлгэр жаргахын хооронд л бууриа сэлгэж оддог
Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм

Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал
гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
Өдөр гэж байхгүй, шөнө гэж байхгүй
Өнгө хувирахын л төдий юм

Аав минь ижийтэй байсан
Алга байна, нүүчихэж
Аргадаж бүүвэй дуулдагсан
Алга байна, явчихаж
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж


Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг

Онон Хэрлэн урсаж байна
Орчлон нүүж байгаа нь тэр
Ойроос хол руу тэмүүлж байна
Орчлон оршиж байгаа нь тэр
Ооно эврээ сэрэлзтэл хатирна
Орчлон нүүж байгаа нь тэр
Омголон морьтны уухай татна
Орчлон оршиж байгаа нь тэр

Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
Үзэгдэх юм бүхэн нүүнэ
Үл үзэгдэгч бүхэн нүүж байгаа нь тэр
Өвс ургамал гандана
Өвс ургамал биш,
Өвгөрсөн газар шороо нүүж байгаа нь тэр
Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ

No comments:

Post a Comment