3/13/2009
НҮҮДЭЛ
НҮҮДЭЛ
Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ
Уулс байрандаа мянган жил оршихгүй
Ус голдрилоороо мянган жил урсахгүй
Үргэлж тэндээ бадрагч одод гэж байхгүй
Үлгэр жаргахын хооронд л бууриа сэлгэж оддог
Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм
Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал
гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
Өдөр гэж байхгүй, шөнө гэж байхгүй
Өнгө хувирахын л төдий юм
Аав минь ижийтэй байсан
Алга байна, нүүчихэж
Аргадаж бүүвэй дуулдагсан
Алга байна, явчихаж
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж
Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг
Онон Хэрлэн урсаж байна
Орчлон нүүж байгаа нь тэр
Ойроос хол руу тэмүүлж байна
Орчлон оршиж байгаа нь тэр
Ооно эврээ сэрэлзтэл хатирна
Орчлон нүүж байгаа нь тэр
Омголон морьтны уухай татна
Орчлон оршиж байгаа нь тэр
Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
Үзэгдэх юм бүхэн нүүнэ
Үл үзэгдэгч бүхэн нүүж байгаа нь тэр
Өвс ургамал гандана
Өвс ургамал биш,
Өвгөрсөн газар шороо нүүж байгаа нь тэр
Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ
ДОГШИН НОЁН ХУТАГТЫН АДИСТЭД ОРШСОН ЧУЛУУГААР ТОГЛОЖ ӨСЛӨӨ
“Бурханаас нуусан амраг”, “Ээждээ дээжлэх дуу” зэрэг эгшиглэнт дуунуудын үгийг бичсэн яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор/Ph.D/, дэд профессор Х.Сүглэгмаатай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүлснээ толилуулъя.
ДОГШИН НОЁН ХУТАГТЫН
АДИСТЭД ОРШСОН ЧУЛУУГААР ТОГЛОЖ ӨСЛӨӨ
-Яруу найргийн “Орхиж болохгүй хорин нас”, “Буйд газрын шүлгүүд” номууд чинь хэвлэгдэж, “Мөнгөн цом” наадамд түрүүлэн нэлээн дуулиантай байсан. Одоо юу хийж байна?
-Яруу найргийн шинэ номоо хэвлэлтэнд бэлдэж байна. Оноос өмнө гаргачих байх. Утга зохиол судлалаар мэргэжиж эрдмийн зэрэг цол хамгаалсан. 2005 онд “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл”, энэ онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном хэвлүүллээ. Одоо Төвд хэлт үг зохиолын гол төлөөлөгчдөөр нэг боть хийх санаатай.
-Яагаад судалгааны ажилд сэтгэл татагдах болов? Эртний судлал гэдэг эмэгтэй хүнд хэцүү биш үү?
-Үнэхээр тэгж бодож байгаагүй юм байна. Хүн дуртай юм руугаа хориод байхад зүтгээд байдаг шиг. Би сургуулиа төгсөөд л утга зохиол судлалаар ажиллаж багшилсан. Энэ салбарт ороход миний удирдагч багш, Монголын нэрт төвдөч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийн минь нөлөө их байсан.
Анх хуульч Сандагаар оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж 3000 төгрөгийн шагнал авч, мөнгөндөө биш тэр шагналыг авсандаа их урамшиж байсан. Тэгээд л багш маань судалгааны чиглэлийг их гүнзгийрүүлсээр байгаад нэг мэдэхэд үг зохиолын амт шимтэнд орчихсон байсан.
-Та багшилна, судалгаа хийнэ, яруу найргаа бичнэ гээд энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ? Бас гэрийн эзэгтэй…
-Төгссөн цагаас л номын мөр хөөлөө. Өдөр нь ажиллана. Орой орж ирж хоолоо идээд л эргээд шөнөжин сууна. Хүмүүс шиг амрах, наргиж цэнгэх тэр байтугай надад зурагт үзэх зав байдаггүй.
Өглөө бүх хүн унтаж байхад босоод л явна. Тэгэхдээ амьдралын энэ хэвшилдээ дасчихаж дээ. Харин нэг дутагдал гэвэл би айлын бэр болохдоо л дэлгүүрт будаа ямар үнэтэйг мэддэггүй шахуу байсан. Одоо ч тэр маань хэвээрээ гэр орны ажилд нэг их оролцоод байх зав байдаггүй, гэхдээ маш гэр амьтай. Манай яруу найрагч Ц.Хулан намайг “ямар ч асуудалгүй маш амар тайван амьдардаг хүн. Ганц проблем нь Арлааны Эрдэнэ-Очир Дорноговиос ирж архи ууж хүндрүүлдэг явдал”гэж бичсэн шүү дээ.
-90-ээд оныхны тухай таны бичсэн зүйл, TV-ийн ярилцлага энэ тэрийг үзэж байсан л даа. Өөрийг чинь хэвлэл мэдээллийхнээс хол байдаг, нууцлаг хүн ч гэдэг юм билээ.
-Мэдэхгүй, 90-ээд оныхон гэдэг чинь Монголын утга зохиол дахь хамгийн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хувьсалтай, эрсдэлтэй их усны давалгаа шиг юм байгаа шүү дээ. Тэр дотор үлдэнэ гэдэг бол шалгуур. Надад нуух гээд, нуугдах гээд байх юм алга. Хийдгээ хийгээд бусдын л адил явж байна.
(Яруу найрагч Сумьяа эгч бид хоёр Дэмчигийн хийдийн Үлэмжийн чанарын хөшөөний дэргэд. )
-Арлааны Эрдэнэ-Очир, Л.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, А.Байгалмаа, та нар говиос төрсөн нэг үеийн найрагчид, Энэ тухай дурсвал…?
-Бид хэд чинь 1990-ээд оны эхээр Дорноговийн Цээеэ /Хандын Цэрэндорж/ багшийн дугуйланд явдаг, тэр үед дөнгөж нээгдээд байсан Данзанравжаагийн музейд дугуйлан маань цугладаг байлаа. Одоо бодоход амьдралын маань хамгийн гэгээн, аз жаргалтай, жинхэнэ хөөргөн дэвэргэн залуу нас минь тэр үе байсан. Нөгөө талаар Говийн ноён хутагтын тахил шүтээний дэргэд үзэг барьж, тэр ариун дагшин оронд шүлэг бичиж, уншиж явна гэдэг ямар их ариун зам мөр вэ. Хэн хэний маань утга зохиолд орж ирсэн тийм нандин эрхэмсэг учрал тохиол бол бидний хувь заяаны зам байсан юм шиг санагддаг. Өнөөдөр бүгд л Монголын утга зохиолд өөр өөрийн мөртэй л болчихсон байна шүү дээ. Би тэр үеээ бодохоор өөрийн эрхгүй Ноён хутагтад сүслэн залбирдаг юм.
-Та Дорноговийнх биш, Өмнөговийн уугуул биз дээ.
-Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрж өссөн. Тэр үед Анагаахын сургууль төгсөөд Дорноговьд ажиллаж байсан юм. Миний төрсөн нутаг Ханбогд сум ч Хутагтын нутаг, Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийд нь байдаг. Хутагтын адистэд оршсон шороо чулуугаар тоглож, Ноён гэгээний дууг дуулдаг өвгөдийн нөмөр бараадаж, үнэн атлаа худал юм шиг үлгэр домгийг айж гайхан, сонсч өссөн хүн. Шүлэг бичиж байгаа маань ч гэсэн цаанаасаа олдмол, эрт цагийн барилдлагаар үүрэх ёстой ачаа, туулах ёстой хувь тавилан минь байж дээ.
-Ойрд нутагтаа очив уу?
-Өвөл нутагтаа очиж Хутагтын гурван хийдээр яваад ирсэн. Миний уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг тусалж дэмждэг зохиолч, УИХ-ын гишүүн Л.Одончимэд гуай, бид хамт явсан юм. Данзанравжаагийн өвийг хамгаалах, бүтээл туурвилыг нь дэлгэрүүлэх талаар маш их юм хийж байгаа хүн дээ. Одоо ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Ноён хутагтын жанч халсны 150 жилийн ойг Монголд тэмдэглэх гэж байна. Бид энэ ажлын хүрээнд хийхээр бодож төлөвлөсөн зүйлээ ярилцаж, нутгийнхаа сайхныг бахдан биширч уул усандаа мөргөж л явлаа.
-Та сая “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг ном гаргажээ. Энэ номынхоо тухайд.
-Хуульч Сандагийн намтар уран бүтээлийг боть болгож эмхлэнэ гэдэг миний судалгааны нэг томоохон зорилго юм. Энэ номонд хуульч Сандагийн намтар уран бүтээлийн олон асуудлаас гадна, одоогоор мэдэгдэж байгаа гар бичмэлүүдэд эх бичгийн судалгаа хийж, түүний зохиолын бүрэн эхийг гаргасан юм.
Урьд нь тухайн цаг үеийн шаардлагаар хуульч Сандагийн шүлгийг маш их хасч хэвлүүлдэг байсан. Тэр бүгдийг эхийн түвшинд харьцуулан гаргаж тавихаас гадна уншигч олонд төдийлөн хүртээл болоогүй хэд хэдэн шинээр олдсон зохиолууд ч олдсон байгаа. Энэ утгаараа хуульч Сандагийн үг зохиолын Монголын утга зохиолд оруулсан хувь нэмэр, туурвил зүйн өвөрмөц онцлогийг нэгэн дор авч үзэж, Л.Хүрэлбаатар багш маань энэ номыã ариутган шүүсэн дээ.
Ярилцсан: Л.БАТЦЭНГЭЛ
Уншсан (39) ÿðèëöëàãà Сэтгэгдэл (0)
АЛИШЕР НОВАЙТАЙ АМРАГЛАЖ ХОНОЛОО
АЛИШЕР НОВАЙТАЙ АМРАГЛАЖ ХОНОЛОО
Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо
Дарсны сайхан нь аль билээ, алив ууя гэнэ
Далавчны цуцашгүй нь аль билээ, алив нисье гэнэ
Давшгүй бэрх нь аль билээ, алив туулья гэнэ
Даанчиг уянгалаг нь аль билээ, алив дуулья гэнэ
Зовлонгийн цагаан орчлонг ар ардаа нууж
Зоргоороо шүлэг шиг шөнийг хувааж хүлхлээ, бидэн хоёр
Зоосны хоёр тал шиг там диваажинд сэлгүүцэж
Зол баярын замбуулинг хөтлөлцөж туучлаа, бидэн хоёр
Жавартай тэнгэрийн салхийг анзаарсангүй, дулаахан л байж дээ
Жаргаж мандах сарны сэвхийг анзаарсангүй, дурлачихсан л байж дээ
Залбирч нисдэг шувууны далавчийг анзаарсангүй, жаргалтай л байж дээ
Зам замын үзүүр дэх учралаа аргадсангүй, омголон л байж дээ
Үүлтэй тэнгэрийн хаяа ийм холсон билүү
Үргэлжид биенээ мөрөөдөх үйлийг нь яалтай, Новай
Үлэмжийн нартай ертөнц ийм сэрүүхэн билүү
Үсэнд минь хүртэл шингэсэн үнэрийг чинь яалтай, Новай
Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо
2003-01-29
3/04/2009
ИЖИЙДЭЭ ЭРХЭЛСЭН ШҮЛЭГ
Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр
тунаж үлдэхийн цагт
Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би
Орой намрын бороонд цэцгийн шилбэ
жиндэхийн цагт
Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би
Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би
Îрох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс
Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай
Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ
Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар
Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна
Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад
Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно
Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад
Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна
Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр
Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй
Мартаж санасан сар өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг
Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай
Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь
Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм
Ийм дулаахан өвөрт нь хөлөө дүрж суугаад
Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай
Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би
Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ
Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би
Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ.
Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ
Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ
2006-04-01
3/03/2009
Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг зөн, сэрэл мэдрэмжийн үүднээс авч үзэх нь
Х.Сүглэгмаа /доктор PhD, дэд профессор
Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэв
Нацагдорж бол нарны яруу найрагч юм. Аль ч гунигийн аяс бүхий шүлэг бичлээ гэсэн үүнийг нэвт гэрэл туяа гийнэ. Харанхуйн тухай бичлээ ч түүний цаана гэрэл нуугдаж буй нь мэдэгдэнэ. Тэр гэрэл тодорсоор харанхуйг арилгана. /О.Дашбалбар/
Дэлхийн уран зургийн түүхийг Ленорда Да Винчигүйгээр, “Жоконда”-гүйгээр, хөгжмийн урлагийн түүхийг Людвиг Ван Бетховангүйгээр, “Сарны сонат”-гүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээн үзэх нь угаас хүн төрөлхтний нүднээ үзэх, чихнээ сонсох гайхамшгийг нэгэн сэтгэлийн үзүүрт барин өгүүлсэн хэрэг билээ. Тэгвал дэлхийн уран зохиолын түүхэнд Английн Вильям .Шекспир, Америкийн Уольт Уйтмен, Оросын А.С.Пушкин, Энэтхэгийн Р.Таагор, монголын Инжинаши, Данзанравжаа, Нацагдоржийг тэр тухайн улс үндэстний уран зохиол оюун санааны зуун зууны сонгодог төлөөлөл хэмээн үзсээр иржээ.
Их монгол улсын 800 жилийн ойг ёслон тэмдэглэх энэ түүхэн цаг үед монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа нь үндэстний мөн чанарын илэрхийлэл болсон олон сайхан оюунлаг үйлсийг соёлт хүн төрөлхтний хүртээл болгох нэгэн таатай боломж юм.
Угаас хүн төрөлхтний түүх гэдэг бол соёл иргэншлийн түүх. Соёл иргэншлийн түүх гэдэг бол тухайн улс үндэстний сэтгэлгээний түүх байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийт нэгэнтээ хүлээн зөвшөөрч, аливаа томоохон хувьсгал, орон даяныг хамарсан дайн тулааны үйл явцаар нэгийг үүсгэж нөгөөг устгадаг, нэгийг шинэчилж, нөгөөг улираадаг түүхэн хувьслын үе өнгөрч, зэр зэвсгээр биш хүсэл сэтхилээр, эр чадлаар биш, эрхэм чанараар дагуулдаг нэг талаас цаг үеийн, нөгөө талаас оюун сэтгэлийн өөр эрин цаг тохиож байгаа нь ч бодь сэтгэлийн үзүүрт барьсан буяны мөр лугаа шүтэн барилдлага төгс хэрэг болжээ.
Энэтхэгийн алдарт Шантидэвагийн VII зуунд зохиосон “Бодьсадуа нарын явдал дор орохуй” хэмээх зохиолд
Барс арслан заан өтөл бээр
Могой хийгээд хамаг дайсан бээр
Амьтны талын сахиусан бээр
Дагинас бээр түүнчлэн мангас бээр
Гагц сэтгэлийг номхотговоос
Тэр бүгдийг уясан мэт болой
хэмээн өгүүлснийг монголын их бичгийн хүн Чойжи-Одсэр орчуулан сударласан нь алс хэдэн зууны тэртээ боловч (одоогоос 700 гаруй жилийн өмнө) алгасалгүй номын хүрдийг эргүүлэн ахуй эрдмийн дээдийг хураан үйлдсэн хэрэг биз ээ. Энэ нь чухамдаа эртний их мэргэдийн утгын гүн бошиг дор энэ цагийн төрөлхийтний хэрэг учрыг тольдож, аливаа зүйлийг цаг хугацаа орон зай үйлийн барилдлагаас ангид авч үзэж цаад мөн чанарыг танин цагийн гэмийг тодруулсан хэрэг билээ. Өөрөөр хэлбэл, нэг талд нь барс арслан заан, могой хийгээд хамаг дайсан бээр, мангас бээр гээд үзтэл дүр байдал үйл хөдлөл өөр өөр, хортой хөнөөлтэй аль цагийн л аймшиг бүгдийг бий болгогч эдгээр амьтад, нөгөө талд нь гоо үзэсгэлэнтэй гэм зэмгүй залуу сайхан бүсгүй, харин гагц сэтгэлийг л номхруулж чадвал тэр бүгдийн дээрх ялгамжаат чанар гэж үгүй билээ. Хичнээн аймшигтай муухай, хичнээн энэрэнгүй сайхан хоёрын хоёр их туйл эдгээр амьтдаар дамжин харагдах боловч гагц сэтгэлийг номхруулснаар л тэр бүгдийг нэгэн дор уясан мэт адил чанарыг үүсгэнэ хэмээн үзэх нь бидний зөвхөн бодьгалийг шүтэх тэр үзлээс ангид алив юмны цаад мөн чанарыг зөв эрэлхийлэх гэсний үлгэр илтгэвэр гэж болно. Зөвхөн монголын гэлтгүй хүн төрөлхтний сэтгэлгээний эртний уламжлалт энэхүү үзэл сэтхилийн дагуу их зохиолч Д.Нацагдоржийн сонгодог зохиолуудын нэг болох “Харанхуй хад” өгүүлэгийг задлан үзэх оролдлого хийлээ.
“Харанхуй хад өгүүллэгийн үйл явдлын эхлэл болох зурвас бичигт дээр тэмдэглэсэн хэдэн үгсийн дотор /хэдэн үсэг (1996)1/ хоёр тодорхойгүй зүйл байгаа нь
1. Харанхуй хад
2. Ина /Нина (1961)2 / Дашрамд өгүүлэхэд “Харанхуй хад” зохиолын нэг хувилбар гэж үзэж болох “Морь эрэхээр одов” гэдэгт гарч байгаа Чонон саарал морийг мөн би энэ Ина гэдгийн нэг ижил субьект байж болох юм гэж үзэж байгаагаа ялдамд дурдья. Ингээд зохиолын эхний хувилбар дээр ажиглалт хийж байна.
Нэгдүгээр тодорхойгүй зүйл буюу Харанхуй хад хэмээх нь зохиолд з янзаар бичигдсэн. Өөрөөр хэлбэл 3 өөр утгатай гэсэн үг. Үүнд:
1. Бодьтой орших утга. Зохиолыг нэрлэж байгаа, бидний ойлгож байгаа хад асгын харанхуй хад. Зохиолын төгсгөлд би баатрын унаж яваа морь нэгэнтээ янцгаахад ясанд тултал хангинаж байгааг дүрсэлсэн харанхуй хад /зарим газар харанхуй хад [Нацагдорж.1996.210] гэж жижгээр бичсэн/
2. Бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга “Харанхуй хад”гэж хашилтанд тэмдэглэсэн “ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй” [Нацагдорж.1996] гэж зохиолд дурдагдаж байгаа харанхуй хад. Ямар ертөнцөд оршиж байхыг мэдэхгүй гэснээс үзвэл энэ бидний оршин буй бодит ертөнцийн харанхуй хад гэдэг ойлголт биш болов уу. Магадгүй энэ нь тэнгэр лус, там бирд, оюун санааны аль ч ертөнц байж болох. Цаашид энэ санааг лавшруулан “Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил мянган он эрэвч бас олдохгүй байж болох” [Нацагдорж.1996] хэмээсэн нь энэхүү “харанхуй хад” бол бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга зааж байгааг баталж байна.
3. Тодорхойгүй утга. ““Харнхуй хад” хэмээх нэр энэ газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч”[Нацагдорж.1996.209] гэж зохиолд тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл ямар нэгэн зүйлийг ёгтоор илэрхийлэн тэмдэглэсэн байж болох нэр. Нэр гэдэг бол утга. Яагаад тодорхойгүй байна вэ гэхээр нэгэнт бодьтой орших бидний төсөөлж байгаа хадыг бол зохиолд зарим газар жижгээр тэмдэглэн хад асга гэдгийн утгыг харуулж байсан (морь янцгаахад цууриатаж байгаа нь сонсогдсон) бөгөөд энд нэгэнт хашилт хэрэглэн дурдсан тул энэ нь цаанаа ямар нэгэн ёгт нэрийн утга буюу зохиолчийн уран сайхны үүдэл санааны гол зүйлээ нууцлан үлдээсэн тэр далд утгыг илэрхийлж байна. Тиймээс “Харанхуй хад” хэмээх нэр нь би баатрын явж байгаа тэр газрын байдалтай нийлэлцэн санагдаж байгаагаар өгүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл бидний хайж байгаа “Харанхуй хад” гэсэн ёгт нэр, үүний цаана зохиолын би баатын тэрхүү эрмэлзэн хайгаад байгаа зүйл чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Зохиолд дурдагдан буй хоёр дахь тодорхойгүй зүйл бол Ина. /Нина/ Мөн дээр өгүүлсэн “Харанхуй хад”- хэмээхийн нэг адил 3 өөр утгыг илтгэнэ.
1. Бодьтой орших утга. “Миний хуучин амраг охины нэр” [Нацагдорж.1996] гэж зохиолд өгүүлснээс үзвэл “хязгааргүй янаглан ханилсан”, “уул далайн тэртээ завсарлагдсан”, “сэтгэл зүрх ташаалагдсан”, зохиолын төгсгөлд харин хажууд нь зогсч байгаа Ина гэдэг бүсгүй. Энэ бүсгүйн тухай зохиолын би баатар “...Нина гэдэг нь миний хуучин амраг охины нэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөн охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсч байсан цаг гэнэт санагдан...” [Нацагдорж.1996] гэх зэргээр дурсан бодож байгаагаар өгүүлэх нь Ина бол бол бодит хүн гэсэн утга тодорхой байна.
2. Бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга “Энгийн охин бус
эрдэмтэн охины манлай” [Нацагдорж.1996.206] гэж зохиолд өгүүлэгдэж байгаа мөн би баатар “түүний бие надаас салахад” гэж дотор сэтгэлдээ бодож байгаа нь Дорно дахины эртний сэтгэлгээний уламжлалт ойлголт болох “эгшиглэнт охин тэнгэр”, “галууны охин”, “үнэр идэштийн охин” гэж нэрлэгддэг, Эсэруа тэнгэрийн ёгт утга байж болох юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэмтэн охины манлай” гэдэг нь оюун ухаан яруу өгүүлэхийн тэнгэр гэсэн утга илэрхийлж байгаа хэрэг бөгөөд Энэтхэг, Төвдийн эртний уламжлалт домгийн тэнгэр хэмээх хийсвэр сэтгэлгээний утгыг агуулж байна. “Бие” гэж яагаад онцлон өгүүлэв гэхээр эртний ялангуяа буддын гүн ухааны ойлголтонд хүний нэгэн “би”-д зэрэгцэн оршдог бие, сэтгэл, бодгаль гурвыг тус тусын утгаар авч үзэх бөгөөд энэ 3 зүйлээс “би” бүрддэг гэж үздэг. Сэтгэл, бодгаль үгүй бол бие гэдэг хумхийн тоосноос бүрдэх тул би-г буюу эзэн биеийн бодит мөн чанарыг илэрхийлдэггүй. Яг энэ үзэл хандалтаар XIX зууны Хамба номун хан Агванхайдавын бичсэн “үг” зохиолын нэгэн чухал дурсгалд3 бүр Бие, Сэтгэл, Бодгаль нэртэй 3 гол дүр хоорондоо өөр өөрийн мөн чанарыг өгүүлэн маргаж байгаагаар өгүүлдэг нь, буддын гүн ухааны “би”-ийн тухай үзэл номлолыг энгийн ард түмэнд ойртуулан номлосон нэг хэлбэр юм. Тэгэхээр Нацагдоржийн зохиолд гарч байгаа, зохиолгол би баатрын хайгаад байгаа тэр Ина-г зохиогч эрдэмтэн охины манлай гэж нэг хийсвэрлээд, мөн дахин түүний бие надаас салахад гэж дахин хийсвэр ухагдахуунаар төлөөлүүлэн хэлсэн нь Ина бол бодит бус хийсвэр утга гэсэн нэг санааг давхар харуулж байна.
3. Тодорхойгүй утга “Үл мэдэгдэх утга бүхий хэдэн үсгийн дотор
байгаа Ина хэмээх нэр” [Нацагдорж.1996.205] гэж зохиолд өгүүлэгдэх мөн тодорхой утга оноож үл чадах Ина. Дахиад л нэр. Нэр гэдэг бол утга. Чухам юуг ийн нэрлэсэн нь тодорхойгүй. Янаг хайртай хүүхний нэр үү, яруу найруулга хэмээхийн нэр үү, аль эсвэл интернационал уу?, тодорхойгүй.4
Энэхүү бодьтой байж болох бас бодьгүй байж болох “Харанхуй хад”, “Ина” хэмээх 2 зүйлийн хүрээнд гол баатрын эрлээр үргэлжлэх зохиолын нийт агуулга үйл явдал миний үзэж байгаагаар дараахь 3 хэсэгт хуваагдана.
Нэгдүгээр хэсэг. Энд зохиолын гол баатар зурвас олоод улмаар эрэлд гарч, явсаар нэгэн айлд очсон бөгөөд тэр айлын зүүн урд хатавчинд хэвтэж байсан эмээ түүнд бас учир үл мэдэх нэг чулууг өгч байгаа хэсэг хүртэл үргэлжилнэ. Энэхүү нэгдүгээр хэсгийн гол онцлог нь би баатар морио эмээллүүлж унаад хаашаа явахаа мэдэхгүй зогсч байгаад унасан морьныхоо хаашаа зүглэсэн, тэр зүг явсаар “хэд хэдэн газар дэв дэмий явсаар” нэгэн танил бус газар ирнэ. Эндээс эхлээд зохиолын бүх зүйл хоёрдмол, салаа утгатай болж байна. Жишээлбэл: “Намрын салхи сэрчигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин, Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юмуу”, “Үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй”, “Үнэг ч биш, чоно ч биш”, “айлын ч нохой бололтой, ангийн ч нохой болотой”, гэх мэт. Энэ бүх хоёрдмол болж ирж байгаа утга санаа, өгүүлэмжийг утга товчлон хураангуйлах үүднээс дараахь байдлаар загварчлан үзүүлье. Доох хүснэгтийн А, Б хоёр багананд нэг зүйлийн хоёр салаа утгыг харуулж байгаа бөгөөд харин А, Б хоёр хэсгийг бүхлээр нь тодруулсан байгаа нь бол нэг өгүүлбэрт, нэг мөрөнд тусгагдсан нэг зүйлийн хоёр өөр салаа утгыг зааж байгаа гэдгийг анхаарна уу.
А Б Тайлбар
Түүний бие надаас салаад... ...сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө...
...Амраг Инаг олж уулзах Зүүд ч юмуу...
...эрт ба эдүгээ, хол ба ойр...
...баруун өмнө зүг ...морьныхоо хаашаа явсан тэр зүг...
...ам ангах, сэтгэл уйтгарлах
...Үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй... Үнэг үү чоно уу тодорхойгүй хоёр утга.
...үнэг ч биш чоно ч биш... Аль нь ч биш
...айлын ч нохой бололтой, ангийн ч нохой байдалтай... Хоёр огт өөр утга
...Нэг настай хар хүн гарч ирээд..., /нохойгоо даллан дуудав/ (Хар хүн -эр хүн Х.С) ...зүүн хойно цомцойн суув. /гэрийн/...
...нурманд шигтгэсэн домботой цай нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд... (Хийж байгаа үйл, суудал зэрэг нь эм хүн Х.С) А- Дүр нь бол “Настай хар хүн”
Б- Үйл хөдөлгөөн нь эмэгтэй хүн
ойр хавийн газрыг бараг мэднэ гэвч тийм нэртэй газрыг сонссонгүй... гэх
...баруун хойно тахьсан бурхан ч юмуу, онгон ч юмуу...
“Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй... А-байгаа зүйлээ хэлж байна. Б-Байхгүй зүйлээ хайж байна.
...“Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ “Эмгээ зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрүүлэх нь”...
Б-Няцаасан
...нэг хар чулуу... ...чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэг чулуу...
Эндээс үзвэл, А багананд дурдсан зүйлүүд харьцангуй бодьтой байж болох, анхдагч шинжтэй, харин Б багананд дурдсан зүйлүүд харьцангуй хийсвэр байж болох, хоёрдмол шинжтэй байна. Ийнхүү үйл явдал цааш үргэлжилсээр эмгэн зохиолын гол баатарт “нэг хэсэг чулуу” өгснийг гайхан үзээд тавьтал доош унаж, чулуу хагарч, “харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж” зохиолын баатар нэг хэсгийг нь эмгэнээс гуйж аваад мордож байгаагаар энэ хэсэг төгсөнө. Өөрөөр хэлбэл энд болж байгаа үйл явдал, юмс үзэгдэл, түүнд хандаж байгаа зохиолын гол баатрын хандлага, уул ус газар орон, зүг чиг гээд бүхий л зүйл ямар нэгэн хэмжээгээр орших эс оршихын, байгаа үгүйн, бодьтой бодьгүйн салааг дагасан нэг талаас бодит /А хэсэг/, нөгөө талаас хийсвэр шинжийг/В хэсэг/ эн зэрэгцүүлэн явсаар, эцэст эмгэний өгсөн чулуу хагарч хоёр хэсэг болон хагарч “дэмий юм хэмээн сэтгэж” байснаа, “гэнэт сонирхол төрж”, “баяртай байдал” үүсгэн мориндоо мордоод, гол баатар эрлээ цааш үргэлжлүүлж байгаагаар төгсөнө.
Хоёрдугаар хэсэг Нар шингэж бүрий болж, өдрийн бүрхэж байсан бороо орж улам ширүүсэн, “алхах тутам шавар намагтай” ойн гүнд ойн дунд, “газрын байдал улам бэрхтэй” болж, “айх цочих нь нэн олширч”, энд тэнд чоно ульж, буг чөтгөр эрлэг тамын орон ч бодогдож, “түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн”, “нар мандахыг хүлээхээр” болж байна. Энд бүх зүйл тодорхойгүй итгэл алдарсан ч юмуу эргэлзээтэй болсныг, зохиолын гол баатар өглөө хэдийгээр аль зүг рүү явахаа шийдэж чадахгүй байсан ч дөрвөн зүгээ мэдэж байсан бол, эдүгээ “дөрвөн зүг нь хаана хааш болохыг нэгэнт алдаж”, “зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг хэдийнэ умартаж”, урагш явья гэхээр “өмнө этгээдийн бараа хавьтах аргагүй”, гэдрэг буцья гэхээр “замаас нэгэнт төөрсөн” тул ийнхүү нар мандахыг хүлээхээс өөрцгүй болж байгаагаар төгсгөсөн байна. Мөн энэ хэсэгт “морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинатал /морь/ янцгаах дуу ясанд тултал жихүүцүүлэхэд” зохиолын баатар ихэд сочсон тул “нэгэнт мэдрэл зайлжээ” гэж бий.
Гуравдугаар хэсэг Зохиолын төгсгөл. Энэ хэсэгт түүнийг нэгэнт сэргэхэд хажууд нь янаг охин Ина зогсож, “үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн буй” гээд янаг сэтгэл учран золгохын цэнгэл баяр, яруу шүлгээр төгсгөсөн байна. Энэ хэсэг өмнөх жилүүдийн зарим нэгэн хэвлэлтнээс хасагдаж байсан.
Зохиолыг судалсан өмнөх үеийн бүхий л эрдэмтэд үүний дундаас монголын шинэ үеийн уран зохиол, Нацагдорж судлалын нэртэй эрдэмтэд эндээс олон зүйлийг хайсан, тэд хайсан бүхнээ л олсон, харин оносон оноогүйг эдүгээ хэн ч хэлж мэдэхгүй. Энд дээр өгүүлсэн янаг хайртай бүсгүй, яруу найруулга, интернационал ч орсон. Тэгвэл миний хувьд эндээс тийм бодит ахуйг шүтсэн, тодорхой бодгалийг оноосон хайлт хийхийг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл тийм боломжгүй юм гэж үзэж байна. Яагаад?
Миний дээр задалсан зохиолын гурван хэсэгт 3 удаа зүүдний тухай өгүүлэмж гарна. Энэ зүүд мөн дээр бидний өгүүлсэн “Харанхуй хад”, “Ина”-гийн нэг адил 3 өөр зүүд байна.
1. Бодит зүүд Нэгдүгээр хэсгийн эхэнд гол баатар зурвасыг үзээд, Инаг дурсан санаж, “эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тутам” уяран мэлмэрч, “зүүд мэт болон зэрэглэсээр” агшин зуур үүрэглээд сэрдэг. Энд зүүрмэглээд зүүдлээд сэрлээ гэдгийг бодьтой болгож байгаа зүйл бол гол баатар “татаж байгаа тамхины үнс хэнхдэг дээр” унахад сая сэрээд Инаг эрэхээр явж байна.
2. Бодит бус хийсвэр зүүд. Би баатар Инаг эрэхээр цааш явж байгаад монгол хүний ямагт хамгийн гол чиг баримжаа итгэл үнэмшил нь болж байдаг газар орон зүг чигийнхээ баримжааг алдаж, бүх зүйлд эргэлзэж эхлэхдээ, “Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндийн талд төөрөх нь ч юмуу...” гэж боддог. Энэ бол би баатар зүүдлээгүй, харин өөрийнхөө хийж байгаа бодит үйлийг зүүд шиг гэж бодож байгаа явдал юм.
3. Тодорхойгүй зүүд. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд, өөрөөр хэлбэл хоёр, гуравдугаар хэсгийн холбоос болж бас нэгэн зүүдний өгүүлэмж гарна. Энэ бол зүүд гэж ямар нэгэн байдлаар хэлээгүй боловч, “ихэд сочсон тул мэдрэл зайлжээ [Нацагдорж.1996.210]”, “унтсан ба зүүдэлсний алин болохыг мэдээгүй” [Нацагдорж.1996.210] гэж зохиолд тэмдэглэгдсэн тодорхойгүй зүүд. Яагаад тодорхойгүй байна гэхээр зохиолын би баатар “мэдрэл зайлж”, “унтсан ба зүүдэлсэн” [Нацагдорж.1996.210] алин болохыг өөрөө ч мэдэхгүй байгаа. Гэхдээ л нэг сэрэхэд Ина дэргэд нь ирчихсэн байгаагаар гардаг.
Эндээс үзвэл, зохиолд гарч байгаа зүүд нь мөн 3 өөр ойлголт гэж болно. Эхнийх бол зүүрмэглээд зүүдлээд сэрсэн бодит зүүд, хоёр дахь нь бодьтой болж байгаа үйлээ өөрөө “зүүд шиг гэж бодсон”хийсвэр утга, гурав дахь нь зүүдэлсэн ба унтсан алин болохыг өөрөө ч мэдэхгүй байгаа тодорхойгүй утга. Үүнийг томьёолбол дээр өгүүлсэн Харанхуй хад, Ина гэдэг 2 зүйлийн талаар 3 өөр ойголт байгаагийн нэг адил ухагдахуун гарч байна.Тодруулбал:
1. Бодит зүүд. Гол баатар өөрөө зүүдэлсэн
2. Бодит бус хийсвэр зүүд. /Гол баатар өөрөө Инаг олно гэдэг бол зүүд шиг юмаа гэж бодсон, хийсвэр ойлголт.
3. Тодорхойгүй зүүд ”Зүүдэлсэн үү, унтсан уу алин болохыг” гол баатар өөрөө мэдэхгүй, зохиолд бол үүнийг “мэдрэл зайлж” гэж тэмдэглэсэн.
Ингэхээр “Харанхуй хад”, “Ина”, “Зүүд” гурвын ерөнхий төлөв нь
1. Бодитой
2. Бодит бус хийсвэр
3. Тодорхойгүй гэсэн 3 ижил шинжтэй байгааг бид харлаа.
Тэгэхээр магадгүй зохиолын хоёр тодорхойгүй ухагдахууныг хайх эрж олох, тодорхой болгох гарц нь энэ зүүдний өгүүлэмжээр тайлагдах юм биш биз гэсэн таамаглал төрж байна. Энэхүү таамаглалыг батлах гарцаа өрнө дорны сэтгэлгээний уламжлалт хэв маягийг хослуулан эрэлхийлж үзье.
Өрнө дахины сэтгэлгээнд, хүмүүн бидний танин мэдэх, оршин тогтнохын гол үндэс болсон сэрэл мэдрэмжийн хамгийн бодьтой байж болдог зүйл нь зүүд гэж үздэг юм байна. Энэ тухай Психоанализ буюу сэтгэл задлагийн онолыг үндэслэгчдийн нэг Зигмунд Фрейд “Психоанализын бүх салбарыг ийнхүү товчхон тоочихын оронд “зүүдний тайллын тухай дэлгэрэнгүй ярих нь дээр юм биш биз”, “Зүүдний тайлал нь ухамсаргүйг танин мэдэх “via Regia” буюу психоанализын хамгийн тодорхой үндэслэл, алив судлаач итгэл үнэмшил, боловсролоо олж авдаг яг тэр салбар мөн..., “Психоанализчин яаж болох вэ гэж надаас асуухуй дор миний бие өөрийнхөө зүүдийг сайн судал гэж хариулдаг юм [Зигмунд Фрейд.2000]” гэж өөрийнхөө онолын бүтээл, зарим ярилцлагадаа дурдсан байна. Энэ бол сэтгэл задлагийн онолын гол тулгуур бол зүүд гэж үзэж байна. Хүү зүүдээ л таньж мэдэж чадвал зөн совин сэрэл мэдрэмжийн нууцаа тайлж чадна гэж үзэж байна.
Харин манай дорно дахины уламжлалт сэтгэлгээний тусгал болсон зүүдний шинжийн сударт зүүдний илэрхий утга санаанаас ургуулан нууцлагдмал далд чанарыг хайж, түүнийгээ зүүдний тайлал хэмээн өгүүлж, хийсвэр сэтгэлгээний тэр үйлээр бодит ахуй амьдралд учирч болох сайн муу үйлийн зөн совин, ёр билгийн утга болгож ухаардаг уламжлал байна. Өөрөөр хэлбэл өрнийн болоод дорны сэтгэлгээний энэ хэлбэрийн ижил төстэй нэг түгээмэл үзэгдэл бол бодгалийн далд ухамсарт байгаа сэтгэл санааны бодит амьдралаас түрэгдсэн зүйлийг илрүүлэн нээхэд зүүдний тайлал, зүүдийг шинжлэн үзэх нь үр дүнтэй гэсэн санаа юм. Үүнийг Европын эрдэмтэд эрүүл болоод сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй хүмүүсийн өөрийн мэдэлгүй, санамсаргүй хийчихдэг /андуурах, барьсан юмаа мартаад алдах, харшил өгдөг ургамлаа үнэрлээгүй, харин ТV дэлгэцээр гарахыг нь хараад найтаадаг г.м/ ухамсарт бус үйлдлүүдээр туршиж үр дүнг нь үзсэн тухайгаа ч олонтаа тэмдэглэсэн байгаа бол дорно дахинд ялангуяа Энэтхэг, Төвд, Монголд зүүдээр зөгнөн үйлдсэн өдий төдий хэрэг явдлыг үлгэр домог, үнэн түүх болгон өгүүлж байдаг билээ. Зохиолын 3 хэсгийн үйл явдлын эхлэл тайлалд ямар нэг хэмжээгээр зүүд очиж уялдаж байгаа нь бидний харанхуй хаднаас хайгаад байгаа, тэр зүйлүүд бодьтой ч байж болох бас бодьгүй ч байж болох тэр итгэл үнэмшил рүү ямар нэгэн хэмжээгээр хөтөлж байна. Өөрөөр хэлбэл хийж байгаа гаргалгаа бүхнээ нэрийдэл төдий зүйлийг ч бодьтойд барьж ухуулдаг дорно дахины гүн ухааны сэтгэлгээний жингийн туухай дээр тавьж, бодьтойг бодьгүйд, илийг далдад, далдыг илд, байхгүйг бийд, байгааг үгүйд зохируулан үзэх нэгэн үүд буйг дурдах нь эрхэм билээ. Энэ нь зүүдийг 3 хүнд ярихад 3 өөрөөр тайлдаг. Өөрөөр хэлбэл тэр тайлж байгаа сэтгэлгээ, сэтгэхүйн үйлдлийн гаргалгаа нь хязгааргүй гэсэн үг юм. Тэгэхээр бидний хийсэн ажиглалтаар “Харанхуй хад”, “Ина”, хэмээх хоёр тодорхойгүй ойлголт түүнийг тодруулж байгаа “Зүүд”-ний өгүүлэмж гурав нь гурвуулаа бодит, бодит бус хийсвэр, тодорхойгүй гэсэн ижил 3 шинжтэй байна. Мөн “Харанхуй хад”, “Ина” хоёрын гол нууц нь зүүдэнд байна. Тэгэхээр угаас зүүд бол бодит утга нь, зүүдний тайлал бол хийсвэр утга нь, харин түүнээс гарах үр дүн нь тодорхойгүй хязгааргүй гэсэн санаа гарч байна.
Аугаа ихийн нууц нь эгэл жирийндээ байдаг. Одоо тэгвэл Л.В.Бетховений “Сарны сонат”-ын гайхамшгийн нууц нь тэр яруу сонсголонт хөгжмийг дүлий хүн зохиосондоо байсан юм гэж, Ленорда Да Винчийн “Жоконда”-гийн нууц нь шидэт инээмсэглэлдээ байгаа юм гэж хэдэн зууны турш маргасан Европыхон одоо ч нууцыг тайлах тулалдааны талбараас буцаж ирээгүй байгаа үнэний туйлыг;
бидний бодьтой гэж бодсон ертөнцийн юмс үзэгдэл бүхэн танин мэдэх тусам хоосон чанарын агаартайг эрт цагийн Равжаа хоосон чанарын хэдэн арван бүтээлдээ эгшиглэж дуулж, эрчлэн номлож, эргүүлж хариулж, элдэв ёгтоор үзүүлээд орхисныг, бодьтой бүхнийг бодьгүйд барин үйлдэхийн жишээг;
хүмүүн бидний нэгэн нэр, нэгэн биед зэрэгцэн оршдог бие, сэтгэл, бодгаль хэмээх гурван чигийн маргаанаар хамба номун хан Агванхайдав “Сэтгэл бусдын тус ямагтыг ямар мэтүйлдэж байсны цадиг өлөг, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын солиорлын дууриал бүжиглэлийг тодруулан үйлдэгч толь оршвой” гэдэг гүн ухааны нэгээхэн зохиолдоо хураан өгүүлээд орхисоныг эргэн саная. Энэ бүхэн бол эртний мэргэдийн нууцын санд түлхүүрийг нь зүүгээд орхисон лугаа нэгэн адил, бодит, хийсвэр, тодорхойгүй ч байж болох түм түмэн гаргалгааны сэжүүр бус уу хэмээн өчүүхэн би мунхаглана.
Дэлхийн сонгодгууд уран зургаар нүднээ үзэх, хөгжмөөр чихнээ сонсохын гайхамшгийг бүтээсний нууцтай нэгэн адил, сэрэл мэдрэмж, дотоод зөн совингийн үүднээс сэтгэлийн цэнгэл эдлүүлэх “Харанхуй хадын” нууцыг нээе гэвэл Д.Нацагдоржийн 1930-аад онд ханилан сууж байсан “амраг хайрт бүсгүй Ина” /Нина/, уран зохиолын аргын тухай утга далдлан өгүүлсэн гэх “яруу найруулга”, их найрагчийн амьдарч байсан үеийн улс төрийн нөхцөл байдлыг өгүүлсэн буюу Ина бол интернационал гэсэн үг гэх зэргээр хэт бодьгалчлалгүй, хэт бодьтойг шүтэлгүй, хувь хүний хувь бодгалийн орон зай цаг хугацаанаас ангид, хүний танин мэдэхүйн хамгийн үнэн, дөт зам болох зөн совин, сэрэл мэдрэмжинд тулгуурласан оюун санааны эрэл хайгуул хийвэл илүү үр дүнтэй болов уу хэмээн үзнэ. Сэтгэлгээний эрэл хайгуул бол ямагт хязгааргүй байдаг. Харанхуй хадын нууцыг нээхгүй байх тусам, түүний эрэл хайгуул хязгааргүй байх тусам, түүний сэтгэлгээний үнэт чанар нь өсөн нэмэгдэх болно. Янаг хайртай бүсгүй, яруу найруулга, интернационал... Та ч бас хайх хэрэгтэй. Бид хайсан бүхнээ л олох болно.
Эндээс үндэслэн эцэст нь дүгнэхэд:
“Харанхуй хад” бол оюун сэтгэлгээний нууцат бүтээл. Яагаад?
• Түүнийг бодьтой ямар нэгэн зүйлд оноон баталж болох боловч энэ нь хязгааргүй.
• Учир нь хүний танин мэдэх тэр зөн мэдрэмж, бодьтойгоос ургуулан хийсвэрлэх тэр үйл бол таны маргааш, бас нөгөөдөр, магадгүй зуун жилийн дараа зүүдлэх зүүдний чинь адил хязгааргүй, бас тодорхойгүй.
• “Жоконда”-гийн, “Сарны сонат”-ын нууцыг олоогүй шиг “Харанхуй хад”-ны нууц ч хэвээр үлдэнэ. Энэ нь өөрийгөө тойрсон оюун сэтгэлгээний хязгааргүй эрэл хайгуулыг бий болгож улмаар хүнтөрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх оюун сэтгэлгээний нэгэн нууцлагдмал үнэт зүйл болж үлдэнэ.
Ашигласан ном
1. Байгалсайхан.С Утгын чандмань. УБ.,2004 он
2. Балдан. Л. Оюун ухаанаараа сэтгэсэн ертөнцийг бүтээсэн хүн. УБ.,2004
3. Нацагдорж.Д. Бүрэн түүвэр.УБ., 1996 он
4. Нацагдорж.Д. Зохиолууд.УБ., 1961 он
5. Нацагдорж.Д. Зохиолын түүвэр. УБ., 1955 он
6. Зигмунд Фрейд. Психоанализ.,УБ. 2000 он
7. Содном.Б Д.Нацагдоржийн намтар зохиол. УБ., 1966 он
8. Сүглэгмаа. Х Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл. УБ.,2005 он
9. Хүрэлбаатар.Л. Судар шастирын билиг.УБ.,2002 он
10. Хүрэлбаатар.Л. Дуун утгын яруу зохист.УБ.,2006 он
гэсэн өөрийн ахуй, уянга, орон зай, хөдөлгөөн, цаг хугацаатай байх юм. Монголын эмэгтэй яруу найрагчдын дотроос надад хамгийн ойр байж олон жил эгч дүүс шиг ижилдэж, зовлон жаргалаа хуваалцсан нэгэн эрхэм хүн бол
гэж дуулсан “Марал”, “Сартуулын алаг толгод”, “Уул усны зүүд”, “Сэтгэлийн орон” яруу найргийн, “Гэрлийн орон” хүүрнэл зохиолын түүвэр хэвлүүлсэн МҮЧЗХ-ны шагналт зохиолч, яруу найрагч Доржпаламын Сумьяа юм. “үүлэн шатаар шүхэрлэн өгсөхөд үлгэрийн гүнж шиг ариусах”-“Алтан могойтой”, “сэтгэлдээ зурсан сүмбэр”- “Алтайн салхитай”, “амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй”- “Арван гурван ааштай хэрнээ” тэр
Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай
хэмээн бичиж бүл нэмсэн “дураараа шар охин” бол Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан юм. “Гүнж аялгуу”, “Гуниг тайтгарал”, “Торгоны маань хээ” гээд түүний яруу найргийн түүвэр болгон өөр өөрийн цаг хугацаа, өнгө будаг, хэм хэмнэлийн илэрхийлэл болж байсан хэдий ч тэр бүхэн нийлж монголын шинэ үеийн яруу найрагт “Хулан хатан”- г харуулж чадсан билээ.
Сэм сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь
Шинэ номын нээлт
Эртний уран зохиол судлаач доктор, дэд профессор, яруу найрагч Х.Сүглэгмаа ХХ зууны Монголын нэрт зохиолч, яруу найрагч, улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, цогтой эх оронч, үндэсний шилдэг сэхээтэн, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар багшийнхаа тухай нэгэн гайхалтай ном гаргажээ.Энэхүү номонд бидний мэддэггүй олон зүйл багтсан төдийгүй олон хүний эргэлзээг тайлсан нэн сонирхолтой ном болсон хэмээн энэ чиглэлийн мэргэжлийнхэн ч хэлж байна. Зохиогч, суут багштайгаа холбоотой бүхий л зүйлийг хүүхэд наснаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, нас барсан тухайд дахь Засгийн газраас томилогдсон эмнэлгийн комиссын магадлагааг хүртэл энд баримтаар нь тавьж, мөн зохиолчийн өөрийн зүгээс болон тухайн үед хэн бүхний сэтгэлд байсан эргэлзээ тээнэгэлзлэлийг ч нуулгүй өгүүлсэн байна. Хуучин АИХ-ын чуулганы холбогдолтой, УИХ-ын чуулган дээр хэлж байсан үг, тэдгээрт холбогдох архивын олон баримт материал, хүмүүсийн аман яриа дурсамж мөн үе тэнгийнхэн болоод найз нөхөд гэргий, аавдаа бичиж байсан захидал, өдрийн тэмдэглэл, жирийн уншигчийн захидал гээд энэ номын судалгааны эх хэрэглэгдэхүүн үнэхээр баялаг. Мөн номонд ганцхан О.Дашбалбарын хувийн амьдралын түүхийг өгүүлээд зогсоогүй тухайн үеийн нийгмийн олон асуудлыг хөндөж үнэхээр Х.Сүглэгмаа бол монголын эртний уран зохиолоор мэргэжсэн, хуучин уран зохиолын баримтыг түшсэн, эх бичиг сурвалж судлалын нямбай судалгаа хийж, урьд нь олон сайхан ном хэвлүүлсэн хүний хувьд судалгааны нарийн арга техник, зохиолуудыг онол сэтгэлгээний хувьд үнэлсэн үнэлгээ, тэдгээрийн уялдаа холбоог гаргасан нотолсон зэрэг нь орчин үед дэлхий нийтийн утга зохиол судлалын нэг гол асуудал болоод байгаа зохиогчийн лаборатори судалгааны түвшинд хийгдсэн сайхан ном болж гэдгийг номын нээлтэнд ирсэн олон эрдэмтэд, зохиолчид өгүүлж байлаа. Монгол улсын төрийн шагналт, ардын уран çîõèиолч Ø.Сүрэнжав, төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол, П.Бадарч, З.Дорж, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Ц.Хулан гээд монголын үе үеийн яруу найрагчид энэ номын тухайд нөхрийн өмнөөс хэрхэн баярлаж байгаагаа нууж эс чадан сэтгэл хөдлөн өгүүлж байгааг бид харсан. “Очирбатын Дашбалбар” номыг сонирхсон хүмүүс Монголоор зогссонгүй. Гадаадад суугаа монголчууд, мөн харь орны монголыг сонирхдог нэрт орчуулагч, яруу найрагчид хэдэн орноос ном явуулах хүсэлт тавьж, мөн “Монголыг зөвхөн О.Дашбалбараар мэддэг” гэсэн зурвас ч хүртэл ирсэн байгаа нь бидний хайртай яруу найрагч монголын сод, эх оронч хөвгүүнд монголын төдийгүй яруу найрагт шимтэн бишрэгч олон орны хүмүүс хичнээн их хайртай байсныг бид “Интерном” номын их дэлгүүрт болсон номын хуриман дээрээс анзаарч өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Үнэхээр монголчууд олон сод хөвгүүдтэй. Тэдний нэг нь О.Дашбалбар. Харин түүнийг хүн бүхэн таньж мэддэг юм шиг санагдах боловч, бид энэ хүний тухай ямар их зүйл мэдэхгүй байгаагаа энэ номыг уншаад өөрийн эрхгүй мэдрэх болно.
сурвалжилсан: З.Мэндсайхан
3/02/2009
lEADERS. 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.
lEADERS. 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.
Х.Сүглэгмаа “Ижий говь” наадмын тэргүүн шагналыг хүртэх үеэр 2007. III сар
Х.Сүглэгмаа: Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг авч үлдэж чаддаг байх хэрэгтэй.
-Хүний төрж өссөн газар орон өөрийг нь ямар нэг хэмжээгээр тодорхойлох нь бий. Энэхүү ярилцлагаа өөрийн чинь төрж өссөн нутаг усны тухай яриагаар эхэлбэл ямар ва?
Миний “Хутагтын цэнхэр нутаг” гэж дуу байдаг юм. Аяыг нь одоо энэ их нэрд гараад байгаа хөгжмийн зохиолч Сэр-Од маань нилээн олон жилийн өмнө хийсэн. Мэргэжлийн түвшний сайхан дуу. Ноён хутагтын 200 жилийн ойн хүндэтгэлийн концертод дуулагдсан. Олон дуучин би ч дуулая, надад өгөхгүй яасан юмбэ гэж тэр үедээ булаалдаж байсан. Нэг их олны дунд найранд дуулаад байхааргүй дуу учраас хүн мэддэггүй болов уу. Хутагтын цэнхэр нутаг өгөөжөө өгсөн сайхан нутаг шүү. Өмнөговьд төрж өссөн ч, миний амьдралын нэг сайхан үе Дорноговьд оюутан байсан тэндээ гэр бүл болсон, хүү маань тэнд төрсөн, амьдрал, уран бүтээлийн хамгийн сайхан найзууд минь энэ нутаг усанд л уулзсан. Хэдхэн жил хамт ажиллаж байсан Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гэхэд л тэр нь энэ нь гэлтгүй ах дүү шиг олон жилийн анд нөхөд болсон сайхан улс байна даа. Яруу найрагт хөтөлсөн анхны багш маань Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Хандын Цэрэндорж. Багш маань одоо ч тэр нутагт сууж байна. Хүмүүс намайг Дорноговийнх гээд, Өмнөговийнхон тэрийг нь сонсохоороо бас дуртай биш, ямар сайндаа манай дүүгээс “Танай эгч чинь ер нь өөрөө Дорноговийнх гэж явдаг уу, Өмнөговийнх гэж явдаг уу” гэж асуусан гэсэн.
-Та бол 90-ээд онд монголын яруу найрагт хүч түрэн орж ирсэн цөөхөн эмэгтэй найрагчдын нэг. Яруу найргийн их өргөөнд анх хөл тавьсан тэр үе, энд хөтөлж хөглөж ирлэж хурцалсан хүн хэн бэ?
-Хамгийн ихээр хайрлаж, биширч явдаг сайхан хүмүүсийн талаар яриач?
Аав ээж хоёр Сүрэн эгчийн хамт
Би арван зургаа долоотой байхдаа номын дэлгүүрт ороод миний уншаагүй ном харагдвал их гайхаж заавал авч үздэг тэгж их уншдаг байсан. Номтой эрдэмтэй олон хүний дунд явлаа, гэхдээ л номонд тийм дуртай байсан нагац эгчийгээ одоо дандаа боддог юм. Тэгээд тэр номонд гарч байгаа хүний зовлон жаргалыг яг тэр амьдралаар нь сайхан олон талаас нь надад тайлбарлаж хэрэндээ л хоёулаа тэр номын баатруудтай зовлон жаргалыг нь хуваалцдаг, тэр нь арван хэдхэн насанд минь ямар их ухаарал, уян зөөлөн сэтгэлийг надад өгч байгаа вэ дээ гэж боддог юм.