Pages

3/11/2010

эмэгтэй яруу найрагчдын СD Англид

Эмэгтэй яруу найрагчдын СD гарлаа
Монголын эмэгтэй яруу найрагчдын СD Англид хэвлэгдлээ. Эмэгтэй яруу найрагчид өөрийн дуу хоолойгоор шүлгээ уншин, мөн англи орчуулгыг нь тэндэхийн яруу найрагч бүсгүй Руть О Коллаген уншин СD гаргасан нь сонирхолтой сайхан бүтээл болжээ. Уг яруу найрагийн цомогт Ш.Дулмаагийн “Чингисийн тамга”, “Газар шороондоо би хайртай”, Х.Сүглэгмаагийн “Нүүдэл”, “Мөн чанар”, Г.Мөнхцэцэгийн “Ижийдээ”, “Битгий урваарай миний хүү”, Ц.Оюундарийн “Тавилан”, “Мөрөөдөл” шүлгүүд орсон бол английн яруу найргч Рут О Коллагений өөрийнх нь “Тэмдэглэл”, “Үдшийн дуу” гэж шүлгийг мөн монгол, англи хэлээр оруулсан байна.

2/23/2010

Thursday, 04 November 2010 Улаанбаатар Таймс

Яруу найрагч Х.Сүглэгмаа алдарт Дэмчигийн хийддээ мөргөхөөр явжээ


Монголын яруу найргийн хөгжлийн төлөө энэ биеэ зориулж яваа цөөхөн эмэгтэйн нэг нь яруу найрагч Х.Сүглэгмаа. Жил бүрийн “Болор цом” наадамд оролцож үзэгч түмэндээ уянгалаг сайхан найргаа сонордуулж яваа тэрбээр саяхан нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Найрагт дуртай хүмүүс бол түүнийг говийн ноён
хутагт Данзанравжаагийн нутгийн найрагч гэдгийг мэдэх байх. Мөн Улаанбаатарын их сургуулийн багш гэдгийг нь ч андахгүй биз. Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч гэдгээ багш оюутнуудаа нотлоод авсан тэрбээр жил бүр нутагтаа очиж алдарт Дэмчигийн хийддээ мөргөдөг заншилтай. Монголчуудын хайр хүндлэлийг хүлээж цагтаа Монгол Улсын төрийг хүртэл түшилцэж явсан нэрт найрагч Очирбатын Дашбалбарын шавь энэ бүсгүй Дэмчигийн хийддээ мөргөж бүтэн жилийн энерги авахын сацуу амьд бурхан ижийтэйгээ уулзахаар явж буй нь энэ аж.
******************************************************

“Болор цом-2009” наадамд миний уншсан шүлгүүд
ЧУЛУУН ГЭР

Энгэр газрыг тэгшлэн засч
Эрдэнийн чулуугаар голомтоо тулна
Эрххэн хэдэн дүүгээ дагуулаад
Эвий эвий тоглож өнжинө

Хатан нарны бүслүүр дагуулж
Хаан гэрийнхээ ханыг дугуйлна
Үелээ үелээ толгодоо зүсэлж

Үүдэн хоймроо тэгшхэн голлуулна
Үйл үйлийн шаглааг бодож
Үе завсаргүй цувуулж өрнө
Үүрд амгалангийн бэлгийг бодож
Үүд хаалгаа нээлттэй барина

Зузаан нимгэн хоёр чулуугаар
Зуух тогоогоо эхэлж тулна
Хормойлсон чулуунаасаа тэгшийг нь харж
Хоймрын авдраа дараа нь тавина

Ижил ижилхэн хоёр чулуугаар
Ижий аавынхаа орыг зална
Идээ цагаа арвиныг ерөөж
Илүүхэн өндрөөр нь эрэгнэгээ тулна

Будаа чихэр өнгөөр алаглуулж
Бурхан тахилаа ёсоор өрнө
Бузгай айлын нүнжиг зааж
Буусан гийчинд идээ тавина

Уул уулынхаа чулуунаас түүсэн юм
Улаан голдууг нь үхэр сүрэг гэнэ
Цаад наад голоосоо авсан юм
Цагаан голдууг нь хонин сүрэг гэнэ

Оргил оргилынхоо өндрөөс нь түүсэн юм
Овоо товирууг нь адуун сүрэг гэнэ
Ойр хол говиосоо цуглуулсан юм
Олон тоотойг нь тэмээн сүрэг гэнэ

Зүг зүгийн толгодоос ирсэн юм
Зүс алагийг нь ямаан сүрэг гэнэ
Зүг бүртээ малаа бэлчээнэ
Зүс ижилсүүлж сүргээ багшруулна

Хотгор гүдгэрээ дагуулж
Хороо бууц бүгдийг нь засна
Хормой хормой чулуунаас бүтсэн
Хот айл ингэж босно

Хаан тэнгэрт мөрлүүлж боссон
Тоонотой билээ энэ айл
Хатан дэлхийд шийрлүүлж тулсан
Тотготой билээ энэ айл
Дөрвөн зүг найман зовхист
Ханаа дугуйлсан их Монголын
Дөрөөн чимээтэй уяан дээр нь
Дэлхий ирж амс хийдэг

2009-07-25

ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ

Алагхан хоёр нүдээрээ гар дагуулж
Арван төгрөг өгөөч гэх юм
Алган дээр чинь гаргаад тавих
Аравт тавт нь алгаа дүү минь
Аялгуут сайхан дууны чинь хариуд
Амьдрал сайхаан гэх итгэлээ өгье

Улаан нүүртэй болгоныг царайчилж
Ундны мөнгө өгөөч гэх юм
Уралдаад уралдаад чам руу сарвайх
Урд хойд нь алгаа дүү минь
Уянгатай сайхан дууны чинь хариуд
Уулын орой харах ухаанаа чамд өгье

Гутамшиг, эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан
Гутрах юу байх вэ миний дүү
Гудамж талбай энэ олны дунд
Гуйх нүүртэй нь харин чи л үлдэж
Бусдын сайн сайхан бүхнийг
Булаагаад хэдийнэ сурчихсан наадуул чинь
Булингарт энэ олны урсгалд
Буян гуйдаг нь чи л үлдэж

Ойворгон дэвэргэн тонуулчдын дунд
Овоо доо миний дүү, чи гуйхын сэтгэлтэй үлдэж
Орчлонд чамаас баян хүнийг
Одоо харин би олохгүй нь байна шүү

Болжморын даль шиг хөөрхөн алган дээр чинь
Борог зүрэгхэн эх орон минь багтдаг юм
Боодолтой чихэр бор таван төгрөг аль нь ч хэрэггүй ээ
Болно доо гэх сэтгэлээ үлдээе, буян хураг ээ
2009-12-03

2/22/2010

ӨДРИЙН СОНИН 2010.02.10 №033 /3423/

УРАН БҮТЭЭЛЧ


Х.СҮГЛЭГМАА: БИДНИЙГ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРЭХИЙГ БАГШ МИНЬ ҮЗСЭНГҮЙ ДЭЭ


Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор яруу найрагч Хургаагийн Сүглэгмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр «Очирбатын Дашбалбар» судалгааны бүтээлээрээ 2009 онд судлал шүүмжийн төрөлд “Алтан-Өд” гардсан байна.
-Таныг их азтай хүн гэж боддог. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, хэл шинжлэлийн ухааны манайдаа л толгой эрдэмтэн Л.Хүрэлбаатар нарыг “багшаа” гэж дуудах эрх танд оногдсон.
-Олон хүнд оногдсон л доо. Төвдөч Л.Хүрэлбаатар багш бол миний оюутан цагаас эрдмийн ажилд хөтөлсөн багш маань юм. Бүр бакалаврын магистрын, дараа нь докторын ажлыг маань удирдсан. Одоо ч байнга л багшаасаа зүүгдээстэй. Их мөрний хаялга гэдэг шиг их номын хүний нөмөр нөөлөг, эрдэм ухаанаас хүртэнэ гэдэг цаанаа их буян байх аа. Өвөг дээдэс минь номонд муугүй байсан гэдэг юм. Тэдний маань буян байх. Дандаа сайн багш нартай байсан. Дашбалбар багш бидэнд Дэлхийн уран зохиол, яруу найргийн задлан шинжлэл ордог байсан юм. Гайхамшигтай, зүгээр л тэр хүний юуг үзэн ядаж, юуг гайхан биширч, яаж асаж мандаж, яаж гуниглаж шархдаж, яаж омогшин бардамнаж байхыг харна гэдэг л аугаа ихийн номлол байсан гэж болно. Бусад нь хамаагүй. Тийм хувь тавилан монголын даанч цөөхөн яруу найрагчдад оногдсон.
-Таны анхны ном “Орхиж боломгүй 20 нас”. Харин дараа нь “Буйд газрын шүлгүүд” гарч утга зохиолын хүрээнд нэлээдгүй шуугиан тарьсан санагдана?
-Би их олон ном гаргахгүй гэж боддог юм. Харин гаргасан ном болгон маань хаврын шинэхэн ногооны агь ханхалсан тал шиг шинэ содон, бас давтагдахгүй мөн чанартай байгаасай гэж боддог юм. Одоо чинь монголын яруу найрагт үнэлэмжийн их өөр эрин цаг үе ирж байна. Нэг үе дуулиан шуугиан, нижигнэсэн алга ташилттай тийм сэтгэлийн яруу найраг орж ирж байсан бол одоо харин харьцангуй сонгодог, сэтгэлгээний яруу найргийг үнэлэх, уншиж, бодож ухаарах болжээ. Энэ утгаараа миний “Буйд газрын шүлгүүд” цагаа олсон “үнэтэй” ном болсон юм шиг байна. Олон яруу найрагч анд нөхөд минь, багш нар, мэргэжлийн хүрээнийхэн ингэж дуугарсан. Яруу найрагчдад л олддог энэ баярыг талийгаач багш минь хуваалцсан бол, биднийг ингэж эрийн цээнд хүрэхийг харсан бол гэж бодоод жаахан гунигтай л байдаг юм.
-Хүн бүр л ном гаргаж, шүлгээрээ CD хийж эхэллээ. Үндсэндээ утга зохиол зах зээлийн бараа бүтээгдэхүүн болоод эхэллээ. Та бас гар хумхиад зүгээр суугаагүй биз дээ?

-Олныг дагаж хөөрөөд яахав, бодож хийж байгаа юм байнаа. Монголын сонгодог аялгуугаар чимэглэсэн дан яруу найргийн CD хийнэ. Энэ чинь хэрэглээ болоод байна. Урдаар мэргэжлийнхээ дагуу эртний судлалаар цуврал ном гаргах гээд эхний 2 дэвтрээ гаргаад байна. 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” гэдэг 2 ном гаргалаа. Одоо энэ “үг” зохиолын төрөл зүйлийн төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан гол төлөөлөгчдийн бүтээлээр нэг боть гаргахаар оролдож сууна.
-Өнөөдөр Монголын нэрт найрагч Очирбатын Дашбалбар агсны хорвоод мэндэлсэн өдөр. Багштайгаа өнгөрүүлсэн дурсамж, тэр хүний тухай бодох ахуйд төрдөг нандин мэдрэмж юу бол?
-Намар болохоор л нэг жаахан гунигтай санагдаад байдаг юм. Багш маань намарт их дуртай байсан. Намрыг гайхамшигтай мэдэрдэг байсан. Нацагдоржийн тухай, нарны тухай, намрын тухай их гоё холбож бичсэн байдаг юм. Түүний ертөнцийг танин мэдэх тэр цаг хугацааны эрэл хайгуул нь намар байсан шиг санагддаг юм. Бичиж, дуулж, уншиж, уйтгарлаж, сэрж мэдэрч байсан тэр л намартаа, нэг өглөө л өөрөө явчихсан байсан. Дандаа яагаад буцаж байгаа цаг хугацааг тэгж их мэдэрдэг, хайрладаг байгаа вэ Хачин юм шүү. Энэ жил багш маань байсан бол 53 нас хүрэх байлаа. Бидний хэдэн нөхөд нийлээд багшийнхаа дурсгалд зориулж нилээд зүйл хийхээр төлөвлөсөн байгаа, хийж бүтээсэн зүйл ч байна. Олон л хүн багшийн минь тухай сайн муугаар мэдэх мэдэхгүй юм бичих юм, харин яг өөрийнх нь гарын шавь нар чимээгүй л байгаад байсан. Тэгээд өнгөрсөн жил миний бие «Очирбатын Дашбалбар» судалгааны номоо олны хүртээл болгосон. Он жил улирах тусам улам ойр санагддаг. Ч.Дагвадорж багш, Ш.Сүрэнжав гуай 2 багшийн маань их дотны анд нөхөд. Тэр хоёр миний “Буйд газрын шүлгүүд” номонд орсон зарим шүлгийг хараад “Сонин юм, хүн чинь багшийнхаа дэргэд байхад л багштайгаа их адил төстэй зүйл бичдэг. Сүглэг чинь багшаасаа холдох тусам зарим юм нь яасан их нөлөөлж байнаа“ гэж хэлж байв.



-Та багшийнхаа тухай судалгааны бүтээлээрээ өнгөрсөн оны “Алтан –Өд” шагналыг судлал шүүмжийн салбарт хүртсэн. Энэ тухайгаа сонирхуулаач.
-Багшийгаа бурхан болсноос хойш ер нь бол 1999 оноос л багштайгаа холбоотой бүх материалыг эрж цуглуулж жижигхэн сонины мэдээ ч байсан хайчилж авч байлаа. Нутаг орноор нь очиж олон сайхан хүмүүсийн аман хууч, бага залуу насных нь, өвөг дээдсийх нь тухай сурвалжилж хайсан зүйл ч бий. Өвөг эцэг, эмэг эхийнхээ талаас Дарьгангын том лам нарын удам хойч юм билээ. Аавдаа, гэргийдээ бичиж байсан, мөн анд нөхдөөс нь ирсэн захидлууд, өдрийн тэмдэглэл, АИХ, УИХ-ын чуулган дээр хэлж байсан үгнүүд, эх орон тусгаар тогтнол энэ монгол газар шорооны төлөө бичиж ярьж байсан сонин хэвлэл, радио телевизийн яриа, нас барахад нь төрийн нэрийн өмнөөс гаргадаг эмнэлгийн комиссын дүгнэлт нь хүртэл бүрэн эхээрээ байгаа. Одоо энэ номонд орсон Егүзэр хутагт Бодоо хоёрын хоорондоо харьцаж байсан захидал л гэхэд түүхийн баримт болж үлдлээ шүү дээ. Ялангуяа 1990 ээд оноос хойшхи нийгэм улс төрийн амьдрал бол энэ хүмүүсийн ярьж хэлж итгүүлэх гээд байгаагаас жаахан өөр өнгөөр харагдах байх аа.
Багшийнхаа тухай бичсэн номоор “Алтан-Өд-2009” наадмын судлал шүүмжийн төрөлд тэргүүллээ. Сайхан байна. Судалгааны ажил гэдэг бол чөмгөө дундартал суудаг ажил, судалгааны ажил гэдэг бол зүүгээр агуй малтахтай адил шүү гэж эрдэмтэн профессор Л.Хүрэлбаатар багш маань дандаа хэлдэг юм. Яруу найргийн олон сайхан наадмаас шагнал хүртэж байсан. Гэхдээ судалгааны номоороо шагнал авах бол их өөр нэг л гоё. Хүнд ярьж чадамгүй баяр хөөр урам зоригтой байдаг юм байна. Өмнө нь “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл” номоороо “Алтан-Өд- 2005”-аас гуравдугаар байрын шагнал хүртэж байсан.
-Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийнхаа тухай ярихгүй юу. Үнэхээр агуу эрдэмтэн дээ?
-Багшийнхаа ямар эрдэмтнийг би үнэлэхгүй ээ. Энэ чинь дэлхийд үнэлэгдсэн хүн. Харин багшийнхаа эрдмийн хүний ёс жудаг, хатуужил тэвчээр, чигч шударгуу, хөдөлмөрч зан, номонд сүслэх чин сэтгэл, гагц номын ёсоор биш ухааны энгээр номын үүднээс ертөнцийн явдал ёсонд хандах тэр эрхэм чанарыг л өвлөх хэрэгтэй. Сая Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургуульд лекц уншихад нэртэй том эрдэмтэн “Хүү минь хэний шавь вэ?” гэхэд би нилээн айж “Л.Хүрэлбаатарын шавь аа” гэсэн. Тэр хүн надад биш багшид минь гүн талархал илэрхийлж, их бишрэлтэй хандаж байлаа. Үнэхээр миний багш бол Дэлхийн монгол судлалд гарын 10 хуруунд багтах цөөн эрдэмтний нэг гэж үнэлэгддэг.
-Говьд төрж өссөн хүний бага нас их л тунгалаг байдаг шиг санагддаг?
- Багадаа тэмээ унаж, тэмээ хариулж өссөн. Биднийг багад манайхан чинь нэгдлийн олон тэмээ хариулна. Тэр үед одоог бодвол манай нутагт тэмээ олон байж дээ. Айл айлын гадаа л багширтал хураачихсан, өглөө орой нүүгэлтэж байдагсан. Хаврын амралтаар хээлтэй ингэнд явна, зун бол бүтэн, өдөр өдөрт ээлжлээд л ах эгч нарыг дагаад сувай тэмээнд явна. Өглөө нарнаар гараад л орой нарнаар ирнэ. Тэр үед зун ч сайхан болдог байсан юмуу, зунжин нууранд тэмээгээ услаад л хариулдаг байсан. Би малд муу, гэр дотроо бол нилээн цагаан гартай хүүхэд байсан. Агаагийн /манай нутагт аавыгаа агаа гэдэг юм/ эрх охин, ар өвөрт нь наалдаад л. Агаагийнхаа өвөр дээр дээлэн дотор нь ороод л дэлгээтэй үүдээр, орж байгаа бороо харж суух гоё байдагсан. Агаа дүнсэн тамхиа бүдүүн гэгч нь ороогоод л зай чөлөөгүй татна. Өнөө тамхиныхаа үнсийг миний толгой дээрээс унагаад л хярвас ханхлуулах бол энүүхэнд, тэгэхээр ээж “хүүе наад тамхиа, хүүхдийн толгой хярваслачихлаа” гээд л бөөн юм болох, ямар ч аз жаргалтай байсан юм бэ дээ.
Хөдөөний ажил мундах биш, гэрт гадаа их бага ажил тасрахгүй, тэг ингэ гээд л хүүхэд л болсон хойно намайг зарах хүн мундахгүй шүү дээ. Тэгэхээр агаа “миний муу охиныг хөдөлгөхгүй л бол танай ажил бүтэхгүй нь үү” гээд л миний өмнөөс уцаарлаж суудагсан. Нэг гоё юм нь намайг багад хамгийн ховор бараа бол 22-ын торго гэж дугуй хээтэй торго, бүсний бажгар дурдан. Ийм ховор барааг ирхээр нь агент Хад гуай айл айлд дэс дараагаар нь хуваарилаад ховор бараа дагуулж ном өгнө. Агаа айлд ховор бараа дагуулж өгсөн номыг цуглуулж намайг номонд дуртай болгосон юм даг.
-Өмнийн говийнхон уянгын халилтай, дандаа шүлэглэж ярьдаг цэцэн цэлмэг хүмүүс шиг гэдэг?
-Тийм байх шүү. Хэрэлдэхдээ хүртэл “гуягүй байж туг ширээ”, “тэнэг нь тэмээнээрээ бэлчих шахсан” гэж ирээд л авч өгнө. Миний эмээ л гэхэд гайхамшигтай ой ухаантай хүн байлаа. Тэр эрт цагт хүний ярьсан үлгэр домгийг гэхэд асгартал шүлэглээд л яруу сайхан ярина. Харин нэг онцлог нь огт он сар мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй тэр нь ч их урт наслахад нь нөлөөлсөн юм шиг санагддаг. 85 хүрч бурхан болсон. Тэгээд эмээ минь ерөөсөө л бараг бүх зүйлийг Цэдэнбалыг цэрэгт явдаг жил, Тогоохүүг Оросоос ирдэг хавар, Дамдинсүрэнг айл болдог жил /хүүхдүүдийнх нь нэр / гэх мэтчилэн ярина. Тэр нь маш гоё. Нэг удаа намайг амраад очсон чинь эмээ их л аминчлан ”Энэ Итгэлт ерөөсөө нөхөрт гарахгүй хүн юм” гэж байна. Итгэлт гэдэг нь миний үеэл дүү. “Итгэлт чинь одоо хэдтэй болж байгаа билээ” гэсэн ”хэн мэдэхэв золиг, дөч хүрч байгаа байх аа“ л гэж байна. Миний инээд хүрээд тэр чинь миний дүү юм чинь тэгэхэд хорь л гарч байсан байх. Яасан гэхээр өвөл зунгүй эмээгийн дэргэд байнга харагдаж байдаг хүн бол Итгэлт. Бусад нь сургууль соёл гээд л байнга нааш цаашаа ирж очино. Итгэлт л дэргэд нь байдаг болохоор эмээд их олон жил өнгөрсөн юм шиг санагдсан хэрэг.
-Танай нутгаас чинь утга зохиолын хүмүүс хэр олон төрсөн билээ дээ. Нэг их олон хүн төрөөгүй санагдана. Яагаад тэр вэ?
Ноён хутагтыг амьд сэрүүнээр нь харж, дууг нь дуулж, шүлгээр нь амьсгалж тэр чинээгээр орчлонг хэмжиж ирсэн Мэргэн вангийн хошууныханд тоогдож яруу найрагч гэж гарч иртэл ч өдий. Тэрнээс бэнчин дутна уу гэхээс билэг дутахгүй. Шадавын Ёнхор, Эрэнжидийн Хархүү гээд гадуураа өнгө муутай цаастай хэр нь амт нь араанаас гардаггүй чихэр шиг мартахын аргагүй сайхан найрагчид бий.
-Өөрөө Өмнөговийнх хэрнээ Равжаа хутагтын нутагтай амьдралаа холбосон байх аа?
Миний төрсөн нутаг Галбын говь, галбын хөх уулс чинь тэр чигээрээ Ноён гэгээний нутаг. Хутагтын байгуулсан 3 хийд байдаг. Тэр сайхан нутгийн адистэд оршсон шороо чулуугаар тоглож өснө гэдэг баргийн хүнд оноогдсон хувь биш шүү. Арван зургаан насандаа оюутан болоод Дорноговийн Анагаахын коллежид 4 жил сурсан. Энэ бол миний амьдралын чухал үе байсан гэж санадаг. Шүлэг бичиж, үеийн найрагчидтай дарвиж, хол ойр явж, хамгийн гол нь номын мөр хөөхөд эргэлт буцалтгүй орсон, олон сайхан багштайгаа золгосон билэгтэй газар байгаа юм. Утга уран зохиолын олон тэмцээн наадамд Дорноговиос ирж оролцдог байснаар нь ч юмуу одоо болтол хүмүүс Өмнөговийн гэхээсээ Дорноговийн гэдэг.
-А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг та хэд нэг үеийнх. Утга зохиолынхны хэлдгээр 90-ээд оныхон?
Одоо бодоход их гоё санагддаг юм. 1992 оны “Найргийн даага”-д А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг бид хэд Дорноговиосоо, Завханаас Бавуу, Б.Баттулга, Архангайгаас Б.Баярсайхан, Дорнодоос Б.Бат-Орших, Сэлэнгээс Амраа гээд л манай 90-ээд оныхны хамгийн олуулаа цугласан том наадам болсон юм. Х.Чилаажав их гоё дотогшоо, уянгын гэгээн шүлгүүдээ уншин тэр жилийн наадамд түрүүлж, олны анхааралд өртсөн. Манай Нэргүйн Амаржаргал ямар гоё охин байсан гэж санана. Эрчүүд байтугай эмэгтэй хүн биширмээр сайхан хар гэзэгтэй, нарийхан цагаан охин анх ирж бидний олон жилийн анд нөхрийн үерхэл эхэлсэн дээ. Дараа хавар нь Ичинхорлоо, Батрэгзэдмаа, Пагма, Баярсайхан Баттулга нар манай Дорноговьд очиж тэр цагаас л бид нэг нэгнээ зөвхөн шүлэг зохиолоор нь мэдэх биш, зовлон жаргал баяр гунигаа хуваалцсан уран бүтээлч найз нөхөд болж нэг нэгнээ үгүйлэн санахын баяр гуниг ухаарлыг олсон.

Ярилцсан: Н.Гантулга

1/11/2010

Алтан-Өд 2009

«Очирбатын Дашбалбар» номоороо
"Алтан -Өд"-ийн эзэн боллоо

«Алтан-өд» утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах наадмын ёслолын ажиллагаа 2010 оны 01 сарын 09 нд болж, утга зохиолын нийт 10 төрлөөр шилдгүүдээ зарлалаа. Утга зохиол судлал шүүмжийн төрөлд Д.Өлзийбаярын “Ч.Билэгсайхан”, Д.Оюунбадрахын “Монголын хүүхдийн уран зохиол -2” Х.Сүглэгмаагийн “Очирбатын Дашбалбар”, П.Батхуягийн “Стандарт бус шалтгаан”, Н.Энхтөрийн “Монголын зохиолчдын эвлэлийн ардчилал буюу утга зохиолын судлал шүүмжлэл” “Нийгмийн гэгээрэл ба утга зохиолын шинжлэл” зэрэг номууд шилдэг 5 бүтээлд үлдэж өрсөлдсөнөөс, яруу найрагч Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаа «Очирбатын Дашбалбар» номоороо тэргүүн байр эзэлж «Алтан-Өд»-ийн эзэн боллоо. 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадмын Утга зохиол судлал шүүмжийн төрөлд анх удаа эмэгтэй судлагч ийнхүү өөрийн бүтээлээрээ шалгарч, хөтлөгчийн өгүүлснээр утга зохиолын хамгийн хүнд гэгдэх энэхүү төрлийн тэргүүн шагналыг МУ-ын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар гардуулж өгсөн юм. Мөн энэ наадмын оны шилдгүүдээс Хүүхдийн уран зохиолын төрлөөр О.Сундуй, жүжиг киноны бүтээлээр Б.Батрэгзэдмаа нар тус бүр хоёр дахь удаагаа "Алтан-Өд"-ийн эзнээр тодорч байгаа юм байна.

Г.Алтан

"Өдрийн сонин" Даваа, 1-р сар 11 , 2010


“Алтан-Өд”-ийн эзэд тодорлоо
                     Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан-Өд"-2009 наадам зохиолчдын эвлэлийн 81 жилийн ойн өдөр буюу энэ сарын есөнд болж өнгөрлөө. "Алтан-Өд"-2009 наадмын үеэр МЗЭ-ийн болон Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудад шагналыг нь гардуулсан юм. Зохиолчдын эвлэлийн шагналаар жүжгийн зохиолч У.Шигүүрэг, Б.Галаарид, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нар шаг­нагдсан бол залуу яруу найрагчийн шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг "Өдрийн сонин"-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, яруу найрагч Норовын Гантулга хүртсэн.

Тэрээр "Дотоод орон зайн урсгал" яруу найргийн номоороо энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.  

Сонирхуулахад, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 1964 онд анх бий болгож Бэгзийн Явуухулан нарын гурван хүний бүтээлд олгосон байдаг. Харин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1991 оноос анх залуу яруу найрагчийн шилдэг бүтээлд олгох болжээ. Ж.Болд-Эрдэнэ, Ц.Хулан, Ц.Бавуудорж, Л.Хасар, Л.Ганзул, Л.Моломжамц, Б.Золбаяр нарын зохиолчид шилдэг бүтээлээрээ хүртсэн байдаг. Ингээд уншигч олондоо "Алтан-Өд"-2009 наадмын шилдгийн шилд­гээр тодорсон бүтээлүүдийг зохиолчийн хамт толилуулж байна.

1. Хүүхдийн зохиол 

             Оюунбадамын Сундуй-"Хүүхэлдэйн чинээ ээж" 

2. Шүүмж судлал

            Хургаагийн Сүглэгмаа-"Очирбатын Дашбалбар"

3. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл

            Дамдины Жамьян-"Чорос"

4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл 

           Халтарын Болд-Эрдэнэ "Би, бид хоёр"

5. Яруу найргийн томоохон хэмжээний бүтээл

         Намсрайжавын Батжаргал-"Зүр хонгор аялгуу"

6. Яруу найргийн богино хэмжээний бүтээл

         Цэвлээгийн Отгонжаргал-"Муруй дүрс"

7. Орчуулга

         Ононгийн Чинбаяр-"Үлисс"

8. Жүжиг, киноны зохиол

         Баяртогтохын Батрэгзэдмаа-"Тэнгэрийн ивээл"

9. Дууны шүлэг

        Дарамын Баяр-"Хайрын орчлон"10.Шүүмж судлал

10. Шог хошин болон зөгнөлт зохиол

Шагдайн Цэнд-Аюуш-"Дэлхийгээс урвагч"

“Болор цом-2010”-ын эхний шатны шалгаруулалтын дүн гарлаа

  Энэ сарын 8-нд “Аса” циркт болох “Болор цом” наадмын эхний шатны шалгаруулалтын дүн өнөөдөр гарлаа.
Тус наадамд хот хөдөөгийн нийлсэн 120 гаруй яруу найрагч өрсөлдөж
соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар,
З.Дорж,
О.Цэнд-Аюуш,
Х.Сүглэгмаа,
М.Билэгсайхан,
М.Билэгсайхан,
Т.Зөнбилэг,
Б.Мягмаржав,
О.Нандинцэцэг,
Д.Одгэрэл,
Дү.Отгонбаяр,
Д.Оюундэлгэр,
Б.Сарантуяа,
Ц.Эрдэнэбаатар,
Д.Энхболдбаатар нарын 30 яруу найрагч сүүлийн шатанд шалгарсан байна.
 Түүнчлэн “Болор цом”-ыг зохион байгуулагчид шагналын санг нэмсэн байна. Мөн өнгөрсөн жилүүдийн “Болор цом”-ын эзэд өөрсдийн яруу найргаасаа дээжлэн өргөх гэнэ.

“Зууны мэдээ” 2010.01.04

“АЛТАН-ӨД 2009” НААДМЫН ЭХНИЙ ШАЛГАРУУЛАЛТАД ҮЛДСЭН БҮТЭЭЛҮҮД

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадамд 130 гаруй бүтээл ирүүлснээс эхний шатны шалгаруулалтын дүн гарчээ. Эдгээр бүтээлүүдийг МЗЭ-ийн яруу найраг, хүүхдийн зохиол, хүүрнэл зохиол, шүүмж судлал, орчуулга, шог хошин зохиол, жүжиг киноны төвүүд шүүн хэлэлцээд эцсийн шалгаруулалтад үлдээжээ. “Алтан-Өд” наадам нэгдүгээр сарын 9-нд болох бөгөөд МЗЭ-ийн 81 жилийн ойтой хамтатган тэмдэглэх юм байна.

1) Хүүхдийн зохиол

Бат.Лхагвасүрэн “Цагийн золиос буюу Ариуханцэцэгт тохиолдсон явдал”
Д.Сүрэнжав “Зүггүй дамшиг”
Д.Давааням “Бурантагтай уул”
Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном”
О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж”
2) Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
Д.Жамъян “Чорос”
С.Пүрэв “Хүн сүүдэр”
Шаг.Цэнд-Аюуш “Дэлхийгээс урвагч”
С.Лочин “Нүглийн далайд зугаацахаар одсон ч”
Бат.Лхагвасүрэн “Сэлүүн орчлонгийн сиймхийд”

3) Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
Ц.Мухар “Илжиг унасан Ãаваа”
Г.Болормаа “Сэрүүн зүүдний амраг”
Б.Баярсайхан “Өлөгчин”
Х.Болор-Эрдэнэ “Би, Бид хоёр”
Д.Батбаяр “Чамд аз жаргал хүсье”

4) Яруу найргийн томоохон хэмжээний бүтээл
Ш.Дулмаа “Бүтээлийн боть /1-3/
Т.Галсан “Амь сүнс хэмээх авсаархан Хосмолжин”
Н.Батжаргал “Зүр хонгор аялгуу”

5) Яруу найргийн богино хэмжээний бүтээл
Ц.Отгонжаргал “Муруй дүрс”
П.Нямлхагва “Алтан хагсуурга”
Л.Дашням “Зуны цас”
Л.Батцэнгэл “Өр зүрхний хавар”
Д.Мөнхтөр “Хамаг залуу нас”
Б.Хүрэлтогоо “Үл осолдохын хязгаар луу....”
П.Майнбаяр “Бясалгагч мөчир”
М.Уянсүх “Эргэлдэн унах навчис мэт сая жилийн хураангуй...”

6) Орчуулга
А.Баасандорж “Согтуу хөлөг онгоц”
О.Жаргалсайхан “Гэнжийн туульс /Япон/
Ж.Нэргүй “С.Есенин”
О.Чинбаяр “Үлисс”
Д.Ганболд “Энэ ингэж явсаар”

7) Жүжиг киноны зохиол
Б.Галаарид “Шар тэнгисиéн тарчлаан”
Б.Батрэгзэдмаа “Тэнгэрийн ивээл” кино

8) Шүүмж судлал
Д.Өлзийбаяр “Ч.Билэгсайхан”
Д.Оюунбадрах “Монголын хүүхдийн уран зохиол -2”
П.Батхуяг “Стандарт бус шалтгаан”
Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар”
Н.Энхтөр “Монголын зохиолчдын эвлэлийн ардчилал буюу утга зохиолын судлал шүүмжлэл”
“Нийгмийн гэгээрэл ба утга зохиолын шинжлэл”

9) Дууны шүлэг
Д.Ган-Очир “Хайрлах хүсэл”
Ц.Эрдэнэбаатар “Дэлхийн зулай” “Би-Монгол” ”Халуухан байна уу” “Шүтээн үр”
А.Лхагваа “Нүүдэлчдийн нутаг” “Ижийтэй хорвоо”
Д.Баяр “Хайрын орчлон” “Ханийн заяа” “Чамайгаа л дуулъя даа” Алтан Хөхий уул”
Х.Болор-Эрдэнэ “Ээждээ би хайртай” “Охин минь битгий уйл”

10) Шог Хошин болон зөгнөлт зохиол
Д.Мянганзам “Алаг инээмсэглэл ба Баарайн паян”
Н.Даваадаш “Нүгэл судлалын лекц”
Ж.Пүрэв “Гэрэл сүүдэртэй хорвоо”
М.Гүрсэд “Чулуун хүн”
Ши.Цэнд-Аюуш “Охь үгс”

1/05/2010

«U.K magazine circuit» сэтгүүл

Английн «U.K magazine circuit» сэтгүүлд яруу найрагч Х.Сүглэгмаатай английн нэрт яруу найрагч Рут О Каллагений хийсэн ярилцлагыг монгол хэлээр хүргэж байна.
Х.Сүглэгмаа: НАДАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ
ЗҮЙЛ БОЛ ӨӨРИЙН ЗӨН СОВИН

-Та өөрийнхөө төрсөн газар ус, боловсрол зэргийн талаар уншигчдад товч танилцуулна уу?
-Өөрийнхөө тухай товч танилцуулахад би 1970 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. 1986 онд дунд сургууль 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол судлалын сургууль тус тус төгссөн, монгол хэл уран зохиол судлаач багш мэргэжилтэй. 1999 онд “Хуульч Сандагийн зохиолуудын эх бичгийн судалгаа” сэдвээр ” Монгол Улсын Их сургуульд магистрын зэрэг, 2004 онд “Монголын уран зохиол дахь үг зохиолын төрөл зүйл” сэдвээр Хэлбичгийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан. Миний төрсөн газрын тухайд бол Монголын хамгийн өмнөд зах хязгаар буюу алдарт Галбын говьд төрсөн. Өмнөх эринд их галав юүлэхэд устсан динозавр үлэг гүрвэлийн өлгий, бидний энэ эрин зуунд бол монголын их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг. Өөрөөр хэлбэл байгалийн сонин хачин тогтоц, оршин тогтнохын өөвөрмөц их нууцыг хөрсөн дээрээ ч, хөрсөн доороо ч хадгалсан их увьдаст газар шороо юмаа.
-Барууныхан Чингис хаанаар Монголыг төсөөлдөг. XIII зуунаас түүний ямар нөлөө улс оронд зонхилж байна вэ?
-Чингис хаан бол дэлхийн хүн. Тэгэхээр Чингис хаанаар Монголыг байтугай, энэ соёлт хүн төрөлхтөнд төрт улсын тогтолцоо хэрхэн хөгжиж байсныг харж болох эрт цагийн их түүх ч ямагт түүний намтар түүхтэй холбогдон яригдаж байгаа юм. Энэ бол зөвхөн дэлхийн талыг байлдан дагуулсан хааны түүх төдий биш, Монголын газар нутгаас Ази Европын орнуудыг өөртөө нэгтгэсэн их эзэнт гүрний түүх, Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг Ази Европын суурин соёл иргэншил рүү түгээн дэлгэрүүлсэн соёл иргэншлийн их өөрчлөлт хувьслаар дэлхийг донсолгосон суут хүмүүний түүх гэж би бодож байна.
-300 жил үргэлжилсэн Чин гүрний XVII зууны үеийн ноёрхол Чингисийн төрийн уламжлалтай зөрчилдөж байсан. Энэ талаар өөрийн бодлоо хэлнэ үү?
-Манж Чин улсын төрийн эрхшээлд монголчууд 200 жил байсан нь үнэн. Төрийн болоод соёл тргэншлийн өөрийн арвин их эртний уламжлалтай орныг тухайн цаг үеийн хууль цаазаар эрхшээлдээ оруулсан байж болох юм. Гэвч монгол хүний сэтгэлгээний, соёл иргэншилийн уламжлал ямар ч хар хүчийг даван гарч чаддаг, хэдийд ч өөрийнхөөрөө монголоороо үлдэж чаддаг гэдгийг харуулж өнөөдөр Монгол хүн, Монголын их гүрэн, Монголын их соёл иргэншил дэлхий дээр үлдэж чадсан байгааг бид харж байна шүү дээ.
-1911 онд Чин гүрэн нуран унаж удалгүй Зөвлөлтийн нөлөөгөөр тусгаар тогтнолоо олж, Зөвлөлтийн улс төрийн загварыг дагах болсон. Төвдийн Буддын шашны нөлөө, өмнөх соёлын нөлөө байсан уу эсвэл зөвхөн Зөвлөлтийн нөлөөг дангаар тулгаж байсан уу? Энэ нь таны боловсролд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Монгол бол Дэлхийн улс төрийн хоёр том хүчний завсарт оршдог орон. Энэ утгаараа хөрш орнуудын улс төрийн, эдийн засгийн хараат байдал аль ч цагт байсан. Одоо ч зарим зүйлийг өөрчилж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь тэр цаг үеийн түр зуурын л асуудал байдаг. Хэзээ ч монгол үндэсний уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягийг өөрчилж чаддаггүй. Би монгол газар нутаг дээрээ, монголын өнө мөнхийн хөх тэнгэр дороо, монголын их хаадын уламжлалт хууль цаазаа дагаж, монгол гэртээ, монгол эх эцгээс төрж өссөн тул надад бусдын соёл иргэншилээс юу хэрэг болох билээ дээ. Энэ төрөлх чанар дээрээ би Монголынхоо их сургуулиудад монгол судлалаараа мэргэжсэн нь миний үндэсний мөн чанарт нөлөөлсөн. Бид түүхийн хамгийн хүнд хэцүү цагаа туулчихсан, одоо монгол хүний ухаанаар бол бид овоон дээрээ гараад ирчихсэн улс. Бид өөрийнхөө монгол үндэсний хэл, соёл иргэншлээ алдаагүй энэ цагт хүрээд ирлээ, одоо үүгээрээ дамжуулаад дэлхийн бусад соёлт гүрний орчин цагийн дэвшилтэт зүйлээс авахаа авч, шинжлэх ухаан технологийн эрин зуунд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах суурь хөрөнгөтэй улс гүрэн.
-ЗХУ задран, 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Монголд олон намын системийг хүлээн зөвшөөрсөн. 1990 оноос хойш таны амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
-Мэдээж бидний унадаг машин, үздэг кино, сонсдог хөгжим, магадгүй өмсдөг хувцас их баруунжсан, сэтгэлгээний хувьд чөлөөтэй болсон, ямар нэгэн улс төрийн үзэл суртлаас ангид болсон гээд олон дэвшилтэт талууд бий. Монгол үндэсний шашин соёлын их уламжлал ч хуучнаараа сэргэн хөгжих боломжтой болсон. Бид хийж байгаа ажил албан тушаалаасаа шалтгаалахгүй, түүнд харшлахгүйгээр бурхан шашнаа шүтэх, хуучин уламжлалт сүм дуганаа сэргээх, монгол үндэсний уламжлалт ёс заншил хуучин утгаараа сэргэсэн гээд олон сайхан дэвшилт байна. Мэдээж амьдрал л юм болохоор сөрөг зүйл ч анзаарагдаж л байдаг.
-Уран бүтээлчид ялангуяа зохиолчдыг Монголд хэрхэн үнэлдэг вэ? Улсаас харж үздэг үү? Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг адил үнэлдэг үү? Энэ байдал 1990 оноос хойш өөрчлөгдсөн вэ?
-Ер нь аль ч нийгэм цаг үед зохиолч уран бүтээлчид бол тэргүүн эгнээнд явдаг. Энэ утгаараа хуучин социализмын үед ч зохиолчдыг төрөөс ихэд анхаардаг, дотоод гадаадын мэргэжлийн сургуульд явуулдаг, зохиолчдын байгууллага улс орондоо нөлөө бүхий эрх мэдэлтэй, зохиолчдын уран бүтээлийн үнэлгээ өндөр тул амьдралын боломж сайтай байсан. Гэхдээ үзэл суртал гэж юмаар тэдний зохиол бүтээлийн чөлөөт байдал нь хаалттай байсан тул нэгэнт ухааныхаа охийг ил гаргаж чадахгүй байгаа хүнд тэр бүх амьдралын боломж юу ч биш л байхгүй юу. Хичнээн тав тухтай боломжтой сайхан амьдарлаа ч хүсэнээрээ бүтээж туурвиж чадахгүй байна гэдэг бол аймшигт ял гамшиг, сүйрэл байж болох. Ийм учраас тэд бүх гавьяа шагнал, албан тушаал, мөнгө эрх мэдлийг зөвхөн дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөгөөр солиход бэлэн байсан юм. Сольж ч чадсан. Монголд хүн бүтээж туурвиж л чадвал нийгэмд хүлээж авах масс бол магадгүй тэр эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудаас дутахгүй өндөр гэж би боддог. Харьцангуй оюунлаг ард түмэн шүү дээ. Эрэгтэй эмэгтэй зохиолч гэдэг ямар ч ялгаагүй. Яах вэ, эмэгтэй хүн гэдэг угаасаа уран бүтээл хийнэ, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөн гарч ирнэ, үлдэнэ гэдэг бол эр хүний хажууд асар их тэсвэр тэвчээр шаардана. Хэрэв гарч чадвал энэ нь өөрөө том шалгуур байдаг тул мэдээж бүтээл нь үнэлэгддэг. Харьцангуй манайд эмэгтэй яруу найрагч зохиолчид цөөн, гэхдээ тэдний бүтээл бол жин дарна шүү.
-Сэдвийн хувьд эрэгтэй ба эмэгтэй зохиолчид адил байдаг уу?, үгүй бол юугаараа ялгаатай вэ?
-Ижил дээ. Эрэгтэй эмэгтэй зохиолчид ялгарахгүй. Харин нийгмийн эмзэг торгон асуудал, хүний дотоод сэтгэлийн нандин, зөвхөн эмэгтэй хүний зүрх сэтгэл дундуур л хүчтэй урсаж өнгөрөх тийм нарийн ухааны зүйлийг эмэгтэй хүн харин ч их чимхлүүр бодож бүтээдэг байх гэж боддог. Эмэгтэй хүн энэ ертөнцийн бүх зовлонг үүрээд дээр нь бүүвэйн дууг нэмж аялдаг. Тэгвэл үүн дээрээ дахиад түүнийгээ шүлэг болгож бичнэ гэдэг угаасаа гайхамшигт учрал тохиол юм.
-Монголын яруу найрагт улс төр, яруу найраг салшгүй холбоотой. Уран бүтээлээсээ болж хохирох явдал их тохиолддог. Чин гүрний үед 1856 онд Данзанравжаа хорлогдож, Зөвлөлт засгийн нөлөөгөөр Р.Чойномыг шоронд хийж, 1990 онд Зөвлөлт улс нуран унаж чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, улс төрчид хээл хахуульд идэгдсэнийг илчилсэний төлөө 1999 онд О.Дашбалбарыг хорлогдсон гэж сэжиглэж байгаа. Өнөөдрийн Монголын улс төр, яруу найраг ямар байна вэ? Яруу найраг бол улс төрийн зэвсэг гэдэг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Хүн төрөлхтний зовлон жаргалыг алган дээрээ биш элгэн дотроо жигнэж хэмждэг улс бол яруу найрагчид юм. Аливаа дайн тулаан хувьсгал, нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлтийн эхэнд ямагт зохиолч яруу найрагчид л явсан. Өнөөдөр Д.Цоодол “Хуучин дэр модны дууль”-аа, Д.Урианхай “Цээжний нөмөр”, “Дотоод шаталтат хөдөлгүүр”-ээ Д.Төрбат “Халаасны өрөө”-гөө, Б.Доржпалам “Тарааж цуглуулсан эх орон”-оо Ц.Бавуудорж “Дорно”, “Хүрэл чоно”-оо бичсээр л байгаа шүү дээ. Яруу найраг бол улс төрийн зэвсэг гэх нь түүний нэгээхэн талыг л хэлж байгаа хэрэг. Яруу найраг бол монголын үндэсний их сэтгэлгээний түүх, монгол хүний сэтгэл зүрхний их эрэл хайгуул, өмгөөлөл юм даа. Энэ үгийн нулимсыг арчихаа мартсан цагт л хүн төрөлхтөн оюун сэтгэлгээний хувьд бүрэн устах болов уу.
-Д.Нацагдорж Монголын уран зохиолыг үндэслэгч гэж тооцогддог. Түүний яруу найргийн сэдэв нь эх оронч, хувьсгалч, шинжтэй, хайр сэтгэл, утга уянга агуулдаг. Түүний “Миний нутаг”-ийг тэмдэглэн хэлж болно. Орчин үеийн яруу найрагчид ийм шүлэг зохиож байна уу?
-Нацагдоржийн “Миний нутаг”-ийн адил эх орны сэдэвт яруу найргийн бүхэл бүтэн уламжлал шинэчлэл монголын орчин үеийн яруу найрагт байна. Ялангуяа манай ная, ерээд оны яруу найрагчдын эх орон иргэний уянгын шүлэг энд онцгой байр суурь эзэлнэ.
-Монголын яруу найраг хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярина уу?
-Яруу найргийн сэтгэлгээнд 3 зүйлийн өөрчлөлт хүчтэй явагдаж байна гэж боддог. Нэгдүгээрт яруу найргийн сэдэв санаа их өөрчлөгдөж, ахуйжиж байна. Хоёрт, Яруу найргийн ахуйн сэтгэлгээ их хотжиж байна. Гуравт яруу найргийн хэл өөрчлөгдөж байна. Үүнд энэ цагийн амьдралын хэв маяг нөлөөлж байгаа байх. Одоо орчин үеийн яруу найраг нэлээд хүчтэй хэд хэдэн бүлэглэлд хуваагдаж байна. Энд утга зохиолын байгууллага энэ тэр бол огт хамаагүй шүү. Нэг хэсэг нь монголын уламжлалт яруу найргийн сэтгэлгээ, монгол үндэсний философи сэтгэлгээг баримтлан сонгодог сэтгэлгээний хэв маягт түшиглэн бичиж байна, нөгөө нэг хэсэг нь өрнийн /голдуу/ яруу найргийн шинэлэг хэв маяг урсгал чиглэлүүдийг даган дууриасан шинжтэй хэлбэрийг шүтсэн яруу найраг бичиж байна, Энэ хоёр ялгарал бол их тод харагдаж байгаа нь гэх үү дээ.
-Чин гүрний түүхийн ул мөр, Зөвлөлтийн нөлөө Монголчуудын амьдралд нөлөөлж, Монголын газар зүйн байрлал хуурай газраар хүрээлэгдэн хойд талаараа Орос, өмнө талаараа Хятадтай хиллэдэг нь саяхан Гүржид болсон шиг зүйл болж магадгүй гэсэн болгоомжлол үүсгэж байна уу? Энэ таны уран бүтээлд нөлөөлдөг үү? Хэрэв тийм бол яаж?
-Одоо газар нутгийг зэвсэг барин дайтаад булааж авдаг тийм дайнаас монгол байтугай хүн төрөлхтөн айхаа байжээ. Ийм зүйл ч болохгүй байх. Харин ил зэвсэг барьдаггүй, ил дайсагнадаггүй, шүдээ хүртэл зэвсэглэснээ ялдам инээмсэглэлээр нуусан, шүлсээ савируулан шунаж байгаагаа ямар нэгэн гэрээ хэлэлцээрээр хаацайлсан, эклологийн, генетикийн нууц дайн намайг унтаж байхад ч тасралтгүй явагдаж байна. Бид үүнээс л айж явах ёстой юм. Глобальчлалаар хөөрөгдсөн их урсгалаас бид монголынхоо хамгийн үнэт зүйлсийг л өөрийнхөөрөө авч үлдэх нь чухал гэж боддог. Дандаа сэтгэл зүрхийг минь зовоож байгаа энэ асуудал яаж миний уран бүтээлээс ангид байх вэ дээ.
-Монгол-Орос, Монгол-Хятад уран зохиолд харилцан нөлөөлөл байна уу?
-Монголын уран зохиолын эртний их уламжлал дээрээ бид орос хэлээр дамжуулан Оросын төдийгүй өрнийн их утга зохиолын сонгодог бүтээлүүдтэй өргөн танилцсан. Нөгөө талаар Энэтхэг Төвдөөр дамжин монголд хөгжсөн бурхны шашин, буддын их утга соёлын нөлөө түүнчлэн эртний хятад, энэтхэг төвд уйгар, перс араб хэлээр дамжсан дорны утга зохиолын нөлөө ч монголд эртнээс уламжлагдан ирсэн. Ийнхүү монгол үндэсний аман зохиол, бичгийн сонгодог уран зохиолын сэтгэлгээний их уламжлал дээрээ өрнө дорны соёлт хүн төрөлхтний охь болсон их утга зохиолын нөлөө тусгалаа олсон тул монголын уран зохиол дэлхий нийтийн уран зохиолд өндөр байр суурь эзэлдэг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд Монгол судлал хүчтэй хөгжиж байна. Үүнд утга зохиолын нөлөө асар их болов уу.
-Хамгийн түгээмэл халх ярианы хэлнээс гадна Монголд олон ярианы хэл байдаг. Энэ нь хүмүүсийн ухамсарт үндэсний хувьд нөлөөлдөг үү? Тухайн ярианы хэл хүмүүст нөлөөлдөг үү? Тухайн нутгийн яруу найргийн сургууль гэж бий юу?
-Халх, ойрд, баяд, торгууд, үзэмчин гээд монгол угсаатан ястаны хэл ярианы төдийгүй ёс заншил амьдрахуйн хэв маягийн их ялгаанууд байна. Энэ бүхнээс монгол үндэстэн гэдэг цөм үүснэ.
Гэхдээ утга зохиолын хэлний хувьд халх аялгуу давамгайлдаг. Хуучны уламжлалаар, баруун монголын баатарлаг тууль, төв халхын уртын дуу, Дарьгангын хуурын домог, Үзэмчин ардын аман домог, үзэмчин дуу, Дархад, Хотгойдын шог дуу гээд нутаг нутгийн онцлогийг илтгэсэн аман зохиол язгуур урлагийн уламжлал бий. Үүнийгээ дагаад яруу найргийн хэл, сэтгэхүйн хувьд ялгарч харагдах юм нутаг нутагт түгээмэл байна.
-Монголын Их дээд сургууль ба дунд сургуульд Английн яруу найраг хэрхэн нөлөө үзүүлж байна вэ? Яруу найраг гэсэн үүднээс ач тусаа өгч байна уу?
-Дэлхийн сонгодог уран зохиолын түүхнээ Вильям Шекспирийн яруу найраг, сонгодог жүжгүүд, Ридьярд Киплинг, Оскар Уайльд, Томас Элиот, Этиль Войничийн яруу найраг, Майн Ридийн романууд, Чарльз Диккенс, Артур Конан, Даниел Дефогийн адал явдалт зохиолууд, Жонатан Свифтийн адал явдалт инээдмийн зохиолуудаар энэхүү эртний соёлт гүрний урлаг утга зохиолтой монголчууд хэдийнээ танил болсон. Зөвхөн английн төдийгүй англи хэлт утга зохиолын нөлөө ч монголд их бий шүү. Эдгар По, Бродский, Рабийндернаат Тагорыг англи хэлнээс орчуулж уншсан ард түмэн шүү дээ.
-Англи, Америк ба Монголын яруу найргийн ялгааг товч дурдана уу?
-Бүхэл бүтэн аж төрөхүйн, ахуйн, сэтгэлгээний, иргэншилийн асар их ялгаа байдаг болов уу. Жишээлбэл таны яруу найргийн номыг үзэж байхад, байгалийн аливаа үзэгдэлд хөхин баяссан, амьдралын маш энгийн жижиг зүйлд үнэн сэтгэлээсээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргасан тийм шүлгүүд зонхилж байсан. Тэгвэл монгол хүн бол угаас байгалийн гоо сайхан дунд төрөхөөсөө эхлээд өсч өндийсөн тул тэр бүр өглөө болгон нар яаж мандаж байгаа тухай төдийлөн шинэ шинэ шүлэг бичээд байх нь цөөхөн байж болох юм. Монгол хүний сэтгэл хөдлөл бол их тогтонги шинжтэй нь ч энд нөлөөлдөг байж болох юм. Ялгаа байгаа учраас л та намайг, би таныг шүлэг найргаар нь дамжуулаад сонирхоод байгаа байж болох юм.
-Английн яруу найраг олон арга хэлбэр, хэв маягтай байдаг. Монголын яруу найраг мөн адил уу? Жишээ гаргаж хэлнэ үү?
Бичгийн төдийгүй монголд аман яруу найргийн асар том уламжлал байна. Жишээлбэл, уралдаад түрүүлж ирсэн морио цоллож байгаа нь л дан яруу найраг шдээ. Хүүхдэд дээл хийж өмсгөөд л шинэ дээлийг нь мялааж,
“Урд хормой нь унага даага
Хойд хормой нь хонь хурга” гэх.
Шинэ гэр барьсан айлд очоод гэрийн хаалга хатавчнаас эхлээд хана туурга тооно тотгыг эргэн тойрон бүх эд зүйлийг нь оруулсан ерөөл хэлнэ гэх мэт монгол аман зохиол зан үйлийн яруу найраг гэж гайхалтай арвин их уламжлал байна. Тэнгэр аргадаж бороо оруулах, өвчин тусвал домнох, дайн тулаанд явбал туг цэнгүүлэх гээд энэ бүх ёслол өөрийн зан үйлийн яруу найрагтай шүүдээ. Монгол яруу найргийн амин сүнс эндээс эхэлнэ дээ. Дэлхий дээр би ийм яруу найргийн аман уламжлалтай ард түмэн монголоос өөр байдаг гэж сонсоогүй. Орчин үеийн яруу найрагт реализм, модернизм, формализм, натурализм, символизм, сюрреализмын гээд бичгийн уран зохиолын эдүгээ дэлхий нийтэд дэлгэрсэн түгээмэл урсгал чиглэлүүд бүгд байна даа.
-Таны уран бүтээлд ихэвчлэн юу нөлөөлдөг вэ? Хэрхэн яаж?
-Надад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол өөрийн зөн совин. Тэгээд мэдээж нутаг орон, нийгэм цаг үе гээд хоёрдогч зүйлүүд дараа нь орж ирэх байх. Өөрийн зөн совингоо барьж түүнийг өөрийнхөө дотоод сэтгэлд хөгжүүлэн өөрийн оюун бодролоор бясалгаж байж дараа нь цаасан дээр тэр маань яруу найраг болж буудаг. Миний ингэж бичсэн шүлгүүд л намайг илэрхийлэх, миний яруу найргийн мөн чанар болсон тийм бүтээлүүд болсон байдаг.
-Яагаад яруу найргийг сонгосон бэ? гэж хэн нэг нь асуувал та юу гэж хариулах вэ?
-Ертөнцийн төвөөс ирж байгаа тэр энерги, мэдээллийг өөрийнхөө зүрх сэтгэлээр дамжуулан буулгаж байгаа нь зөвхөн яруу найргч уран бүтээлчийн л хийх ажил. Иймээс энэ бол миний сонголт биш. Надад сонгох боломж байхгүй. Хэрэв өөрөө сонгоод яруу найрагч болоё гээд болж болдог бол түүнд байгалийн төрмөл шинж дутагдана. Тийм учраас сайн эмчийг, багшийг, сайн технологич инженерийг сургууль номоор ч юмуу бэлдэж болдог. Яруу найрагчийг хэзээ ч бэлтгэж гаргадаггүй. Тэд өөрөө төрдөг.
-Таны хэлэх гэсэн үг, эсвэл асуугаагүй үлдсэн асуулт байна уу?
-Танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Бид хоёр магадгүй эмч юмуу, жуулчин, эсвэл эрдэмтний хувиар ярилцаж байгаа бол магадгүй хэлний бэрхшээл бага гарах байлаа. Хэн хэн маань яруу найрагчийн зүрх сэтгэлээр нэг нэгнээ онгичиж байгаа учраас танд англи хүний хувьд зөвхөн англи хэлээрээ л илэрхийлэх, надад монгол хүний хувьд зөвхөн монгол хэлээрээ л илэрхийлж болох олон зүйл байлаа. Үүнийг эс тооцвол би тантай зүрх сэтгэлээсээ сайхан ярилцлаа. Танд их баярлалаа. Холын тэр орноос зорьж хүсэн мөрөөдөж надаас ийм ярилцлага авч байгаад хувиасаа танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Англиар байгаа тэр олон сайхан зохиол бүтээлийг уншихсан гэж мөрөөдөж явснаас биш, өөрөө английн нэр хүндтэй яруу найрагч эмэгтэйд, танай нэр хүндтэй сэтгүүлд ингэж ярилцлага өгнө гэж бодож байсангүй ээ. Монгол хүний хувьд, яруу найрагч хүний хувьд өөрийнхөө төдийгүй монголын их утга зохиол, монголын соёлт ард түмнийхээ тухай Английн ард түмэнтэй хуучлах гэгээн боломж олгосон Танд болон танай сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлээд Монголын өнө мөнхийн хөх тэнгэр дор ямагт дурсаж явах болно гэдгээ илэрхийлье. Би бүх зохиол бүтээлээ монгол хэлээрээ бичдэг. Дараагийн билэгт сайн өдөр монгол хүний яриа англи хэлээр биш, эртний их соёлт гүрний монгол хэлээрээ хүрэх боломж ирвэл би бүр ч их баяртай байх болно. Их баярлалаа.
Ярилцсан: Рут О Каллаген

12/30/2009

Х.Сүглэгмаа

ЭХЛЭЛ
Нарны алтан бүслүүр дагаж эргэнэ
Намайг чамайг тэвэрсэн орчлон хөөрхий
Насны алтан саадаг дагаж нумарна
Надаас чамаас уйдах орчлон хөөрхий

Ертөнцийн гурван хигээст бууж мордоно
Ерхөгт талын дээр цас унах, өвс ургах хөөрхий
Ерийн ийм л төрлийг боджээ суугаад
Ембүү цагаан толгодоосоо уйдаж эхэлнэ дээ

Ямархан хонгор сэтгэл уйлна чиг, дуулна чиг
Явуу цагаан сарны нулимс бөмбөрөөд хөөрхий
Яаж би гунигаа цасан доорх гөрөөсний мөр шиг нуух билээ
Ядмагхан ийм л орчлонд ятга шанзныхаа эгшигнээс уйдаж л эхэлнэ дээ

Орой намрын бороо урдуур хойгуур зүсрээд
Очих газрын минь хэвлийд тэнгэрийн амьсгалтай шингэнэ
Орчлон намайг тосч, орчлон намайг дахиад л тосч
Орь залуухан хаврын нулимсан зэрэглээнд эрхлүүлнэ дээ
Эхэлнэ дээ

2009 он

12/22/2009

KH.SUGLEGMAA

WINDOW

My room with a single window.
A single window to myself.
Through it, I watch the morning sun and the moon at night,
And notice no-one else.

I come towards you, I stop without a word.
I look at you, I think of you fodly.
I call with all my strength and I weep.
I support you, I encourage others too.
I come towards you, showing off my joy.
Laughing, talking loudly, no need to be embarrassed,
I come towards you spreading out my melancholy.
No need to patch up misplaced words.
No asking forgiveness.
No rebuke that the target is broad.
No challenging, no soothing.
No tearful rejections.

When we pray to heaven at our wits’ end,
We do not join our palms together.
When I am annoyed with you in secret,
I do not cut my hair to win you over.
When you have heard my joy and sadness,
You do not give an answer.
You watch
My strange excitement,
And do not ask me where I’m going.

My room with a single window.
A single window to myself.
Day after day of joy and misery,
Sucking out their ewual shares.

Why have I always struggled towards you?
Why have I always been petulant with you?
Why have I always missed you?
Why have I always encouraged you?
You see now a poet can be loved,
How a poet can be distressed,
How a poet can be desired,
How a poet can be left.

I cannot watch without talking.
You are smiling sweetly.
I can barely think.
How can you find such peace?

My room with a single window.
A single window to myself.
Through it, I watch the morning sun and the moon at night,
And notice no-one else.
Translated by Simon Bekham Smith

12/14/2009

ЧУЛУУН ГЭР

Х,Сүглэгмаа
ЧУЛУУН ГЭР
Энгэр газрыг тэгшлэн засч
Эрдэнийн чулуугаар голомтоо тулна
Эрххэн хэдэн дүүгээ дагуулаад
Эвий эвий тоглож өнжинө

Хатан нарны бүслүүр дагуулж
Хаан гэрийнхээ ханыг дугуйлна
Үелээ үелээ толгодоо зүсэлж
Үүдэн хоймроо тэгшхэн голлуулна

Үйл үйлийн шаглааг бодож
Үе завсаргүй цувуулж өрнө
Үүрд амгалангийн бэлгийг бодож
Үүд хаалгаа нээлттэй барина

Зузаан нимгэн хоёр чулуугаар
Зуух тогоогоо эхэлж тулна
Хормойлсон чулуунаасаа тэгшийг нь харж
Хоймрын авдраа дараа нь тавина

Ижил ижилхэн хоёр чулуугаар
Ижий аавынхаа орыг зална
Идээ цагаа арвиныг ерөөж
Илүүхэн өндрөөр нь эрэгнэгээ тулна

Будаа чихэр өнгөөр алаглуулж
Бурхан тахилаа ёсоор өрнө
Бузгай айлын нүнжиг зааж
Буусан гийчинд идээ тавина

Уул уулынхаа чулуунаас түүсэн юм

Улаан голдууг нь үхэр сүрэг гэнэ
Цаад наад голоосоо авсан юм
Цагаан голдууг нь хонин сүрэг гэнэ

Оргил оргилынхоо өндрөөс нь түүсэн юм
Овоо товирууг нь адуун сүрэг гэнэ
Ойр хол говиосоо цуглуулсан юм
Олон тоотойг нь тэмээн сүрэг гэнэ

Зүг зүгийн толгодоос ирсэн юм
Зүс алагийг нь ямаан сүрэг гэнэ
Зүг бүртээ малаа бэлчээнэ

Зүс ижилсүүлж сүргээ багшруулна

Хотгор гүдгэрээ дагуулж

Хороо бууц бүгдийг нь засна
Хормой хормой чулуунаас бүтсэн
Хот айл ингэж босно

Хаан тэнгэрт мөрлүүлж боссон
Тоонотой билээ энэ айл
Хатан дэлхийд шийрлүүлж тулсан
Тотготой билээ энэ айл

Дөрвөн зүг найман зовхист

Ханаа дугуйлсан их Монголын
Дөрөөн чимээтэй уяан дээр нь
Дэлхий ирж амс хийдэг

2009-07-25

ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ

Х,Сүглэгмаа
ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ
Арван төгрөг өгөөч гэх юм
Алган дээр чинь гаргаад тавих
Аравт тавт
Алгаа дүү минь
Аялгуут сайхан дууны чинь хариуд
Амьдрал сайхаан гэх итгэлээ өгье

Улаан нүүртэй болгоныг царайчилж
Ундны мөнгө өгөөч гэх юм
Уралдаад чам руу сарвайх
Урд хойд нь алгаа дүү минь
Уянгатай сайхан дууны чинь хариуд
Уулын орой харах ухаанаа чамд өгье

Гутамшиг, эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан
Гутрах юу байх вэ миний дүү
Гудамж талбай энэ олны дунд
Гуйх нүүртэй нь харин чи л үлдэж
Бусдын сайн сайхан бүхнийг
Булаагаад хэдийнэ сурчихсан наадуул чинь
Булингарт энэ олны урсгалд
Буян гуйдаг нь чи л үлдэж

Ойворгон дэвэргэн тонуулчдын дунд
Овоо доо миний дүү, гуйхын сэтгэлтэй үлдэж
Орчлонд чамаас баян хүнийг
Одоо харин би олохгүй нь байна шүү

Болжморын даль шиг хөөрхөн алган дээр чинь
Борог зүрэгхэн эх орон минь багтдаг юм
Боодолтой чихэр бор таван төгрөг аль нь ч хэрэггүй ээ
Болно доо гэх сэтгэлээ үлдээе, буян хураг ээ

2009-12-03

12/10/2009

“Улаанбаатар таймс” 2009.07.29 151(9971)

ЯРУУ НАЙРАГЧИД МООД ДАГАНА ГЭЖ БАЙДАГҮЙ

Яруу найрагч цөөхөн эмэгтэйн нэг болох Х.Сүглэгмааг энэ удаагийнхаа “Завсарлага” буланд урилаа. Яруу найрагч Очирбатын Дашбалбарын шавь тэрбээр багшийнхаа талаар судалгааны ном гаргасан гэсэн. Ингээд Улаанбаатарын их сургуулийн Магистр докторын сургалтын албаны дарга доктор дэд профессор Х.Сүглэгмаагийн яриаг уншигч танд сонирхуулья.

-Өөрийг чинь өглөө бүр гүйдэг гэж сонссон. Хэдэн жил гүйж байна даа?
-Сүүлийн хоёр жилийн турш гүйж байна даа. Манай сургуулийн багш нар бүгд гүйдэг болохоор тэдний нөлөөнд автаж хоёр жилийн өмнөөс гүйж эхэлсэн. Гэхдээ манай багш нар их хол зайнд гүйдэг юм билээ. Зарим нь бүр долоо хоногт нэг удаа холын кросст гүйдэг гэсэн. Би бол тийм биш өглөө бүр дөчин минут л гүйдэг. Тэр хугацаанд нь гурван км 800 метр л таардаг юм. Манайхан чи гурван км л гүйсэн үү гээд намайг бас шоолно шүү дээ. Гэхдээ яах вэ энэ нь надад болоод л байдаг юм. Гүйхгүй болохоор толгой хүндрээд л. Хүн юманд амархан дасдаг юм билээ. Сая чамтай уулзахын өмнө би эмнэлгээр явж шинжилгээ өглөө. Тэгсэн чинь эмч найзууд маань чам шиг эрүүл хүн алга гэсэн. Тэгэхээр эрүүл мэндэд зохиххэмжээгээр нөлөөлсөн байгаа биз дээ. Би анагаахын сургууль төгсөөн хүн шүү дээ. Тийм учраас эмч найзууд ихтэй. Тэд л намайг албадангаар шинжилгээ өгүүлж байгаа нь энэ.
-Хүнд хамгийн их үр бүтээлтэй цаг гэж байдаг гэдэг. Өөрийн чинь хувьд? Өөрөөр хэлбэл хэдэн цагт их ажил амжуулдаг вэ?
-Бүсгүйчүүд өглөөгүүр гоо сайханд суудаг гэж ярьдаг юм билээ. Харин би өглөө гоо сайханд суугаад байдаггүй. Миний хувьд хамгийн үнэтэй цаг бол өглөө. 11 цаг хүртэл л хамгийн их үр дүнтэй цаг хугацаа байдаг. Эрүүл мэндэд минь хэрэгтэй юм даа гээд л 40 минутынг гүйхэд зарцуулдаг болохоос ер нь өглөөний цаг хугацаанд их харам. Өглөө босч юмаа уншина, бичиг цаасныхаа ажлыг гүйцээнэ гээд л өглөөний ажил мундахгүй.
-Яруу найрагч бүсгүйчүүд үндэсний хувцасаар их гоёдог. Сүглэгмаа ч бас тэдний нэг. Энэ нь уран бүтээлтэй нь холбоотой юм болов уу? Эсвэл өөр учир шалтгаан байна уу?
-Яруу найрагчид бид байнга л олны нүдний өмнө байдаг болохоор хувцаслалтдаа анхаарахгүй байх аргагүй байдаг л даа. Нэгэнт би монгол хүн болж төрсөн юм болохоор үндэснийхээ хувцсаар гангарах дуртай. Тэгээд ч яруу найрагчдыг бусдын нөлөөнд автдаггүй гэж ярьдаг. Ийм учир шалтгаантай холбоотой байж болох юм. Ер нь яруу найрагчид моод дагана гэж байдаггүй юм даа. Сүүлийн жилүүдэд нас явж байгаа юмуу хаашаа юм монгол хувцсаа хослуулж иж бүрнээр нь өмсөх сонирхолтой болж. Хүмүүсийг хантааз өмсдөггүй байхад 2002 онд Ц.Хулан хантаазтай дээл өмсч нийтэд дэлгэрүүлсэн юм шүү дээ. Харин түүний дараа бид өмссөн. Гэхдээ энэ дээлний загварыг Ц.Хулан надад гаргаж өгсөн юм. Тэр загварынх нь дагуу би хантаазтай дээл урлуулж өмсч байсан. Түүнээс хойш одоо Ардын жүжигчин болсон Ш.Чимидцэеэ гуай бид хоёрынхоос арай илүү өргөн эмжээртэй дарьганга маягийн дээл хийлгэж өмсч байсан юм. Бас тэр жилийн цагаан сараар УИХ-ын гишүүн Н.Болормаа, Д.Арвин нараас эхлээд л Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нарын гэргий хүртэл хантаазтай дээлээр гангарсан даа.
-Хулан загварыг нь гаргаж өгсөн гэв үү?
-Тиймээ. Хулан монгол хувцасны загварыг их сайхан зурдаг. Өөрөө зоригтой учраас ийм байвал зүгээр тийм байвал зүгээр гээд л зоригтой шийдлүүд их гаргадаг.
-Харин Сүглэгмаа ямар вэ?
-Манайх гурван эмэгтэй хүүхэдтэй айл л даа. Эгч дүү бид гурав гурван насны зөрөөтэй. Тиймээс ээж маань олон охидтой айлыг хүн их харж явдаг юм. Та нар юм оёж сур гэдэг байлаа. Тэгээд л ээжийнхээ зөвлөгөөний дагуу 12-13-тай байхдаа дээл оёж сурсан. Тэрсхэн гурван охин болохоор бие биенээсээ илүү оёх гээд л тэрүүхэндээ хор шар нь хөдөлнө. Бас манай гэр дүүрэн хатгамалтай. Хатгах юмаа өөрсдөө ч зурна хүмүүсээр ч зуруулна. Ингэсээр байгаад л юм хатгаж, оёж, зурж сурсан даа. Бас европ хувцасны загварыг гаргачихна шүү. Сургуулийнхаа багш нарын хувцасны загварыг зурчихдаг. Сүүлдээ юм нэхэж хүртэл сурсан. Нөхөртөө нэхэж өгсөн цамц маань одоо хэр нь байдаг юм. Гараар нэхсэн цамц их бөх. Тэгээд ч 1980-аад оны сүүлээр нэхмэлийн утас олдохоо больчихсон болохоор хивсний утсаар нэхсэн юм. Ер нь тэгээд манай гэрт оёсон хатгасан нэхсэн зүйл их дээ. Ямар сайндаа А.Эрдэнэ-Очир манайд ирчихээд Сүглэгээ миний хөгшин муу шүлэг бичиж байхаар наад юмаа оёж байсан нь дээр юм байна гэж намайг цаашлуулж байхав. Ганц юм уух гээд ирэхэд нь би юм оёж байгаа нь энэ гээд оёдлын машин тагчинуулаад байхаар тэр л дээ. Нэг талаар орчин нь солигдоод юм оёх нь надад амралт болдог шиг байгаа юм. Одоо ч гэсэн хөшиг орны бүтээлэг өөр юу байдаг юм хослуулаад л оёх юм байвал оёж өгнө шүү дээ.
-Говийн хүүхэд аргал түүж л өссөн байлгүй? хөдөө очоод аргал түүгээгүй хэр удаж байна?
-Саяхан аргал түүсэн шүү. Гэхдээ Хэнтийн Идэрмэгт. Яруу найрагч зураач Ж.Саруулбуян ах хэдэн найрагчийг нутаг руугаа авч явсан юм. Бид Хэрлэн голын хөвөөнд хэд хоносон юм. Тэгээд хоол цайгаа хийх аргал түүх гээд өглөө эрт бослоо доо. Гайгүй сайхан хөх аргалууд тэр хавиар зөндөө. Очоод л авах гэхээр дан чийгтэй. Манай говьд бол аргал нойтон байна гэсэн юм байхгүй шүү дээ. Гэтэл голын хөвөөнд байгаа аргалууд харахад хуурай юм шиг хэрнээ голдоо нойтон байдаг юм билээ. Харин өдөр тийшээ хатчихдаг юм байна. Тэгээд л өдөр хатахаар нь аргалаа түүсэн дээ.
-Сүүлийн үед хүүхнүүд маань мөнгөн эдлэлээр их гоёх болж. Харин өөрийн чинь хүзүүний зүүлт бугуйвч зэргийг гар хийцний гэхдээ их чамин хийцтэй эдлэл юм гэж бодлоо. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн мөнгөн чимэглэлээр гоёх сонирхолтой юмаа даа?
-Нас нь болоогүй юм байлгүй. Одоохондоо алт монет зүүхийг нэг их боддоггүй. Харин өөрийн чинь хэлсэнчлэн дархан хүний ур ухаан шингэсэн мөнгөн эдлэл зүүх дуртай. Монгол аргаар мөнгөн эдлэл хийдэг хүн ч цөөрч. Урт цагаанд Чимиддорж гэж нэг өвгөн байдаг байлаа. Түүгээр их хийлгэдэг байсан. Харин сүүлийн үед харагдахаа байжээ. Чимиддорж гуайгаар мөнгөн зүүлт хийлгэхдээ дотор нь сахиусаа хүртэл суулгуулж байлаа. Манай нэг шавь Энэтхэг явж ирээд Далай ламын өгсөн сахиус гээд өгч байсан юм. Түүнд нь зориулж зүүлт хийлгэж байгаа нь тэр.
-Тэгэхээр их шүтлэгтэй байх нь ээ?
-Шүтлэгтэй. Манайх Говь мэргэн вангийн хошуу Данданравжаагийн нутгийн айл. Дэмчигийн хийд бол бид нарын тоглож өссөн газар. Тийм учраас хэдэн үеэрээ дамжсан шүтлэгтэй. Өлгий хийдийн нэг эхээс гарсан гурван бандида чинь манай ээжийн талын хүмүүс байхгүй юу. Тийм учраас шүтлэггүй байх аргагүй.
-Урин дулаан цагт хүн бүр л амардаг. Өөрийн чинь хувьд энэ жил хаагуур яаж амарья гэж бодож байна?
-Бид зун болохоор ичээндээ орно гэж ярьдаг юм. Ичээндээ орно гэхээр хэнд ч олдохоо болино гэсэн үг л дээ. Бараг л энэ маань гайгүй л байдаг даа гэмээр л таг болно шүү дээ. Ичээндээ орох болж л байна. Гэхдээ ичээндээ орохоосоо өмнө нэг ажил амжуулах хэрэгтэй байгаа юм. Тэр нь юу гэхээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд очих. Энэ сумынхан жил бүр яруу найрагчдыг урьдаг юм. Тэр урилгад нь Д.Төрбат ах бид хоёр орчихоод байгаа. Хамгийн сонирхорлтой нь яруу найрагчдыг урихаар бороо ордог гэж нутгийнхан нь итгэчихсэн байдаг юм билээ. Найман сарын хоёронд тийшээ явах гээд л бэлтгэж байна.
-Яруу найрагчдыг очихоор бороо ордог хэрэг үү?
-П.Бадарч ах өөр хэн хэн гэлээ дээ хэдэн найрагчид тав зургаан жилийн өмнө тэнд очиж шүлэг уншаад бороо оруулсан гэх юм билээ. Түүнээс хойш яруу найрагчдыг ирэх болгонд тэнд бороо ордог гэсэн. Тэгээд л найрагчдыг ирэхээр бороо орж ган тайлагддаг гэж нутгийнхан итгэдэг шиг байгаа юм. Сонирхолтой нь тэд өөрсдөө бороо орсныг нь мэдээгүй гэсэн. Халамцуу л явсан хэрэг л дээ. Харин энэ удаад бороо оруулах юм уу яах юм бүү мэд. Д.Төрбат ах л “Могойн чуулган” бичсэнээрээ бороо оруулдаг байх даа. Би ч яана даа л гэж бодож байгаа. Хатанбулаг бол Галбын говийн төгсгөл хэсэг шүү дээ. Галбын говь хүчтэй энергийн цөм төв. Тийм учраас газар устай нь холбоотой байж магадгүй.
-Мэдээж уран бүтээл ихтэй л байгаа байлгүй?
-Энэ жил яруу найргийн хоёр ном гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь англи хэл болон монгол бичгээр нөгөөх нь монгол хэлээр гарах учиртай. Мөн энэ жилийн хийсэн хамгийн том ажил гэвэл Очирбатын Дашбалбарын амьдрал уран бүтээлийг харуулсан ном гаргасан. Дашбалбар гэж хүний улс төрд оруулсан үүрэг, бурханы шашин сэргэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн гээд л тал талын мэдээлэл оруулсан их сонин ном байгаа даа.
Х.Алтанцэцэг
Sed_emji@yahoo.com

12/09/2009

Эмэгтэй яруу найрагчдын СD гарлаа

Монголын эмэгтэй яруу найрагчдын СD англид хэвлэгдлээ. Эмэгтэй яруу найрагчид өөрийн дуу хоолойгоор шүлгээ уншин, мөн англи орчуулгыг нь тэндэхийн яруу найрагч бүсгүй Руть О Коллаген уншин СD гаргасан нь сонирхолтой сайхан бүтээл болжээ. Уг яруу найрагийн цомогт Ш.Дулмаагийн “Чингисийн тамга”, “Газар шороондоо би хайртай”, Х.Сүглэгмаагийн “Нүүдэл”, “Мөн чанар”, Г.Мөнхцэцэгийн “Ижийдээ”, “Битгий урваарай миний хүү”, Ц.Оюундарийн “Тавилан”, “Мөрөөдөл” шүлгүүд орсон бол английн яруу найргч Рут О Коллагений өөрийнх нь “Тэмдэглэл”, “Үдшийн дуу” гэж шүлгийг мөн монгол, англи хэлээр оруулсан байна.

12/03/2009

Ая зохиогч нарт

Х.Сүглэгмаа
СЭТГЭЛ
Ая зохиогч нарт
Зүүдний алтан бишгүүр хөглөж өгье
Зүрхэнд ойрхон аялгууг тоглож яваарай
Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай


Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай

Элсний алтан хээг шаглаж өгье
Элгэнд ойрхон нутгаа санаж яваарай
Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Нарны шаргалхан туяаг хэлхэж өгье
Надад ойрхон ууланд жаргаж байгаарай
Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

2008-12-02

Х.Сүглэгмаа доктор PhD, дэд профессор

Х.Сүглэгмаа доктор PhD, дэд профессор

Улаанбаатарын Их Сургууль

ТӨРИЙН ЁСЫГ НОМЫН ЁСООР ӨГҮҮЛЭХ НЬ БУЮУ ЭРТНИЙ МОНГОЛ СУРГААЛЫН ЗОХИОЛ ДАХЬ ТӨР ЁСНЫ УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ

Эдүгээ дэлхий нийтийн даяарших үйл явц эрчимжиж байгаа энэ үед улс үндэстэн бүр өөрийн язгуур мөн чанарыг илэрхийлсэн оюуны болоод эд өлгийн үнэт зүйлсээ илүү их анхааран тордох болсон нь тэдгээрийн үндэстнээ, улс орноо авч үлдэх нэгэн тулгуур гарц гэж хэлж болох юм. Улс орон хүчирхэг байх, аугаа их байхын нэг нууц нь төр түвшин түмэн олон нь амгалан байх явдал. Бид олон зууны нүүдэл суудалд их зүйлээ гээсэн, мартсан, орхисон. Бас олон зүйлийг олсон, зөөсөн. Чухамдаа өглөө бүрий, үдэш бүрий санаж, ургуулан боловсруулж, учир холбогдлыг нь нээн, эрхэмлэж явбал зохих тийм эрдэнэсийн сан бол миний цэцэн билэгт ардын ухаан юм.
Төрийн албатыг гэрийн сургаалаар боловсруулах монгол арга ухааны өндөр дээд уламжлал нь дорно дахинд тэр дундаа “номт гурван улсын” түүхэнд хэзээнээсээ тодорхой билээ. Дундад зууны үеэс монгол утга зохиолд хөгжиж ирсэн сургаалын зохиолуудад төрийн ихэс дээдэс албат иргэн-харлиг ард, номын ихэс дээдэс буяны садан-дагасан шавь, гэрийн өвөг дээдэс ураг садан-үр хөвгүүдийг хөхиүлэн сургаж, ухааны ур, утгын гүнийг шүтсэн билэгт сургаал үгс нэгэнтээ дэлгэр бөгөөд өчүүхэн миний бие номын их мэргэдийн оюун билэгт дулдуйдан энэ их өв сангаас төрийн ёсыг номын ёсоор айлдсан, төрийн хэргийг номын ёсоор зассан, төрийн хэргэмтнийг номын ёсоор сургасан тэр бүлэг зүйлийг хичээнгүйлэн хөөж энэ дор өгүүлье.
Улс төр нийгэм эдийн засгийн хямралтай ороо бусгаа цагийг туулж яваа эдүгээ цагт, судрын үгэнд ишлэсэн “сургаалтай хүний суудал зөв” гэдэгчлэн эгэл иргэний сэтгэл дэх төрийн эрхэм дээд чанар, төрийг хүндлэх үзэл, төрийн хүний итгэлт чанарын тухайд өгүүлсэн эртний мэргэдийн үгийг шүүн үзэх нь нэн чухал юм.
Субашидын жанрын монгол сургаалын зохиол “Модны шастирт”

Дэгжүүлэх үндсэнд нь хор буй бөгөөс
Дэлгэрэх цэцэг нь үзэсгэлэнтэй боловч хэн хэрэглэх
хэмээн өгүүлсэн нь эдүгээ цагт хүмүүн бид өөрийн дотор сэтгэлийн гэм хороо дарж чадалгүй, бусдын гэмийг шүүн хэлэлцэх, эсвэл хувь хүний язгуур чанарыг яриагүй байж тэндээс бүрэлдэх төр нийгмийн сайн сайхны тухайд хүсэмжлэн ярих зэрэг нь угаас “сүүлгүй тогос луугийн дуу сонсовч шүхэрлэхийн аргагүй” [Д.Равжаа.200] гэдэгтэй үлгэр нэгэн болох ажээ. Төрийг номын ёсоор барихын цаад гүн бишрэлт утганд “дэгжүүлэх үндэс” нь хувь хүн эгэл иргэний утгыг агуулж байгаа бөгөөд өвгөдийн үгэнд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж байдаг нь үр хөвгүүнийг сургаалтай өсгөж байж сая төрд гаргадаг монгол үзэл сэтгэлгээний тод илрэл гэж болно. Түүнчлэн Энэтхэгийн “Билгийн гол модон” нэрт сударт

Хаан [хүн] өөрийн улсдаа өргөгдмүй
Төгс эрдэмт хотолд өргөгдмүй

Монголын “Цэцгийн үзэсгэлэнт эрих”-д

Хаад ноёд өөрийн орондоо хүндлэгдьюү
Хамаг ухааныг сурагч орон бүхэнд хүндлэгдьюү (Ишбалжир)
хэмээн тус тус өгүүлсэн нь хэдийбээр танд төрийн эрх мэдэл, ихэс дээдсийн хэргэм зиндаа байвч энэ бол өөрийн оронд гайхагдах, түүнийг эрдэм ухаанаар асран тордвоос харин өргөн олонд өнө хойчид хүндлэгдэх, хаан хүний нэрээр бус хаан хүний эрдэм чадлаар олонд гайхагдах гэсэн санааг агуулсан хэрэг бөгөөд монгол сургаалын зохиолд энэ санааг дэлгэрүүлэн өгүүлсэн жишээ баримт арвин байна.
XIII зууны сургаалын зохиол “Оюунтүлхүүрт” л гэхэд хаан, хатан, харц ард тойн хувраг, хөвгүүн охиныг сурган тус бүрий өгүүлсний дотор

Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
Ам авсан тангаргаа амь мэт сахь....
Дээдсийг хүндэл
Доодсыг асар...
Арслан мэт ноёдыг
Барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг
Ирвэс мэт түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг
Чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг
Үнэг мэт түшмэд дагах..

гэсэн нь нэгэнтээ албат харлиг асралт ихэс дээдсийн ах зах захирах захирагдах гэдгийг эгэл иргэний санаагаар өгүүлсэн хэрэг бөгөөд улмаар энэ санаа нь хожмын XIX зууны яруу найрагч Шагдарын “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд:

...Хаан хүн хаст төрөө номчлон тэтгэ
Харьяат түшмэл хааны тааллыг дагаж яв
...Өндөр дээдэс өчүүхэн дордос хэн хэн нь боловч
Өөр өөрийн дагах ёс төрийг хичээтүгэй [Сайн үгийн сан I.469]

хэмээн нэгэн санаагаар уламжлагдан ирсэн байна. Мөн энэ санааг XIX зууны их соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаа “Хавар цагийн зугаа” хэмээх сургаал үгс гэдэг зохиолдоо

Олон төрийн улсад их бага байтугай
Оготно хорхойд ч бол айгч айлгагч хоёр бий [Равжаа.1992.213]
хэмээн өгүүлсэн нь бий. Бид эдүгээ төрийн хүний ёс зүй цэвэр ариун байх тухай нилээд ярих болжээ. Тэгвэл эртний судрын үгэнд

Хаад ихэст үлэмж ихэд хайрлагдан
Харин түүнээ муу ачаар хариулагчин
Хадны ирмэг дэх модны үзүүр(н)ээ суун
Халгаар түүний ёроолыг огтлогч ард мэт [Сайн үгийн сан.I.60]
(“Авах гээхийн сургаал шүлэг”)
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил больюу (“Оюунтүлхүүр”)
хэмээн ихсийн ивээл эгэл дордсын хүндлэлийг хүлээж чадаагүй итгэл алдах нь суусан модныхоо ёзоорыг өөрөө огтолж байгаатай адил золгүй хэрэг хэмээн үлгэрлэн үзүүлсэн бөгөөд улмаар энэ санаа цаашид XVIII-XIX зууны үеийн гүн ухаантан Агваандамбын зохиолд

Барын арьс нөмөрсөн илжиг хийгээд
Баялаг хоргой хувцсыг өмссөн бидэн хоёр
Барааны газраас харахад байдал төсөө нь хол ч
Байсхийн дөхөөд харахад хөрөг дүр нь адил буй (Агваандамба)
гэж үзэгдэх өнгөндөө нэг янз, үнэн цаад явдал ёсон нь мөн өөр нэг янз байгааг барын арьс нөмөрсөн илжиг хэмээн элэглэж улмаар утгын болоод уран яруу дүрслэлийн гүн гүнзгий агуулгаар баяжин уламжлагдсан байна. Мөн энэ санаагаар цахар гэвш Лувсанчүлтэмийн “Тус хорыг шинжлэх дуун” шүлэгт

Хамгаас шимтэй идээн ундааныг амсаад
Халуун хүйтэнд таарсан нимгэн зөөлөн хувцсыг өмсөөд
Залан, гүен нүгүүд бээр жаргалтай сууж байвч
Зайлалт үгүй үйлийн үр боловсрох цагт юун тус
хэмээн өгүүлсэн нь дээрх зохиолуудад гарсан эгэл иргэний санааг бурхны шашны сургаал номлолын чанартай болгож, хэдийгээр өнөөдөр үзэгдэх өнгө нь элбэрэл тахимдуу мэт, үйл мөр нь жаргалтай дэлгэр мэт харагдавч зөв сайхан сэтгэл, сайн санаагаар хийгээгүй үйлдэл бүхэн чинь эцэстээ үйлийн үрийн цаглашгүй үнэнд гүйцэгдэж гэсгээл цээрлэлээ хүртэх болно шүү гэсэн утгыг гаргажээ. Энэ чиглэлийн сургаал номлолын дотор хамгийн их дурдагддаг нэг санаа бол өвөр зуур, өөр хоорондоо эв эеийг хичээх явдал юм. Дээр дурдсан “Оюунтүлхүүр” сургаалын зохиолд
Харийн газар арга чадлаа бэхэл
Халуун зуураа эв эеэ хичээ...
Өнөр хүн эв үгүй болбоос
Өнчин хүний элэг болно
Олон хүн эв эегүй болбоос
Оорцог хүний элэг болно.... ,
“Алтан товч”-ийн доторх Хэрээдийн “Аймалжин эмгэний үгд” “Айлдаа алаг бяруунаас номхон явагтун” гэж тус тус өгүүлсэн байдаг бол Данзанравжаагийн “Ичиг ичиг” шүлэгт

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг...
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг гэж нэгэн хоёр хүний эв эеэс нийт олон түмний эетэй найртай сэтгэл хамаарч, түшмэдийн цуугианаас төрийн цуугиан үүсдэг хэмээх санааг өрнүүлсэн нь өнөөгийн нийгэмд бидний нүдэн дээр болж байдаг ахас ихэс албат харлиг гэж биенээ хүндлэх сэтгэлгүй, улмаар энэ нь нэгэн хүнийг хүндлэх хүндлэхгүйн тухай яриа биш, төрийг хүндлэх төр түмэндээ итгэх сүслэх тэр сэтгэлийн агаарыг булингартуулсан хэрэг болж, “эд эвдрэхийг хайрлахаас” “эв эвдрэхийг хайрладаггүй”, “учралдаад хууралцах”, “салалцаад гаслалцах” (Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр) гэгч номын үгийг эрхгүй санагдуулна.
Мөн эдгээр сургаалын зохиолд нийтлэг харагддаг нэгэн зүйл бол төрийн түшээд, хаад ноёдыг төдийгүй тэдний хатан хөвгүүнийг сургасан зүйл ямагт хамт өгүүлэгддэг. Жишээлбэл “Оюунтүлхүүр” сургаалын зохиолд
...Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэх мэтчилэн өгүүлээд
Хаан хүний 35 эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрхэм
Хатан хүний 15 эрдмийн дотор
Халамжит сэтгэл нэн эрхэм
Түшмэл хүний 9 эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрхэм...
Хөвгүүнээ боолоор бүү мэдүүл...
гэх зэргээр өгүүлсэн бол “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд эд бүгдийг нэгэн дор цогцлоон
...Асрал төгөлдөр хаан гэдэг бүхний эцэг
Ашид биеэ эзлэгч хатан гэдэг олны эх
Ариун номт түшмэл гэдэг хотлын итгэл
Асар түүнийг шүтвээс буян нүгэл нарийн [Сайн үгийн сан I.469]
хэмээн утга зангидан өгүүлж байгаагаас тод харагдана. Эдүгээ цагт бидэнд хамгийн их дутагддаг нэг зүйл бол өөрийгөө шүүмжлэх өөртөө шүүмжлэлтэй хандах явдал юм. Тэгвэл эртний мэргэдийн үгэнд өөрийн гэмийг шүүмжлэх, өөрийн гэмээр дамжуулан өрөөлийн гэмийг хамт өгүүлсэн зүйл элбэг тохиолдоно.
XVIII-XIX зууны шашныг шүүмжилсэн, шашныг шинэтгэх үзэл бүхий Зая бандид Лувсанпэрэнлэй, Агванхайдав, Агваандампил, Данзанравжаа, Шагдар нарын зохиолд ийнхүү өөртөө хандаж өөрийхөө гэм эрдмийг шүүн өгүүлсэн зохиол нилээд байгаа нь зарим талаар хуурай номлолын чанартай байсан бурхны шашны болоод иргэний өнгө аястай сургаалын зохиолд шинэлэг өвөрмөц өөр өнгө аясыг авчирсан гэж хэлж болно. Ийм утга агуулгаар бичигдсэн Зая бандид Лувсанпэрэнлэйн “Алтан хатгуур” тэргүүтэн өөртөө болон бусдад зөвлөсөн сургаалд
Аяа сонсогтун, Лувсанпэрэнлэй чи
Ангир шар номын хувцсыг өмссөн хирнээ
Алинаас нь ч үзсэн ном лугаа харшилж
Ашид өөрийгөө хуурч явахдаа гэмшихгүй юу
гэж байгаа бол Шагдарын “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд
Эрдэмтэн мэргэд насад бусдаас эрдмийг эрнэ
Эгэл тэнэгүүд үргэлжид бусдаас гэмийг эрнэ
Эрдэмтэн мэргэд бусдын эрдмийг салхин мэт алдаршуулна
Эгэл тэнэгүүд өөрийн гэмийг үлэмж нууна.... [Сайн үгийн сан I.465]
Данзанравжаагийн “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалд
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ [Равжаа.1992.186]
гэх зэргээр өгүүлсэн байна. Монголчуудын уламжлалт сургаалын зохиол дурдагдсан төрийн ихэс дээдэс албат иргэн харлиг ард, номын ихэс дээдэс буяны садан дагасан шавь, гэрийн өвөг дээдэс ураг садан үр хөвгүүдийг сургасан эрт цагийн судар ном сургаал үгийн цаад чинад утгыг нэгтгэн үзвэл угаас төрийн эрхэм чанарыг гэрийн зан үйлээс, хувь хүний сургамжит чанараас эхэлж үнэлдэг, өөрийн дотоод сэтгэлийг ариусгаж, өөрийн гэмийг шүүж улмаар түүгээр дамжуулан өрөөлийн сайн сайхны тулд сургадаг харилцан уялдаа холбоо бүхий арга билэгт чанарыг эрхэмлэж ирсэн нь нэгэнт тодорхой байна.
Эртний монгол сургаалын зохиолын аман болоод бичгийн уламжлалд энэ чиглэлийн номлол сургаал уламжлагдан ирсний дотроос бид гагцхүү бичгийн зохиолын арвин баялаг жишээн дээр тухайн асуудлыг авч үзлээ. Дундад зууны түүхэн зохиолуудаар уламжлагдан ирсэн, XIII зууны сургаалын зохиол болох “Оюун түлхүүр”-т л гэхэд хаан хүнийг сургасан, хатан хүнийг сургасан, түшмэдийг сургасан, хуврагийг сургасан, хөвгүүнийг сургасан, охиныг сургасан гээд хэдэн зүйл ухаанаар зэрэгцүүлэн өгүүлсэн бол, мөн энэ үеийн “Гурван зуун тайчуудыг дарсан домог” сургаалд улсын хаан, өрлөг сайдуудын хоорондын өгүүлэмж, “Аргусан хорчийн домог” өгүүлэлд хаан харьяат албат, хатад хөвгүүдийн билэг оюуны гайхамшгийг, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир”-т хаан хүн-харц ард, хаан хүн-харлиг албат, харлиг албат-харц ард гэсэн гинжин холбоонд цэцлэн сургасныг, мөнхүү “Чингисийн билиг сургаал” хэмээхэд хаан төрийн эрхэм дээд, хаан хүний асрал нигүүсэл сэлтийг тус тус дэлгэн өгүүлсэн нь бий. Улмаар дундад зууны үед монголд дэлгэрсэн “Авах гээхийн дөрвөн мөрт”, “Тоть шувууны сургаал” тэргүүтэн хос ёсны сургаалууд тэрчлэн Өндөр гэгээн Занабазарын “Адистэдийн дээдийг хайрлагч эх”, Зая бандида Лувсанпэрэнлэйн “Алтан хатгуур” тэргүүтэн өөртөө болон бусдад сургасан үгс, Сүмбэ ханбо Ишбалжирын “Хүний ёсны шастир цэцгийн эрих”, Цахар гэвш Лувсанчүлтэмийн “Тус хорыг шинжлэх дуун” хийгээд “Хотол өдүүлгийг зассан” сургаал, Цогт хун тайжийн дууллын шүлэг, мөн арайхан хожуу XIX зууны бичгийн их мэргэд В.Инжиннашийн шигтгэл сул шүлгүүд, Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр”, “Ичиг ичиг”, “Нэгийг хүснэ” Хамба номун хан Агванлувсанхайдавын “Урт үст Цэрэнпэл хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой”, “Өөрийнхөө бэлгэ чанарыг тодорхой үзүүлэгч дуун”, Агвандампилын “Агвандампилын үг” хэмээх өөртөө сургасан зохиол, Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанванжилын “Алтан сургаал”, Зава Дамдины “Зүрхний үг талхлан тээрэмдэгч хүрд”, хуульч Сандагийн “Өөрийн бие өтлөөд ноёноо магтаж хэлсэн нь”, “Түшмэд, хиа нар, ардыг хэлсэн нь”, Хишигбатын “Хос морин сайвар” зэрэг алдартай зохиолуудад монгол өвөг дээдсийн аман ярианд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн хаан хүн, харьяат ард, харлиг албат; хаан, хатан, түшмэд хүний эрдэм; хан хөвгүүнийг сургах, хатад охидыг сургах, түшмэд хүнийг сургах; түүнчлэн, төрийн эрхэм дээд чанар төрлийн хэлхээтний эрдэм оюунт чанар тэдгээрийн хоорондын шүтэн барилдлагын тухай өгүүлсэн жишээ сэлтэд тулгуурлан өнөө цагийн эгэл иргэд эрхэм төрийн түшээдийн сайн оюунд дуслын төдий нэмэр болоосой хэмээн энэхүү илтгэлд хураан өгүүллээ. “Сүмбэ хамбо” Ишбалжирын “Хөхөөн яруу дуун нэрт гүр дуулалд”
Тэнгэрийн усыг хөхөө эрнэ
Хонхрын шаврыг гахай эрнэ [Сайн үгийн сан I.300]
хэмээн өгүүлсэнчилэн энэ цагийн төрийн ихэс дээдэс албат харлиг хэн бүхэн эртний судар номонд өгүүлсэн энэ мэт сургаалыг авч, “Муу явдлыг өөрөө үйлдээд цагийг муу хэмээн” [Равжаа.1992.189] дуудалгүй, “Олон хамаг амьтанд сал онгоц мэт боол сэтгэлийг барин” [Равжаа.1992.194] үйлдвээс “Хорхой тэжээж авсан шүлс магнаг болохыг үзэх” [Равжаа.1992.194] (“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал) буюу нэгэн хүний сэтгэлийн ариун орноос нийт олон төр түмний минь буян хишиг дэлгэрэх тийм сайн цагийг үзэх хувь буй гэж итгэнэм.

STATEHOOD TRADITIONS IN ANCIENT TEACHINGS

Kh. Suglegmaa (Mongolia)

In the era of globalization an important place is given to the protection and research of the national heritage of material and intellectual culture. The Mongols have a long tradition of statehood teachings and doctrines. Since the Middle Ages, Mongolian literature has included teachings for khans and queens, state officers, monks, sons and girls.
Thirteenth-century didactic works include the “Oyun tulkhuur” (“Key to Knowledge”), and the “Gurvan zuun taichuudiig darsan domog” (Legend about battle on three hundred Taichuuds). In this paper I aim to examine the state teachings in written sources such as “Quatrains of taking and losing”, “Teachings of the Parrot”, “Mother granted a benediction” composed by Holy Bogdo Zanabazar, Zay Pandit Luvsanprinlei's teachings in “Golden Pin”, “Garland of Floowers, a Shastra of Human Teachings” composed by Sumbe Khambo Ishbaljir, and “Song for analyzing help and harm” of Tsakhar Gebshi Luvsanchultem.
These sutras teach about way of ruling the state inherited from ancient India and other oriental countries.

12/02/2009

АЛАГ БАЯНГИЙН ТАЛД ХУУЧИЛСАН ШҮЛЭГ

Х. Сүглэгмаа

АЛАГ БАЯНГИЙН ТАЛД ХУУЧИЛСАН ШҮЛЭГ

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алагбаянгийн талыг
Хотолзуулан хуучлав
Балдан гуайх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр

Бор-Овоод Ёндон гуайх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухинаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү
Хүрээгийн дэрсэнд Батмөнхийх суугаа
Хүний өөрийн хэдэн үхэр Цэцэг л усалж байгаа
Хүүхэн ахынх чинь тээр зүүн хэцэд
Хүүхдүүд нь харин тэрүүхэн хавьдаа айл
болцгоосон.

Холбоо шараа унаад миний хүү
Хойд айлуудаар заавал буугаарай
Хотоос ирсэн гээд хүүхэд хөгшцүүл
Хол ойроос харуулдаж байгаа

Баажий ахыг чинь өөд болсноос хойш
Бага хүүгийнх нь бууцан дээрээ л байгаа
Дандарын Банди айлаараа буусан
Даалуу тоглох гээд хааяа ирдэг л юм

Надмидын Хархүүгийнх Ар Цавчиртаа
Найдан нь харин хаа яваа бол?
Наахна нь Хэмгийд Нацагийн их гэр
Нанзад өвгөн гэж байвдаа, тэдний орон суурин

Ухаа загт Дамдинсүрэн ахынх чинь
Уржигдархан хүү нь ирж эргээд явлаа
Урдхан нь Чулуунбат, Амандыхан
Уяа морьд гээд ажил ихтэй л байх

Гарваагийнх Гөөхүүтэйгээ Баянхөөвөрт
Гайгүй сайхан адуутай айл болсон
Агент Хад гуай тэтгэвэртээ суугаад
Арын Улаантолгойд малтайгаа байгаа

Алив миний хүү Энхээгээ дууд
Агаадаа нэг тамхи асаагаад ир гэж хэл
Бидний үеийхэн ч цөөн болж дээ одоо
Бэлчээр, усны хооронд хүүхдүүд л
харагдах юм.

Цэдэндоржийх Сэнжитийн зүүн дээр
Цэндоо эгч нь Гонгоогоо хадамд гаргах гэж байгаа
Маша сумын заан, мань өнөө бага нь начин
боллоо гэнэ
Манай энэ хавийхан ам сайтай л байгаа


Онгоны зүүн дээр Баадгай ахынх чинь
Овоо том болж байгаа, хэдэн хүүхэд нь
Ойрхон тэр хавьд нь Насан-Ишийнх айлаараа
Орж гараад муу хөгшинд нь ханьтай гэж

Хурал цавчирт Хоньхүү ахынх чинь
Хурга ишгэндээ гүйгээд Шонх нь овоо болсон
Тогоогийнх Булагбаяндаа суугаа л байх даа
Тойвтой сураг хэлэхээр хүн ойрд явсангүй

Алсхан л болохоос Өрөлбөд цаг сайн гэнэ
Андгай, Мижээгийхэн тэрээд айлаараа байгаа
Баруухан хойно нь Буландэлгэрийн усанд
Бандимаа ахынх чинь өвөл зунгүй л суудаг юм

Улсын ажил барагдах биш дээ миний хүү
Уул нь хэд хоновол сайн л байна санж
Ижий нь ойр ойрхон яриад л байсан юм
Ирэхийг нь нэг мэдээд л байж дээ

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алагбаянгийн талыг
Хотолзуулан хуучлав

Амьдрал мөнхөд үргэлжлэх
Аргалын утаат говийнхоо
Алсын уул толгодыг
Өндөлзүүлэн хуучлав.