ЯРУУ НАЙРАГЧИД МООД ДАГАНА ГЭЖ БАЙДАГҮЙ
Яруу найрагч цөөхөн эмэгтэйн нэг болох Х.Сүглэгмааг энэ удаагийнхаа “Завсарлага” буланд урилаа. Яруу найрагч Очирбатын Дашбалбарын шавь тэрбээр багшийнхаа талаар судалгааны ном гаргасан гэсэн. Ингээд Улаанбаатарын их сургуулийн Магистр докторын сургалтын албаны дарга доктор дэд профессор Х.Сүглэгмаагийн яриаг уншигч танд сонирхуулья.
-Өөрийг чинь өглөө бүр гүйдэг гэж сонссон. Хэдэн жил гүйж байна даа?
-Сүүлийн хоёр жилийн турш гүйж байна даа. Манай сургуулийн багш нар бүгд гүйдэг болохоор тэдний нөлөөнд автаж хоёр жилийн өмнөөс гүйж эхэлсэн. Гэхдээ манай багш нар их хол зайнд гүйдэг юм билээ. Зарим нь бүр долоо хоногт нэг удаа холын кросст гүйдэг гэсэн. Би бол тийм биш өглөө бүр дөчин минут л гүйдэг. Тэр хугацаанд нь гурван км 800 метр л таардаг юм. Манайхан чи гурван км л гүйсэн үү гээд намайг бас шоолно шүү дээ. Гэхдээ яах вэ энэ нь надад болоод л байдаг юм. Гүйхгүй болохоор толгой хүндрээд л. Хүн юманд амархан дасдаг юм билээ. Сая чамтай уулзахын өмнө би эмнэлгээр явж шинжилгээ өглөө. Тэгсэн чинь эмч найзууд маань чам шиг эрүүл хүн алга гэсэн. Тэгэхээр эрүүл мэндэд зохиххэмжээгээр нөлөөлсөн байгаа биз дээ. Би анагаахын сургууль төгсөөн хүн шүү дээ. Тийм учраас эмч найзууд ихтэй. Тэд л намайг албадангаар шинжилгээ өгүүлж байгаа нь энэ.
-Хүнд хамгийн их үр бүтээлтэй цаг гэж байдаг гэдэг. Өөрийн чинь хувьд? Өөрөөр хэлбэл хэдэн цагт их ажил амжуулдаг вэ?
-Бүсгүйчүүд өглөөгүүр гоо сайханд суудаг гэж ярьдаг юм билээ. Харин би өглөө гоо сайханд суугаад байдаггүй. Миний хувьд хамгийн үнэтэй цаг бол өглөө. 11 цаг хүртэл л хамгийн их үр дүнтэй цаг хугацаа байдаг. Эрүүл мэндэд минь хэрэгтэй юм даа гээд л 40 минутынг гүйхэд зарцуулдаг болохоос ер нь өглөөний цаг хугацаанд их харам. Өглөө босч юмаа уншина, бичиг цаасныхаа ажлыг гүйцээнэ гээд л өглөөний ажил мундахгүй.
-Яруу найрагч бүсгүйчүүд үндэсний хувцасаар их гоёдог. Сүглэгмаа ч бас тэдний нэг. Энэ нь уран бүтээлтэй нь холбоотой юм болов уу? Эсвэл өөр учир шалтгаан байна уу?
-Яруу найрагчид бид байнга л олны нүдний өмнө байдаг болохоор хувцаслалтдаа анхаарахгүй байх аргагүй байдаг л даа. Нэгэнт би монгол хүн болж төрсөн юм болохоор үндэснийхээ хувцсаар гангарах дуртай. Тэгээд ч яруу найрагчдыг бусдын нөлөөнд автдаггүй гэж ярьдаг. Ийм учир шалтгаантай холбоотой байж болох юм. Ер нь яруу найрагчид моод дагана гэж байдаггүй юм даа. Сүүлийн жилүүдэд нас явж байгаа юмуу хаашаа юм монгол хувцсаа хослуулж иж бүрнээр нь өмсөх сонирхолтой болж. Хүмүүсийг хантааз өмсдөггүй байхад 2002 онд Ц.Хулан хантаазтай дээл өмсч нийтэд дэлгэрүүлсэн юм шүү дээ. Харин түүний дараа бид өмссөн. Гэхдээ энэ дээлний загварыг Ц.Хулан надад гаргаж өгсөн юм. Тэр загварынх нь дагуу би хантаазтай дээл урлуулж өмсч байсан. Түүнээс хойш одоо Ардын жүжигчин болсон Ш.Чимидцэеэ гуай бид хоёрынхоос арай илүү өргөн эмжээртэй дарьганга маягийн дээл хийлгэж өмсч байсан юм. Бас тэр жилийн цагаан сараар УИХ-ын гишүүн Н.Болормаа, Д.Арвин нараас эхлээд л Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нарын гэргий хүртэл хантаазтай дээлээр гангарсан даа.
-Хулан загварыг нь гаргаж өгсөн гэв үү?
-Тиймээ. Хулан монгол хувцасны загварыг их сайхан зурдаг. Өөрөө зоригтой учраас ийм байвал зүгээр тийм байвал зүгээр гээд л зоригтой шийдлүүд их гаргадаг.
-Харин Сүглэгмаа ямар вэ?
-Манайх гурван эмэгтэй хүүхэдтэй айл л даа. Эгч дүү бид гурав гурван насны зөрөөтэй. Тиймээс ээж маань олон охидтой айлыг хүн их харж явдаг юм. Та нар юм оёж сур гэдэг байлаа. Тэгээд л ээжийнхээ зөвлөгөөний дагуу 12-13-тай байхдаа дээл оёж сурсан. Тэрсхэн гурван охин болохоор бие биенээсээ илүү оёх гээд л тэрүүхэндээ хор шар нь хөдөлнө. Бас манай гэр дүүрэн хатгамалтай. Хатгах юмаа өөрсдөө ч зурна хүмүүсээр ч зуруулна. Ингэсээр байгаад л юм хатгаж, оёж, зурж сурсан даа. Бас европ хувцасны загварыг гаргачихна шүү. Сургуулийнхаа багш нарын хувцасны загварыг зурчихдаг. Сүүлдээ юм нэхэж хүртэл сурсан. Нөхөртөө нэхэж өгсөн цамц маань одоо хэр нь байдаг юм. Гараар нэхсэн цамц их бөх. Тэгээд ч 1980-аад оны сүүлээр нэхмэлийн утас олдохоо больчихсон болохоор хивсний утсаар нэхсэн юм. Ер нь тэгээд манай гэрт оёсон хатгасан нэхсэн зүйл их дээ. Ямар сайндаа А.Эрдэнэ-Очир манайд ирчихээд Сүглэгээ миний хөгшин муу шүлэг бичиж байхаар наад юмаа оёж байсан нь дээр юм байна гэж намайг цаашлуулж байхав. Ганц юм уух гээд ирэхэд нь би юм оёж байгаа нь энэ гээд оёдлын машин тагчинуулаад байхаар тэр л дээ. Нэг талаар орчин нь солигдоод юм оёх нь надад амралт болдог шиг байгаа юм. Одоо ч гэсэн хөшиг орны бүтээлэг өөр юу байдаг юм хослуулаад л оёх юм байвал оёж өгнө шүү дээ.
-Говийн хүүхэд аргал түүж л өссөн байлгүй? хөдөө очоод аргал түүгээгүй хэр удаж байна?
-Саяхан аргал түүсэн шүү. Гэхдээ Хэнтийн Идэрмэгт. Яруу найрагч зураач Ж.Саруулбуян ах хэдэн найрагчийг нутаг руугаа авч явсан юм. Бид Хэрлэн голын хөвөөнд хэд хоносон юм. Тэгээд хоол цайгаа хийх аргал түүх гээд өглөө эрт бослоо доо. Гайгүй сайхан хөх аргалууд тэр хавиар зөндөө. Очоод л авах гэхээр дан чийгтэй. Манай говьд бол аргал нойтон байна гэсэн юм байхгүй шүү дээ. Гэтэл голын хөвөөнд байгаа аргалууд харахад хуурай юм шиг хэрнээ голдоо нойтон байдаг юм билээ. Харин өдөр тийшээ хатчихдаг юм байна. Тэгээд л өдөр хатахаар нь аргалаа түүсэн дээ.
-Сүүлийн үед хүүхнүүд маань мөнгөн эдлэлээр их гоёх болж. Харин өөрийн чинь хүзүүний зүүлт бугуйвч зэргийг гар хийцний гэхдээ их чамин хийцтэй эдлэл юм гэж бодлоо. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн мөнгөн чимэглэлээр гоёх сонирхолтой юмаа даа?
-Нас нь болоогүй юм байлгүй. Одоохондоо алт монет зүүхийг нэг их боддоггүй. Харин өөрийн чинь хэлсэнчлэн дархан хүний ур ухаан шингэсэн мөнгөн эдлэл зүүх дуртай. Монгол аргаар мөнгөн эдлэл хийдэг хүн ч цөөрч. Урт цагаанд Чимиддорж гэж нэг өвгөн байдаг байлаа. Түүгээр их хийлгэдэг байсан. Харин сүүлийн үед харагдахаа байжээ. Чимиддорж гуайгаар мөнгөн зүүлт хийлгэхдээ дотор нь сахиусаа хүртэл суулгуулж байлаа. Манай нэг шавь Энэтхэг явж ирээд Далай ламын өгсөн сахиус гээд өгч байсан юм. Түүнд нь зориулж зүүлт хийлгэж байгаа нь тэр.
-Тэгэхээр их шүтлэгтэй байх нь ээ?
-Шүтлэгтэй. Манайх Говь мэргэн вангийн хошуу Данданравжаагийн нутгийн айл. Дэмчигийн хийд бол бид нарын тоглож өссөн газар. Тийм учраас хэдэн үеэрээ дамжсан шүтлэгтэй. Өлгий хийдийн нэг эхээс гарсан гурван бандида чинь манай ээжийн талын хүмүүс байхгүй юу. Тийм учраас шүтлэггүй байх аргагүй.
-Урин дулаан цагт хүн бүр л амардаг. Өөрийн чинь хувьд энэ жил хаагуур яаж амарья гэж бодож байна?
-Бид зун болохоор ичээндээ орно гэж ярьдаг юм. Ичээндээ орно гэхээр хэнд ч олдохоо болино гэсэн үг л дээ. Бараг л энэ маань гайгүй л байдаг даа гэмээр л таг болно шүү дээ. Ичээндээ орох болж л байна. Гэхдээ ичээндээ орохоосоо өмнө нэг ажил амжуулах хэрэгтэй байгаа юм. Тэр нь юу гэхээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд очих. Энэ сумынхан жил бүр яруу найрагчдыг урьдаг юм. Тэр урилгад нь Д.Төрбат ах бид хоёр орчихоод байгаа. Хамгийн сонирхорлтой нь яруу найрагчдыг урихаар бороо ордог гэж нутгийнхан нь итгэчихсэн байдаг юм билээ. Найман сарын хоёронд тийшээ явах гээд л бэлтгэж байна.
-Яруу найрагчдыг очихоор бороо ордог хэрэг үү?
-П.Бадарч ах өөр хэн хэн гэлээ дээ хэдэн найрагчид тав зургаан жилийн өмнө тэнд очиж шүлэг уншаад бороо оруулсан гэх юм билээ. Түүнээс хойш яруу найрагчдыг ирэх болгонд тэнд бороо ордог гэсэн. Тэгээд л найрагчдыг ирэхээр бороо орж ган тайлагддаг гэж нутгийнхан итгэдэг шиг байгаа юм. Сонирхолтой нь тэд өөрсдөө бороо орсныг нь мэдээгүй гэсэн. Халамцуу л явсан хэрэг л дээ. Харин энэ удаад бороо оруулах юм уу яах юм бүү мэд. Д.Төрбат ах л “Могойн чуулган” бичсэнээрээ бороо оруулдаг байх даа. Би ч яана даа л гэж бодож байгаа. Хатанбулаг бол Галбын говийн төгсгөл хэсэг шүү дээ. Галбын говь хүчтэй энергийн цөм төв. Тийм учраас газар устай нь холбоотой байж магадгүй.
-Мэдээж уран бүтээл ихтэй л байгаа байлгүй?
-Энэ жил яруу найргийн хоёр ном гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь англи хэл болон монгол бичгээр нөгөөх нь монгол хэлээр гарах учиртай. Мөн энэ жилийн хийсэн хамгийн том ажил гэвэл Очирбатын Дашбалбарын амьдрал уран бүтээлийг харуулсан ном гаргасан. Дашбалбар гэж хүний улс төрд оруулсан үүрэг, бурханы шашин сэргэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн гээд л тал талын мэдээлэл оруулсан их сонин ном байгаа даа.
No comments:
Post a Comment