Pages

2/23/2010

Thursday, 04 November 2010 Улаанбаатар Таймс

Яруу найрагч Х.Сүглэгмаа алдарт Дэмчигийн хийддээ мөргөхөөр явжээ


Монголын яруу найргийн хөгжлийн төлөө энэ биеэ зориулж яваа цөөхөн эмэгтэйн нэг нь яруу найрагч Х.Сүглэгмаа. Жил бүрийн “Болор цом” наадамд оролцож үзэгч түмэндээ уянгалаг сайхан найргаа сонордуулж яваа тэрбээр саяхан нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Найрагт дуртай хүмүүс бол түүнийг говийн ноён
хутагт Данзанравжаагийн нутгийн найрагч гэдгийг мэдэх байх. Мөн Улаанбаатарын их сургуулийн багш гэдгийг нь ч андахгүй биз. Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч гэдгээ багш оюутнуудаа нотлоод авсан тэрбээр жил бүр нутагтаа очиж алдарт Дэмчигийн хийддээ мөргөдөг заншилтай. Монголчуудын хайр хүндлэлийг хүлээж цагтаа Монгол Улсын төрийг хүртэл түшилцэж явсан нэрт найрагч Очирбатын Дашбалбарын шавь энэ бүсгүй Дэмчигийн хийддээ мөргөж бүтэн жилийн энерги авахын сацуу амьд бурхан ижийтэйгээ уулзахаар явж буй нь энэ аж.
******************************************************

“Болор цом-2009” наадамд миний уншсан шүлгүүд
ЧУЛУУН ГЭР

Энгэр газрыг тэгшлэн засч
Эрдэнийн чулуугаар голомтоо тулна
Эрххэн хэдэн дүүгээ дагуулаад
Эвий эвий тоглож өнжинө

Хатан нарны бүслүүр дагуулж
Хаан гэрийнхээ ханыг дугуйлна
Үелээ үелээ толгодоо зүсэлж

Үүдэн хоймроо тэгшхэн голлуулна
Үйл үйлийн шаглааг бодож
Үе завсаргүй цувуулж өрнө
Үүрд амгалангийн бэлгийг бодож
Үүд хаалгаа нээлттэй барина

Зузаан нимгэн хоёр чулуугаар
Зуух тогоогоо эхэлж тулна
Хормойлсон чулуунаасаа тэгшийг нь харж
Хоймрын авдраа дараа нь тавина

Ижил ижилхэн хоёр чулуугаар
Ижий аавынхаа орыг зална
Идээ цагаа арвиныг ерөөж
Илүүхэн өндрөөр нь эрэгнэгээ тулна

Будаа чихэр өнгөөр алаглуулж
Бурхан тахилаа ёсоор өрнө
Бузгай айлын нүнжиг зааж
Буусан гийчинд идээ тавина

Уул уулынхаа чулуунаас түүсэн юм
Улаан голдууг нь үхэр сүрэг гэнэ
Цаад наад голоосоо авсан юм
Цагаан голдууг нь хонин сүрэг гэнэ

Оргил оргилынхоо өндрөөс нь түүсэн юм
Овоо товирууг нь адуун сүрэг гэнэ
Ойр хол говиосоо цуглуулсан юм
Олон тоотойг нь тэмээн сүрэг гэнэ

Зүг зүгийн толгодоос ирсэн юм
Зүс алагийг нь ямаан сүрэг гэнэ
Зүг бүртээ малаа бэлчээнэ
Зүс ижилсүүлж сүргээ багшруулна

Хотгор гүдгэрээ дагуулж
Хороо бууц бүгдийг нь засна
Хормой хормой чулуунаас бүтсэн
Хот айл ингэж босно

Хаан тэнгэрт мөрлүүлж боссон
Тоонотой билээ энэ айл
Хатан дэлхийд шийрлүүлж тулсан
Тотготой билээ энэ айл
Дөрвөн зүг найман зовхист
Ханаа дугуйлсан их Монголын
Дөрөөн чимээтэй уяан дээр нь
Дэлхий ирж амс хийдэг

2009-07-25

ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ

Алагхан хоёр нүдээрээ гар дагуулж
Арван төгрөг өгөөч гэх юм
Алган дээр чинь гаргаад тавих
Аравт тавт нь алгаа дүү минь
Аялгуут сайхан дууны чинь хариуд
Амьдрал сайхаан гэх итгэлээ өгье

Улаан нүүртэй болгоныг царайчилж
Ундны мөнгө өгөөч гэх юм
Уралдаад уралдаад чам руу сарвайх
Урд хойд нь алгаа дүү минь
Уянгатай сайхан дууны чинь хариуд
Уулын орой харах ухаанаа чамд өгье

Гутамшиг, эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан
Гутрах юу байх вэ миний дүү
Гудамж талбай энэ олны дунд
Гуйх нүүртэй нь харин чи л үлдэж
Бусдын сайн сайхан бүхнийг
Булаагаад хэдийнэ сурчихсан наадуул чинь
Булингарт энэ олны урсгалд
Буян гуйдаг нь чи л үлдэж

Ойворгон дэвэргэн тонуулчдын дунд
Овоо доо миний дүү, чи гуйхын сэтгэлтэй үлдэж
Орчлонд чамаас баян хүнийг
Одоо харин би олохгүй нь байна шүү

Болжморын даль шиг хөөрхөн алган дээр чинь
Борог зүрэгхэн эх орон минь багтдаг юм
Боодолтой чихэр бор таван төгрөг аль нь ч хэрэггүй ээ
Болно доо гэх сэтгэлээ үлдээе, буян хураг ээ
2009-12-03

No comments:

Post a Comment