Pages

11/22/2011

«Үндэсний шуудан» сонин /2011.11.21 №270 (1294)/

Х.СҮГЛЭГМАА: Өөрийнхөөрөө байхгүй бол цаг үетэйгээ хамт дуусна


Энэ удаа “Яагаад” буландаа яруу найрагч Х.Сүглэгмааг урьлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналыг хүртсэн юм.

-Та яруу найргийн шинэ номоо яагаад «Нүүдэл» гэж нэрлэх болов?
Миний «Нүүдэл» гээд нэлээн эртний шүлэг байдаг юм. Хүмүүс их дуртай. Соёл яруу найргийн академийн надад олгосон шагналын авардсан дээр “Нүүдэл”, “Талын хөх салхи”, “Ноён гэгээнд бичсэн захидал шүлэг” зэрэг монголын уламжлалт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлж байгаад чинь энэхүү шагналыг олгож байна гэж бичсэн байдаг юм. Миний найзуудын надад бэлэглэсэн “Нүүдэл” нэртэй уран зураг, уран бичлэг байдаг. Энэ шүлэг намайг илэрхийлэх бас нэг онцлогтой шиг байгаа юм. Номоо яг ингэж нэрлэнэ гэж бодоогүй, зүгээр л шүлгүүдээ эмхтгээд ардын уран зохиолч Д.Цоодол ахад аваачаад өгсөн. Тэрээр номын өмнөх үгийг бичээд “Шинэ нутаг үзэгчийн тэмдэглэл буюу үүдэн үг” гэсэн нэртэй өмнөх үг бичсэн байсан. Ингээд л энэ номын нэр санамсаргүй л «Нүүдэл» болсон доо.
-Таныг нэгэн утга зохиол шүүмжлэгч “Цаг хугацаанаас ангид оршигч” гэж бичсэн байсан. Өөрөө яагаад их чимээгүй, өөрийнхөөрөө, бас этгээд зожигдуу байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Хүнээс зожиг ганцаараа байх гээд зөрүүдлээд байгаа юм алга. Харин аль ч цаг үед өөрийнхөөрөө байсан нь бол үнэн. Энэ цаг үеийн юм юманд би дасах идээшихдээ тааруу хүн л дээ. Тэр нь тэгж мэдрэгдсэн хэрэг. Угаасаа энэ амьдралд чинь өөрийнхөөрөө, өөрийнхөө дотоод тэр мөн чанараа өнгөлж зүлгэж амьдарч байж л, өөрийн онцлогтой уран бүтээл хийнэ шүү дээ. Тэгэхгүй бол цаг үетэйгээ хамт дуусна. Цаг хугацаа миний дэргэд орших уу, би цаг хугацааны дэргэд орших уу, үүнд л хариулт нь байгаа байх гэж бодож байна.
-Монголын эмэгтэй яруу найрагчдын СD, яруу найргийн түүвэр англи хэлээр гарсан гэсэн. Энэ талаараа яагаад мэдээлэхгүй чимээгүй байгаад байна вэ?
Энэ бол бүсгүйчүүдийн зан юм даа. Английн нэртэй яруу найрагч эмэгтэй Рут Коллагений орчуулгаар Ш.Дулмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Оюундарь бидний шүлэг СD болж гарсан. Энэ эмэгтэй 2010 онд мөн бидний шүлгийг “Echoes from the steppe” нэртэйгээр орчуулж, Английн “Arts council England” байгууллагаас ном болгож 2010 онд хэвлүүлсэн юм. Англид англи хэлээр гарч байгаа яруу найргийн түүвэр гэдэг утгаараа сайхан ном болсон байна.
-Яагаад буддын уран зохиолын талаар түлхүү судалдаг юм бэ?
Хүний тухай, хүний дотоод зан чанар гүн ухааны талаар бичсэн байдаг болохоор нь буддын уран зохиолд татагддаг. Сая буддын гүн ухааны хоёр гурван зохиол уншлаа. Одоо мөн улааны урсгалын гол төлөөлөгч Данзанравжаа, шарын урсгалын гол төлөөлөгч Агваанхайдав хоёрын хэдэн зохиолыг тулгаж шүүж уншиж байна. Намар ерөнхийдөө унших, тогтвортой сууж үзэх юмаа барьж авбал бүтээмж нь дээр юм шиг санагддаг. Тэгээд аяндаа бичих гээд хөндүүрлээд ирнэ дээ. Тийм хөндүүр үедээ бичиж хийсэн юм арай өөр байдаг.

No comments:

Post a Comment