Pages

11/21/2011

«Улаанбаатар таймс» 2011-11-21 195676

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодров
«Улаанбаатар таймс» 2011-11-21 16:04:04 , Мэдээний дугаар: #1195676

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөрт зориулж, түүний нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Хоёр жилд нэг удаа олгодог энэхүү шагналыг нэг удаад гурав хүртэлх хүнд олгодог журамтай ч энэ жил их зохиолчийн мэндэлсний 105 жилийн ой тохиож буй тул 11 хүнийг шагнажээ.
Шагналд нийт 40 орчим уран бүтээлчид утга зохиолын бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс эрдэмтэн зохиолч Л.Дашням "Цөллөг", "Зуны цас", "Бор дэвтэр", "Есүхэй баатар", хэл шинжлэлийн ухааны доктор Б.Магсаржав "XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог", Х.Сүглэгмаа "Очирбатын Дашбалбар" судалгаа шинжилгээний бүтээлээрээ, орчуулагч О.Чинбаяр Г.Маркесийн "Хурандаад хэн ч бичихгүй", О.Уайльдын "Дориан Грейн хөрөг", Ж.Жойсын "Үлисс" орчуулгын бүтээлээрээ хүртсэн юм.
Харин хүүхдийн зохиолын төрөлд Д.Батжаргал ''Хүүхэд багачуудын хөгжөөнт ном", шог хошин зохиолын төрөлд Ш.Цэнджав "Хүлээх өрөөний эзэгтэй" хошин роман, яруу найргийн төрөлд Х.Чилаажав "Хуучин ертөнцийн шинэ зам", Б.Галсансүх "Бурханд өгөх зөвлөгөө" пост панк шүлгээрээ, Б.Ичинхорлоо "Чинад хязгаарт хүрэхүй", П.Нямлхагва ''Алтан хагсуурга" яруу найргийн номоороо тус тус их зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

No comments:

Post a Comment