Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр энэ сарын 16-нд тохиож, түүний нэрэмжит шагналтнууд тодорлоо. Хоёр жилд нэг удаа олгодог энэхүү шагналыг нэг удаад гурав хүртэлх хүнд олгодог журамтай ч энэ жил их зохиолчийн мэндэлсний 105 жилийн ой тохиож буй тул 11 хүнийг шагнаж, шагналын хур буулгажээ. Шагналд нийт 40 орчим уран бүтээлчид утга зохиолын бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс эрдэмтэн зохиолч Л.Дашням “Цөллөг”, “Зуны цас”, “Бор дэвтэр”, “Есүхэй баатар”, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Магсаржав “XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог”, Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” судалгаа шинжилгээний бүтээлээрээ, орчуулагч О.Чинбаяр Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ж.Жойсын “Үлисс” орчуулгын бүтээлээрээ хүртлээ. Харин хүүхдийн зохиолын төрөлд Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”, шог хошин зохиолын төрөлд До.Цэнджав “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман, яруу найргийн төрөлд Х.Чилаажав “Хуучин ертөнцийн шинэ зам”, Б.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө” пост панк шүлгээрээ, Б.Ичинхорлоо “Чинад хязгаарт хүрэхүй”, П.Нямлхагва “Алтан хагсуурга” яруу найргийн номоороо их зохиолчийн нэрэмжит шагнал хүртэв. Шагналыг БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда, Соёл урлагийн хорооны дарга, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар гардуулан өглөө.
Ч.Содномдорж
баяр хүргэе Сүглэгмаа эгч
ReplyDelete