Pages

6/16/2011

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Хургаагийн Сүглэгмаа

ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР

“Аав маань морьд гарахаар явахад бидэнд “Цээжний хэдтэй гараарай” гэдэгсэн” хэмээн С.Оюунчимэг эгч нэгэнтээ «Бурхдад өргөх дуун зул» номондоо бичсэн юм. Морьд эргэжээ. Үнэхээр монголын шинэ үеийн уран зохиолын цээжинд эргэсэн морьдын дунд охин нь «Цайны дээж», «Талын монгол аялгуу», «Наран зүг», «Бурхдад өргөх дуун зул» номоороо “Талын монгол айл”, “Хан шувуу”, “Гэргий” зэрэг нийтийн дууны олон сайхан сонгодог бүтээлүүдээрээ барианы газраас хэнд ч танигдахаар тодрон тодрон айсуй.
Өвлийн дунд сарын бүүдгэрхэн өглөө ажилдаа гарах гэж байтал эртээ утас дуугарлаа. Сүрэнгийн Оюунчимэг. Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр шүү дээ, Хоёулаа нэг уулзая гэнэ. Ингээд надад өдрийн сайныг тохиолдуулан шинэ номынхоо сүүн цацлыг өргүүлэх хүсэлтэйгээ хэлж байна. Аргагүй л буянтай айлын бузгай охин гэдэг нь юм юмнаас нь харагдана. Би ч хэрэндээ сүрдээд “үгүй та өчнөөн сайхан багш нартай хүн…” гэтэл “Би бодож байгаад шийдсэн юм. Чи нэг үзээдэх” гэнэ. Угийн шударгуу чанга эрхэмсэг эмэгтэй л дээ.
Түүний өгүүллэг, нийтлэл, эссээ, бодролын шинэ номыг уншиж, ёстой л “бугын дуунаар сэрдэг” Булган хангай нутгаар нь бууж мордоод ирсэн лугаа сайхан боллоо. Сайн хүний сайхан сэтгэлээс ургасан ном гэж энэ дээ. Би ганц л юм бодлоо. Энэ ном аль болох хурдан хүмүүсийн гар дээр очоосой, аль болох олон хүн олж уншаасай гэж сэтгэлдээ яарч сууна. Бид өнөөдөр шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг дээшлүүлж байна, мэдээлэл технологийн эрин зууныг бүтээж байна, дэлхийн улс үндэстнүүд глобальчлалын эрин зуунд шилжлээ гэх зэрэг чих нүдээр тасласан холын юм ярьж нэгнийхээ мөрөн дээр байтугай толгой дээр гишгэчих шахан дээр дороо орж, хаалгаа байтугай сэтгэлдээ цоож цуурга зүүх нь холгүй, хананыхаа цаадахь айлын нэрийг хэлж, зүсийг зүслэхгүй ажин түжин амьдарч сууна. Энэ цаг биднээс юу юуг минь салгаж одоод, бас оронд нь юу юуг авч ирээд өгчих вэ дээ,мэдэхгүй.
Шинэ номын нэр «Замба тивийн наран дор». Бидний төрөх, өсөх, өтлөх, үхэх, жаргах зовох, уйлах дуулах, ирэх буцахын мянга мянган шижим гагц энэ замба тивийн наран дор л аж. Ямар энгийн үнэн, ямар энгийн гоо сайхан ертөнцийг бүтээгээ вэ, энэ номонд. Орчлонгийн чөлөө учралаар тохиосон нэгэн насны минь амьдралыг өдөр шөнө хэмээх хар цагаан хоёр хулгана нэг нэгээр нь зөөж оддог гэнэм. Бид яаж амьдрах нь биш хэн байсанд л хэргийн учир тохионо шүү.
Өвөөгийнхөө нуруунд үүрүүлээд хөвөнтэй дээлнийх нь гаднаас үлээн “дулаахан байгаа биз” гэж эрхлэн яваа энхрийхэн, намрын халуун өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн ээжийнхээ шаалин алчуураар хэд хоногтоо л гангарсан поодгорхон, сүүн тасгийн норм биелүүлэх гэж зүтгэж байгаа аав ээждээ үүрийн торон жирэнгээр босон үдшийн бүрий хүртэл гэрт гадаахыг хамжилцсан хэрсүүхэн, зэргэлдээ суманд охин дүүтэйгээ өрх ам толгойлон сууж, тракторын жолооч танихгүй “загзгар” хүнийг гуйж хэвийн боовоо хийлгүүлээд, шинийн нэгний өглөө өөрөө хоймроо гарч суугаад дүүтэйгээ золгуут хийж, дотуур байрны найз нараа авчраад “нижгэр” цагаалсан хэвлүүхэн охин бол “Аргалчин бага нас”, “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа”, “Алтан үнэмлэх”, “Зургийн хуар шиг Жаргалант минь”, “Нарны садан” тэргүүтэй нийтлэлүүдийн гол баатар эдүгээгийн яруу найрагч зохиолч С.Оюунчимэгийн өөрийнх нь бага нас юм. Өөрт нь таарсан хөөрхөн шээзгий хийж өгөөд аргалд дагуулан аль холын аргалыг түүлгэх гэж учирлан явахдаа ижий нь эх орон гэдэг Бумбатаас нь, Догзонгийн өвөлжөөнөөс нь эхэлдэг гэдгийг ойлгуулсан бол амттанаар угжиж, өнгөтнийг өмсгөж, алган дээрээ бөмбөрүүлсэн ааваасаа, эмээ,өвгөн аав, буурай нараасаа тэр хүнийг хайрлахын ухаанд өлгийдүүлж, амьдрал жаргалын амт нь бусдад хайр түгээхийн хишиг юм гэж ухаарсан хэрэг.
“…Тэр хоёр хөхрөөд л, би хархүү хаанаас олох вэ, энэ Цогтоо үргэлж нусаа чирч явдаг бүтэхгүй ээ, Батсуурь бид хоёр төрөл юм болохгүй ээ, сумын төвийн хэд мал мэдэхгүй…Ээж бас л Цэвээн гуайд бэлгээ өгөөч, айлчин чинь явах нь гэв. Би бүүр өгөх юмгүйдээд, торгонд өлгийдөөд тавьсан чулуун хүүхдээ авч өгөөд энийг өсгөөд аваарай. Морь малаа бариулж байхгүй юу гэв. Тэр хоёр бүүр нэг хачин сэтгэлээсээ инээлдсээр миний тоглоомоос буцлаа” хэмээн “Манай нутгаар яваад ирсэн эрхмийн яриа” нийтлэл дэх чулуун гэр бариад айл гэр болж тоглож байсан бага насных нь дурсамжид гарна. Оюунаа эгчтэй хааяа уулзаад өнгөрөхөд, мөн нутаг орноор нь хамт явж сууж байхад хүнд аль байдгаа өгч байж нэг санаа нь амарна. Энэ сайхан өгөөмөр зан түүний амьдрал жаргалын эх булаг нь, бусдыг хайрлаж өөрийгөө хайрлуулахын их ухаан нь тэр томоогүй багадаа тоглоомон гэрт нь айлчилж ирсэн ээжийнхээ найз хүүхэнд өгөх юм олдохгүй, “өлгийтэй хүүхдээ” өр харамгүй өгөөд явуулж байгаа нялх багын сэтгэлд нь дэлгэрсэн хайрын үр юм. Та энэ номноос монгол түмний их ухаан, жудаг ёсыг хормойлсон “Өвгөн нүүдэл”, “Салхины эргүүлэг”, “Улаан ямаат”, залуу нас хайр сэтгэлийн нандин дурсамж тээсэн “Аальгүйхэн 37 нас минь”, “Цомбон туурайт”, монгол төрийн түүхэн хүн Чин ван Ханддоржийн амьдрал намтраас сэдэвлэсэн “Үрээрээ төлсөн нөхөөс” зэрэг жинхэнэ Булган хангайн хөрсөнд соёолсон нугын цэцэг шиг анхилам үнэрт, нуугьсан намрын айраг шиг уруул чимчигнүүлсэн монгол өгүүллэгүүдийг амтархан унших болно.
“Сүрэнгийн охин уу шээзгий савраа орхиод суу” хэмээсэн нутгийн сайхан сэтгэлтэй жолоочоор хүргүүлэн, Хишиг-Өндөрийн сургуульд сурахаар явахад ижий нь “за ор дэр ч яахав, ширээний булан л олоод суугаад авбал болох нь тэр” гэж байсан юм. Охиноо л сургууль бараадуулахсан гэх Ижийнхээ хүслийг өнөөдөр тэрээр биелүүлжээ. Зохиолч яруу найрагч Оюунчимэг эгч, сандрахдаа хөдөө шээзгий савраа тавьж орхиод сургуульд явсан тухайгаа хожим нь ”Ижийдээ шээзгийтэй аргалыг нь дүүргээд орхих ухаан дутсан” гэж ха
руусал тээн өгүүлсэн байдаг юм. Үгүй дээ, та ижийнхээ шээзгийг ухаарлын үрээр дүүргэж зуун зууны хүн төрөлхтний сэтгэлийн галыг бадрааж суугаа буянтай охин шүү гэж номын босго мялаах сүүн цацалдаа шившин залбирч өргөе. Өвөг дээдсийн чинь буян хишиг хурсан монголын их газар шороо уул усан таны «Замба тивийн наран дор» өнө үүрд орших болтугай.
Лусын гэрэлт бумба тэвэрч, уул усныхаа зүүдийг хормойлсон домгийн гэрэлт охины аяны харгуйг мялааж сүүн цагаан сэтгэлийн цацал өргөв.

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч
Хургаагийн Сүглэгмаа


С.Оюунчимэг «ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР» номоос

No comments:

Post a Comment