Pages

5/29/2011

Ч.Дагвадорж «ХХ зууны монгол уран зохиол онол түүхийн судалгаа»

МАРТАЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ МАГТААЛ
СОНСОХООР НОМ

Мартаад л, мартаад л, бид мартаад л. Ер юу эсийг мартсан гэхэв, мартахаарыг ч мартаж, мартахааргүйг чиг мартаж. Чухам л мартахын тулд төрж, манарахын тулд ирсэн юм шиг л явцгаах юмдаа. Өтөл нь ч мартаад л, өсөж яваа нь ч мартаад л.
70-аад жил замнасан социализмын үед олсон оноо, гаргасан алдаагаа, тэр цагийн удирдагчид, бүтээн байгуулагчидтай нь мартсан. Урдын уламжлах гэгээтэй юмаа өвлөх, авахын оронд бүхэлд нь муулаад л түүхийн хог дээр асгачихсан. Яг л барилгын хаягдал асгаж байгаа юм шиг.
Тэрч байтугай 70 жилд буй болгосон соёл, урлагийн бүтээлээ туурвисан уран бүтээлчидтай нь орхичихсон. “Орхичихсон” гэж их зөөлөн хэллээ л дээ.
Зохиолчдын байгууллагыг олон жил толгойлж, гадаад олон улсын тийм чиглэлийн байгууллагатай хэлэлцвэл хэлэлцэх зохиолтой болоход оройлсон С.Удвал гуйгаа, хөгжмийн зохиолчдоос өнөөх өглөө сэрээж, оройд нойрсоход эгшиглүүлж байдаг төрийн дууллын аялгууг зохиосон Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарыгаа тэнгэрийн орноо одоход нь төр, засаг маань, уншигч, сонсогчид маань яаж үдлээ дээ? Ер нь тэгж одоо, бүүр хойшдоо бодогдохоор үдлүү? Яалаа?
Бас заримыг сүржин үдэх атлаа өдөр, хоногоор мартсаар л. О.Дашбалбарыг таалал болоход үгийн урныг хэлхэн бичиж, харамсаж байсан хүмүүс одоо бараг мартаа юудаа гэмээр. Яахав, үйлийн үртэй хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, яах аргагүй үг, сургаалий нь сонсож явсан шавь, гэмгүй шиг явсан үзэг нэгтнүүд нь одоохондоо бурхан болсон өдрөөр нь жилдээ нэг дурсах янзтай шиг. Иймэрхүү л.
Хэргээ болохоор О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Залуус дүү нарт хүргэх шүлэг”-ийг нь уран уншигчдыг бэлтгүүлж байгаад амнаас нь хөөс сагартал уншуулах атлаа одоо л тэр хүнийг нэг дурсаасай, нэрийг нь хэлээсэй гэсэн юман дээр хараагүйчин, сонсоогүйчин, мэдээгүйчин болж өнгөрөхийг яана.
Бид наснаас нөхөчсөн нэгнийхээ уран бүтээлд ингэж л хандаж явна. Гутармаар хэцүү, гомдмоор муухайяа. Даанч тэр хөөрхий суутнууд өндийж ирээд гашуун ёж үг хэлэхгүй, өгөө аваа горьдохгүй юмдаа. Чингэхлээр давтан хэлэхэд зах зээлийн нийгэм гэгчийн үед уран бүтээлчийн чин сүсэгт тоотой хэдэн нөхөд, шавь, ар гэрийнхэн нь санаж, дурсаж байгаа юм уу даа.
Хэдхэн сарын өмнө О.Дашбалбарын гарынх нь шавь яруу найрагч, эрдэмтэн Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” (Амьдрал, уран бүтээл), мэргэжлийнхний хэлээр ганц сэдэвт зохиол бичжээ. Бас нээлт, номын баяр ч хийсэн. Бодвол, гагц утга зохиолын судлагч, шүүмжлэгчид төдийгүй, уран зохиолд элэгтэй хүн болгон үзсэн баймаар энэ номыг өдийд нилээд уншигчид хуудсыг нь сөхөж харсан, магадгүй санал сэтгэгдлээ ч илэрхийлэхээр болж байгаа болов уу.
Манайд зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замыг ийм цогц байдлаар авч үзсэн судалгаа тийм ч олонгүй. Ийм хэлбэрийн судалгааны эхлэлийг утга зохиолын ахмад судлаач Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966)-оор эхийг тавьснаас хойш шүүмжлэгч Ц.Мөнх “Б.Явуухулангийн яруу найрагт хийсэн ажиглалт, тэмдэглэл” (1984), Б.Ганбат “Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба”(2000) номууд туурвисан нь уран зохиолын түүх бичихэд, зохиолчийн хөдөлмөрийг судлахад их тустай болсон билээ.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” (2009) ном өмнө дурдсан номуудыг бодоход яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн замналтай холбогдох арвин баялаг хэрэглэгдэхүүнээс сонгосон, зохиолчийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч гэдгийг түүх, архивын, зохиолчтой нэгэн үед амьдарч бүтээлээ туурвиж явсан хүмүүсийн амьд дурсамжаар нотлож байгаа зэрэг нь уг номын эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл харагдаж байна. Үүгээрээ манайдаа ганцхан байгаа ном л доо.
Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэхлээр туурвин бүтээх авьяас билиг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, тэр нь тогтсон хүнийг хэлнэ гэдэг. Хэдүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч гэлээ энэ ойлголт лав хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Зохиолч хэний ч заавар зөвлөмжгүйгээр уран бүтээлээ туурвина. Тэр бүтээл нь нийгэм гуай хэд урваж хөрвөж байсан ч зохиол нь төрөлх ард түмэндээ, соёлт хүн төрөлхтөнд уран сайхны үнэт өв болсоор байна гэсэн үг л дээ. Яагаад гэвэл зохиолч уншигчдаасаа дор хаяхад хэдэн алхмын өмнө явж бүтээлээ туурвидаг учраас энэ юм гэдэг. Даанч тийм зохиолч цөөхөн, тэр дундаа манайд ер нь цөөхөн байсан нь үнэний хувь бий. Харин О.Дашбалбар бол тэр цөөхний нэг, өөрөөр хэлбэл амьдарч байсан нийгэм цаг үетэйгээ холбоотой байсан нь мэдээж боловч түүний боол, зарц нь яваагүй уран бүтээлч л дээ. Яагаад ийм байв, болов гэдгийг л эрдэмтэн Х.Сүглэгмаагийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номд хүүхэд ахуйгаас нь, авьяас билиг нь дэлгэрэх үеэс их үнэмшилтэй гагцхүү баримт, баримтаас гарах дүгнэлтийн хэмжээнд судлан туурвиснаараа энэ ном зүйрлэшгүй үнэ цэнэтэй юм.
Х.Сүглэгмаагийн эл бүтээлд О.Дашбалбарын хүүхэд ахуйд бичсэн анхны шүлгээс нь задлал хийж хүүхэд насны гэнэн шүлгээс залуу, идэр насны шүлгийн шинэ сэвүүн санаа яаж төрсөн, тэр нь яаж уран бүтээл болсныг зохиолчийн авьяас билиг хөгжсөн орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлээд, зэргийн нөхөд, ханьсаж, дотносож явсан уран бүтээлчид, (Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Ж.Бямба, Д.Шагдарсүрэн гэх мэт), ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан авьяас билиг нь хэрхэн дэлгэрэн хөгжсөнийг “Оддын аялгуу” зэрэг яруу найрагт тод мөрөө гаргасан анхны бүтээлтэй нь холбон тайлбарласан нь анхаарал татам.
О.Дашбалбар 1990- ээд оны эхээр, таван ном хэвлүүллээ. Монголын утга зохиолд түүгээр үлдвэл үлдэнэ биз. Үгүй бол тэр л биз хэмээн бардамхан өгүүлж байж билээ. Энэ таван ном нь “Оддын аялгуу”, (1985), “Гол ус намуухан урсана” (1989), “Гэрэлт хайр” (1990), “Зүүдний мөнгөн шувуу” (1990), “Бурхны мэлмий” (1991) байжээ. Нээрэн л энэ таван номд О.Дашбалбарын яруу найрагчийн сэрэл мэдрэмж, сэтгэл санаа, зөн, хорвоогийн мөн чанарын тухай бясалгал цөм багтсан шиг.
Х.Сүглэгмаа энэ гол таван номд орсон шүлгийн үүсэж төрсөн үүх түүхээс аваад, түүний уншигчдад хүрсэн замыг ном, номын донж төрхтэй холбон тайлбарлсан нь гагцхан уран зохиолын судлаач, шүүмжлэгчид, зохиолчдод хэрэг тустай биш, ерөөсөө О.Дашбалбарыг, уран бүтээлийг нь ойлгож мэдрэх гэж явдаг өргөн олон нийтэд “Очирбатын Дашбалбар” ном тустай юм. 1990-ээд оноос уран зохиолыг үзэх үзэлд өөрчлөлт гарч өнөөх реализмын зарчмаас гажсан, сөрсөн янз бүрийн шүлэг зохиол хаа сайгүй гарах болов. Ийм үед О.Дашбалбар уран зохиолд анхны алхмаа хийж байсан залуу авьяастанд хандаж “Яруу найраг дахь нялхсын өвчин” шүүмжлэлт өгүүллээ уншигчдын хүртээл болгосон нь яруу найргийг ойлгоход их тус болсон.
Яруу найргийн шинэ урсгалыг шохоорхогчид, түүнийг дэмжигчид “Бид л монголын утга зохиолд цоо шинэ юм оруулаад ирлээ” гэх аястай ярьж, бичиж бүүр “Модернизм монголд” хэмээх ном хүртэл хэвлүүлж байв. Энэ үед О.Дашбалбар “Шинэчлэл гэж ийм юм байдаггүй юмаа. Тэгэхэд хүрвэл миний шүлгүүд дотор ч модернист шүлэг зөндөөн л бийдэг” хэмээн хэлж яруу найргийн шинэ хандлагын талаар уйгагүй маргаан өрнүүлж энэ чанараараа “хямрал”-ын үеийн уран зохиолоос эерэгээр гарах гарцыг хайж араасаа яруу найргийн бүхэл бүтэн үеийг дагуулж байсныг түүний “Гол ус намуухан урсана” номоор нэрлэсэн “ГУНУ” урсгалын зарчим уриагаас үзэж болох байхаа.
Х.Сүглэгмаагийн “Очирбатын Дашбалбар” номд яруу найрагчийн энэ бүх яруу найраг дахь хошуучлагч, шинэчлэгчийн байр суурийг нүдээр үзэгчийн,судлан шинжлэгчийн байр суринаас ул үндэстэй гаргасныг ололт хэмээн цохон тэмдэглэх учиртай. Яагаад гэвэл он цаг урсах тутам тухайн судалгааны ном улам үнэд орно.
“Очирбатын Дашбалбар” номд байгаа өөр нэг тэмдэглэх содон зүйл бол яруу найрагчийн нийгэм, улс төрийн амьдралд оролцох болсон, энэ үеийн оюун санааны гүнзгийрэл, уран илтгэгч, нийтлэлч болсон замыг өгүүлэхдээ “С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд багшилж байсан үеийг онцлон авч үзсэн нь анхаарал татаж байна. Намайг насан залуу байх цагт миний удирдагч багш Чой.Лувсанжав багштан санаа сэтгэл нь цэлмэн гийсэн үедээ”
- Багш нь ч сурдаг. Оюутан нь ч сурдаг гэсэн үгтэй юмаа, хүү минь” гэж ирээд л урьд өмнө зааж байгаагүй шинэ хичээл заахдаа хэлдэг байсансан. Түүнлүгээ нэгэн адил О.Дашбалбар “С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуульд” багшлаагүйсэн бол, тэр үеийн оюутнуудын өмнө өөртөө тийм их итгэлтэй байж тухайн цагийн монголын их, дээд сургуулийн утга зохиолоор мэргэжил олгож байсан сургалтын төлөвлөгөөг “эвдсэн” хичээлийг зааж дадлага хийгээгүйсэн бол тийм нэртэй нийтлэлч, илтгэгч болох байсан болов уу гэж хааяа бодогддог.
Энэ үе бол О.Дашбалбарын оюун санааны их оргилолтын үе юм.
Зохиолоос энэ үед “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” эргэцүүлэл-гунигийн яруу найраг туурвисан түүх, зохиол төрсөн үндсийг Х.Сүглэгмаа судалгааныхаа номд сэтгэл сэрхийхээр бичсэн байх ажгуу.
Эрдэмтэн Х.Сүглэгмаагийн эл туурвилд О.Дашбалбарын амьдрал, уран бүтээлийн замыг тодруулахтай холбогдуулан уншиж үзье гэвэл яруу найрагчийн удаа дараа хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээс аваад бие даасан ном, гэрэл зураг зэрэг лавлагааны арвин хэрэглэгдэхүүн байгааг дурдая.
Х.Сүглэгмаа “Монголын их соён Гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбарын амьдрал, уран бүтээлийг өөрийн чинээнд өгүүлэхийг эрмэлзсэн нэгэн дэвтрээ ийнхүү өндөрлөе” хэмээн “Очирбатын Дашбалбар” номоо төгсгөжээ.
Тиймээ, багшийн ачийг бодож эд хөрөнгө, сэтгэл санааныхаа өглөгийг гаргасан эл туурвил тань тосон ирэх цагийн цагийн урсгалд автахааргүй, нэгэн жарны битгий хэл, хэдэн жарны мэргэдэд Очирбатын Дашбалбар судлалын шанг дорвитойхон татсан мартаж болохгүй хүний тухай магтаал сонсохоор бүтээл болсоныг цохон тэмдэглэснээр шинэ номын тайлбар юугаан өндөрлөе.


2009он.
Ч.Дагвадорж
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
Утга зохиолын шүүмжлэгч
доктор профессор

No comments:

Post a Comment