Pages

10/22/2010

Ø¿¿ìæ ñóäëàë

Х.Сүглэгмаа доктор (Ph.D), дэд профессор

ЦОГТ ОЧИРВААНИЙН ИХ ШҮЛЭГЧ ЦОГДОРЖИЙН БАВУУДОРЖ
Дорно дахины уран сайхны сэтгэлгээний түүхэнд монгол яруу найргийн өв уламжлал, сэтгэлгээний өргөн дэлгэр боломжууд, сэдэв, агуулга уран сайхны хэм хэмжээг олон талаас нь ярьж ирсэн баялаг өв бий. Бид аль болох дорны, монгол уламжлалт сэтгэлгээний хэв маягаа тордож байж сая, өдөр ирэх тусам даяарчлагдан байгаа дэлхий нийтийн их урсгалаас өөрийн цаг мөрний эрэгт бууж, тэгснээрээ монгол соёл, монгол сэтгэлгээ, монгол хэлний баялгаа өөрийн мөн чанараар нь авч үлдэх нэгэн боломж бүрдэх юм. Монголын уран зохиолын яруу найргийн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийг ийнхүү ярихад, Цогдоржийн Бавуудоржийн яруу найргийн онцлогийг тэмдэглэн авч үзэх нь тохиолдлын хэрэг биш юм. Яруу найрагч Ц.Бавуудорж “Бүгээн анир” (1991), “Гүмүда” (1992), “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” (1999), “Тарнийн цагаан цэцэг буюу Отгонтэнгэр” (2000), “Дорно аялгуу” (2001), “Амар амгалангийн яруу найраг” (2002), “Монголын их амар амгалан” (2003), “Хараацай жигүүрээ гурвантаа дэвэх мэт” (2005), “Сарны шүлгүүд” (2006), “Дорно зүгт өвс болно” (2007) зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ.
Ц.Бавуудоржийн яруу найрагт байнга анзаарагддаг нэгэн зүйл бол түүний тэнгэрийг шүтэх үзэл юм. Шүтэх гэхээр магадгүй явцуу ч байж болох юм. Ерөөс өөрийгөө тэнгэрийн харьяат гэж “одны нь гэгээнд үзэгдэх өвс мэт” үзэх, эсвэл тэнгэрийг өөрийн оюун санааны харьяат болгож “тэнгэрийн хишгийг цалгиагаагүй” гэх тэр үзэл нь түүний яруу найргийн амин сүнс болж үлдсэн байдаг. Энэ орчлонд хүмүүний төрлийг олох, төрөх үхэх, ирэх буцах жаргах зовох бүгдийг тэнгэрийн эрхшээлээр гэж тэрэн лугаа дүйж сэтгэнэ. Энэ тухайдаа яруу найрагч

Дээр хөх тэнгэрт
Нэгэн хувилгаан бий
Дүрс хувирсан гэгээн биеэ хүмүүн
Тайлж тоглох нь түүнд таалагддаг
Дүүрэн цагаан сар
Хавирган болж бутрах нь таалагддаг
Өвс ногоо
Өнгө шилжих нь таалагддаг
Үрт амьтан
Үйл тавиланд шидэгдэх нь таалагддаг...
Алтан одод харвахгүй одоход уцаартай
Алаг нүд нулимсгүй явахад уцаартай
“Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2007.57-58]

хэмээн шүлэглэжээ. Энд, дээд сар нарны орон, дунд хүмүүн бидний орон, доод лус газрын орны буюу- энэ сав шим ертөнцийн гурван их орчил орон зайд хувааж, хүмүүний ирж буцах, сар хуучдах сар шинэдэх, өвс ногоо ургах хагдрахын үлгэрт- үүсэх, хуран үйлдэх, үгүй болохын үйлийн барилдлагаар нь хашин, улирч ирэх, эдүгээ орших, одож өнгөрөх-гурван цагийн хэмнэлд хэрчиж, тэрхүү орон зай, цаг хугацаа, үйлийн учир шалтгааныг гагцхүү тэнгэрийн эрхшээлээр болдог хэмээн утга зангидаж өгсөн сэтгэлгээний ололт нэгэн дор харагдаж байгаа юм. Чухам эндээс орчлонгийн мөнх бусын тухай, явдал үйлийн хоосон чанарын тухай, цаг улирлын болзоо үгүйн тухай олон салаа утга цааш хөвөрч одно. Мөн энэ шүлэгт:

Дэлхий эргэдгээрээ эргэхэд уцаартай
Дээр хөхрөгчийн гүнгарваанд
Миний цээжиндэхтэй ижилхэн
Нэгэн хувилгаан бий “Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2006.58] гэжээ.

Одоо энд тэрхүү ертөнцийн оршин байх орон зай, цаг хугацаа, үйлийн барилдлагыг гагц өөрийн эрхшээл дор хураагч тэнгэрийн хувилгаан чанар нь “Миний цээжиндэхтэй ижилхэн” гэж эдүгээчилнэ. Энэ бол түүний яруу сайхны сэтгэлгээнд хийсэн чөлөөт эрэл хайгуулын нэг мөн боловч цаанаа эртний их сэтгэгч Нагаржунагийн төв үзлийн номлолд өгүүлэгдэх “буй үгүй”, “төрөх түрдэх”, “бодтой бодгүй” нь үнэхээр бус болох тухай өгүүлэх “Үндсэн билгийг шүлэглэсэн” хэмээх зохиол дахь:

Алимад өчүүхэн оюунтан
Бодисыг буй ба үгүй болгон үзэхүй
Тэрбээр чухал амирласан
Үзэгдэхүүн нирвааныг үл үзмүй [Монгол Данжуур, 105 дугаар боть.6а тал]

хэмээн төрөх, эвдрэх, бүтсэн, эс бүтсэнийг тус ангид авч үзэх биш, түүний шүтэн барилдлагын мөн чанараар ойлгохын тухайд өгүүлсэнтэй утга дүйж байна. Ингэснээр Ц.Бавуудоржийн энэ шүлэгт хэдийвээр ертөнцийн үйл тэнгэрийн эрхшээлээр болох авч, тэр эрхшээлт чанар миний цээжин дэх хувилгаан чанартай ижил юм, тэнгэрийн тэр хувилгаан чанар надад ч бас буй тул тэр эрхшээлт үйлийн мөн чанарын шалтгаан нь би өөрөө юм гэсэн уран сайхны давхар ахиулал гүн харагдаж байдаг. Зохиолч энэхүү санаагаа гүнзгийрүүлж өөр нэгэн шүлэгтээ:

Үүл боловч огторгуй тэнгэрт нислэгтэй ч
Түүн дотор салхины мэдэл буйд энэлэн дуулав би
Үйл боловч жаргаж гунихын аглагтай ч
Түүн дотор хурмастын эрх буйд гаслан дуулав би
“Эрхшээлт сарны аясаар” [Бавуудорж.2002.101]


хэмээн үүл хэдийгээр огторгуй тэнгэрийн эрхшээлт боловч газрын салхины аясаар нүүн одох, жаргах зовох хэмээх нь үйлийн үрээр боловч түүн лугаа хурмастын эрх буйн тухай өгүүлэн дээрх бодтой бодгүй, шалтгааан үрийн, шүтэн барилдлагын санаагаа батжуулсан байна. Мөн түүний “Хүрэл чоно” шүлэг дэх

Хүрэл чоно улина Хүннү чоно улина Хөрст энэ орчлон дээр Хөх тэнгэр улина Хүрэл тэнгэр улина Улина ...
Чоно улина
“Хүрэл чоно” [Бавуудорж.2002.71]

гэж өгүүлэн, мөн дээрхийн адил шалтгаан үйлийн барилдлагат хоёр тусагдахууныг нэгээс нөгөөд утга шилжүүлэн уран сайхны халил хийсэн нь цаанаа уншигчдад өвөрмөц сонин сэдлийг үлдээж байгаа ч байж болох юм.
Тэрээр өөрийгөө мөн тэнгэрийн харьяат гэж үзнэ. “Гэтлэхүйн цэнхэр хязгаар” шүлэгтээ энэ тухай


Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Эсгий үнэг намайг нулимстай дагадаг...
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Амар амгалан намайг нулимстай дагадаг
Энэ цэнхэр дорноос цааш би явахгүй...
“Гэтлэхүйн цэнхэр хязгаар” [Бавуудорж.2006.57]


хэмээн шүлэглэсэн нь бий. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Тэр амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу. Өөрийнхөө сэтгэл зүрхэнд буй болгосон, яруу найргаараа ямагт тунхаглан зарласан тэр оюун сэтгэлгээний үнэт зүйлсээ тэнгэрийн хязгааргүй аглаг чанараар хэмжиж ухаарна. Балчир багаас бидний оюун бодолд суусан нэгэн үнэн бол “эсгий үнэг”. Өөрийнхөө итгэл үнэмшилд “үнэн бол энэ” гэж мэдэрсэн хамгийн анхдагч тэр ойлголтыг яруу найрагч ухаарал танин мэдэхүйн дээд эрмэлзэл болсон яруу найргийн мөн чанарт уяж, түүнийгээ өөрийн итгэл үнэмшилийн дээд хязгаарт аваачиж оноосон нь энэ юм.
Мөн Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг” гэж яруу найрагчийн дотоод сэтгэлийн “би”-г нээх, эсвэл тухайн үзэгдэл юмсаар дамжуулан, өөрийн ертөнцийг үзэх үзэл хандлагаа чөлөөтэй илэрхийлэх уран сайхны арга болон хөгжиж ирсэн “үг” зохиолын өчил үг буюу монологийн хэлбэрээр бичсэн нэгэн сонин өгүүлэмжит зохиол байдаг юм. Уг шүлгэнд хүн гөлгөнд хандан:

Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур
Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа
Энэ л бид хоёрын
Баяр юм шүү, гуниг юм шүү…
Өнөөдөр би хүн чи нохой хэдий ч
Ясыг минь нэг л газар шороон дээр тавих болно…
Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах болно…
“Гөлгөнд зориулсан шүлэг” [Бавуудорж.2007.59-60]

гэж учирлан өгүүлдэг. Тэгвэл XIX зууны “үг” зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг бурхны шашны нэрт зүтгэлтэн хамба номун хан Агванлувсанхайдавын «Урт үст Цэрэнпэл хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой» хэмээх зохиолд номын ёсыг сахиж бандидагийн
[1] зэрэгт хүрсэн гэх боловч өчүүхэн олз ашиг, амин хувиа хичээхээс илүү зүйл үгүй, асрал нигүүслэл үгүй, үзэгдэх гадаад өнгөндөө хүний биеийг олсон боловч, нисваанисын гурван хор лугаа насад нөхцсөнөөрөө номын их бандидагийн хувьт биш, нохойн явдалт нэгэн болсон эзнийхээ гэм хорыг уудлан [Сүглэгмаа.2005.185], хүний хэлээр ярих төдийд биш бүр ертөнцийн мөн чанарыг нээн өгүүлж буй “архирч хуцаж шуугиан таригч муу” орос нохойн гөлөг бээр нэгэнтээ эзэндээ:

Нохой хүний хэлээр ярих гайхамшиг
Хүн нохойн явдлаар явах гутамшиг
[Алтан хүрдэн.1992]


хэмээн өгүүлж байдаг. Энэ хоёр зохиолд хоёуланд нь алив төрөлхитөн гэдэг дотор сэтгэлийн ялгалыг үзүүлж эс чадваас, гадаад үзэгдэх өнгөн төдийд хүн нохой аль нь ч, өвөр чанараар адил юм гэсэн нэгэн санааг хураан өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг”-ийн гол сюжет бол Агванхайдавын дээрх зохиолын уран санааны нэгэн мөчрийг дамжин бууж “Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж” байгааг чи бид хоёр хоёулаа л олж харна, хэдийгээр чи гөлөг би хүн боловч ясыг минь нэг л газар шороон дээр тавих учраас баярлах гуних минь ч адил юм шүү, бас хэдийгээр би хүн, чи гөлөг боловч “сүнсийг минь тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн тавих” тул чи ч тэнгэрийн харьяат, би ч тэнгэрийн харьяат, иймээс чи бидний үзэгдэх бие нь өөр боловч үйлийн мөр нь адил юм гэсэн уран санааг гаргаж тавьсан өвөрмөц онцлог харагдаж байгаа юм. Агванхайдав орос нохойн гөлгөөр сахил санваартан эзнийг нь шүүмжлүүлж хэлсэн бол, Ц.Бавуудоржийн шүлгэнд хүн өөрөө гөлгөнд хандан чи бидэн нэг л газарт шингэж, нэг л тэнгэрийн эрхшээл дор оршдог гэж хэлж байгаа нь ертөнцийн мөн чанарын нэгэн утгыг хоёр талаас нь зүслэн харуулсан хэрэг. Энэ бол Ц.Бавуудоржийн яруу найргийн уран сайхны сэтгэлгээний дүрийн, дүрслэлийн, өгүүлэмжийн буюу санааны уламжлалыг, эртний уран зохиолын сонгодог өв уламжлалын өргөн дэвсгэр дээр харж болохын нэгэн жишээ боловч мөнхүү “Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах”ын тухайт чи бидэн хүн байлаа ч гөлөг байлаа ч хувь тавилангийн дэнсэнд ижил юмаа гэсэн санааг давхар агуулж байгаагаараа онцлог юм.
Ер нь уламжлалт монгол яруу найргийн сэтгэлгээнд, ялангуяа уянгын яруу найрагт зохиолчийн хувь бодгалийн ертөнцийг үзэх үзэл, зан төрх, үзэл хандлага тод томруун тусгагдах нь түгээмэл боловч, монгол хүний тэнгэрийг шүтэх үзэл өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрч байдаг. Бавуудоржийн яруу найраг дахь тэнгэрийн өгүүлэмжийн өөр нэгэн тал нь Тэнгэр бол түүний оюун санааны эрэлхийлэл, нууцат эрчимлэг чанар нь юм.

Арван үеэрээ соёрхон бөхийж хүрээлсэн
Ай миний суу билиг энэ байна
Тэргэл нарны титмийг хазайлгаагүй юм
Тэнгэрийн хишгийг цалгиагаагүй юм
“Монголын их суу билиг” [Бавуудорж.2002.75]
Жаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигыг нь сбрж явахад тэр дуугүй л байлаа
Замбуг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр мөн огтхон ч дуугүй
Алтан бөлцөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгдэнэ
Нүдээ анисхийгээд баясалгах нь мэдрэгдэнэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм зээ
“Тэнгэр бид хоёр” [Бавуудорж.2006.107-108]


Тэнгэр дув дуугүй, жаргах зүдрэх, зарлигийг нь зөрчих, замбуг өрөвдөх, алинд нь ч “алтан бөлцөг үмхсэн мэт, алтан хулгана залгисан мэт” дуугүй. Гэхдээ түүний инээх нь, эхэр татан мэгших нь, бясалгах нь дотносох нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл түүний оюун санааны нууцлаг тэр эрчим нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Яруу найрагч өөрийн сэдэл, мэдрэмж ухаарлаар бүтээдэг хэдий ч түүнийг уншаад бидний авч байгаа тэр оюун санааны өгөгдөл нь мэдээж өөр өөр. Гэхдээ эдгээр мөрүүдийг уншсан хүн бүрийн сэтгэлд үлдэх нэг ийм айзам, оюун санааны эрчимлэг нууцат чанар нь ямагт сонирхол татна. Тэр нууцлаг чанар юунд оршино вэ? Өгүүлэх нь:

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увьдаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг

Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
“Очирваань уулын цагаан үүл” [Бавуудорж.2006.85-86]


Шалтгаан бүхний үр болсон тарнийн буудай соёолуулах шиг зохиолч ийнхүү өгүүлсэн нь бий. Мөн тэрээр “Очирваань” сюжет найраглалдаа “Нэгэн их тарнийн шившлэг энэхэн цаст цагаан уулнаас мөнхөд цацран үзэгддэг бөгөөд намиран буух бороо, будран сэвсийх цасны ширхэгүүдийн мөнгөхөн гэр Очирваанийн дүр очтон туяарна. Ямархан нэг хүрэл тарнийн гэгээ долгис долгис...” гэж өгүүлсэнийг ч анзааралгүй орхиж боломгүй. XIX зууны их соён гэгээрүүлэгч, говийн догшин ноён хутагтын “Гэвш Шаравт хэлсэн сургаал” хэмээх шүлэгт “ухаан билгээ нарны гэрэл мэт гийгүүлэн яв” гэж ойр шадар шавь нартаа дамжуулан өгүүлээд, оюун санааны хувьд “Огторгуй мэт зах, дундаж үгүй, нот төгс бай” хэмээн өгүүлсэн нь ерөөс дорно дахинд ухааны уужмыг огторгуйн цээлтэй адилтган үзэх тэр сэтгэлгээний уламжлалыг хадгалж ирсэн хэрэг юм. Эдүгээ бид “Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог” гэж өгүүлэх цогт Очирваанийн их шүлэгч Ц.Бавуудоржийн бурханлиг, дотогшоо алдарсан, орь хүслэн тээсэн, тарни шиг шившсэн, ус мөрөн шиг ухаарлын ундаргатай, уулс шиг алс хөхөмдөгийн шүлгүүдээс зөвхөн тэнгэрийн өгүүлэмжит цөөн жишээг харгуулан үзсэн минь энэ. Тэнгэрийн гүн нууцат увьдаслаг чанарыг ийнхүү шүтэн өгүүлэх нь, цаг мөнхийн Очирваань уулаар хөллөж, түүний оюун санааны эрчим болон буудаг байхыг ч үгүйсгэх аргагүй гэж мөхөс надад бодогдном.
Утга зохиол судлаач доктор профессор Д.Галбаатар нэгэнтээ “Хүмүүс түүнийг “дорны” хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм” гэж өгүүлсэн. Би ч нэгэн адил ингэж бодно. Гэхдээ нэг л зүйл үнэнд илүү ойртож очино гэдэг би эргэлзэхгүй байна. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу.

HОМ ЗҮЙ

1. Бавуудорж.Ц «Амар амгалангийн яруу найраг».УБ.,2002
2. Бавуудорж.Ц «Бүгээн анир».УБ., 1991
3. Бавуудорж.Ц «Гүмүда».УБ., 1992
4. Бавуудорж.Ц «Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ».УБ., 1999
5. Бавуудорж.Ц «Тарнийн цагаан цэцэг буюу Отгонтэнгэр».УБ., 2000
6. Бавуудорж.Ц «Дорно аялгуу».УБ., 2001
7. Бавуудорж.Ц «Амар амгалангийн яруу найраг».УБ., 2002
8. Бавуудорж.Ц «Монголын их амар амгалан».УБ., 2003
9. Бавуудорж.Ц «Хараацай жигүүрээ гурвантаа дэвэх мэт».УБ., 2005
10. Бавуудорж.Ц «Сарны шүлгүүд».УБ., 2006
11. Бавуудорж.Ц «Дорно зүгт өвс болно».УБ., 2007
12. Данзанравжаа «Үлэмжийн чанар». УБ., 1991
13. Сүглэгмаа.Х «Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл».УБ.,2005
14. Хүрэлбаатар .Л «Алтан хүрдэн».УБ.,1992
15. Хүрэлбаатар.Л «Сайн үгсийн сан» I боть. УБ., 1995

Улаанбаатар хот 2008 он.

[1] сам. Pandita; ухааны таван оронд мэргэжсэн хїнд олгож байсан ном эрдмийн цол [ХЇТ.1997.32]

8/22/2010

«Өдрийн сонин» 2008

Х,Сүглэгмаа


ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ

Өнөболд ванд өргөх шүлэг


Эрээн бараан шастир түүхэнд
Эрийн сайн нөхөр аж л та
Эн их улсын түүхэнд
Эрхэм сайн баатар аж л та
Эндээс хол домгийн алсад
Эрдэмт сайн ван аж л та
Эгэл хүмүүний ойрын бодолд
Эрх хонгор сэтгэл аж л та

Эрхэт төрийн сүлдэнд
Түүх үнэн сүлэлдэж үлдэв
Ирт сэлмийн дайдад
Түмэн дайсан чинь сөгдөж үлдэв
Эзэнт төрийн түүхэнд
Эрхт алдар чинь түгэж үлдэв
Эрхшээлт цагийн бошигт
Ирүүл сургаас нэхэж үлдэв

Цасны цагаан манан бударч л байдаг алсад
Цагийн алтан харгуй татарч л байдаг алсад
Цааз түүхийн бичигт сураг тавьж эргүүлэв
Цанидын мянган шижим зураг төдий эргэв

Хатан болоод одсон Мандухай гоогийн араас
Хааны ордонд хүргүүлсэн дөрвөн шагай хэнийх вэ
Харьтныг өмнөө сөхрүүлсэн хаад ихсийн ёсонд
Халдаж тамга булаасан дөрөөн чимээ хэнийх вэ

Харьд бэрлээд одсон Мандухай гоогийн араас
Хадганд боогоод хүргүүлсэн дөрвөн үг хэнийх вэ
Хараа алсын бараанд цээж бэтгэрсэн гунигтай ч
Халхын заяанд мөргөсөн хан сэтгэл хэнийх вэ

Халуун залуухан Мандухайн арван зургаан насанд
Хацраа гэрэлтүүлэн нуусан амраг сэтгэл хэнийх вэ
Хатан болсон Мандухай ясаа цайтал тангараглаж
Хаан төрийг харамласан Хасрын удам хэнийх вэ

Булаасан бүхнээ буцаасан та, төрийн тамгыг ч буцаасан
Булт монголын тавиланд хайраа л нууж үлдээсэн
Буцалсан омголон зоригоо бусдын сүрэнд дайж
Бударсан түүхийн хялмаанаас хайраа нууж л үдсэн

Эрхт монголын түүхэнд
Илдэн дархан уулын цуурай болж л та
Эцэг Есүхэйн удамд
Эрдэмт баатар вангийн уухай болж л та
Халх монголын түүхэнд
Хааны алтан дуулганы тал болж л та
Хавт Хасарын удамд
Хатан баатар вангийн уухай болж л та

Хаан Мандуулын төрд
Харц яваагүй ээ та
Хайртай баатар нь байсан юм
Хадаасан уухай нь тэгж үлдсэн юм
Хатан Мандухайн сэтгэлд
Харь үлдээгүй ээ та
Хайртай Илдэн уул нь болсон юм
Хангинасан цуурай нь тэгж хэлсэн юм

2006-03-30


ГУРВАН САЙХАНЫ ЭНГЭРТ НАР
МАНДАХЫГ ҮЗЭЭРЭЙ


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гуниггүй залуу нас эрх хонгор сэтгэл минь ингэж эхэлсэн юм
Гургалдайн дуутай орчлонд зэрэглээ гижигдэн инээхэд
Гурван говийн цэцэг үсийг минь сүлжиж ургасан юм
Гуниггүй залуу нас шиг нар мандахыг үзээрэй

Гурван сайханы энгэрт яргуй нүдлэхийг хараарай
Хацраа хонхойлгоод инээсэн доголон нулимстай хүүгийн
Халтар бариувчны энгэрт зүүгдэж ирсэн жаргал
Хайраар өлгийдөж тэвэрсэн ижий аав хоёрых нь
Хадагтай ерөөлтэй алган дээр дэрвэж ургах нь энэ ээ
Хайраар өлгийдөж тэвэрсэн яргуй нүдлэхийг хараарай

Гурван сайханы оройд одод түгэхийг хараарай
Тоосоор бүтсэн орчлонгийн эхлэл төгсгөл хоёрыг
Тоонотой чагтагатай нь өргөсөн монголын их хойморт
Тойруулга ширмэл ширдгийн тойрч эргэсэн хээ шиг
Тоотой хэдэн насны минь жаргал зовлон тэр ээ
Тоосоор бүтсэн орчлонд одод түгэхийг үзээрэй

Гурван сайханы оройд янгир ишиглэхийг үзээрэй
Улаан цурав амьтныг ертөнцийн шороонд эрхлүүлж
Удаан хүлээсэн орчлон уулын жавартай угтдаг юм
Удган цагаан салхи нь ижийн бүүвэй дуулж
Ухаа ухаа толгод энгэр задгайлан хөлөрдөг юм
Удаан хүлээсэн орчлонд янгир ишиглэхийг үзээрэй

Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван галвын дайдад ирээд буцсаны минь тэмдэг
Гуу жалга бүхнээс нь тэнгэрийн сүү асгарсан
Гурван хатан ижий залбирч суугаа нь тэр ээ
Гурван галвын дайдад сар жаргахыг үзээрэй


Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гурван сайханы өлмийд сар жаргахыг үзээрэй
Гурван сайханы оройд одод түгэхийг үзээрэй
Гурван галвын дайдад ирж буцахад минь итгээрэй


2006-03-06

Thursday, 04 November 2010 Улаанбаатар Таймс

Яруу найрагч Сүглэгмаа алдарт Дэмчигийн хийддээ мөргөхөөр явжээ

Thursday, 04 November 2010
Монголын яруу найргийн хөгжлийн төлөө энэ биеэ зориулж яваа цөөхөн эмэгтэйн нэг нь яруу найрагч Х.Сүглэгмаа. Жил бүрийн “Болор цом” наадамд оролцож үзэгч түмэндээ уянгалаг сайхан найргаа сонордуулж яваа тэрбээр саяхан нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Найрагт дуртай хүмүүс бол түүнийг говийн ноён
хутагт Данзанравжаагийн нутгийн найрагч гэдгийг мэдэх байх. Мөн Улаанбаатарын их сургуулийн багш гэдгийг нь ч андахгүй биз. Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч гэдгээ багш оюутнуудаа нотлоод авсан тэрбээр жил бүр нутагтаа очиж алдарт Дэмчигийн хийддээ мөргөдөг заншилтай. Монголчуудын хайр хүндлэлийг хүлээж цагтаа Монгол Улсын төрийг хүртэл түшилцэж явсан нэрт найрагч Очирбатын Дашбалбарын шавь энэ бүсгүй Дэмчигийн хийддээ мөргөж бүтэн жилийн энерги авахын сацуу амьд бурхан ижийтэйгээ уулзахаар явж буй нь энэ аж.

****************************************************************
Миниий хүү

Хүү минь муу авч гэнээ
Сургууль дээр намайг дуудаж байна
Хүн амьтны өмнө ижийхээ нүүрийг чи гээд
Сургаар аав нь тэндээс өндөлзөж байна
Ботго хариулж өссөн хүүг минь
Бодлого буруу бодлоо гэнэ
Ингэ хөөсөлж гүйдэг хүүг минь
Ийкс игрек ялгахгүй байна гэнэ

Өвөөдөө тоогдож хүн болсон юм хойно
Өрөөлийн хүүхдээс өөр байна гэнэ
Эмээдээ зүүгдэж эрхэлсэн юм хойно
Энгийн хүүхэдтэй ижилгүй байна гэнэ

Алаг мэлхий өрж нааддаг хүү минь
Арав тавын дунд будиллаа гэнэ
Аавынхаа алган дээр бөмбөрч өссөн юм, аргагүй
Айлын хүүхэдтэй адилгүй байна гэнэ

Тэнгэрийн од газрын өвс нүдэлж сурсан үрийг минь
Тэгшитгэл бодож чадахгүй байна гэнэ
Тэшээ тэшээ толгодоо зүүдэлж сэрдэг юм, аргагүй
Тэр сургуулийн хүүхдүүдтэй тэнцүүгүй байна гэнэ

Муу авах яах вэ миний хүү, сургууль дээр ижий нь дуудагдаа л биз
Муу явбал харин ижий нь, орчлонд дуудагдах газаргүй болно шүү
Морин дэл дээр дэрвэж өссөн үр минь
Монголоо алдаж л болдоггүй юм шүү

2009 он
ЦЭЦЭГ
Хурц улаан дэлбээ надад үгүй
Худлаа ялдам инээж чаддаггүй
Дандаа чиний дэргэд ургасан
Даруухан, өнгө алаггүй цэцэг билээ би

Үүлэн чөлөөгөөр нар гэрэлтэхийг хүлээн
Үүрэглэж суухад минь чи шоолж инээдэг
Үдшээр бүхний нойрон дунд
Үзэсгэлэнт зүүдээ нисгэхэд минь
Үүдээ түгжээд чи гэртээ харьдаг

Цонхон дээр чинь амьдраад
Цорын ганцхан чамайг л хүлээдэг
Өдөржин хамт байсан хэрнээ
Өөрийг чинь хүлээхдээ л би ургаж эхэлдэг

Тэнгисийн ёроол дахь
Чулууны гунигийг мэднэ би
Тэнд хүйтэн,
Тэгээд бас хэнийг ч хүлээдэггүй юм.

7/26/2010

«lEADERS». 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.

Monday, March 2, 2009
Х.Сүглэгмаа: Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг авч үлдэж чаддаг байх хэрэгтэй.

Доктор /Ph.D/, дэд профессор Хургаагийн Сүглэгмааг “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр яруу найргийн “Мөнгөн цом”, “Алтан дигбаранз”, “Ижий говь” наадмын тэргүүн шагналыг хүртсэн билээ.
-Хүний төрж өссөн газар орон өөрийг нь ямар нэг хэмжээгээр тодорхойлох нь бий. Энэхүү ярилцлагаа өөрийн чинь төрж өссөн нутаг усны тухай яриагаар эхэлбэл ямар ва?


-Би Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн. Ханбогд хайрхан, Галбын хөх уулс, Алаг баянгийн хөндий, алсаас хөхөртөж харагдах Номгон хайрханыг түшиж өссөн гэж болно. Хүн орон газрыг олж төрнө гэдэг нь хувь зохиолоор болдог юм гэнэлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Монголын газар нутгийн энгэр хормой, тэгэхээр эх орныхоо энгэр хомойд эрхэлж өслөө гэж ярих гоё байгаа биз дээ. Манай нутагт одоо хавар болж байгаа говийн намхан толгодод хаврын униар татчихсан, бүр алдлаад авмаар ойрхоноос энүүхэн хамрын дороос униартаад л жаахан холдвол усан зэрэглээ гүйгээд л, хаа нэг цагаан хуй босоод л дөнгөж ботголсон ингэ зэлнээс холдохгүй гунганаад л ямар өр зөөлөн гээ. Монголын хавар бараг говиосоо л эхэлдэг байх. Говийн ноён хутагтын бишрэн шүтэж байсан Галбын хөх уулс, ноён гэгээний байгуулсан Дэмчиг, Эрээт, Цагаан толгойн хийд, одоо амьтан болгоны сүнс нь хоргодох шахаад байгаа Оюутолгойн чинь чулуугаар тоглож, бараг нөгөө алтыг нь ботго малын хойноос шидэж өссөн байх аа даа.

-Яагаад ч юм бэ би өөрийг чинь Дорноговийн хутагтын нутгийн найрагч бүсгүй гэж боддог байсан. “Хутагтын цэнхэр нутаг” өөрийн тань ажил амьдрал, хувь тавиланд онцгой нөлөө үзүүлсэн болов уу?

-Миний “Хутагтын цэнхэр нутаг” гэж дуу байдаг юм. Аяыг нь одоо энэ их нэрд гараад байгаа хөгжмийн зохиолч Сэр-Од маань нилээн олон жилийн өмнө хийсэн. Мэргэжлийн түвшний сайхан дуу. Ноён хутагтын 200 жилийн ойн хүндэтгэлийн концертод дуулагдсан. Олон дуучин би ч дуулая, надад өгөхгүй яасан юмбэ гэж тэр үедээ булаалдаж байсан. Нэг их олны дунд найранд дуулаад байхааргүй дуу учраас хүн мэддэггүй болов уу. Хутагтын цэнхэр нутаг өгөөжөө өгсөн сайхан нутаг шүү. Өмнөговьд төрж өссөн ч, миний амьдралын нэг сайхан үе Дорноговьд оюутан байсан тэндээ гэр бүл болсон, хүү маань тэнд төрсөн, амьдрал, уран бүтээлийн хамгийн сайхан найзууд минь энэ нутаг усанд л уулзсан. Хэдхэн жил хамт ажиллаж байсан Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гэхэд л тэр нь энэ нь гэлтгүй ах дүү шиг олон жилийн анд нөхөд болсон сайхан улс байна даа. Яруу найрагт хөтөлсөн анхны багш маань Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Хандын Цэрэндорж. Багш маань одоо ч тэр нутагт сууж байна. Хүмүүс намайг Дорноговийнх гээд, Өмнөговийнхон тэрийг нь сонсохоороо бас дуртай биш, ямар сайндаа манай дүүгээс “Танай эгч чинь ер нь өөрөө Дорноговийнх гэж явдаг уу, Өмнөговийнх гэж явдаг уу” гэж асуусан гэсэн.

-Та бол 90-ээд онд монголын яруу найрагт хүч түрэн орж ирсэн цөөхөн эмэгтэй найрагчдын нэг. Яруу найргийн их өргөөнд анх хөл тавьсан тэр үе, энд хөтөлж хөглөж ирлэж хурцалсан хүн хэн бэ?

-Би 1984-85 оноос шүлэг бичиж эхэлсэн. 1988-89 онд Дорноговь аймгийн тэр үеийн аймгийн төв номын санд байнга сууна. Тэгээд л гэртээ шүлгээ бичнэ. Хэнд ч уншихгүй. Тэр үед Дашбалдан ах, Цээеэ багш хоёр Дорноговийн шүлэг бичдэг залуусыг аймгийн “Ялалт” сонин дээр долоо хоног болгон цуглуулдаг байж л дээ. Тэгсэн Ө.Отгон гээд нэг Дорноговийн яруу найрагч залуу намайг шүлэг бичдэг ийм хүн дандаа номын санд суудаг их уншсан хүүхэд энэтэр гэж тэдэнд яриад, нэг удаа өөрөө намайг дагуулж очсон.
А.Эрдэнэ-Очир, А.Лхагва бид гурав үеийнхэн дотроо гурван говийнхон гэж хэлүүлэх дуртай. Бидний хэдэн нөхөд манай нутгийн Гурван сайхан ууланд. 2006 он

Тэгээд 1989-90 онд Эрдэнэбат, Эрдэнэ-Очир энэтэртэй уулзаж шүлгээ уншаад Цээеэ багшийнхаа шавь болсон доо. Уран бүтээлийн замд хөтөлсөн яруу найргийн анхны багш маань Цээеэ багш. Дорноговийн бүх л яруу найрагчдын багш даа. Эдний дунд ороход бол би бүх үе тэнгийхэн тэдний өмнөх үеэ уншчихсан учраас уран бүтээлийн эртний танил анд нөхдүүд болчихсон дороо л зан зангаа авалцаад төдийгөөс өдий хүртэл нөхөрлөж явна даа.


-Анагаахын салбараас утга зохиолд “урвасан” улмаар алдар хүндийн оргилд хүрсэн уран бүтээлч манайд цөөнгүй бий. Та ч мөн адил. Энэ шийдэл яаж гарав?

-Хүний унаган өөрийн юм гэж байдаг байх. Зарим нь яахав авьяас ч нөлөөлдөг л гэж хэлдэг. Би Анагаахад онц сурдаг оюутан байлаа. Сургуулиа онц төгссөн хүн шүү. Тэгээд маргааш нөгөөдөр улсын шалгалт болно гэж байхад номын санд уран зохиол уншаад л сууж байдаг. Манай ангийхан уурлаад “чи ер нь хаашаа юмбэ, өөрөө мэддэг юм бол бидэнд тусал л даа. Эсэн бусын юм хараад суучих юм” гэцгээдаг байсан. Төгсөөд 3 жил болж байж тэр үед конкурс өгүүлнэ, бас групп солиулахгүй гэнэ, Дорноговийн Эрүүл мандийн газрын дарга байсан Цэдэн-Иш гуай дээр “Монгол судлал уран зохиолоор сургуульд явна, конкурс өгнө” гэж бас хэд дахин орсон доо. Тэгээд л аз таарч нэг юм явсан. Хууль дүрэм нь ч өөр болсон байх. Одоо болтол Цэдэн-Иш гуай “айхтар шаргуу, нэг хандсан зүгээсээ ухардаггүй, хүүхэд байсан юм” гэж ярьдаг гэсэн. Цээеэ багш /Х.Цэрэндорж/ маань би ингээд сургуульд мэргэжлээ солиод явмаар байна гэсэн “Зөв миний хүү, энд байгаад л байвал насаараа л болж байна гээд сууна шүү. Та нар залуу улс явах хэрэгтэй” гэж дэмжээд бид хэд чинь 1994 онд Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир, А.Байгалмаа, Г.Мөнхцэцэг гээд цугаараа зарим нь оюутан, зарим нь ажиллана гээд хотод орж ирж байсан юм.

-Очирбатын Дашбалбар гэж тэнгэрлэг найрагч анхны номын чинь өмнөтгөлийг бичсэн байдаг. Энэ хүнтэй яаж уулзав?

-Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургуулийг 1992 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль гэдэг шиг дорнын боловсрол олгодог ийм сургуультай болно гэж тэр үеийн Гэгээрлийн яамнаас байгуулаад монголын утга зохиолын хамаг томцуул хүч анхаарал тавьж тэр сургуульд хичээл заадаг байсан юм. Биднийг 2-р курст ордог намар О.Дашбалбар хичээл орно гээд л бид хүлээгээд л...Багш маань тэр үед залуухан шүү дээ. Тас хар халимагтай, гялалзсан нүдтэй, хүрэн савхин дээлэн дээр улбар шаргал ороолт унжуулсан, дотуураа лам маягийн шаргал цамцтай гартаа жижиг жижигхэн бөөртэй бор эрих зүүсэн жаахан шулга ч юм шиг ярьдаг тийм хүн орж ирээд л, Пушкин, Лермонтов, Евтушенког дуржигнатал оросоор уншаад л эхэлсэн. Хичээлийн эхний өдөр бидэнтэй танилцаад “Сүглэгмаа” гээд нэрээ хэлсэн чинь “Өө чи нөгөө Дорноговийн нөхөр байна шүү дээ. Би чиний шүлгийг “Зохист аялгуу” сонинд хэвлүүлж байсан юм байна” гээд л Цээеэ багшийн шавь гэсэн чинь “танай багш бол гайхамшигтай хүн шүү дээ. Муусайн гөлөгнүүд минь”. гэж байсан. Ухаан алдатлаа айна бид нар чинь багшаас. Тэр үед манай ангид дандаа монголын мундаг доктор профессорууд хичээл ордог, бараг ганц цолгүй нь л манай Дашбалбар багш. Бид нар оюутан л юм чинь багш нарыгаа тэрийг тэд өдөн минут хүлээнэ гээд цаг тогтоочихсон хэрнээ харин Дашбалбар багшийг бол өдөржин ч байсан хамаагүй хүлээнэ. Үнэхээр биднийг яруу найрагчийнхаа хувьд ч, багшийн ур чадвар, тэр уран зохиол гэдэг юмыг хүнд хүргэх чадлаараа гайхуулдаг байсан даа. Хүнд хувь тавилан гэж байдаг байх. Хамгийн анх Цээеэ багш маань төвөөс том зохиолч нар ирсэн гэж Ш.Сүрэнжав гуай, Ж.Бямбаа гуай хоёрыг Дорноговьд очиход нь /1989 онд байх аа/ уулзуулж, тэр хоёр миний шүлгийг авч ирж Дашбалбар багшид өгч, төвийн том хэвлэлд гаргуулсан байдаг юм. Их билэгшээлтэй.

-Улс орон тэр чигээрээ зах зээлд шилжиж, шинэ нийгэмд хөл тавьсан үеийн оюутан. Хөдөөнөөс их хотод шилжин ирээд суурьшин төвхнөх хөлөө олж амьдарна гэдэг тийм ч “зөөлөн боорцог” биш дээ.

-Хөдөөний бид нарт тэрэн шиг хүнд юм хаа байхав. Хамгийн анх 1994 онд оюутан болно гээд нөхөртэйгээ 2-уул хүүгээ хөтлөөд халаасандаа хорьхон мянган төгрөгтэй вокзал дээр бууж байлаа. Авга ахындаа очиж чемоданаа хэдэн хайрцаг номтойгоо тавьчихаад нэг найзындаа очсон чинь тэр хоёр маань бөөн баяр болж тосоод тэдний хашаанд тэр үеийн яслийн хүүхдийн хувцасны шкафний модоор барьсан зуны байшинг нь бид хоёр дотор талаас нь цаас наагаад, гадна талаас нь шар шавраар шавардчихаад зуух тавиад өвөлжиж билээ. Өглөө босоод ирэхэд гоожууртай ус тэс хөлдсөн байна. Шандад бид гурав чинь 4-5 өрөөтэй тансаг байшинд амьдарч байсан улс шүү дээ. “Юм юм л бодогддог байсан” гэж нөхөр маань одоо ярьдаг юм. Мөн уужуухан хүн шүү. Би бол бодож байгаа ч юм байхгүй. Нэг их ном үзнэ л гэж мөрөөдсөн хүн. Тэр байшинд миний 1990-ээд оны яруу найргийн хамаг найз нар Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Ц.Бавуудорж, Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир гээд л цуглаж шүлгээ уншина, халуу дүүгтэл хөхрөлдөж байгаад л шпрот шиг чигжээд, бөөр бөөрөндөө наалдаад л унтаж өгнө дөө. Тэгэхгүй бол шөнө даарна. Ямар ч гуниггүй, яасан ч их аз жаргалтай байсан юмбэ дээ. Бас архи уух санаатай нөгөө хэд чинь. Ямар л олигтой юм байх вэ дээ, Хармаг дараад нэг их гоё бараг коньяк болдог байхгүй юу. Нөгөөхөө шавхаж уучихаад л халуун ус хийгээд 2-3 хоног таглаад гар хүрэхгүй хадгалж чадвал дахиад л гоё исчихнэ, тэрийг нь хүлээх л чухал шүү дээ, Тэрийг уухаар шүд ам нэг хэсэгтээ хөх цэнхэр туяатай болчихно. Болд-Эрдэнэ инээгээд л “За одоо намайг муу юм болохоор хүн харчихаад л “нөгөө Болд-Эрдэнэ чинь бүр архинд ороод, чернилээ уудаг болчихож гэнэ дээ” гээд л пижигнэтэл хөхрөлддөгсөн.

-Хамгийн ихээр хайрлаж, биширч явдаг сайхан хүмүүсийн талаар яриач?

-Ижийгээ аавыгаа хань ижлээ үр хүүхдээ, эргэх дөрвөн улирал шиг эрх дөрвөн дүүгээ, тэвчээрийг минь барагдтал элдэвлэж амьдрах этгээд нь дэндсэн хэдэн найрагч андаа гээд энэ орчлонд хайрлах биширч сүслэх хүн олон байна даа. Маш эгэл жирийн нэг хүний тухай ярья. Миний нагац эгч Сүрэн гэж ганц бие хөдөөний малчин хөгшин байсан юм. Юу ч мэдэхгүй 2-3 дугаар ангид байхдаа л тэр эгчдээ ”Хүлээс алдарсан нь”, “Дөчөөд оны жавар” гээд монголын сайхан зохиолуудыг уншиж өгнө. Нэг удаа Шолоховын ”Дөлгөөн Дон”-ыг уншиж байгаад хоёул Аксиньяг өрөвдөөд уйлчихсан. Бас хэний ч билээ дээ “Хуягийн хувь заяа” гэдэг зохиолд нэг ядуу тэнүүлч өнчин хүүгийн тухай гарна, бас л хоёулаа албатай юм шиг уйлалдаад л уншдагсан. Геологийн хайгуулчид гээд машин унасан аймаар сахалтай улсууд олон олноороо давхилдах. Тэд бид хоёрыг усан дээр байхад ч юмуу ирээд хамаг юмыг минь хуурайлж идээд, эгчийн минь хэдэн сар хураасан сайхан үхрийн нэрмийг шар тос хийж бүгдийг нь халааж уугаад аяга тавгаа жимбийтэл угааж тавиад явна. Нэг гэм нь хэдэн номыг минь хулгайлж аваад явчихна. Тэрэн шиг том эмгэнэл байхгүй. Хоёулаа уншиж дуусаагүй байсан номоо цаашаа ер яах бол гээд л яриад л байх. Эгч минь их сайхан цээжтэй. Намайг ус руу ч юмуу эзгүй яваад ирэхэд радиогоор сонссон сайхан сайхан зүйлээ нэгд нэгэнгүй ярьж өгнө. Тэр үед гадаадын сонгодгуудыг радиогоор их сайхан уншдаг байсан юм. Эгч Достоевскийг “ёстой-евский” Толстойг “тоостой” л гэнэ, тэднийг нь би за тэр гээд л ойлгоно. Харин Горькийг Максим гэж ирээд л бүтэн нэрээр нь дуудна. Хэрдээ л мундаг хоёр хүн яриад байна даа. Үгүй мөн их ном уншдагсан. Монте кристо гүнийг “их буянтай хүн” гэж ирээд л ярина. Эгч бүтнээр нь зохиолыг нь уншаагүй, би ярьж өгсөн юм. Бид хоёр их ном уншсан даа.
Аав ээж хоёр Сүрэн эгчийн хамт

Би арван зургаа долоотой байхдаа номын дэлгүүрт ороод миний уншаагүй ном харагдвал их гайхаж заавал авч үздэг тэгж их уншдаг байсан. Номтой эрдэмтэй олон хүний дунд явлаа, гэхдээ л номонд тийм дуртай байсан нагац эгчийгээ одоо дандаа боддог юм. Тэгээд тэр номонд гарч байгаа хүний зовлон жаргалыг яг тэр амьдралаар нь сайхан олон талаас нь надад тайлбарлаж хэрэндээ л хоёулаа тэр номын баатруудтай зовлон жаргалыг нь хуваалцдаг, тэр нь арван хэдхэн насанд минь ямар их ухаарал, уян зөөлөн сэтгэлийг надад өгч байгаа вэ дээ гэж боддог юм.

-Та бол эртний сонгодог найргийн утгын гүн ухааны цээлээс “үгийн” шидийг судалж, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Үгийн ид шид хувилгаан хүчний талаар сонин бодолтой явдаг байх даа

-“Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл” сэдвэýр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан энэ судалгааны чиглэлээр хоёр ном гаргасан. Цаашид ч хийх юм их бий. Монголчуудын үгийн сэтгэлгээний уламжлал гэж гайхамшигтай юм байна. Ялангуяа эртний үг зохиолын дурсгалуудыг анхааралтай үзэх хэрэгтэй. Агванхайдав, Агван-Ишсамбуу, Агвандампил, хуульч Сандаг дандаа шашныг шинэтгэх, нийгмийн бусармаг элдэв зүйлийг шүүмжилсэн зохиолуудаа үгийн хэлбэрээр бичиж байсан байна. Энэ талаар хэдэн өдөр ярьсан ч барагдахгүй их юм бий.

-“Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ, Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ” гэсэн таавар битүү дууны тухай хүн болгон л ярьдаг...?.

-“Бурхнаас нуусан амраг” гэсэн нэртэй шүлэг номон дотор маань байсныг анх Д.Цоодол ах “Өнөөдөр” сонинд хэвлүүлж л дээ. Тэгээд Завханы Бямбадорж авч ая хийгээд, Наранхүү дуулсан. Наранхүү дуулахдаа над дээр ирж би таны энэ дууг дуулах гэж байна гэж хэлсэн. Харин Бямбадорж бид хоёр одоо ч нүүр тулж танилцаагүй байгаа шүү дээ. Уран бүтээлийн сайхан найзууд болсон л доо. Хүн болгон элдэв эзэн оноогоод бүр зарим хүн надад зориулсан дуу ч гэж ярьж л байна гэсэн. Гадаадаас хүртэл хүмүүс захиа бичиж байсан, тэр үед ирсэн сэтгүүлч болгон л эзнийг нь нэхээд байсан. Би өөрөө ч мэдэж байгаа юм алга. Яахав, хүний зүрх сэтгэлд хүрсэн үнэн дуу юм байна даа л гэж хайрладаг юм. Хүн болгон л хайрлаж дурлаж байх боловч яруу найрагчийн хайр сэтгэл, тэр нь шүлэг зохиолдоо бичигдэхлээр хүмүүст нэг их өөр сонирхолтой зүйл болж хүн болгон л тэрийг хэн юм бол гэж сураг тавьж байдаг юмуу даа. Гэхдээ манай монголын ард түмэн чинь хачин эрхэмсэг дотоод оршихуйтай, дотоод мөн чанартай ард түмэн шүү дээ. Энэ утгаараа яруу найрагчдын шүлгээ зориулж явсан хүмүүст ард түмэн маш хүндэтгэлтэй хандаж, бүр үлгэр домог шиг ярьж байдаг нь нэг бодлын гоё ч юм шиг.

-Буйд газрын шүлгүүд номыг чинь үзэж “Гүнж цагаан саран дор” гунигласан, санааширсан, хачин амтлаг хайрын шүлгүүд, хөдөө буйд, эх нутаг, элгэн садан газар шорооны тухай шүлэг ч цөөнгүй бий. Эх нутаг энэ монголын маргаашийн тухай таны үгийг сонсмоор байна.

-Хүн болгон өөрийнхөө хийх ёстойг хийж үзэх л ёстойгоо үзэж, түүгээр нь монголын хувь тавилан монголын нүүр царай харагдана гэж боддог юм. Бүгдээрээ эрдэмтэй байх гээд, бүгд дээд сургуульд сурах гээд бүгдээрээ баян болох гээд, миссийн тэмцээнд орох гээд байх юу байх вэ. Гуталчин нь гутлаа сайн хийе, малчин нь малаа сайхан өсгөе, ядуу нь ядуугаараа, залхуу нь залхуугаараа л байя. Хэн яаж байвал аз жаргалтай байна, тэрүүгээрээ л байя. Тэгээд л болоо. Бүх юм өөр өөрийн жамтай. Өт хорхой ч тэр. Харин монгол үндэстэн гэдгийгээ л хэзээ ч мартаж болохгүй. Үндэстэн бүрт өөрийн үнэт зүйл байдаг. Бас хувь хүнд ч өөрийн үнэт зүйл гэж байдаг. Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг л ямагт авч үлдэж чаддаг байх хэрэгтэй. Тэр л аугаа их үндэстэнийг, аугаа их эх орныг бий болгодог гэж би боддог шүү дээ.

-Хавар болж байна... Урь унаж ус гэслээ. Нутгаа их санаж байна уу?

-Ямар зүг байх вэ. Одоо ч гараад шууданд суугаад ч хамаагүй л явчихмаар байна шүү. Би чинь хачин их гэр амьтай, бүр нутаг амьтай, Аав ээжийгээ, хэдэн дүү нараа, Баянсухайн хонхор, хэдэн сондуулаа, хачин их санана. Дургүй хүрвэл нэг өглөө босоод л тэр ажил энэ тэрийг чинь хаячихаад нутаг явчихаж мэднэ. Тоох ч үгүй. Юунд ч баригдаж хоригдохоо мэдэхгүй хачин хүн шүү. Багаас жаахан дураараа өссөн юм шиг байгаа юмаа.

- Нээрэн багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Олон дүү нартай юу?

-Багадаа их урт, тахимаа шүргэсэн урт гэзэгтэй, намхан шар охин байсан гэсэн. Бас “их үгтэй” хүүхэд байсан гэж нутгийхан шоолдог юм. Гэрт байсан буу алга болоод хүргэн ах маань “буу яачихав? Та нар харав уу” гэсэн чинь би “хаяагаар гардаггүй юм бол хаалгаар л лав гараагүй дэг” гэсэн гэж байгаа. “Гэзэг шидлээд гүйж байдагсан та хоёр” гээд манай охин дүү бид хоёрыг хүмүүс тэгдэг юм. Би чинь ээлжлэх дөрвөн улирал шиг, эвийн дөрвөн шагай шиг, энэ ертөнцийн дөрвөн зүг шиг элбэрэл тэгш дөрвөн дүүтэй, ээх наран шиг эх орон шиг ганц эгчтэй хүн дээ.
Бид хэдийн бага нас
Хүнд эцэг эхийн ачлал, эцэг эхийн буян гэдэг цаглашгүй юм байна. Миний ижий аав биднийг бүгдийг нь хоолонд хүргээд дээр нь, миний дөрвөн дүү одоо намайг ижий аав шиг минь, өөрсдөө намайг төрүүлсэн юм шиг л асарч тойглож байдаг юм. Урд насандаа гайгүй юм байсан юм байлгүй, энэ цаг үед дундуур дүүрэн сайхан л амьдарч байна даа

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Энэ онд яруу найргийн нэг шинэ ном гаргана. Судалгааны хоёр ном одоо овоо л дөхөж байна даа. Нэг нь Дашбалбар багшийн намтар уран бүтээлээр нэг сэдэвт зохиол маягийн юм хийе гээд одоо бараг ихэнцэлж байна. Бас чадвал оны сүүлээр дан хайрын шүлгийн “Амраг сарны аялгуу” эмхэтгэлээ гаргана. Тэр бол англи орчуулгатай шинэ үсгээр, бас монгол бичгээр, нилээн өвөрмөц маягийн ном байх болов уу.

-Ингэхэд чиний хамгийн үнэтэй эд баялаг юу вэ? ямар бэлгэнд дуртай вэ?

-Хамгийн үнэтэй хөрөнгө маань миний толгойд байгаа гэж боддог. Ямар ч гал усны аюул, дайн тулаанд үрэгддэггүй, хэн ч булааж авч чадахгүй тэр үнэт зүйл бол миний өчүүхэн ч болов авьяас, түүнийг хөгжүүлэхсэн гэж олж авсан бага ч болов эрдэм боловсрол, хэзээ ч хэний ч төлөө өөрийн дураараа зарцуулж болох хүнлэг сэтгэл хүн чанар, тэгээд хэдэн шүлэг минь л үлдэх байх даа. Бас би чинь хүүтэй хүн. Хүү маань мөрөөдөөд л гоё гоё юм яриад л бид хоёр тэрийг нь хараад л сууж байдаг юм. Жаргалтай шүү.

-Нээрэн яруу найрагч хүний амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

-Үнэлж л чадвал үнэгүй юм гэж юу байх вэ? Амьдад нь ганц шүлгийг нь ч тоолгүй насаар нь гуйлгачин явуулчихаад үхсэн хойно нь алдрын титэм өмсгөсөн олон найрагчийн түүх дэлхийд байна шүү дээ. Монголын ард түмэн бол харьцангуй оюунлаг, үндсэрхэг, өөр өөрийн дотоод үнэлэмж буюу “би”-ийн үзэл өндөртэй ард түмэн, тэдэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг өөрөө их үнэт зүйл юм шүү дээ. Энэний төлөө л бид хамаг залуу насаа үрээ биз дээ. Гэхдээ тоогдох гэж хэдийгээр бичихгүй ч гэсэн яруу найрагч гэж намайг таньж, хүндэлж бишрэх, олны хайр хишиг гэдэг тэрнээс үнэтэй шүү, Энэ утгаараа яруу найрагч гэдэг хэзээд хүн төрөлхтний дундах өөр нууцат ертөнц, ямагт тэдний гайхал бишрэл нь байж ирсэн. Хүн болж төрөх нэг хэрэг. Яруу найрагч байна гэдэг их өөр юм. Энэ ганцхан насандаа ертөнцийн олон хүний зовлон жаргалыг бичиж үлдээж байгаа нь тийм ч хөнгөн ачаа биш л дээ. Равжааг, Инжинашийг, Нацагдоржийг, Дашбалбар, Нямсүрэнг төрүүлсэн ард түмэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг ямар их үнэ цэнэ билээ, хэмжихийн аргагүй,

-Ярилцлагаа өөрийн тань шүлгээр төгсгөвөл ямар вэ?

Ярилцсан А.Лхагва

Шүлэг:-АЛТАЙН ХАНГАЙН УУЛС /2007-03-20/-

ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ /2006-03-20/ хэвлэгдсэн

7/05/2010

Х.Сүглэгмаа

ЭХ ОРОН
Цагаан хоншоорт бүргэд хад өнцөгдөн сууж
Цаг хугацааг гуниглан хүлээх эх орон минь юм
Цантай хүйтэн чулуу хөлийн дор шаргиж
Цаашилж одох их хэнгэргийн дуу эх орон минь юм
Алсаас ирэх морин харгуй, чийг зөөлөн үнэртэх
Адуу тургилан салхин зүг дэргэх эх орон минь юм
Айлын бүсгүй хацраа гэрэлтүүлэн тольдох
Аль багадаа чамтай эрхлэхсэн гэж
Асгаж нэг хурааж нэг шаргиулсан

Алаг мэлхийн шагай эх орон минь юм

Багадаа эрхэлж чулуу чулууг нь түүсэн
Баянсухайн урд дэнж эх орон минь юм
Багалуур бударгана, агь гашуун дундаас
Бажууна, гоёо түүж амтлах эх орон минь юм

Айл саахалтын зуур ботго хариулан гүйж
Агаадаа үнсүүлж дээр өргүүлэх эх орон минь юм
Аараг толгодын дунд зэрэглээ андууран гүйж
Аягын чинээ нуур үзлээ гэж итгэх эх орон минь юм

Сайхан ижийхээ залуу насанд үүрүүлж
Садарсан цагаан аялгууг сүү болгон залгилах эх орон минь юм
Санчиганд нь буурал сууж ус голдоо л өтлөхөд нь
Сар өдрүүдээс урьтаж жаргаана даа гэж бодох эх орон минь юм

Алаг алаг толгодыг зэрэглээнд тэшүүлэн зүүдлэх
Аль багад минь жаргасан үлгэрийн төгсгөл
эх орон минь юм
Амиа хувааж өгөөд оронд нь авсан юм гэх
Атга шороо алтан үндэс эх орон минь юм

Тэнгэр газрын савсалгаар тээр холыг саравчлан
Тэмээтэй хүн овоон дээр зогсох эх орон минь юм
Тэвэр тэвэр уулсыг тэвний сүвэгчээр өндөлзүүлж
Тэрүүхэн зэлний цаанаас нар мандах эх орон минь юм

Үйл заяаны залбиралд энгэр хормой нэгтэй
Үүдэн хоймрын Буриад эх орон минь юм
Үелсэн мянганы түүхэнд хоромсог саадаг нэгтэй
Үзэмчин захчин ойрдууд эх орон минь юм

Салаа замын нүүдэлд жаргал зовлон нэгтэй
Сайхан талын баргууд эх орон минь юм
Салгаад салгаад холдовч сураг алсын бараатай
Сайр Ховгын торгууд эх орон минь юм

Алтай хангайн уулсыг Адраа ятгатай дуулах
Араажуугаа чангалж агаа нүдээ хагас аниад сонсох эх орон минь юм
Алсуур тойрч толгод толгод дамжих усан тэлмэн зэрэглээ
Аргадаж хайрлахдаа нулимсаа залгиж хүлээсэн эх орон минь юм

Намайг ээлжилж үүрсэн Ижий Аав хоёр минь
Над руу урсаж тогтсон эх орон минь юм
Над руу урсаж тогтсон эх орон минь юм
Насаараа миний хайсан шүлгийн гэрэлт мөрүүд
Надаас урсаж асгарсан эх орон минь юм

Өнө мөнхийн хөх мөнхийн тэнгэр дор
Өрлөг түүхт монголын жаргах зовор эх орон минь юм
Өвдгөө шалбалж босохдоо нулимстай амталсан хайр
Өчнөөн зууны хойно ч өөрөөсөө миний олох Эх орон минь юм.

2007-01-06
2007-03-10

5/26/2010

2010-04-20

ОГТОРГУЙН ЦАГААН ГАРДИ ЭЛИН ХАЛИН ОДЛОО
Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан, Ардын уран зохиолч, академич Ц. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын эрхлэгч, Улаанбаатарын Их Сургуулийн зөвлөх багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Лхамсүрэнгийн Хүрэлбаатар нь 1945 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. Яс угсаа хотгойд. 1953-1963 онд дунд сургуульд суран, 1963-1968 онд МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид орон суралцаж дүүргээд 1968-1970 онд Хөвсгөл аймгийн дунд сургуульд багшлан ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж, улмаар 1970-1974 онд Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин газар утга зохиолын ажилтан, 1974 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд төвдөч мэргэжилтэн, эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа.
Л. Хүрэлбаатар монгол, төвд, санскрит, орос, англи зэрэг судалгаа шинжилгээний хэлээр эрдэм судлалын ажлаа хийдэг манай нэртэй монголч эрдэмтний нэг байлаа. 1983 онд “Монгол сургаалын яруу найргийн уламжлал, сурвалж” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1993 онд “Дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлал, монгол яруу найргийн онол” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан.
Л. Хүрэлбаатар нь “Энэтхэг, Төвд, Монголын сургаалын яруу найргийн хэлхээ холбоо” /1987/, “Сонгодог уламжлал, монгол яруу найраг” /1989/, “Монгол зохиолчдын төвдөөр бичсэн уран зохиолын дээжис - Алтан хүрдэн” /1992/, “Зуун билгийн баяжмал шинэ судрын чуулган – Сайн үгсийн сан” /1995/, “Монгол орчуулгын товчоон” /1995/, “Огторгуйн цагаан гарди” /1996/, “Бакүла ринбүчи Түвдэнчогнор” /1999/, “Эсэруагийн эгшиг дуун” /1999/, “Анхдугаар Богд” /2001/, “Судар шастирын билиг” /2002/, “Дуун утгын яруу зохист” /2005/, “Аварга могойн зулайн чандмань” /2007/, “Огторгуйн цагаан гарди - II” /2008/, “Цэндийн Дамдинсүрэн. Дурсгалын түүвэр” /2008/, “Дорно Цаст” /2009/ зэрэг утга зохиол судлалын бүтээл, уран зохиолын дээжис цоморлигуудыг эмхтгэн гаргасан билээ.
Мөн монголын утга зохиол судлалаар эрдэм шинжилгээний болон сурталчилгааны 200 гаруй өгүүллийг бичсэн нь Монгол, Орос, Хятад, Энэтхэг улсад, монгол, орос, англи, хятад хэлээр нийтлэгдсэний дээр Олон улсын монголч эрдэмтний III, IV, V, VI, VII, VIII, IX их хурал зэрэг олон улсын эрдэм шинжилгээний болон сурталчилгааны 40 гаруй илтгэлийг тавьж хэлэлцүүлжээ. Л. Хүрэлбаатар тухайн мэргэжлээрээ МУИС, МУБИС, Улаанбаатарын Их Сургууль зэрэг бусад их дээд сургуулиудад 30 гаруй жил лекц уншиж, оюутны диплом, ангийн ажил удирдаж, дотоод гадаадын аспирант горилогч хорь орчим хүний дэд доктор, докторын зэрэг хамгаалахад эрдэм шинжилгээний ажлын удирдагч, шүүмжлэгчээр ажиллаж байв.
Л. Хүрэлбааатар “Энэтхэг, Төвд, Монголын сургаалын яруу найргийн хэлхээ холбоо” /1987/ ганц сэдэвт зохиолдоо монголын уран зохиолын харилцаа холбооны асуудлыг, тэр дундаа шашны сурвал ноёрхсон дундад зууны Монгол оронд иргэний зохиолын хувь заяа ямар байсныг иргэний, шашны агуулгатай олон зохиолын дотроос ялгаруулан шүүж, монгол төрх төлөвтэй болсон зохиолыг орчуулгын олон зуун туршлагаас нь ялган салгаж тодорхойлсон юм. Ийм ч учраас академич Ц. Дамдинсүрэн “Цахар гэвшийн хийсэн “Субашид” бол чухамдаа орчуулга биш, “Субашид”-ыг дуурайлган монгол зохиол болсон өвөрмөц байдлыг олон баримтаар гарган нотолсон нь гагцхүү Л. Хүрэлбаатарын гавъяа болно” гэж тэмдэглэсэн юм.
Л. Хүрэлбаатар “Сонгодог уламжлал, монгол яруу найраг” /1989/ ганц сэдэвт зохиолдоо монгол яруу найргийн түүхэн хөгжлийн асуудлыг уламжлал шинэчлэлийн үүднээс нь харьцуулан шинжлээд, монгол махбоды нь хөрш зэргэлдээ орны уран зохиолын харилцан нөлөөлсөн баримтан дээр нөхцөлдүүлэн авч үзэж, нээж гаргасан бол “Дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлал, монгол яруу найргийн онол” /1993/ диссертацидаа Энэтхэгийн Дандийн “Зохист аялгууны толь” хэмээх онолтой Монголын зохист аялгууч Жамъянгаравын төвд хэлээр бичсэн яруу найргийн онолын бүтээлийгхарьцуулан судлаад, түүний тайлбар биш, тусгай бие даасан онолын бүтээл болохыг нотолсон юм. Л. Хүрэлбаатар монголын утга зохиол судлалаар иж цогц нэгэн асуудлын хүрээнд хийсэн хоёр гол ажлын нэг дэх нь Л. Хүрэлбаатарын эрдэм шинжилгээний удиртгал, тайлбар хийж, эрхлэн хэвлүүлэн гаргасан “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн тэргүүн боть “Сайн үгсийн сан” /1995/ хэмээх “Зуун билиг”-ийн баяжмал шинэ судрын чуулган, хоёр дахь бүтээл нь өмнөх дээж бичгийн дотор орсон нэр бүхий арван зохиогчийн бүтээлийг задлан шинжилж бичсэн “Огторгуйн цагаан гарди”, “Огторгуйн цагаан гарди - II” хэмээх утга зохиол судлалын бүтээл болно.
Л. Хүрэлбаатарын “Сайн үгсийн сан” хэмээх монголын эртний уран зохиолын эл дээж бичиг нь академич Ц. Дамдинсүрэнгийн 1960-аад онд хийсэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг”-ийг залгамжилж, 1990-ээд онд гарч ирсэн, баяжмал шинэ судрын чуулган болно. Энэхүү судрын чуулган нь монголын эртний уран зохиолыг зөвхөн монгол хэлээр бичсэн нэр бүхий хэдэн зохиолчийн цөөн хэдэн дурсгалаар хязгаарлагдаж ирсэн тэрхүү хүрээ хявцаанаас нь задлан гаргаж “хэлний хувьд зөвхөн уугуул монгол хэлний утга зохиолоос гадна, монголчуудын хятад хэлээр бичсэн, төвд хэлээр бичсэн бүхэл хоёр бүлгийн утга зохиолын дээжийг уламжлалт болон шинээр хийсэн монгол орчуулгаар нь анх удаа нэмэн оруулж, зохиогчийн хувьд зөвхөн Чойжи-Одсэр, Инжиннаши, Равжаа, Ишданзанванжил, Сандаг, Гэлэгбалсан, Гамал, Хишигбат, Лувсандондов нарын арав гаруйхан зохиолчийг нэрлэж ирсэн хэвшмэл уламжлалаас нь салгаж, хятад, төвд хэлээр бичдэг 50 гаруй монгол зохиогчийг шинээр тодруулан оруулж, зохиол бүтээлийн хувьд “Нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэрэг цөөвтөр монгол зохиол, ихэвчлэн Энэтхэг, Төвд, Хятадын иргэний болон шашны уран зохиолын орчуулгаар монголын эртний уран зохиолын түүхийг босгож ирсэн хэвшлийг эвдэж, 60 орчим монгол зохиолчийн бичсэн 200 гаруй бүтээлийн дээжийг сонгон оруулж, зохиолын төрөл зүйлийн хувьд өчиг тангараг, санагалзал, харуулсал, гэрээс зарлиг, тахил төгсгөл, ерөөл магтаал, сургаал, дууллын шүлэг, үг, бичиг, үлгэр домог, цадиг, түүх, намтар, эрих товчоон, тууж, шастирын уламжлалт олон төрөл зүйлээр баяжуулж, “тамын жуулчлалын”, “жаргалтай алс хязгаарын”, “захиа бичгийн”, “зам явахын” сэдэв агуулгатай олон зохиол бүтээлүүдийг илрүүлэн цуглуулж, нээн шинжилж, орчуулан буулгаж, нэмэлт тайлбар, хавсралт лавламжийг хийж гаргасан, энэ бүх нээлтийн шинж чанартай олон шинэлэг зүйлийг агуулснаараа энэхүү “Сайн үгсийн сан” хэмээх эртний утга зохиолын судлалд чухал хувь нэмэр оруулж, судалгааны шинэ зам мөрийг заан гаргасан юм.”
Хоёрдахь бүтээл “Огторгуйн цагаан гарди” хэмээх шинжлэх ухаан-уран сайхан нийтлэлийн зохиолд сүүлийн гурван зууныг дамнан гарч ирсэн, Монголын их их номын мэргэд: Өндөр гэгээн Занабазар, Зая бандид Лувсанпринлэй, Хамбо номун хан Агванхайдав, Ханчин хамбо Жамъянгарав, Эрдэнэ мэргэн бандид Ишсамбуу, Ноён хутагт Данзанравжаа, Цанид ловон Шагдар, Жалханз хутагт Дамдинбазар болон тэдний төвд хэлээр зохиосон ном бүтээлийг олж цуглуулаад, орчуулан буулгаад, утга зохиолын задлан шинжилгээг хийжээ. Энэхүү монголын бичгийн арван мэргэдийн тухайд төвд, монгол сурвалжийг хийсэн судалгаандаа Өндөр гэгээний өнгөрсөн түүхийн үнэлгээг няцаахад бүрэн хангалттай төвд сурвалжийн олон баримтыг шинээр гаргаж, Ноён хутагт зохиол бүтээлийг улааны шашных нь эш үзэлт, буддын шашных нь урлаг гоо зүйн оньс түлхүүрээр эш хийн, эдүгээчилсэн, хэвшсэн олон тайлбар ухагдахууныг нь огт өөрөөр задлан шинжилсэн юм. Ханчин хамбын төвд хэлээр бичсэн утга зохиолын онолыг Энэтхэгийн “Зохист аялгууны толь”-ийн орчуулга биш, түүний ямар нэг төвд тайлбар ч биш, харин монгол сэтгэгчийн, өөрийн утга зохиолын туршлага дээр шинээр боловсруулсан, монгол яруу найргийн бие даасан онол гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолж, Цанид Ловонтой төвд хэлээр бичсэн 4500 гаруй шад шүлэгтэй сургаалын яруу найргийг шинээр нээж олоод, Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Субашид”-аас хэмжээний хувьд онцгой сонин зохиол болохыг олон гэрч баримтаар өгүүлсэн байдаг.
Л. Хүрэлбаатарын хийсэн эл бүх судалгаа нь монголын аман болон бичгийн зохиолын харилцаа холбоо, иргэний ба шашны зохиолын харьцаа, уламжлал ба шинэчлэлийн холбоо залгаан дээр монголын уран зохиолыг салангид тусгаар байдалд нь бус, соёлын болон хөрш зэргэлдээ орны, бүс нутгийн улс үндэстний уран зохиолтой нь холбон судлаж, улмаар монгол уран зохиолыг дорно дахины, бүр цаашилбал дэлхийн утга зохиолын нийт урсгалд оруулан судлах их ажлын эхлэлийг тавьсан энгүй их эрдэмтэн мэргэн Монголын шинжлэх ухааны “Огторгуйн цагаан гарди” явсныг монголын олон нийт андахгүй мэдэх билээ. Их эрдэмтэн, бид бүгдийн багш, монгол утга соёлын нэрт судлаач Л. Хүрэлбаатар Таны гэгээн дүр тань бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН

Х.Сүглэгмаа

ЦАГ ХУГАЦААГҮЙ ОРЧЛОН

Үүл алгуурхан нүүхийг
Үлээсхийгээд салхи зөөлөн эргэхийг
Тэртээ дээр ганц шувуу нисэхийг
Тээртэй уйтгартай ч юм шиг санагдахыг
Мэдрэхсэн
Амьсгалахдаа
Алхахдаа
Алдлаад зогсохдоо
Мэдрэхсэн
Хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй
Хажууныхаа овоон дээр ч гармааргүй
Харанхуй болтол гадаа суугаад
Хачин ихээр юунд ч юм бэ
Бодлогошрохсон
Больё гэсэн ч
Болихгүй гэсэн ч
Босон суун
Бодоод л байхсан
Цастай уулс цайвалзан хялмаалахыг
Цаадхан энгэрт нь хэдэн тэмээ
Цаашаа нэг наашаа нэг хараад
Цаг хугацаагүй орчлонд үлдэж болдгийг
Олохсон
Орой ч үгүй
Өглөө ч үгүй
Орчлонг
Олохсон.
2009.12.01

4/02/2010

«Өдрийн сонин» 2007-10-31

ЯРУУ НАЙРГИЙН «СҮҮН ЗАМ» БУЮУ СҮХБААТАРЫН БАТМӨНХ
Хамгийн анхны шүлгийг О.Дашбалбар багш сонинд хэвлүүлж, анхны номыг маань редакторлаж, Утга зохиолын сургууль төгссөн нэг л их хүсэл мөрөөдлөөс цаашгүй амьтныг С.Батмөнх багш сургуульдаа үлдээн багшлуулж, яруу найрагчийн амьдралд алдаж онох сайн муу хэлүүлэх болгонд “Талын гурван улаан”-ы Д.Сумьяа төрсөн эгч шиг минь нөмөр нөөлөг болж, утга зохиол судлалд хөлөө олж ядан яваа намайг Л.Хүрэлбаатар багшийн минь аминчлан захис­ны тул утга зохиол судлагч шүүмжлэгч С.Байгалсайхан багш үе тэнгийн олон нөхдийн минь хамт нэгэн хүрээлэлд багтаан хажуудаа авч, эрдэм судлалын ажил хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгч өдий дайны авч явна. Амьдралд нэг хүндхэн асуудал гарахад, сэтгэл жаахан тавгүй үед Ж.Саруулбуян ах руу гүйж очоод тулхтай ухаантай нэг үг сонсчихвол ихээ уужрах. Гаадамбын Билгүүдэйтэй өөд өөдөөсөө харсан өрөөнд олон жил сууж, баярлах гунихад минь хамгийн ойр байдаг энэ хүнд шүлгээ уншиж, гадаа бороо ороод сайхан байна, надад хань бол гэж албатай юм шиг шөнө, өдөр тэр бодь амьтныг тэмтчүүлэн гудамжаар алхах, бас хэрэгтэй хэрэггүй олныг шалгааж, хааяа зэмлүүлэх. Хэзээ ч өрийг нь төлж барамгүй энэ ачтай улсууд яагаад ч юм бэ дандаа нэг үеийн наяад оны яруу найрагчид, утга зохиол судлагчид байдаг юм. Хүний хувь тавьлан гэдэг сонин шүү.
Энэ л хүмүүсийн нэг “Сүүн зам”-ыг бичсэн Сүхбаатарын Батмөнх. Биднийг Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгсөхийн урд жил манай сургуулийн захирлаар томилогдож, бидний хэдэн шүлэг бичдэг нөхдүүд найрагч захиралтай болох нь гээд их л бахдан хүлээж байж билээ. Удалгүй сургууль төгсөхөд миний удирдагч багш Монголын нэртэй төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш тэр хоёр зөвлөөд би сургуульдаа багшаар үлдсэн тул хэдэн жил хамт ажиллаж, бид амьдралын замд багш шавь, ах дүүгийн ёсоор жаргал зовлонгоо хуваалцах нэгэн хувь тохиожээ. О.Дашбалбар багшийн маань редакторласан миний яруу найргийн анхны номыг ивээн тэтгэн хэвлүүлж, бас өчүүхэн төдий авьяасыг минь их л тоож найрагчийн хувьд бид хоёрт аминчлах зүйл ч байх. Харин олон жилийн дараа он цагийн үүлэн хэвнэг үргээж энэ хүний тухай бичиж суух юм гэж хэн тэр үед санахав дээ. Дэлхийн олон орны оюутан чуулсан Москвагийн их сургуулийн 1980-аад оны оюутан тэрээр сургуульдаа Маурия Абухай гэдэг энэтхэг залуутай “Ази тивээс хоёулхнаа” гэж дотносдог байсан тухайгаа хожим их л хөгжилтэйгээр дурсаж бичсэн байдагсан. Нэг удаа орон орны оюутан залуус өөр өөрийн үндэсний онцлогоо харуулсан урлагийн тоглолт үдэшлэгт оролцжээ. “Ази тивийнхнийг урья” хэмээн зарлахад, урьд нь Европынхон чихцэлдэж байсан тайзнаа хоёр жаахан бор амьтан гараад ирсэнд үзэгчид инээлдэж байна. Хоёул улс улсынхаа ёс заншлаас товч ярьлаа. Би монгол, тэр энэтхэг дуу дуулж үзүүлээд, хоршиж байгаад “Москва орчмын үдэш”-ийг хангинууллаа. Танхимд жигтэйхэн алга ташиж түрэн дуулж байна. Маргааш нь орос хэлний багш маань “хоёр хар толгойт хорин шар толгойттой тэнцсэн” гээд онц дүн тавьж баярлуулсан” гэдэг. Монголын төлөө гэх найрагчийн омог бардам сэтгэл төрж л байсан хэрэг. Хожим нь төрийн албаны хүн болчихоод Энэтхэгт явж байхдаа байрласан газрынх нь хажууханд аж төрдөг бүх насаараа, манайхны хэлээр зүгээр л шуудай таар шиг юмны оронцог дэвсээд эхнэр хүүхэд гэр бүлээрээ гудамжинд амьдарч байгаа өвгөнтэй уулзаад “Та шашин шүтдэг үү” гэж асууж. Цаад хүн “Шүтдэг ээ. Бурханаас надад ингээд л гудамжинд амьдрах хувь оноосон юм. Хүн бол зурсан зургаараа л явна шүү дээ” гэхэд нь хачин их өрөвдөж тус болохсон гэвч халаасандаа 15 хан писотой би энэ харь оронд яах ч вэ дээ гэж харууссанаа их л гунигтайгаар ярина. Бас тэгж явахдаа Далай багштай гэв гэнэт таарч гэнэ. “Далай багш” гээд л хашгираад, машиныг нь дагаж гүйгээд байсан, арай гэж машин нь зогсоход их багштан өөрийнхөө талын цонхыг алгуурхан доошлуулж англиар “монгол уу” хэмээн асуугаад нэг л элгэмсүү сайхан инээмсэглэж гар барихад нь Монголоос ирснээ хэлж, адис авсан тухайгаа “Тэр бол амьд бурхан, гар нь яг л нялх хүүхдийнх шиг зөөлхөн дулаахан, намайг монгол хүн гэхээр их л дотно хандаж гарыг минь удаан барьсан, би баярласандаа гудамжинд уйлж зогслоо шүү дээ” гэж сэтгэл хөдлөн ярьж билээ. Магадгүй харийн хүн гэлтгүй ертөнцийн нэг л бөөрөн дээр амьдарч байгаа, хэзээ ч тохитой дулаан гэр оронд орж, энэ насны тав тух гээчийг эдлээгүй тэр энэтхэг өвгөнийг жигтэйхэн өрөвдөж зогссон нь эргээд ертөнцийн хамаг амьтны тусын тулд залбирах амьд бурхантай уулзуулахын гэгээн ерөөлийг авч ирсэн ч юм билүү яаж мэдэхэв.
Тэрээр эмээ өвөө хоёроо дандаа ярина, хөдөөнөөс хотод ирсэн, хоёр хөгшин нь дагаж ирээд одоогийн гурван буудалд гэр барин суусан, өдөр хичээлдээ явах болгонд өвөө нь гурван төгрөг өгдөг байсан, эмээг минь нас барахад ирээгүй гэж О.Дашбалбартаа гомдсон тухайгаа ч ярина. Өөрөө гайхалтай уян сэтгэлтэй бусдын хайр татсан, тэр л хөдөөх малчны хүүхдийн, бага насны жаргал зовлонгоо ямагт дурсах, хөгшцүүл нутаг усандаа амь зангидсан өр зөөлөн хүн байсан даа, одоо бодоход. Нэг намар хичээл эхлээд удаагүй сургууль дээр их л хөл хөдөлгөөнтэй байсан үед, талийгч багш өрөөндөө нилээд ууртай хэн нэгнийг загнаж байгаа чимээ сонсогдов. Удалгүй хаалга нь дуугараад манай нэртэй яруу найрагч залуу нилээн согтуу, унжгардуухан гарч яваа харагдана. Төд удалгүй С.Батмөнх багш миний өрөөнд орж ирээд намайг мэдээгүй гэж бодсон бололтой, юу болсныг өгүүлээд “Цаад муу чинь хувцас хунар муутай, зүс царай ч авах юм алга. Эд нар ингэж яваад л үхэж дүүрэх улс даа. Би ч царай өгсөнгүй, зад загнаад хаясан. Алив чи хойноос нь гараад энэ хэдэн төгрөгийг өгөөтөх. Олигтойхон хоол идээд, ганц юм авч уу гээрэй” гэв. Би хойноос нь гүйж байж нөгөө хүнд мөнгийг өгөөд хэлснийг нь дамжуулахад найрагч нөхөр маань “Тийм байлгүй, даанч дээ” гэж ирээд л учиргүй баярлаж хэдэн шар шүдээ гарган инээхэд нь хамаг залуу насныхаа өнгө жавхааг ууж барсан ч гэлээ, дотроос нь хүн чанарын галд бүлээцсэн царай нь нэвт гэрэлтээд “За за, ах нь дараа нэг цэмцийгээд цаадах дээр чинь ирнэ, миний дүү хэлээрэй” гэж байж билээ. Аргадаж зэмлэсэн тэр хоёр хүн, аль аль нь одоо алга даа, хөөрхий.
Элс шороогий нь үнэртэж үзлээ
Ижийн минь сүү ханхлаад байна гэж нутаг ижий хоёртоо амь зангидаж бичсэн байдаг юм. Яруу найраг гэдэг ямагт хүний сэтгэлийн өнгөөр гэрэлтэж байдаг эд дээ. Тэрээр нутгийнхаа тухай, Хануй, Тамирын голынхоо аядуу дөлгөөнийг, хангайн сүрлэг уулс, Хан өндөрийнхөө нөмөр нөөлгийг, ахдаа захидал дайх гэж малын бэлчээр дээрээс шогшуулж ирсэн нутгийн залуу, аав л ижий, амраг гэргийнхээ тухай, ахыгаа их л том хүн гэж бодох бүсгүй голдуу хэдэн дүүгийнхээ тухай хамгийн эгэл үгээр бичиж үлдээсэн. Тэр нь л яруу найрагчийн амьдрал болж үлдсэн байна. Есөн эрдэнийн орны Бадарчтай Гурван буудалд хөрш зэргэлдээ амьдарч, хоёул худаг дээр нэгэндээ усны оочер захилцан танилцаад, “том зохиолчтой” уулзсан тухайгаа ярьтал гэрийнх нь хамгийн “мундаг” хүн Орост дээд сургууль төгссөн авга ах Цэрэндолгор нь “Чи тийм нэртэй том зохиолчид шүлгээ үзүүлэх бо­лоогүй” гэж анхааруулсан тул, гэрийхнээсээ нууж нэг орой хэдэн шүлэг бичсэн навсгархан дэвтрээ барин гүйж очсон нь ч яруу найрагчийн л амьдрал.
Түүнийг анх Ламжавын Лувсандорж хөтөлж аваачин Мөнгөний Чимид гуайн дугуйланд өгсөн гэдэг. Чимид гуай тэр үед Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид ажилладаг тул түүний байгуулсан “Гавшгай сурвалжлагчийн дугуйлан”-д шүлэг зохиол бичдэг олон хүүхэд явж байснаас яруу найрагч Д.Чинзориг, Б.Энхтуяа, С.Батмөнх, Т.Баасансүрэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гээд олон уран бүтээлчид төрөн гарсан байна. Харин оюутан болсон хойноо 1980-аад оны эхээр дэвтэр дүүрэн шүлгээ бариад МЗЭ-ийн Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан С.Эрдэнэ гуай дээр очсон гэдэг. С.Эрдэнэ гуай нилээн хэдэн шүл­гийг нь сонсоод их л ойшоож, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн өрөөнд дагуулан очиж зөвлөгөө өгүүлсэн нь урамтай хэрэг болж. Тэгээд хэдэн жилийн дараа “Цог” сэтгүүлд шүлгээ хэвлүүлэх гээд өгтөл Ц.Нацагдорж гуай “Алив чи өмнөх үг бичүүлээд ир” гэж. Тэр хавиар хүн амьтан хайгаад харж явтал өнөө урьд нь уулзаж байсан Ш.Сүрэнжав гуай өрөөндөө сууж байх таарч, учраа хэлбэл дор нь зөвшөөрөөд урмын сайхан үг бичиж өгсөн бөгөөд мөн “Сүүн зам” хэмээх анхны номыг нь ч энэ билэг танхай найрагч ариутган шүүсэн гэдэг юм. Бас л хувь заяаны сүүн зам тоссон хэрэг. Сурагчийн хилэн формтой жаахан тожгор хүү анхны “Гавшгай сурвалжлагч”-ийн мэдээгээ барин “Залуучуу­дын үнэн” сонин дээр байнга очих. Сүүлдээ жижүүр нь бүр андахаа больж, Хатанбаатар сэтгүүлч рүү утасдан “Дүү чинь ирлээ” гэж дуудахыг нь сонсоод, дотроо Москвагийн их сургууль төгсч ирсэн тэр сайхан хүний дүү гэж хэлүүл­сэндээ бахдан овоо маадгар зогссон гэдэг. Тэр жаал хүүг хожим Монголын улс төр нийгмийн асуудал хөндсөн олон нийтлэл бичиж, монгол төрийн малчнаас маршлыг нь хүртэл сурвалжилж, нэгэн цагт нэрийг нь сонсоод л бахархаж зогссон Москвагийн их сургуулиа сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж, нэгэн цагт хүүхдийн гэрэвшиж гайхсан харцаар хаалган завсраар нь хулчгархан шагайж зогссон “Залуучуудын үнэн” сониныхоо эрхлэгч нь болох юм гэж хэн л зүүдлэх билээ. Бас л яруу найрагчийн сэтгэл дүрхний дуудлагаар болсон хэрэг.
Газар газрын ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, төрийн сайд ер хэн байлаа ч ард түмний л асуухыг асууж, олон сайхан хүмүүсийн тухай С.Батмөнх Монголын сэтгүүл зүйд бичиж үлдээсэн юм. Дэлхийд нэртэй эрдэмтэн Ширэндэв ээжийнхээ тухай юу ярьсныг, Молотовын гэрт Сталин Гэндэнтэй уулзаад юу гэсэн, “Гэндэнг энд гүйцэтгэх үү, Монголд аваачиж гүйцэтгэх үү” гэж хэн нь хэнээсээ асууж байсан гээд, сансрын нисгэгч Жанибеков янжуур зуугаад зуу татаж суусан тухай, Дарамын Батбаяр эрдэнийн чулууны эрэлчин байсан тухай, Хөшөөтийн голоос Зундуйн Дорж малаа нийгэмчлээд хотод ирсэн тухай, алдарт уртын дуучин Г.Сүглэгмаа гуайд уртын дуу заасан багш нь лам хүн байсан, Эрдэмтэн Ш.Гаадамба гуайг Нууц товчооны судлалаар төрийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн хүн Загдсүрэн гэж Сүхбаатарын районы цагдан сэргийлэгч хүн байсан гэх, амьдралынхаа 30 гаруй жилийн энэ их үйлсийг тэрээр хүү Билгүүдэйдээ өвлүүлж байгаа тухай хуучилсныг, Ц.Дамдинсүрэн гуай шоронгоос гарч ирээд “Олег цэцний дуулал”-ыг орчуулснаа латин үсгээр хэвлээд зах дээр нэг ширхэгийг нь нэг төгрөгөөр зарж, ШУА-ийн Хэл бичгийн тасагтаа их л зүйл авч байсан гээд эгэл бус эгэл юмсын тухай тэр л бичиж үлдээсэн. Чинагийн Галсан 1968 онд нэг өглөө л гурван өгүүллэг нэг дор бичиж хувь заяаны эргэлтээ хийн, улмаар олон ном зохиолыг нь Герман хэлээр гаргаад байхад монголд тэр нь “хориотой ном” болсон, хар дарсан зүүд шиг тэр үед Л.Түдэв “Аянгат цагийн тууж”-д нь өмнөх үг бичээд “За ийм ном бичсэнийх нь төлөө монгол зохиолчийг шоронд хийвэл хийг. Хийхийг нь харья” гэж үзэл суртлын мөсөн гол дундуур гатлуулсан тухай тэр л бичсэн. Одоо бидэнд тов тодорхой санагдах энэ он цагийн түүхийг тэрээр сэтгүүлч хүний хувьд ард түмэн бидэндээ түүчээлэн авч ирсэн гэхэд болно. Тэрээр Л.Түдэв гуайг үнэн зүрхнээсээ бишрэн шүтнэ. Дөнгөж сургууль төгссөн “ногооноороо амьтан” ирээд тэр их хүний дэргэд туслахаар ажилласан нь ажил амьдралын “жинхэнэ их сургууль” болсон гэж ярина. Бидний хэдэн залуус ч дөнгөж сургууль төгсөөд багшилж байсан 1990-ээд оны сүүлээр хичээлийн завсарлагаанаар ороод гарахын зуур, орой өрөөндөө шуугилдаад сууж байхад бидний дунд суугаад сонгодог хөгжим, сонгодог уран зураг, урлагийн тухай энгүүн сайхан ярьдагсан. Гэргий Д.Гантөмөр нь Москвагийн их сургуулийн нэг үеийн оюутан, боловсролтой, дөлгөөхөн сайхан монгол эмэгтэй. Бид олон жил нэг дор ажиллаж, цагаан сар баяраар ирж очдог гэр бүлийн сайхан ахан дүүс болсон. Том охин Номинчимэг нь ааш зан урлагийн мэдрэмж ер нь юм юмаараа л аавтайгаа их адилхан. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг жаахан охин байсан, ноднин аавынхаа шүлгэнд ая хийгээд өөрөө хөгжимдөн дуулж олныг уяраасан. Гэр бүлийн ийм оюунлаг таатай орчин яруу найрагчийн зохиол бүтээлд, их нөлөөлдөг байж таараа. Гэргийдээ зориулж Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар үргэхгүй шүү дээ хө хө гэсэн сайхан дуу бүтээсэн нь одоо ч ард түмний дунд дуулагдаж л байна. Одоо бодоход 42-хон насласан энэ хүн яруу найрагчийн хувьд сэтгүүлчийн хувьд, бас улс төр нийгмийн зүтгэлнийхээ хувьд ямар их зүйл хийж үлдээснийг, цаг хугацаа элчилгүй урсан хайр найргүй хамж одох боловч он цаг улирах тусам алив мөн чанар ард нь үлддэг гэдгийг бид харж байна.
Үе тэнгийхэн гэдэг он цаг улирах тусам нэг нэгнийхээ түүхийг бичиж үлдээдгийг би наяад оны олон яруу найрагчдаас харж ухаарсан юм. Миний л мэдэхээр үүе тэнгийн найрагч нөхдийнхөө тухай хамгийн их бичсэн нь О.Дашбалбар, С.Батмөнх нар юм. Яруу найрагчид гэдэг ямагт тухайн цаг үеийнхээ магнайд нь явдаг. Магадгүй тэд он цагийг хүлээхийг хүсдэггүй ч байж мэднэ. С.Батмөнх “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана” номууд хэвлэгдсэний дараа Монголын яруу найргийн хаалгаар түлхэлцэн орж ирсэн үеийн нөхөр О.Дашбалбарыгаа өмгөөлж, “Зоригтой хэлэгтүн. Монголын уран зохиолд үнэхээрийн нэг үзэгдэл” хэмээн дуун алдаж,
Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм
Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг юм
гэж бичсэн яруу найрагчийг зүгээр л үл мэдэгчийн дүр үзүүлж юунд үл тоомсорлоно вэ гэж харуусан дуугарч чадсан юм.
Агаарын будан хөшгирсөн
Арын сайхан хангай юу
гэж нутгийн залуус дуулалдан давхихыг сонсоод би л ийм дуу бичих байсан юм гэж, хаа байгаа Хэнтийн Саруулбуян арын сайхан хангайн тухай ардын дуу шиг бичсэнд нь цагаахан атаархсанаа ч нуугаагүй.
Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан...
Мийгаа (Ч.Мягмарсүрэн) хотод нэг л дасахгүй нь, нутгаа санаад аа гэж гуниглангуй суусан тухай, хотод ганцаараа ирсэн Цэнддоо хоёулаа болж тэр үеийн “Үнэн” сонины аж ахуйн хашаанд туурга тусгаарлан төвхнөсөн тухай,
Усан бороон дор
Уйтгартайхан чичрэх хэрээ
Уйлж байгаа даа
гэж бичсэн Д.Чинзоригийг яруу найрагт нэг л үнэлэхгүй байгааг, Д.Сумьяа, Бя.Энхтуяа, Сарантуяа, Булган... наяад оны найрагч хүүхнүүд гээд бүгдийг нь л бичсэн дээ, тэр.
Үе тэнгийхэн минь жам ёсыг дагаж
Үүрч явсаар хүргэдэг он цагийн ачааг авч байна
гэж бичсэн цэл залуухан найрагч Ардын Их Хурлын гишүүн болж, эх орон ард түмний төлөө үгээ хэлж Монгол улсын шинэ Үндсэн Хуулийг батлалцсан нь бас л хувь заяаны хэрэг. 1990 оны Ардын Их Хурлын депутатаар Ж.Бямбаа, Ш.Сүрэнжав, Л.Түдэв, Л.Одончимэд, О.Дашбалбар, Бя.Энхтуяа гээд миний мэдэхийн хамгийн олон зохиолчид сонгогдон ардчилсан төрийн анхны ээдрээтэй он цагийн түүхийг бичилцсэн бөгөөд Заяын хүрээний эгэл боргилхон малчны хүү Сүхбаатарын Батмөнх ч тэднээс хоцорсонгүй.
Зангирсан уяаг арга билгээрээ тайлж
Задарсан улсаа атга шагай шиг хураах...
өвгөдийн нөмөрт өссөн жаал хүүд “Монгол”, “Чингис” гэж хашгичсан шинэ цагийн баатрууд өвөг дээдсийн амьнаасаа ч илүү хайрлаж ирсэн эх нутаг, тусгаар тогтнол, үндэсний бичиг соёлын түүхэнд нэг л гоомой хандаж байгааг анзаарч
Уулын тухай хууч сонсоод, давсан гэж ичих ч үгүй хэлнэ тэд
Усны бараа хармагцаа урд насанд гаталснаа гайхна тэд...
Цагийн цагаан солиор­лоор хүн бүр өвчилбөл
Цаад өдөр монголын заяаг хэн түшиж явах юм бэ... хэмээн үндэсний өв соёлоо сэргээн босгох нэрээр дахин үгүй хийчих вий гэж эмзэглэж өмгөөлсөн олон шүлгээр найрагчийн дуу хоолойгоо ч хүргэсээр л байсан. Арын цэнхэр хангайн эгэл малчны хүү сумын сургуулиас хотын сургуульд, Улаанбаатараас холын Москвад очиж, эрдэм номд суралцан, монголын яруу найрагт “Сүүн зам”, “Хайрын дөлгөөн Хануй”, “Хөхөөн дууны улирал”-аа бичиж, монголын сэтгүүл зүйд “Өндөр хөх огторгуй”-гаа үлдээсэн юм.
Сумын сургуулийн сурагчаас, “Үнэн”, “Монго­лын залуучууд” сонины сэтгүүлч, эрхлэгч, Ардын Их Хурлын депутат болж, Монгол улсын шинэ үндсэн хуулийг бичилцэн, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж энэ л ард түмний дуу хоолой нь болж явсан тэрээр Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуулийн захирал болж, “толгойтой бүхэн мөнгө бодож торготой нэг нь хоргой зүүдлэх” 1990-ээд онд, улс орны амьдралын хамгийн хүнд хэцүү цагт Монголын утга зохиолын хойч үеийг бэлдэх тэр ариун үйлст өөрийн мөрөө үлдээснийг бас л он цаг гэрчилж байна. Энэ л гэгээн гэрэлт найрагч нэгэн цагт
Амьдрал ямар эргэх биш дээ
Агшин учрал давтагдах биш дээ...
гэж бичиж үлдээсэн юм. Тийм дээ. Амьдрал ямар эргэх биш. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хотод амьдрал залгах гэж гүйж явсан миний амьдралын тарчигхан өдрүүд, зуун айлын шороо пургисан дотнохон гудамж, нар сар нь нэвт гэрэлтсэн найзын маань зуны байшин, шүлэгнээс өөр хөрөнгөгүй баахан хөөргөн залуус, хармаг жимс исгэж уугаад инээж суусан Болд-Эрдэнэ гээд олон нөхөд минь, Монголынхоо төлөө үхсэн хойно минь дуугарч чадахгүй бол та нараар яах юм бэ гэж зандарч байсан О.Дашбалбар багш, нэг л цагт та нар бүгдээрээ нэрд гарна, тэгэхэд энэ жижигхэн сур­гуулийг чинь хүмүүс анзаарах болно гэж хэлж байсан та өөалсран рөө, ээдрээтэй энэ яруу найрагчийн амьдралыг төсөөлөх ч үгүй дандаа л тийм жаргалтай байх юм шиг дулаахан өвөр дээр нь суугаад номоо уншиж байсан аав минь, өнөөдөр та нар бүгдээрээ алга. Намрын шувууд дуулалдан буцах энэ өдрүүд нэг л гунигтай. Мөхөс би өөрийн төрөлх сургуулийн ой болж байгаа энэ гэгээн гэрэлт өдрүүдэд, Монголын их яруу найрагт “сүүн зам” татуулж буцсан Сүхбаатарын Батмөнх яруу найрагчийн амьдрал уран бүтээлээс эргэн дурсаж энэ бүгдийг бичлээ. Он цаг биднийг л элээх гэж омголон морьд шиг алсран алсран одож байна даа.
Яруу найрагч,
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаа

3/11/2010

«Монголын орчин үеийн яруу найраг II» номоос

Д.Сумьяа доктор (Ph.D), дэд профессор
ШУА-ийн хэлзохиолын хүрээлэн
АГНИСТЫН ОРОН ХИЙГЭЭД “БУЙД ГАЗРЫН ШҮЛГҮҮД”

Жил бүр МҮЧЗХ-оос зохион байгуулдаг “Ижий говь” яруу найргийн наадам энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд суманд болов. Мөн хаврын эхэн сарын шинийн арван таванд ноён хутагт Равжаагийн “Үлэмжийн чанар” дууг чулуунд сийлж мөнхөлсөн баярын нээлт давхар болов. Бид Галбын уулсыг харж туулж, Дэмчигийн хийд гэж Говийн их догшин ноён хутагтын дагшин орноо залбирч сүслээд ирэв. Энэ өмнийн говь, Галбын уулс нь миний бодож төсөөлж байсан говийн ойлголтоос их өөр юм. Говийн хангай гэмээр, говийн Алтай ч гэмээр. Ерөөсөө Галбын уулсын байгалаас заяасан төрөлх үзэмж төрх нь сүм суврага орон хийд шиг юм. Ийм сонин гайхам Галбын уулс дунд энэ хийд орших ажээ. Галбын уулс болон энд орших энэ Дэмчигийн хийдийг хараад өөрийн эрхгүй Халхын Цогт хун тайжийн “Агнистын агуй дахь бодисад нар хийгээд…” гэх шүлгийн мөр сэтгэлд ургаад байв. Мөн Равжаа хутагт “Арван тавны сартай”-д дуулалдаа

Арван тавны сартайд
Аглагийн бараа тодорхой
Агуужим ухаантай хүмүүнд
Ашдын хэрэг тодорхой
(Равжаа. Яруу найргийн цоморлиг.УБ. 1992. 89-р тал)

гэж бичжээ. Ингэж л бичихээр орон дэлхий байна. Аливаа ариун дагшин онгон сүрлэг газар орны байгалийн эрч энерги хүмүүн бие дундуур нь нэвчин урсаж, түүнийг сэрж мэдэрсэн гэгээн мэргэд л ийнхүү бичиж дуулж ирсэн буй за. Хорин жилийн өмнө яруу найрагч Бя.Энхтуяа энд ирж мөн “Дэмчигийн хийдийн туурин дээр бичсэн шүлэг”-ээ бичсэн билээ. Энэ Ханбогд сумын унаган бүсгүй яруу найрагч Сүглэгмаа “Хутагтын цэнхэр нутаг” гэсэн аялгуу сайхан шүлэг бичсэн байдаг.

Задгай борхон толгод нь
Завилж суусан дүртэй
Зам замын үзүүрт
Залбирч нисдэг шувуудтай

Хутагтын цэнхэр нутаг
Хувраг магнаг салхитай
Хувилан хувилан нүүсэн
Хувилгаан цагаан үүлтэй

Домог үнэнийг заагласан
Долоон үеийн цадигтай
Дотогшоо гадагшаа урссан
Догшин цэнхэр зэрэглээтэй
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 31-р нүүр)

гэжээ. Энэ шүлэгт говь нутгийн онцлог болох толгод, салхи, үүл зэрэглээний тухай дуулсан байна. Гэвч нөгөөдөө бол “зам замын үзүүрт залбирч нисдэг шувуудтай” гэж, “хувилан нүүсэн хувилгаан цагаан үүлтэй” гэж, “дотогшоо гадагшаа урссан догшин цэнхэр зэрэглээтэй” гэж энэ газрын адистид жанлав, хүч зай их аглагийн орон болохыг залбирч нисэх шувуу, дотогш гадагш урсах зэрэглээ, хувилан хувилан нүүх үүлтэй гэж хэлжээ.
Говийн ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Дэмчигийн хийд буюу Дээд амгалангийн орны эрч энергийн зайд залбиран суух ахуйд орон дэлхий улам алсран цэнхэртэн уужимсана. Адистид жанлав сүр хүч ихтэй энэхүү ариун дагшин орны байц хадан дээрээс алсыг харахад мөнхүү Завхан нутагтаа Отгонтэнгэр богд Очирваань цагаан ууландаа хүрч сүслэн Даян хайрханы оройгоос Алтай хангайн алсын бараанд хараа сунган суух шиг ээ. Мөн Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийдийн уул орноос холыг хараачлан суух шиг ээ. Энд, өмнийн говийн дагшин орноос Өвөрийн хангайн Төвхөн хийдийн орон уул бодогдож байх юм. Өндөр богд маань тэртээ гурван зуун гаруй жилийн өмнө, намар оройн цагт Төвхөн хэмээх бүтээлийн орноосоо зургаан нөхдийн хамт дан мориор Лхас Төвдийн орноо зорьж, өөрийн багш Банчин Эрдэнээсээ номын авшиг хүртэхээр мордсон гэдэг. Заримдаа, зам товчлон долоон ангир болон нисэж явсан гэх домгийн тэр дүр зураг сэтгэлд ургаж нулимс мэлтэсхийж байх юм. Хаа газрын эрч хүч энергитэй ариун дагшин орны өнгө үзэмж бишрэн дагуулах сүр хүчнээрээ ерөнхийдөө бүгд адил юм аа. Алив сайхан орон дэлхийн сайханд мөнхүү алив сайхан хүмүүний сэтгэл ариусан, дотор цэлмэн ухаан уужирам, оюун оргилом билиг билгүүний гэгээг олдог биз ээ. Яруу найрагчид, ер аливаа бүтээлчид нь өөрийн билэг оюундаа мөн ийм буйд дагшин “Агнистын орон”-г буй болгож, тэндээ, тэр сэтгэл оюуны орондоо аглагшин бясалгаж, хүний хорвоогийн он цагийг мөнхийнд аргамжиж, бодтойг бодгүйд хүргэж, бодгүйг бодотод буулгаж, үнэний дээд хийсвэрийн туйлд шүлэг зохиолоо бүтээдэг буй за.
Ханбогд сумын газар нутгийн өнгө төрх нь армаг тармаг хайлаас сухай сүүхийж, заг бударга шаваг багсайсан өвс ургамал арвин сайхан орон дэлхий байна. Бид нар Алаг баянгийн талд хүрч Баянсухайтад өвөлжиж байгаа Сүглэгмаагийн ээж Удган гуайтай золгов. Залуудаа хонгор зүстэй байсан байхаа гэмээр эгэл сайхан ээж байна. Бидний хэн бүхний маань ээж бүгд адилхан юмаа. Хэрэв бид ноднингийн өдийд ирсэн бол Сүглэгийнхээ аав Хургаа агаатай золгох л байж дээ гэж бодогдоно. Заримдаа энэ цаг хугацаа биднийг хүлээж чаддаггүй шүү. Сүглэгмаа “Амирлангуйн хөх уулнаа” шүлэгтээ

Амирлангуйн хөх ууланд суунам
Асралтайхан аавыгаа бодож дуулнам
Алаглан ургах цэцгэнд нь хууртаад
Ачилж золголгүй удсан л байна даа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 13-р нүүр)

гэж бичсэн байдаг. Хургаа агаатай золгож чадаагүйн хариу энэ. Бид эжий аавдаа хайртай, саналаа гэдэг. Үнээн. Санадаг ч дуулдаг ч, амьдрал ахуйгаа хөөцөлдөөд тэр бүрийд чухамдаа мартсан шахам л явдаг. Үүнийгээ завгүй гэж тайлбарладаг. Гэвч энэ нь мартсан ч бус, харин “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэх амьдрахуй утга юм аа.
Эднийх, босоо хүнээс намгүй өндөр ургасан сухайтай элсэн бөөргийн энгэрт өвөлждөг айл юм байна. Сүглэгийг мэдээ ороход л энд өвөлжиж байсан гэнэ. Ердөө хотных нь бэлээс шууд бут бударганатай товцог хязгааргүй үргэлжилнэ. Яруу найрагчийн шүлгийг ойлгоё гэсэн хүн орон нутагт нь очиж үзэх ёстой гэж Гетё хэлжээ. Яруу найрагч Х.Сүглэгмаа нь өмнийн заг бударгана сухайт товцог толгой, элсэн манхат говьд төрж өсөөд, цагаан талын зургар замаар нь тоос татуулан сургууль соёлын мөр хөөж, улмаар хот орон газар суурьшсан ХХ зууны хөдөөгөөс хотруу иргэншсэн монголчуудын нэгэн. Тиймээс “Домог хүүрнэсэн явган тоорой”-той “ширмэл тойруулга адил борхон тойром, шидэмсэн зээг нь юм шиг тэмээн цуваан жим”-тэй өвөр өврөө дэрлэн үүрэглэх мөөмөн толгодын “элс нь хүртэл өвөлдөө, нурам шиг дулаахан байдаг” ээжийн зассан өлгий шиг говио санахдаа “тэнэмэл нүд бэлчиж үл хүрэх газраас тэнгэрийн хаяа сөхөж амар байна уу гэмээр” бодол нь “ботгон зэлний түйрэм үнэрлэх гэж өндөлзөөд”, “тором тамгалсан залуусын дээлийн хормойд орооцолдон”, “Шаналж тэмүүлэхээ байчихвал талын хөх тэнгэрт нь од түгэхээ байчих” юм шиг адгаж зүтгэж, өсөж төрсөн нутгаа санан дуулан бичсэн шүлэг Сүглэгмаад олон бий. Энэ нь малчин мал, хөдөөг зөвхөн өргөж магтаж дуулсан зохиол гэвэл тийм боловч бас биш юм. Харин ч хир үгүй ариун ахуй сэтгэл бүхэн байсан тэр л аглаг буйд нүүдэлчин малчин ахуй үгүй болж байгааг, суурин соёл руу бүгдээрээ хошууран, хүссэн ч хүсээгүй ч хүн төрөлхтөн хотжиж байгааг үзүүлсэн зохиол юм. Ийнхүү өсөж төрсөн нутгаа хөдөөгийн зохиолчид дуулдаг нь нэгд, зохиолч хүн өөрийн хамгийн сайн мэддэг ахуй орчиноо бичдэгтэй холбоотой. Хоёрт энэхүү төрсөн нутгаа хайрлах сэтгэл нь эх орноо хайрлах хайр, эх оронч үзэл болж өсдөгтэй холбоотой.
Х.Сүглэгмаа “Орхиж боломгүй хорин нас” (2000 он), “Буйд газрын шүлгүүд” (2ОО4 он) яруу найргийн ном хэвлүүлжээ. Энд яруу найрагч Х.Сүглэгмаагийн бүх шүлгийг сайны жишээнд авч задласангүй. Ажиглаж байхад түүний “Орхиж боломгүй хорин нас” номын шүлгүүд, “Өчил” хэмээх цуврал шүлгүүд болон бас бус таталбар шүлгүүд нь “Буйд газрын шүлгүүд” номын шүлэг, “Талын хөх салхи”, “Нүүдэл”, “Та хоёрынхоо дэргэд” зэрэг дараа дараагийн сайн шүлгүүдээ бичих урьдал, дадал нь болсон харагдана. Энэ нь яруу найрагч шүлгээс шүлэгт, номоос номонд уран бүтээлийн хувьд өсөж явааг илтгэнэ. Түүний шүлгийг багцалж үзэхэд агуулга өнгө аясын хувьд гурван зүйл болгон авч үзэж болмоор байна.
Нэгд, өсөж төрсөн нутаг усныхаа тодорхой газар нутаг, бодит хүний тухай шүлэг байна. Үүнд, “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг”, “Хутагтын цэнхэр нутаг”, “Ханбогд хайрхан”, “Дөрвөн цагийн Номгон хайрхан” зэрэг тодорхой газар нутаг, бодит хүний тухай өгүүлсэн шүлгүүд байна. Тухайлбал “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг” байна. Алаг баян хэмээх алсын бараатай намхан хөх уулаас урагшаа уудам тал орших юм. Энэ талын дунд Баян сухайт гэж Сүглэгмаагийн аавын өвөлжөө байна. Баянсухайт гэх өндөр өндөр сухайтай жаахаан намхан бөөрөг дээр гарахад энэ талын эн бүхэлдээ алган дээр тавьсан мэт тодорхой харагдана.

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алаг баянгийн талыг
Хотолзуулан хуучлав

Балдан гуайнх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр

Бор-Овоод Ёндон гуайнх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү

Хүрээгийн дэрсэнд Батмөнхийнх суугаа
Хүний өөрийн хэдэн үхэр Цэцэг л усалж байгаа
Хүүхэн ахынх чинь тээр зүүн хэцэд
Хүүхдүүд нь харин тэрүүхэн хавьдаа айл болцгоосон
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэх мэтээр нэг бүхэл бүтэн баг бригад айлыг өвөлжөө бууцтай хүнтэй малтай нь Алаг баянгийн тал багтаасан шиг тэднийг мөн ажил амьдрал, ааш араншин, яриа хөөрөөтэй бүхэлд нь багтаан өгүүлсэн нэг шүлэг байна. Энэ шүлэгт хэнийх хаана нутагладгийг төдийгүй хэний үр сад хаана, ямархуу зэрэгтэй ажиллаж амьдарч байгааг ч тод өгүүлсэн байна. Энэ шүлэг зөвхөн Баянсухайт хавийнхны тухай толгой холбосон холбоо бус. Энэ нь бие биеийнхээ бараанаар айлсаж, сургаар элэгсэж байдаг монголын хөдөө тал нутгийнхны нийтлэг дүр төрх юм. Иймд хаана ч очсон холоос ирсэн нутагтаа суугаа хүмүүсийн хооронд иймэрхүү яриа өрнөнө.

Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү
гэх буюу
Холбоо шараа унаад
Хойд айлуудаар заавал буугаарай
Хотоос ирсэн гээд хүүхэд хөгшчүүл
Хол ойроос харуулдаж байгаа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэж говийн хүмүүсийн хүн хүнээ хүндлэх хайрлах халуун бүлээн сэтгэл энэ шүлгэнд нэвт шингээтэй байна. Мөн говийнхны гол уналга нь тэмээ. Хотоос ирсэн учраас хоёр бөх нь ширээ “Холбоо шар ат”-аа унах нь илүү тохиромжтойг ч энэ шүлэгт өгүүлсэн байна.

Алив миний хүү Энхээгээ дууд
Агаадаа нэг тамхи асаагаад ир гэж хэл
Бидний үеийнхэн ч цөөн болж дээ одоо
Бэлчээр, усны хооронд хүүхдүүд л харагдах юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 28-р нүүр)

Энэ Сүглэгийн аавын үг. Тийм ээ. Хургаа агаа бол бодлоо нэрж суух хаа газрын монгол эрчүүлийн нэг. Тиймээс тамхиа нэрж бодлоо шившиж суудаг болохоос биш, архи дарс огт хэрэглэдэггүй нутаг усандаа нуруу түшиг болсон сайхан хүн байжээ. Энхээ гэдэг нь Сүглэгмаагийн бүстэй гурван дүү Додной, Жуулаа нарын отгон дүү нь. Малчин. Одоо ээжтэйгээ айл байна. Харваас, хот хороо, орон гэр нь цэвэр цэмцгэр эмх цэгцтэй нь ажил амьдрал нь өөдрөгийг илтгэнэ. Ер нь энэ сумын төв тэр чигээрээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй. Миний мэдэх энэ нутгийн уугуул хүү, манай хүрээлэнгийн захирал академич Төмөртогоо гуай ч мөн цэвэр цэмгэр, эмх цэгцтэй хүний үлгэр болж байдаг. Эргээд бодоход энэ нутаг усныхны нэг хоёрхон хүн бус ерөөсөө нутаг нугаараа, удирдлага нь ч ард түмэн нь ч энгүүн хөдөлмөрч, барагтай бол элдэв сайн муу зүйлд автаж уусахгүй, алмай ангарай биш эмх журамтай аж төрөхүйд үр хүүхэд удам судраа хүмүүжүүлдэг байх нь гэж бодсон.
Биднийг Сухай дээрээс бууж байх үед хонь хотлов. Удалгүй тором хурааж ирэв. Хараад хараад тэнгэрийн хаяа хүртэл эзгүй байх шиг л байсан атал, энүүхэн ойр товцог манхдын дундаас нь тором туусан хүн гараад ирэв. Бараг гучаад торомыг тугал шиг зэллэж уяв. Удалгүй ингэ хурааж саав. Тэмээ гэж ашиг шим сайтай сайхан амьтан юм. Жилийн дөрвөн эргэлтэнд бор цай оочуулахгүй дэг ээ.

Улсын ажил барагдах биш дээ миний хүү
Уул нь хэд хоновол сайн л байна санж
Ижий нь ойр ойрхон яриад л байсан юм
Ирэхийг нь нэг мэдээд л байж дээ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 30-р нүүр)

энэ эжийнх нь үг. Улсын ажил, хүүгийнхээ албыг бодож байгаа боловч бас хэд хоног ч хамт байх эхийн сэтгэл. Мөн эх үрийн сэтгэлийн зөн совингийн холбоо энэ бүхэн энэ шүлэгт байна.
ХоХХанбогд хайрхан сумын төвөөс баруун тийш оршино. Дэмчигийн хийдийн орноос дөрвөлжлөөд дүнхийж харагдана. Энэ хайрханы савдаг эзэн нь цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, лимбэ барьсан бүсгүй хүн байдаг. Тэмээнийхээ бөхөнд хурганы уут зүүсэн байдаг гэнэ. Энэрэхүй их Бурханы шашныг говийн малчин монгол хүлээж авч, түүнийг өөрсдийнхөө ахуйд суулгасны жишээ энэ хайрханы савдаг Ногоон дээлтэй бүсгүй юм. Мөн Баянсухайтын орой дээрээс тэртээ урд “Дөрвөн цагийн эргэлтэнд Дөрвөлжлөөд тосдог” Номгон хайрхан уул харагдана.
Хоёрт, өмнийн говьд төрж өссөн хүн л бичих говь талын шүлгүүд байна. Үүний нэг нь “Талын хөх салхи” хэмээх шүлэг юм. Арван зүгтээ задгай уужим орон зай энэ талд л байна. Талын салхи хаанаас хаашаа ч дэгдэж болох, хаана ч тогтож болох. Ийм талын нүүдэлч малчид ч мөн ийм арван зүгтээ тавиун уужим чөлөөтэйгээр нүүж сууж, харж бодож, аж төрөхийн үлгэрийг энд өгүүлжээ. “Талын хөх салхи” шүлэгт

Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

Талын салхи эзэн болж ирэх хүнээ удаан хүлээсэн. Хүний төрлийг олж ядан явахад нь галын, зулын, өлгийн дэргэд зуу зуун жил хүлээсэн. Энэ нь хүний хувийг олж төрөх нь дээд хувь гэж монголчуудын хүний төрлийг олж төрөхийг хүндэлж хайрладаг тэр ухаан юм. Хүний төрлийг олсны дараа төрөх цаг болоход нь мөн эжийтэй аавтай нь хамт тосов. Цааш нь энэ шүлэгтээ

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

салхи хамт тоссон. Яагаад салхи гэж. Салхи бол байгал ертөнцийн хий энергийн урсгал. Энэ мөнх. Тэгвэл хүн болж төрөх нь махан биеийг олж төрснөөрөө нэг бодот мөн боловч мөнхүү эх байгаль хийгээд ертөнцийн хий урсгалын нэг хуй бөөгнөрөл, хүч энергийн нэгдлийн агшин юм. Иймд талын салхи эрт эрт галавт ч салхилж л байсан болохоороо хөх салхи юм. Энэ хөх салхи нь нэгэн эгшинд хуй болон босон дөлтөж халуун амь бүрэлдүүлж бодот биеийг олсноор хүн буй болно. Иймд хүн нь дөлөн улаан хуй салхи болой. Дөлтөх хуй салхины дөл нь бадарсаар жаргахын цагт эргээд талын хөх салхи болъюу. Иймд энэ шүлгийг “Талын хөх салхи” гэж нэрлэсэн байна. Энэ санааг мөн

Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм
Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэсэн “Нүүдэл” шүлгээр тайлбарлаж болно.

“Талын хөх салхи” шүлэгт хүний төрөх үеийг уламжлалт монгол ахуйд аваачсан байна. Аргал түлшинд үүрч явдаг араг маань эх хүнийг төрөхөд хатуу зовлонг нь хуваалцах зөөллөх түшиг, дэр нь болдог байна. Ийм их зүдгүүрийг хамт тээж давдаг учир говьчууд араг сандайлдаггүй гэдэг. Үрээ төрж буй энэ цагт эцэг нь хүний төрлийг зорьж ирж буй шинэ хүнд, эрдэнэт хүнийг авч ирж буй эхэд нь сэтгэлийн эрч хүч зай өгч хатуу бүхнийг зөөллөн алга дэлгэж хүлээдэг байна. Тиймээс ч аавтай нь хамт

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

гэж шинэ хүнийг тосохдоо тэнгэрийг мөрлөн өргөж, унах газрыг засч зөөллөж буй учир шалтгааны санаагаа хэлжээ.
Энэ шүлэг нь хүний нэгэн нас төрж эхлээд, аж төрөх үйл өрнөөд, алдаа оноо бүхүй өгүүлэмжээр дамжаад эцэст хүний төрлийг орхих агшинд хүрсэн ийм нэг шүлэг байна. Салхи нь хүнийг хүлээж, тосч авч, хамт амьдарч, үгүйлж хайж үлдсэн ийм үйл явдалтай. Үйл явдал нь учир зүйн дараалалтай. Энэ шүлгийн мөнх урсгал салхи нь мөнхөд орших эх орон, эх дэлхий, амьдрал юм. Хүмүүн нь түүний нэг агшин, нэг эс нь юм.
Салхи нь байгал дэлхийн мөнхийн урсгал учир хэнийг ч ялгалгүй “тайж язгууртан” “тарвагачин гөрөөчин”-г таньж учирч, ядрахад нь “татаж босгож”, алдаа оноог нь аргадаж сануулж, хамтдаа омогшиж гунигшиж, өмөөрч, бүгдийг алагчлалгүй харж, хамтдаа хүний нэгэн насны үйл амьдралыг туулж буй бүхнийг дараалан өгүүлсэн байна. Энэ өгүүлэмжээ хүний нэгэн насны үйл дээр төдийгүй монгол ахуй, мөн монголын түүхийн хөрсөн дээрээс өгүүлсэн учир талын монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогийг бас илэрхийлнэ. Олон зуун жилийн суурин соёлт, иргэншилт газруудад бүр дорно дахины том хотуудад газарт суух ахуйд “талын хөх салхи” шүлгийн утга илүү тодрох шиг санагддаг.

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

нь талын хөх салхи гэж энэ шүлэгт бичсэн байгаа. Талын салхи хаанаас салхилж, хаашаа одсон, хаана тогтсоныг хэн мэднэ. Хэнд ч баригдахгүй эрх чөлөөг талын салхи л эдэлнэ. Суурин соёл, нүүдлийн соёлын үндсэн ялгаа энд харагдана.
Суурин иргэншилт ард түмний тайван, амгалан амьдрахын хамгийн эхлэл нь айлын айлаас хамаарна. Хөрш айлтайгаа эвтэй бол тэр айл амгалан байна. Хэрэв хөрштэйгээ эв эвдэрвэл хэцүү. Учир олон он жил үе үед хөрш амьдрах учраас. Харин талын нүүдэлч айл бол нүүгээд л явчихна. Хаана амгалан тайван тэнд буугаад өмнөх таарамжгүй таагүй байсан бүгдийг тас мартана. Яг үүн шиг дарга удирдлагатайгаа нийлэмж сайн биш бол ажлаасаа гараад л явчихна, өөр ажил хийчихнэ. Эргэн тойрны бүх хүмүүсээс зайлшгүй хамааралтай суурин соёлд үе дамжин хүмүүжсэн хүмүүн бээр амьдралын өмнө нь саад тулгарахад түүнээс гарах гарц олох, зайлах зам хайх нь бэрхшээлтэй байдаг байж магадгүй. Учир нь, хот газрын шугам хоолойгоор гүйх ус нэгээс шахагдан нөгөөгөөр гарах нэг л замтай шиг суурин иргэдийн амьдралын урсгал ч ийм байж магадгүй. Харин тал газрын нүүдэлчид бол талдаа хойшоо урагшаа, хол ойр хаашаа хаашаа л бол нүүчихнэ. Иймд амьдралын саад бэрхшээлээс гарах гарц олох, түүнийг мартан уужран цаашаа ахиад шинээр амьдраад явах зан чанар талын монголчуудад заяасан буй. Иймээс сэтгэлийн унал оюуны цөхрөлд боогдож халуун аминдаа хүрэх бачууралд тэр бүрий хүрээд байдаггүй сэтгэлгээний чөлөөт боломж эрх чөлөө талын нүүдэлчдэд уламжласан бизээ. “Талын хөх салхи” шүлгээс ийм мэдрэмж бууна.
Мөн дээрх бадгуудад байгаа “шимээн барж дуусаад тааваараа өөрийн зүгт одох” талын ургамал таанаар өөрөө урган буй болж өөрөө хагдарч одох амьдралын жам ёсыг өгүүлжээ. Шимээ өөрөө л барж дуусч байгаа, тэгээд бас өөрийнхөө тааваараа өөрийнхөө зүгт л одож байна. Энэ мөрөөс харахад талын байгаль бас тааваараа юм. Гэтэл бас үгүй ээ. Тэртээ тэнгэрийг “ташуулдан цуу татаж тэнгэр эсгэх” талын одны тухай хурц өгүүлжээ. Энэ нь мөн л талын хүний амьдралын дундах аянгын гялбаа шиг хурц содон агшныг илэрхийлнэ. Талын хүн тааваараа зөөлөн ч, тас хийсэн аянгын гялбаа шиг эрмэг догшин. Энэ шүлэгт ийн нэг араншин ч байна гэж өгүүлжээ.
Шүлгийн эхэнд талын салхи аав ээжтэй нь галтай зултай хамт хүлээж тосож авсан. Шүлгийн төгсгөлд

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

энэ хөх салхи талын хөх салхи гэжээ. Сар, нар, тэнгэрийн дор талын дээр амьд явахад хамт аж төрж, үгүй болсон хойно нь хамгийн ойр дотных нь хүн шиг үгүйлж хайж үлдэнэ гэсэн нь хулжин арилавч хувилан буй болж байдаг хорвоогийн мөн чанарыг таньж мэдэрсэн талын нүүдэлчдийн ухаан. “Би” бол уул, ус, ургамал, ус, од гэх нь бодотоос бодотод шилжүүлэхийн жишээ юм. Харин салхи нь баригдах биегүйн, хувирч арилах мөнх бусын үлгэр. Энэ шүлэгт энэхүү мөнх бусыг мөнхөд, бодигүйг бодотод оршоогоод эргээгээд мөнхийг мөнх бусад, бодотыг бодгүйд уусган урлаж чадсан байна. Мөн ийм шүлгийн нэг нь “Нүүдэл” юм.

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Аав минь ижийтэй байсан
Алга байна.
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж…
Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг
…Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
…Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэж бичжээ. Энэ мэт дорно дахины гүн ухааны уламжлалтай, бодол бясалгалын өнгө аяс бүхий, бадаг мөр, үг аялгууг тэгш тэнцүүлж зохист аялгууны урлахын хэм хэмжээ барьж бичсэн шүлэг олон байна. Үүнд “Ер энэ ертөнц”, “Өргөстэй модны цэцэг", “Хосмолжин” зэрэг. Тухайлбал “Хосмолжин” хэмээх бүлэг шүлэгт

Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэх буюу
“Буруу зөвийн орчлонд үйл мөрөө тэнцүүлэхээр
Бурхан буг хоёр намайг тэвэрч тайтгардаг” гэх мэт
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 18-р нүүр)

Гуравт, Өмнө дурдсан хөдөө талын ахуйн эсвэл дорно дахины бодол бясалгалын өнгө аяс бүхий шүлгээс эрс өөр, далд зөн оршоосон сэрж мэдрэхүйн өнгө аястай шүлэг бас нилээд байна. Үүнд “Сагстай цэцэг барьсан бүсгүй”, “Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг”, “Диваажингийн газарч”, “Цонх”, “Нүд” шүлгүүдийг нэрлэж болно.”Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг” шүлэгт

Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Эндээс холгүй гэж бодож байна
Эрмэг цагаан үүлс салхины аясаар нүүхгүй
Элстэй шанд, намхан толгод тэнд байхгүй
Эмгэд утас ээрч, өвдөгийг нь дэрлэсэн хүү үүрэглэхгүй
Энд үлгэр яаж жаргадгийг тэнд мэдэхгүй
Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Энэ зам хаа хүрэх вэ гэж асуумааргүй байна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 45-р нүүр)

гэжээ. Энэ эцсийн буудал нь гэгээрэлд хүрэх буюу энэ сансрын гэтэлсэн орон юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийнхөө сэтгэл оюунаа захирч чадсан тэр орон юм. Хүмүүсийн дунд аж төрөх атлаа тэр жаргалыг жаргал гэж ташуурахгүй, зовлонг зовлон гэж шаналахгүй бүхнийг гэтэлэх сэтгэлийн орон болно.

Сарны жижигхэн нулимс ертөнцийн бөөрөнд унаж сэрүү татна
Сагстай цэцэг барьсан бүсгүй дуулна…
Сагстай цэцэг барьсан бүсгүй явж одно
Салхи хаанаас байна вэ гэж би асууна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 24-р нүүр)

гэсэн харахад амьдалын учир зүйн дараалал алдагдсан мэт боловч уран сайхны хийсвэрлэлийн хэр хэмжээ алдагдаагүй шүлгүүд байна.
Х.Сүглэгмаагийн шүлэг найргийн өнгө аяс, хийц нь “халамжит хатдын гар шиг халуун зөөлөн элс нь илж урсдаг” хонгор шаргал элсний урсгал шигээ зөөлөн урссан гэгээн уянга байдаг. Үүнд, бидний дээр нэрлэж задлаж үзсэн шүлгүүдээс гадна “Амраг сарны аялгуу”, “Надад захидал бичээрэй”, “Гүнж цагаан саран дор” зэрэг олон шүлэг байна.
Яруу найрагч Х.Сүглэгмаа нь говь талын монгол ахуй дээр бүддийн гүн ухааны бодол бясалгалын аяс хөллөсөн дорно дахины өнгө бүхий, дуун утгын найруулгын тэгш тэнцүү хэм хэмжээтэй урссан гэгээн зөөлөн уянгын шүлгээрээ монголын яруу найрагт өөрийн дуу хоолойг өргөж, хувь нэмрээ оруулж, өөрийн байраа эзэлж явна. Найрагчийн хоолойн цараа нь улам өргөсөж, байр суурь нь улам батжиж, монгол яруу найргийн нэгэн үеийн нуруу дээврийг мөрлөж өргөлцөн явах их хувийг ерөөе. Найргийн зам өлзийтэй байг.
АГНИСТЫН ОРНЫ АДИСТЭД ЖАНЛАВТ ДАГАН БАЯСАХЫН УЧИР, ХVII жарны шороон хулгана жилийн шинийн 15-нд(2ОО8 оны 2-р сарын 2О-2З-нд) Равжаа хутагтын Говийн гурван хийдийн нэг Дэмчигийн хийд ариун дагшин агнистын орноо ирлээ. Өмнийн говь, Ханбогд хайрхан, Галбын говь, Дэмчигийн хийдийн тухай яг хорин жилийн өмнө анх их бадрангуй сонсож, миний уран бүтээлийн найз нөхөр энэ дагшин газар ирж шүлгээ уншина гэж амласан байжээ. Үүнээс хойш хорин жилийн дараа иржээ. Бас энд ирэхдээ гучин хоёр жилийн өмнө аав минь надад зориулж захиалж хийлгэж өгсөн цэнхэр хурган дээлтэй ирлээ. Ижий говь яруу найргийн наадамд шүлэг уншлаа. Тугал шиг зэллээд уясан гучаад ботго үзлээ. Энэ Галбын говийнхны түүдэг нь дээлийн ханцуй шиг юм. Аргагүй л тэмээний орон юм. Бас Галбын говийн барааг үзэв. Говь гэхээсээ илүүтэй говийн хангай гэмээр газар юмаа.
Үүний дараахан З-р сарын 15-нд Чөлөөт зохиолчдын холбоо болон монголын радиогийн уран зохиолын редакц, телевизээс зохиосон байгуулсан яруу найргийн аяллаар Богд хан уулын Дүнжингарав хүрлээ. Завхан нутгийнх болоод тэр үү, Богд Очирвааниа бодоод, тэр тэнгэр дагшин уулын тахилга тайлгыг санаад тэр үү, яг хүрч очоод зүрхшээв. Дүнжингарав оргилын овоон дээр гарсангүй. Овооны бэлээс сүү идээгээ өргөлөө. Болно оо.
Зун 7-р сарын 1-6-нд ОХУ-ын Улан-Үд хотод болсон эрдэм шинжилгээний хуралд оролцов. Иволгын дацанд хүрч, Итгэл хамбад золгов. Байгал далай ээжид хүрлээ. Далай ээжийн торгон элс, ээжийн энгэр шиг тэврэн илбэн бүүвэйлэх их усанд умбав. Эхийнхээ хэвлийд л хүүхэд тийм тааламжтай байдаг байхдаа. Урд нэг төрөлдөө Далай ээжийн загас ч байсан байж мэдэх.
Дараа нь 8-р сарын 15-нд А.Мостартын олон улсын монголч эрдэмтдийн холбооноос зохиосон байгуулсан “Гэгээн Марияагийн тэнгэрт дэвшсэн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хуралд” Дара эхийн магтаал дахь бүсгүй хүний гоо сайхны үзэл, жишээ” гэсэн илтгэл тавив.
Дараа нь намар 9-р сарын 16-21-нд БНХАУ-ын Ордосын Отог хошуунд болсон олон улсын хуралд “Аржийн агуйн Хорин нэгэн мөргөлийг Монгол Ганжуурын Хорин нэгэн мөргөлтэй харгуулах нь” гэсэн илтгэл хэлэлцүүлэв. Энэ Ордосын их талд Арж хэмээх нэгэн улаан уул байна. Тэр Арж уулын эгц ханыг ухаж агуй ордон гаргаад, түүний ханан дээр бурхад урлаж, бурхадын тухай магтаалыг төвд монголоор бичсэн тийм жар гаруй агуй байна. Энэ нь Чингис хаан тангудыг дайлаар мордож авсны дараахан, монголчууд бурханы шашныг хүлээн авч, хөгжүүлж, бясалгаж байсан тийм, ариун дагшин орон газар байна.
Түүнээс Хөх хотод 9-р сарын 22-26-нд Хятадын Монгол судлалын их хуралд бас далимд илтгэл тавив. Хурлынхан Өвөр монголын Бугат хошуунд байдаг Бадгарын хийдэд хүрэв. Бадгарын хийдийг зүүн Бодалан гэж нэрлэдэг бөгөөд, мөргөлчид Лхасын орноо хүрч бүгд амжихгүй тул Далай ламын ордон Бодалан хийдийн дэг загвараар барьсан гэнэ. Бадгарын хийд нь мөн Равжаа хутагтын урд дүрийн түүхтэй холбогдож байдаг орон хийд билээ.
Хятадаас ирсний дараа 1О-р сарын 1О-нд ОХУ-аас урилга ирлээ. Ингээд 1О-р сарын 15-наас энэхүү Чита хотод Забайкальскийн Улсын Багшийн их сургуулийн монгол судлалын салбарт ажиллах болов. Энэ салбар дөнгөж шинэ дутам байгуулагдсан байна. Мөн энэхүү Чита нь Цэвээн Жамсрано зэрэг буриадын их номын мэргэдийн сурч хүмүүжсэн орон дэлхий байна.
Энэ бүгдийг тэмдэглэхийн учир нь 2ОО8 оны эхэнд Равжаа хутагтын хийд Агнистын орноо хүрсэн ач ивгээлийн ерөөл энэ буюу гэж залбиран тэмдэглэв.
Д.Сумьяа «Монголын орчин үеийн яруу найраг II» номоос авав.