Pages

4/02/2010

«Өдрийн сонин» 2007-10-31

ЯРУУ НАЙРГИЙН «СҮҮН ЗАМ» БУЮУ СҮХБААТАРЫН БАТМӨНХ
Хамгийн анхны шүлгийг О.Дашбалбар багш сонинд хэвлүүлж, анхны номыг маань редакторлаж, Утга зохиолын сургууль төгссөн нэг л их хүсэл мөрөөдлөөс цаашгүй амьтныг С.Батмөнх багш сургуульдаа үлдээн багшлуулж, яруу найрагчийн амьдралд алдаж онох сайн муу хэлүүлэх болгонд “Талын гурван улаан”-ы Д.Сумьяа төрсөн эгч шиг минь нөмөр нөөлөг болж, утга зохиол судлалд хөлөө олж ядан яваа намайг Л.Хүрэлбаатар багшийн минь аминчлан захис­ны тул утга зохиол судлагч шүүмжлэгч С.Байгалсайхан багш үе тэнгийн олон нөхдийн минь хамт нэгэн хүрээлэлд багтаан хажуудаа авч, эрдэм судлалын ажил хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгч өдий дайны авч явна. Амьдралд нэг хүндхэн асуудал гарахад, сэтгэл жаахан тавгүй үед Ж.Саруулбуян ах руу гүйж очоод тулхтай ухаантай нэг үг сонсчихвол ихээ уужрах. Гаадамбын Билгүүдэйтэй өөд өөдөөсөө харсан өрөөнд олон жил сууж, баярлах гунихад минь хамгийн ойр байдаг энэ хүнд шүлгээ уншиж, гадаа бороо ороод сайхан байна, надад хань бол гэж албатай юм шиг шөнө, өдөр тэр бодь амьтныг тэмтчүүлэн гудамжаар алхах, бас хэрэгтэй хэрэггүй олныг шалгааж, хааяа зэмлүүлэх. Хэзээ ч өрийг нь төлж барамгүй энэ ачтай улсууд яагаад ч юм бэ дандаа нэг үеийн наяад оны яруу найрагчид, утга зохиол судлагчид байдаг юм. Хүний хувь тавьлан гэдэг сонин шүү.
Энэ л хүмүүсийн нэг “Сүүн зам”-ыг бичсэн Сүхбаатарын Батмөнх. Биднийг Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгсөхийн урд жил манай сургуулийн захирлаар томилогдож, бидний хэдэн шүлэг бичдэг нөхдүүд найрагч захиралтай болох нь гээд их л бахдан хүлээж байж билээ. Удалгүй сургууль төгсөхөд миний удирдагч багш Монголын нэртэй төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш тэр хоёр зөвлөөд би сургуульдаа багшаар үлдсэн тул хэдэн жил хамт ажиллаж, бид амьдралын замд багш шавь, ах дүүгийн ёсоор жаргал зовлонгоо хуваалцах нэгэн хувь тохиожээ. О.Дашбалбар багшийн маань редакторласан миний яруу найргийн анхны номыг ивээн тэтгэн хэвлүүлж, бас өчүүхэн төдий авьяасыг минь их л тоож найрагчийн хувьд бид хоёрт аминчлах зүйл ч байх. Харин олон жилийн дараа он цагийн үүлэн хэвнэг үргээж энэ хүний тухай бичиж суух юм гэж хэн тэр үед санахав дээ. Дэлхийн олон орны оюутан чуулсан Москвагийн их сургуулийн 1980-аад оны оюутан тэрээр сургуульдаа Маурия Абухай гэдэг энэтхэг залуутай “Ази тивээс хоёулхнаа” гэж дотносдог байсан тухайгаа хожим их л хөгжилтэйгээр дурсаж бичсэн байдагсан. Нэг удаа орон орны оюутан залуус өөр өөрийн үндэсний онцлогоо харуулсан урлагийн тоглолт үдэшлэгт оролцжээ. “Ази тивийнхнийг урья” хэмээн зарлахад, урьд нь Европынхон чихцэлдэж байсан тайзнаа хоёр жаахан бор амьтан гараад ирсэнд үзэгчид инээлдэж байна. Хоёул улс улсынхаа ёс заншлаас товч ярьлаа. Би монгол, тэр энэтхэг дуу дуулж үзүүлээд, хоршиж байгаад “Москва орчмын үдэш”-ийг хангинууллаа. Танхимд жигтэйхэн алга ташиж түрэн дуулж байна. Маргааш нь орос хэлний багш маань “хоёр хар толгойт хорин шар толгойттой тэнцсэн” гээд онц дүн тавьж баярлуулсан” гэдэг. Монголын төлөө гэх найрагчийн омог бардам сэтгэл төрж л байсан хэрэг. Хожим нь төрийн албаны хүн болчихоод Энэтхэгт явж байхдаа байрласан газрынх нь хажууханд аж төрдөг бүх насаараа, манайхны хэлээр зүгээр л шуудай таар шиг юмны оронцог дэвсээд эхнэр хүүхэд гэр бүлээрээ гудамжинд амьдарч байгаа өвгөнтэй уулзаад “Та шашин шүтдэг үү” гэж асууж. Цаад хүн “Шүтдэг ээ. Бурханаас надад ингээд л гудамжинд амьдрах хувь оноосон юм. Хүн бол зурсан зургаараа л явна шүү дээ” гэхэд нь хачин их өрөвдөж тус болохсон гэвч халаасандаа 15 хан писотой би энэ харь оронд яах ч вэ дээ гэж харууссанаа их л гунигтайгаар ярина. Бас тэгж явахдаа Далай багштай гэв гэнэт таарч гэнэ. “Далай багш” гээд л хашгираад, машиныг нь дагаж гүйгээд байсан, арай гэж машин нь зогсоход их багштан өөрийнхөө талын цонхыг алгуурхан доошлуулж англиар “монгол уу” хэмээн асуугаад нэг л элгэмсүү сайхан инээмсэглэж гар барихад нь Монголоос ирснээ хэлж, адис авсан тухайгаа “Тэр бол амьд бурхан, гар нь яг л нялх хүүхдийнх шиг зөөлхөн дулаахан, намайг монгол хүн гэхээр их л дотно хандаж гарыг минь удаан барьсан, би баярласандаа гудамжинд уйлж зогслоо шүү дээ” гэж сэтгэл хөдлөн ярьж билээ. Магадгүй харийн хүн гэлтгүй ертөнцийн нэг л бөөрөн дээр амьдарч байгаа, хэзээ ч тохитой дулаан гэр оронд орж, энэ насны тав тух гээчийг эдлээгүй тэр энэтхэг өвгөнийг жигтэйхэн өрөвдөж зогссон нь эргээд ертөнцийн хамаг амьтны тусын тулд залбирах амьд бурхантай уулзуулахын гэгээн ерөөлийг авч ирсэн ч юм билүү яаж мэдэхэв.
Тэрээр эмээ өвөө хоёроо дандаа ярина, хөдөөнөөс хотод ирсэн, хоёр хөгшин нь дагаж ирээд одоогийн гурван буудалд гэр барин суусан, өдөр хичээлдээ явах болгонд өвөө нь гурван төгрөг өгдөг байсан, эмээг минь нас барахад ирээгүй гэж О.Дашбалбартаа гомдсон тухайгаа ч ярина. Өөрөө гайхалтай уян сэтгэлтэй бусдын хайр татсан, тэр л хөдөөх малчны хүүхдийн, бага насны жаргал зовлонгоо ямагт дурсах, хөгшцүүл нутаг усандаа амь зангидсан өр зөөлөн хүн байсан даа, одоо бодоход. Нэг намар хичээл эхлээд удаагүй сургууль дээр их л хөл хөдөлгөөнтэй байсан үед, талийгч багш өрөөндөө нилээд ууртай хэн нэгнийг загнаж байгаа чимээ сонсогдов. Удалгүй хаалга нь дуугараад манай нэртэй яруу найрагч залуу нилээн согтуу, унжгардуухан гарч яваа харагдана. Төд удалгүй С.Батмөнх багш миний өрөөнд орж ирээд намайг мэдээгүй гэж бодсон бололтой, юу болсныг өгүүлээд “Цаад муу чинь хувцас хунар муутай, зүс царай ч авах юм алга. Эд нар ингэж яваад л үхэж дүүрэх улс даа. Би ч царай өгсөнгүй, зад загнаад хаясан. Алив чи хойноос нь гараад энэ хэдэн төгрөгийг өгөөтөх. Олигтойхон хоол идээд, ганц юм авч уу гээрэй” гэв. Би хойноос нь гүйж байж нөгөө хүнд мөнгийг өгөөд хэлснийг нь дамжуулахад найрагч нөхөр маань “Тийм байлгүй, даанч дээ” гэж ирээд л учиргүй баярлаж хэдэн шар шүдээ гарган инээхэд нь хамаг залуу насныхаа өнгө жавхааг ууж барсан ч гэлээ, дотроос нь хүн чанарын галд бүлээцсэн царай нь нэвт гэрэлтээд “За за, ах нь дараа нэг цэмцийгээд цаадах дээр чинь ирнэ, миний дүү хэлээрэй” гэж байж билээ. Аргадаж зэмлэсэн тэр хоёр хүн, аль аль нь одоо алга даа, хөөрхий.
Элс шороогий нь үнэртэж үзлээ
Ижийн минь сүү ханхлаад байна гэж нутаг ижий хоёртоо амь зангидаж бичсэн байдаг юм. Яруу найраг гэдэг ямагт хүний сэтгэлийн өнгөөр гэрэлтэж байдаг эд дээ. Тэрээр нутгийнхаа тухай, Хануй, Тамирын голынхоо аядуу дөлгөөнийг, хангайн сүрлэг уулс, Хан өндөрийнхөө нөмөр нөөлгийг, ахдаа захидал дайх гэж малын бэлчээр дээрээс шогшуулж ирсэн нутгийн залуу, аав л ижий, амраг гэргийнхээ тухай, ахыгаа их л том хүн гэж бодох бүсгүй голдуу хэдэн дүүгийнхээ тухай хамгийн эгэл үгээр бичиж үлдээсэн. Тэр нь л яруу найрагчийн амьдрал болж үлдсэн байна. Есөн эрдэнийн орны Бадарчтай Гурван буудалд хөрш зэргэлдээ амьдарч, хоёул худаг дээр нэгэндээ усны оочер захилцан танилцаад, “том зохиолчтой” уулзсан тухайгаа ярьтал гэрийнх нь хамгийн “мундаг” хүн Орост дээд сургууль төгссөн авга ах Цэрэндолгор нь “Чи тийм нэртэй том зохиолчид шүлгээ үзүүлэх бо­лоогүй” гэж анхааруулсан тул, гэрийхнээсээ нууж нэг орой хэдэн шүлэг бичсэн навсгархан дэвтрээ барин гүйж очсон нь ч яруу найрагчийн л амьдрал.
Түүнийг анх Ламжавын Лувсандорж хөтөлж аваачин Мөнгөний Чимид гуайн дугуйланд өгсөн гэдэг. Чимид гуай тэр үед Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид ажилладаг тул түүний байгуулсан “Гавшгай сурвалжлагчийн дугуйлан”-д шүлэг зохиол бичдэг олон хүүхэд явж байснаас яруу найрагч Д.Чинзориг, Б.Энхтуяа, С.Батмөнх, Т.Баасансүрэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гээд олон уран бүтээлчид төрөн гарсан байна. Харин оюутан болсон хойноо 1980-аад оны эхээр дэвтэр дүүрэн шүлгээ бариад МЗЭ-ийн Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан С.Эрдэнэ гуай дээр очсон гэдэг. С.Эрдэнэ гуай нилээн хэдэн шүл­гийг нь сонсоод их л ойшоож, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн өрөөнд дагуулан очиж зөвлөгөө өгүүлсэн нь урамтай хэрэг болж. Тэгээд хэдэн жилийн дараа “Цог” сэтгүүлд шүлгээ хэвлүүлэх гээд өгтөл Ц.Нацагдорж гуай “Алив чи өмнөх үг бичүүлээд ир” гэж. Тэр хавиар хүн амьтан хайгаад харж явтал өнөө урьд нь уулзаж байсан Ш.Сүрэнжав гуай өрөөндөө сууж байх таарч, учраа хэлбэл дор нь зөвшөөрөөд урмын сайхан үг бичиж өгсөн бөгөөд мөн “Сүүн зам” хэмээх анхны номыг нь ч энэ билэг танхай найрагч ариутган шүүсэн гэдэг юм. Бас л хувь заяаны сүүн зам тоссон хэрэг. Сурагчийн хилэн формтой жаахан тожгор хүү анхны “Гавшгай сурвалжлагч”-ийн мэдээгээ барин “Залуучуу­дын үнэн” сонин дээр байнга очих. Сүүлдээ жижүүр нь бүр андахаа больж, Хатанбаатар сэтгүүлч рүү утасдан “Дүү чинь ирлээ” гэж дуудахыг нь сонсоод, дотроо Москвагийн их сургууль төгсч ирсэн тэр сайхан хүний дүү гэж хэлүүл­сэндээ бахдан овоо маадгар зогссон гэдэг. Тэр жаал хүүг хожим Монголын улс төр нийгмийн асуудал хөндсөн олон нийтлэл бичиж, монгол төрийн малчнаас маршлыг нь хүртэл сурвалжилж, нэгэн цагт нэрийг нь сонсоод л бахархаж зогссон Москвагийн их сургуулиа сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж, нэгэн цагт хүүхдийн гэрэвшиж гайхсан харцаар хаалган завсраар нь хулчгархан шагайж зогссон “Залуучуудын үнэн” сониныхоо эрхлэгч нь болох юм гэж хэн л зүүдлэх билээ. Бас л яруу найрагчийн сэтгэл дүрхний дуудлагаар болсон хэрэг.
Газар газрын ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, төрийн сайд ер хэн байлаа ч ард түмний л асуухыг асууж, олон сайхан хүмүүсийн тухай С.Батмөнх Монголын сэтгүүл зүйд бичиж үлдээсэн юм. Дэлхийд нэртэй эрдэмтэн Ширэндэв ээжийнхээ тухай юу ярьсныг, Молотовын гэрт Сталин Гэндэнтэй уулзаад юу гэсэн, “Гэндэнг энд гүйцэтгэх үү, Монголд аваачиж гүйцэтгэх үү” гэж хэн нь хэнээсээ асууж байсан гээд, сансрын нисгэгч Жанибеков янжуур зуугаад зуу татаж суусан тухай, Дарамын Батбаяр эрдэнийн чулууны эрэлчин байсан тухай, Хөшөөтийн голоос Зундуйн Дорж малаа нийгэмчлээд хотод ирсэн тухай, алдарт уртын дуучин Г.Сүглэгмаа гуайд уртын дуу заасан багш нь лам хүн байсан, Эрдэмтэн Ш.Гаадамба гуайг Нууц товчооны судлалаар төрийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн хүн Загдсүрэн гэж Сүхбаатарын районы цагдан сэргийлэгч хүн байсан гэх, амьдралынхаа 30 гаруй жилийн энэ их үйлсийг тэрээр хүү Билгүүдэйдээ өвлүүлж байгаа тухай хуучилсныг, Ц.Дамдинсүрэн гуай шоронгоос гарч ирээд “Олег цэцний дуулал”-ыг орчуулснаа латин үсгээр хэвлээд зах дээр нэг ширхэгийг нь нэг төгрөгөөр зарж, ШУА-ийн Хэл бичгийн тасагтаа их л зүйл авч байсан гээд эгэл бус эгэл юмсын тухай тэр л бичиж үлдээсэн. Чинагийн Галсан 1968 онд нэг өглөө л гурван өгүүллэг нэг дор бичиж хувь заяаны эргэлтээ хийн, улмаар олон ном зохиолыг нь Герман хэлээр гаргаад байхад монголд тэр нь “хориотой ном” болсон, хар дарсан зүүд шиг тэр үед Л.Түдэв “Аянгат цагийн тууж”-д нь өмнөх үг бичээд “За ийм ном бичсэнийх нь төлөө монгол зохиолчийг шоронд хийвэл хийг. Хийхийг нь харья” гэж үзэл суртлын мөсөн гол дундуур гатлуулсан тухай тэр л бичсэн. Одоо бидэнд тов тодорхой санагдах энэ он цагийн түүхийг тэрээр сэтгүүлч хүний хувьд ард түмэн бидэндээ түүчээлэн авч ирсэн гэхэд болно. Тэрээр Л.Түдэв гуайг үнэн зүрхнээсээ бишрэн шүтнэ. Дөнгөж сургууль төгссөн “ногооноороо амьтан” ирээд тэр их хүний дэргэд туслахаар ажилласан нь ажил амьдралын “жинхэнэ их сургууль” болсон гэж ярина. Бидний хэдэн залуус ч дөнгөж сургууль төгсөөд багшилж байсан 1990-ээд оны сүүлээр хичээлийн завсарлагаанаар ороод гарахын зуур, орой өрөөндөө шуугилдаад сууж байхад бидний дунд суугаад сонгодог хөгжим, сонгодог уран зураг, урлагийн тухай энгүүн сайхан ярьдагсан. Гэргий Д.Гантөмөр нь Москвагийн их сургуулийн нэг үеийн оюутан, боловсролтой, дөлгөөхөн сайхан монгол эмэгтэй. Бид олон жил нэг дор ажиллаж, цагаан сар баяраар ирж очдог гэр бүлийн сайхан ахан дүүс болсон. Том охин Номинчимэг нь ааш зан урлагийн мэдрэмж ер нь юм юмаараа л аавтайгаа их адилхан. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг жаахан охин байсан, ноднин аавынхаа шүлгэнд ая хийгээд өөрөө хөгжимдөн дуулж олныг уяраасан. Гэр бүлийн ийм оюунлаг таатай орчин яруу найрагчийн зохиол бүтээлд, их нөлөөлдөг байж таараа. Гэргийдээ зориулж Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар үргэхгүй шүү дээ хө хө гэсэн сайхан дуу бүтээсэн нь одоо ч ард түмний дунд дуулагдаж л байна. Одоо бодоход 42-хон насласан энэ хүн яруу найрагчийн хувьд сэтгүүлчийн хувьд, бас улс төр нийгмийн зүтгэлнийхээ хувьд ямар их зүйл хийж үлдээснийг, цаг хугацаа элчилгүй урсан хайр найргүй хамж одох боловч он цаг улирах тусам алив мөн чанар ард нь үлддэг гэдгийг бид харж байна.
Үе тэнгийхэн гэдэг он цаг улирах тусам нэг нэгнийхээ түүхийг бичиж үлдээдгийг би наяад оны олон яруу найрагчдаас харж ухаарсан юм. Миний л мэдэхээр үүе тэнгийн найрагч нөхдийнхөө тухай хамгийн их бичсэн нь О.Дашбалбар, С.Батмөнх нар юм. Яруу найрагчид гэдэг ямагт тухайн цаг үеийнхээ магнайд нь явдаг. Магадгүй тэд он цагийг хүлээхийг хүсдэггүй ч байж мэднэ. С.Батмөнх “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана” номууд хэвлэгдсэний дараа Монголын яруу найргийн хаалгаар түлхэлцэн орж ирсэн үеийн нөхөр О.Дашбалбарыгаа өмгөөлж, “Зоригтой хэлэгтүн. Монголын уран зохиолд үнэхээрийн нэг үзэгдэл” хэмээн дуун алдаж,
Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм
Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг юм
гэж бичсэн яруу найрагчийг зүгээр л үл мэдэгчийн дүр үзүүлж юунд үл тоомсорлоно вэ гэж харуусан дуугарч чадсан юм.
Агаарын будан хөшгирсөн
Арын сайхан хангай юу
гэж нутгийн залуус дуулалдан давхихыг сонсоод би л ийм дуу бичих байсан юм гэж, хаа байгаа Хэнтийн Саруулбуян арын сайхан хангайн тухай ардын дуу шиг бичсэнд нь цагаахан атаархсанаа ч нуугаагүй.
Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан...
Мийгаа (Ч.Мягмарсүрэн) хотод нэг л дасахгүй нь, нутгаа санаад аа гэж гуниглангуй суусан тухай, хотод ганцаараа ирсэн Цэнддоо хоёулаа болж тэр үеийн “Үнэн” сонины аж ахуйн хашаанд туурга тусгаарлан төвхнөсөн тухай,
Усан бороон дор
Уйтгартайхан чичрэх хэрээ
Уйлж байгаа даа
гэж бичсэн Д.Чинзоригийг яруу найрагт нэг л үнэлэхгүй байгааг, Д.Сумьяа, Бя.Энхтуяа, Сарантуяа, Булган... наяад оны найрагч хүүхнүүд гээд бүгдийг нь л бичсэн дээ, тэр.
Үе тэнгийхэн минь жам ёсыг дагаж
Үүрч явсаар хүргэдэг он цагийн ачааг авч байна
гэж бичсэн цэл залуухан найрагч Ардын Их Хурлын гишүүн болж, эх орон ард түмний төлөө үгээ хэлж Монгол улсын шинэ Үндсэн Хуулийг батлалцсан нь бас л хувь заяаны хэрэг. 1990 оны Ардын Их Хурлын депутатаар Ж.Бямбаа, Ш.Сүрэнжав, Л.Түдэв, Л.Одончимэд, О.Дашбалбар, Бя.Энхтуяа гээд миний мэдэхийн хамгийн олон зохиолчид сонгогдон ардчилсан төрийн анхны ээдрээтэй он цагийн түүхийг бичилцсэн бөгөөд Заяын хүрээний эгэл боргилхон малчны хүү Сүхбаатарын Батмөнх ч тэднээс хоцорсонгүй.
Зангирсан уяаг арга билгээрээ тайлж
Задарсан улсаа атга шагай шиг хураах...
өвгөдийн нөмөрт өссөн жаал хүүд “Монгол”, “Чингис” гэж хашгичсан шинэ цагийн баатрууд өвөг дээдсийн амьнаасаа ч илүү хайрлаж ирсэн эх нутаг, тусгаар тогтнол, үндэсний бичиг соёлын түүхэнд нэг л гоомой хандаж байгааг анзаарч
Уулын тухай хууч сонсоод, давсан гэж ичих ч үгүй хэлнэ тэд
Усны бараа хармагцаа урд насанд гаталснаа гайхна тэд...
Цагийн цагаан солиор­лоор хүн бүр өвчилбөл
Цаад өдөр монголын заяаг хэн түшиж явах юм бэ... хэмээн үндэсний өв соёлоо сэргээн босгох нэрээр дахин үгүй хийчих вий гэж эмзэглэж өмгөөлсөн олон шүлгээр найрагчийн дуу хоолойгоо ч хүргэсээр л байсан. Арын цэнхэр хангайн эгэл малчны хүү сумын сургуулиас хотын сургуульд, Улаанбаатараас холын Москвад очиж, эрдэм номд суралцан, монголын яруу найрагт “Сүүн зам”, “Хайрын дөлгөөн Хануй”, “Хөхөөн дууны улирал”-аа бичиж, монголын сэтгүүл зүйд “Өндөр хөх огторгуй”-гаа үлдээсэн юм.
Сумын сургуулийн сурагчаас, “Үнэн”, “Монго­лын залуучууд” сонины сэтгүүлч, эрхлэгч, Ардын Их Хурлын депутат болж, Монгол улсын шинэ үндсэн хуулийг бичилцэн, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж энэ л ард түмний дуу хоолой нь болж явсан тэрээр Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуулийн захирал болж, “толгойтой бүхэн мөнгө бодож торготой нэг нь хоргой зүүдлэх” 1990-ээд онд, улс орны амьдралын хамгийн хүнд хэцүү цагт Монголын утга зохиолын хойч үеийг бэлдэх тэр ариун үйлст өөрийн мөрөө үлдээснийг бас л он цаг гэрчилж байна. Энэ л гэгээн гэрэлт найрагч нэгэн цагт
Амьдрал ямар эргэх биш дээ
Агшин учрал давтагдах биш дээ...
гэж бичиж үлдээсэн юм. Тийм дээ. Амьдрал ямар эргэх биш. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хотод амьдрал залгах гэж гүйж явсан миний амьдралын тарчигхан өдрүүд, зуун айлын шороо пургисан дотнохон гудамж, нар сар нь нэвт гэрэлтсэн найзын маань зуны байшин, шүлэгнээс өөр хөрөнгөгүй баахан хөөргөн залуус, хармаг жимс исгэж уугаад инээж суусан Болд-Эрдэнэ гээд олон нөхөд минь, Монголынхоо төлөө үхсэн хойно минь дуугарч чадахгүй бол та нараар яах юм бэ гэж зандарч байсан О.Дашбалбар багш, нэг л цагт та нар бүгдээрээ нэрд гарна, тэгэхэд энэ жижигхэн сур­гуулийг чинь хүмүүс анзаарах болно гэж хэлж байсан та өөалсран рөө, ээдрээтэй энэ яруу найрагчийн амьдралыг төсөөлөх ч үгүй дандаа л тийм жаргалтай байх юм шиг дулаахан өвөр дээр нь суугаад номоо уншиж байсан аав минь, өнөөдөр та нар бүгдээрээ алга. Намрын шувууд дуулалдан буцах энэ өдрүүд нэг л гунигтай. Мөхөс би өөрийн төрөлх сургуулийн ой болж байгаа энэ гэгээн гэрэлт өдрүүдэд, Монголын их яруу найрагт “сүүн зам” татуулж буцсан Сүхбаатарын Батмөнх яруу найрагчийн амьдрал уран бүтээлээс эргэн дурсаж энэ бүгдийг бичлээ. Он цаг биднийг л элээх гэж омголон морьд шиг алсран алсран одож байна даа.
Яруу найрагч,
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаа

No comments:

Post a Comment