Pages

7/26/2010

«lEADERS». 2007 ¹5 /39/ 27-31 нүүр.

Monday, March 2, 2009
Х.Сүглэгмаа: Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг авч үлдэж чаддаг байх хэрэгтэй.

Доктор /Ph.D/, дэд профессор Хургаагийн Сүглэгмааг “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр яруу найргийн “Мөнгөн цом”, “Алтан дигбаранз”, “Ижий говь” наадмын тэргүүн шагналыг хүртсэн билээ.
-Хүний төрж өссөн газар орон өөрийг нь ямар нэг хэмжээгээр тодорхойлох нь бий. Энэхүү ярилцлагаа өөрийн чинь төрж өссөн нутаг усны тухай яриагаар эхэлбэл ямар ва?


-Би Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн. Ханбогд хайрхан, Галбын хөх уулс, Алаг баянгийн хөндий, алсаас хөхөртөж харагдах Номгон хайрханыг түшиж өссөн гэж болно. Хүн орон газрыг олж төрнө гэдэг нь хувь зохиолоор болдог юм гэнэлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Монголын газар нутгийн энгэр хормой, тэгэхээр эх орныхоо энгэр хомойд эрхэлж өслөө гэж ярих гоё байгаа биз дээ. Манай нутагт одоо хавар болж байгаа говийн намхан толгодод хаврын униар татчихсан, бүр алдлаад авмаар ойрхоноос энүүхэн хамрын дороос униартаад л жаахан холдвол усан зэрэглээ гүйгээд л, хаа нэг цагаан хуй босоод л дөнгөж ботголсон ингэ зэлнээс холдохгүй гунганаад л ямар өр зөөлөн гээ. Монголын хавар бараг говиосоо л эхэлдэг байх. Говийн ноён хутагтын бишрэн шүтэж байсан Галбын хөх уулс, ноён гэгээний байгуулсан Дэмчиг, Эрээт, Цагаан толгойн хийд, одоо амьтан болгоны сүнс нь хоргодох шахаад байгаа Оюутолгойн чинь чулуугаар тоглож, бараг нөгөө алтыг нь ботго малын хойноос шидэж өссөн байх аа даа.

-Яагаад ч юм бэ би өөрийг чинь Дорноговийн хутагтын нутгийн найрагч бүсгүй гэж боддог байсан. “Хутагтын цэнхэр нутаг” өөрийн тань ажил амьдрал, хувь тавиланд онцгой нөлөө үзүүлсэн болов уу?

-Миний “Хутагтын цэнхэр нутаг” гэж дуу байдаг юм. Аяыг нь одоо энэ их нэрд гараад байгаа хөгжмийн зохиолч Сэр-Од маань нилээн олон жилийн өмнө хийсэн. Мэргэжлийн түвшний сайхан дуу. Ноён хутагтын 200 жилийн ойн хүндэтгэлийн концертод дуулагдсан. Олон дуучин би ч дуулая, надад өгөхгүй яасан юмбэ гэж тэр үедээ булаалдаж байсан. Нэг их олны дунд найранд дуулаад байхааргүй дуу учраас хүн мэддэггүй болов уу. Хутагтын цэнхэр нутаг өгөөжөө өгсөн сайхан нутаг шүү. Өмнөговьд төрж өссөн ч, миний амьдралын нэг сайхан үе Дорноговьд оюутан байсан тэндээ гэр бүл болсон, хүү маань тэнд төрсөн, амьдрал, уран бүтээлийн хамгийн сайхан найзууд минь энэ нутаг усанд л уулзсан. Хэдхэн жил хамт ажиллаж байсан Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гэхэд л тэр нь энэ нь гэлтгүй ах дүү шиг олон жилийн анд нөхөд болсон сайхан улс байна даа. Яруу найрагт хөтөлсөн анхны багш маань Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Хандын Цэрэндорж. Багш маань одоо ч тэр нутагт сууж байна. Хүмүүс намайг Дорноговийнх гээд, Өмнөговийнхон тэрийг нь сонсохоороо бас дуртай биш, ямар сайндаа манай дүүгээс “Танай эгч чинь ер нь өөрөө Дорноговийнх гэж явдаг уу, Өмнөговийнх гэж явдаг уу” гэж асуусан гэсэн.

-Та бол 90-ээд онд монголын яруу найрагт хүч түрэн орж ирсэн цөөхөн эмэгтэй найрагчдын нэг. Яруу найргийн их өргөөнд анх хөл тавьсан тэр үе, энд хөтөлж хөглөж ирлэж хурцалсан хүн хэн бэ?

-Би 1984-85 оноос шүлэг бичиж эхэлсэн. 1988-89 онд Дорноговь аймгийн тэр үеийн аймгийн төв номын санд байнга сууна. Тэгээд л гэртээ шүлгээ бичнэ. Хэнд ч уншихгүй. Тэр үед Дашбалдан ах, Цээеэ багш хоёр Дорноговийн шүлэг бичдэг залуусыг аймгийн “Ялалт” сонин дээр долоо хоног болгон цуглуулдаг байж л дээ. Тэгсэн Ө.Отгон гээд нэг Дорноговийн яруу найрагч залуу намайг шүлэг бичдэг ийм хүн дандаа номын санд суудаг их уншсан хүүхэд энэтэр гэж тэдэнд яриад, нэг удаа өөрөө намайг дагуулж очсон.
А.Эрдэнэ-Очир, А.Лхагва бид гурав үеийнхэн дотроо гурван говийнхон гэж хэлүүлэх дуртай. Бидний хэдэн нөхөд манай нутгийн Гурван сайхан ууланд. 2006 он

Тэгээд 1989-90 онд Эрдэнэбат, Эрдэнэ-Очир энэтэртэй уулзаж шүлгээ уншаад Цээеэ багшийнхаа шавь болсон доо. Уран бүтээлийн замд хөтөлсөн яруу найргийн анхны багш маань Цээеэ багш. Дорноговийн бүх л яруу найрагчдын багш даа. Эдний дунд ороход бол би бүх үе тэнгийхэн тэдний өмнөх үеэ уншчихсан учраас уран бүтээлийн эртний танил анд нөхдүүд болчихсон дороо л зан зангаа авалцаад төдийгөөс өдий хүртэл нөхөрлөж явна даа.


-Анагаахын салбараас утга зохиолд “урвасан” улмаар алдар хүндийн оргилд хүрсэн уран бүтээлч манайд цөөнгүй бий. Та ч мөн адил. Энэ шийдэл яаж гарав?

-Хүний унаган өөрийн юм гэж байдаг байх. Зарим нь яахав авьяас ч нөлөөлдөг л гэж хэлдэг. Би Анагаахад онц сурдаг оюутан байлаа. Сургуулиа онц төгссөн хүн шүү. Тэгээд маргааш нөгөөдөр улсын шалгалт болно гэж байхад номын санд уран зохиол уншаад л сууж байдаг. Манай ангийхан уурлаад “чи ер нь хаашаа юмбэ, өөрөө мэддэг юм бол бидэнд тусал л даа. Эсэн бусын юм хараад суучих юм” гэцгээдаг байсан. Төгсөөд 3 жил болж байж тэр үед конкурс өгүүлнэ, бас групп солиулахгүй гэнэ, Дорноговийн Эрүүл мандийн газрын дарга байсан Цэдэн-Иш гуай дээр “Монгол судлал уран зохиолоор сургуульд явна, конкурс өгнө” гэж бас хэд дахин орсон доо. Тэгээд л аз таарч нэг юм явсан. Хууль дүрэм нь ч өөр болсон байх. Одоо болтол Цэдэн-Иш гуай “айхтар шаргуу, нэг хандсан зүгээсээ ухардаггүй, хүүхэд байсан юм” гэж ярьдаг гэсэн. Цээеэ багш /Х.Цэрэндорж/ маань би ингээд сургуульд мэргэжлээ солиод явмаар байна гэсэн “Зөв миний хүү, энд байгаад л байвал насаараа л болж байна гээд сууна шүү. Та нар залуу улс явах хэрэгтэй” гэж дэмжээд бид хэд чинь 1994 онд Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир, А.Байгалмаа, Г.Мөнхцэцэг гээд цугаараа зарим нь оюутан, зарим нь ажиллана гээд хотод орж ирж байсан юм.

-Очирбатын Дашбалбар гэж тэнгэрлэг найрагч анхны номын чинь өмнөтгөлийг бичсэн байдаг. Энэ хүнтэй яаж уулзав?

-Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургуулийг 1992 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль гэдэг шиг дорнын боловсрол олгодог ийм сургуультай болно гэж тэр үеийн Гэгээрлийн яамнаас байгуулаад монголын утга зохиолын хамаг томцуул хүч анхаарал тавьж тэр сургуульд хичээл заадаг байсан юм. Биднийг 2-р курст ордог намар О.Дашбалбар хичээл орно гээд л бид хүлээгээд л...Багш маань тэр үед залуухан шүү дээ. Тас хар халимагтай, гялалзсан нүдтэй, хүрэн савхин дээлэн дээр улбар шаргал ороолт унжуулсан, дотуураа лам маягийн шаргал цамцтай гартаа жижиг жижигхэн бөөртэй бор эрих зүүсэн жаахан шулга ч юм шиг ярьдаг тийм хүн орж ирээд л, Пушкин, Лермонтов, Евтушенког дуржигнатал оросоор уншаад л эхэлсэн. Хичээлийн эхний өдөр бидэнтэй танилцаад “Сүглэгмаа” гээд нэрээ хэлсэн чинь “Өө чи нөгөө Дорноговийн нөхөр байна шүү дээ. Би чиний шүлгийг “Зохист аялгуу” сонинд хэвлүүлж байсан юм байна” гээд л Цээеэ багшийн шавь гэсэн чинь “танай багш бол гайхамшигтай хүн шүү дээ. Муусайн гөлөгнүүд минь”. гэж байсан. Ухаан алдатлаа айна бид нар чинь багшаас. Тэр үед манай ангид дандаа монголын мундаг доктор профессорууд хичээл ордог, бараг ганц цолгүй нь л манай Дашбалбар багш. Бид нар оюутан л юм чинь багш нарыгаа тэрийг тэд өдөн минут хүлээнэ гээд цаг тогтоочихсон хэрнээ харин Дашбалбар багшийг бол өдөржин ч байсан хамаагүй хүлээнэ. Үнэхээр биднийг яруу найрагчийнхаа хувьд ч, багшийн ур чадвар, тэр уран зохиол гэдэг юмыг хүнд хүргэх чадлаараа гайхуулдаг байсан даа. Хүнд хувь тавилан гэж байдаг байх. Хамгийн анх Цээеэ багш маань төвөөс том зохиолч нар ирсэн гэж Ш.Сүрэнжав гуай, Ж.Бямбаа гуай хоёрыг Дорноговьд очиход нь /1989 онд байх аа/ уулзуулж, тэр хоёр миний шүлгийг авч ирж Дашбалбар багшид өгч, төвийн том хэвлэлд гаргуулсан байдаг юм. Их билэгшээлтэй.

-Улс орон тэр чигээрээ зах зээлд шилжиж, шинэ нийгэмд хөл тавьсан үеийн оюутан. Хөдөөнөөс их хотод шилжин ирээд суурьшин төвхнөх хөлөө олж амьдарна гэдэг тийм ч “зөөлөн боорцог” биш дээ.

-Хөдөөний бид нарт тэрэн шиг хүнд юм хаа байхав. Хамгийн анх 1994 онд оюутан болно гээд нөхөртэйгээ 2-уул хүүгээ хөтлөөд халаасандаа хорьхон мянган төгрөгтэй вокзал дээр бууж байлаа. Авга ахындаа очиж чемоданаа хэдэн хайрцаг номтойгоо тавьчихаад нэг найзындаа очсон чинь тэр хоёр маань бөөн баяр болж тосоод тэдний хашаанд тэр үеийн яслийн хүүхдийн хувцасны шкафний модоор барьсан зуны байшинг нь бид хоёр дотор талаас нь цаас наагаад, гадна талаас нь шар шавраар шавардчихаад зуух тавиад өвөлжиж билээ. Өглөө босоод ирэхэд гоожууртай ус тэс хөлдсөн байна. Шандад бид гурав чинь 4-5 өрөөтэй тансаг байшинд амьдарч байсан улс шүү дээ. “Юм юм л бодогддог байсан” гэж нөхөр маань одоо ярьдаг юм. Мөн уужуухан хүн шүү. Би бол бодож байгаа ч юм байхгүй. Нэг их ном үзнэ л гэж мөрөөдсөн хүн. Тэр байшинд миний 1990-ээд оны яруу найргийн хамаг найз нар Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Ц.Бавуудорж, Л.Эрдэнэбат, А.Эрдэнэ-Очир гээд л цуглаж шүлгээ уншина, халуу дүүгтэл хөхрөлдөж байгаад л шпрот шиг чигжээд, бөөр бөөрөндөө наалдаад л унтаж өгнө дөө. Тэгэхгүй бол шөнө даарна. Ямар ч гуниггүй, яасан ч их аз жаргалтай байсан юмбэ дээ. Бас архи уух санаатай нөгөө хэд чинь. Ямар л олигтой юм байх вэ дээ, Хармаг дараад нэг их гоё бараг коньяк болдог байхгүй юу. Нөгөөхөө шавхаж уучихаад л халуун ус хийгээд 2-3 хоног таглаад гар хүрэхгүй хадгалж чадвал дахиад л гоё исчихнэ, тэрийг нь хүлээх л чухал шүү дээ, Тэрийг уухаар шүд ам нэг хэсэгтээ хөх цэнхэр туяатай болчихно. Болд-Эрдэнэ инээгээд л “За одоо намайг муу юм болохоор хүн харчихаад л “нөгөө Болд-Эрдэнэ чинь бүр архинд ороод, чернилээ уудаг болчихож гэнэ дээ” гээд л пижигнэтэл хөхрөлддөгсөн.

-Хамгийн ихээр хайрлаж, биширч явдаг сайхан хүмүүсийн талаар яриач?

-Ижийгээ аавыгаа хань ижлээ үр хүүхдээ, эргэх дөрвөн улирал шиг эрх дөрвөн дүүгээ, тэвчээрийг минь барагдтал элдэвлэж амьдрах этгээд нь дэндсэн хэдэн найрагч андаа гээд энэ орчлонд хайрлах биширч сүслэх хүн олон байна даа. Маш эгэл жирийн нэг хүний тухай ярья. Миний нагац эгч Сүрэн гэж ганц бие хөдөөний малчин хөгшин байсан юм. Юу ч мэдэхгүй 2-3 дугаар ангид байхдаа л тэр эгчдээ ”Хүлээс алдарсан нь”, “Дөчөөд оны жавар” гээд монголын сайхан зохиолуудыг уншиж өгнө. Нэг удаа Шолоховын ”Дөлгөөн Дон”-ыг уншиж байгаад хоёул Аксиньяг өрөвдөөд уйлчихсан. Бас хэний ч билээ дээ “Хуягийн хувь заяа” гэдэг зохиолд нэг ядуу тэнүүлч өнчин хүүгийн тухай гарна, бас л хоёулаа албатай юм шиг уйлалдаад л уншдагсан. Геологийн хайгуулчид гээд машин унасан аймаар сахалтай улсууд олон олноороо давхилдах. Тэд бид хоёрыг усан дээр байхад ч юмуу ирээд хамаг юмыг минь хуурайлж идээд, эгчийн минь хэдэн сар хураасан сайхан үхрийн нэрмийг шар тос хийж бүгдийг нь халааж уугаад аяга тавгаа жимбийтэл угааж тавиад явна. Нэг гэм нь хэдэн номыг минь хулгайлж аваад явчихна. Тэрэн шиг том эмгэнэл байхгүй. Хоёулаа уншиж дуусаагүй байсан номоо цаашаа ер яах бол гээд л яриад л байх. Эгч минь их сайхан цээжтэй. Намайг ус руу ч юмуу эзгүй яваад ирэхэд радиогоор сонссон сайхан сайхан зүйлээ нэгд нэгэнгүй ярьж өгнө. Тэр үед гадаадын сонгодгуудыг радиогоор их сайхан уншдаг байсан юм. Эгч Достоевскийг “ёстой-евский” Толстойг “тоостой” л гэнэ, тэднийг нь би за тэр гээд л ойлгоно. Харин Горькийг Максим гэж ирээд л бүтэн нэрээр нь дуудна. Хэрдээ л мундаг хоёр хүн яриад байна даа. Үгүй мөн их ном уншдагсан. Монте кристо гүнийг “их буянтай хүн” гэж ирээд л ярина. Эгч бүтнээр нь зохиолыг нь уншаагүй, би ярьж өгсөн юм. Бид хоёр их ном уншсан даа.
Аав ээж хоёр Сүрэн эгчийн хамт

Би арван зургаа долоотой байхдаа номын дэлгүүрт ороод миний уншаагүй ном харагдвал их гайхаж заавал авч үздэг тэгж их уншдаг байсан. Номтой эрдэмтэй олон хүний дунд явлаа, гэхдээ л номонд тийм дуртай байсан нагац эгчийгээ одоо дандаа боддог юм. Тэгээд тэр номонд гарч байгаа хүний зовлон жаргалыг яг тэр амьдралаар нь сайхан олон талаас нь надад тайлбарлаж хэрэндээ л хоёулаа тэр номын баатруудтай зовлон жаргалыг нь хуваалцдаг, тэр нь арван хэдхэн насанд минь ямар их ухаарал, уян зөөлөн сэтгэлийг надад өгч байгаа вэ дээ гэж боддог юм.

-Та бол эртний сонгодог найргийн утгын гүн ухааны цээлээс “үгийн” шидийг судалж, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Үгийн ид шид хувилгаан хүчний талаар сонин бодолтой явдаг байх даа

-“Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл” сэдвэýр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан энэ судалгааны чиглэлээр хоёр ном гаргасан. Цаашид ч хийх юм их бий. Монголчуудын үгийн сэтгэлгээний уламжлал гэж гайхамшигтай юм байна. Ялангуяа эртний үг зохиолын дурсгалуудыг анхааралтай үзэх хэрэгтэй. Агванхайдав, Агван-Ишсамбуу, Агвандампил, хуульч Сандаг дандаа шашныг шинэтгэх, нийгмийн бусармаг элдэв зүйлийг шүүмжилсэн зохиолуудаа үгийн хэлбэрээр бичиж байсан байна. Энэ талаар хэдэн өдөр ярьсан ч барагдахгүй их юм бий.

-“Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ, Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ” гэсэн таавар битүү дууны тухай хүн болгон л ярьдаг...?.

-“Бурхнаас нуусан амраг” гэсэн нэртэй шүлэг номон дотор маань байсныг анх Д.Цоодол ах “Өнөөдөр” сонинд хэвлүүлж л дээ. Тэгээд Завханы Бямбадорж авч ая хийгээд, Наранхүү дуулсан. Наранхүү дуулахдаа над дээр ирж би таны энэ дууг дуулах гэж байна гэж хэлсэн. Харин Бямбадорж бид хоёр одоо ч нүүр тулж танилцаагүй байгаа шүү дээ. Уран бүтээлийн сайхан найзууд болсон л доо. Хүн болгон элдэв эзэн оноогоод бүр зарим хүн надад зориулсан дуу ч гэж ярьж л байна гэсэн. Гадаадаас хүртэл хүмүүс захиа бичиж байсан, тэр үед ирсэн сэтгүүлч болгон л эзнийг нь нэхээд байсан. Би өөрөө ч мэдэж байгаа юм алга. Яахав, хүний зүрх сэтгэлд хүрсэн үнэн дуу юм байна даа л гэж хайрладаг юм. Хүн болгон л хайрлаж дурлаж байх боловч яруу найрагчийн хайр сэтгэл, тэр нь шүлэг зохиолдоо бичигдэхлээр хүмүүст нэг их өөр сонирхолтой зүйл болж хүн болгон л тэрийг хэн юм бол гэж сураг тавьж байдаг юмуу даа. Гэхдээ манай монголын ард түмэн чинь хачин эрхэмсэг дотоод оршихуйтай, дотоод мөн чанартай ард түмэн шүү дээ. Энэ утгаараа яруу найрагчдын шүлгээ зориулж явсан хүмүүст ард түмэн маш хүндэтгэлтэй хандаж, бүр үлгэр домог шиг ярьж байдаг нь нэг бодлын гоё ч юм шиг.

-Буйд газрын шүлгүүд номыг чинь үзэж “Гүнж цагаан саран дор” гунигласан, санааширсан, хачин амтлаг хайрын шүлгүүд, хөдөө буйд, эх нутаг, элгэн садан газар шорооны тухай шүлэг ч цөөнгүй бий. Эх нутаг энэ монголын маргаашийн тухай таны үгийг сонсмоор байна.

-Хүн болгон өөрийнхөө хийх ёстойг хийж үзэх л ёстойгоо үзэж, түүгээр нь монголын хувь тавилан монголын нүүр царай харагдана гэж боддог юм. Бүгдээрээ эрдэмтэй байх гээд, бүгд дээд сургуульд сурах гээд бүгдээрээ баян болох гээд, миссийн тэмцээнд орох гээд байх юу байх вэ. Гуталчин нь гутлаа сайн хийе, малчин нь малаа сайхан өсгөе, ядуу нь ядуугаараа, залхуу нь залхуугаараа л байя. Хэн яаж байвал аз жаргалтай байна, тэрүүгээрээ л байя. Тэгээд л болоо. Бүх юм өөр өөрийн жамтай. Өт хорхой ч тэр. Харин монгол үндэстэн гэдгийгээ л хэзээ ч мартаж болохгүй. Үндэстэн бүрт өөрийн үнэт зүйл байдаг. Бас хувь хүнд ч өөрийн үнэт зүйл гэж байдаг. Хүн өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэр зүйлийг л ямагт авч үлдэж чаддаг байх хэрэгтэй. Тэр л аугаа их үндэстэнийг, аугаа их эх орныг бий болгодог гэж би боддог шүү дээ.

-Хавар болж байна... Урь унаж ус гэслээ. Нутгаа их санаж байна уу?

-Ямар зүг байх вэ. Одоо ч гараад шууданд суугаад ч хамаагүй л явчихмаар байна шүү. Би чинь хачин их гэр амьтай, бүр нутаг амьтай, Аав ээжийгээ, хэдэн дүү нараа, Баянсухайн хонхор, хэдэн сондуулаа, хачин их санана. Дургүй хүрвэл нэг өглөө босоод л тэр ажил энэ тэрийг чинь хаячихаад нутаг явчихаж мэднэ. Тоох ч үгүй. Юунд ч баригдаж хоригдохоо мэдэхгүй хачин хүн шүү. Багаас жаахан дураараа өссөн юм шиг байгаа юмаа.

- Нээрэн багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Олон дүү нартай юу?

-Багадаа их урт, тахимаа шүргэсэн урт гэзэгтэй, намхан шар охин байсан гэсэн. Бас “их үгтэй” хүүхэд байсан гэж нутгийхан шоолдог юм. Гэрт байсан буу алга болоод хүргэн ах маань “буу яачихав? Та нар харав уу” гэсэн чинь би “хаяагаар гардаггүй юм бол хаалгаар л лав гараагүй дэг” гэсэн гэж байгаа. “Гэзэг шидлээд гүйж байдагсан та хоёр” гээд манай охин дүү бид хоёрыг хүмүүс тэгдэг юм. Би чинь ээлжлэх дөрвөн улирал шиг, эвийн дөрвөн шагай шиг, энэ ертөнцийн дөрвөн зүг шиг элбэрэл тэгш дөрвөн дүүтэй, ээх наран шиг эх орон шиг ганц эгчтэй хүн дээ.
Бид хэдийн бага нас
Хүнд эцэг эхийн ачлал, эцэг эхийн буян гэдэг цаглашгүй юм байна. Миний ижий аав биднийг бүгдийг нь хоолонд хүргээд дээр нь, миний дөрвөн дүү одоо намайг ижий аав шиг минь, өөрсдөө намайг төрүүлсэн юм шиг л асарч тойглож байдаг юм. Урд насандаа гайгүй юм байсан юм байлгүй, энэ цаг үед дундуур дүүрэн сайхан л амьдарч байна даа

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Энэ онд яруу найргийн нэг шинэ ном гаргана. Судалгааны хоёр ном одоо овоо л дөхөж байна даа. Нэг нь Дашбалбар багшийн намтар уран бүтээлээр нэг сэдэвт зохиол маягийн юм хийе гээд одоо бараг ихэнцэлж байна. Бас чадвал оны сүүлээр дан хайрын шүлгийн “Амраг сарны аялгуу” эмхэтгэлээ гаргана. Тэр бол англи орчуулгатай шинэ үсгээр, бас монгол бичгээр, нилээн өвөрмөц маягийн ном байх болов уу.

-Ингэхэд чиний хамгийн үнэтэй эд баялаг юу вэ? ямар бэлгэнд дуртай вэ?

-Хамгийн үнэтэй хөрөнгө маань миний толгойд байгаа гэж боддог. Ямар ч гал усны аюул, дайн тулаанд үрэгддэггүй, хэн ч булааж авч чадахгүй тэр үнэт зүйл бол миний өчүүхэн ч болов авьяас, түүнийг хөгжүүлэхсэн гэж олж авсан бага ч болов эрдэм боловсрол, хэзээ ч хэний ч төлөө өөрийн дураараа зарцуулж болох хүнлэг сэтгэл хүн чанар, тэгээд хэдэн шүлэг минь л үлдэх байх даа. Бас би чинь хүүтэй хүн. Хүү маань мөрөөдөөд л гоё гоё юм яриад л бид хоёр тэрийг нь хараад л сууж байдаг юм. Жаргалтай шүү.

-Нээрэн яруу найрагч хүний амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

-Үнэлж л чадвал үнэгүй юм гэж юу байх вэ? Амьдад нь ганц шүлгийг нь ч тоолгүй насаар нь гуйлгачин явуулчихаад үхсэн хойно нь алдрын титэм өмсгөсөн олон найрагчийн түүх дэлхийд байна шүү дээ. Монголын ард түмэн бол харьцангуй оюунлаг, үндсэрхэг, өөр өөрийн дотоод үнэлэмж буюу “би”-ийн үзэл өндөртэй ард түмэн, тэдэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг өөрөө их үнэт зүйл юм шүү дээ. Энэний төлөө л бид хамаг залуу насаа үрээ биз дээ. Гэхдээ тоогдох гэж хэдийгээр бичихгүй ч гэсэн яруу найрагч гэж намайг таньж, хүндэлж бишрэх, олны хайр хишиг гэдэг тэрнээс үнэтэй шүү, Энэ утгаараа яруу найрагч гэдэг хэзээд хүн төрөлхтний дундах өөр нууцат ертөнц, ямагт тэдний гайхал бишрэл нь байж ирсэн. Хүн болж төрөх нэг хэрэг. Яруу найрагч байна гэдэг их өөр юм. Энэ ганцхан насандаа ертөнцийн олон хүний зовлон жаргалыг бичиж үлдээж байгаа нь тийм ч хөнгөн ачаа биш л дээ. Равжааг, Инжинашийг, Нацагдоржийг, Дашбалбар, Нямсүрэнг төрүүлсэн ард түмэнд яруу найрагч гэж тоогдоно гэдэг ямар их үнэ цэнэ билээ, хэмжихийн аргагүй,

-Ярилцлагаа өөрийн тань шүлгээр төгсгөвөл ямар вэ?

Ярилцсан А.Лхагва

Шүлэг:-АЛТАЙН ХАНГАЙН УУЛС /2007-03-20/-

ИЛДЭН УУЛЫН ЦУУРАЙ /2006-03-20/ хэвлэгдсэн

No comments:

Post a Comment