Pages

3/11/2010

«Монголын орчин үеийн яруу найраг II» номоос

Д.Сумьяа доктор (Ph.D), дэд профессор
ШУА-ийн хэлзохиолын хүрээлэн
АГНИСТЫН ОРОН ХИЙГЭЭД “БУЙД ГАЗРЫН ШҮЛГҮҮД”

Жил бүр МҮЧЗХ-оос зохион байгуулдаг “Ижий говь” яруу найргийн наадам энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд суманд болов. Мөн хаврын эхэн сарын шинийн арван таванд ноён хутагт Равжаагийн “Үлэмжийн чанар” дууг чулуунд сийлж мөнхөлсөн баярын нээлт давхар болов. Бид Галбын уулсыг харж туулж, Дэмчигийн хийд гэж Говийн их догшин ноён хутагтын дагшин орноо залбирч сүслээд ирэв. Энэ өмнийн говь, Галбын уулс нь миний бодож төсөөлж байсан говийн ойлголтоос их өөр юм. Говийн хангай гэмээр, говийн Алтай ч гэмээр. Ерөөсөө Галбын уулсын байгалаас заяасан төрөлх үзэмж төрх нь сүм суврага орон хийд шиг юм. Ийм сонин гайхам Галбын уулс дунд энэ хийд орших ажээ. Галбын уулс болон энд орших энэ Дэмчигийн хийдийг хараад өөрийн эрхгүй Халхын Цогт хун тайжийн “Агнистын агуй дахь бодисад нар хийгээд…” гэх шүлгийн мөр сэтгэлд ургаад байв. Мөн Равжаа хутагт “Арван тавны сартай”-д дуулалдаа

Арван тавны сартайд
Аглагийн бараа тодорхой
Агуужим ухаантай хүмүүнд
Ашдын хэрэг тодорхой
(Равжаа. Яруу найргийн цоморлиг.УБ. 1992. 89-р тал)

гэж бичжээ. Ингэж л бичихээр орон дэлхий байна. Аливаа ариун дагшин онгон сүрлэг газар орны байгалийн эрч энерги хүмүүн бие дундуур нь нэвчин урсаж, түүнийг сэрж мэдэрсэн гэгээн мэргэд л ийнхүү бичиж дуулж ирсэн буй за. Хорин жилийн өмнө яруу найрагч Бя.Энхтуяа энд ирж мөн “Дэмчигийн хийдийн туурин дээр бичсэн шүлэг”-ээ бичсэн билээ. Энэ Ханбогд сумын унаган бүсгүй яруу найрагч Сүглэгмаа “Хутагтын цэнхэр нутаг” гэсэн аялгуу сайхан шүлэг бичсэн байдаг.

Задгай борхон толгод нь
Завилж суусан дүртэй
Зам замын үзүүрт
Залбирч нисдэг шувуудтай

Хутагтын цэнхэр нутаг
Хувраг магнаг салхитай
Хувилан хувилан нүүсэн
Хувилгаан цагаан үүлтэй

Домог үнэнийг заагласан
Долоон үеийн цадигтай
Дотогшоо гадагшаа урссан
Догшин цэнхэр зэрэглээтэй
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 31-р нүүр)

гэжээ. Энэ шүлэгт говь нутгийн онцлог болох толгод, салхи, үүл зэрэглээний тухай дуулсан байна. Гэвч нөгөөдөө бол “зам замын үзүүрт залбирч нисдэг шувуудтай” гэж, “хувилан нүүсэн хувилгаан цагаан үүлтэй” гэж, “дотогшоо гадагшаа урссан догшин цэнхэр зэрэглээтэй” гэж энэ газрын адистид жанлав, хүч зай их аглагийн орон болохыг залбирч нисэх шувуу, дотогш гадагш урсах зэрэглээ, хувилан хувилан нүүх үүлтэй гэж хэлжээ.
Говийн ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Дэмчигийн хийд буюу Дээд амгалангийн орны эрч энергийн зайд залбиран суух ахуйд орон дэлхий улам алсран цэнхэртэн уужимсана. Адистид жанлав сүр хүч ихтэй энэхүү ариун дагшин орны байц хадан дээрээс алсыг харахад мөнхүү Завхан нутагтаа Отгонтэнгэр богд Очирваань цагаан ууландаа хүрч сүслэн Даян хайрханы оройгоос Алтай хангайн алсын бараанд хараа сунган суух шиг ээ. Мөн Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийдийн уул орноос холыг хараачлан суух шиг ээ. Энд, өмнийн говийн дагшин орноос Өвөрийн хангайн Төвхөн хийдийн орон уул бодогдож байх юм. Өндөр богд маань тэртээ гурван зуун гаруй жилийн өмнө, намар оройн цагт Төвхөн хэмээх бүтээлийн орноосоо зургаан нөхдийн хамт дан мориор Лхас Төвдийн орноо зорьж, өөрийн багш Банчин Эрдэнээсээ номын авшиг хүртэхээр мордсон гэдэг. Заримдаа, зам товчлон долоон ангир болон нисэж явсан гэх домгийн тэр дүр зураг сэтгэлд ургаж нулимс мэлтэсхийж байх юм. Хаа газрын эрч хүч энергитэй ариун дагшин орны өнгө үзэмж бишрэн дагуулах сүр хүчнээрээ ерөнхийдөө бүгд адил юм аа. Алив сайхан орон дэлхийн сайханд мөнхүү алив сайхан хүмүүний сэтгэл ариусан, дотор цэлмэн ухаан уужирам, оюун оргилом билиг билгүүний гэгээг олдог биз ээ. Яруу найрагчид, ер аливаа бүтээлчид нь өөрийн билэг оюундаа мөн ийм буйд дагшин “Агнистын орон”-г буй болгож, тэндээ, тэр сэтгэл оюуны орондоо аглагшин бясалгаж, хүний хорвоогийн он цагийг мөнхийнд аргамжиж, бодтойг бодгүйд хүргэж, бодгүйг бодотод буулгаж, үнэний дээд хийсвэрийн туйлд шүлэг зохиолоо бүтээдэг буй за.
Ханбогд сумын газар нутгийн өнгө төрх нь армаг тармаг хайлаас сухай сүүхийж, заг бударга шаваг багсайсан өвс ургамал арвин сайхан орон дэлхий байна. Бид нар Алаг баянгийн талд хүрч Баянсухайтад өвөлжиж байгаа Сүглэгмаагийн ээж Удган гуайтай золгов. Залуудаа хонгор зүстэй байсан байхаа гэмээр эгэл сайхан ээж байна. Бидний хэн бүхний маань ээж бүгд адилхан юмаа. Хэрэв бид ноднингийн өдийд ирсэн бол Сүглэгийнхээ аав Хургаа агаатай золгох л байж дээ гэж бодогдоно. Заримдаа энэ цаг хугацаа биднийг хүлээж чаддаггүй шүү. Сүглэгмаа “Амирлангуйн хөх уулнаа” шүлэгтээ

Амирлангуйн хөх ууланд суунам
Асралтайхан аавыгаа бодож дуулнам
Алаглан ургах цэцгэнд нь хууртаад
Ачилж золголгүй удсан л байна даа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 13-р нүүр)

гэж бичсэн байдаг. Хургаа агаатай золгож чадаагүйн хариу энэ. Бид эжий аавдаа хайртай, саналаа гэдэг. Үнээн. Санадаг ч дуулдаг ч, амьдрал ахуйгаа хөөцөлдөөд тэр бүрийд чухамдаа мартсан шахам л явдаг. Үүнийгээ завгүй гэж тайлбарладаг. Гэвч энэ нь мартсан ч бус, харин “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэх амьдрахуй утга юм аа.
Эднийх, босоо хүнээс намгүй өндөр ургасан сухайтай элсэн бөөргийн энгэрт өвөлждөг айл юм байна. Сүглэгийг мэдээ ороход л энд өвөлжиж байсан гэнэ. Ердөө хотных нь бэлээс шууд бут бударганатай товцог хязгааргүй үргэлжилнэ. Яруу найрагчийн шүлгийг ойлгоё гэсэн хүн орон нутагт нь очиж үзэх ёстой гэж Гетё хэлжээ. Яруу найрагч Х.Сүглэгмаа нь өмнийн заг бударгана сухайт товцог толгой, элсэн манхат говьд төрж өсөөд, цагаан талын зургар замаар нь тоос татуулан сургууль соёлын мөр хөөж, улмаар хот орон газар суурьшсан ХХ зууны хөдөөгөөс хотруу иргэншсэн монголчуудын нэгэн. Тиймээс “Домог хүүрнэсэн явган тоорой”-той “ширмэл тойруулга адил борхон тойром, шидэмсэн зээг нь юм шиг тэмээн цуваан жим”-тэй өвөр өврөө дэрлэн үүрэглэх мөөмөн толгодын “элс нь хүртэл өвөлдөө, нурам шиг дулаахан байдаг” ээжийн зассан өлгий шиг говио санахдаа “тэнэмэл нүд бэлчиж үл хүрэх газраас тэнгэрийн хаяа сөхөж амар байна уу гэмээр” бодол нь “ботгон зэлний түйрэм үнэрлэх гэж өндөлзөөд”, “тором тамгалсан залуусын дээлийн хормойд орооцолдон”, “Шаналж тэмүүлэхээ байчихвал талын хөх тэнгэрт нь од түгэхээ байчих” юм шиг адгаж зүтгэж, өсөж төрсөн нутгаа санан дуулан бичсэн шүлэг Сүглэгмаад олон бий. Энэ нь малчин мал, хөдөөг зөвхөн өргөж магтаж дуулсан зохиол гэвэл тийм боловч бас биш юм. Харин ч хир үгүй ариун ахуй сэтгэл бүхэн байсан тэр л аглаг буйд нүүдэлчин малчин ахуй үгүй болж байгааг, суурин соёл руу бүгдээрээ хошууран, хүссэн ч хүсээгүй ч хүн төрөлхтөн хотжиж байгааг үзүүлсэн зохиол юм. Ийнхүү өсөж төрсөн нутгаа хөдөөгийн зохиолчид дуулдаг нь нэгд, зохиолч хүн өөрийн хамгийн сайн мэддэг ахуй орчиноо бичдэгтэй холбоотой. Хоёрт энэхүү төрсөн нутгаа хайрлах сэтгэл нь эх орноо хайрлах хайр, эх оронч үзэл болж өсдөгтэй холбоотой.
Х.Сүглэгмаа “Орхиж боломгүй хорин нас” (2000 он), “Буйд газрын шүлгүүд” (2ОО4 он) яруу найргийн ном хэвлүүлжээ. Энд яруу найрагч Х.Сүглэгмаагийн бүх шүлгийг сайны жишээнд авч задласангүй. Ажиглаж байхад түүний “Орхиж боломгүй хорин нас” номын шүлгүүд, “Өчил” хэмээх цуврал шүлгүүд болон бас бус таталбар шүлгүүд нь “Буйд газрын шүлгүүд” номын шүлэг, “Талын хөх салхи”, “Нүүдэл”, “Та хоёрынхоо дэргэд” зэрэг дараа дараагийн сайн шүлгүүдээ бичих урьдал, дадал нь болсон харагдана. Энэ нь яруу найрагч шүлгээс шүлэгт, номоос номонд уран бүтээлийн хувьд өсөж явааг илтгэнэ. Түүний шүлгийг багцалж үзэхэд агуулга өнгө аясын хувьд гурван зүйл болгон авч үзэж болмоор байна.
Нэгд, өсөж төрсөн нутаг усныхаа тодорхой газар нутаг, бодит хүний тухай шүлэг байна. Үүнд, “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг”, “Хутагтын цэнхэр нутаг”, “Ханбогд хайрхан”, “Дөрвөн цагийн Номгон хайрхан” зэрэг тодорхой газар нутаг, бодит хүний тухай өгүүлсэн шүлгүүд байна. Тухайлбал “Алаг баянгийн талд хуучилсан шүлэг” байна. Алаг баян хэмээх алсын бараатай намхан хөх уулаас урагшаа уудам тал орших юм. Энэ талын дунд Баян сухайт гэж Сүглэгмаагийн аавын өвөлжөө байна. Баянсухайт гэх өндөр өндөр сухайтай жаахаан намхан бөөрөг дээр гарахад энэ талын эн бүхэлдээ алган дээр тавьсан мэт тодорхой харагдана.

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алаг баянгийн талыг
Хотолзуулан хуучлав

Балдан гуайнх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр

Бор-Овоод Ёндон гуайнх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү

Хүрээгийн дэрсэнд Батмөнхийнх суугаа
Хүний өөрийн хэдэн үхэр Цэцэг л усалж байгаа
Хүүхэн ахынх чинь тээр зүүн хэцэд
Хүүхдүүд нь харин тэрүүхэн хавьдаа айл болцгоосон
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэх мэтээр нэг бүхэл бүтэн баг бригад айлыг өвөлжөө бууцтай хүнтэй малтай нь Алаг баянгийн тал багтаасан шиг тэднийг мөн ажил амьдрал, ааш араншин, яриа хөөрөөтэй бүхэлд нь багтаан өгүүлсэн нэг шүлэг байна. Энэ шүлэгт хэнийх хаана нутагладгийг төдийгүй хэний үр сад хаана, ямархуу зэрэгтэй ажиллаж амьдарч байгааг ч тод өгүүлсэн байна. Энэ шүлэг зөвхөн Баянсухайт хавийнхны тухай толгой холбосон холбоо бус. Энэ нь бие биеийнхээ бараанаар айлсаж, сургаар элэгсэж байдаг монголын хөдөө тал нутгийнхны нийтлэг дүр төрх юм. Иймд хаана ч очсон холоос ирсэн нутагтаа суугаа хүмүүсийн хооронд иймэрхүү яриа өрнөнө.

Улаан Чука шуухнаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү
гэх буюу
Холбоо шараа унаад
Хойд айлуудаар заавал буугаарай
Хотоос ирсэн гээд хүүхэд хөгшчүүл
Хол ойроос харуулдаж байгаа
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 27-р нүүр)

гэж говийн хүмүүсийн хүн хүнээ хүндлэх хайрлах халуун бүлээн сэтгэл энэ шүлгэнд нэвт шингээтэй байна. Мөн говийнхны гол уналга нь тэмээ. Хотоос ирсэн учраас хоёр бөх нь ширээ “Холбоо шар ат”-аа унах нь илүү тохиромжтойг ч энэ шүлэгт өгүүлсэн байна.

Алив миний хүү Энхээгээ дууд
Агаадаа нэг тамхи асаагаад ир гэж хэл
Бидний үеийнхэн ч цөөн болж дээ одоо
Бэлчээр, усны хооронд хүүхдүүд л харагдах юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 28-р нүүр)

Энэ Сүглэгийн аавын үг. Тийм ээ. Хургаа агаа бол бодлоо нэрж суух хаа газрын монгол эрчүүлийн нэг. Тиймээс тамхиа нэрж бодлоо шившиж суудаг болохоос биш, архи дарс огт хэрэглэдэггүй нутаг усандаа нуруу түшиг болсон сайхан хүн байжээ. Энхээ гэдэг нь Сүглэгмаагийн бүстэй гурван дүү Додной, Жуулаа нарын отгон дүү нь. Малчин. Одоо ээжтэйгээ айл байна. Харваас, хот хороо, орон гэр нь цэвэр цэмцгэр эмх цэгцтэй нь ажил амьдрал нь өөдрөгийг илтгэнэ. Ер нь энэ сумын төв тэр чигээрээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй. Миний мэдэх энэ нутгийн уугуул хүү, манай хүрээлэнгийн захирал академич Төмөртогоо гуай ч мөн цэвэр цэмгэр, эмх цэгцтэй хүний үлгэр болж байдаг. Эргээд бодоход энэ нутаг усныхны нэг хоёрхон хүн бус ерөөсөө нутаг нугаараа, удирдлага нь ч ард түмэн нь ч энгүүн хөдөлмөрч, барагтай бол элдэв сайн муу зүйлд автаж уусахгүй, алмай ангарай биш эмх журамтай аж төрөхүйд үр хүүхэд удам судраа хүмүүжүүлдэг байх нь гэж бодсон.
Биднийг Сухай дээрээс бууж байх үед хонь хотлов. Удалгүй тором хурааж ирэв. Хараад хараад тэнгэрийн хаяа хүртэл эзгүй байх шиг л байсан атал, энүүхэн ойр товцог манхдын дундаас нь тором туусан хүн гараад ирэв. Бараг гучаад торомыг тугал шиг зэллэж уяв. Удалгүй ингэ хурааж саав. Тэмээ гэж ашиг шим сайтай сайхан амьтан юм. Жилийн дөрвөн эргэлтэнд бор цай оочуулахгүй дэг ээ.

Улсын ажил барагдах биш дээ миний хүү
Уул нь хэд хоновол сайн л байна санж
Ижий нь ойр ойрхон яриад л байсан юм
Ирэхийг нь нэг мэдээд л байж дээ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 30-р нүүр)

энэ эжийнх нь үг. Улсын ажил, хүүгийнхээ албыг бодож байгаа боловч бас хэд хоног ч хамт байх эхийн сэтгэл. Мөн эх үрийн сэтгэлийн зөн совингийн холбоо энэ бүхэн энэ шүлэгт байна.
ХоХХанбогд хайрхан сумын төвөөс баруун тийш оршино. Дэмчигийн хийдийн орноос дөрвөлжлөөд дүнхийж харагдана. Энэ хайрханы савдаг эзэн нь цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, лимбэ барьсан бүсгүй хүн байдаг. Тэмээнийхээ бөхөнд хурганы уут зүүсэн байдаг гэнэ. Энэрэхүй их Бурханы шашныг говийн малчин монгол хүлээж авч, түүнийг өөрсдийнхөө ахуйд суулгасны жишээ энэ хайрханы савдаг Ногоон дээлтэй бүсгүй юм. Мөн Баянсухайтын орой дээрээс тэртээ урд “Дөрвөн цагийн эргэлтэнд Дөрвөлжлөөд тосдог” Номгон хайрхан уул харагдана.
Хоёрт, өмнийн говьд төрж өссөн хүн л бичих говь талын шүлгүүд байна. Үүний нэг нь “Талын хөх салхи” хэмээх шүлэг юм. Арван зүгтээ задгай уужим орон зай энэ талд л байна. Талын салхи хаанаас хаашаа ч дэгдэж болох, хаана ч тогтож болох. Ийм талын нүүдэлч малчид ч мөн ийм арван зүгтээ тавиун уужим чөлөөтэйгээр нүүж сууж, харж бодож, аж төрөхийн үлгэрийг энд өгүүлжээ. “Талын хөх салхи” шүлэгт

Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

Талын салхи эзэн болж ирэх хүнээ удаан хүлээсэн. Хүний төрлийг олж ядан явахад нь галын, зулын, өлгийн дэргэд зуу зуун жил хүлээсэн. Энэ нь хүний хувийг олж төрөх нь дээд хувь гэж монголчуудын хүний төрлийг олж төрөхийг хүндэлж хайрладаг тэр ухаан юм. Хүний төрлийг олсны дараа төрөх цаг болоход нь мөн эжийтэй аавтай нь хамт тосов. Цааш нь энэ шүлэгтээ

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 10-р нүүр)

салхи хамт тоссон. Яагаад салхи гэж. Салхи бол байгал ертөнцийн хий энергийн урсгал. Энэ мөнх. Тэгвэл хүн болж төрөх нь махан биеийг олж төрснөөрөө нэг бодот мөн боловч мөнхүү эх байгаль хийгээд ертөнцийн хий урсгалын нэг хуй бөөгнөрөл, хүч энергийн нэгдлийн агшин юм. Иймд талын салхи эрт эрт галавт ч салхилж л байсан болохоороо хөх салхи юм. Энэ хөх салхи нь нэгэн эгшинд хуй болон босон дөлтөж халуун амь бүрэлдүүлж бодот биеийг олсноор хүн буй болно. Иймд хүн нь дөлөн улаан хуй салхи болой. Дөлтөх хуй салхины дөл нь бадарсаар жаргахын цагт эргээд талын хөх салхи болъюу. Иймд энэ шүлгийг “Талын хөх салхи” гэж нэрлэсэн байна. Энэ санааг мөн

Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм
Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэсэн “Нүүдэл” шүлгээр тайлбарлаж болно.

“Талын хөх салхи” шүлэгт хүний төрөх үеийг уламжлалт монгол ахуйд аваачсан байна. Аргал түлшинд үүрч явдаг араг маань эх хүнийг төрөхөд хатуу зовлонг нь хуваалцах зөөллөх түшиг, дэр нь болдог байна. Ийм их зүдгүүрийг хамт тээж давдаг учир говьчууд араг сандайлдаггүй гэдэг. Үрээ төрж буй энэ цагт эцэг нь хүний төрлийг зорьж ирж буй шинэ хүнд, эрдэнэт хүнийг авч ирж буй эхэд нь сэтгэлийн эрч хүч зай өгч хатуу бүхнийг зөөллөн алга дэлгэж хүлээдэг байна. Тиймээс ч аавтай нь хамт

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

гэж шинэ хүнийг тосохдоо тэнгэрийг мөрлөн өргөж, унах газрыг засч зөөллөж буй учир шалтгааны санаагаа хэлжээ.
Энэ шүлэг нь хүний нэгэн нас төрж эхлээд, аж төрөх үйл өрнөөд, алдаа оноо бүхүй өгүүлэмжээр дамжаад эцэст хүний төрлийг орхих агшинд хүрсэн ийм нэг шүлэг байна. Салхи нь хүнийг хүлээж, тосч авч, хамт амьдарч, үгүйлж хайж үлдсэн ийм үйл явдалтай. Үйл явдал нь учир зүйн дараалалтай. Энэ шүлгийн мөнх урсгал салхи нь мөнхөд орших эх орон, эх дэлхий, амьдрал юм. Хүмүүн нь түүний нэг агшин, нэг эс нь юм.
Салхи нь байгал дэлхийн мөнхийн урсгал учир хэнийг ч ялгалгүй “тайж язгууртан” “тарвагачин гөрөөчин”-г таньж учирч, ядрахад нь “татаж босгож”, алдаа оноог нь аргадаж сануулж, хамтдаа омогшиж гунигшиж, өмөөрч, бүгдийг алагчлалгүй харж, хамтдаа хүний нэгэн насны үйл амьдралыг туулж буй бүхнийг дараалан өгүүлсэн байна. Энэ өгүүлэмжээ хүний нэгэн насны үйл дээр төдийгүй монгол ахуй, мөн монголын түүхийн хөрсөн дээрээс өгүүлсэн учир талын монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогийг бас илэрхийлнэ. Олон зуун жилийн суурин соёлт, иргэншилт газруудад бүр дорно дахины том хотуудад газарт суух ахуйд “талын хөх салхи” шүлгийн утга илүү тодрох шиг санагддаг.

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

нь талын хөх салхи гэж энэ шүлэгт бичсэн байгаа. Талын салхи хаанаас салхилж, хаашаа одсон, хаана тогтсоныг хэн мэднэ. Хэнд ч баригдахгүй эрх чөлөөг талын салхи л эдэлнэ. Суурин соёл, нүүдлийн соёлын үндсэн ялгаа энд харагдана.
Суурин иргэншилт ард түмний тайван, амгалан амьдрахын хамгийн эхлэл нь айлын айлаас хамаарна. Хөрш айлтайгаа эвтэй бол тэр айл амгалан байна. Хэрэв хөрштэйгээ эв эвдэрвэл хэцүү. Учир олон он жил үе үед хөрш амьдрах учраас. Харин талын нүүдэлч айл бол нүүгээд л явчихна. Хаана амгалан тайван тэнд буугаад өмнөх таарамжгүй таагүй байсан бүгдийг тас мартана. Яг үүн шиг дарга удирдлагатайгаа нийлэмж сайн биш бол ажлаасаа гараад л явчихна, өөр ажил хийчихнэ. Эргэн тойрны бүх хүмүүсээс зайлшгүй хамааралтай суурин соёлд үе дамжин хүмүүжсэн хүмүүн бээр амьдралын өмнө нь саад тулгарахад түүнээс гарах гарц олох, зайлах зам хайх нь бэрхшээлтэй байдаг байж магадгүй. Учир нь, хот газрын шугам хоолойгоор гүйх ус нэгээс шахагдан нөгөөгөөр гарах нэг л замтай шиг суурин иргэдийн амьдралын урсгал ч ийм байж магадгүй. Харин тал газрын нүүдэлчид бол талдаа хойшоо урагшаа, хол ойр хаашаа хаашаа л бол нүүчихнэ. Иймд амьдралын саад бэрхшээлээс гарах гарц олох, түүнийг мартан уужран цаашаа ахиад шинээр амьдраад явах зан чанар талын монголчуудад заяасан буй. Иймээс сэтгэлийн унал оюуны цөхрөлд боогдож халуун аминдаа хүрэх бачууралд тэр бүрий хүрээд байдаггүй сэтгэлгээний чөлөөт боломж эрх чөлөө талын нүүдэлчдэд уламжласан бизээ. “Талын хөх салхи” шүлгээс ийм мэдрэмж бууна.
Мөн дээрх бадгуудад байгаа “шимээн барж дуусаад тааваараа өөрийн зүгт одох” талын ургамал таанаар өөрөө урган буй болж өөрөө хагдарч одох амьдралын жам ёсыг өгүүлжээ. Шимээ өөрөө л барж дуусч байгаа, тэгээд бас өөрийнхөө тааваараа өөрийнхөө зүгт л одож байна. Энэ мөрөөс харахад талын байгаль бас тааваараа юм. Гэтэл бас үгүй ээ. Тэртээ тэнгэрийг “ташуулдан цуу татаж тэнгэр эсгэх” талын одны тухай хурц өгүүлжээ. Энэ нь мөн л талын хүний амьдралын дундах аянгын гялбаа шиг хурц содон агшныг илэрхийлнэ. Талын хүн тааваараа зөөлөн ч, тас хийсэн аянгын гялбаа шиг эрмэг догшин. Энэ шүлэгт ийн нэг араншин ч байна гэж өгүүлжээ.
Шүлгийн эхэнд талын салхи аав ээжтэй нь галтай зултай хамт хүлээж тосож авсан. Шүлгийн төгсгөлд

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 12-р нүүр)

энэ хөх салхи талын хөх салхи гэжээ. Сар, нар, тэнгэрийн дор талын дээр амьд явахад хамт аж төрж, үгүй болсон хойно нь хамгийн ойр дотных нь хүн шиг үгүйлж хайж үлдэнэ гэсэн нь хулжин арилавч хувилан буй болж байдаг хорвоогийн мөн чанарыг таньж мэдэрсэн талын нүүдэлчдийн ухаан. “Би” бол уул, ус, ургамал, ус, од гэх нь бодотоос бодотод шилжүүлэхийн жишээ юм. Харин салхи нь баригдах биегүйн, хувирч арилах мөнх бусын үлгэр. Энэ шүлэгт энэхүү мөнх бусыг мөнхөд, бодигүйг бодотод оршоогоод эргээгээд мөнхийг мөнх бусад, бодотыг бодгүйд уусган урлаж чадсан байна. Мөн ийм шүлгийн нэг нь “Нүүдэл” юм.

Орчлон тэр чигээрээ нүүнэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Аав минь ижийтэй байсан
Алга байна.
Айлд минь Ёндон гуай байсан
Алга байна, нүүчихэж
Айлгаж хүүхдүүдэд ярьдаг
Атгаалжингаа дарахаар явчихаж…
Ирж байгаа бүхэнд буцахын шалтгаан буй
Ихэмсэг алсын тухай дууг тэд зохиодог
Буцаж байгаа бүхэнд ирэхийн шалтгаан буй
Бударч байхдаа л цасан хайлахын мөрөөсөлд автдаг
…Үүл нүүнэ
Үүл биш, тэнгэр нүүж байгаа нь тэр
…Өвөл болно, зун болно
Өнгөө сольж орчлон тэр чигээрээ нүүнэ
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 15-р нүүр)

гэж бичжээ. Энэ мэт дорно дахины гүн ухааны уламжлалтай, бодол бясалгалын өнгө аяс бүхий, бадаг мөр, үг аялгууг тэгш тэнцүүлж зохист аялгууны урлахын хэм хэмжээ барьж бичсэн шүлэг олон байна. Үүнд “Ер энэ ертөнц”, “Өргөстэй модны цэцэг", “Хосмолжин” зэрэг. Тухайлбал “Хосмолжин” хэмээх бүлэг шүлэгт

Өнгөрсөн мөрөн дээрээс хоёуланг нь хардаг ч
Өсгий өлмий хоёр нэгэн дор гишгэдэггүй” гэх буюу
“Буруу зөвийн орчлонд үйл мөрөө тэнцүүлэхээр
Бурхан буг хоёр намайг тэвэрч тайтгардаг” гэх мэт
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 18-р нүүр)

Гуравт, Өмнө дурдсан хөдөө талын ахуйн эсвэл дорно дахины бодол бясалгалын өнгө аяс бүхий шүлгээс эрс өөр, далд зөн оршоосон сэрж мэдрэхүйн өнгө аястай шүлэг бас нилээд байна. Үүнд “Сагстай цэцэг барьсан бүсгүй”, “Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг”, “Диваажингийн газарч”, “Цонх”, “Нүд” шүлгүүдийг нэрлэж болно.”Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг” шүлэгт

Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Эндээс холгүй гэж бодож байна
Эрмэг цагаан үүлс салхины аясаар нүүхгүй
Элстэй шанд, намхан толгод тэнд байхгүй
Эмгэд утас ээрч, өвдөгийг нь дэрлэсэн хүү үүрэглэхгүй
Энд үлгэр яаж жаргадгийг тэнд мэдэхгүй
Эцсийн буудалд хүргэж өгөөч, намайг
Энэ зам хаа хүрэх вэ гэж асуумааргүй байна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 45-р нүүр)

гэжээ. Энэ эцсийн буудал нь гэгээрэлд хүрэх буюу энэ сансрын гэтэлсэн орон юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийнхөө сэтгэл оюунаа захирч чадсан тэр орон юм. Хүмүүсийн дунд аж төрөх атлаа тэр жаргалыг жаргал гэж ташуурахгүй, зовлонг зовлон гэж шаналахгүй бүхнийг гэтэлэх сэтгэлийн орон болно.

Сарны жижигхэн нулимс ертөнцийн бөөрөнд унаж сэрүү татна
Сагстай цэцэг барьсан бүсгүй дуулна…
Сагстай цэцэг барьсан бүсгүй явж одно
Салхи хаанаас байна вэ гэж би асууна
(Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004. 24-р нүүр)

гэсэн харахад амьдалын учир зүйн дараалал алдагдсан мэт боловч уран сайхны хийсвэрлэлийн хэр хэмжээ алдагдаагүй шүлгүүд байна.
Х.Сүглэгмаагийн шүлэг найргийн өнгө аяс, хийц нь “халамжит хатдын гар шиг халуун зөөлөн элс нь илж урсдаг” хонгор шаргал элсний урсгал шигээ зөөлөн урссан гэгээн уянга байдаг. Үүнд, бидний дээр нэрлэж задлаж үзсэн шүлгүүдээс гадна “Амраг сарны аялгуу”, “Надад захидал бичээрэй”, “Гүнж цагаан саран дор” зэрэг олон шүлэг байна.
Яруу найрагч Х.Сүглэгмаа нь говь талын монгол ахуй дээр бүддийн гүн ухааны бодол бясалгалын аяс хөллөсөн дорно дахины өнгө бүхий, дуун утгын найруулгын тэгш тэнцүү хэм хэмжээтэй урссан гэгээн зөөлөн уянгын шүлгээрээ монголын яруу найрагт өөрийн дуу хоолойг өргөж, хувь нэмрээ оруулж, өөрийн байраа эзэлж явна. Найрагчийн хоолойн цараа нь улам өргөсөж, байр суурь нь улам батжиж, монгол яруу найргийн нэгэн үеийн нуруу дээврийг мөрлөж өргөлцөн явах их хувийг ерөөе. Найргийн зам өлзийтэй байг.
АГНИСТЫН ОРНЫ АДИСТЭД ЖАНЛАВТ ДАГАН БАЯСАХЫН УЧИР, ХVII жарны шороон хулгана жилийн шинийн 15-нд(2ОО8 оны 2-р сарын 2О-2З-нд) Равжаа хутагтын Говийн гурван хийдийн нэг Дэмчигийн хийд ариун дагшин агнистын орноо ирлээ. Өмнийн говь, Ханбогд хайрхан, Галбын говь, Дэмчигийн хийдийн тухай яг хорин жилийн өмнө анх их бадрангуй сонсож, миний уран бүтээлийн найз нөхөр энэ дагшин газар ирж шүлгээ уншина гэж амласан байжээ. Үүнээс хойш хорин жилийн дараа иржээ. Бас энд ирэхдээ гучин хоёр жилийн өмнө аав минь надад зориулж захиалж хийлгэж өгсөн цэнхэр хурган дээлтэй ирлээ. Ижий говь яруу найргийн наадамд шүлэг уншлаа. Тугал шиг зэллээд уясан гучаад ботго үзлээ. Энэ Галбын говийнхны түүдэг нь дээлийн ханцуй шиг юм. Аргагүй л тэмээний орон юм. Бас Галбын говийн барааг үзэв. Говь гэхээсээ илүүтэй говийн хангай гэмээр газар юмаа.
Үүний дараахан З-р сарын 15-нд Чөлөөт зохиолчдын холбоо болон монголын радиогийн уран зохиолын редакц, телевизээс зохиосон байгуулсан яруу найргийн аяллаар Богд хан уулын Дүнжингарав хүрлээ. Завхан нутгийнх болоод тэр үү, Богд Очирвааниа бодоод, тэр тэнгэр дагшин уулын тахилга тайлгыг санаад тэр үү, яг хүрч очоод зүрхшээв. Дүнжингарав оргилын овоон дээр гарсангүй. Овооны бэлээс сүү идээгээ өргөлөө. Болно оо.
Зун 7-р сарын 1-6-нд ОХУ-ын Улан-Үд хотод болсон эрдэм шинжилгээний хуралд оролцов. Иволгын дацанд хүрч, Итгэл хамбад золгов. Байгал далай ээжид хүрлээ. Далай ээжийн торгон элс, ээжийн энгэр шиг тэврэн илбэн бүүвэйлэх их усанд умбав. Эхийнхээ хэвлийд л хүүхэд тийм тааламжтай байдаг байхдаа. Урд нэг төрөлдөө Далай ээжийн загас ч байсан байж мэдэх.
Дараа нь 8-р сарын 15-нд А.Мостартын олон улсын монголч эрдэмтдийн холбооноос зохиосон байгуулсан “Гэгээн Марияагийн тэнгэрт дэвшсэн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хуралд” Дара эхийн магтаал дахь бүсгүй хүний гоо сайхны үзэл, жишээ” гэсэн илтгэл тавив.
Дараа нь намар 9-р сарын 16-21-нд БНХАУ-ын Ордосын Отог хошуунд болсон олон улсын хуралд “Аржийн агуйн Хорин нэгэн мөргөлийг Монгол Ганжуурын Хорин нэгэн мөргөлтэй харгуулах нь” гэсэн илтгэл хэлэлцүүлэв. Энэ Ордосын их талд Арж хэмээх нэгэн улаан уул байна. Тэр Арж уулын эгц ханыг ухаж агуй ордон гаргаад, түүний ханан дээр бурхад урлаж, бурхадын тухай магтаалыг төвд монголоор бичсэн тийм жар гаруй агуй байна. Энэ нь Чингис хаан тангудыг дайлаар мордож авсны дараахан, монголчууд бурханы шашныг хүлээн авч, хөгжүүлж, бясалгаж байсан тийм, ариун дагшин орон газар байна.
Түүнээс Хөх хотод 9-р сарын 22-26-нд Хятадын Монгол судлалын их хуралд бас далимд илтгэл тавив. Хурлынхан Өвөр монголын Бугат хошуунд байдаг Бадгарын хийдэд хүрэв. Бадгарын хийдийг зүүн Бодалан гэж нэрлэдэг бөгөөд, мөргөлчид Лхасын орноо хүрч бүгд амжихгүй тул Далай ламын ордон Бодалан хийдийн дэг загвараар барьсан гэнэ. Бадгарын хийд нь мөн Равжаа хутагтын урд дүрийн түүхтэй холбогдож байдаг орон хийд билээ.
Хятадаас ирсний дараа 1О-р сарын 1О-нд ОХУ-аас урилга ирлээ. Ингээд 1О-р сарын 15-наас энэхүү Чита хотод Забайкальскийн Улсын Багшийн их сургуулийн монгол судлалын салбарт ажиллах болов. Энэ салбар дөнгөж шинэ дутам байгуулагдсан байна. Мөн энэхүү Чита нь Цэвээн Жамсрано зэрэг буриадын их номын мэргэдийн сурч хүмүүжсэн орон дэлхий байна.
Энэ бүгдийг тэмдэглэхийн учир нь 2ОО8 оны эхэнд Равжаа хутагтын хийд Агнистын орноо хүрсэн ач ивгээлийн ерөөл энэ буюу гэж залбиран тэмдэглэв.
Д.Сумьяа «Монголын орчин үеийн яруу найраг II» номоос авав.

No comments:

Post a Comment