Pages

11/27/2009

“Эрдэмтэнтэй ярилцах цаг” нэвтрүүлэг

“Эрдэмтэнтэй ярилцах цаг” нэвтрүүлэг
2005-08-25 ны өдөр

Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Хэлбичгийн ухааны доктор (PhD), дэд профессор Х.Сүглэгмаа уригдан оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Мэдээж, эрдэм шинжилгээний ажил, бас яруу найрагч хүний хувьд цаг зав багатай байгаа байх.? Таны амьдралын тухай Судалгааны ажил, хийж бүтээсэн зүйлийн тухай, яруу найргийн анд нөхөд багш нар гээд хоёулаа нилээд чөлөөтэй ярилцанаа-Одоо Улаанбаатарын Их Сургуульд Магистр докторын сургалт хариуцаад бас багшилж байна уу? Хэзээнээс энэ сургуульд ажиллаж байна?
-Сургуульдаа би 2001-2002 онд очсон Их сургууль төгсөөд л багшилсан даа. 4 жил багшлаад одоо энэ сургуульдаа очсон. Сургууль төгсөхдөө 1990-ээд оны сүүлээр шүү дээ. Тэр үеийн “Ардын эрх” сонинд дадлага хийгээд, гайгүй сайн идэвхтэй байсан юм байлгүй, төгсөөд ирж ажиллаарай л гэж байсан. Харин миний бүр бакалаврын ажлаас дагасан удирдагч багш маань монголын нэртэй төвдөч эрдэмтэн доктор профессор Л.Хүрэлбаатар гуай шүү дээ. Багш маань харин тэр үед “за та нар сэтгүүлч хийхгүй ээ. Тэр чинь одоо хүний л юм хийж байна гэсэн үг. Энэ нарийн мэргэжлээр сурчихаад та нар өөрийнхөө л юмыг хийх хэрэгтэй шүү дээ. Багшил, хажуугаар нь сур, тэгээд одоо үнэхээр судалгааны ажилд дурлаж байвал энийгээ л хийж оролдох хэрэгтэй” гэсэн. Тэгээд нэг сургууль дээр багшлах далагат гаргаад, өглөө нь номын сан, хүрээлэн дээр очиж жаал юм уншина, үдээс хойш нөгөө газар ирж дадлагын хичээлээ заана. Тэгээд багшлах жаахан сонирхол муутай байсан юмуу даа. Хэрэндээ бэлдээд л ирдэг байсан чинь нэг удаа лекцээ мартаад очиж энэтэр хөглөж л байсан. Намар нь Их сургуульд магистрын шалгалт өгөхдөө нөгөө хичээл зааж оролдож байсан хүүхдүүдтэйгээ хамт зогсоод л шалгалтанд орж байсан юм даг.
-Танай нутаг чинь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Хутагт хувилгаадын түүх дурсгалтай их холбоотой, Ноён хутагтын алдартай 3 хийд байдаг газар. Энэ талаараа жаахан ярилцах уу?
-Манайх Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны айл л даа. Говь мэргэн вангийн хошуунд Ноён хутагт Данзанравжаа олон хийд байгуулсан. Хамрын хийд бол Дорноговь аймгийн нутагт байгаа гол хийд нь. Харин Галбын ууланд бол 3 хийдийг байгуулсан байна. Галбын уул бол одоо Алтайн нурууны төгсгөл ч гэж ярьдаг, Ханбогд хайрхан байгаа тэр хэсэг шүү дээ. Ханбогд хайрхнаас зүү урагш нар ургах зүг рүү сувруулаад ойрхон зайд энэ 3 хийдийг байгуулсан юм

/Цагаан толгойн хийдийн туурин дээр УИХ-ын гишүүн Л.Одончимэд, геологич Гарамжав гуай нарын хамт/

билээ. Бага байхад багш нар маань дагуулаад аваачиж үзүүлнэ. Хийдийн орчмын чулуугаар тоглож өссөн азтай л хүүхдүүд дээ. Голдуу Цагаан толгойн хийд дээр л аваачдаг байсан. Тоглож байхад тэр нураад булагдсан тоосго нь дандаа хээтэй, цаанаасаа тэгж цутгасан, тэгээд л шүр сувд хүртэл байж л байх. Тэр үед бид юм мэдэх биш дээ. Нилээн сүүлд багшаар ном заалгаж байхад багш маань “Хүн орныг олж төрнө гэж байдаг юмаа.” гэж хэлж өгч байсан. Энэ бол хувь тавилангийн тухай асуудал. Орон газрыг олж төрнө гэдэг нь хувь зохиолоор болдог юм гэнэлээ. Өөрөөр хэлбэл Африкт төрөөд ширхэг цагаан будааны төлөө тэмцэх, бурхны адистэд оршсон амгалан жаргалангийн оронд төрөх гэдэг нь цаанаасаа заяамал юм байдаг байх нь л дээ. Говийн тэр адистэд оршсон газар бол Галбын уул юм. Ноён гэгээн өөрийн төрсөн нутагтаа Хамрын хийдийг байгуулсан бол Галбын ууланд ирж Дэмчиг, Эрээт, Цагаан толгойн 3 хийдийг бас тус тусын өөр үүрэг зориулалтаар байгуулсан байна гэдэг бол учиртай. Одоо л хүмүүс энергийн цөм орон энэтэр гэж шуугиад л, газар газрын түмэн хэлийн хүмүүс тийшээ тэмүүлдэг болсон байна шүү дээ. Гэтэл тэр XIX зуунд Ноён гэгээн Галбын уулыг түшиж ирээд “Ийм сайхан уул байдаг гэж амьдралдаа сая л мэдлээ. Энэ бол миний үлдсэн насныхаа амьдралыг өнгөрөөх учиртай сайхан нутаг байна” гэж дуу алдаж байсан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг байсан. Үүний гэрч болгож Ноён гэгээн Галбын магтаал гэдэг алдартай сайхан зохиолоо бичиж үлдээсэн байдаг. Энэ бол бүр эртний бурхны шашны магтаалын зохиол бичдэг уламжлалаар орон хийдийг юмуу, бурхадын дүрийг магтахдаа эргээд үзэгдэх гадаад өнгөнөөс нь, дараа нь энэ биений эрдэм чадлыг нь, тэгээд тэндээс хүмүүн бидэнд ирэх сайн сайхан зүйлийг нь магтдаг бараг тогтсон дэг байна даа. Энэний дагуу эхлээд Галбын уулын алсын бараа, энгэр хомой, ургамал ногоо гээд нүдэнд үзэгдэж харагдах сайхан дүрийг нь, дараа нь сэтгэлд бууж ирэх олон сайхан дотоод чанарыг нь, дараа нь тэрийг шүтэн бишрээд хүмүүн бидэнд ирэх эрдэм чадлыг нь тус тус магтсан алдартай зохиол байдаг юм байна. Тэгэхээр эртний газрын шинжийн судрынхаа дагуу ч юмуу Ноён гэгээн бол Галбын уулыг энэ насныхаа нэгэн шүтээн болгож байсан нь эндээс харагддаг.

/Дэмчигийн хийдийн туурь/

-Галбын 3 хийд нь өөр өөр утга агуулгатай гэв үү?

-Дэмчигийн хийдийг бол Ноён гэгээний бүтээл туурвилаа голлон хийдэг байсан, нэг ёсны бясалгалын хийд нь гэж ярьдаг. Эрээтийн хийдийг бол Ноён гэгээн өөрөө бурхны шашны улааны урсгалыг баримталдаг хүн болохоор тэр чиглэлийн ном голчлон үздэг газар байсан гэдэг. Харин Цагаан толгойн хийд бол хол ойрын сүсэгтэн олонд зориулсан хийд байсан гэж ярьдаг. Одоогийн үлдсэн хийдийн туурийн хаана ч давтагдахгүй тэр ул мөр бол энэ бүгдийгээ гэрчилж байх л даа. Дэмчигийн хийдийн тэр содон хад, яг тэр хадны доод талд лянхуа цэцгийн дэлбээ маягаар тойруулсан дуганы суурь, Цагаан толгойн хийдийн газрын байдал, тэр лүү ирэх очих зам хүртэл Харанхуйн ам, Гэгээтийн ам гээд нэр нь хүртэл нэг учиртай байгаа биз. Сүүлд ном сонсоод, юмны учир гадарлахуйц болсны хойно Гандан хийдэд очоод хүртэл орохдоо нэг хаалгаар нь ороод, гарахдаа нөгөө хаалгаар нь гардаг гэж мэдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл намайг дагаж явсан муу зүгийн юмдаа орсон хаалган дээрээ орхиод явах юм биз дээ. Биднийг жоохон байхад Цагаан толгойн хийд дээр л голуу очдог байсан санагддаг юм. Тэр үед аягүй бол цаад их хийдүүдийн туурь юмыг ёстой ёсгүй, мэдэх мэдэхгүй хүн болгоныг очуулаад байхыг бодохгүй, жаахан нууж хаах маягтай ч байлгадаг байсан байж магадгүй. Одоо л хүн болгон ярьж байдаг болж, тэр үед ч мэддэг улс нь голдуу дуугүй л байсан байх.

-Бас юмны учир жанцан их өөр байж тийм ээ

-Одоо яахав дээ. Бид их ч юмыг мэдэхгүй болж, дээрээс нь цаг үе өөрчлөгдөж юм юм сэргэж байгаа гэдэг утгаараа ч юмуу бас худлаа ярьдаг хүн их олон болсон юмуу даа. Ялангуяа нутаг орны энэ эртний учир жанцан, барилдлагатай юмдыг худлаа ярьж бүр болохгүй. Нутаг орны учир жанцантай юмыг мэддэг бол ярих хэрэгтэй, мэддэггүй бол ярих хэрэггүй тэр юм хаалттай тэр чигээрээ л үлдэг. Хэдэн үе улирлаа ч хэрэгтэй цагт тэр юмыг яриад тайлбарлаад ирэх хүн үе удам дамжаад байж л байдаг. Монголын мэргэдийн ном бор авдрандаа байдаг гэдгээр нэг ёсондоо хэдэн төр эргээд, хэдэн хувьсгал хийгээд, нийгмийн байгуулалтыг яаж өөрчиллөө ч гэсэн монгол хүний яс маханд нь шингэсэн нутаг ус шашин суртахууны холбоотой тэр зүйлийг бол оргүй огт таслачихна гэж бараг л байдаггүй байх. Харин шаардлагатай бол зарим цаг үед зарим амин чухал зүйлээ огт мэдэхгүй юм шиг дарж үлдээх хэрэгтэй байдаг байж магадгүй.

-Дууг нь Ноён хутагт өөрөө зохиосон гэдэг шүү дээ. Үлэмжийн чанар дууг?

-Саяхан хүртэл телевизээр ярихдаа Үлэмжийн чанар гэдэг дууг Дэмчигийн хийд дээр зохиогоод Дэмчигийн хийдэд зориулж дуулж байх ёстой гээд ярьж байсан. Тэр нь зөв л дөө дуулж байх ёстой. Гэхдээ Ноён хутагтын өөрийнх нь зохиосон дуу гэдэг дээр эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Яагаад вэ гэвэл Ноён гэгээний бие нь чилээрхээд, судасыг нь ханасан чинь цус гараад тогтохгүй байсан гэдэг л дээ. Тэгээд бие нь их муу байсан учир дэргэдийнх нь бараа бологчид номтой эрдэмтэй их сайхан эмэгтэйчүүд олон байсан. Дадишура тэргүүтэй дуулдаг, тахилыг нь өргөдөг тэр эмэгтэйчүүд Ноён гэгээний гол шүтээн болох Үржинхадын оронд таван тансагийн тахил болгон өргөж Үлэмжийн чанар дууг Ноён гэгээнд зориулан дуулсан ч гэдэг. Энэ ямар учиртай гэвэл Ноён гэгээн бол Үржинхандын орныг шүтдэг хүн байсан. Тэгээд Үржинхандын оронд өнгөний сайхнаар, амтны сайхнаар үнэрийн сайхнаар тахил өргөдөг юм байна л даа. Тийм учраас Үлэмжийн чанар дууг дуулахад мянган дарь эх уншсантай тэнцэнэ ч гэдэг. Тэгэхээр энэ дууг Ноён гэгээн зохиосон уу, харин дэргэдийн дууч отгийн тэр хүмүүс зохиож Ноён гэгээнд өргөсөн үү? Мөн тэр дууг Дэмчигийн хийдэд зохиосон учраас тэнд очсон хүн дуулж байх ёстой гэж яриад байгаа. Ингэж бичиж тэмдэглэсэн ч юмуу аман хууч манай нутагт бол төдийлөн элбэг биш. Харин миний санахад Галбын уул бол эмэгтэй лус савдагтай уул гэдэг юм. Тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, тэмээнийхээ бөхөнд хурганы уут зүүсэн, лимбэ барьсан тийм эмэгтэй сахиустай гэж ярьдаг. Тэгэхээр харин Дэмчигийн хийд дээр дуулаад байхдаа биш, тэр хийд орон чинь Галбын ууланд байгаа хийд болохоор угаас харин уулынхаа лус савдагт зориулж дуулдаг байсан байж магадгүй. Тэгэхээр цаад учир жанцанг бол нарийн судалж үзэх хэрэгтэй байна шүү дээ.

-Би ингэж боддог юмаа. Түүх гээд дээр үеийн хүмүүс түүхийг нарийн бичиж тэмдэглээгүй ч бас нэг үзүүртэй сэжимтэй, тэр сэжмийг аваад цааш явах зүйлийг үлдээсэн байдаг. Япончууд Чингис хаан кинондоо жишээлбэл Хулан хатныг бол их баатарлаг олон удаагийн аян дайнд Эзэн хаантай хамт явж байсан их эршүүд баатарлаг эмэгтэйгээр бичсэн байна л даа. Тэгэхээр хүн бүр тэр түүхийн нэг сэжмийг ургуулан бодоод баяжуулаад кино юм хийдэг болов уу гэж би боддог. Энэ бол жишээлбэл өнөөгийн бидний ойлголтоор хэр санагдаж байна?

-Ялангуяа он цаг нь өнгөрөөд явчихлаар түүх хүмүүсээс холдож байна шүү дээ. Нэг ёсондоо. Тэгэхээр түүний дундуур янз бүрийн соёлын нөлөө, янз бүрийн төр нийгмийн нөлөө орж ирээд, зарим зүйл мартагдаж, эсвэл засагдаж, магадгүй заримдаа үзэл суртлын хайрцагт баригдаж, илт зохиомол зүйл болж хувирах ч юмуу, тэгээд ирэхээр хүмүүс тухайн зүйлд өөр өөрийнхөөрөө ханддаг. Би бол Хулан хатныг тийм олон дайнд дагуулж явсан гэж мэдэхгүй байна. Хулан хатан бол Мэргэдийн Дайр Үсүны охин. Дайр үсүн бол Чингис хаантай эв нэгдэлтэй байх гэж нөгөө талаараа мэргэд овог аймаг гэдгийгээ авч үлдэхийн тулд асар их ухаан зарж гүнжээ бэлгэнд өгсөн гэдэг ч юмуу энд холбогдох янз бүрийн түүхийн нөхцөл байдлуудыг гаргаж ярьж байна л даа. Гэхдээ нэг номтой хүн тэгж хэлж байсан. Чингис хааны хөвгүүдийг сайн ажиглаарай. Чингисийн хөвгүүд бол эцгийнхээ нэг нэг сайн шинжийг авч үлдсэн байдаг юм гэж хэлж байсан. Нээрэн яагаад Өгөөдэйд хаан ширээ залгуулж байгаа юм бэ гэхлээр Өгөөдэй хаан бол асар их хүлцэнгүй, зөөлөн яагаад гэхлээр дээрээ ахтай, доороо дүүтэй байхгүй юу. Ах дүү хоёрын буюу ахаас ирж байгаа тэр эрхшээл, дүүгээс ирж байгаа энэрэлийг Өгөөдэй хоёуланг нь амссан. Дандаа ах байгаагүй, дандаа дүү байгаагүй. Ах дүү хоёрын дунд өссөн. Нөгөө талаар асар их зөөлөн, хүлээцтэй гээд хаан хүний олон чанар байна шүү дээ. Тэр үедээ хаан эцгийн саналаар Өгөөдэйг хаан ширээнд суулгаж байгаа мэт боловч цаанаа Өгөөдэй хааны үр удам гэж гэж өвсөнд боовч үхэр тоож долоохгүй, өөхөнд ороовч нохой тоож идэхгүй хүн байвал харин хэн төр барих вэ гэдгийг ч Монголын нууц товчоонд ярьж л байдаг шүү дээ. Өгэдэйн хүү л бол тэр хаан ор суухгүй, Алтан ургийн залгамж байна. Байхдаа учир жанцантай байна. Хөвгүүдийн дотроос тэгвэл Хүлэг бол цэргийн эрдэмд гарамгай байсан тухай удаа дараа яригддаг. Энэ үүднээс Хулан хатанд ямар сайн шинж байж болох вэ гэдэг дээр ийм бодомж гаргасан ч байж болох. Мэдээж Чингисийн хатад гэдэг бол Монголын эзэнт гүрний түүхэнд тус тусын их үүрэг гавьяатай. Бөртэ-Үжин бол мэдээж Чингисийн хан хөвгүүдийг төрүүлсэн их хатан, гэтэл хамгийн бага хатан Исүү Чингис хаанд өөрийнхөө дараа хаан ширээг хэнд үлдээхээ та хэлж үлдээх ёстой гэдгийг сануулснаараа түүхэнд ямар чухал үүрэг гүйцэтгэж байна. Магадгүй бусад улс орны түүх намтарт ийм тэгш сайхан чанартайгаар бүх хатдыг нь тэр эзэн хааны түүхэнд байр суурь эзлүүлдэг үү үгүй юу. Харийн улс юуг онцлон үзэх нь чухал биш, бид л энэ юман дээрээ зөв оносон байр суурьтай байх хэрэгтэй болов уу .

-Тийм шүү. Би зүгээр түүхэн юмыг цаг хугацаа өнгөрөхөд янз бүрээр дамжуулж ирж байгаа гэдэг дээр л жишээ болгосон юм.

- Нэг багш маань хэлж байсан. Урд тэгдэггүй л байсан чинь энэ жил гахай жил гарлаа, алтан гахай жил энэтэр гээд л сүйд болох юм гэж. Харин тэгсэн энэ жил бол манай монголчууд ялангуяа өрх гэр авч явж байгаа эр хүн, төрийн хэргэм зэрэгтэн хүмүүс бол бүр ч их болгоомжтой байх ёстой гэж хэлж байсан. Энэ юу вэ гэвэл 1227 оны гахай жил бол Чингис хаан нас барсан жил. Монголчууд 12 жил өнгөрөөд 13 ны жилээ нэг мөчлөг гээд байна шүү дээ. Үүгээрээ 60 дахь мөчлөг жил нь энэ жил таарч байгаа юм байна л даа. Эмээ өвөө нар хүртэл энэ хүүхэд 13-ны жил нь орж байгаа юм, мөчлөг нь таарч байгаа юм гээд Гандангийн дэнж рүү чирж хөтлөөд ч гэсэн очиж ном уншуулах гээд зүтгэдэг биз дээ. Тэгэхээр болгоомжлох ёстой юм шиг билээ. Бид хүн дагаад хөөрч байхын оронд харин болгоомжтой байх ёстой юмуу гэж бодсон. Сая мөн гадаадыхан Чингис хаан кино хийсэн чинь тэгж тэгж буруу юм боллоо гээд л одоо нөгөө кино нь үзэгчдийн хүртээл болчихсон хойно л “чи дуугарах ёстой байсан”, “би дуугарах ёстой байсан” гээд л хоорондоо сайдаж муудан шуугиад байх жишээтэй. Бид яагаад юманд дандаа ингэж хандаж байх ёстой юмбэ, Яагаад дуугарах ёстой улс нь дуугарах ёстой цагт нь дуугараагүй юм бэ, магадгүй яагаад тэр улсыг нь дуугаргаагүй юм. Дараа нь ингэх, ийм асуудал ярих нь магадгүй хэнд ашигтай юм бэ ч гээд бодож л байдаг юм.

-Хоёулаа одоо таны бүтээл рүү ороё. Яруу найргийн, утга зохиол судлалын ямар ном бүтээл гаргав?

-1988 оноос уран бүтээлээ эхэлж,яруу найргийн “Орхиж боломгүй хорин нас” /2000 он/, “Буйд шазрын шүлгүүд” /2004/ номууд, утга зохиол судлалын чиглэлээр бол “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл” сэдвээр Хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалаад 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” номуудыг хэвлүүлсэн. Ер нь монголчуудын уран зохиолын сэтгэлгээний хэв маягийг судална гэвэл нилээд эртний уламжлалт хэлбэр нь энэхүүү “үг” зохиолын төрөл зүйл гэж боддог. Энэ утгаараа бүр XIII-XIV зуунаас төвд монгол хэлээр бичигдсэн “үг”, “ярианы” төрөлд хамаарах их өв байна. Энэ нь тэгээд зөвхөн монголд тодорхой нэг цаг үед хөгжөөд зогсчихоогүй, хамгийн гол нь өрнө дорны олон оронд ийм хэлбэрийн зохиол мөн эрт үеэс бичигдэж ирсний уламжлал харилцан нөлөө тусгагдаад, тэр нь үндэсний хэмжээний өөрөөр хэлбэл монголын уран зохиолын нэгэн төрөл зүйлийн хэмжээнд хөгжиж ирсэн байна гэдгийг I номондоо өгүүлсэн. Хоёр дахь ном бол эдгээр олон зууны уламжлалаас үг зохиолоор дагнан зохиол бүтээлээ туурвиж байсан гол төлөөлөгч нь бол XIX зууны хуульч Сандаг юм болохоор тусад нь ном болгож гаргалаа.

-Эртний уран зохиолын зүйлийг ингэж төрөл зүйлийн хэмжээнд судалжээ. Гэхдээ энэ манай утга зохиолын хөгжилд бол мэдээж чухал асуудал. Тэгвэл яг нийгмийн өөр чиглэлийн ч юмуу уншигч ард түмэнд энэ таны судалгааны ажил ямар үр нөлөөтэй вэ?

-Эртний уран зохиол түүх гэхээр хүмүүс нэг их хол хүршгүй алсын юм боддог. Гэхдээ энийг бүх нийтээрээ мэдээд судлаад байх албагүй ч гэсэн хийх ёстой улс нь хийх ёстой цагт нь хийгээд тухайн асуудлаа тодорхойлоод байр суурийг нь эзлүүлээд явж байх ёстой л гэж боддог юм. Хүн төрөлхтний түүх гэдэг бол соёл иргэншлийн л түүх шүү дээ. Соёл иргэншлийн түүх гэдгийн нэг чухал хэсэг нь сэтгэлгээний түүх. Сэтгэлгээний түүх гэдгийг бид уран зохиолын энэ эртний уламжлалаасаа л харна шүү дээ. Жишээлбэл: Манай Данзанравжаа гэхэд их ойрхны хүн шүү дээ. 19-р зуун. Тэгэхэд бас нэг хэсэг хугацаанд цаг үеийн юмаар алгасарсан мартагдсан зүйл их байна. Гэтэл тэрнийг одоо буцаагаад сэргээхдээ, ярихдаа зөв авах хэрэгтэй. Ард түмэн гэдэг нэг хэсэг нь бол /одоо говийн бид энэтэр бол өвөө эмээ эцэг эхээсээ ийм тийм гээд уламжлаад авчихсан суурь ойлголт нь байж байгаа нэг хэсэг байна/ тийм юм огт байхгүй, огт төсөөлөлгүй өнөөгийн гарч байгаа кино, ярьж байгаа хүмүүсийн хэмжээнд л “аа ийм хүн байсан юм байна” гээд харж байгаа нэг хэсэг байна. Тэгэхээр энэ үе уламжилж тасалдуулахгүйгээр тэр ойлголтыг авч үлдэх, өвлүүлэхэд л үе үеийн хүмүүсийн хийсэн энэ судалгаа шинжилгээний зүйл өнөөдөр хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг санагдаж байгаа энэ зүйлс хэрэг болох ёстой гэж боддог шүү дээ.

-Яруу найргийн ямар олзтой байна? Яруу найргийн багш чинь нэрт яруу найрагч О.Дашбалбар байсан гэсэн энэ тухайгаа...

-Энэ жил чадвал гаргана. Яруу найргийн шинэ номоо бэлдэж байна. Мөн өмнөх номуудад орсон болон одоо энэ гарах номонд ч орж байгаа дан хайрын шүлгүүдээ эмхтгэн “Амраг сарны аялгуу” гэсэн хайрын шүлгийн түүвэр хийж байна. Энэ жил О.Дашбалбар багшийн маань 50 насны ой болж байгаа. Нутаг орон, уул усанд нь очиж шүлэг зохиолыг нь уншиж нутаг усыг нь баясгасан нэг ч гэсэн юм хийх юмсан гээд бодож байна. Багш маань биднийг юу ч мэдэхгүй тэр жаахан байхад л эх орон, газар шороо үндэстэн гэж юу байдаг, Петөөф Шандор, Назим Хикмет, Пабло Неруда гээд дандаа цогтой тэмцэгч эх оронч тэр үндэстэн эх орныхоо төлөө тэмцэж байсан сураг төдий улсыг өөрийнхөөрөө бидэнд нэг ёсондоо нээж таниулж өгч байсан. Тэр нь л биднийг нэг тийм өөрийн үзэл ч юмуу, сэдэл санаа өгөөд орхисон байх. Тэрнээс “чи энийгээ ингэж бич” гэж нэгнийх нь шүлгийг ч засч өгч байгаагүй. Тэр шүлэг яаж бичих тухай бараг ярьдаг ч үгүй байсан. Харин өрнө дорны бидний ямар ч ном сурах бичгээс уншаагүй тийм зүйлийг хэлж өгч, утга зохиол гэдэг юмны амтанд оруулсан хүн. Хүмүүс багшийг маань гаднаас нь хараад л их ширүүн, нэг л их тэмцсэн, эсэргүүцсэн хурц хүн гэж төсөөлдөг. Яг амьдрал дээр ялангуяа бидэнд бол их өөр хүн шүү дээ. Гэхдээ утга зохиолыг заана гэдэг бол бараг байдаггүй байх аа. Яруу найрагч хүн тэр зохиол бүтээлд шал өөр өнцгөөс нь ханддаг, тэрийгээ л бидэнд дамжуулдаг, тэр нь магадгүй бусдаас тэс өөр маягаар бидэнд их нөлөөлсөн юм шиг байдаг.

-За баярлалаа. Таны ажил амьдрал, эрдэм судлалын болоод уран бүтээлийн их ажилд амжилт хүсье. Аз жаргал хүсье.

-Баярлалаа.

/Ярилцлагыг хэсэгчлэн оруулав/

No comments:

Post a Comment