Pages

11/27/2009

ХОНГОРЗУЛ 2004 он №01 /474/ 10-р нүүр


2004 оны “Мөнгөн цом”-ын эзэн Х.Сүглэгмаа:
«Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо»
“Мөнгөн цом”-ын эзэн болсонд баяр хүргэе!-Баярлалаа. “Мөнгөн цом” бол Монголын яруу найргийн наадмуудаас хамгийн оюунлаг бүтээлүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй наадам юм. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг өндөр босготой энэ наадмын дөрөв дэх удаагийн тэргүүн шагналыг хүртсэндээ их билэгшээж байна. Дашбалбар багшийн минь буян хишиг онгод намайг ивээж, олон жилийн дараа энэ хүндтэй шагналыг авч байгаа биз дээ.
-Таны шүлгээр бүтсэн дуу бий юу?
-40 гаруй юм байгаа байх шүү. Би уран бүтээлдээ их хайнга ханддаг юм байна. Монголын радиогийн хөгжмийн редакциас надад “Таны бүтэн 20 минутын дуу манайд байдаг юм байна. Концерт болгооч.” гэхэд л нээрээ тэгэх юм байна шүү гэж бодогдсон.
-Гурван жил оролцож байж хүртсэн болохоор энэ “Мөнгөн цом” таны хувьд нэлээд үнэтэйд тооцогдож байгаа болов уу?
-1994 оны “Болор цом” наадамд оролцож шүлгээ уншсаны минь дараа Дашбалбар багш жишим ч үгүй “Хэн та нарыг тэнд шүлгээ унш гэсэн юм бэ? Өнөөдөр “Болор цом”-оор Монголын уран зохиолыг хэмжих дээр очиж байгаа бол би та нарт хичээл заасны ямар хэрэг байна.” гэсэн юм. Ер нь багш маань тайзан дээрээс яруу найргийг рекламдахын эсрэг байсан. Яруу найраг бол урлагийн дээд төрөл бөгөөд тайзан дээр мандаж байдаг урлаг биш гэсэн үзэл бодлоор нь төлөвшсөн шавь нарын нэг нь би юм.1990-ээд онд зритель рүү хандсан шүлэг нэг хэсэг байлдан дагуулж байсан. Би “Мөнгөн цом”-д түрүүлсэнийхээ дараа ганцаараа суугаад бодож байлаа. Монголын утга зохиолыг үнэлэх цаг хугацааны цензур, өөрөөр хэлбэл, бичгийн уран зохиолд тэмдэглэгдэн үлддэг сонгодог яруу найргийн үе ирж байна. Үүнийг дагаад үзэгч, сонсогчдын яруу найргийн мэдрэмж өөрчлөгдөж байгаа нь яруу найргийн хөгжил нэг алхам урагшилж байна гэсэн үг. Ийм цаг үед “Мөнгөн цом” авч байгаадаа үнэхээр их баярлаж байна. Би шүлгээ хүмүүсийн сэтгэлд хүртэл уншиж чаддаггүй хүн. Сонин дээрх шүлгийг минь сонирхож уншдаг хэрнээ тайзан дээрээс уншихаар хүлээж авдаггүй. Монголын утга зохиолын сүүлийн дөчөөд жилийн төлөөлөл орсон сайхан наадам болж өнгөрлөө. 60-70-аад оны төлөөлөл Цоодол, Урианхай, 80-аад оныхноос Төрбат, 90-ээд оны төлөөлөлд Хулан бид нар уншлаа. Бүр 2000 оноос хойш Ганзул нарын залуучууд шүлгээ уншлаа. Урианхай гуай болон 2000 оноос хойших залуу яруу найрагчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байв. Тэд уншиж ч чаддаг, бичиж ч чадаж байна.
-Түрүүлчихнэ чинээ санасан уу?
-Огт үгүй. Тэр байтугай наадмын урд өдөр “Мөнгөн цом”-д шүлэг унших үгүйгээ ч мэдэхгүй явж байлаа. Миний докторын зэрэг хамгаалалт өдрийн 15 цагаас эхлэсэн. Амжилттай хамгаалчихаад, “Нээрээ, миний шүлэг шалгарсан гэсэн, би очиж унших ёстой” гэж бодсон. Шүлгээ ч өндөр сэтгэгдэлтэй уншсан. Ингээд энэ өдөр сүүлийн арваад жилийн хөдөлмөрөө нэг дор хоёуланг нь амжилттай үнэлүүлсэн нь ховорхон тохиох завшаан./инээмсэглэв/
-Өө, давхар баяр хүргэе! Та багшдаа зэмлүүлснээсээ хойш “Болор цом”-д орсон уу?
-Багшийгаа амьд сэрүүн байхад нь ахиж “Болор цом”-д ороогүй. Ер нь хүнд хүрчих хэдэн сайн шүлэгтэй болж байж л “Болор цом”-д оръё гэж бодсон. Тэгээд найман жилийн дараа “Болор цом”-д “Нүүдэл” шүлгээрээ шилдэг 15 яруу найрагчийн шагналыг авсан. Хүмүүс үнэлбэл, магадгүй энэ шүлэг Монголын утга зохиолд үлдэх биз ээ. Энэ наадамд уншсан гурван шүлгээс илүү болсон гэж би дотроо үнэлдэг юм.-Та сая үнэхээр сайн шүлэг уншив уу, эсвэл шүлгээ сайн уншив уу?-Өнгөрсөн жилйин “Болор цом”, “Мөнгөн цом” хоёуланд нь би сайн шүлэг уншсан. Шүлгээ хүний сэтгэлд хүртэл уншихдаа би угаасаа муу. Сүүлийн хэдэн жилд миний шүлгүүд үнэхээр сайжирсан. Урьд нь би наадмын урд өдөр шүлгээ бичдэг байсан бол энэ удаа дэвтэр дэх шүлгээ уншаад, цом хүртсэн нь уран бүтээлийн их замд хат сууж буйн илрэл юм уу даа.
-Яагаад ч юм, “Алишер Новайтай амраглаж хонолоо” шүлэг тань эзэнтэй юм шиг санагдлаа.
-Тийм байна уу? Үнэхээр би энэ шүлгийг нэгэн хүнд зориулсан юм. Цаад эзэн нь хэн байх нь бусдад нэг их сонин биш болов уу.
Х.Сүглэгмаа
ӨРГӨСТЭЙ МОДНЫ ЦЭЦЭГ
Өвс гандаж
Бороо орж
Өвгөд хоймор сууж
Үлгэр ярьж
Өглөөхөн энд байсан шувууд
Саран зүг одохыг үзэж
Өрнө дорны тэнгэр дор
Салхи мэт хэсүүчилж
Өнийн энэ ертөнцөд би
Удаан амьдармаар байна
Өвөр зуураа тэмцэлдэгч
Хаадын бүсийг тайлах
Өнгө тунамал хатдын
Харцны гуниг арилаагүй байна
Өчнөөн зууны тэртээх
Морьдын төвөргөөн ажраагүй байна
Өргөстэй модны цэцэг
Үзэсгэлэнтэй байдгийг дуулмаар байна
Өөдгүй энэ орчлонд би
Удаан амьдармаар байна
Өглөөхөн хэлсэн үгээ
Үдэш урвасны төлөө
Өшөөт дайснууд
Тугаа буулгахыг үзэж
Өндгөө дарсан шувуу
Жигүүрээ дэлгэхийг тосч
Өөжинд үүрэглэх хүүгээ
Жингийн хөтөч болохыг хүлээмээр байна
Өгөөмөр энэ орчлонд би
Удаан амьдармаар байна
Туждаа хамт байна гэж
Амрагууд дуулж
Тундрын мөс дарсны аяганд
Хайлахад харамсч
Туул цөнгөө түрж
Турлиах сүрэглэн нисэхийг үзэж
Тув тунгалаг тэнгэрт
Ув улаан наран мандахад биширч
Тун чиг энэ орчлонд би
Удаан амьдармаар байна
Морь унаж салхи татуулан давхиж
Монголын их хээр талд амрагтайгаа болзож
Мойл хархан нүдийг нь үнсэж
Модод навчсаа бүүвэйлэхийг сонсч
Ус мөрөн алгасч хол явмаар санагдаж
Удаан тэнд суувал чамайг санана даа гэж гуньж
Учирлаж аргадаж
Урваж тэрсэлж
Уйдахын завгүй энэ орчлонд
Удаан амьдармаар байна.
Аглагхан талдАйл нүүж ирэхэд тосч
Адуу усалж
Ар цармын бялзуухайг исгэрч
Аавыгаа аргадаж
Ээжийгээ энэрч
Амрагаа сугадаж
Хүүгээ өхөөрдөж
Алив сайхан бүхнийг
Зүүдлэн сэрж
Амьдрал сайхан гэж
Ахин дахин дуулж
Амар амгалангийн энэ орчлонд би
Удаан амьдармаар байна
2003-02-14
Х.Сүглэгмаа
АЛИШЕР НОВАЙТАЙ АМРАГЛАЖ ХОНОЛОО
Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо
Дарсны сайхан нь аль билээ, алив ууя гэнэ
Далавчны цуцашгүй нь аль билээ, алив нисье гэнэ
Давшгүй бэрх нь аль билээ, алив туулья гэнэ
Даанчиг уянгалаг нь аль билээ, алив дуулья гэнэ
Зовлонгийн цагаан орчлонг ар ардаа нууж
Зоргоороо шүлэг шиг шөнийг хувааж хүлхлээ, бидэн хоёр
Зоосны хоёр тал шиг там диваажинд сэлгүүцэж
Зол баярын замбуулинг хөтлөлцөж туучлаа, бидэн хоёр
Жавартай тэнгэрийн салхийг анзаарсангүй, дулаахан л байж дээ
Жаргаж мандах сарны сэвхийг анзаарсангүй,дурлачихсан л байж дээ
Залбирч нисдэг шувууны далавчийг анзаарсангүй, жаргалтай л байж дээ
Зам замын үзүүр дэх учралаа аргадсангүй, омголон л байж дээ
Үүлтэй тэнгэрийн хаяа ийм холсон билүү
Үргэлжид биенээ мөрөөдөх үйлийг нь яалтай, Новай
Үлэмжийн нартай ертөнц ийм сэрүүхэн билүү
Үсэнд минь хүртэл шингэсэн үнэрийг чинь яалтай, Новай
Агаарт цас хялмаалах мөнгөлөгхөн шөнөөр
Арван хоёр сарын сэрүүн тэнгэрийг нөмөрч
Алишер Новайтай амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо
2003-01-29

No comments:

Post a Comment