Pages

11/27/2009

ЦАГ ХУГАЦААНЫ ДЭРГЭД

Х.Сүглэгмаа
ЦАГ ХУГАЦААНЫ ДЭРГЭД

Аугаа ихийн дундуур хөл нүцгэн туучиж
Аав л ижийнхээ дэргэд алс хөхөмдөгийн тухай бодож сурав би
Амьдрал мөрөн дэргэдүүр минь зовлонгийн чимээтэй урсахад
Аанай л жаргалтайн дэлгэрийг аялж амжив би

Цангасан адуу тургилан нууран зүг дэргэх шиг
Цаг хугацааны дэргэд бүсээ тайлаад амсхийдэг
Цайран цайран бороошоод үүлэн хөшиг нөмрөхөд
Цаадах уулсын хормой дахь өвсний гижигийг мэдэрдэг ээ

Намайг алгандаа бөмбөрүүлсэн ижий орчлонгийн дэргэд
Наран саран хоёрыг атгаж эрхэлдэг би
Намар хаврын тухай үлгэр зөндөөн сонссон ч
Надад ааваас минь хойш зун л болоогүй санагддаг

Аавын минь өвөр шиг энэ дулаахан нутагт
Аугаа ихийн тухай мөрөөдөж сурсан болохоор
Амьдрал гунигтай санагдах энэ цаг хугацааны дэргэд
Аялан дуулж нэг л эвлэхгүй юм шиг санагддаг аа.


2009 он

No comments:

Post a Comment