Pages

2/15/2012

МӨНГӨН ЦОМ-2011

Х.Сүглэгмаа


АУГАА ИХ ШАНАГАН ХОРХОЙНУУД МИНЬ

Аугаа их шанаган хорхойнууд минь
Алдрын оргилд та нарыгаа нэг дуулъя
Асарлагч тэнгэр наран сарны дор
Амин хайртай гол усанд минь ирж
цэнгэсний чинь төлөө
Аугаа их шанаган хорхойнууд минь
Алдрын оргилд та нарыгаа нэг дуулъя

Үзэсгэлэн төгс сарнайг тарьж ургуулдаг
Үнэр ялдам яргуй өөрөө ургадаг
Үүл үүлэн гэвчиг усан болохын шалтаг
Үймэлзэгч энэ орчлонд юуны л учир ирлээ дээ

Чамайг өт хорхой болгосон хувь тавилан
Намайг өвс ногоо болгож өлмийд чинь зулдаг
Намайг өвс ногоо болгосон хувь тавилан
Чамайг өтөг бууц болгож өсгийд минь ивдэг

Чи бидний дээрээс тэнгэр хүртэл нэг янзаар бөхийж
Чимээгүй урсах ус мөрөн минь ав адилхан ундаалдаг
Чиний баяр гуниг миний зүрхэн дундуур урсаж
Чи бидэн зөвхөн сүүдрийн төдийгөөр л ялгагддаг

Миний уйтгарлан суухад чи цэнгэн баясч
Миний уянгалуулан дуулахад чи саваагүйтэн дагадаг
Миний бурханд залбирахад чи гайхаж, аргаа барж
Мянга мянган жил ижийгээ хайрлана гэхэд минь үл итгэдэг

Гомдол цөхрөл баяр гуниг гэж юу байдгийг
Говийн бор толгодод зэрэглээ яаж эрхэлдгийг
Ижий аав хоёрыгоо харуулдан алсын бараа ширтэх
Элэг зүрхнээсээ шаналан эх орноо яаж санадгийг чи мэдэхгүй

Халхын Өндөр гэгээн юуны төлөө шаналж
Хаан ширээ тохойлдон ихсийн дээр залбирсныг
Хатан Мандухай юуны төлөө тэмцэж
Харь түмэн иргэнд мэс хурцалж тэрсэлснийг

Өүлэн ижий, Бөртэ хатан юуны төлөө
Өстний дэргэд үлгэр жаргааж ирснийг
Өөлдийн Галдан бошгот яагаад Ану хатнаа
Өвгөдийн нутагт чулуу дэрлүүлж үлдээснийг

Далайсан сэлмээ буулгалгүй
Дэлхийн талыг эзэлсэн Монголд
Данзанравжаа, Дилав хутагт нь яагаад
Жанч халж болоогүйг

Дасал болсон газар шороо,
Тусгаар тогтнолоо дуулчихаад
Дарьгангын их найрагч Дашбалбар
Даруухнаар яагаад амьд явж болоогүйг

Ялж мандаж үзээгүй
Яг тэрэн шигээ ялагдаж бас үзээгүй
Ядуухан аминчхан чамд
Яаж би учирлах билээ

Онон мөрөн хаашаа урсах нь
Огтхон ч та нарт хамаагүй
Охидоо гоёх гэж нэрийг нь өгдөг монголчууд
Олзлогдож ирсэн харийн хүн
Овъёос тарьж илжиг хөтөлсөн дотор хүн
Одоо энд хэн нь эзэн юм бэ
Огтхон ч та нарт хамаагүй

Айраг исгэх хөрөнгөгүй
Ам тосдох ирэггүй
Айлчиндаа зүслэх унагагүй
Авдрандаа ганц сударгүй

Адуу манаж, унага татаж үзээгүй
Агтны туурайд чулуу бутрахыг хараагүй
Ардын дуу аялж хээр хонож бүр ч бараагүй
Аугаа их шанаган хорхойнууд минь та нарт буруугүй

Шил шаазанхан барьж үзсэнээс
Шир яаж нухдагийг мэдэхгүй
Ший янгуу хэсэхээс өөр
Шимийн архинд халамцаж үзээгүй

Шамбалын дайнд “оройлон” явж
“Шавар хотондоо шавалдан сууж”
Шартаж үзсэнээс шархтаж үзээгүй
Шанаган хорхойнууд минь та нарт буруугүй ээ

Хуврагийн орны тухай
Үлгэрт л гарах болж
Хуучин сүмийн туурь шиг
Энэ сэтгэл эзгүйрч байна

Хувь заяаны төөргийг
Бурханд даатгахаа болиод
Худалдаж энэ хавиараа
Зохицуулдаг болж байна.

Эр самуурч
Охид нөмгөн гүйж
Төр самуурч
Хатад инжгүй буцаж ирж байна
Тэр чамд хамаагүй

Эргүй төрхөм
Эзэнгүй төр
Эмээлгүй морь
Эх оронгүй Монгол үлдэж байна
Энэ та нарт бүр ч хамаагүй


Жаргахдаа хүртэл зовлонгийн үрийг соёолуулдаг
Жараахайн төрөл чамд олдсон нь яамай даа
Захтай дээл, бүс, малгай булаалдаж
Замбуулинд дараа нь харин эр хүн болоорой

1 comment:

  1. Аяа, бурхан минь
    Хүнд туслах ганцхан агшинг ч болов хайрла
    Алтан өдрүүд хайрлавал
    Амьтны тусыг бүтээнэ би

    ReplyDelete