Pages

12/22/2009

KH.SUGLEGMAA

WINDOW

My room with a single window.
A single window to myself.
Through it, I watch the morning sun and the moon at night,
And notice no-one else.

I come towards you, I stop without a word.
I look at you, I think of you fodly.
I call with all my strength and I weep.
I support you, I encourage others too.
I come towards you, showing off my joy.
Laughing, talking loudly, no need to be embarrassed,
I come towards you spreading out my melancholy.
No need to patch up misplaced words.
No asking forgiveness.
No rebuke that the target is broad.
No challenging, no soothing.
No tearful rejections.

When we pray to heaven at our wits’ end,
We do not join our palms together.
When I am annoyed with you in secret,
I do not cut my hair to win you over.
When you have heard my joy and sadness,
You do not give an answer.
You watch
My strange excitement,
And do not ask me where I’m going.

My room with a single window.
A single window to myself.
Day after day of joy and misery,
Sucking out their ewual shares.

Why have I always struggled towards you?
Why have I always been petulant with you?
Why have I always missed you?
Why have I always encouraged you?
You see now a poet can be loved,
How a poet can be distressed,
How a poet can be desired,
How a poet can be left.

I cannot watch without talking.
You are smiling sweetly.
I can barely think.
How can you find such peace?

My room with a single window.
A single window to myself.
Through it, I watch the morning sun and the moon at night,
And notice no-one else.
Translated by Simon Bekham Smith

12/14/2009

ЧУЛУУН ГЭР

Х,Сүглэгмаа
ЧУЛУУН ГЭР
Энгэр газрыг тэгшлэн засч
Эрдэнийн чулуугаар голомтоо тулна
Эрххэн хэдэн дүүгээ дагуулаад
Эвий эвий тоглож өнжинө

Хатан нарны бүслүүр дагуулж
Хаан гэрийнхээ ханыг дугуйлна
Үелээ үелээ толгодоо зүсэлж
Үүдэн хоймроо тэгшхэн голлуулна

Үйл үйлийн шаглааг бодож
Үе завсаргүй цувуулж өрнө
Үүрд амгалангийн бэлгийг бодож
Үүд хаалгаа нээлттэй барина

Зузаан нимгэн хоёр чулуугаар
Зуух тогоогоо эхэлж тулна
Хормойлсон чулуунаасаа тэгшийг нь харж
Хоймрын авдраа дараа нь тавина

Ижил ижилхэн хоёр чулуугаар
Ижий аавынхаа орыг зална
Идээ цагаа арвиныг ерөөж
Илүүхэн өндрөөр нь эрэгнэгээ тулна

Будаа чихэр өнгөөр алаглуулж
Бурхан тахилаа ёсоор өрнө
Бузгай айлын нүнжиг зааж
Буусан гийчинд идээ тавина

Уул уулынхаа чулуунаас түүсэн юм

Улаан голдууг нь үхэр сүрэг гэнэ
Цаад наад голоосоо авсан юм
Цагаан голдууг нь хонин сүрэг гэнэ

Оргил оргилынхоо өндрөөс нь түүсэн юм
Овоо товирууг нь адуун сүрэг гэнэ
Ойр хол говиосоо цуглуулсан юм
Олон тоотойг нь тэмээн сүрэг гэнэ

Зүг зүгийн толгодоос ирсэн юм
Зүс алагийг нь ямаан сүрэг гэнэ
Зүг бүртээ малаа бэлчээнэ

Зүс ижилсүүлж сүргээ багшруулна

Хотгор гүдгэрээ дагуулж

Хороо бууц бүгдийг нь засна
Хормой хормой чулуунаас бүтсэн
Хот айл ингэж босно

Хаан тэнгэрт мөрлүүлж боссон
Тоонотой билээ энэ айл
Хатан дэлхийд шийрлүүлж тулсан
Тотготой билээ энэ айл

Дөрвөн зүг найман зовхист

Ханаа дугуйлсан их Монголын
Дөрөөн чимээтэй уяан дээр нь
Дэлхий ирж амс хийдэг

2009-07-25

ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ

Х,Сүглэгмаа
ГУЙЛГАЧИН ХҮҮГИЙН ДЭРГЭД УНШИХ ШҮЛЭГ
Арван төгрөг өгөөч гэх юм
Алган дээр чинь гаргаад тавих
Аравт тавт
Алгаа дүү минь
Аялгуут сайхан дууны чинь хариуд
Амьдрал сайхаан гэх итгэлээ өгье

Улаан нүүртэй болгоныг царайчилж
Ундны мөнгө өгөөч гэх юм
Уралдаад чам руу сарвайх
Урд хойд нь алгаа дүү минь
Уянгатай сайхан дууны чинь хариуд
Уулын орой харах ухаанаа чамд өгье

Гутамшиг, эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан
Гутрах юу байх вэ миний дүү
Гудамж талбай энэ олны дунд
Гуйх нүүртэй нь харин чи л үлдэж
Бусдын сайн сайхан бүхнийг
Булаагаад хэдийнэ сурчихсан наадуул чинь
Булингарт энэ олны урсгалд
Буян гуйдаг нь чи л үлдэж

Ойворгон дэвэргэн тонуулчдын дунд
Овоо доо миний дүү, гуйхын сэтгэлтэй үлдэж
Орчлонд чамаас баян хүнийг
Одоо харин би олохгүй нь байна шүү

Болжморын даль шиг хөөрхөн алган дээр чинь
Борог зүрэгхэн эх орон минь багтдаг юм
Боодолтой чихэр бор таван төгрөг аль нь ч хэрэггүй ээ
Болно доо гэх сэтгэлээ үлдээе, буян хураг ээ

2009-12-03

12/10/2009

“Улаанбаатар таймс” 2009.07.29 151(9971)

ЯРУУ НАЙРАГЧИД МООД ДАГАНА ГЭЖ БАЙДАГҮЙ

Яруу найрагч цөөхөн эмэгтэйн нэг болох Х.Сүглэгмааг энэ удаагийнхаа “Завсарлага” буланд урилаа. Яруу найрагч Очирбатын Дашбалбарын шавь тэрбээр багшийнхаа талаар судалгааны ном гаргасан гэсэн. Ингээд Улаанбаатарын их сургуулийн Магистр докторын сургалтын албаны дарга доктор дэд профессор Х.Сүглэгмаагийн яриаг уншигч танд сонирхуулья.

-Өөрийг чинь өглөө бүр гүйдэг гэж сонссон. Хэдэн жил гүйж байна даа?
-Сүүлийн хоёр жилийн турш гүйж байна даа. Манай сургуулийн багш нар бүгд гүйдэг болохоор тэдний нөлөөнд автаж хоёр жилийн өмнөөс гүйж эхэлсэн. Гэхдээ манай багш нар их хол зайнд гүйдэг юм билээ. Зарим нь бүр долоо хоногт нэг удаа холын кросст гүйдэг гэсэн. Би бол тийм биш өглөө бүр дөчин минут л гүйдэг. Тэр хугацаанд нь гурван км 800 метр л таардаг юм. Манайхан чи гурван км л гүйсэн үү гээд намайг бас шоолно шүү дээ. Гэхдээ яах вэ энэ нь надад болоод л байдаг юм. Гүйхгүй болохоор толгой хүндрээд л. Хүн юманд амархан дасдаг юм билээ. Сая чамтай уулзахын өмнө би эмнэлгээр явж шинжилгээ өглөө. Тэгсэн чинь эмч найзууд маань чам шиг эрүүл хүн алга гэсэн. Тэгэхээр эрүүл мэндэд зохиххэмжээгээр нөлөөлсөн байгаа биз дээ. Би анагаахын сургууль төгсөөн хүн шүү дээ. Тийм учраас эмч найзууд ихтэй. Тэд л намайг албадангаар шинжилгээ өгүүлж байгаа нь энэ.
-Хүнд хамгийн их үр бүтээлтэй цаг гэж байдаг гэдэг. Өөрийн чинь хувьд? Өөрөөр хэлбэл хэдэн цагт их ажил амжуулдаг вэ?
-Бүсгүйчүүд өглөөгүүр гоо сайханд суудаг гэж ярьдаг юм билээ. Харин би өглөө гоо сайханд суугаад байдаггүй. Миний хувьд хамгийн үнэтэй цаг бол өглөө. 11 цаг хүртэл л хамгийн их үр дүнтэй цаг хугацаа байдаг. Эрүүл мэндэд минь хэрэгтэй юм даа гээд л 40 минутынг гүйхэд зарцуулдаг болохоос ер нь өглөөний цаг хугацаанд их харам. Өглөө босч юмаа уншина, бичиг цаасныхаа ажлыг гүйцээнэ гээд л өглөөний ажил мундахгүй.
-Яруу найрагч бүсгүйчүүд үндэсний хувцасаар их гоёдог. Сүглэгмаа ч бас тэдний нэг. Энэ нь уран бүтээлтэй нь холбоотой юм болов уу? Эсвэл өөр учир шалтгаан байна уу?
-Яруу найрагчид бид байнга л олны нүдний өмнө байдаг болохоор хувцаслалтдаа анхаарахгүй байх аргагүй байдаг л даа. Нэгэнт би монгол хүн болж төрсөн юм болохоор үндэснийхээ хувцсаар гангарах дуртай. Тэгээд ч яруу найрагчдыг бусдын нөлөөнд автдаггүй гэж ярьдаг. Ийм учир шалтгаантай холбоотой байж болох юм. Ер нь яруу найрагчид моод дагана гэж байдаггүй юм даа. Сүүлийн жилүүдэд нас явж байгаа юмуу хаашаа юм монгол хувцсаа хослуулж иж бүрнээр нь өмсөх сонирхолтой болж. Хүмүүсийг хантааз өмсдөггүй байхад 2002 онд Ц.Хулан хантаазтай дээл өмсч нийтэд дэлгэрүүлсэн юм шүү дээ. Харин түүний дараа бид өмссөн. Гэхдээ энэ дээлний загварыг Ц.Хулан надад гаргаж өгсөн юм. Тэр загварынх нь дагуу би хантаазтай дээл урлуулж өмсч байсан. Түүнээс хойш одоо Ардын жүжигчин болсон Ш.Чимидцэеэ гуай бид хоёрынхоос арай илүү өргөн эмжээртэй дарьганга маягийн дээл хийлгэж өмсч байсан юм. Бас тэр жилийн цагаан сараар УИХ-ын гишүүн Н.Болормаа, Д.Арвин нараас эхлээд л Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нарын гэргий хүртэл хантаазтай дээлээр гангарсан даа.
-Хулан загварыг нь гаргаж өгсөн гэв үү?
-Тиймээ. Хулан монгол хувцасны загварыг их сайхан зурдаг. Өөрөө зоригтой учраас ийм байвал зүгээр тийм байвал зүгээр гээд л зоригтой шийдлүүд их гаргадаг.
-Харин Сүглэгмаа ямар вэ?
-Манайх гурван эмэгтэй хүүхэдтэй айл л даа. Эгч дүү бид гурав гурван насны зөрөөтэй. Тиймээс ээж маань олон охидтой айлыг хүн их харж явдаг юм. Та нар юм оёж сур гэдэг байлаа. Тэгээд л ээжийнхээ зөвлөгөөний дагуу 12-13-тай байхдаа дээл оёж сурсан. Тэрсхэн гурван охин болохоор бие биенээсээ илүү оёх гээд л тэрүүхэндээ хор шар нь хөдөлнө. Бас манай гэр дүүрэн хатгамалтай. Хатгах юмаа өөрсдөө ч зурна хүмүүсээр ч зуруулна. Ингэсээр байгаад л юм хатгаж, оёж, зурж сурсан даа. Бас европ хувцасны загварыг гаргачихна шүү. Сургуулийнхаа багш нарын хувцасны загварыг зурчихдаг. Сүүлдээ юм нэхэж хүртэл сурсан. Нөхөртөө нэхэж өгсөн цамц маань одоо хэр нь байдаг юм. Гараар нэхсэн цамц их бөх. Тэгээд ч 1980-аад оны сүүлээр нэхмэлийн утас олдохоо больчихсон болохоор хивсний утсаар нэхсэн юм. Ер нь тэгээд манай гэрт оёсон хатгасан нэхсэн зүйл их дээ. Ямар сайндаа А.Эрдэнэ-Очир манайд ирчихээд Сүглэгээ миний хөгшин муу шүлэг бичиж байхаар наад юмаа оёж байсан нь дээр юм байна гэж намайг цаашлуулж байхав. Ганц юм уух гээд ирэхэд нь би юм оёж байгаа нь энэ гээд оёдлын машин тагчинуулаад байхаар тэр л дээ. Нэг талаар орчин нь солигдоод юм оёх нь надад амралт болдог шиг байгаа юм. Одоо ч гэсэн хөшиг орны бүтээлэг өөр юу байдаг юм хослуулаад л оёх юм байвал оёж өгнө шүү дээ.
-Говийн хүүхэд аргал түүж л өссөн байлгүй? хөдөө очоод аргал түүгээгүй хэр удаж байна?
-Саяхан аргал түүсэн шүү. Гэхдээ Хэнтийн Идэрмэгт. Яруу найрагч зураач Ж.Саруулбуян ах хэдэн найрагчийг нутаг руугаа авч явсан юм. Бид Хэрлэн голын хөвөөнд хэд хоносон юм. Тэгээд хоол цайгаа хийх аргал түүх гээд өглөө эрт бослоо доо. Гайгүй сайхан хөх аргалууд тэр хавиар зөндөө. Очоод л авах гэхээр дан чийгтэй. Манай говьд бол аргал нойтон байна гэсэн юм байхгүй шүү дээ. Гэтэл голын хөвөөнд байгаа аргалууд харахад хуурай юм шиг хэрнээ голдоо нойтон байдаг юм билээ. Харин өдөр тийшээ хатчихдаг юм байна. Тэгээд л өдөр хатахаар нь аргалаа түүсэн дээ.
-Сүүлийн үед хүүхнүүд маань мөнгөн эдлэлээр их гоёх болж. Харин өөрийн чинь хүзүүний зүүлт бугуйвч зэргийг гар хийцний гэхдээ их чамин хийцтэй эдлэл юм гэж бодлоо. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн мөнгөн чимэглэлээр гоёх сонирхолтой юмаа даа?
-Нас нь болоогүй юм байлгүй. Одоохондоо алт монет зүүхийг нэг их боддоггүй. Харин өөрийн чинь хэлсэнчлэн дархан хүний ур ухаан шингэсэн мөнгөн эдлэл зүүх дуртай. Монгол аргаар мөнгөн эдлэл хийдэг хүн ч цөөрч. Урт цагаанд Чимиддорж гэж нэг өвгөн байдаг байлаа. Түүгээр их хийлгэдэг байсан. Харин сүүлийн үед харагдахаа байжээ. Чимиддорж гуайгаар мөнгөн зүүлт хийлгэхдээ дотор нь сахиусаа хүртэл суулгуулж байлаа. Манай нэг шавь Энэтхэг явж ирээд Далай ламын өгсөн сахиус гээд өгч байсан юм. Түүнд нь зориулж зүүлт хийлгэж байгаа нь тэр.
-Тэгэхээр их шүтлэгтэй байх нь ээ?
-Шүтлэгтэй. Манайх Говь мэргэн вангийн хошуу Данданравжаагийн нутгийн айл. Дэмчигийн хийд бол бид нарын тоглож өссөн газар. Тийм учраас хэдэн үеэрээ дамжсан шүтлэгтэй. Өлгий хийдийн нэг эхээс гарсан гурван бандида чинь манай ээжийн талын хүмүүс байхгүй юу. Тийм учраас шүтлэггүй байх аргагүй.
-Урин дулаан цагт хүн бүр л амардаг. Өөрийн чинь хувьд энэ жил хаагуур яаж амарья гэж бодож байна?
-Бид зун болохоор ичээндээ орно гэж ярьдаг юм. Ичээндээ орно гэхээр хэнд ч олдохоо болино гэсэн үг л дээ. Бараг л энэ маань гайгүй л байдаг даа гэмээр л таг болно шүү дээ. Ичээндээ орох болж л байна. Гэхдээ ичээндээ орохоосоо өмнө нэг ажил амжуулах хэрэгтэй байгаа юм. Тэр нь юу гэхээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд очих. Энэ сумынхан жил бүр яруу найрагчдыг урьдаг юм. Тэр урилгад нь Д.Төрбат ах бид хоёр орчихоод байгаа. Хамгийн сонирхорлтой нь яруу найрагчдыг урихаар бороо ордог гэж нутгийнхан нь итгэчихсэн байдаг юм билээ. Найман сарын хоёронд тийшээ явах гээд л бэлтгэж байна.
-Яруу найрагчдыг очихоор бороо ордог хэрэг үү?
-П.Бадарч ах өөр хэн хэн гэлээ дээ хэдэн найрагчид тав зургаан жилийн өмнө тэнд очиж шүлэг уншаад бороо оруулсан гэх юм билээ. Түүнээс хойш яруу найрагчдыг ирэх болгонд тэнд бороо ордог гэсэн. Тэгээд л найрагчдыг ирэхээр бороо орж ган тайлагддаг гэж нутгийнхан итгэдэг шиг байгаа юм. Сонирхолтой нь тэд өөрсдөө бороо орсныг нь мэдээгүй гэсэн. Халамцуу л явсан хэрэг л дээ. Харин энэ удаад бороо оруулах юм уу яах юм бүү мэд. Д.Төрбат ах л “Могойн чуулган” бичсэнээрээ бороо оруулдаг байх даа. Би ч яана даа л гэж бодож байгаа. Хатанбулаг бол Галбын говийн төгсгөл хэсэг шүү дээ. Галбын говь хүчтэй энергийн цөм төв. Тийм учраас газар устай нь холбоотой байж магадгүй.
-Мэдээж уран бүтээл ихтэй л байгаа байлгүй?
-Энэ жил яруу найргийн хоёр ном гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь англи хэл болон монгол бичгээр нөгөөх нь монгол хэлээр гарах учиртай. Мөн энэ жилийн хийсэн хамгийн том ажил гэвэл Очирбатын Дашбалбарын амьдрал уран бүтээлийг харуулсан ном гаргасан. Дашбалбар гэж хүний улс төрд оруулсан үүрэг, бурханы шашин сэргэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн гээд л тал талын мэдээлэл оруулсан их сонин ном байгаа даа.
Х.Алтанцэцэг
Sed_emji@yahoo.com

12/09/2009

Эмэгтэй яруу найрагчдын СD гарлаа

Монголын эмэгтэй яруу найрагчдын СD англид хэвлэгдлээ. Эмэгтэй яруу найрагчид өөрийн дуу хоолойгоор шүлгээ уншин, мөн англи орчуулгыг нь тэндэхийн яруу найрагч бүсгүй Руть О Коллаген уншин СD гаргасан нь сонирхолтой сайхан бүтээл болжээ. Уг яруу найрагийн цомогт Ш.Дулмаагийн “Чингисийн тамга”, “Газар шороондоо би хайртай”, Х.Сүглэгмаагийн “Нүүдэл”, “Мөн чанар”, Г.Мөнхцэцэгийн “Ижийдээ”, “Битгий урваарай миний хүү”, Ц.Оюундарийн “Тавилан”, “Мөрөөдөл” шүлгүүд орсон бол английн яруу найргч Рут О Коллагений өөрийнх нь “Тэмдэглэл”, “Үдшийн дуу” гэж шүлгийг мөн монгол, англи хэлээр оруулсан байна.

12/03/2009

Ая зохиогч нарт

Х.Сүглэгмаа
СЭТГЭЛ
Ая зохиогч нарт
Зүүдний алтан бишгүүр хөглөж өгье
Зүрхэнд ойрхон аялгууг тоглож яваарай
Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай


Зүс нийлсэн амраг шувуу зурж өгье
Зүүр түүрхэн бодолдоо нисгэж яваарай

Элсний алтан хээг шаглаж өгье
Элгэнд ойрхон нутгаа санаж яваарай
Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Эрихэлж хэлхсэн дурсамжаа зүүж өгье
Эвий цагаан сэтгэлдээ ивэлгэж яваарай

Нарны шаргалхан туяаг хэлхэж өгье
Надад ойрхон ууланд жаргаж байгаарай
Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

Намар хагдардаггүй навчаа зүйж өгье
Нандин хайрын сэтгэлдээ нууж яваарай

2008-12-02

Х.Сүглэгмаа доктор PhD, дэд профессор

Х.Сүглэгмаа доктор PhD, дэд профессор

Улаанбаатарын Их Сургууль

ТӨРИЙН ЁСЫГ НОМЫН ЁСООР ӨГҮҮЛЭХ НЬ БУЮУ ЭРТНИЙ МОНГОЛ СУРГААЛЫН ЗОХИОЛ ДАХЬ ТӨР ЁСНЫ УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ

Эдүгээ дэлхий нийтийн даяарших үйл явц эрчимжиж байгаа энэ үед улс үндэстэн бүр өөрийн язгуур мөн чанарыг илэрхийлсэн оюуны болоод эд өлгийн үнэт зүйлсээ илүү их анхааран тордох болсон нь тэдгээрийн үндэстнээ, улс орноо авч үлдэх нэгэн тулгуур гарц гэж хэлж болох юм. Улс орон хүчирхэг байх, аугаа их байхын нэг нууц нь төр түвшин түмэн олон нь амгалан байх явдал. Бид олон зууны нүүдэл суудалд их зүйлээ гээсэн, мартсан, орхисон. Бас олон зүйлийг олсон, зөөсөн. Чухамдаа өглөө бүрий, үдэш бүрий санаж, ургуулан боловсруулж, учир холбогдлыг нь нээн, эрхэмлэж явбал зохих тийм эрдэнэсийн сан бол миний цэцэн билэгт ардын ухаан юм.
Төрийн албатыг гэрийн сургаалаар боловсруулах монгол арга ухааны өндөр дээд уламжлал нь дорно дахинд тэр дундаа “номт гурван улсын” түүхэнд хэзээнээсээ тодорхой билээ. Дундад зууны үеэс монгол утга зохиолд хөгжиж ирсэн сургаалын зохиолуудад төрийн ихэс дээдэс албат иргэн-харлиг ард, номын ихэс дээдэс буяны садан-дагасан шавь, гэрийн өвөг дээдэс ураг садан-үр хөвгүүдийг хөхиүлэн сургаж, ухааны ур, утгын гүнийг шүтсэн билэгт сургаал үгс нэгэнтээ дэлгэр бөгөөд өчүүхэн миний бие номын их мэргэдийн оюун билэгт дулдуйдан энэ их өв сангаас төрийн ёсыг номын ёсоор айлдсан, төрийн хэргийг номын ёсоор зассан, төрийн хэргэмтнийг номын ёсоор сургасан тэр бүлэг зүйлийг хичээнгүйлэн хөөж энэ дор өгүүлье.
Улс төр нийгэм эдийн засгийн хямралтай ороо бусгаа цагийг туулж яваа эдүгээ цагт, судрын үгэнд ишлэсэн “сургаалтай хүний суудал зөв” гэдэгчлэн эгэл иргэний сэтгэл дэх төрийн эрхэм дээд чанар, төрийг хүндлэх үзэл, төрийн хүний итгэлт чанарын тухайд өгүүлсэн эртний мэргэдийн үгийг шүүн үзэх нь нэн чухал юм.
Субашидын жанрын монгол сургаалын зохиол “Модны шастирт”

Дэгжүүлэх үндсэнд нь хор буй бөгөөс
Дэлгэрэх цэцэг нь үзэсгэлэнтэй боловч хэн хэрэглэх
хэмээн өгүүлсэн нь эдүгээ цагт хүмүүн бид өөрийн дотор сэтгэлийн гэм хороо дарж чадалгүй, бусдын гэмийг шүүн хэлэлцэх, эсвэл хувь хүний язгуур чанарыг яриагүй байж тэндээс бүрэлдэх төр нийгмийн сайн сайхны тухайд хүсэмжлэн ярих зэрэг нь угаас “сүүлгүй тогос луугийн дуу сонсовч шүхэрлэхийн аргагүй” [Д.Равжаа.200] гэдэгтэй үлгэр нэгэн болох ажээ. Төрийг номын ёсоор барихын цаад гүн бишрэлт утганд “дэгжүүлэх үндэс” нь хувь хүн эгэл иргэний утгыг агуулж байгаа бөгөөд өвгөдийн үгэнд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж байдаг нь үр хөвгүүнийг сургаалтай өсгөж байж сая төрд гаргадаг монгол үзэл сэтгэлгээний тод илрэл гэж болно. Түүнчлэн Энэтхэгийн “Билгийн гол модон” нэрт сударт

Хаан [хүн] өөрийн улсдаа өргөгдмүй
Төгс эрдэмт хотолд өргөгдмүй

Монголын “Цэцгийн үзэсгэлэнт эрих”-д

Хаад ноёд өөрийн орондоо хүндлэгдьюү
Хамаг ухааныг сурагч орон бүхэнд хүндлэгдьюү (Ишбалжир)
хэмээн тус тус өгүүлсэн нь хэдийбээр танд төрийн эрх мэдэл, ихэс дээдсийн хэргэм зиндаа байвч энэ бол өөрийн оронд гайхагдах, түүнийг эрдэм ухаанаар асран тордвоос харин өргөн олонд өнө хойчид хүндлэгдэх, хаан хүний нэрээр бус хаан хүний эрдэм чадлаар олонд гайхагдах гэсэн санааг агуулсан хэрэг бөгөөд монгол сургаалын зохиолд энэ санааг дэлгэрүүлэн өгүүлсэн жишээ баримт арвин байна.
XIII зууны сургаалын зохиол “Оюунтүлхүүрт” л гэхэд хаан, хатан, харц ард тойн хувраг, хөвгүүн охиныг сурган тус бүрий өгүүлсний дотор

Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
Ам авсан тангаргаа амь мэт сахь....
Дээдсийг хүндэл
Доодсыг асар...
Арслан мэт ноёдыг
Барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг
Ирвэс мэт түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг
Чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг
Үнэг мэт түшмэд дагах..

гэсэн нь нэгэнтээ албат харлиг асралт ихэс дээдсийн ах зах захирах захирагдах гэдгийг эгэл иргэний санаагаар өгүүлсэн хэрэг бөгөөд улмаар энэ санаа нь хожмын XIX зууны яруу найрагч Шагдарын “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд:

...Хаан хүн хаст төрөө номчлон тэтгэ
Харьяат түшмэл хааны тааллыг дагаж яв
...Өндөр дээдэс өчүүхэн дордос хэн хэн нь боловч
Өөр өөрийн дагах ёс төрийг хичээтүгэй [Сайн үгийн сан I.469]

хэмээн нэгэн санаагаар уламжлагдан ирсэн байна. Мөн энэ санааг XIX зууны их соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаа “Хавар цагийн зугаа” хэмээх сургаал үгс гэдэг зохиолдоо

Олон төрийн улсад их бага байтугай
Оготно хорхойд ч бол айгч айлгагч хоёр бий [Равжаа.1992.213]
хэмээн өгүүлсэн нь бий. Бид эдүгээ төрийн хүний ёс зүй цэвэр ариун байх тухай нилээд ярих болжээ. Тэгвэл эртний судрын үгэнд

Хаад ихэст үлэмж ихэд хайрлагдан
Харин түүнээ муу ачаар хариулагчин
Хадны ирмэг дэх модны үзүүр(н)ээ суун
Халгаар түүний ёроолыг огтлогч ард мэт [Сайн үгийн сан.I.60]
(“Авах гээхийн сургаал шүлэг”)
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил больюу (“Оюунтүлхүүр”)
хэмээн ихсийн ивээл эгэл дордсын хүндлэлийг хүлээж чадаагүй итгэл алдах нь суусан модныхоо ёзоорыг өөрөө огтолж байгаатай адил золгүй хэрэг хэмээн үлгэрлэн үзүүлсэн бөгөөд улмаар энэ санаа цаашид XVIII-XIX зууны үеийн гүн ухаантан Агваандамбын зохиолд

Барын арьс нөмөрсөн илжиг хийгээд
Баялаг хоргой хувцсыг өмссөн бидэн хоёр
Барааны газраас харахад байдал төсөө нь хол ч
Байсхийн дөхөөд харахад хөрөг дүр нь адил буй (Агваандамба)
гэж үзэгдэх өнгөндөө нэг янз, үнэн цаад явдал ёсон нь мөн өөр нэг янз байгааг барын арьс нөмөрсөн илжиг хэмээн элэглэж улмаар утгын болоод уран яруу дүрслэлийн гүн гүнзгий агуулгаар баяжин уламжлагдсан байна. Мөн энэ санаагаар цахар гэвш Лувсанчүлтэмийн “Тус хорыг шинжлэх дуун” шүлэгт

Хамгаас шимтэй идээн ундааныг амсаад
Халуун хүйтэнд таарсан нимгэн зөөлөн хувцсыг өмсөөд
Залан, гүен нүгүүд бээр жаргалтай сууж байвч
Зайлалт үгүй үйлийн үр боловсрох цагт юун тус
хэмээн өгүүлсэн нь дээрх зохиолуудад гарсан эгэл иргэний санааг бурхны шашны сургаал номлолын чанартай болгож, хэдийгээр өнөөдөр үзэгдэх өнгө нь элбэрэл тахимдуу мэт, үйл мөр нь жаргалтай дэлгэр мэт харагдавч зөв сайхан сэтгэл, сайн санаагаар хийгээгүй үйлдэл бүхэн чинь эцэстээ үйлийн үрийн цаглашгүй үнэнд гүйцэгдэж гэсгээл цээрлэлээ хүртэх болно шүү гэсэн утгыг гаргажээ. Энэ чиглэлийн сургаал номлолын дотор хамгийн их дурдагддаг нэг санаа бол өвөр зуур, өөр хоорондоо эв эеийг хичээх явдал юм. Дээр дурдсан “Оюунтүлхүүр” сургаалын зохиолд
Харийн газар арга чадлаа бэхэл
Халуун зуураа эв эеэ хичээ...
Өнөр хүн эв үгүй болбоос
Өнчин хүний элэг болно
Олон хүн эв эегүй болбоос
Оорцог хүний элэг болно.... ,
“Алтан товч”-ийн доторх Хэрээдийн “Аймалжин эмгэний үгд” “Айлдаа алаг бяруунаас номхон явагтун” гэж тус тус өгүүлсэн байдаг бол Данзанравжаагийн “Ичиг ичиг” шүлэгт

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг...
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг гэж нэгэн хоёр хүний эв эеэс нийт олон түмний эетэй найртай сэтгэл хамаарч, түшмэдийн цуугианаас төрийн цуугиан үүсдэг хэмээх санааг өрнүүлсэн нь өнөөгийн нийгэмд бидний нүдэн дээр болж байдаг ахас ихэс албат харлиг гэж биенээ хүндлэх сэтгэлгүй, улмаар энэ нь нэгэн хүнийг хүндлэх хүндлэхгүйн тухай яриа биш, төрийг хүндлэх төр түмэндээ итгэх сүслэх тэр сэтгэлийн агаарыг булингартуулсан хэрэг болж, “эд эвдрэхийг хайрлахаас” “эв эвдрэхийг хайрладаггүй”, “учралдаад хууралцах”, “салалцаад гаслалцах” (Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр) гэгч номын үгийг эрхгүй санагдуулна.
Мөн эдгээр сургаалын зохиолд нийтлэг харагддаг нэгэн зүйл бол төрийн түшээд, хаад ноёдыг төдийгүй тэдний хатан хөвгүүнийг сургасан зүйл ямагт хамт өгүүлэгддэг. Жишээлбэл “Оюунтүлхүүр” сургаалын зохиолд
...Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэх мэтчилэн өгүүлээд
Хаан хүний 35 эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрхэм
Хатан хүний 15 эрдмийн дотор
Халамжит сэтгэл нэн эрхэм
Түшмэл хүний 9 эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрхэм...
Хөвгүүнээ боолоор бүү мэдүүл...
гэх зэргээр өгүүлсэн бол “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд эд бүгдийг нэгэн дор цогцлоон
...Асрал төгөлдөр хаан гэдэг бүхний эцэг
Ашид биеэ эзлэгч хатан гэдэг олны эх
Ариун номт түшмэл гэдэг хотлын итгэл
Асар түүнийг шүтвээс буян нүгэл нарийн [Сайн үгийн сан I.469]
хэмээн утга зангидан өгүүлж байгаагаас тод харагдана. Эдүгээ цагт бидэнд хамгийн их дутагддаг нэг зүйл бол өөрийгөө шүүмжлэх өөртөө шүүмжлэлтэй хандах явдал юм. Тэгвэл эртний мэргэдийн үгэнд өөрийн гэмийг шүүмжлэх, өөрийн гэмээр дамжуулан өрөөлийн гэмийг хамт өгүүлсэн зүйл элбэг тохиолдоно.
XVIII-XIX зууны шашныг шүүмжилсэн, шашныг шинэтгэх үзэл бүхий Зая бандид Лувсанпэрэнлэй, Агванхайдав, Агваандампил, Данзанравжаа, Шагдар нарын зохиолд ийнхүү өөртөө хандаж өөрийхөө гэм эрдмийг шүүн өгүүлсэн зохиол нилээд байгаа нь зарим талаар хуурай номлолын чанартай байсан бурхны шашны болоод иргэний өнгө аястай сургаалын зохиолд шинэлэг өвөрмөц өөр өнгө аясыг авчирсан гэж хэлж болно. Ийм утга агуулгаар бичигдсэн Зая бандид Лувсанпэрэнлэйн “Алтан хатгуур” тэргүүтэн өөртөө болон бусдад зөвлөсөн сургаалд
Аяа сонсогтун, Лувсанпэрэнлэй чи
Ангир шар номын хувцсыг өмссөн хирнээ
Алинаас нь ч үзсэн ном лугаа харшилж
Ашид өөрийгөө хуурч явахдаа гэмшихгүй юу
гэж байгаа бол Шагдарын “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч” зохиолд
Эрдэмтэн мэргэд насад бусдаас эрдмийг эрнэ
Эгэл тэнэгүүд үргэлжид бусдаас гэмийг эрнэ
Эрдэмтэн мэргэд бусдын эрдмийг салхин мэт алдаршуулна
Эгэл тэнэгүүд өөрийн гэмийг үлэмж нууна.... [Сайн үгийн сан I.465]
Данзанравжаагийн “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалд
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ [Равжаа.1992.186]
гэх зэргээр өгүүлсэн байна. Монголчуудын уламжлалт сургаалын зохиол дурдагдсан төрийн ихэс дээдэс албат иргэн харлиг ард, номын ихэс дээдэс буяны садан дагасан шавь, гэрийн өвөг дээдэс ураг садан үр хөвгүүдийг сургасан эрт цагийн судар ном сургаал үгийн цаад чинад утгыг нэгтгэн үзвэл угаас төрийн эрхэм чанарыг гэрийн зан үйлээс, хувь хүний сургамжит чанараас эхэлж үнэлдэг, өөрийн дотоод сэтгэлийг ариусгаж, өөрийн гэмийг шүүж улмаар түүгээр дамжуулан өрөөлийн сайн сайхны тулд сургадаг харилцан уялдаа холбоо бүхий арга билэгт чанарыг эрхэмлэж ирсэн нь нэгэнт тодорхой байна.
Эртний монгол сургаалын зохиолын аман болоод бичгийн уламжлалд энэ чиглэлийн номлол сургаал уламжлагдан ирсний дотроос бид гагцхүү бичгийн зохиолын арвин баялаг жишээн дээр тухайн асуудлыг авч үзлээ. Дундад зууны түүхэн зохиолуудаар уламжлагдан ирсэн, XIII зууны сургаалын зохиол болох “Оюун түлхүүр”-т л гэхэд хаан хүнийг сургасан, хатан хүнийг сургасан, түшмэдийг сургасан, хуврагийг сургасан, хөвгүүнийг сургасан, охиныг сургасан гээд хэдэн зүйл ухаанаар зэрэгцүүлэн өгүүлсэн бол, мөн энэ үеийн “Гурван зуун тайчуудыг дарсан домог” сургаалд улсын хаан, өрлөг сайдуудын хоорондын өгүүлэмж, “Аргусан хорчийн домог” өгүүлэлд хаан харьяат албат, хатад хөвгүүдийн билэг оюуны гайхамшгийг, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир”-т хаан хүн-харц ард, хаан хүн-харлиг албат, харлиг албат-харц ард гэсэн гинжин холбоонд цэцлэн сургасныг, мөнхүү “Чингисийн билиг сургаал” хэмээхэд хаан төрийн эрхэм дээд, хаан хүний асрал нигүүсэл сэлтийг тус тус дэлгэн өгүүлсэн нь бий. Улмаар дундад зууны үед монголд дэлгэрсэн “Авах гээхийн дөрвөн мөрт”, “Тоть шувууны сургаал” тэргүүтэн хос ёсны сургаалууд тэрчлэн Өндөр гэгээн Занабазарын “Адистэдийн дээдийг хайрлагч эх”, Зая бандида Лувсанпэрэнлэйн “Алтан хатгуур” тэргүүтэн өөртөө болон бусдад сургасан үгс, Сүмбэ ханбо Ишбалжирын “Хүний ёсны шастир цэцгийн эрих”, Цахар гэвш Лувсанчүлтэмийн “Тус хорыг шинжлэх дуун” хийгээд “Хотол өдүүлгийг зассан” сургаал, Цогт хун тайжийн дууллын шүлэг, мөн арайхан хожуу XIX зууны бичгийн их мэргэд В.Инжиннашийн шигтгэл сул шүлгүүд, Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр”, “Ичиг ичиг”, “Нэгийг хүснэ” Хамба номун хан Агванлувсанхайдавын “Урт үст Цэрэнпэл хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой”, “Өөрийнхөө бэлгэ чанарыг тодорхой үзүүлэгч дуун”, Агвандампилын “Агвандампилын үг” хэмээх өөртөө сургасан зохиол, Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанванжилын “Алтан сургаал”, Зава Дамдины “Зүрхний үг талхлан тээрэмдэгч хүрд”, хуульч Сандагийн “Өөрийн бие өтлөөд ноёноо магтаж хэлсэн нь”, “Түшмэд, хиа нар, ардыг хэлсэн нь”, Хишигбатын “Хос морин сайвар” зэрэг алдартай зохиолуудад монгол өвөг дээдсийн аман ярианд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн хаан хүн, харьяат ард, харлиг албат; хаан, хатан, түшмэд хүний эрдэм; хан хөвгүүнийг сургах, хатад охидыг сургах, түшмэд хүнийг сургах; түүнчлэн, төрийн эрхэм дээд чанар төрлийн хэлхээтний эрдэм оюунт чанар тэдгээрийн хоорондын шүтэн барилдлагын тухай өгүүлсэн жишээ сэлтэд тулгуурлан өнөө цагийн эгэл иргэд эрхэм төрийн түшээдийн сайн оюунд дуслын төдий нэмэр болоосой хэмээн энэхүү илтгэлд хураан өгүүллээ. “Сүмбэ хамбо” Ишбалжирын “Хөхөөн яруу дуун нэрт гүр дуулалд”
Тэнгэрийн усыг хөхөө эрнэ
Хонхрын шаврыг гахай эрнэ [Сайн үгийн сан I.300]
хэмээн өгүүлсэнчилэн энэ цагийн төрийн ихэс дээдэс албат харлиг хэн бүхэн эртний судар номонд өгүүлсэн энэ мэт сургаалыг авч, “Муу явдлыг өөрөө үйлдээд цагийг муу хэмээн” [Равжаа.1992.189] дуудалгүй, “Олон хамаг амьтанд сал онгоц мэт боол сэтгэлийг барин” [Равжаа.1992.194] үйлдвээс “Хорхой тэжээж авсан шүлс магнаг болохыг үзэх” [Равжаа.1992.194] (“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал) буюу нэгэн хүний сэтгэлийн ариун орноос нийт олон төр түмний минь буян хишиг дэлгэрэх тийм сайн цагийг үзэх хувь буй гэж итгэнэм.

STATEHOOD TRADITIONS IN ANCIENT TEACHINGS

Kh. Suglegmaa (Mongolia)

In the era of globalization an important place is given to the protection and research of the national heritage of material and intellectual culture. The Mongols have a long tradition of statehood teachings and doctrines. Since the Middle Ages, Mongolian literature has included teachings for khans and queens, state officers, monks, sons and girls.
Thirteenth-century didactic works include the “Oyun tulkhuur” (“Key to Knowledge”), and the “Gurvan zuun taichuudiig darsan domog” (Legend about battle on three hundred Taichuuds). In this paper I aim to examine the state teachings in written sources such as “Quatrains of taking and losing”, “Teachings of the Parrot”, “Mother granted a benediction” composed by Holy Bogdo Zanabazar, Zay Pandit Luvsanprinlei's teachings in “Golden Pin”, “Garland of Floowers, a Shastra of Human Teachings” composed by Sumbe Khambo Ishbaljir, and “Song for analyzing help and harm” of Tsakhar Gebshi Luvsanchultem.
These sutras teach about way of ruling the state inherited from ancient India and other oriental countries.

12/02/2009

АЛАГ БАЯНГИЙН ТАЛД ХУУЧИЛСАН ШҮЛЭГ

Х. Сүглэгмаа

АЛАГ БАЯНГИЙН ТАЛД ХУУЧИЛСАН ШҮЛЭГ

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алагбаянгийн талыг
Хотолзуулан хуучлав
Балдан гуайх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр

Бор-Овоод Ёндон гуайх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухинаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү
Хүрээгийн дэрсэнд Батмөнхийх суугаа
Хүний өөрийн хэдэн үхэр Цэцэг л усалж байгаа
Хүүхэн ахынх чинь тээр зүүн хэцэд
Хүүхдүүд нь харин тэрүүхэн хавьдаа айл
болцгоосон.

Холбоо шараа унаад миний хүү
Хойд айлуудаар заавал буугаарай
Хотоос ирсэн гээд хүүхэд хөгшцүүл
Хол ойроос харуулдаж байгаа

Баажий ахыг чинь өөд болсноос хойш
Бага хүүгийнх нь бууцан дээрээ л байгаа
Дандарын Банди айлаараа буусан
Даалуу тоглох гээд хааяа ирдэг л юм

Надмидын Хархүүгийнх Ар Цавчиртаа
Найдан нь харин хаа яваа бол?
Наахна нь Хэмгийд Нацагийн их гэр
Нанзад өвгөн гэж байвдаа, тэдний орон суурин

Ухаа загт Дамдинсүрэн ахынх чинь
Уржигдархан хүү нь ирж эргээд явлаа
Урдхан нь Чулуунбат, Амандыхан
Уяа морьд гээд ажил ихтэй л байх

Гарваагийнх Гөөхүүтэйгээ Баянхөөвөрт
Гайгүй сайхан адуутай айл болсон
Агент Хад гуай тэтгэвэртээ суугаад
Арын Улаантолгойд малтайгаа байгаа

Алив миний хүү Энхээгээ дууд
Агаадаа нэг тамхи асаагаад ир гэж хэл
Бидний үеийхэн ч цөөн болж дээ одоо
Бэлчээр, усны хооронд хүүхдүүд л
харагдах юм.

Цэдэндоржийх Сэнжитийн зүүн дээр
Цэндоо эгч нь Гонгоогоо хадамд гаргах гэж байгаа
Маша сумын заан, мань өнөө бага нь начин
боллоо гэнэ
Манай энэ хавийхан ам сайтай л байгаа


Онгоны зүүн дээр Баадгай ахынх чинь
Овоо том болж байгаа, хэдэн хүүхэд нь
Ойрхон тэр хавьд нь Насан-Ишийнх айлаараа
Орж гараад муу хөгшинд нь ханьтай гэж

Хурал цавчирт Хоньхүү ахынх чинь
Хурга ишгэндээ гүйгээд Шонх нь овоо болсон
Тогоогийнх Булагбаяндаа суугаа л байх даа
Тойвтой сураг хэлэхээр хүн ойрд явсангүй

Алсхан л болохоос Өрөлбөд цаг сайн гэнэ
Андгай, Мижээгийхэн тэрээд айлаараа байгаа
Баруухан хойно нь Буландэлгэрийн усанд
Бандимаа ахынх чинь өвөл зунгүй л суудаг юм

Улсын ажил барагдах биш дээ миний хүү
Уул нь хэд хоновол сайн л байна санж
Ижий нь ойр ойрхон яриад л байсан юм
Ирэхийг нь нэг мэдээд л байж дээ

Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алагбаянгийн талыг
Хотолзуулан хуучлав

Амьдрал мөнхөд үргэлжлэх
Аргалын утаат говийнхоо
Алсын уул толгодыг
Өндөлзүүлэн хуучлав.

11/29/2009

НҮД

Х.Сүглэгмаа
НҮД

Хаалга цонх
Хана туурга
Хаяавч салхивч
Хаа сайгүй нүд
Хачин гунигтай,
Хайрламаар
Хажууд нь очиж учирламаар нүд
Хаа сайгүй нүд

Алгаа хавсарч залбирна, тэр л нүд
Аргаа барж замд одно, тэр л нүд
Ажралгүй амгаланд тэмцэнэ, тэр л нүд
Алимад сэтгэлийн гүнээ, тэр л нүд
Араас минь дагана, урдаас минь тосно
Амраалгүй зовооно
Алга болж эрүүлнэ, тэр нүд
Амирлангуй зөөлөн гуниглана
Аяглаж тэрүүхэндээ зөрүүдлэнэ, тэр нүд

Бороо орно,
Үүл нь үгүй тэр л нүд
Бодлын холд манан татна,
Үнэр нь үгүй, тэр л нүд
Болъё гээд дуулж үзнэ,
Аялгуу нь үгүй, тэр л нүд
Бодол сэтгэл минь холын холд одно,
Мөр нь үгүй, тэр л нүд

Уулзалгүй намайг зовоосных нь төлөө
Уйлуулж үзмээр, нүд
Учрахгүй тавилангаа аргадаж
Удаан хармаар нүд

Хачин гунигтай
Хайрламаар
Хажууд нь очиж учирламаар, нүд
Хараад л баймаар нүд.


2002-12-23.